| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2026/0617/З |
| Дугаар | 128/ШШ2026/0720 |
| Огноо | 2026-08-05 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2026/0720
| 2026 оны 08 сарын 05 өдөр | Дугаар 128/ШШ2026/0720 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э******* нарыг оролцуулан Ю******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох захиргааны хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******* урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ: Энэ хэргийн маргааны зүйл болсон сайдын тушаалтай тушаалд заагдсан гуравдагч этгээдийн нэр дээр олгогдсон газар, газрын солбицол өөрчлөгдсөн. Шинээр газар олгосонтой холбоотой маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдал үүссэн гэж харж байгаа. Тийм учраас хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндэслэлийн тухайд нэхэмжлэгчийн зүгээс сайдыг хариуцагчаар тодорхойлсон. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны зүйл болох гуравдагч этгээдэд олгосон газрын байршлыг өөрчлөөд, нэгж талбарын хэмжээг нь нэмэгдүүлж, шинээр өөр байршилд олгосон. Үүнтэй холбоотой сайд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх заалтад заасантай нийцэж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү. Миний хувьд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, татахтай холбоотой эрх үүрэг эдлэх боломжгүй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******* урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага буюу гуравдагч этгээдийн газрын маргаантай холбоотой асуудлыг 2026 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар шийдвэрлэж, газрын солбицлыг өөрчилж гуравдагч этгээдэд олгосон. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан асуудал нь гуравдагч этгээдэд олгосон тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах байсан учраас хариуцагчийн зүгээс аль нэг талын эрх ашгийг хөндөхгүй. Тушаалаа гаргаад, байгууллагын зүгээс хийх ажлаа хийчихсэн байна. Одоо нэхэмжлэгч болон гуравдагч этгээд талд маргаан байхгүй байна гэж үзэж байгаа. Гэвч хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгчийн хувьд тухайн маргаантай холбоотой эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгоогүй. Тийм учраас нэгэнт маргаан нь дуусаад, хэн нэгний эрх зөрчигдөхгүй учраас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзвал яадаг вэ гэдэг байр суурьтай байна гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э******* урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Өмнө газар ашиглах эрхийн гэрчилгээтэй холбогдуулан нэхэмжлэл гаргаад шүүхээс захиргааны байгууллагад иргэдийн асуудлыг шийдвэрлэх шийдвэрийг гаргаж байсан. Үүний дагуу сайд ажлын хэсэг байгуулаад, тусгай хамгаалалттай газарт амьдарч байгаа 153 иргэн, гэр бүлийн газрын ашиглах эрхийн асуудлыг шийдвэрлэж өгсөн. Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлж иргэн Д.Э*******т газар ашиглах эрх олгосон. Ингээд иргэн, компани 2 зөвшилцөөд яаманд хүсэлтээ өгснөөр тухайн газраа чөлөөлж, сайд өөр байршилд, иргэний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хуулийн дагуу шийдвэрлэж өгсөн. Иймд ямар нэгэн маргаан байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Ю******* ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/442 дугаартай тушаалын Д.Э*******т холбогдох хэсгийг болон 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 0001174 дугаартай тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ ... тус иргэн нь манай барилга руу орох, гарах гарцыг дур мэдэн хааж өөрийн дэлгүүр, хоолны газар, хүлэмж, 2 ш модон жорлон, жижиг байшингийн суурь зэргийг цутгаж нийтийн эзэмшлийн газрыг өөрийн эзэмшил мэтээр хууль бусаар ашигласан ... шүүхийн шийдвэрийн дагуу Д.Э*******ийг нийтийн эзэмшлийн зам талбайгаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын оролцоотойгоор 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр албадан нүүлгэсэн ... Гэтэл бид бүхний чөлөөлүүлсэн нийтийн эзэмшлийн зам, талбайг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 0001174 дугаар гэрчилгээгээр газар ашиглах эрхийг олгосон гэж тайлбарладаг.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/687 дугаар тушаалын 1 дэх заалтаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/442 дугаар тушаалаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын А*******ны хязгаарлалтын бүсэд иргэн Д.Э*******т олгосон А талбай 748 мкв, Б талбай 941 мкв газрууд нь орц гарцны маргаантай тул тухайн иргэний хүсэлт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01/631 дугаартай албан бичгээр ирүүлсэн солбицол өөрчлөн, талбайн хэмжээ нэмэгдүүлэх саналын дагуу А талбай 1553 мкв, Б талбай 1142 мкв болгон талбайн хэмжээг нэмэгдүүлж, нэгж талбарын солбицол болон байршлыг өөрчилсүгэй гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч, гуравдагч этгээдийн нарын урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/687 дугаар тушаал зэргээс үзвэл, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/442 дугаартай тушаалын Д.Э*******т холбогдох хэсгийг болон 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 0001174 дугаартай тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бодит үйлдлээр буюу шийдвэрээрээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, 109 дүгээр зүйлийн 109.1-д Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус зааснаар Ю******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Ю******* ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/442 дугаартай тушаалын Д.Э*******т холбогдох хэсгийг болон 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 0001174 дугаартай тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ю******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ