Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2026/0724

 

 

 

 

 

2026 08 07 128/ШШ2026/0724

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч А.Мөнх-Өлзий

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.З******* /РД:*******/,

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Д.З*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******, Б.Д*******.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Түвшинбаяр.

Танхимын дугаар: 3.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн "Өргөдлийн хариу өгөх тухай 01/1064 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөнтэй нь холбогдуулан Д*******ын З*******д нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах захиргааны шийдвэр гаргахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах

Нэг. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:

1.1. Нэхэмжлэгч Д.З******* шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 40 гаруй жил төрийн албанд тасралтгүй ажиллахдаа 25 гаруй жилийг Цагдаагийн байгууллагад 20 гаруй жил төрийн энгийн байгууллагад алба хашсан билээ. Хамгийн сүүлд 2021-2025 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа дуусаж тухайн албан тушаалаас УИХ-ын тогтоолоор чөлөөлөгдсөн. Ийнхүү чөлөөлөгдсөн хугацаа нь төрийн алба хаах насны насны дээд хязгаартай /Төрийн албаны тухай хуулийн 41-р зүйлийн 41.2./, давхацсан тул энэ болон "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн" гэсэн үндэслэлээр /би 1960 оны 3 дугаар сарын 18-нд төрсөн/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын тушаалаар төрийн албанаас чөлөөлөгдсөн Төрийн албаны тухай хуулийн 46-р зүйлийн 46.2-ын 46.2.2, 46.2.3./ болно.

1.2. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно." гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлд нэг удаагийн буцалтгүй тусламж хүссэн өргөдөл гаргасан боловч хариуцагч байгууллага нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох боломжгүй гэж татгалзсан хариуг албан бичгээр өгсөн.

1.3. Ийнхүү татгалзсан үндэслэлдээ ""Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох талаар хянаж үзэхэд төрийн тусгай албанд ажиллаж байгаад 2007 оноос төрийн захиргааны албанд шилжин ажиллахдаа Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр тэтгэвэр тогтоолгон тэтгэмж авсан байна." гэдгийг дурдаад "Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын 5.3-д Төрийн албан хаагч ажил олгогчид өргөдлөө гаргаж, төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа түүнд энэ журамд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан хүн төрийн байгууллагад дахин ажиллаж байгаа тохиолдолд түүнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй гэж заасан байх тул гэжээ. Надад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоос татгалзсан дээрх үндэслэлийг эс зөвшөөрч, дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд:

1.4. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.-д "Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. гэж заасан. Энд нэг удаагийн буцалтгүй тусламжийг "олгоно гэсэн нэг мөр хэрэгжих заалттай. Олгохгүй гэж хязгаарласан ямар нэгэн заалт энэ хуульд байхгүй бөгөөд агуулгаараа шууд үйлчлэх зохицуулалт юм. Тус хуулийн Төрийн албан хаагчийн нийтлэг баталгаа гэсэн 61 дүгээр зүйлд "61.1. Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана: 61.1.1.албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах; гэсэн баталгаа дээрх зохицуулалтаар хэрэгжиж байна.

1.5. Цаад мөн чанартаа Төрийн албаны тухай хуулийн энэ заалт бол Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлд 1. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна. гэсэн төрийн үүргийг төрийн албаны тухай органик хуулиар дамжуулан хэрэгжүүлэх үндсэн агуулгыг хадгалж байгаа юм. Ийм чухал агуулга бүхий эрх зүйн баталгааг хууль дагасан ямар нэг журмаар агуулга мөн чанарыг нь хүний үндсэн /үндсэн хуулиар олгосон/ эрхэд харшлах байдлаар дордуулан тайлбарлаж хэрэглэх боломжгүй. Энэ бол эрх зүйн гол үзэл баримтлал юм. Энэ дагуу би өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас бүрмөсөн чөлөөлөгдсөн тул нэг удаагийн буцалтгүй тусламж авахыг хүсэж хариуцагч байгууллагад гаргасан миний өргөдөл хууль ёсны гэж үзэж байна.

1.6. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.-д ... үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. гэсний ажилласан хугацааг нь үндэслэн тооцож" гэдэг бол уг тусламжийг олгоход ажилласан хугацаа нь гол чухал ач холбогдолтой гэдгийг тодотгож байна. Энэ дагуу бол миний энгийн албанд ажилласан хугацаа цэргийн албанд ажилласан хугацааг Огт оролцуулахгүйгээр 20 гаруй жилээр тооцогдох болзол нэгэнт хангагдсан учраас төрийн энгийн албанд ажилласан хугацаа нь өөрөө бие даасан эрх үүсгэсэн гэж үзэх боломжтой. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн Өндөр насны тэтгэвэр авах эрх гэсэн 5 дугаар зүйлд "5.1.1.тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 насанд хүрсэн даатгуулагч; гэж заасантай миний бие төрийн энгийн албанд ажилласан хугацаа нь ч нас нь ч тохирч байгаагаар нэг удаагийн буцалтгүй тусламж авах бие даасан эрх үүссэн гэх үндэслэл батлагдана. Энэ бол өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн болон нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх хууль ёсоор үүссэний тодруулга юм.

1.7. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан хүн төрийн байгууллагад дахин ажиллаж байгаа тохиолдолд түүнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байхаар заасан журмын зохицуулалтад миний бие хамаарахгүй. Учир нь би цэргийн алба хаах хугацааг тооцон 2007 онд 47 настайдаа цэргийн тэтгэвэр тогтоолгосон. Энэ бол өндөр насны тэтгэвэр биш, цэргийн алба хаах хугацааг тооцож олгодог тэтгэвэр юм. Энэ тэтгэврийн төрөл нь өндөр насны гэсэн ангиллаас зааглагдах ялгаатай. Иймд намайг тухайн үед өндөр насны тэтгэвэрт гарсан гэж үзэхгүй. Би энэ удаа л анх удаа өндөр насны тэтгэвэрт гарч байна. Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн төрөл гэсэн 3 дугаар зүйлд "1. Цэргийн тэтгэвэр дор дурдсан төрөлтэй байна: 1/ цэргийн жинхэнэ алба болон тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан тэтгэвэр /цаашид "цэргийн алба хаасны тэтгэвэр" гэх/; гэж зааснаар өмнө надад тогтоосон тэтгэвэр бол өндөр насны тэтгэвэр биш цагдаагийн байгууллагад алба хаасны тэтгэвэр гэдэг нь нотлогдоно.

1.8. Өндөр насны тэтгэвэр нь цэргийн алба хаасны тэтгэвэртэй адилтгагддаггүй учраас л тус тусдаа хуулиар зохицуулагдах харилцаа болдог. Төрийн албаны тухай хуулийн "Төрийн албан хаагчийн нийтлэг баталгаа" гэсэн 61 дүгээр зүйлд 61.1. Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана: 61.1.1.албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах; гэж зааснаар тус тусын болзол, үндэслэл нь хангадсан бол тэтгэмж болон тусламжийн аль алиныг, аль алинаас нь хамааралгүйгээр олгох ёстой байна. Энэ бол би өмнө нь өндөр насны тэтгэвэрт гарч байгаагүйн болон одоо өндөр насны буцалтгүй тусламж авах эрхтэйг нотлох нотолгоо юм.

1.9. Миний бие Цагдаагийн академийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаад 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр шилжин ажилласан бөгөөд ингэж ажиллаж байхдаа нэгэнт 25 жил цагдаагийн албанд ажиллах болзол хангагдаж, алба хаасны тэтгэвэр тогтоолгох нөхцөл бүрдсэн байсан учраас цэргийн тэтгэврийг 2007 онд тус албыг хашиж байхдаа тогтоолгосон. Дээрх журмын "дахин ажиллаж байгаа" гэдэг нь төрийн албанаас гарсны дараа дахин төрийн байгууллагад орсон тохиолдлыг ойлгох нь учир шалтгааны үүднээс тодорхой байгаа юм. Миний хувьд 2007 онд төрийн албанаас чөлөөлөгдөөгүй бөгөөд төрийн албанд үргэлжлүүлэн ажилласаар байсан тул "дахин ажилласан" гэх нөхцөлд хамаарахгүй.

1.10. Өөрөөр хэлбэл, энэ хооронд ажлаас чөлөөлөгдсөн завсар огт гараагүй бөгөөд үүнээс хойш төрийн энгийн албанд нэг албанаас нөгөө албанд шилжих байдлаар 2025 оныг дуустал тасралтгүй ажилласан билээ. Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын 2025.1.7-ны 27-08/09 дугаар лавлагаанд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2006.08.18-ны өдрийн 402 дугаар тушаалаар өөр ажилд шилжих болсон тул 2006.08.03-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, цагдаагийн офицерын бүрэлдэхүүнээс гаргасан байна. гэсэн, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр томилогдон ажилласан шийдвэрүүдээр дахин ажилласан гэх нөхцөл байдал үүсээгүй болох нь батлагдана.

1.11. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.-д "Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцааг энэ хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тус тус зохицуулна. гэж заасан. Үүгээр цэргийн тэтгэвэр, тэтгэмж болон төрийн энгийн албаны тусламж тусдаа зохицуулалттайг тодорхой, нэг мөр болгож байгаа юм. Хариуцагчийн татгалзсан хариуд "Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр тэтгэвэр тогтоолгон тэтгэмж авсан байна." гэж дурдсанаар энгийн албанаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдөхдөө нэг удаагийн буцалтгүй тусламж авахыг өмнө авсан цэргийн албаны "тэтгэмж-ээр үгүйсгэх шалтгаан болох ёсгүйг энэ зохицуулалт харуулж байна.

1.12. Тухайн хуулийн Цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх гэсэн 8 дугаар зүйлд 1. Цэргийн алба хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 1/ 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй; гэж заасан. Тухайн үед үүссэн хууль ёсны энэ эрхийнхээ дагуу нас харгалзахгүйгээр цэргийн тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авсан үндэслэл болон Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. гэж заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж авах үндэслэл нь хоорондоо огт өөр, тус тусдаа гэдгийг хуулиудын эдгээр зохицуулалт эргэлзээгүйгээр нэг мөр илэрхийлж байна. Энэ бол нэг удаагийн буцалтгүй туламж авах эрх зөвхөн сүүлийн үндэслэлд л хамааралтайг нотолж байгаа явдал юм.

1.13. Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын Бусад хуульд зааснаар нэг удаагийн тэтгэмж олгох тухай 4 дүгээр зүйлийн 4.1.-д Төрийн тусгай албан хаагчид Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр, мөн хуулийн 19.1-19.3 дахь хэсэгт заасан нэг удаагийн тэтгэмж олгоход Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам"-ыг баримтална." гэсэн нь цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох харилцаа энэ журмаар зохицуулагдахгүй гэдгийг бас давхар бататгаж байна. Эдгээр журмууд олоо ч зэрэгцэн үйлчилдэг. Төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж нь цэргийн албан хаагчид олгох нэг удаагийн тэтгэмж-ээс өөр агуулга, зорилготой гэдгийг нэршил болон зохицуулалтын агуулгаас илэрхий байна.

1.14. Тодорхой хугацаанд тусгай алба хаах болзлыг хангасан хүнд дараагийн ажил албаа зохицуулахад зориулж "тэтгэх, өндөр насанд хүрсэн хүнд төрийн албанаас бүрмөсөн чөлөөлөгдөхөд нь үлдсэн амьдралд нь зориулж туслах нь өөр өөрийн зорилго, зориулалттай бөгөөд эдгээрийг харгалдуулан үгүйсгэх, эсхүл адилтгаж авч үзэх байдлаар хүний хууль ёсны эрхийг хязгаарласан байдлаар тайлбарлаж хэрэглэх үндэслэл болгож болохгүй. Аливаа хууль тогтоомжийг хүний эрх, хууль ёсны эрх ашигт нь ашигтай байдлаар тайлбарлаж хэрэглэдэг зарчим нь ардчилсан нийгмийн мөн чанарын гол илэрхийлэл юм. Төрийн энгийн албанд өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүртлээ тасралтгүй ажилласан төрийн албан хаагчдын нэгэн адил эрх эдлэх миний боломжийг зөвхөн өмнө нь цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон гэсэн үндэслэлээр үгүйсгэн алагчлах байдлаар хандаж байгаа нь дээрх зарчимд үл нийцэх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд "2. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. гэсэнтэй нийцэхгүй байна. Журмаар хууль ёсны эрхийг хязгаарласан байх учиргүй эдгээр зарчмын үүднээс хариуцагч тооцож үзсэн байх ёстой.

1.15. Захиргааны эрх зүйн үндсэн зарчим ёсоор аливаа захиргааны байгууллага иргэний эрхийг хязгаарлахдаа зөвхөн хуульд шууд заасан үндэслэлээр л шийдвэрлэх үүрэгтэй. Хэрэв хуульд тухайн эрхийг хязгаарласан зохицуулалт байхгүй бол захиргааны байгууллага журмын заалтыг өргөтгөн тайлбарлаж иргэний эрхийг хязгаарлах боломжгүй. Засгийн газрын тогтоолоор баталсан журам нь Төрийн албаны тухай хуулиар олгосон эрхийг хязгаарлах эрх зүйн үндэслэл болохгүй. Хэрэв журмын зохицуулалт нь хуулиар олгосон эрхийг хязгаарлаж байгаа бол зөвхөн хуулийг баримтлан хэрэглэх ёстой. Хариуцагч байгууллага хуульд байхгүй хязгаарлалтыг журмын заалтыг өргөтгөн тайлбарлаж хэрэглэснээр Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлээр баталгаажсан миний эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан гэж үзэж байна.

1.16. Төрийн албаны тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтооход олгодог нэг удаагийн буцалтгүй тусламж нь мөн чанартаа Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: ...5/өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй; гэж заасны агуулгыг хадгалж байгаа бөгөөд чухамхүү төрийн албан тушаалд өндөр насанд хүртлээ тогтвортой ажилласны төлөө, үлдсэн амьдралд нь дэм болгох үүднээс олгож байгаа тусламж юм. Энэ бол хууль тогтоогчийн зүгээс цэргийн алба хаасан хугацааны тэтгэмж ба өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг нэр томьёоны хувьд ч, агуулга, зорилгын хувьд ч өөрөөр ойлгогдох хэмжээнд ялгаж хуульчлан зохицуулсныг харуулж байна. Буцалтгүй гэсэн тодотгол зөвхөн өндөр насныхад хамааралтай байгаа нь уг тусламжийн агуулгыг илэрхийлж байгаа юм.

1.17. Иймд миний бие төрийн албаны хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр 65 насандаа /төрийн алба хаах насны дээд хязгаар/ чөлөөлөгдөж байгаа анхны тохиолдол бөгөөд цэргийн албаны тэтгэвэр тогтоолгосон болон тухайн үед цэргийн алба хаасан хугацааны тэтгэмж авснаас үл хамааран энгийн төрийн албанд төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртлээ 20 гаруй жил алба хаасны хувьд Төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах эрхтэй гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан надад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 01/1064 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Д*******ын З*******д Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах захиргааны акт гаргахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хоёр. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д*******, Т.М******* нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт заасан гомдлын талаар тайлбар гаргах эрхийн дагуу нэхэмжлэгч Д.З*******аас Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 06 дугаар сарын 25-ны Өдрийн Өргөдлийн хариу өгөх тухай 01/1064 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөнтэй нь холбогдуулан Д*******ын З*******д нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах захиргааны шийдвэр гаргахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах тухай нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна.

2.2. Нэхэмжлэгч нь шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д ...бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. гэж, 76.10- д Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалын зэрэг зиндаа, зэрэг дэв, цалин хөлс, нэмэгдлийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно."...зааснаар Д.З******* нь Улсын Их хурлаас томилогдсон.

2.3. Нэхэмжлэгчийг Монгол Улсын Их хурлын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох, чөлөөлөх тухай" 121 дүгээр тогтоолоор чөлөөлсөн нь төрийн албанд ажиллах эрх дуусгавар болсон бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын тушаал нь ямар ч эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламжийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс олгох боломжгүй юм.

2.5. Учир нь: Төрийн албаны тухай хууль болон уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор баталсан Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам нь нэг удаагийн буцалтгүй тусламжийг давхардуулан олгохгүй байх зарчмыг баримталдаг. Нэхэмжлэгч Д.З******* нь төрийн тусгай албанд ажиллаж байгаад 2007 оноос төрийн захиргааны албанд шилжин ажиллахдаа Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр тэтгэвэр тогтоолгон 36 /гучин зургаан/ сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа авсан байна.

2.7. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар тэтгэвэр тогтоолгох үед нэг удаагийн тэтгэмж авах эрхээ эдэлсэн нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2007 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 238 дугаар Ажлаас чөлөөлж тэтгэвэрт гаргах, тэтгэмж тогтоох, тусламж олгох тухай" тушаалаар нотлогдож байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-д дараах зохицуулалтыг тусгасан.

2.8. Үүнд: 4.1-д Төрийн тусгай албан хаагчид Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр мөн хуулийн 19.1-19.3 дахь хэсэгт заасан нэг удаагийн тэтгэмж олгоход Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам"-ыг баримтална" гэж, Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэж, 5.3-д "Төрийн албан хаагч ажил олгогчид өргөдлөө гаргаж, төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа түүнд энэ журамд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

2.9. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан хүн төрийн байгууллагад дахин ажиллаж байгаа тохиолдолд түүнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй гэж, мөн Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам-ын 10-д Тэтгэвэр тогтоолгосон болон халагдсан офицер, ахлагч нар цэргийн албанд дахин ажиллаж байгаад халагдах үед энэхүү журмын 3, 7-д заасан нэг удаагийн тэтгэмж авсан тохиолдолд тэтгэмжийг дахин олгохгүй гэж, Мөн төрийн хэмнэлтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд албан хаагчид тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор заасан бол албан хаагч тэдгээрээс аль илүүг сонгох эрхтэй бөгөөд давхардуулан олгохгүй. гэж тус тус заасан нь нэг удаагийн буцалтгүй тусламж нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотойгоор төрөөс үзүүлэх нийгмийн баталгааны арга хэмжээ бөгөөд ижил үндэслэлээр төрөөс хоёр удаа тэтгэмж авах эрхийг хууль тогтоогч бий болгоогүйг харуулж байна.

2.10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламжийн талаар Улсын Их хурлаас нарийвчлан судлах зохицуулалттай. Нэхэмжлэгч нь цэргийн тэтгэвэр тогтоолгосны дараа төрийн албанд ажилласан нь өмнө нь хэрэгжүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрхийг дахин шинээр бий болгож байгаа хэрэг биш бөгөөд төрийн албанд ажилласан хугацаа нь өмнө эдэлсэн тэтгэвэртэй холбоотой нэг удаагийн тэтгэмжийг дахин шаардах эрх зүйн үндэслэл болохгүй юм. Иймд хариуцагчийн татгалзсан шийдвэр нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримт, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судалж, хооронд нь харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгчээс ...анх удаа өндөр насны тэтгэвэр тогтоолгон гарч байгаа, өмнө нь авсан тэтгэмж нь цэргийн алба хаасан үндэслэлээр олгогдсон, тусламж, тэтгэмж бол 2 тусдаа ойлголт, хуульд заасан улсын төрийн албан тушаалтан биш байх, өндөр насны тэтгэвэрт гарах үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байх урьдач нөхцөлийг бүрэн хангасан байхад үндэслэлгүйгээр татгалзаж эрхийг минь зөрчсөн..., хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...Төрийн албаны тухай хууль болон уг хуулийг хэрэгжүүлэхээр баталсан Засгийн газрын Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-аар буцалтгүй тусламжийг давхардуулан олгохгүй байхаар зохицуулсаны дагуу татгалзсан нь хуульд нийцсэн... гэж тус тус тайлбарлан маргасан.

4. Хэрэгт авагдсан баримтаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 121 дүгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох, чөлөөлөх тухай тогтоолоор нэхэмжлэгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/169 дүгээр Дорждамын З*******ыг төрийн албанаас чөлөөлөх тухай тушаалаар төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс төрийн албанаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгчид 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоож, уг тэтгэврийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэсэн байна.

5. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2007 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 288 дугаар Ажлаас чөлөөлж тэтгэвэрт гаргах, тэтгэмж тогтоох, тусламж олгох тухай тушаалаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 1-д заасныг үндэслэн тухайн үед Цагдаагийн академийн дэд захирлаар ажиллаж байсан Дорждамын З*******ыг 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс албан тушаалаас чөлөөлж, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгосон байна.

6. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Цэргийн албан хаагч эрэгтэй 25-аас доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэр гаргахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасан байна. Энэхүү зохицуулалтаас үзэхэд уг тэтгэмжийг олгох урьдач нөхцөл нь цэргийн албан хаагч хуульд заасан хугацаагаар цэргийн алба хаасан байх, улмаар цэргийн алба хаасны тэтгэвэрт гарах явдал байна. Харин Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор тусгайлан зохицуулсан байна.

7. Иймд нэхэмжлэгчид 2007 онд олгосон 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж болон 2025 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан хүсэж буй нэг удаагийн буцалтгүй тусламж нь нэршил, хэмжээгээрээ ижил байж болох боловч олгох эрх зүйн үндэслэл, урьдач нөхцөл, эрх үүсэх цаг хугацаа, зорилгоороо ялгаатай байна.

8. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д төрийн албан хаагч дараах нийтлэг баталгаагаар хангагдана, 61.1.1-д албан тушаалын цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах гэж тус тус заасан байна.

9. Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй бөгөөд уг тусламжийн хэмжээ нь ажилласан хугацаатай уялдан үндсэн цалингийн дунджаас тооцогдож, дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байхаар хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, уг эрх үүсэх үндсэн нөхцөл нь тухайн этгээд төрийн улс төрийн албан хаагч биш байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн байхаар байна.

10. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах хүсэлтийг шийдвэрлэхдээ дээрх хуульд заасан урьдач нөхцөлүүд нэхэмжлэгчийн хувьд бүрдсэн эсэх, түүнчлэн уг тусламжийг олгохгүй байх хуульд заасан бусад үндэслэл байгаа эсэхийг бодит нөхцөл байдалд тулгуурлан тогтоож, холбогдох нотлох баримтыг цуглуулан үнэлэх үүрэгтэй байжээ.

11. Үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж тус тус заасан байна.

12. Гэтэл хариуцагч маргаан бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01/1064 дүгээр Өргөдлийн хариу өгөх тухай албан бичгээр нэхэмжлэгчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоос татгалзахдаа Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 5.3-т Төрийн албан хаагч ажил олгогчид өргөдлөө гаргаж, төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа түүнд энэ журамд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан хүн төрийн байгууллагад дахин ажиллаж байгаа тохиолдолд түүнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй гэж заасныг үндэслэсэн байна.

13. Хариуцагчийн дээрх татгалзлаас үзэхэд нэхэмжлэгчийг өмнө нь өндөр насны тэтгэвэрт гарч, улмаар төрийн байгууллагад дахин ажилласан этгээд гэж үзсэн байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар энэ үйл баримт тогтоогдохгүй байна.

14. Тодруулбал, нэхэмжлэгчид 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоосон бөгөөд 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс уг тэтгэврийг авч эхлэхээр болсон байна. Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримт, Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг, өндөр насны тэтгэвэр тогтоосон баримт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2006 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж эхлэн, улмаар төрийн албыг тасралтгүй эрхэлсээр 2025 оны 12 дугаар сард Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрх дуусгавар болж, төрийн албанаас чөлөөлөгдсөн байна.

15. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 2007 онд тэтгэмж авснаас хойш төрийн албанд үргэлжлүүлэн ажилласан бөгөөд энэ хугацаанд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх 2025 онд анх хэрэгжсэн, мөн өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн гэж үзэх бодит нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнийг өмнө нь өндөр насны тэтгэвэрт гарсан, улмаар төрийн байгууллагад дахин ажилласан этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

16. Ийм байхад хариуцагч нь нэхэмжлэгчийн дээрх нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор баталсан журмын 5.3-т заасан төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан хүн төрийн байгууллагад дахин ажиллаж байгаа гэх нөхцөлд хамааруулан нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоос татгалзсан нь тухайн журмын зохицуулалтын агуулгад нийцээгүй байна.

17. Нөгөө талаар, хариуцагч нэхэмжлэгчийг 2007 онд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авсан гэх үндэслэлээр нэг удаагийн буцалтгүй тусламжийг давхардуулан авах эрхгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ үндэслэл мөн адил хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан тэтгэмж нь цэргийн албан хаагч 25-аас доошгүй жил цэргийн алба хааж, цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахтай холбогдон олгогдох бөгөөд нэхэмжлэгчид 2007 онд уг хуулийн зохицуулалтыг үндэслэн олгогдсон байна.

18. Харин 2025 онд нэхэмжлэгчид үүссэн нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор шинээр үүссэн эрх юм. Иймд дээрх хоёр мөнгөн олголт нь эрх зүйн өөр өөр үндэслэл, өөр өөр урьдач нөхцөлөөр үүссэн байх тул тэдгээрийг ижил эрхийн хүрээнд олгогдох, нэгийг нь авсан тохиолдолд нөгөөг нь авах эрхгүй байх тэтгэмж гэж үзэх үндэслэлгүй байна.

19. Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор баталсан журмын 4.4-т Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд давхардуулан олгохгүй гэж заасныг мөн үндэслэл болгожээ. Гэвч уг зохицуулалтыг нэхэмжлэгчийн хувьд хэрэглэхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж болон бусад хуулиар олгогдох тэтгэмж нь нэг цаг хугацаанд, нэг нөхцөл байдлаас шалтгаалан тэтгэвэрт гарахтай холбоотойгоор зэрэг үүссэн байх шаардлагатай гэж үзэхээр байна.

20. Харин нэхэмжлэгчид 2007 онд олгосон тэтгэмж нь тухайн үед цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахтай холбоотойгоор олгогдсон бол Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх 2025 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөнөөр шинээр үүссэн байна. Иймд 2007 онд олгосон тэтгэмжийг 2025 онд шинээр үүссэн нэг удаагийн буцалтгүй тусламжтай давхардуулан олгож байгаа гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй байна.

21. Мөн Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам-ын 10-т Тэтгэвэр тогтоолгосон болон халагдсан офицер, ахлагч нар цэргийн албанд дахин ажиллаж байгаад халагдах үед энэхүү журмын 3, 7-д заасан нэг удаагийн тэтгэмж авсан тохиолдолд тэтгэмжийг дахин олгохгүй гэж заасан байх боловч уг зохицуулалт нь цэргийн албанд дахин ажиллаж байгаад халагдсан этгээдэд цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг дахин олгох харилцааг зохицуулсан байна.

22. Харин энэ маргаанд нэхэмжлэгч цэргийн албанд дахин ажиллаж байгаад халагдсан асуудлаар тэтгэмж хүсээгүй бөгөөд төрийн албанаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөнтэй холбоотой Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж хүссэн байна. Иймд дээрх журмын 10 дахь заалтыг нэхэмжлэгчийн 2025 онд үүссэн нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхийг хязгаарлах шууд үндэслэл болгон хэрэглэх боломжгүй.

23. Нэхэмжлэгчийн 2007 онд авсан 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж нь тухайн үеийн цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахтай холбоотой эрхийн хүрээнд олгогдсон бөгөөд уг тэтгэмжийг авснаас хойш нэхэмжлэгч төрийн албаа үргэлжлүүлэн эрхэлсэн, өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй, харин 2025 онд төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрч, өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн 2007 онд эдэлсэн эрхийг 2025 онд шинээр үүссэн нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхийг хязгаарлах үндэслэл болгон үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн 2007 онд авсан тэтгэмж нь тухайн үед бий болсон эрхийн хэрэгжилт бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх нь 2025 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөнөөр анх үүссэн байна.

24. Энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ өмнө нь өндөр насны тэтгэвэр тогтоолгож байсан эсэх, 2007 онд олгосон тэтгэмж ямар эрх зүйн үндэслэлээр олгогдсон эсэх, уг тэтгэмж нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан нэг удаагийн буцалтгүй тусламжтай ижил эрх зүйн үндэслэлтэй эсэх зэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоож, холбогдох нотлох баримтыг үнэлэх шаардлагатай байжээ. Гэтэл дээрх нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр нэхэмжлэгчийг өмнө нь өндөр насны тэтгэвэрт гарч, төрийн байгууллагад дахин ажилласан этгээд гэж үзэн татгалзсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан хуульд үндэслэх, бодит нөхцөл байдлыг тогтоох, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргах шаардлагад нийцээгүй байна.

25. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч нь 2025 онд төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрч, өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах үндсэн урьдач нөхцөлийг хангасан байна. Нэхэмжлэгчид 2007 онд олгосон 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж нь цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахтай холбоотойгоор тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу олгогдсон, харин 2025 онд хүсэж буй нэг удаагийн буцалтгүй тусламж нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөнтэй холбогдон Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлд үндэслэн шинээр үүссэн эрх байх тул тэдгээрийг нэг ижил эрх зүйн үндэслэлээр олгогдсон тэтгэмж гэж үзэх боломжгүй байна.

26. Мөн нэхэмжлэгчийг өмнө нь өндөр насны тэтгэвэрт гарч, улмаар төрийн байгууллагад дахин ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор баталсан журмын 5.3-т заасан хязгаарлалтыг хэрэглэж татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01/1064 дүгээр Өргөдлийн хариу өгөх тухай албан бичгээр нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмын дагуу нэхэмжлэгчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга, журам:

27. Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа Төрийн албаны тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-д заасан шалгуур, нөхцөлийг баримтлан нэхэмжлэгчийн төрийн албанд ажилласан хугацаа, үндсэн цалингийн дундаж хэмжээг үндэслэн өндөр насны тэтгэвэрт гарахад нь зориулж олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээг хууль, журмын дагуу тооцож, олгох тухай шийдвэр гаргах замаар биелүүлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зйүлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.З*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01/1064 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу түүнд өндөр насны тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай шийдвэр гаргахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ