Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Б.Б,

Шүүгдэгч Г.О,

Шүүгдэгч Ц.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Гавал овогт Гомбын О, Ёохон овогт Цэдэнсодномын С, Хурга овогт Бухалын Б нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1829000850066 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б, Г.О, Ц.С нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг багийн нутаг Аргалант гэх газраас иргэн Ц.Баярсайханы эзэмшлийн 4 тооны тэмээг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 5,250,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.О, Б.Б нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын  Харзаг багийн нутаг Эхэн сайр гэх газраас иргэн Д.Хүүхнээгийн эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж бусдад 850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б, Г.О, Ц.С нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-16-р хуудас/

Хохирогч Ц.Баярсайханы өгсөн: “...Манай Баян-Овоо сумын Харзаг багийн малчин өрх байгаа юм. Тэгээд би 2018 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр тэмээгээ цуглуулаад услаад бүртгэхэд 4 тооны тэмээ алга байхаар нь нутгийн ойр хавийн айлуудаар сурж эрээд олдохгүй байсан. Манай алга болсон гэх 4 тооны тэмээ сүргээсээ ерөөсөө тасардаггүй. Би тэмээгээ зүсээр нь бүртгээд бүгдийг нь таньдаг. Удалгүй цагаан сарын баяр ёслол болоод түүнийгээ өнгөрөөгөөд дахин алга болсон гэх 4 тооны тэмээгээ эрж хайгаад Ханбогд сумын нутаг Аргалантын уулын хэц, баруун толь, их, бага хачиг уулаар хайгаад ерөөсөө олдохгүй энд тэнд үхсэн хатсан бол сэг сэвс нь олдох учиртай. Ерөөсөө ямар нэгэн сураггүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан.../хх-ийн 33-34-р хуудас/

Хохирогч Д.Хүүхнээгийн өгсөн: “...Манайх 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үхрээ цуглуулж яваад Харзаг багийн Эхэн сайр гэхэ газраас 1 тооны үхэр зугтаалгаад алдсан. Тэр үхэр тууж явсан газар болохоор их үлийтэй, элстэй учраас араас нь явж чадаагүй тухайн үед орой байсан болохоор гүйцээгүй юм. Тэгээд 3 хоногийн дараа эрээд олоогүй. Тэгээд цагдаа сэргийлэх болох гээд байж байтал Б.Б “уучлаарай би танай үхрийг алаад хүнсэндээ авсан юм гээд хохирол барагдуулж өгнө гэж хэлсэн”...” гэх мэдүүлэг /хх-ийн 184-р хуудас/

Гэрч Б.Нямдаваагийн өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 04-ний өглөө 09-10 цагийн хооронд 2 тэмээний мах худалдаж авсан. Бэх-Очир 2-3 хоногийн өмнөөс нэг тэмээний мах хот руу явуулж борлуулмаар байна. Хот хэзээ явах вэ гэж асуухаар нь би 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хот явна гэж хариулсан. Тэгээд удалгүй байж байтал Б 98851009 утсаар холбогдоод Бэх-Очирт тэмээ өгч явуулах гэж байгаа юм уу гэхээр нь би тийм гэсэн чинь чи бас 1 тэмээ өгч явуулмаар байна гэхээр нь би тэг гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 04-ний өглөө 09-10 цагийн хооронд Б, О 2 саарал өнгийн 50-75 УНГ улсын дугаартай Фургон автомашинд 2 тэмээний мах ачиж ирээд буулгаад хиллэсэн. Бэх-Очирын нэртэй тэмээний мах 357 кг болсон. Бийн өгсөн тэмээний мах 365 кг болоод би 1 кг махыг 2500 төгрөгөөр бодоод би 900,000 гаруй төгрөг болоод надаас бензиний мөнгө гэж 150,000 төгрөг авсан. Мөн 2 тэмээний шир авсан 1 ширийг нь 22,000 төгрөгөөр бодож авсан. Тэгээд би үлдэгдэл мөнгийг нь хот руу явж мах зараад Бэд 7 хоногийн дараа дансаар өглүү, бэлнээр өгсөн шиг санаж байна. Би сайн санахгүй байна. Бэх-Очирт махны мөнгийг дансаар өгсөн...“гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/

Гэрч Ц.Онолбаатарын өгсөн: “...Дараа нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байсан шиг санаж байна. Б, С гэх эмэгтэй бас нэг залуутай хамт ирсэн санагдаж байна. Тэр гурав ирээд 3 тооны тэмээний мах өгсөн. Өөр надад мах авч ирж өгөөгүй. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэг тэмээ нь 259 кг болсон, нэг кг махыг 2300 төгрөгөөр бодоод 595700 төгрөг, 2 тэмээ нь нийлүүлж хиллээд 467 кг мах болоод 1,074,100 төгрөг болсон. Би тэр үед урьдчилгаа хэдэн төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг нь 300,000, 700,000 төгрөгөөр данс руу хийсэн. 5585004920 тоот дансанд 300,000 төгрөг, 5587045505 дансанд 700,000 төгрөг шилжүүлсэн...“гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 53/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 61/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 190-р хуудас/

Өмнөговь аймаг Мал эмнэлэг ариун цэврийн лаборатори, Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /хх-ийн 195-р хуудас/

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 19-30-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 175-179-р хуудас/

Б.Бийн яллагдагчаар өгсөн:”...С ч нөгөө Баярсайханы 10 гаруй тооны тэмээг туугаад гэрийнхээ гадна авч ирсэн байсан. Мөн тэднийд хүргэн О нь бас ирсэн байсан. Ингээд С, О бид гурав Баярсайханы тэмээнүүдийг тууж хашаанд оруулаад багавтар биетэй гурван тэмээг барьж үлдээгээд бусдыг нь хашаанаас гаргаж гэрээс нь зүүн тийш нь туучихаад барьж үлдсэн гурван тэмээгээ хөтөлж Сын өвөлжөөний хойд талын овооны арын жалганд гурвуулаа элбэж байгаад дараалуулан унагаж, амыг нь таслаад О бид хоёр тэмээнүүдийг төхөөрч янзалсаар өглөө 05 цагийн үед дууссан ба шөнө харанхуй байсан учир С зөөврийн гэрэл барьж гэрэлтүүлэн ойр зуурын  ажилд тусалж байсан... Түүнээс хойш 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр манай ах Бэх-Очир Улаанбаатар хотоос утсаар ярьж “өөрийн тэмээнээс нэгийг төхөөрч махыг нь Нямдаваа гуайд хүргээд өгчих” гэсэн ингээд би ахын тэмээг хайгаад гэрээсээ зүүн урагшаа явж байгаад Отай хээр таарч уулзаад тэнд байсан Баярсайхан гуайн тэмээнээс төхөөрч заръя гэж тохироод бэлчээрт байсан Бэх-Очир ахын тэмээнүүдийг Баярсайханы тэмээтэй хамт тууж өөрийн өвөлжөөн дээр ирж хашаад тэндээс Баярсайханы 4 орчим настай хар зүсний тайлаг нэгийг Бэх-Очир ахын 5 настай нэг атны хамт авч үлдээд бусад тэмээг зүүн зүгт гаргаж туучихаад нөгөө авч үлдсэн хоёр тэмээгээ гэрээс урагш жалганд аваачиж төхөөрч янзлаад шөнө дууссан бөгөөд махыг нь машиндаа ачиж 06 цагийн үед сумын төв рүү хөдөлсөн. 08 цагт Нямдаваа гуайтай уулзаж махыг өгсөн Бэх-Очир ахын тэмээний мах 350 кг болсон мөнгийг нь аваагүй, нөгөө тэмээний мах нь 365 кг болсон бөгөөд 3500 төгрөгөөр бодож 1,277,500 төгрөг болсноос 150,000 төгрөгийг нь бэлнээр нь авч О хоёулаа хуваасан. Бусдыг нь Нямдаваа гуай махаа борлуулаад өгнө гэсэн учир аваагүй сүүлд нь бэлнээр болон өөрийн дансаар авсан Бэх-Очир ахын тэмээний ширийг нь Нямдаваа гуайд мөнгө авалгүй өгсөн нөгөө тэмээний ширийг нь 22,000 төгрөгөөр зарж мөнгийг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-77-р хуудас/

Г.Оны яллагдагчаар өгсөн:”...С болон Б нар гэрт орж ирээд “би Баярсайханы тэмээг туугаад ирлээ эндээс хоёр, гурван тэмээг нь авъя, банкны зээл нэхэгдээд байна”гэж хадам хэлсэн Б бид хоёр ч зөвшөөрч гурвуулаа гадаа хашсан байсан Баярсайхан гуайн тэмээн сүргээс бага биетэй гурван тэмээг барьж үлдээгээд бусдыг нь хашаанаас гаргаж гэрээс нь зүүн тийш нь туучихаад барьж үлдсэн гурван тэмээгээ хөтөлж хадам Сын өвөлжөөний хойд талын овооны арын жалганд гурвуулаа элбэж байгаа цувруулан хүлж унагаад, амыг нь таслаад Б бид хоёр тэмээнүүдийг төхөөрч янзалсаар өглөө 05 цагийн үед дууссан ба хадам С зөөврийн гэрэл барьж гэрэлтүүлэн ойр зуурын ажилд тусалж байсан. Түүнээс хойш 2018 оын 02 дугаар сарын 03-ны өдөр өөрийн тэмээгээ хаана байгааг нь хараад гэрээсээ баруун хойш хөдөө хээр явж байгаад Бтэй таарч уулзсан. ...Ингээд бид хоёр ярьж байгаад Баярсайхан гуайн тэмээнээс нэгийг нь авч төхөөрч зарья гэж тохироод бэлчээрт байсан Бэх-Очирын тэмээнүүдийг Баярсайханы тэмээтэй хамт тууж Бийн өвөлжиж байсан “Улаан толгойн” өвөлжөөн дээр Бийн мотоцикль сундалж хамт туусаар ирсэн. Тэгээд Баярсайханы тэмээн сүргээс 4 орчим настай хар зүсний тайлаг нэгийг Бэх-Очирын тэмээнээс нэг атны авч үлдээд бусад тэмээг зүүн зүгт гаргаж туучихаад нөгөө авч үлдсэн 2 тэмээгээ гэрээс урагш жалганд аваачиж төхөөрч янзлаад шөнө дууссан бөгөөд хоёр тэмээний толгой, гэдэс дотрыг нь гэрийн ойролцоо байх хог хаядаг газарт хаяаад махыг нь машинд ачиж сумын төв рүү Бийн хамт ирний тайлаг нэгийг Бэх-Очирын тэмээнээс нэг атны авч үлдээд бусад тэмээг зүүн зүгт гаргаж туучихаад нөгөө авч үлдсэн 2 тэмээгээ гэрээс урагш жалганд аваачиж төхөөрч янзлаад шөнө дууссан бөгөөд хоёр тэмээний толгой, гэдэс дотрыг нь гэрийн ойролцоо байх хог хаядаг газарт хаяаад махыг нь машинд ачиж сумын төв рүү Бийн хамт ирж Нямдаваа гуайтай уулзаад махыг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-82-р хуудас/

Ц.Сын яллагдагчаар өгсөн:”...2018 оны 01 дүгээр сарын 25-ны үдээс хойш гэртээ байж байтал Б хүрч ирээд тэмээндээ явж байна танайхаас зүүн тийш холгүй Баярсайхан гуайн хэсэг тэмээ байна гэж хэлсэн. Ингээд Б хоёулаа ярьж байгаад тэндээс нь тэмээ авч төхөөрөхөөр тохироод би хүргэн Оыг утсаар дуудсан. ...”Баярсайханы тэмээг туугаад ирлээ эндээс хоёр, гурван тэмээг нь авъя, банкны зээл нэхэгдээд байна” гэж би тэр хоёрт хэлсэн. Тэр хоёр ч зөвшөөрч гурвуулаа гэрээс гарч хашаанд байх Баярсайхан гуайн тэмээнүүдээс багавтар биетэй гурван тэмээг барьж үлдээгээд бусдыг нь хашаанаас гаргаж гэрээс нь зүүн тийш нь туучихаад барьж үлдсэн гурван тэмээгээ хөтөлж өвөлжөөний хойд талын овооны арын жалганд гурвуулаа элбэж байгаа цувруулан хүлж унагаад, амыг нь таслаад Б, О хоёр тэмээнүүдийг төхөөрч янзалсаар үүр шөнөөр дууссан. Би гэрэл тусгаж тэр хоёрт тусалсан юм. Гурван тэмээг төхөөрч дуусаад гэдэс, дотор, толгойнуудыг нь гэрээс баруун тийш 1 километр орчим зайтай газарт аваачиж нүх ухаж булсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-87-р хуудас/

Шүүгдэгч Б.Б, Г.О, Ц.С нарын хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Б.Б, Г.О, Ц.С нарыг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100-102-р хуудас/

Шүүгдэгч Б.Б, Г.О, Ц.С нарын иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн тодорхойлолт, малын тодорхойлолт /хх-ийн 91-99-р хуудас/ 

Шүүгдэгч Б.Б, Г.О, Ц.С нарын арилжааны банканд харилцах, зээл, хадгаламжтай эсэх талаарх лавлагаа /хх-ийн 119-156-р хуудас/  

Шүүгдэгч Б.Б, Г.О, Ц.С нарын гурван талаас харуулсан гэрэл зураг, гарын дардас /хх-ийн 103-108-р хуудас/

Хохирогч Д.Хүүхнээгийн “...Хүүхнээ миний бие нь О, Б нар хохирлыг барагдуулж өгсөн тул эд нарт гомдолгүй” гэх /хх-ийн 203-р хуудас/

Хохирогч Ц.Баярсайханын “...Баярсайхан миний бие нь О, Б, С нар гомдлыг барагдуулж өгсөн тул эд нарт гомдолгүй ” гэх /хх-ийн 204-р хуудас/

Хурга овогт Бийн Даваахүүгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 110-р хуудас/

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг багийн засаг даргын тодорхойлолтууд /хх-ийн 111-113-р хуудас/

Ёохон овогт Сын Намуунгоогийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 115-р хуудас/

Гавал овогт Оны Аминхүслэнгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 116-р хуудас/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 121-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.Б, Г.О, Ц.С нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг багийн нутаг Аргалант гэх газраас иргэн Ц.Баярсайханы эзэмшлийн 4 тооны тэмээг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 5,250,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Г.О, Б.Б нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын  Харзаг багийн нутаг Эхэн сайр гэх газраас иргэн Д.Хүүхнээгийн эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж бусдад 850,000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-16-р хуудас/, хохирогч Ц.Баярсайханы өгсөн: “...Манай алга болсон гэх 4 тооны тэмээ сүргээсээ ерөөсөө тасардаггүй. Ерөөсөө ямар нэгэн сураггүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан.../хх-ийн 33-34-р хуудас/, хохирогч Д.Хүүхнээгийн өгсөн: “...Тэгээд цагдаа сэргийлэх болох гээд байж байтал Б.Б “уучлаарай би танай үхрийг алаад хүнсэндээ авсан юм гээд хохирол барагдуулж өгнө гэж хэлсэн”...” гэх мэдүүлэг /хх-ийн 184-р хуудас/, гэрч Б.Нямдаваагийн өгсөн: “... Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 04-ний өглөө 09-10 цагийн хооронд Б, О 2 саарал өнгийн 50-75 УНГ улсын дугааратай Фургон автомашинд 2 тэмээний мах ачиж ирээд буулгаад хиллэсэн. Бэх-Очирын нэртэй тэмээний мах 357 кг болсон. Бийн өгсөн тэмээний мах 365 кг болоод би 1 кг махыг 2500 төгрөгөөр бодоод би 900,000 гаруй төгрөг болоод надаас бензиний мөнгө гэж 150,000 төгрөг авсан. ...“гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/, гэрч Ц.Онолбаатарын өгсөн: “... Тэр гурав ирээд 3 тооны тэмээний мах өгсөн. Өөр надад мах авч ирж өгөөгүй. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэг тэмээ нь 259 кг болсон, нэг кг махыг 2300 төгрөгөөр бодоод 595700 төгрөг, 2 тэмээ нь нийлүүлж хиллээд 467 кг мах болоод 1,074,100 төгрөг болсон. Би тэр үед урьдчилгаа хэдэн төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг нь 300,000, 700,000 төгрөгөөр данс руу хийсэн. 5585004920 тоот дансанд 300,000 төгрөг, 5587045505 дансанд 700,000 төгрөг шилжүүлсэн...“гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 53/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 61/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 190-р хуудас/, Өмнөговь аймаг Мал эмнэлэг ариун цэврийн лаборатори, Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /хх-ийн 195-р хуудас/, Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 19-30-р хуудас/, Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 175-179-р хуудас/ Б.Бийн яллагдагчаар өгсөн:”...Сын өвөлжөөний хойд талын овооны арын жалганд гурвуулаа элбэж байгаад дараалуулан унагаж, амыг нь таслаад О бид хоёр тэмээнүүдийг төхөөрч янзалсаар өглөө 05 цагийн үед дууссан ба шөнө харанхуй байсан учир С зөөврийн гэрэл барьж гэрэлтүүлэн ойр зуурын  ажилд тусалж байсан... ...Баярсайханы 4 орчим настай хар зүсний тайлаг нэгийг Бэх-Очир ахын 5 настай нэг атны хамт авч үлдээд бусап тэмээг зүүн зүгт гаргаж туучихаад нөгөө авч үлдсэн хоёр тэмээгээ гэрээс урагш жалганд аваачиж төхөөрч янзлаад шөнө дууссан бөгөөд махыг нь машиндаа ачиж 06 цагийн үед сумын төв рүү хөдөлсөн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-77-р хуудас/, Г.Оны яллагдагчаар өгсөн:”...хадам Сын өвөлжөөний хойд талын овооны арын жалганд гурвуулаа элбэж байгаа цувруулан хүлж унагаад, амыг нь таслаад Б бид хоёр тэмээнүүдийг төхөөрч янзалсаар өглөө 05 цагийн үед дууссан ба хадам С зөөврийн гэрэл барьж гэрэлтүүлэн ойр зуурын ажилд тусалж байсан. Түүнээс хойш 2018 оын 02 дугаар сарын 03-ны өдөр өөрийн тэмээгээ хаана байгааг нь хараад гэрээсээ баруун хойш хөдөө хээр явж байгаад Бтэй таарч уулзсан. ...Ингээд бид хоёр ярьж байгаад Баярсайхан гуайн тэмээнээс нэгийг нь авч төхөөрч зарья гэж тохироод бэлчээрт байсан Бэх-Очирын тэмээнүүдийг Баярсайханы тэмээтэфй хамт тууж Бийн өвөлжиж байсан “Улаан толгойн” өвөлжөөн дээр Бийн мотоцикль сундалж хамт туусаар ирсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-82-р хуудас/, Ц.Сын яллагдагчаар өгсөн:”...2018 оны 01 дүгээр сарын 25-ны үдээс хойш гэртээ байж байтал Б хүрч ирээд тэмээндээ явж байна танайхаас зүүн тийш холгүй Баярсайхан гуайн хэсэг тэмээ байна гэж хэлсэн. Ингээд Б хоёулаа ярьж байгаад тэндээс нь тэмээ авч төхөөрөхөөр тохироод би хүргэн Оыг утсаар дуудсан. ...”Баярсайханы тэмээг туугаад ирлээ эндээс хоёр, гурван тэмээг нь авъя, банкны зээл нэхэгдээд байна” гэж би тэр хоёрт хэлсэн. Тэр хоёр ч зөвшөөрч гурвуулаа гэрээс гарч хашаанд байх Баярсайхан гуайн тэмээнүүдээс багавтар биетэй гурван тэмээг барьж үлдээгээд бусдыг нь хашаанаас гаргаж гэрээс нь зүүн тийш нь туучихаад барьж үлдсэн гурван тэмээгээ хөтөлж өвөлжөөний хойд талын овооны арын жалганд гурвуулаа элбэж байгаа цувруулан хүлж унагаад, амыг нь таслаад Б, О хоёр тэмээнүүдийг төхөөрч янзалсаар үүр шөнөөр дууссан. Би гэрэл тусгаж тэр хоёрт тусалсан юм. Гурван тэмээг төхөөрч дуусаад гэдэс, дотор, толгойнуудыг нь гэрээс баруун тийш 1 километр орчим зайтай газарт аваачиж нүх ухаж булсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-87-р хуудас/зэргээр тогтоогдож  байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б, Г.О, Ц.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн тэдгээрийг засарч хүмүүжих боломжтой гэж үзэж оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

Хохирогч Д.Хүүхнээгийн “...Хүүхнээ миний бие нь О, Б нар хохирлыг барагдуулж өгсөн тул эд нарт гомдолгүй” гэх /хх-ийн 203-р хуудас/, хохирогч Ц.Баярсайханын “...Баярсайхан миний бие нь О, Б, С нар гомдлыг барагдуулж өгсөн тул эд нарт гомдолгүй ” гэх /хх-ийн 204-р хуудас/ гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 74 см өргөнтэй, 88 см урттай, цагаан өнгийн ууттай, 65 см өргөнтэй, 78 см урттай 2 уут бүхий үхрийн махыг хатааж борцолсон нийт 10,9 кг борцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б, Г.О, Ц.С нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гавал овогт Гомбын О, Ёохон овогт Цэдэнсодномын С, Хурга овогт Бухалын Б нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.О, Ц.С нарт хорих ял оногдуулахгүйгээр тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг даалгасугай. 

3. Шүүгдэгч Б.Б, Г.О, Ц.С нар нь тэнсэгдсэн 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

4. Шүүгдэгч Б.Б, Г.О, Ц.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 74 см өргөнтэй, 88 см урттай, цагаан өнгийн ууттай, 65 см өргөнтэй, 78 см урттай 2 уут бүхий үхрийн махыг хатааж борцолсон нийт 10,9 кг борцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,  хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 50-75 УНГ улсын дугаартай УАЗ-220692 маркийн тээврийн хэрэгсэл, Ц.Сын улсын дугааргүй “Хэнсим” маркийн мотоцикль, Б.Бийн улсын дугааргүй “Чансаа” маркийн мотоциклыг тус тус буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б, Г.О, Ц.С  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.БАТТУЛГА