Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/1230

 

 

Б.***т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч Б.***, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 03*******ны өдрийн 2024/ШЦТ/1012 дугаар шийтгэх тогтоолыг прокурор Б.Ундрахын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэрийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд тус тус үндэслэн Б.***т холбогдох эрүүгийн 2408 00152 0946 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22*******ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

*** овогт ***ийн ***, *** оны 01 дүгээр сарын 13*******ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт хамт Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** байр 07 тоотод оршин суух.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ***оны 5 дугаар сарын 20*******ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, *** аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ***оны 07 дугаар сарын 20*******ны өдрийн шүүгчийн дахиж харах захирамжаар нийтэд тустай ажил хийлгэх болон торгох ялуудыг өршөөн хэлтрүүлсэн /РД:***/,

Шүүгдэгч Б.*** нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 12 дугаар сарын **********ны өдөр ***дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, *** дугаар байр ***тоотод байхдаа гэр бүлийн харилцаатай Н.***ыг "миний машиныг банк бус санхүүгийн байгууллагад буцааж өглөө" гэх шалтгаанаар нүүр рүү нь өшиглөж, гараараа цохиж, зодсон,

мөн тухайн өдрөө Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг Дэвсгэр, 30 дугаар байр 8*******31 тоот болох иргэн Д.***гийн гэрт байхдаа хөл рүү нь өшиглөж, үсдэж, нүүр, толгой руу нь гараараа цохиж, зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь "баруун нүдний дотор булан, доод зовхи зүүн доод зовхи, дээд уруулын дотор салст, баруун гуянд цус хуралт, хамрын үзүүрт, баруун угалзны дорд ирмэг, хамрын зүүн угалзны дээд хэсэг, доод уруулын дотор салстад зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Б.***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ***.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *** овогт ***ийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч ***ийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэнд /мэндэд/ хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Б.***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.***т сануулаад, Эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б. *** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ундрах давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н. ***ын өгсөн ***тай дотно харилцаатай байсан бөгөөд ямар нэгэн байдлаар хамтран амьдрагч байгаагүй ганц хоёр удаа ирж хонодог байсан..." гэсэн мэдүүлэг, гэрч Д.***гийн өгсөн "...***, *** нар үерхдэг бөгөөд яг хамтран амьдраад байсан зүйл байдаггүй. *** хааяа гэрт нь оччихсон байгаа харагддаг..." гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч Б.***ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр хохирогчтой хамтран амьдарч, гэр бүлийн харилцаа байгаагүй гэх нөхцөл байдал нь тогтоогдож байх тул" гэж дүгнэж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шүүгдэгч Б.***ыг гэмт буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүдийг хуульчилж өгсөн ба хуулийн 3 дахь хэсгийн 3.2*******т "Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна." гэжээ. Энэ хэргийн тухайд, Б. ***, Г.*** нар нь хамтран амьдардаггүй ч гэсэн хоорондоо үерхдэг, эр эмийн харилцаатай болох нь тэдний мэдүүлгээр тогтоогддог бөгөөд тэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн байна. Түүнчлэн хохирогч Н.***оос 2023 оны 05 дугаар сарын 08*******ны өдөр цагдаагийн байгууллагад ".. нөхөр айлд ирчхээд надад агсам тавиад байна" гэх гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг өгч байсан болох нь хавтаст хэргийн 107 дугаар хуудаст авагдсан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас баримтаар нотлогдож байх ба дээрх асуудал нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлэгдсэн болох нь мөн хавтаст хэргийн 109 дүгээр талд авагдсан байна. Дээрхээс үзвэл анхан шатны шүүхээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдлыг үгүйсгэж байгаад санал нийлэхгүй байна. Учир нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад "гэр бүлийн хүчирхийлэл" гэдгийг тодорхой зааж өгсөн. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан "гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр"*******т шүүгдэгчийн үйлдэл нийцэж байна. Энэ бүх нөхцөл байдал нотлогдсоор байтал анхан шатны шүүх үгүйсгэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийн зүгээс гэм буруу болон зүйлчлэл дээр маргахгүй. Шүүхээс Б.***т урьд өмнө нь өршөөлийн хуульд хамрагдсан гэсэн үндэслэлийг дурдаж нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Б.***ын холбогдсон хэргийн хувьд хохирогч Н.***ын нэр дээр автомашин авсан боловч Б.***ын Н.***т шилжүүлсэн ББСБ*******ын мөнгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулаад автомашин хураагдах болоход Б.***ыг худал хэлж дуудан автомашиныг хураалгаж, тухайн автомашиныг өөрийнх нь нэр дээр зээлээр гаргаснаар далимдуулж автомашиныг зарснаар тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн. Б.*** өөрийн нэр дээр дахин автомашин авсан тул ажил хийж автомашины төлбөрийг төлөх ёстой учир шүүхээс торгууль оногдуулахыг хүссэн боловч шүүх нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн тул ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.*** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...надад торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.***т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох дараах үндэслэл тогтоогдов.

Прокуророос Б.***ыг “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.***ыг үргэлжилсэн үйлдлээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 03*******ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2024/ШЦТ/1012 дугаар шийтгэх тогтоолоор Б.***т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “Эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” /цаашид “хохирогч” гэх/ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг” ойлгоно гэж хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд болон нэр томьёог тодорхойлон хуульчилжээ.

Түүнчлэн гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүн гэх хууль зүйн ойлголтыг дэлгэрүүлэн тайлбарласан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн нэр томьёоны тодорхойлолтоор “хамтран амьдрагч” гэдэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамт амьдарч байгаа хүмүүсийг ойлгохоор заасан.

Хэрэгт авагдсан хохирогч Н.***ын “...***тай 2023 оны 02 дугаар сард танилцсан. *** хэсэг хугацааны дараа машин аваад өгөөч, би хүүхдүүдийг чинь сургуульд зөөж байя гээд лизингээр машин авсан. ***тай дотно харилцаатай бөгөөд хамтран амьдарч байгаагүй. Ганц хоёр удаа ирж хонодог байсан...” /хх 25*******26, 33*******36, 87*******89/,...шүүгдэгч Б.***ын “...2023 оны 02 сард Н.*** гэх эмэгтэйтэй танилцаж, хааяа уулздаг байсан. Бид хоёр дотно харилцаатай байсан ч, хамт амьдарч байгаагүй. *** өөрийнхөө нэр дээр банк бус санхүүгийн байгууллагаар авсан...” /хх 42*******43, 65*******67/,...гэрч Н.***ийн “...Би ***, *** нарыг үерхэж байсан гэдгийг мэднэ...” /хх 54*******55/, ...гэрч Д.***гийн “...***, *** хоёр үерхдэг бөгөөд яг хамт амьдраад байсан зүйл байхгүй. *** хааяа гэрт нь очсон харагддаг...” /хх82*******84/,...хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн мэдээлэл “...2023 оны 5 дугаар сарын 8*******нд  нөхөр айлд ирчхээд агсам тавиад байна...” /хх 98/, дуудлагын хуудас “хамтран амьдрагч Б.*** нь архи уугаад хэл амаар доромжилж зодсон” /хх107/, …гомдол саналгүй /хх 108/, гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд хохирогч Н.***, шүүгдэгч Б.*** нар нь эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтран амьдардаггүй ч  гэр бүлийн харилцаатай болох нь нотлогдож байна.

Гэтэл анхан шатны шүүх хэргийн 9*******14, 98, 107 дахь талд авагдсан баримтууд болох шүүгдэгч Б.*** нь 2020*******2023 онуудад цагдаагийн байгууллагад “Нөхөр согтуу намайг зодоод гараад явчихлаа” гэх мэт дуудлага мэдээллээр бүртгэгдэж байсан сүүлд “Цагдаагийн шуурхай удирдлагын тасагт 2023 оны 5 дугаар сарын 8*******ны өдөр “Нөхөр айлд ирчихээд агсам тавиад байна”, “Хамтран амьдрагч Б.*** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэл амаар доромжилж зодсон” гэх гомдол мэдээлэл,

“Нэг хүний толгойг архины шилээр хагалсан” гэх дуудлагыг хохирогчийн 9962..20 дугаартай утаснаас өгч байсан баримтууд хэрэгт авагдсан байхад эдгээр баримтуудыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй атлаа“шүүгдэгч, хохирогч нарын хооронд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас маргалдан эрх, эрх чөлөөнд халдсан нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй бус үйлдэл” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэр бүлийн хүчирхийллийн объектод хүний эрүүл мэндийн халдашгүй байдлаас гадна гэр бүлийн ашиг сонирхол хамаарах бөгөөд хууль тогтоогч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэдэг нь гэр бүлийн гишүүд хооронд үүссэн байх гол утга агуулга, шалгууртай учраас “гэр бүлийн гишүүд”*******тэй холбоотой суурь ойлголт, харилцааг зохицуулсан Гэр бүлийн тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтыг “Эрүүгийн хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад баримтлах” шаардлагатай болохыг анхаарвал зохино. 

Ийнхүү анхан шатны шүүхийн Б.***т холбогдох хэргийн зүйлчлэлийг хуулийг буруу тайлбарлан хөнгөрүүлэн зүйлчилсэн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүх нь (1) анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, (2) анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, (3) хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргахаар заасан.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03*******ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг хүчингүй болгож, улмаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн алдааг зөвтгөх зорилгоор анхан шатны шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх зохицуулалтыг шинээр хуульчлах үзэл баримтлалын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ***.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шүүхийн шатанд мөрдөн шалгах ажиллагаа явуулах журмыг мөн хуулийн 36.*** дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт шинээр хуульчилсан явдал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл болохгүй.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй болно.

Давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхгүйгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3*******т заасан аль нэг үндэслэлээр доод шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд анхан шатны шүүх нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу дахин явуулж, дээд шатны шүүхийн шийдвэрт дурдсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг зөвтгөж, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, нийтлэг зарчмуудад нийцсэн, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэг хүлээнэ.

Иймд, прокурор Б.Ундрахын бичсэн 2024 оны 10 дугаар сарын 7*******ны өдрийн 76 дугаартай эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгов.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул “Шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлүүлэх” талаар гаргасан өмгөөлөгч А.Буяндэлгэрийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03*******ны өдрийн 2024/ШЦТ/1012 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Ундрахын бичсэн 2024 оны 10 дугаар сарын 7*******ны өдрийн 76 дугаартай эсэргүүцлийг хангасугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.МӨНХТУЛГА

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ