Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2026/0578

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Э*******

Хариуцагч: Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.М******* холбогдох эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Э*******, хариуцагч Л.М******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэргэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага

1.1 Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Э*******өөс Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.М******* 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Хоёр. Маргааны үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.М******* нь 2026 оны Эрүүл мэндийн яамны салбарын хяналт, хяналтын шинжилгээ, дотоод аудитын газрын даргын баталсан 10-00/08 тоот Нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 07 дугаар хороо, 11-р хороолол, 15 дугаар байр 32 тоот хаягт үйл ажиллагаа явуулж байгаа Н******* дент ХХК /РД:******, утас-88******/-ийн Н******* дент шүдний эмнэлгийн үйл ажиллагаанд 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хяналт шалгалт хийж,

2.2. Шалгалтын явцад Н******* дент шүдний эмнэлгийн ариутгасан багаж хадгалдаг шүүгээнд байсан 27 ширхэг хэвний халбага, 4 ширхэг тавиур шил, 3 ширхэг мэс заслын үед ашиглах даавуу, хөвөн, шарик зэрэгт ариутгасан огноог бичиж тэмдэглээгүй, ариутгасан шүүгээнд цэвэр цаасанд уутлаагүй багаж, хэрэглэх хугацаа дууссан 13 ширхэг багаж хадгалж байсан, төвлөрсөн усан хангамжийн ус болон өрмийн усанд нян судлалын шинжилгээ хийлгээгүй, хийн шахуурга байрлуулсан өрөө нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлж,

2.3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна; 1.1. хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн; гэж заасны дагуу 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Зөрчлийн бүртгэл, мэдээллийн санд Н******* дент ХХК-д холбогдох зөрчлийг ЭМ02/26-55 дугаартай зөрчлийн хэрэг нээж, хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэж,

2.4. Холбогдогч Н******* дент ХХК-д 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 0******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжээр торгох шийтгэл оногдуулан, Прокурорын байгууллагад хянуулахаар хүргүүлжээ.

2.5. Прокурор зөрчлийн хэргийг хүлээн авч, хянаад эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн байна.

2.6. Ингээд Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Э******* нь тус шүүхэд 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.М******* 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан 0****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт гаргасан1.

2.7. Тус шүүхийн шүүгч прокурорын 26 дугаартай дүгнэлтийг 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШЗ2026/3698 дугаар захирамжаар2 захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гурав. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан прокурорын дүгнэлтдээ: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э******* би, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.М******* нь бүртгэлийн ЭМ02/26-55 дугаартай гомдолд "Н******* дент ХХК-нд холбогдуулан шүдний эмнэлгийн ариутгасан багаж хадгалдаг шүүгээнд байсан 27 ширхэг хэвийн халбага, 4 ширхэг тавиур шил, 3 ширхэг мэс заслын үед ашиглах даавуу, хөвөн, шарик зэрэгт ариутгасан огноог бичиж тэмдэглээгүй, ариутгасан шүүгээнд цэвэр цаасанд уутлаагүй багаж хэрэглэх хугацаа дууссан 13 ширхэг багаж хадгалж байсан, төвлөрсөн усан хангамжийн ус болон өрмийн усанд нян судлалын шинжилгээ хийлгээгүй, хийн шахуурга байрлуулсан өрөө нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй, үйлчилгээ эрхлэгч нь түүхий, эд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах арга хэмжээ аваагүй" гэх үндэслэлээр 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан 0****** дугаартай шийтгэлийн хуудсыг 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Зөрчил бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэж 2026 оны 04 дүгээр сарын 28-ны прокурорын байгууллагад бүртгүүлэхээр ирүүлснийг хүлээн авч хяналаа. Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэр дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ. Үүнд:

- Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "...эрх бүхий албан тушаалтан зөрчлийн бүртгэл мэдээллийн, нэгдсэн санд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна... гэснийг,
 


- Зөрчлийг нотлох, зөрчлийг шинжийг тогтоох, холбогдох нотлох баримтыг цуглуулж бэхжүүлээгүй нь мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ...", 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "... Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ... гэснийг,
 


- Шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ хуульд заасан шаардлага, нөхцөлийг бүрэн тогтоогоогүй нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "...Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна...", Зөрчил шалган Шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт ".. тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;..." гэснийг тус тус зөрчсөн бөгөөд тухайн зөрчлүүд нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан "Хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчим"-д нийцээгүй байна.

Иймд Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.М******* 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан 0****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив1 гэжээ.

3.2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд сарын 01-ний өдөр Эрх бүхий албан тушаалтны шийтгэл ногдуулсан шийдвэрийг хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э*******ийн 2026 оны 05 дугаар хүчингүй болгуулах тухай 26 дугаартай дүгнэлттэй танилцаж хариу тайлбар хүргүүлж байна.


Зөрчлийн хэрэг бүртгэл, мэдээллийн санд бүртгэлгүй шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "...эрх бүхий албан тушаалтан зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна..." гэснийг,


Эрүүл мэндийн яамны Салбарын хяналт, хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын даргын баталсан 10-00/08 тоот Нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай удирдамжийн дагуу 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хяналт шалгалт хийж зөрчил илрүүлсэн.

2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Зөрчлийн бүртгэл, мэдээллийн санд Н******* дент ХХК-д холбогдох зөрчлийг бүртгүүлж ЭМ02/26-55 дугаар авсан.

Тухайн өдөр Н******* дент ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б овогтой Н холбогдогчдын мэдүүлэг авч хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бөгөөд 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахад 20260427014342356 нэхэмжлэлийн дугаар үүссэн.


Зөрчлийг нотлох, зөрчлийн шинжийг тогтоох, холбогдох нотлох баримтыг цуглуулж бэхжүүлээгүй нь мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "... Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ...", 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "... Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ... гэснийг,


Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.М******* би хяналт шалгалтын явцад тухайн шүдний эмнэлгийн ариутгасан багаж хадгалдаг шүүгээнд байсан ариутгасан багажид огноог бичиж тэмдэглээгүй, ариутгасан шүүгээнд цэвэр цаасанд уутлаагүй, 13 ширхэг багажийн /ЗХБ-ийн 14-р хуудас/ хэрэглэх хугацаа /2024 оны 10 болон 11 дүгээр сард, 2025 оны 2, 8, 11 дүгээр саруудад ариутгасан боловч хэрэглэх 6 сарын хугацаа дууссан/ дууссан, хийн шахуурга байрлуулсан өрөө нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй /ЗХБ-ийн 15-р хуудас/ зэрэг зөрчлүүдийг гэрэл зургаар баримтжуулан Н******* дент ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б овогтой Н******* танилцуулж гэрэл зураг бүхий 14, 15-р хуудас бүрт гарын үсэг зуруулж бэхжүүлсэн, холбогдогчийн /ЗХБ-ийн 2-4-р хуудас/ мэдүүлгээр нотолж ажилласан.

Шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ хуульд заасан шаардлага, нөхцөлийг бүрэн тогтоогоогүй нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "... Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна...", Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт "... тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;... гэснийг


А. Ариутгасан багаж хадгалдаг шүүгээнд байсан 27 ширхэг хэвний халбага, 4 ширхэг тавиур шил, 3 ширхэг мэс заслын үед ашиглах даавуу, хөвөн, шарик зэрэгт ариутгасан огноог бичиж тэмдэглээгүй байгаа нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны 537 дугаар тушаалын 5 дугаар хавсралтын 7.9.13 дахь /Савласан, боолттой багаж материалын гадна шошгонд ариутгасан огноо, хүчинтэй байх хугацаа, ариутгалын ажилтны код, багаж хэрэгслийн нэр, тоог тэмдэглэнэ/заалтыг,

Б. Ариутгасан шүүгээнд цэвэр цаасанд уутлаагүй багаж байгаа нь 2019 оны 537 дугаар тушаалын 5 дугаар хавсралтын 7.9.4 дэх /Багаж материалыг 1 хүнд 1 тусламж, үйлчилгээ үзүүлэхэд ашиглах байдлаар багцалж савлана/заалтыг, хэрэглэх хугацаа дууссан 13 ширхэг багаж хадгалж байсан нь 5 дугаар хавсралтын 9.11 дэх /Зориулалтын савлагаа, боолттой, бүрэн бүтэн байдал алдагдаагүй, гадна тал бохирдоогүй, ариун материал хадгалах зориулалтын шүүгээнд хадгалсан бол ариутгасан багаж, хэрэгслийг 6 сар хүртэл хадгалж болно/ заалтыг

В. Төвлөрсөн усан хангамжийн ус болон өрмийн усанд нян судлалын шинжилгээ хийлгээгүй нь 2019 оны 537 дугаар тушаалын 5 дугаар хавсралтын 6.3. /Шүдний эмнэлгийн усны системийн усыг жилд 1 удаа шинжилгээнд өгч нян судлал, химийн үзүүлэлтийг шинжлүүлэн баримтжуулна/, 11 дүгээр хавсралтын 3.3 дахь /Шүдний өрмийн усанд бактерийн тоо тодорхойлох шинжилгээг хамгийн багадаа сард нэг удаа хийнэ/ заалтыг,

Г. Хийн шахуургыг барилгын материал хадгалдаг агуулахын өрөөнд байрлуулсан зөрчил нь ISO/FDIS 22052 стандартад заасан эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй нь хяналт шалгалт болон нотлох баримтаар тогтоогдсон.

Дээрх илэрсэн зөрчлүүд нь Эрүүл ахуйн тухай хуулийн 7.2 дахь Үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална/, мөн хуулийн 7.4 дэх Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах арга хэмжээг бүрэн хариуцна/, 8.1 дэх /Түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэл, тэдгээрийн сав, баглаа боодол, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь Монгол Улсын болон олон улсын стандарт, норматив, техникийн баримт бичиг, эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг хангасан байна/ заалтуудыг хангаагүй тул Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь "..... үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах арга хэмжээг аваагүй...." заалтаар шийтгэл оногдуулсан.

Иймд хүний эрүүл мэндэд эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангагдаагүйн улмаас үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан бөгөөд эрх бүхий албан тушаалтны гаргасан миний шийдвэр хуульд заасан үндэслэлтэй, "Хууль ёсны зарчим, Шударга ёсны зарчим"-д нийцэж байгаа гэж үзэж байна2 гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2.Тодруулбал, хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.М******* нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.59-д заасан эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч буюу харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болохын хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна гэж заасныг үндэслэл болгон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар байна.

4.3.Гэтэл хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээс үзэхэд хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.М******* нь 2026 оны Эрүүл мэндийн яамны Салбарын хяналт, хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын даргын баталсан 10-00/08 тоот "Нур амны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх шалгалт хийх" тухай удирдамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 07 дугаар хороо, 11-р хороолол, 15 дугаар байр 32 тоот хаягт үйл ажиллагаа явуулж байгаа Н******* дент ХХК /РД:6*****1, утас-88*****/-ийн Н******* дент шүдний эмнэлгийн үйл ажиллагаанд 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хяналт шалгалт хийхэд ариутгасан багаж хадгалдаг шүүгээнд байсан 27 ширхэг хэвний халбага, 4 ширхэг тавиур шил, 3 ширхэг мэс заслын үед ашиглах давуу, хөвөн, шарик зэрэг ариутгасан огноо бичиж тэмдэглээгүй, ариутгасан шүүгээнд цэвэр цаасанд уутлаагүй багаж, хэрэглэх хугацаа дууссан 13 ширхэг багаж хадгалж байсан, төвлөрсөн усан хангамжийн ус болон өрмийн усанд нян судлалын шинжилгээ хийлгээгүй, хийн шахуурга байрлуулсан өрөө нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй зэрэг зөрчил үйлдсэнийг 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11 цаг 15 минутад илрүүлж, Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон тэмдэглэл үйлдсэн атлаа дээрх зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухайгаа Зөрчлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа тус зөрчлийн хэрэг маргааныг 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цаг 08 минут 34 секундэд тус мэдээллийн сангийн Гомдол мэдээллийн бүртгэлд бүртгэж, 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цаг 52 минут 03 секундэд шийдвэрлэсэн төлөвөөр хаажээ.

4.4.Хариуцагчийн энэхүү үйл ажиллагаа нь түүнд хяналт тавьж буй прокурорын хяналтаас гадуур байхаас гадна дээрх хуулийн зүйл хэсэгт заасан процессын ажиллагааг алдагдуулсан үйлдэл болсон гэж шүүхээс үзэх боловч маргаан бүхний шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох ноцтой үндэслэл биш гэж дүгнэлээ.

4.5.Учир нь маргааны үйл баримтаас харахад хариуцагч Л.М******* албан үүргээ хэрэгжүүлж явахдаа Н******* дент ХХК-ийн шүдний эмнэлгийг эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй үйлчилгээ эрхэлж чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй зөрчлөөс тус байгууллагаар үйлчлүүлж байгаа болон үйлчлүүлэх гэж буй үйлчлүүлэгч нарт үүсэх ноцтой сөрөг үр дагаврыг харгалзан үзээд 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ... эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь ...үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах арга хэмжээг аваагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно...-г зөв гэж үзсэн болно.

4.6.Нөгөөтээгүүр шүүхээс дээрх дүгнэлтийн хийхдээ хариуцагчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн ... Энэхүү шийдвэр хуулийн дагуу хүчингүй болж болно. Үүний үр дагавар нь ноцтой байгаа. Яагаад гэхээр шүдний эмнэлгүүд хоорондоо цахим системтэй. Тэр системд ийм байцаагч хяналт шалгалт хийгээд, арга хэмжээ аваад явж байна гээд нээлттэйгээр бичдэг. Үүнийг хүчингүй болговол Улаанбаатарын хэмжээнд 670 гаруй шүдний эмнэлэг байгаа. Тэр эмнэлгүүд энэ шийдвэрийг мэднэ. Эсрэг зүйл үүсэхээс сэрэмжлээд алдааг нь над дээр аваа гэж байгаа юм. Би арга хэмжээг хүлээн зөвшөөрнө. Алдаа гаргасан талаар хүлээн зөвшөөрч байна. Нийгэмд тархах үр дагавар нь муу шүү... хэмээх тайлбарыг үндэслэл болгосны сацуу нэгэнт Зөрчлийн хуульд заасан зөрчил үйлдэгдсэн болох нь тогтоогдсон, энэ зөрчлийг үгүйсгэх, зөрчил биш гэж үзэх үндэслэл байхгүй байна.

4.7.Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж заасантай нийцжээ.

4.8.Иймд Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.М******* 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Э*******ийн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар дүгнэлтийг хэрэгсэхгүй болголоо.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Э*******өөс Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.М******* 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР