| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0256/З |
| Дугаар | 128/ШШ2026/0580 |
| Огноо | 2026-06-05 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2026/0580
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Тайжууд овогт Ж******* Б******* /РД:8*******/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгохтой холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэргэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч Ж.Б*******аас Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох.
Хоёр. Маргааны үйл баримт, процессын түүхийн талаар:
2.2. Уг газрын анхны эзэмшигч Уран дууч хөндлөн овогтой Хы Ц 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нас барсан тул 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 353 дугаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатаар өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэл болгон 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн газрын албанд ...миний ээж Х овогтой Ц******* нэр дээрх Баянзүрх дүүргийн Төмөр замын 1*-** тоот хаягт байрлах 402 м.кв эзэмших эрхтэй газрыг өвөлж авах эрхийн дагуу хууль ёсны бүх баримтыг бүрдүүлсэн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгнө үү... гэх хүсэлтийг гаргасан.
2.3.Дээрх хүсэлт, түүнд хавсаргасан баримтыг хянан үзээд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн дагуу иргэн Тайжууд овогтой Ж******* Б******* Баянзүрх дүүргийн Төмөр замын 1*-** тоот хаягт байрлах 402 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн эрхийн гэрчилгээ олгосон байна.
2.4.Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/602 дугаар Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2015 оны 9 дүгээр хурлаас гарсан шийдвэрийн дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр ГХДТ-2014/2 багцын 26.3 га Б хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр Ж******* г******* групп ХХК-ийг шалгаруулсан батламж олгосон байх бөгөөд тус компанийн төсөл хэрэгжүүлэх гэж буй талбайд нэхэмжлэгч Б.Б*******ы эзэмшлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Төмөр замын 1*-** тоотод газар 402 м.кв газар хамрагдсан байна.
2.5.Гэвч Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4/61 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт Улаанбаатар төмөр зам ХНН-ийн эдэлбэр газрын тухай албан бичгээр чиглэл хүргүүлсэн.
2.6.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01-06/1932 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Чиглэл хүргүүлэх тухай албан бичгээр төмөр замыг зурвас газарт дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх боглосон иргэн, хуулийн этгээдийн судалгааг гаргаж ирүүлэхээр хүргүүлсний дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжаар ...газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй... гэх үндэслэлээр Ж.Б*******ы Баянзүрх дүүргийн Төмөр замын 1*-** тоот хаягт байрлах 402 м.кв газраа эзэмших эрхийн гэрчилгээ дуусгавар болгожээ.
2.7.Нэхэмжлэгчийн хувьд Ж******* г******* групп ХХК-ийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр ГХДТ-2014/2 багцын 26.3 га Б хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан өөрийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Төмөр замын 1*-** тоот хаягт байрлах 402 м.кв газрыг орон сууцаар солихоор гэрээ байгуулахаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* дамжуулан нэр бүхий иргэдтэй хамтран Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөр дамжуулж Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Орон сууц бодлогын газар тус тус гомдол гаргахад Нийслэлийн Орон сууц бодлогын газраас 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 3/913 дугаар албан бичгээр ...Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд амьдардаг иргэдээс гурван талт гэрээ байгуулаагүй, 2 талт гэрээ байгуулсан ч буцаан авсан талаар гомдол гаргасан байна. Иймд иргэдтэй уулзалт зохион байгуулж асуудлыг шийдвэрлэн албан бичгээр 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг Ж******* г******* групп ХХК-д мэдэгдсэн ч өнөөг болтол ямар нэг арга хэмжээ аваагүй байна.
2.8.Харин нэхэмжлэгчийн зүгээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамж гарснаар Ж******* г******* групп ХХК-аас газраа орон сууцаар солих байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг шаардах боломжгүй болсон тул уг захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор тус шүүхэд хандсан байх тул шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаартай захирамж илт хууль бус болох нь дараах үндэслэлээр тогтоогдоно. Үүнд:
1.Сонсох ажиллагаа явуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", 32 дугаар зүйлийн 32.1-т "Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно гэж тус тус хуульчилсан. Гэтэл эдгээр заалтуудыг зөрчиж захиргааны акт гаргаж нэхэмжлэгч тайлбар, санал гаргах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.
2.Захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг зөрчсөн. Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны дагуу тухайн байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа явагдаж, тухайн байршил дахь газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэдгийг дүүргийн Засаг дарга мэдэж байсан бөгөөд иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т "шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх;" гэх заалтыг зөрчсөн.
3.Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй. Захирамжийн захирамжлах хэсэгт иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх заалтуудыг үндэслэсэн боловч 45 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход хүргэсэн зөрчлийг захирамжийн 1 дэх заалтад дурдахдаа газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй хавсралтад дурдсан 45 (дөчин тав) иргэний 18967 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосугай" гэж тодорхой зааснаас үзвэл хариуцагч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон байна. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт Нийслэлээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил явагдахаар болж орон сууцжуулах болсон тул дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарч газрын иргэний ахуйн буй гэр бүлийн хэрэгцээний зориулалт нь дахин төлөвлөлтийн барилгажуулах зориулалттай болж өөрчлөгдсөн тул Маргаан бүхий газар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах сонгосон талбай болох нь одоо ч хүчин төгөлдөр хэвээрээ байгаа учраас нэхэмжлэгч эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь нэхэмжлэгчээс хамаарах шалтгаан биш бөгөөд Нийслэл болон төсөл хэрэгжүүлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барилгажуулах ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүй байхад Баянзүрх дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гаргах нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т хуульд үндэслэх. 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.5-д бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 60 дугаар зүйлийн 6.1.4-т шийдвэрийн заалт хооронд болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх гэх заалтуудыг зөрчсөн нь мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх үндэслэлтэй тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлалын үндэслэлдээ: Нэхэмжлэгч Ж.Б*******ы Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг ил хуль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргэж байна.
Тус маргаан бүхий газартай холбоотой "Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн Газар зохион байгуулалтын алба"-аас ирүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01-06/1932 дугаар "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичиг, мөн "Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам"-аас ирүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10/1612 дугаар Хамтран ажиллах тухай" албан бичиг тус тус ирүүлсэн билээ.
Албан бичигт Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын төмөр замын шугамыг тавих ба ашиглахын тулд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Зөвлөлтийн Засагт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрийн тавдугаар зүйлийн "б"-д ...төмөр замын бүх шугамын дагуу 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг Нийгэмлэгт хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлнэ..." гэж, "...дээр дурдсан зурвас газруудаас гадна техникийн байшин, барилга (үүний дотор цахилгаан станц, гидростанц) ба тэдгээрт туслах чанарын байруудыг босгох, түүнчлэн төмөр замыг барихад ба түүнийг цаашид ашиглах явдалд хэрэглэгдэх хэмжээний барилгын материал /үүний дотор мод/ бэлтгэхэд зориулагдах хэсэг газруудыг Нийгэмлэгт хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлнэ..." хэмээн тогтоож өгсөн байдлыг тодорхойлсон байдаг.
Мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газрын хэмжээ, хил зааг тогтоох асуудлыг шийдэгдтэл шинээр газар олгох асуудлыг зогсоох, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газарт газар олгосон нэгж талбаруудын судалгааг нягтлан газар эзэмших эрхийг хүчингүй болгох тус тус чиглэл өгсөн байдаг.
Тус чиглэлийн хүрээнд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн", "40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж заасан нөхцөл байдал тус тус тогтоогдсон нэгж талбаруудыг нягтлан хүчингүй болгосон.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжийн Ж.Б******* холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
4.2.Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ж******* г******* групп ХХК-ийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн Шинэ амьдрал төсөл хэрэгжүүлэх барилгажих талбайд хамаарч байсан учраас газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй нь нэхэмжлэгчээс хамаарах шалтгаан биш..., маргаан бүхий тушаал нь Сонсох ажиллагаа явуулаагүй, Захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг зөрчсөн, Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан илт хууль бус акт...гэж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн Газар зохион байгуулалтын алба"-аас ирүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01-06/1932 дугаар "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичиг, мөн "Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам"-аас ирүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10/1612 дугаар Хамтран ажиллах тухай",Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4/61 дугаар албан бичгийн хүрээнд газар зохион байгуулалтын албанаас нэгж талбарын талаар судлаад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон..., одоо энэ газар Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний газар болсон хэмээн тайлбарлан маргасан.
4.3.Дээрх тайлбартаа холбогдуулан хэрэгт авагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Б хэсэгчилсэн талбайн зураглалаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Б*******ы эзэмшиж байсан газар болох Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Төмөр замын 1*-** тоот хаягт байрлах 402 м.кв талбайд барилга, байшин баригдахаар төлөвлөлт хийгдсэн гэж тэмдэглэгдээгүй, иргэн Ж.Б*******тай Ж******* г******* групп ХХК-ийн хэрэгжүүлж буй Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр ГХДТ-2014/2 багцын 26.3 га, Б хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн Шинэ амьдрал төслийн хүрээнд орон сууц захиалгын гэрээ байгуулсан эсэхийг тодруулахад, Ж******* г******* групп ХХК-аас 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 155/26 дугаартай албан бичгээр хоёр болон гурван талт гэрээ байгуулаагүй гэх хариу ирүүлсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгчид "Ж******* г******* "ХХК-аас газраа орон сууцаар солихоор байгуулсан гэрээний үүргийн биелэлтээ шаардах эрх үүссэн гэх үйл баримт тогтоогдсонгүй.
4.4.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсан маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэл болох Үндэсний аюулгүй байдлын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4/61 дугаар албан бичигт ...төмөр замын зурвас газарт хууль бусаар газар олгосон шийдвэрийн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг дагуу хүчингүй болгох... , Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01-06/1932 дугаар албан бичигт ...төмөр замын зурвас газрыг зориулалтын бусаар эзэмших, ашиглах асуудал ихээр гарч байна, ...дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон иргэн, хуулийн этгээдийн судалгааг ирүүлэх чиглэл болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам"-2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10/1612 дугаар Хамтран ажиллах тухай" албан бичигт ...Төмөр замын зурвас газар нь төмөр замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагаа явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газар бөгөөд энэ хууль бус газар олголт нь хүний амь нас, эрүүл мэнд мөн тээврийн үйл ажиллагааны аюулгүй байдалд онц ноцтой үр дагавар авчрах эрсдэлийг бий болгоод байна..., 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10/137 албан бичгээр ...1331402897 нэгж талбар газар нь төмөр замын зурвас газрын гадна байна... гэж дурдсан атал хариуцагчаас маргаан бүхий актыг үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх агуулгаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлийг хувьд учир дутагдалтай болжээ.
4.5.Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасан нь захиргааны актыг гаргахдаа ямар ч хуулийн үндэслэлгүй эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гаргасан, мөн тухайн албан тушаалтанд уг асуудлаар шийдвэр гаргах эрх хэмжээ олгогдоогүй байхын зэрэгцээ өөр бусад эрх бүхий этгээдийн эрхэд халдсан шийдвэр гаргасан, алдаатай байхыг ойлгох тул шүүхээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжийн Ж.Б******* холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус акт гэж дүгнэх эрх зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
4.6.Харин шүүхээс дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхээс илүүтэй цаашид төрийн захиргааны байгууллага, албан тушаалтныг илүү хариуцлагатай, хуульд нийцсэн шийдвэр гаргахыг дадаж хэвшүүлэхээр хариуцагчид өөрийн гаргасан актын хууль зүйн үндэслэлийг эргэн хянуулах боломжийг олгох нь гэж үзсэн.
4.7.Учир нь хэргийн маргааны үйл баримт болон хэрэгт авагдсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр ГХДТ-2014/2 багцын 26.3 га Б хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэх гэж буйтай холбогдуулан маргаан бүхий газар нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21.1.1-д Засаг даргын өргөн мэдүүлсэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүрэг бүрийн хуваарьтайгаар хэлэлцэн батлах, 21.2-т Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21.2.2-т батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний эсхүл мөн зүйлийн 21.5-д Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, (2023-12-07-ны өдрийн өөрчлөлтөөс өмнөх зохицуулалт) 21.5.3-д энэ хуулийн 21.2.3-д зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж зааснаар дүүргийн Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхэд хамаарах эсэх.
4.8.Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2/1259 албан бичгээр ...иргэн Ж.Б******* Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны А/95 дугаар захирамжаар гэр, орон сууцны хашааны газар зориулалтаар эзэмших эрхээр олгосон газраа 2014-2022 он хүртэл ашиглаагүй үйл баримт, уг газар дээр шүүхээс үзлэг хийхэд маргаан бүхий актыг гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1."төмөр замын объект" гэж төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зурвас газар, суурь бүтэц, дагнасан хэрэглээний зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн болон бусад тоног төхөөрөмж, эд хөрөнгийг;3.1.11."төмөр замын зурвас газар" гэж төмөр замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газрыг;3.1.12."төмөр замын аюултай бүс" гэж галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг;3.1.13."төмөр замын аюулгүйн бүс" гэж төмөр зам дээр тохиолдож болох осол, сүйрлээс хуулийн этгээд, иргэнд учрах хохирлыг багасгах, аюулгүй нөхцөлийг хангах зориулалт бүхий газрыг; 6 дугаар зүйлийн 6.1.Төмөр замын зурвас газар нь төрийн өмч байна, 27.6.Төмөр замын зурвас газарт энэ хуулийн дагуу тогтоосон дэглэмд зааснаас бусад ажил, үйлчилгээ эрхлэхийг хориглоно... гэж заасан газарт хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж тус тус заасныг зөрчин газар эзэмших эрх олгосон байж болзошгүй байна.
4.9.Тиймээс тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.4,4.7,4.8-д дурдсан асуудлыг маргааны үйл баримттай харьцуулан дүгнэх, шаардлагатай гэж үзвэл маргаан бүхий газартай холбоотой Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлыг тогтоох тухай 19/23 дугаар тогтоолын дагуу батлагдсан зураг төсөл, барилгажуулах байршилд газарт хэн газар эзэмшүүлэх эрхтэй эсэх, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил болон хэмжээ, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх; 21.2.7.энэ хуулийн 21.2.4, 21.2.6-д заасан бүрэн эрхээ дүүргийн Засаг даргад шилжүүлэх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх эсэх асуудлыг энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байх; 4.1.2.газар төрийн хяналт, хамгаалалтад байх; төрөөс газрын талаар баримтлах зарчимд нийцүүлэн хүрээнд Нийслэлийн Засаг дарга, түүний хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанаас тодруулга авч, эргэлзээгүй байдлаас нь эцэслэн дүгнэн нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж буй асуудлаар дахин акт гаргах боломжтой, үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн гэж шүүх үзлээ.
4.10.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу иргэн Ж.Б*******аас Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, маргаан үйл баримтад хамаарах хууль зүйн үндэслэлээр дахин шинэ актыг 3 сар хүртэлх хугацаанд гаргахыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзэв.
4.11.Эцэст нь хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин акт гаргаагүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг дагуу маргаан бүхий актын холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б*******ы нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлыг сайтар судалж дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 (гурав) сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжийн Ж.Б******* холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР