| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2206022890837 |
| Дугаар | 2024/ДШМ/1170 |
| Огноо | 2024-10-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2024/ДШМ/1170
Э.***т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
яллагдагч Э.*** /цахимаар/, түүний өмгөөлөгч Э.Түвдэн,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 9 дүгээр сарын 18*******ны өдрийн 2024/ШЗ/2265 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Аззаяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Э.***т холбогдох эрүүгийн ***дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 16*******ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
*** овогт ***ын ***, Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамтаар *** дүүргийн 14 дүгээр хороо, ***тоотод оршин суух, урьд
Хан*******Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлыг арга хэмжээ авсан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26*******ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жил 1 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлыг арга хэмжээ авсан,
*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 6*******ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 16*******ны өдрийн 23 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаар сольж 2023 оны 6 дугаар сарын 12*******ны өдрийн 23/35 дугаартай тогтоолоор дуусгавар болсон,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27*******ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн /РД: ***/
Яллагдагч Э.*** нь 2022 оны 4 дүгээр сарын 14*******ний өдөр Үнэгүй.мн сайтад байрлуулсан "Приус*******40 зарна" гэх зарын дагуу машин худалдан авахаар холбогдсон М.***ийг "Нисэхээс нэг хүн үзнэ гэсэн, урьдчилгаа мөнгөө хийчих..." гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн *** дугаарын дансаар 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газар: Э.***ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, яллагдагч Э.***т урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Д.Аззаяа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 18*******ны өдөр яллагдагч Э.***ийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг хийж, Э.***ийн Баянгол, Баянзүрх дүүргүүдэд өөр залилангийн хэргүүд байгаа эсэх, хэрэв тийм бол нэмж нэгтгэн шалгах өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримтын нягталж тодруулах зэрэг ажиллагааг хийх шаардлагатай байх тул түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй" гэж дүгнэж, мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 18*******ны өдрийн 2265 дугаартай захирамжийг 2024 оны 9 дүгээр сарын 23*******ны өдөр хүлээн авч танилцаад, шүүгчийн захирамж нь үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Мөрдөн байцаалтын явцад Э.*** нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйлдсэн гэмт хэрэг байгаа гэж мэдүүлсний дагуу Баянгол дүүргийн Прокурорын газраас лавлагаа авахад 2024 оны 09 дүгээр сарын 16*******ны өдрийн 1/836 дугаартай албан бичгээр Э.***т холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын хэрэг байхгүй талаар хариу ирүүлсэн байдаг. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч дотроос гэмт хэрэг үйлдсэн байдал болон өөрийн гэм бурууг нотлох, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэггүй онцлог бүхий субъект болох яллагдагчийн мэдүүлэгт үндэслэн бусад баримтаар нотлогдоогүй асуудлаар хийсвэр дүгнэлт хийж хэргийг прокурорт буцааж байгаа хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Түүнчлэн шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтыг үнэлэхгүйгээр дан ганц яллагдагчийн мэдүүлгийг үндэслэн түүний үйлдсэн өөр гэмт хэрэг байгаа эсэхийг шалгаж ирүүл гэж хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6, 34.14 дүгээр зүйлүүдэд заасан анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокурорын яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд явагдах хуулийн заалтыг зөрчиж, хэрэг хянан хэлэлцэх хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн гэж үзнэ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно" гэж хуульчилсан байна. Гэтэл яллагдагч Э.***ийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн прокурорын тогтоол нь "Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай" тогтоол байх ба тухайн хэрэгт Э.***т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулсан талаарх баримт байхгүй байхад хуульд заагаагүй үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18*******ны өдрийн 2024/Ш3/2265 дугаартай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив...” гэжээ.
Прокурор Ц.Сайнхүү тус шүүх хуралдаанд гаргасан эсэргүүцэл, дүгнэлтдээ: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс яллагдагчийн мэдүүлэг, өмгөөлөгчийн гаргасан баримтад тулгуурлан Баянгол, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тухайн хэргийг нэгтгэж ирүүлэх талаар дурдаж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Яллагдагч Э.*** хаана, хэзээ, хэнийг, ямар байдлаар залилсан талаар мэдүүлэгтээ дурдах нь зүйтэй байтал “Баянгол дүүрэгт нэг хэрэг байгаа, шалгасан мөрдөгчийг нь мэдэхгүй” гэж мэдүүлсэн. Яллагдагч Э.***ийн өмгөөлөгчөөс яллагдагчаар татах мөрдөгчийн санал, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол, 01 дүгээр сард үйлдэгдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тогтоолыг гаргаж өгсөн. Эдгээр баримтуудаар яллагдагч Э.*** өөр гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа хийгдээгүй гэдэг үндэслэлээр яллахаас татгалзсан. Хэрэг шүүхэд шилжсэн үед тухайн яллагдагчийг татуулахгүй байх асуудал байдаг. Гэтэл энэ хэргийн хувьд 04 дүгээр сарын 09*******ний өдөр яллагдагчаар татсан. Баянгол дүүрэгт байгаа хэрэгт мөрдөгч 2024 оны 01 дүгээр сард яллагдагчаар татах санал гаргаж, прокурор 2024 оны 01 дүгээр сарын 25*******ны өдөр яллагдагчаар татахаас татгалзаж буцаасан. Үүнтэй холбоотойгоор прокурорын нэгдсэн системийг ашиглаж, Баянгол дүүргийн прокурорын газар руу “Э.***т холбогдох хэрэг байгаа эсэх талаар хариу ирүүлнэ үү“ гэсэн албан бичиг хүргүүлэхэд “Э.***т холбогдох хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг байхгүй” гэсэн албан бичиг ирсэн нь хэрэгт авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд зааснаар мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх асуудал яригддаг. Өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримтаар хэрэг бүртгэлтийн хэргийг хуульд заасан үндэслэлээр нэгтгэх боломжгүй. Прокурорын тухай хуульд зааснаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаа хэрэгт “Э.***ийг шалгаж, яллагдагчаар татаж ирүүл” гэх зохицуулалт байхгүй. Өөр дүүргийн прокурорын хяналтад байгаа хэрэгт хөндлөнгөөс оролцох боломжгүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 34.16 дугаар зүйлд заасны дагуу прокуророос яллах дүгнэлт дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх талаар зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах зохицуулалт яригдана. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг бүрэн хийж, яллагдагчаар татсан тохиолдолд нэгтгэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна...” гэв.
Яллагдагч Э.***ийн өмгөөлөгч Э.Түвдэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хавтаст хэргийн 73 дахь талд авагдсан Э.*** яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “надад ийм үйлдэл байгаа” гэж тодорхой, дэлгэрэнгүй мэдүүлсэн. Мөн хавтаст хэргийн 88 дахь талд мөрдөгчөөс Э.***ийг 2023 оны 3 дугаар сарын 10, 2023 оны 4 дүгээр сарын 13*******ны өдрүүдэд тус тус эрэн сурвалжлуулсан талаар баримт авагдсан. Өмгөөлөгчийн зүгээс Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоол болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан прокурорын тогтоол зэргийг хавсаргасан. Прокурор, мөрдөгчийн зүгээс оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Яллагдагч өөрөө гэм буруугаа хүлээх үүрэггүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.6 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн бол сайн дураараа илчилж болохоор заасан. Үүний дагуу мөрдөгч, прокурорын зүгээс Э.***т холбогдох хэрэг бусад дүүрэгт байгаа эсэхийг шалгаж тогтоох үүрэгтэй байсан боловч энэ талаар ажиллагаа хийгээгүй. Яллагдагч Э.*** нь 3 удаагийн залилах үйлдлийн үйлдэл тус бүрд ял шийтгүүлж байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулах тул өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах хүсэлт гаргаж, анхан шатны шүүх өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээж авсан. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцүүлж, хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийг прокурорт буцаасан тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Яллагдагч Э.*** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2022 оны 04 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд 3 залилах гэмт хэрэг үйлдсэн. 2022 оны 06 дугаар сараас хойш мөрдөгч, прокурор, шүүхийн шатанд хэргээ нэгтгүүлэх саналтай байсан. 2024 оны 01 дүгээр сарын 17*******ны өдөр хэрэг нэгтгүүлэх хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулсан. 2024 оны 04 дүгээр сарын 02*******ны өдөр давж заалдах шатны шүүхэд хэргээ нэгтгүүлэх саналтайгаар хандсан...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд яллагдагч Э.***т холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэрэг гарсан байдал, 1.3 дахь заалтад гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэж тус тус заасан.
Анхан шатны шүүхээс “…яллагдагч Э.***ийн Баянгол, Баянзүрх дүүргүүдэд өөр залилангийн үйлдлүүд байгаа эсэх, хэрэв байгаа бол нэмж, нэгтгэн шалгах, өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримтыг нягталж тодруулах зэрэг ажиллагааг хийх шаардлагатай...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байх бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
Хэрэгт яллагдагч Э.*** “…би нэг, хоёр удаа хүмүүсээс машин зарна, байшин зарна гэсэн утгатайгаар залилан хийсэн...” /хх 54/, “...надад энэнээс гадна дахин нэг үйлдэл байгаа, тэр хэрэг Баянгол дүүргийн Цагдаагийн 1*******р хэлтэс дээр байгаа. Мөрдөгчийн нэрийг мэдэхгүй. Тухайн хэргийг хамт нэгтгэж өгнө үү...” /хх*******73/ гэж удаа дараа мэдүүлсэн, мөн “...Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 25*******нй өдрийн 76 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай ирүүлсэн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр буцаах тухай тогтоол...” /хх148/, “…мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 18*******ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай санал...” /хх 150*******151/ зэрэг баримтууд авагдсан байна.
Өөрөөр хэлбэл яллагдагч Э.*** нь уг эрүүгийн хэргийг хэлэлцэж шийдвэрлэхээс өмнө, тэрээр тухайн зүйл, хэсэгт заасан өөр залилах гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн, энэ талаар шалгах ажиллагаа явагдаж байгаа эсэхийг нарийвчлан тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэх тул прокурорын эсэргүүцлийг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 13*******ны өдрийн 2024/ШЗ/2234 дугаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Аззаяагийн бичсэн “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 13*******ны өдрийн 2024/ШЗ/2234 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Аззаяагийн бичсэн 2024 оны 9 дүгээр сарын 30*******ны өдрийн 47 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ц.ОЧ