Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ20176/00027

 

“Хүдэрмөнх” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 1145 дугаар шийдвэр,         

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 178 дугаар магадлалтай,

“Хүдэрмөнх” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

“Хантүшиг Трейд” ХХК-д холбогдох,

Түрээсийн төлбөр, алданги 6.630.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч У.Цэцэгдарь, өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нарын  гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баасанхүү, өмгөөлөгч Ц.Байгалмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Цэцэгдарь, өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Хүдэрмөнх” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Есөн-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь “Хантүшиг трейд” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 26 м2 талбайг 520.000 төгрөгөөр түрээслэх 53/13 тоот түрээсийн гэрээ байгуулан 2016 оны 01 дүгээр сарын 31-нээр дуусгавар болгон өрөөг хүлээн авсан. 2015 оны 4 дүгээр сараас хойшхи түрээсийн төлбөрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-нд 520.000 төгрөгийг шилжүүлж үлдсэн төлбөрийг огт төлөөгүй. 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 29/15 тоот албан бичиг хүргүүлж 2015 оны 03 дугаар сарын 20-ны дотор түрээсийн төлбөрийг төлж дуусгахыг мэдэгдсэн. Үүнээс хойш төлөөгүй байсаар 2015 оны 06 дугаар сарын 19-ний 013 тоот албан бичигтээ 4, 5, 6 дугаар сарын түрээсийг 30-ны өдөр төлж барагдуулна гэсэн боловч төлөөгүй. Иймд 9 сарын түрээсийн төлбөр 4.680.000 төгрөг, үүнээс барьцаа 260.000 төгрөгийг хасч 4.420.000 төгрөг, түрээсийн гэрээнд заасны дагуу алданги 2.210.000 төгрөг нийт 6.630.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Хантүшиг Трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэгдарь шүүхэд гаргасан тайлбартаа: тус компани 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Турк улсаас эрчимжсэн фермийн бүх төрлийн тоног төхөөрөмжийг Монгол Улсад оруулж ирдэг. Бид 2013 оны 11 сараас эхлэн Улаанбаатар хот дахь “Хүдэрмөнх” ХХК-ийн ажлын байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2014 оны түрээсийг цаг хугацаанд нь төлж байсан. Харин 2015 онд Монгол Улсад нүүрлээд байгаа эдийн засгийн хямралаас үүдээд орлого бага байсан тул түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж барагдуулж чадаагүй. Бид 2015 оны 4 сараас эхлээд оффисын байрыг ашиглаагүй хэдий ч төлбөрийг боломжоороо төлсөөр ирсэн. Ажлын байрыг суллаж өгөх хүсэлтийг тавьсан ч төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй учраас гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн болно. Ажлын байрыг суллаж өгөх 2 дахь хүсэлтийн дагуу “Хүдэрмөнх” ХХК нь энэ оны 1-р сард ажлын байрыг хүлээн авсан. “Хүдэрмөнх” ХХК-д нийт 9 сарын төлбөр төлөх өртэй бөгөөд энэ нь 4.680.000 төгрөг болж байгаа юм. Бид оффисийг ашиглалгүй удсан учраас түрээсийн төлбөрийг алдангигүйгээр төлөх хүсэлтэй байна. Энэ дүнгээс барьцаа төлбөрт тушаасан 260.000 төгрөгийг суутгаад нийт 4.420.000 төгрөгийг бид 2-3 хувааж энэ оны 6 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төлж барагдуулах болно гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 1145 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Хантүшиг” ХХК-иас 6.630.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Хүдэрмөнх” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127.270 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хантүшиг” ХХК-иас 121.030 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 178 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 1145 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч У.Цэцэгдарь, өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 178 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Түрээсийн гэрээний хугацааг 2013-2014 оны 11 дүгээр сарыг дуусгавар болохоор заасан байна. Гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т, 9.4-т гэрээнд заасныхаа дагуу Хүдэрмөнх ХХК нь 2014.11.15-ны өдөр гэрээний хугацаа дуусахад Хантүшиг Трейд ХХК-д хугацаа сунгах тухай ямар нэгэн албан бичиг, мэдэгдэх хуудас гэрээнд өөрчлөлт оруулах талаар ямар ч бичиг баримт өгөөгүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас бүрэн харагдаж байна.

Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1, 318.3, 318.4-т заасан заалтуудыг зөрчсөн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д даасан “...Анзыи гэрээг бичгээр хийнэ...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байхад Давж заалдах шатны Иргэний хэргийн дүгнэлтэнд шүүх гэрээний 6.6 болон 5.2-т заасан заалтыг хэрэглэж, Иргэний хэргийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасантай нийцэж байна гэсэн нь үндэслэлгүй байна. Уг гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4-т заасан заалтуудыг шүүх анзаарахгүй орхигдуулснаас Иргэний хэргийн 318 дугаар зүйлийн 318.3. 318.4. мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүй орхигдуулж хуулийг буруу хэрэглэсэн гэж ойлгож байна.

Шүүх нь “Хантүшиг Трейд” ХХК-иас уг гэрээг сунгаагүй, хүчин төгөлдөр бус, гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх заалтуудыг зөрчсөн, мөн гэрээний 9.2, 9.4 дүгээр заалтуудыг зөрчсөн гэж Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо болон шүүх хурал дээр тайлбарласныг дүгнэлтэндээ тусгаагүй байна. Шүүх дүгнэлтэндээ “...талуудын хэн аль нь гэрээний хүчин төгөлдөр бус эсэх талаар маргаагүй болно...” гэснийг ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн...” гэж үзэж байна.

“Хүдэрмөнх” ХХК-ийн үндсэн төлбөр 4.420.000, алданги 2.210.000 төгрөг болох 6.630.000 төгрөгнөөс хариуцагч “Хантүшиг Трейд” ХХК нь гэрээгүйгээр төлсөн 2.860.000 төгрөг, барьцаа 260.000 төгрөгийг хасуулаад 780.000 төгрөг төлөх үндэслэлтэй байна.

Иймд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 178 дугаар магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хуульд нийцсэн дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч “Хүдэрмөнх” ХХК нь хариуцагч “Хантүшиг трейд” ХХК-с 6.630.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагын үндэслэлийг түрээсийн төлбөр, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн алданги гэж тодорхойлжээ. Хариуцагч алдангийг эс зөвшөөрсөн тайлбар гаргаж маргажээ.

Зохигчид 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь “Хүдэрмөнх” оффисын барилгын 5 давхрын 26 м.кв талбай бүхий 503 тоот өрөөг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад 1 жилийн хугацаагаар шилжүүлэх, хариуцагч сар бүр 520.000 төгрөг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх ба энэ талаарх шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Түрээслэгч төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтад нийцжээ.

Гэрээний хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 15-нд дууссан боловч хариуцагч түрээсийн байрыг үргэлжлүүлэн ашигласаар байсныг нэхэмжлэгч зөвшөөрсөн, энэ тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцохоор гэрээний 2.3-т заасан ба байрыг 2016 оны 1 дүгээр сарын 23-нд хүлээлгэн өгчээ.

Шүүх, түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал, түрээсийн төлбөр, алдангийн талаар хуульд нийцсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дүгээр зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй байна. 

Түрээсийн гэрээний зүйл нь бие даасан бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө бус харин түүний нэг хэсэг байх тул улсын бүртгэлд бүртгэгдэх, ийнхүү бүртгүүлээгүй гэрээ хүчин төгөлдөр бус байх тухай Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т заасан зохицуулалт тухайн харилцаанд хамааралгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Хариуцагч гэрээний зүйлийг ашигласан нь тогтоогдсон байх тул хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөх боломжгүй юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 1145 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 178 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч У.Цэцэгдарь, өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 108.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.       

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ