Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 406

 

“М т” ХХК-ийн гомдлын шаардлагатай,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө

газрын улсын байцаагч Т.Мөнгөнцэцэгт

холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                      Б.Мөнхтуяа

                                                      П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.Мөнгөнцэцэгийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005535 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0556 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 548 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Э,

Хариуцагч Т.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-Э,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0556 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн М т ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М-т холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн №0005535 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 548 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0556 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т Мөнгөнцэцэг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний /газрын тос, хий/ хяналтын улсын байцаагч А.Бямбадоржийн гаргасан 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дугаартай шинжилгээний дүгнэлт болон Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн сорилгын дүн зэрэгтэй огт танилцуулахгүй байсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 4 3 /зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах/-т заасан манай компанийн борлуулж буй шатахуун нь ямар стандартыг хэрхэн хангаагүй байгаа зэрэгтэй танилцах эрхийг илтэд хязгаарлаж, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр буюу шийтгэлийн хуудас бичих өдрөө итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхланд танилцуулсан нь дээрх хуульд заасан дахин шинжилгээ хийлгэх эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

4. Дээрх шинжээчийн дүгнэлтийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй. Манай компани ОХУ-ын “Роснефть” ХХК-аас шатахуунаа импортоор оруулж ирэн худалдаалдаг бөгөөд оруулж ирэх бүртээ “Роснефть” ХХК-ийн чанарын паспортын хамт авдаг, ингэхдээ Монгол Улсын гаалийн итгэмжлэгдсэн лабораторид шилжүүлж MNS 0217:2017 стандарт хангасан бүтээгдэхүүнийг хүлээж авч, худалдаанд гаргахдаа Зэвсэгт хүчний нэгдсэн лабораторид шинжилгээ хийлгэж, худалдаанд гаргадаг болно. “Роснефть” ХХК-ийн чанарын паспорт дээр маргенцийн агууламж байхгүй гэж тодорхойлогдсон байхад анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд нотлох баримтыг буруу үнэлж, нотлох баримтын хэмжээнд шинжлэн судлаагүй болно.

5. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0556 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 548 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих хуулиудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

7. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/12 дугаар Хяналт шалгалтын удирдамж, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/70 дугаар тушаалаар “...мэдээллийн хэрэгслээр хуурамч шатахуун болон чанарын шаардлага хангахгүй дизелийн түлшийг хэрэглэгчдэд борлуулж байна гэх мэдээллийн дагуу шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь ... хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх”-ийг шалгах зорилгоор тус газрын улсын ахлах байцаагч Ц.Л, улсын байцаагч Д.Д, Д.М нар “М т” ХХК-ийн Хан-уул дүүргийн ШТС-153 дугаар салбарт худалдан борлуулж байгаа Аи-92 автобензинээс дээж авч, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторид шинжлүүлсэн, тус лабораторийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн СШ 18/238 дугаар “Сорилт шинжилгээний үр дүнгийн хуудас”-т шинжлүүлэхээр өгсөн автобензин дэх марганецийн агууламж 0.8±0.01 мг/дм3 гэж тодорхойлсон, марганецийн агууламжийн хэмжээ нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017” стандартын шаардлагыг хангахгүй байна гэсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дугаар дүгнэлт гарчээ.

8. Итгэмжлэгдсэн лабораторийн сорилт шинжилгээний үр дүн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт зэргээр зөрчил нотлогдсон гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.Мөнгөнцэцэг нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005535 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасныг үндэслэн “М т” ХХК-ийг 9,000,000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн, зөрчилд холбогдогч “М т” ХХК нь “... дээж авахдаа ямар саванд авсан, уг сав нь гадны бохирдолгүй, зориулалтын лабораторийн сав мөн эсэх, яаж дээж авсан, мэргэжлийн лаборант хүн байсан эсэх нь тодорхойгүй, сорилын дүн, шинжилгээний дүгнэлттэй танилцуулаагүй, шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлгүй” гэх зэргээр маргасан байна.

9. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 55 дугаар зүйлд хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүнээс шинжилгээнд дээж авах асуудлыг зохицуулсны дотор 55.3-т “Улсын байцаагч холбогдох журмын дагуу дээж авч тухайн дээжийн бүрэн бүтэн байдал, ариун чанар, хадгалалт болон тээвэрлэлт, температурын горимыг хангана. Дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журмыг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан, Монгол Улсын Шадар сайдын 2011 оны 19 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар “Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах,тээвэрлэхтэй холбогдсон журам”-ыг баталж мөрдүүлсэн байна.

10. Уг журмын 3.3-т “..., үйлчилгээ, худалдааны газарт ... хадгалж, борлуулж байгаа бүтээгдэхүүнээс дээж, .../-ийн/ шинжилгээг холбогдох стандарт /-ын/ дагуу авна”, 3.4-т “... дээж авахад ... улсын байцаагч акт үйлдэнэ”, 3.5-д “... актыг 3 хувь үйлдэж, шалгуулагч этгээдээр актад гарын үсэг зурж баталгаажуулан ...”, 3.8-д “улсын байцаагч шинжилгээнд авсан дээжийн ариун чанар, бүрэн бүтэн байдлыг хариуцах бөгөөд хадгалалт болон тээвэрлэлт, температурын горимыг баримтална”, 3.9-д “улсын байцаагч дээжийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйгээр лабораторид хүргэхдээ дээж өгсөн тэмдэглэлийг 2 хувь үйлдэн,...1 хувийг дээжийн хамт хүлээлгэн өгнө”, 4.1-д “шинжилгээнд авсан бүтээгдэхүүний дээжийг хадгалах сав,... нь дээжийн чанарт нөлөөлөл үзүүлэхгүй материалаар хийгдсэн, зориулалтын болон эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан байна” гэж тус тус журамлажээ.

11. Түүнчлэн, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 55 зүйлийн 55.4-т зааснаар “шалгуулагч этгээд дээж авах явцад байлцаж санал, гомдол гаргах эрхтэй” ба дээрх “Журам”-ын 3.7-д “шалгуулагч этгээд дээж авах явцтай холбогдуулан мэргэжлийн хяналтын дээд шатны байгууллага, албан тушаалтанд ажлын 5 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй” гэж тусгайлан заасан байна.

12. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, дээж авах ажиллагаанд ШТС-153 дугаар салбарын эрхлэгч Д.Эрдэнэчимэг байлцаж, “Бүтээгдэхүүнээс дээж авах акт”-д гарын үсэг зурж баталгаажуулсан, улсын байцаагч нар нь Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт болгож тус газраас авсан бөгөөд дээж авах зориулалтын 1 литрийн шилэн лонхонд /шинэ/ уг дээжийг савлаж авсан, савыг таглан битүүмжилж, тусгайлан дугаарласан код бүхий лацыг нааж дээж авсан 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрөө Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторид шинжлүүлэхээр өгөхдөө бүрэн бүтэн байдлын талаар тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан, дээжийг тус лабораторийн химич инженер Л.Отгонжаргал хүлээн авч, шинжилгээ хийсэн ба шинжилгээний үр дүнг ахлах инженер хянаж СШ18/238 дугаартай “Сорил шинжилгээний үр дүнгийн хуудас”-т гарын үсэг зурж баталгаажуулсан нь тогтоогдсон, дээж авах явцтай холбогдуулан шалгуулагчаас тухайн үед ямар нэгэн санал гомдол гаргаагүй, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

13. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.Мөнгөнцэцэг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоол үйлдэж, 11 дүгээр сарын 23-ны өдөр зөрчилд холбогдогч “М т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Г.Энхжавхланг тогтоож, түүнд эрх, үүргийг нь танилцуулан, мэдүүлэг авсан, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дууссаныг мэдэгдэж, зөрчлийн хэргийн материалтай танилцуулах үед зөрчилд холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  шинжээчийн дүгнэлттэй танилцсаны зэрэгцээ уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан зэрэг нь тогтоогдсон байна.

14. Харин, зөрчилд холбогдогчийн “дахин шинжилгээ хийлгэх тухай” хүсэлтийг улсын байцаагчаас шийдвэрлээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1-д “оролцогч зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлтийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтанд гаргаж болно”, 3-т “эрх бүхий албан тушаалтан ... хүсэлтийг хангах үндэслэл тодорхой бол даруй, шалгах шаардлагатай бол түүнийг хүсэлт гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор хүсэлтийг хангах эсхүл татгалзах шийдвэрийг гаргахаар заасанд нийцэхгүй ч “Газрын тосны бүтээгдэхүүн.Дээж авах арга MNS 0218:2008” стандартын 7 дугаар зүйлийн 7.2, 7.7-т заасны дагуу “маргаан таслах зорилгоор хадгалагдсан дээжийн хадгалалтын хугацаа дууссан”-аар устгагдсан, “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017” стандартын 9 дүгээр зүйлийн 9.1-д “... тухайн бүтээгдэхүүний чанарын талаар санал зөрсөн тохиолдолд бензиний дээжийг ...дахин авч шинжилнэ” гэснийг улсын байцаагчаас хэрэгжүүлэх нь анх авсан дээжид хийсэн шинжилгээний үр дүнгээр “зөрчил” тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэх, “маргаан”-ыг таслах хэмжээнд үнэлэгдэхгүй юм.

15. Иймд, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайханы хяналтын журмаар гаргасан “... шинжилгээний дүгнэлт болон лабораторийн сорилтын дүн зэрэгтэй огт танилцуулаагүй, дахин шинжилгээ хийлгэх эрхийг илтэд хязгаарласан” гэх гомдлыг хангах боломжгүй.

16. Эдгээр үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “М т”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0556 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 548 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагч “М т” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ