Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 06

 

Д.Юндэндоржид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                     Хэргийн индекс 155/2016/0109/Э

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг  шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Ц.Туяа, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 Прокурор: Б.Болд,

 Ялтан: Д.Юндэндорж,

 Ялтны өмгөөлөгч: Г.Баярдаваа,

 Нарийн   бичгийн   дарга:  С. Дэмбэрэлсамбуу  нарыг оролцуулан

 Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016  оны 06 дугаар сарын 02-ны  өдрийн 114  дүгээр шийтгэх тогтоолтой Д.Юндэндоржид холбогдох 201622000095  дугаартай эрүүгийн хэргийг ялтан Д.Юндэндоржийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны  06 дугаар сарын 16-ны  өдөр хүлээн авч шүүгч  Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1953 оны  02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 63 настай, эрэгтэй, Цагаан-Уул овогт Доржсүрэнгийн Юндэндорж нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт гэртээ хүргэн Б.Баянмөнхтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний хэвлий тус газар  хутгалж, хэвлий  рүү нэвтэрсэн шарх бүхий гэмтэл учруулан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2016  оны 06 дугаар сарын 02-ны  өдрийн 114  дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Цагаан-Уул Доржсүрэнгийн Юндэндоржийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгчид  оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн 201622000095 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт нь 24 см, ажлын хэсэг нь 12 см урттай хүрэн бор өнгийн модон материалаар хийгдсэн бариултай хутга 1 ширхэгийг устгахыг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгаж, шүүгдэгч Д.Юндэндоржид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Ялтан Д.Юндэндорж давж заалдах гомдолдоо: “...миний бие санаатайгаар хохирогч Баянмөнхөд гэмтэл учруулаагүй, өөрийн биеэ хамгаалах, Баянмөнхийг айлгах өөрөөсөө холдуулах зорилгоор хутга гаргасан бөгөөд Баянмөнх нь үүнийг харалгүйгээр биеэ татаж чадалгүй хутгалуулсан. Надад Баянмөнхийг гэмтээх, хутгалах ямар нэгэн санаа байгаагүй тул надад тохирох зүйлээр хөнгөн ял оногдуулж өгнө үү”  гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан шаардлагыг хангаагүй байна.

Ялтан Д.Юндэндоржийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг шинжлэн судлахад:

 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Б.Баянмөнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж,  “бүгдийг чинь ална” гэж агсам тавих үед Д.Юндэндорж нь Б.Баянмөнхийн хэвлий тус газар  хутгалж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулжээ.

Энэ нь: -Гэрч Г.Ням-Эрдэнийн “...Баянмөнх эхнэр рүүгээ уурлаад Нямааг чи  яасан юм бэ гээд байснаа, над руу хараад үнэнээ хэлээч пизда минь гэснээ эргэж хараад миний толгой руу хоёр удаа цохичихсон. ...Гэрт ороод Баянмөнх бүгдийг чинь алнаа пиздаанууд минь гээд хашгирахаар нь би шууд гэрээс гараад явсан. Гэрт Баянмөнх эхнэртэйгээ орилоод үлдсэн, намайг гарснаас хойш эхнэр нь аллаа гээд орилоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/,

-Гэрч И.Төртогтохын “...харахад Юндэндорж гуай бас хүргэн нь нэлээд согтуу байгаа бололтой байцгаасан, хүргэн нь болохоор хашааных нь хаалгыг өшиглөж онгойлгоод цаашаа эхнэр, хүүхэдтэйгээ орсон. ...Юндэндорж болохоор манай хашааны үүдэнд: охиныг минь зодох гээд байна, манай хүргэн жаахан согтуу ирсэн ална тална гээд байх юм гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/,

-Д.Юндэндоржийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Баянмөнх гэрийн зүүн талын орны урд эхнэрээ газар унагаачихсан зодож байснаа намайг хараад салаад чамайг ч гэсэн ална гээд над руу гүйгээд ирэхээр нь би эргэнэг дээр байсан хутга аваад зүүн тал руу нь хатгачих шиг болсон.”, “ ...намайг гэртээ орсон чинь хүргэн чамайг газар дээр чинь нам алнаа гээд гүйгээд ирэхээр нь эргэнэг дээр ил харагдаж байсан хутгыг аваад өөдөөс нь барьтал миний барьж байсан хутганд ирээд орчихсон, надад алах, хутгалах гэсэн санаа зорилго байгаагүй. ...Би хэрэг болохын өмнө нь цагдаа дуудаад өгөөч гэж урд талынхаа хашааны хүнд хэлсэн. Тэр хүн мэдэж байгаа.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-50-р хуудас/, шинжээчийн  130 тоот дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Д.Юндэндорж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулахад гэр бүлийн  орчин дахь архидалт, хадам эцэг, гэр бүлээ хүндлэх хүндлэл, ёс зүйгүй хохирогч Б.Баянмөнхийн хууль бус  үйлдэл нөлөөлжээ.

Д.Юндэндоржийн үйлдэл нь  өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон хийгдсэн үйлдэл байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйл болгон өөрчлөх нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Д.Юндэндорж нь 63 настай,  4 хүүхдийн хамт амьдардаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран хамгаалдаг  өрх толгойлсон эцэг болох нь багийн засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн тайлбараар нотлогдож байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2016  оны 06 дугаар сарын 02-ны  өдрийн 114  дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “1. Шүүгдэгч Цагаан-уул овогт Доржсүрэнгийн Юндэндоржийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж, 2 дахь заалтыг “2. Шүүгдэгч Д.Юндэндоржийг Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,  3 дахь заалтыг “3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Юндэндоржид оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Д.Юндэндоржид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.” гэсэн 4 дэх заалт нэмсүгэй.

в/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5, 6, 7 дахь заалтын дугаарыг 5, 6, 7, 8  болгон өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Ялтан Д.Юндэндоржийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1-д зааснаар Д.Юндэндоржийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

5. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАЯРХҮҮ

 

                               ШҮҮГЧИД                                                    Ц.ТУЯА

  

                                                                       Б.СОСОРБАРАМ