Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2018/0244

 

“Ч” сургууль, цэцэрлэгийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Д, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Г.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0023 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор, “Ч” сургууль, цэцэрлэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0023 дугаар шийдвэрээр: Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ч” сургууль, цэцэрлэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зарим нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсээс “Ч” сургууль, цэцэрлэгийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны хувьсах зардлыг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, мөн хугацааны хувьсах зардлыг олгохыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Төрийн сангийн хэлтэст даалгаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э давж заалдах гомдолдоо: “...“Ч” сургуулийн цэцэрлэг нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/703, А/704 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах талаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д ”Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй бөгөөд дүүргийн Засаг дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нар нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/703, А/704 дүгээр захирамжийг хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд дээд шатны Засаг даргын гаргасан шийдвэрийг зөрчих эрх зүйн зохицуулалтгүй, үндэслэлгүй болно.

 “Ч” сургууль, цэцэрлэгийн “Сургалтын үйл ажиллагааг зогсоох тухай” мэргэжлийн хяналтын байгууллагуудын дүгнэлт гарч, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/703, А/704 дүгээр захирамжаар үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн учир Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заалтад “Төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно” гэснийг үндэслэн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд хувьсах зардал олгох асуудлыг зогсоож, Засгийн газрын 2012 оны 205 дугаар тогтоолын 3.1 дэх заалтад “Төсвийн тухай хуулийн 7 зүйлийн 7.7, 44 дүгээр зүйлийн 44.6-г үндэслэн төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн дансны зарцуулаагүй үлдэгдлийг, Улсын төсвийн байгууллагын үлдэгдлийг Төв төрийн сангийн улсын төсвийн дансанд оны сүүлчийн ажлын өдрийн банк хоорондын сүлжээгээр хамгийн сүүлийн орлого татсаны дараа төрийн сангууд шууд татан төвлөрүүлнэ” гэж заасны дагуу үлдэгдлийг Төрийн санд төвлөрүүлж дансыг тэглэсэн болно.

Иймд дансны үлдэгдэл хураагдсан тул нөхөн олгох боломжгүй нөхцөл бололцоо байхгүй.

 “Ч” сургууль цэцэрлэгийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/703, А/704 дүгээр “Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” захирамж хүчин төгөлдөр, үйл ажиллагааг сэргээгдээгүй тул хувьсах зардал олгох асуудлыг үргэлжлүүлэн зогсоосон бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 2016 оны Төсөвт тодотгол хийгдээгүй, Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан үндэслэлээр зохицуулалтыг хийхэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын газраас 2016 оны төсөвт батлагдаж ирээгүй болно.

Иймд 2016 оны төсөвт “Ч” сургууль цэцэрлэгийн санхүүжилтийг нөхөн олгох боломжгүй, нөхцөл бололцоо байхгүй.

 Захиргааны хэргийн анхан шатны шүүх дүгнэхдээ Нийслэлийн Боловсролын газрын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/356 дугаар албан бичгээр “2016 оны төсөвт төсвийн тодотгол хийгдэх талаар чиглэл ирээгүй байгаа тул хувьсах зардлын асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа ч Засгийн газрын 2012 оны 94 дүгээр тогтоолын 2 дахь заалтын дагуу хүүхдийн тооны гүйцэтгэлээр санхүүжүүлэх ажлыг орон нутагтаа зохион байгуулж, төсвийн багцад зохицуулалт хийж, шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн нь “Ч” сургууль, цэцэрлэгийн санхүүжилтийг олгох боломжтой мэтээр үндэслэсэн нь үндэслэлгүй байна.

Нийслэлийн Боловсролын газрын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/356 дугаар албан бичгээр “Санхүүгийн жил нь тухай оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болдог тул өмнөх оны хувьсах зардлыг нөхөж олгох талаар хууль эрх зүйн үндэслэлгүй байна” гэж тодорхой бичигдсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, “Ч” сургууль цэцэрлэгийн 2015 оны 04 дүгээр сараас 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хувьсах зардлыг нөхөж олгох нь хууль, эрх зүйн үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн байна.

Энэ нь Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заалтад “Төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно” гэж заасан, Төсвийн тухай хуулийн 7.7, 44.6-г үндэслэн төсвийн жил дуусахад төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн дансны зарцуулаагүй үлдэгдлийг, Улсын төсвийн байгууллагын үлдэгдлийг Төв төрийн сангийн услын төсвийн дансанд оны сүүлчийн ажлын өдрийн банк хоорондын сүлжээгээр хамгийн сүүлийн орлого татсаны дараа төрийн сангууд шууд татан төвлөрүүлнэ” гэж тус тус заасны дагуу “Ч” сургууль цэцэрлэгийн хувьсах зардлын санхүүжилтийг буцаан төвлөрүүлсэн байдаг.

 Захиргааны хэргийн анхан шатны шүүх дүгнэхдээ дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 4/256 дугаар албан бичгээр “үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн эрх сэргээгдсэн үед цогцолбор сургууль, цэцэрлэгийн 2016 оны төсвийг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх болно” гэсэн нь Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заалтад “Төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно” гэж заасныг үндэслэн хэрэв “Ч” сургууль, цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл сэргээгдсэн үед буюу 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших зардлыг Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу төсвийн тодотголыг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх тухай албан бичиг болохоос ямар нэгэн байдлаар 2015 оны 09 сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн санхүүжилт олгох талаар тусгагдаагүй болно. Үүнийг захиргааны хэргийн анхан шатны шүүх санхүүжилтийг олгох боломжтой мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

  Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу шийдвэрийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 “Ч” сургууль, цэцэрлэг нь:

1/ Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/704, А/703 дугаар захирамжуудын “Ч” сургууль, цэцэрлэгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

2/ Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Санхүү, Төрийн сангийн хэлтэст холбогдуулан а/ “Ч” сургууль, цэцэрлэгийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны хувьсах зардлыг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, б/ олгохыг даалгах

3/ Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Б.Д, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.Б нарт холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Сургалтын үйл ажиллагааг зогсоох тухай” 31-09-336/86 дугаар актыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Анхан шатны шүүх “Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсээс “Ч” сургууль, цэцэрлэгийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны хувьсах зардлыг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, мөн хугацааны хувьсах зардлыг олгохыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Төрийн сангийн хэлтэст даалгаж” харин үлдэх Нийслэлийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүхэд зөвхөн хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-с гомдол гаргасан бөгөөд тус шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах” гэж заасны дагуу хариуцагчаас гаргасан гомдлын хүрээнд шийдвэрийг хянав.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “Засгийн газрын 2012 оны 205 дугаар тогтоолын 3.1-д заалтад “Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 44 дүгээр зүйлийн 44.6-г үндэслэн төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн дансны зарцуулаагүй үлдэгдлийг, Улсын төсвийн байгууллагын үлдэгдлийг Төв төрийн сангийн улсын төсвийн дансанд оны сүүлчийн ажлын өдрийн банк хоорондын сүлжээгээр хамгийн сүүлийн орлого татсаны дараа төрийн сангууд шууд татан төвлөрүүлнэ” гэж заасны дагуу үлдэгдлийг Төрийн санд төвлөрүүлж дансыг тэглэсэн болно” гэсэн үндэслэлийг дурдаж маргаж байна. 

Анхан шатны шүүхийн шийдвэр, тус шүүхийн магадлал нь “тухайн үед жилийн эцэс болоод татагдсан мөнгийг яг тэр хэвээр нь буцаагаад авч ирээд нэхэмжлэгчид олго” гэсэн утга агуулгагүй юм. Харин “Ч” сургууль, цэцэрлэгийн дурдсан хугацааны хувьсах зардлыг бодит гүйцэтгэлээр нь тооцож олгохыг л даалгаж шийдвэрлэсэн болно.

Нөгөө талаар хариуцагч Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байсан тул энэ хугацааны хувьсах зардлыг олгох үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Тодруулбал: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/703, А/704 дүгээр захирамжийг хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд дээд шатны Засаг даргын гаргасан шийдвэрийг зөрчих эрх зүйн зохицуулалтгүй, үндэслэлгүй болно” гэж давж заалдах гомдолдоо дурджээ.

Гэвч анхан шатны шүүх “Нийслэлийн Засаг даргаас “Ч” сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх, тухайн сургууль, цэцэрлэгт суралцаж байгаа суралцагчдыг суралцах эрхийг хэрхэн хангах асуудлыг хянан үзэлгүйгээр “Ч” сургууль, цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр буюу шинэ хичээлийн жил эхлэх үед сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.7-д  ”түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэсэн захиргааны акт илт хууль бус байх шинжийг агуулсан байна” гэж дүгнэсэн байгааг анхаарах шаардлагатай. 

Өөрөөр хэлбэл, анхнаасаа Нийслэлийн Засаг даргын захирамж илт хууль бус байсан талаар анхан шатны шүүх үнэлж дүгнэсэн байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын зүгээс давж заалдах гомдол гаргаагүй, шүүхийн хийсэн дүгнэлт, шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байна. Илт хууль бус акт нь анхнаасаа эрх зүйн үр дагавар үүсгэх ёсгүй, гарсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус байх тул анхан шатны шүүх хувьсах зардал олгохоор шийдвэрлэж байгаа нь  үндэслэлтэй байна.

Харин “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/703, А/704 дүгээр захирамжуудын “Ч” сургууль, цэцэрлэгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг бус, харин тухайн үеийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийг баримтлан үнэлэлт өгөх нь оновчтой байжээ. Гэхдээ энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийнхээ Тогтоох хэсэгт Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн нэрийг буруу бичсэн, хэрэгсэхгүй болгож буй нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой бичээгүй байх тул шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтад зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0023 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 заалтыг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4,  Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ч” сургууль, цэцэрлэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсээс “Ч” сургууль, цэцэрлэгийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны хувьсах зардлыг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, мөн хугацааны хувьсах зардлыг олгохыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Төрийн сангийн хэлтэст даалгаж, үлдэх “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/703, А/704 дүгээр захирамжуудын “Ч” сургууль, цэцэрлэгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Б.Д, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.Б нарын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Сургалтын үйл ажиллагааг зогсоох тухай” 31-09-336/86 дугаар актыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                             Ц.САЙХАНТУЯА

                               ШҮҮГЧ                                                             Э.ЗОРИГТБААТАР