| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 1902000000217 |
| Дугаар | 2025/ДШМ/39 |
| Огноо | 2025-01-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.3.2.2., 17.3.3.1., |
| Улсын яллагч | С.Болорзул, О.Даваахүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/39
2025 01 02 2025/ДШМ/39
А.П, Д.С, П.Э,
П.Э, Б.А, Д.С
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Болорзул, О.Даваахүү,
хохирогч Ч.Л,
шүүгдэгч А.П, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,
шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, З.Хүрэлсүх,
шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч Г.Тамир,
шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн,
шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч С.Чинзориг,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж, ерөнхий шүүгч Н.Одонтуул, шүүгч Э.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/1028 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.П, шүүгдэгч Д.С, шүүгдэгч Д.С, Д.С нарын өмгөөлөгч Б.Батцэнгэл, шүүгдэгч Д.С-н өмгөөлөгч Г.Батбаяр, З.Хүрэлсүх нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.П, Д.С, П.Э, П.Э, Б.А, Д.С нарт холбогдох 1902 00000 0217 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. М овгийн А-ны П, ......оны ... дугаар сарын ..-ны өдөр ......... төрсөн, .. настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ........ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ............ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ............/,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 659/а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар өөрт оногдох эд хөрөнгөөс нь 300.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг хурааж, 8 жил хорих ялаар шийтгэж, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 659/а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 11 хоногийн заримыг нь буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сар хорих ял оногдуулж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 10 жил хорих ялаар тогтоож, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 769 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хорих ялаар тогтоож шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 163 дугаартай магадлалаар 2 жилийн хорих ял болгон өөрчлөлт оруулсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 769 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 9 сарын хугацаагаар тогтоосон,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;
2. Б овгийн Д-н С, .... оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч .................... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:......./;
3. Т овгийн П-н Э, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........... төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ........ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хүүхдүүдийн хамт ................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ....................... тоотод түр оршин суудаг, /РД: ................./,
2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 612 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан;
4. Х овгийн П-н Э, .... оны ... дүгээр сарын ..-ны өдөр ............. төрсөн, .. настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, .... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт ........... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ....../;
5. Ө овгийн Б-н А, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........ төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ........../,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан;
6. М овгийн Д-н С, ... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ............ суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, “Н т” ХХК-д бичил уурхайн захирал ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт ................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ..................... тоотод түр оршин суух, /РД: ............./,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 83 дугаар магадлалаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 396 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан;
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, А.П-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, П.Э, Б.А-д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, П.Э, Д.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.С-г бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, шүүгдэгч А.П-г бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд, шүүгдэгч П.Э, Б.А нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд, шүүгдэгч П.Э, Д.С нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.С-д 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.П-д 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Э-д 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.А-д 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр, шүүгдэгч Д.С-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-н цагдан хоригдсон 187 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх төгрөгөөр буюу 2.805.000 төгрөгөөр тооцон, торгох ялаас хасаж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээг 17.195.000 төгрөгөөр, шүүгдэгч Д.С, П.Э нарын цагдан хоригдсон 22 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх төгрөгөөр буюу 330.000 төгрөгөөр тооцон, торгох ялаас хасаж, шүүгдэгч Д.С-д оногдуулсан торгох ялын хэмжээг 270.000 төгрөгөөр, шүүгдэгч П.Э-д оногдуулсан торгох ялын хэмжээг 470.000 төгрөгөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 17.195.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх, шүүгдэгч Д.С оногдуулсан 270.000 төгрөгөөр, шүүгдэгч П.Э оногдуулсан 470.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд болон шүүхээс тогтоосон хугацаанд тус тус биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.А, Д.С, П.Э нарт мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.С-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял, А.П-д оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, П.Э-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.С-н цагдан хоригдсон 1351 хоног, А.П-н цагдан хоригдсон 81 хоног, П.Э-ны цагдан хоригдсон 128 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.А, П.Э, Д.С нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Д.С, А.П, П.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-с 11.250.000 төгрөг гаргуулан хохирогч О.Д-д олгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны дансанд байршуулсан 28.925.000 төгрөгөөс нэр бүхий хохирогчид тус тус олгож, хохирогч Б.О, Э.Х нар нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч А.П-с, хохирогч нар нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.С-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20.000 төгрөгийн дэвсгэрт, 5.000 төгрөгийн дэвсгэрт 18 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 7 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг нийт 331.070 төгрөгийг улсын төсөвт шилжүүлж, “Дөрвөн улирлын хүлэмж” нэртэй төсөл 3 хавтас тус бүр 41 хуудастай, 140 хуудас бүхий цэнхэр өнгийн хавтас дотор банкны шилжүүлгийн баримт 14 ширхэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ 1 ширхэг, “Дөрвөн улирлын хүлэмжийн бизнес төсөл” гэх материал 13 хуудас, Монголын Э Х ны дүрэм гэх хуулбар 16 хуудас, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл гэх материал 6 хуудас, Монголын Э Х батлан даалт гэх бичиг 1 хуудас, анкет 100 ширхэг, хоосон анкет, маягт, сим картны үүр 5 ширхэг, нотариатаар хийсэн итгэмжлэл 1 ширхэг, Төрийн банкны виза карт 1 ширхэг, Монголын Э Х ны тамга 1 ширхэг, “Нуурын тагт” нөхөрлөл гэсэн тамга 1 ширхэг, баримтууд нийт 50 ширхэг, Монголын Э Х санхүү тамга 1 ширхэг, эхний 2, 3, 4 дүгээр хуудас болон 113 дугаар хуудасны ард талд гараар бичигдсэн 118 хуудастай ногоон өнгийн дэвтэр 1 ширхэг, ногоон өнгийн флаш 1 ширхэгийг тус тус устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хоёрдугаар тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч К.Чулуунбаатарын 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 55-69 УНУ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-80” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хэргийн байдал нь 14 хохирогчтой, нийт хохирол 735.470.000 төгрөг. Би энэ хохирлыг Д.С-тай 1 үйлдэлтэй, Б.А-тай хамтарсан 8 үйлдэлтэй, “Э Х ” ТББ-ын тэргүүн Д.С-тэй 1 үйлдэлтэй. Миний бие өөрийн хийсэн буруу үйлдэл дээр гэм буруугаа хүлээж дахин шоронд орохгүй гэж мэрийж хохирол төлбөрийг барагдуулахаар маш ихээр чармайн аль болох хохирогчдоосоо уучлалт гуйж, авсан мөнгөнөөс нь бага ч гэсэн нэмж зарим хохирогч нарын хохирлыг барагдуулж байгаад 2024 оны 09 сарын 02-ны өдөр цагдан хоригдсон. Бодит хохирлын тооцоог 735.470.000 төгрөг гэсэн прокурорын хохирлын тооцоогоор хохирлоо төлж эхэлсэн. Уг хохирлуудыг би өөрөө ганцаараа төлсөн. Цагдан хоригдсоны улмаас үлдэгдэл хохирлыг төлж дуусаагүй, харин хамтарч хэрэг үйлдсэн хохирогч болох хүмүүсийг өөрөө авчирч танилцуулан өгсөн мөнгөнөөс нь адилхан авч хэрэглэдэг Б.А нь үлдэгдэл хохирлыг өөрөөр нь төлүүлэх саналтай байна. Учир нь, Б.А нь хамтарч хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй, олон хүүхэдтэй гэж шалтаг хэлж хүнээр өрөвдүүлэн өрийн авсан мөнгөө төлөхгүй хүний гараар могой бариулж алдаан дээр минь дөрөөлж ашигласан үйлдэл болгонд хамаатай юм. Б.А-н хохирлын тооцоог прокурор 379.768.440 гэж гаргасан байдаг. Тэрээр сая хурал дээр зөвхөн өөрийнхөө үйлдлүүдийн хохирлыг барагдуулсан. Харин надтай хамтарсан үйлдлээр нэг ч хохирол төлөөгүй байхад хохирол төлбөргүй гэж үзэн, торгох ял оногдуулсанд гомдолтой байна. Хохирлыг дахин бодоход зөрүүтэй байсан. Би дангаараа 735.470.000 төгрөгийн хохирол учруулаагүй, Б.А 379.768.440 төгрөг хуваасан. Гэтэл 415.000.000 төгрөгийн хохирол би төлөх ёстой байтал цагдан хоригдохоосоо өмнө 533.300.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Нийт 14 үйлдлийн хохирлын тооцоо 688.656.800 төгрөг болж байна. Үүнээс 533.300.000 төгрөгийг би ганцаараа төлж барагдуулсан. Төлбөрөө авсан хохирогч нарын баримт болон гомдол өр төлбөргүй гэсэн баримтуудыг авч хэрэгт хавсаргасан. ... Шүүх хамтран оролцсон үйлдэл, хохирол төлбөрөө хэд хэдийг төлсөн, эсвэл ганцаараа төлсөн үү, үгүй юу гэдгийг авч хэлэлцэхгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Хэргийн холбогдогч Д.С гэм буруугаа хүлээгээгүй, яллах дүгнэлтээ аваагүй. Тэгсэн мөртлөө хүмүүсийг өөрийн бодол хүслээр дайрч доромжлон, гүтгэж өөрөө адилхан хэрэг хийж, захирал нь оюуны хөдөлмөрөө зардаг том хүн болж бусдыг уруу татаж хэрэг хийгээд өнөөдөр гэмгүй болж байгааг нь харлаа. Энэ хүнд маш их гомдолтой байна, энэ үйлдлийг дахин шалгуулж, үнэн худлаагаа дахин шалгуулмаар байна. Анхан шатны шүүх 2 шүүгдэгчийг яаж хохирлоо төлсөн, хуваасан, аль эсвэл дангаараа төлсөн эсэхийг судлаагүй. Мөн прокурор нь намайг 735.470.000 төгрөг, Б.А-г 379.768.440 төгрөгийн хохирол учруулсан гэсэн. Бид хоёрын тус тусдаа гаргасан тооцоогоор 1.105.248.440 төгрөгийн хохирол гаргаад байгаа юм. Бид хоёрын хамтарч хийсэн хохирол тэрбум хүрэхгүй. Б.А дээр 379.768.440 төгрөгийн хохирол гарсан болохоор нь 735.470.000 төгрөгийг бид хоёрыг хуваасан байх гэж би тухайн үед бодож байтал шүүх хуралдаанд намайг 735.470.000, Б.А-г 379.768.440 төгрөгийн хохиролтой гэж уншихад маш их гайхсан. Уг нь 735.470.000 төгрөгийн үйлдлийг тус тусад нь хуваахад Д.С, Д.С хоёрт хүртэл тус тусын хохирлууд хуваагдах байсан. ... Төлбөр төлсөн хохирогчийн нэр, төлсөн мөнгөний жагсаалтыг гаргаж байна.
Б.А-тай хамтарсан үйлдлүүд, Баянмөнх 110.000.000 төлсөн, Гульдарь 147.700.000, Ч.Лхагвадорж 90.000.000 төгрөг, Энхбат 43.850.000 төгрөг, Есүй 26.300.000 төгрөг /500.000 төгрөг нэмж авсан/, Соёлмаа 15.800.000 төгрөг, Батдэлгэр 10.800.000 төгрөг, Энх 12.000.000, ... Д.Лхагвадорж 97.000.000 төгрөгийг 106.000.000 болгон 6 сая илүү төлсөн. “Э Х ” ТББ 7.000.000 төгрөг төлсөн, Халиун 34.420.000 төгрөг, Оюун 35.500.000 төгрөг, Тулгаболд 55.000.000 төгрөг, нийт 688.656.800 төгрөг төлснөөс ганцаараа 533.300.000 төгрөг төлсөн. Прокурорын тооцоогоор үзвэл дахиад тавиад сая төгрөгийн зөрүү гарч байна. Хохирлоо бүрэн барагдуулаад дуусвал торгох ялтай гарчих юм байна, бас Б.А төлөхгүй гэдгийг мэдээд гээд би төлөхөө илэрхийлээд хуралд орсон. Одоогийн тооцоогоор бид хоёрт 344.000.000 төгрөг хуваагдаж байна. Иймд би ганцаараа болон үргэлжилсэн үйлдлээр 14 хохирогчийн 735.470.000 төгрөг биш харин 688.656.800 төгрөгийн хохирлын тооцоо гарч байна. ... Би ганцаараа хийсэн үйлдэл бараг байхгүй, 4 үйлдэл нь ганцаараа байдаг. ... Хохирлын тооцооны зөрүүг сайтар шалгаж өгөхийг хүсэж байна. Бас хохирлыг тус бүрт нь бодит байдлаар гаргуулмаар байна. Энэ байдлыг нь сайн судалж үзээгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. ... Миний хувьд 5 удаагийн шийтгэлтэй, сүүлийн 2 шийтгэл дээр хохирлыг бүрэн төлж барагдуулж орсон ч хорих ялаар шийтгүүлсэн. ... Би одоо 57 настай, дотоод шүүрлийн эмчийн хяналтад байдаг. Эм эмчилгээ тасарсан тул биеийн байдал муу байна. Хохирлын тооцоог дахин гаргуулж бодит хохирлыг гаргуулмаар байгаа тул гомдлыг барагдуулж, шалгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. А.П бол мэргэжлийн залилагч. Би санамсаргүй энэ гэмт хэрэгт холбогдсон. Иймд надад холбогдох хэргийг хэргийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.С, Д.С нарын өмгөөлөгч Б.Батцэнгэл тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний үйлчлүүлэгч Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн хорих, Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг тус тус эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:
Нэг: Д.С нь Б.А-н танилцуулснаар А.П-г “Оюун-Эрдэнэ буюу Оюунаа” гэдэг нэрээр мэддэг байсан бөгөөд А.П нь Монгол банкнаас гарч ирдэг байсан, мөн Монгол банкны эмблем бүхий тэмдэг зүүдэг байсан тул Монгол банкинд ажилладаг гэж итгэсэн байдаг. Ингэж төөрөгдсөний улмаас А.П, Б.А нарын хийж байгаа үйлдлийг хууль ёсны үйл ажиллагаа гэж ойлгон өөрийн нэр дээр байдаг “Монголын Э Х ” гэх ТББ-аараа дамжуулан хамтран ажилласан. Гэтэл Дархан-Уул аймгийн цагдаа нар ирж тэднийг зочид буудлаас баривчлах үед Оюунаа буюу Оюун-Эрдэнийг А.П гэдэг болохыг мэдсэн. Ингээд тухайн болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн боловч мэдүүлэг солигдсон, одоо хэрэгт байгаа мэдүүлэг дээрх гарын үсэг нь миний гарын үсэг биш байна гэж маргасан боловч түүнээс гарын үсгийн шинжилгээ аваагүй, түүний гомдлыг нэр төдий шалгаад хаасан. Д.С нь бүх ажиллагаа хууль ёсны дагуу гэж итгэж байсан тул Улаанбаатар хотоос машин түрээслэх гэрээ, Дархан-Уул аймагт зочид буудлын өрөө захиалгын бүртгэл, төслийн талаарх баримтууд, мөнгө авсан дансны дугаар, гүйлгээ хийсэн шилжүүлгийн баримтууд гэх мэт бүхий л бичиг баримтуудыг Д.С өөрийн нэрээр, өөрийн гарын үсгээр хийсэн. Хэрэв үйлдэл дээрээ баригдаагүй тохиолдолд бүхий л баримтан дээрх нэр, гарын үсгээрээ Д.С-д дангаар нь тохох санаа зорилготой байсан болох нь харагдаж байна. Д.С-н дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан. Тэгвэл Д.Сэлэнгийг А.П, Б.А нартай санаатай нэгдэж үйлдсэн гэж үзэхийн тулд 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шалгуур шинжүүд байгаа эсэхийг нягтлах ёстой. ... Гэтэл энэ талаар ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй бөгөөд гаргасан гомдлынх нь дагуу гарын үсгийн шинжилгээ ч хийгээгүй. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтад Д.С-н хууль ёсны дагуу эзэмшдэг хуулийн этгээдүүдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, санхүүгийн тамга, банкны гүйлгээ хийсэн баримтууд зэргийг устгахаар заасан нь үндэслэлгүй байна. ... Д.С-н хувьд гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй гэж үзэх үндэслэлтэй тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр гэм буруугүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, устгахаар заасан эд мөрийн баримтуудыг Д.С-д олгож өгнө үү.
Хоёр: Д.С-н талаар. Гэм буруугийн шүүх хуралдаанаар Д.С-г бусдад төлөх өр төлбөргүй гэж үзэн шийдвэрлэсэн атлаа Эрүүгийн хариуцлагын хуралдаанаар хохирогч О.Дуламсүрэнд 11.250.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байна гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Шүүгдэгч А.П нь хохирол төлөх 5 хоногийн завсарлага авсан байх хугацаанд тус дүүргийн шүүхэд хохирогч О.Дуламсүрэнгээс гэх и-мэйл ирсэн байх бөгөөд уг и-мэйлд хохирол төлөгдөөгүй талаар тусгагдсан байдаг. Уг өргөдөл дээрх гарын үсэг нь мэдүүлэг дээрх гарын үсэгтэй тохирохгүй байхад хохирол төлөгдөөгүй гэж үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Харин О.Дуламсүрэнгийн хохирол төлөгдсөн гэж үзэхэд эргэлзээ үүссэн тохиолдолд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь дурдаад, Д.С-н эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой байсан. Хохирогч О.Дуламсүрэнд анх 30.000.000 төгрөгийн хохирол учруулснаас Д.С нь 12.100.000 төгрөгийг төлсөн боловч О.Дуламсүрэнгийн өмнө нь өгсөн 7.500.000 төгрөг авсан гэсэн мэдүүлгийг үндэслэн 4.600.000 төгрөгийн хохирлыг хасаагүй байна. Визний гэх тодотголтой нэр бүхий 10 хохирогч нь Д.С-тай тохиролцон хохирлоо бүрэн авсан талаарх баримт үйлдэж өгсөн атлаа шүүхээс залгаж тодруулахад үлдсэн хохирлоо авах сонирхлоо илэрхийлсэн тул шүүхээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна. Нэгэнт Д.С-г бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзсэн, үүний дараа ирсэн и-мэйл дээрх гарын үсэг нь хохирогч О.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг дээрх гарын үсэгтэй зөрүүтэй, түүнд агуулагдсан мэдээлэл нь гүтгэлгийн шинжтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлд заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулах боломжтой байсан. Иймд Д.Сд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Д.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёртой тэнцэх хэмжээний ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Д.С-н өмгөөлөгч Д.Батбаяр, З.Хүрэлсүх нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй хэмээн давж заалдах гомдол гаргалаа. Учир нь: Анхан шатны шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.С-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-н хүсэлтээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэхээр завсарласан ажлын тав хоногийн хугацаанд хохирогч О.Дуламсүрэнгээс ирүүлсэн хүсэлт, нэр бүхий 10 хохирогчоос ирүүлсэн тайлбар гэх баримтад үндэслэн эрүүгийн хариуцлагын асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаар хохирлын асуудлыг дахин давтан шийдвэрлэж Д.С-г бусдад төлбөртэй, нэр бүхий хохирогч нар иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэнд гомдолтой. Шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл, журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлах ёстой атал хавтаст хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй, шүүх хуралдааны оролцогчдын мэдээгүй “шүүхэд ирүүлсэн хүсэлт, тайлбар” гэх баримт сэлтэд үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг давтан шийдвэрлэснийг хянуулахыг хүснэ. Шүүхийн энэхүү шийдвэр, үйл ажиллагаа нь шүүгдэгч Д.С-н хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлд маргаагүй, хохирлоо бүрэн төлсөн байдлыг харгалзан хэрэглэж болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн энэрэнгүй ёсны хэм хэмжээг үл хэрэглэх нөхцөл байдлыг шууд үүсгэж, эрх зүйн байдалд нь нөлөөлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Д.С-д холбогдох гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой 8, 9 дэх заалтуудыг хуульд нийцсэн эсэхийг хянуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, эсхүл мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулахыг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна. ...” гэжээ.
Шүүгдэгч А.П-н өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт маргах зүйлгүй. Хохирол 16.000.000 төгрөгөөр зөрж байна. Миний үйлчлүүлэгчийг 730.479.000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс 576.709.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Үлдэгдэл нэр бүхий 4 хүний 158.770.000 төгрөгийн хохирлыг төлөх ёстой талаар шийтгэх тогтоолд заасан. Энэ талаар маргаагүй. Хохирогч Ч.Лхагвадорж надтай уулзаж байсан. Гэхдээ би түүнийг “анхан шатны шүүх хуралдаанд битгий оролцоорой” гэсэн шаардлага тавиагүй. Яагаад Ч.Лхагвадорж анхан шатны шүүх хуралдаан ороогүй гэвэл А.П, Ч.Лхагвадорж нар олон жил хамтран амьдарсан. Хохирогч Ч.Лхагвадоржийн хохирлыг бүрэн төлсөн талаар А.П ярьдаг. Мөн Ч.Лхагвадоржийн ахуйн хэрэгцээ, бүх зүйлийг залгуулдаг байсан. Энэ мөнгийг хамтран хэрэглэсэн хүн бол Ч.Лхагвадорж гэдэг. ...Миний үйлчлүүлэгч А.П нь 576.709.000 төгрөгийн хохирлыг төлсөн баримт хэрэгт байгаа. Тэрээр учруулсан хохирлын 80 гаруй хувийг төлсөн. Түүний эрүүл мэндийн байдал хүнд, нойр булчирхайн хорт хавдартай гэдэг нь оношлогдсон. Мөн чихрийн шижингийн 3 дугаар зэрэгтэй. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах саналыг гаргаж байна. ...” гэв.
Шүүгдэгч Д.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би бага насны хүүхэдтэй, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, мөн сүүлийн 5 жил гэмт хэрэгт холбогдоогүй. Иймд надад хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.С-н өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч З.Хүрэлсүхтэй хамтран гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Д.С анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, гэм буруугийн талаар маргахгүй. ... Хэргийн материалаас харахад Д.С-тай холбоотой материал бүрэн хуулбарлагдаж ирээгүй. 2017 оны үйлдэл дээр 1 жилийн хорих ял оногдуулсан бөгөөд уг үйлдэл хэрэгсэхгүй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.С-н өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Д.С дангаараа 7 үйлдэлд холбогддог бөгөөд 126.551.000 төгрөгийг хохиролтой гэж буруутгагдаж байгаа. Хэргийн зарим холбогдогч нар хэргээ тусгаарлуулж шийдвэрлүүлсэн. 941.953.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн эсэх асуудлыг хэлэлцсэн. Үүнээс дутсан 11.254.000 төгрөгийн асуудлаас болж Д.С-д ашигтайгаар шийдвэрлэж чадаагүй. Дээрх хохирол төлсөн баримтыг эх хувиар нь давж заалдах шатны шүүхэд гарган өгч байна. Д.С нь 2020 оноос хойш 5 жилийн хугацаанд огт гэмт хэрэгт холбогдоогүйг шүүх анхаарч үзнэ үү. ...” гэв.
Шүүгдэгч П.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн талаар маргахгүй. ...” гэв.
Шүүгдэгч П.Э-ны өмгөөлөгч Г.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. Анхнаасаа гэм буруу дээрээ маргаагүй. ...” гэв.
Шүүгдэгч П.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй тул гомдолтой холбоотой тайлбар байхгүй. ...” гэв.
Шүүгдэгч П.Э- н өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирлоо төлөхөө илэрхийлсэн. Тусгайлан гаргах санал байхгүй. ...” гэв.
Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... А.П намайг 700.000.000 төгрөгөөс 50 хувийг надаас гаргуулахаар гомдол гаргасан байна. А.П-н холбоотой хүмүүсээс хохирогч Ч.Л, Гу, Ба гэх 3 хүнийг мэднэ. Баянмөнхийн хохирлыг А.П Э, Э нарын хохирлыг арматурын төмрөөр төлсөн. Тэр арматурыг миний бие барилгын компаниас авч 233.980.000 төгрөгийн хохирлыг төлсөн. С гэх хүнээс 160.000.000 төгрөгийн плита авч хохирогч Гульдарийн хохиролд тооцож өгсөн. Миний бие хохирлыг бүрэн төлсөн гэж үзэж байгаа. ...” гэв.
Шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч Б.Батсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч А.П гомдолдоо шүүгдэгч Б.А-тай 8 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн, бүлэглэсэн үйлдлийнхээ хохирлыг Б.А төлөөгүй гэх агуулгатай гомдол гаргасан байна. Хохирогч Г-т хохирлоо бараа, бүтээгдэхүүнээр буюу плитагаар нөхөн төлсөн. Уг плитаг авсан 160.000.000 төгрөгийг Б.А төлсөн. Хохирогч Б-д 112.000.000 төгрөгийн хохирлыг Б.А нь өөр хүнтэй гэрээ хийж арматур авч уг хохирлыг төлж барагдуулсан. ...” гэв.
Шүүгдэгч Д.С-н өмгөөлөгч С.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Д.С нь гэм буруугийн талаар маргадаг. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хэргийг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй хэт өрөөсгөл байдлаар дүгнэлт гаргасан. Санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолж чадаагүй. Миний үйлчлүүлэгчийг бусадтай бүлэглэж, Наранцэцэг, Одхүү гэх хоёр хохирогчийг залилсан гэж үзсэн. Одхүү гэдэг хүнтэй огт уулзаж байгаагүй. Ямар нэгэн байдлаар итгэл үнэмшил төрүүлж төөрөгдөлд оруулсан үйл явдал огт болоогүй. Ямар учиртай төсөл болохыг сонирхож очсон. Одхүү “энэ төслийг дэмжиж оролцъё, аль дансанд мөнгө хийх вэ” гэхээр нь Д.С-н Төрийн бус байгууллагын дансаар шилжүүлсэн. Тэр мөнгөө Б.А цуг явж байгаад банкнаас гаргуулж өөрөө авсан. Үүнийг Д.Сэлэнгийг санаатай үйлдсэн, үйлдлээрээ нэгдсэн гэж үзэх боломжгүй, шалтгаант холбоо байхгүй. ... Наранцэцэг гэх хүний үйлдэл дээр арай өөр байгаа. Өөрийн найз Орхонтуяатай холбогдоод Чулуунцэцэг гэх хүнийг дагуулж ирэхэд Чулуунцэцэг нь Наранцэцэгийнхээ эгч, дүү нь болж таарсан. Наранцэцэг гэх хүнтэй уулзаагүй байж байгаад төслийг тайлбарласнаас Чулуунцэцэг итгэл үнэмшлээрээ 3.500.000 төгрөг шилүүлсэн. ... Д.Сэлэнгийг ганц буруутгаж байгаа зүйл нь А.П, Б.А нарын мэдүүлэг юм. Хохирогч нарын мэдүүлэгт “Д.С гэх хүнийг танихгүй” гэдэг. Энэ хэрэгт нотлогдвол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй. Д.С-н хувьд А.П-г “Монгол банкинд ажилладаг, хүмүүст тусалдаг хүн” гэж ойлгосон. Гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй. Иймд Д.С-н үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. Мөн байгууллагын тамга тэмдэг, хувийн эд зүйлсийг хурааж авсныг шийтгэх тогтоол дээр устгахаар заасан. Гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй тул буцааж олгохоор шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ч.Лхагвадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч А.П-д өмнө нь 90.000.000 төгрөг өгөөд залилуулсан. Сая дээр нь нэмээд 2 өрөө байр өгөхөөр тохиролцоод гэрээ хийгээд буцааж авч чадаагүй. Энэ талаарх нотлох баримт байна. А.П-н гуйлтаар хохирол төлбөр төлсөн гэж бичсэн. Өмгөөлөгч С.Оюунцэцэг намайг “шүүх хуралд оролцоод хэрэггүй” гэхээр нь анхан шатны шүүх хуралд ороогүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. ...” гэв.
Прокурор С.Болорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч А.П нь нийт 14 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2017-2020 оны хооронд шүүгдэгч Д.С-тай 1 удаа, Б.А-тай 3 удаа, дангаараа 8 удаа, Д.С, Б.А нартай 12 удаагийн үйлдлээр бусдад 735.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Хэргийн оролцогч болон яллагдагч нарт яллах дүгнэлтийг гардуулахдаа хохирлын тооцоог нэхэмжлэгч бүртэй уулзаж, гарын үсэг зуруулж тооцоо нийлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд А.П-с хохирлын тооцоотой маргасан асуудал байхгүй. ... Прокурорын зүгээс 6 шүүгдэгчид дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Хэрэв дарамт, шахалт үзүүлсэн бол гомдол гаргах боломжтой. Шүүгдэгч Д.С хохирол төлбөрөө төлсөн. Хэргийн хохирогч Ду нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Тамгын газрын цахим хаягаар “Д.С-с хохирол нэг ч төгрөг аваагүй, гомдолтой” гэсэн утга агуулга бүхий хүсэлтийг шүүхэд ирүүлсэн. Мөн хохирогч О, Цэ, Да, О-зул, Дэ, Га, На, Да нараас “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх агуулга бүхий хүсэлтийг бичиж өгснийг шүүгдэгч Д.С-н өмгөөлөгч шүүхэд гаргаж, шүүх хохирлыг төлсөн гэж дүгнэсэн боловч хурал завсарласан хугацаанд дээрх хохирогч нар “хохирлоо дутуу авсан, үлдэгдэл мөнгөө нэхэмжилж байна” гэсэн тайлбарыг шүүхэд тус тус гаргасан. Хохирогч нарын хохирсон эрхийг сэргээх зорилгын хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг явуулсан гэж үзэж байна. ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Прокурор О.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурор С.Болорзулын дүгнэлтийг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан байх ба шүүхийн шийдвэр нь тухайн бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад хуульчилжээ.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал”-ын талаарх дүгнэлтийг, 2.2 дахь заалт “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр” зэргийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт тусгахаар, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт тусгахаар тус тус заасан ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байна.
Тодруулбал, шүүгдэгч тус бүр нь дангаараа болон бусадтай бүлэглэн хэдэн үйлдлийн улмаас хэдэн хохирогчид нийт хэчнээн хэмжээний хохирол учруулсан, уг хохирол нь ямар шинжээрээ тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар нэгдсэн дүгнэлт хийлгүй орхигдуулсны гадна шүүгдэгч нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн байхад тус бүрийн үйлдэл, хамтран оролцооны хэлбэрийг тодорхойлон дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.
Мөн шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Б.А-г А.П-тай бүлэглэн хохирогч Э.Х, Б.О нарыг залилсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй /35 хх 147/ гэж дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт уг үйлдлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.
Үүнээс гадна, нэр бүхий хохирогч нарын “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтүүд нь үнэн зөв эсэх нь тодорхойгүй, хохирогч нарын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэх нь эргэлзээтэйн гадна хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн барагдуулсан эсэхээс шалтгаалж ял шийтгэлийг хөнгөрүүлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой болно.
Дээрх зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч А.П, Д.С, П.Э, нарт авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч П.Э, Б.А, Д.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/1028 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч А.П, Д.С, П.Э нарт авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч П.Э, Б.А, Д.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ М.АЛДАР