| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0479/З |
| Дугаар | 128/ШШ2026/0584 |
| Огноо | 2026-06-08 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2026/0584
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Боржигон овогт Д*******гийн А******* /РД:ТЗ********/,
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Дт холбогдох 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0****** дугаар шийтгэл оногдуулсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн Ц.Эрдэнэсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1.Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Дийн 0****** дугаартай Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгуулах.
Хоёр.Маргааны үйл баримт, процессын түүхийн тухай:
2.1.Гомдол гаргагч Д.А******* нь /Facebook/ нүүр номын цахим орчинд 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б******* Т******* ХХК-ийн төслийг сэргээнэ гэх утга агуулгатай мэдээллийг өөрийн хувийн хаяг болох A******* D******* гэх /Facebook/ нүүр номын цахим хуудсан оруулсан байна.
2.2.Гомдол гаргагч нь 47 мянган дагагчтай A******* D******* гэх /Facebook/ нүүр номын цахим хуудсанд 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б******* т******* ХХК нь 50 тэрбум төгрөгийн үнэлгээтэй тоног төхөөрөмжөө үнэлээд нийт хувьцааны 10 хувиа санал болгож байна. Нийт 5 тэрбум төгрөг босгоно, жилийн 15 хувийн өгөөжтэй, давуу эрхийн хувьцаа, 3 жилийн дараа энгийн хувьцаа руу шилжих сонголттой гэх СЗХ/26-12 дугаартай мэдээллийн дагуу 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гомдол гаргагч Д.А*******т холбогдох зөрчлийн 2601****** дугаартай хэргийг нээжээ.
2.3.Гомдол гаргагч Д.А******* нь Б******* т******* ХХК-ийн давуу эрхийн хувьцааг жилийн 15 хувийн өгөөжтэй, 3 жилийн хугацаатай, энгийн хувьцаа руу шилжих сонголттой 5 тэрбум төгрөг босгоно гэх зар сурталчилгааг /Facebook/ нүүр номын цахим орчинд 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ойролцоогоор 47 мянган дагагчтай A******* D******* /Facebook/ нүүр номын цахим хуудсанд байршуулсан байна гэх СЗХ/26-12 дугаартай мэдээлэлтэй танилцаад Б******* т******* ХХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-т Засгийн газраас гаргасан үнэт цааснаас бусад нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлээгүй, эсхүл Хороо уг бүртгэлд бүртгэхээс татгалзсан үнэт цаасыг нийтэд танилцуулах, зар сурталчилгаа явуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож, дээрх асуудлаар мэдүүлэг, тайлбар өгнө үү гэж мэдэгдэхэд Д.А******* нь хууль ёсны төлөөлөгчөө томилж, мэдээлэл байршуулсан талаар тайлбар өгнө гэсэн байна.
2.4.Гомдол гаргагч Д.А******* нь Б******* т******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Багамонгол овогтой Зд Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан эрх болох зөрчлийн хэрэгтэй танилцах, тайлбар мэдүүлэг өгөх, гомдол, хүсэлт гаргах, төлөөлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, ажиллагаатай холбогдох баримт бичигт гарын үсэг зурах, танилцах, баримт бичгийг хүлээлгэн өгөх, өмгөөлөгч авах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгожээ.
2.5.Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д нь гомдол гаргагч Д.А*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З******* 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус тус мэдүүлэг авсан.
2.6.Б******* т******* ХХК нь A******* D******* /Facebook/ нүүр номын цахим хаягаараа дамжуулан 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 50 тэрбум төгрөгийн үнэлгээтэй тоног төхөөрөмжөө үнэлээд нийт хувьцааны 10 хувиа санал болгож байна. Нийт 5 тэрбум төгрөг босгоно, жилийн 15 хувийн өгөөжтэй, давуу эрхийн хувьцаа, 3 жилийн дараа энгийн хувьцааг гаргах мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээсэн байна. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10-т Нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлээгүй болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг нийтэд санал болгохыг хориглоно гэж заасныг зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна гэх Прокурорын зөвшөөрөл авах тухай саналыг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тус тус гаргасан байна.
2.7.Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д нь 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гомдол гаргагч Д.А*******ын 99***** дугаар утсаар холбогдон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З******* A******* D******* гэх /Facebook/ нүүр номын цахим хаягтай холбоотой тайлбар мэдүүлэг авахад хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл байх тул тодруулга тайлбарыг бүрэн гүйцэт өгч чадахгүй байна өөрийн биеэр ирж тайлбар мэдүүлэг өгөх боломжтой эсэх талаар тодруулжээ.
2.8.Улмаар иргэн Д.А*******ыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10-д заасныг зөрчсөн гэж үзэн 11.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0***** дугаар шийтгэлийн хуудсаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэл оногдуулжээ.
2.9.Гомдол гаргагч Д.А******* нь 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0****** дугаар шийтгэлийн хуудсыг үндэслэлгүй гэж үзсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байна.
2.10.Тус шүүхийн шүүгч 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШЗ2026/3597 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав.Хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар:
3.1. Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэлдээ: гомдол гаргагч Д.А******* нь /Facebook/ нүүр номын цахим орчинд 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б******* т******* ХХК-ийн төслийг сэргээн гэх утга агуулгатай мэдээллийг өөрийн хувийн хаяг болох A******* D******* /Facebook/ нүүр номын цахим хуудсаар оруулсан.
Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн С.Д /цааших хариуцагч/ гэх нь иргэн өөрийн хувийн хаягт мэдээлэл оруулсан үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж ажиллагаа явуулсан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхтэй хэдий ч Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн С.Д нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчилд шийтгэл оногдуулахдаа дараах илт хууль бус шийдвэрийг гаргасан Б******* т******* ХХК давуу эрхийн хувьцааг жилийн 15 хувийн өгөөжтэй, 3 жилийн хугацаатай 5 тэрбум төгрөг босгон гэх мэдээллийг A******* D******* гэх /Facebook/ нүүр номын цахим хуудсаар олон нийтэд мэдээлсэн нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /цаашид ҮЦЗЗ-ын хууль гэх/ -ийн 11 дүгээр зүйлийн 11.10-д заасныг зөрчсөн байж болзошгүй асуудлыг шалгаад иргэн Д.А******* /ТЗ7*******/ нь ҮЦЗЗ-ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10 дахь хэсгийг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэн Д.А*******ын үйлдсэн Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг нийтэд санал болгосон зөрчилд зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заалтад хэсэгт заасныг дагуу 3000 нэгжээр буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр шийтгэл оногдуулсан.
Хариуцагчаас 0****** дугаар шийтгэлийн хуудсаар зөрчилд шийтгэл оногдуулж иргэн Д.А*******ыг 3.000.000 төгрөгөөр торгосон шийдвэр нь илт хууль бус юм.
Тодруулбал:
Б******* т******* ХХК нь Компанийн тухай хуульд заасны дагуу 2021 онд үүсгэн байгуулагдсан хязгаарлагдмал хариуцлагатай компани юм.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль хамаарахгүй гэж заасан.
Иргэн Д.А******* нь өөрийн эзэмшлийн хувьцааны тодорхой хувийг хөрөнгө оруулагчид санал болгох төлөвлөгөөгөө өөрийн хувийн сошиал хаягаар танилцуулсан. Энэ нь Үндсэн хуулиар иргэнд олгогдсон эрх юм.
Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд хамаарахгүй гэдгийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд хоёрдмол утгагүйгээр хуульчилж өгсөн.
Иймд Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн С.Дийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: ...47 мянган дагагчтай A******* D******* гэх /Facebook/ нүүр номын цахим хуудсан 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б******* т******* ХХК нь 50 тэрбум төгрөгийн үнэлгээтэй тоног төхөөрөмжөө үнэлээд нийт хувьцааны 10 хувиа санал болгож байна. Нийт 5 тэрбум төгрөг босгоно, жилийн 15 хувийн өгөөжтэй, давуу эрхийн хувьцаа, 3 жилийн дараа энгийн хувьцаа руу шилжих сонголттой гэх мэдээллийг /post/ байршуулсан байна. Мөн уг мэдээлэл нь 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 104 лайк, 22 комменттой байх бөгөөд мэдээллийн коммент хэсэгт A******* D******* /Facebook/ нүүр номын цахим хаягаас МИ80*********** Хаан банк, эхний хүмүүс шууд данс асууж байдаг шүү гэж бичээд доор нь комментын хариулт хэсэгт үйлдвэрт нийт 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн гэж тус тус мэдээллийг олон нийтэд цахим хэлбэрээр хүргэсэн байдаг.
Дээрх мэдээллийн дагуу 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн 2601000009 дугаартай хэрэг бүртгэл нээж, зөрчил шалган шийдвэрлэхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон:
1.A******* D******* /Facebook/ нүүр номын цахим хуудсыг иргэн Д.А******* /ТЗ*****/ ашигладаг ба 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр давуу эрхийн хувьцаа гаргах мэдээллийг оруулсан,
2.Иргэн Д.А*******ын дээрх үйлдэл нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10-т нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлээгүй болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг нийтэд санал болгохыг хориглоно гэж заасныг зөрчсөн,
3. Б******* т******* ХХК-ийг Новел групп ХХК нь 100 хувь эзэмшдэг, Новел групп ХХК-ийн 54 хувийг иргэн Д.А******* эзэмшдэг байна. Д.А******* нь Б******* т******* ХХК-ийн эцсийн өмчлөгч болох мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн,
4.Б******* т******* ХХК-аас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн мөнгө татах талаар албан ёсны шийдвэр гараагүй.
Дээрх тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлээгүй, эсвэл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг нийтэд санал болгосон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 30000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу иргэн Д.А*******т 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн шийтгэлийг 2026 оны 03 дугаар сарын 24-ны өдөр 0***** дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан.
Иймд иргэн Д.А*******аас 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, гомдол гаргагчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2. Тодруулбал, энэхүү маргаанд хэргийн оролцогч талуудын зүгээс маргаж буй гол асуудал нь хэрэгт баримтаар авагдсан Б******* т******* ХХК /РД:******/-ний эцсийн өмчлөгч болох Новел групп ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Д.А******* нь ...Б******* т******* ХХК-ийн төслөө эргэн сэргээнэ...Тиймээс энэ төсөл дээрээ давуу эрхийн хувьцаа /Preffed stock/ гаргахаар шийдвэрлэлээ, ...нийт хувьцааны 10%-аа санал болгож байна.Нийт 5 тэрбум төгрөг босгоно. Давуу эрхийн хувьцаа нь хүүтэй байдаг. Жилийн өгөөж нь 15%. 3 жилийн дараа энгийн хувьцаа руу шилжих сонголттой байна. IPO хийнэ. Энэ үед бизнесийн үнэлгээ лав л 2-3 дахин өссөн байна. Энэ гэхдээ зөвхөн миний төсөөлөл шүү. Тиймээс зөвхөн надад итгэдэг хүмүүст л санал болгоё...,За эхэлсэн. FB message үлдээгээрэй... постыг өөрийн A******* D******* гэх /Facebook/ нүүр номын цахим платформоос нийтэлсэн үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлээгүй, эсхүл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг нийтэд санал болгосон буюу Үнэт цаасны зах зээлийн тухай хууль зөрчсөн гэж буруутган
гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосныг үндэслэл бүхий эсэх, Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн зорилгод нийцэж байгаа эсэх асуудал байна.
4.3.Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчаас ...Компанийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар компани нийтэд худалдахаар гаргаж байгаа үнэт цаасаа Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлнэ гэж заасан. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21 дэх хэсэгт зааснаар олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр нийтэд худалдах нь нийтэд санал болгох гэж үзнэ. Гэтэл "А*******, Д*******" гэдэг хаягаас /Facebook/ нүүр номын цахим хуудсаар нийтэд санал болгосон байгаа. Тиймээс хэрэв ХХК нийтэд хувьцаагаа санал болгох гэж байгаа бол Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу явах ёстой. Нийтэд санал болгох журмыг Санхүүгийн зохицуулах хороо тогтоодог. Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу хувьцаагаа нийтэд санал болгохыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдэгдэхийг хувьцаагаа нийтэд санал болгох гэж тодорхойлж байсан. Тиймээс цахим хуудсаар давуу эрхийн хувьцааг гаргана гэж нийтэд мэдээлж байгаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн болно. Нийтэд санал болгосон үнэт цаасны бүртгэл гэдэг нь юу вэ гэвэл, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.22 дахь хэсэгт нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэл" гэж энэ хуульд заасан журмын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлийг хэлнэ. Уг бүртгэлд бүртгэгдээгүй Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн /цаашид ХХК гэх/ хувьцааг нийтэд санал болгохыг хориглосон байгаа. Тэгэхээр ХХК-ийн хувьцааг нийтэд санал болгохыг хориглоно гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл ХХК нийтэд хувьцаагаа санал болгож байгаа бол Хувьцаат компани /цаашид ХК гэх/, нээлттэй ХК гэх мэт хэлбэрт шилжих ёстой. Гэтэл ХХК цахим орчинд, олон нийтийн сүлжээгээр хувьцаагаа санал болгож байгаа хэвээрээ ХХК хэлбэрээрээ үлдэх боломжгүй юм. Хэрэв үнэхээр нийтэд санал болгож байгаа бол нээлттэй ХК болох ёстой бөгөөд нээлттэй ХК болох журам, дараалал нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хуулийн зохицуулалтын дагуу явагддаг. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан зөрчлийг үйлдсэн гэж маргаан бүхийн актыг үндэслэлийг тайлбарласан.
Харин гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Б******* Т******* ХХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20 дахь хэсэгт "үнэт цаас гаргагч" гэсэн тодорхойлолтод заасан үнэт цаас гаргагч биш..., Д.А*******ын фейсбүүк пост нь Б******* Т******* ХХК-ийг төлөөлж, компанийн хувьцааг олон нийтэд санал болгосон гэж үзэх боломжгүй. Учир нь Б******* Т******* ХХК-аас Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, 62 дугаар зүйлд заасан Хувьцаа эзэмшигчдийн хурлын ямар нэгэн шийдвэр, гүйцэтгэх захирлын албан бичиг огт гараагүй байхад иргэн Д.А******* өөрийн фейсбүүк хуудсанд уг постыг байршуулснаар Б******* Т******* ХХК өөрийн хувьцааг нийтэд санал болгосон гэж үзэж болохгүй... Миний хэлэх гэсэн санаа нь 104 хариу үйлдэл, 22 сэтгэгдэлтэй ийм иргэний постыг компанийг төлөөлж компанийн хувьцааг нийтэд санал болгосон гэж үзэхгүй...Б******* Т******* ХХК өөрийн албан ёсны цахим хуудсаар мэдээллийг оруулсан байвал бас арай өөрөөр яригдана. Гэвч Д.А******* гэдэг иргэн өөрийн цахим орчноор дамжуулан мэдээллийг оруулсан ийм л үйлдэл...энэ бол ирээдүйд хэрэгжих зүйл юм... гэж маргаан бүхий актын үндэслэлийг үгүйсгэсэн болно.
4.4.Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно" гэж заасны дагуу хэргийн үйл баримтад хамаарах хуулийн зохицуулалт болох Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т заасан хувьцаат компани хувьцаагаа, харин хязгаарлагдмал хариуцлагатай компанийн энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хувьцаат компани болгох замаар компанийн хэлбэрийг өөрчилж Үнэт цаасны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хувьцааг нийтэд санал болгох тохиолдолд тус зүйлийн 11.1.Үнэт цаас гаргагч дангаар, эсхүл андеррайтертэй байгуулсан гэрээний үндсэн дээр үнэт цаасаа үнэт цаасны анхдагч зах зээлд худалдахаар 50 ба түүнээс дээш тооны хөрөнгө оруулагчид танилцуулах, сурталчлах замаар санал болгоно,
11.2.Хороонд бүртгүүлсэн үнэт цаасны танилцуулгад үнэт цаасыг хаалттай хүрээнд танилцуулахаар заасан бол тухайн хүрээний хөрөнгө оруулагчдад танилцуулна,
11.3.Үнэт цаас гаргагч нь энэ хуулийн 5.1.1-д заасан үнэт цаасыг нийтэд санал болгохдоо андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдтэй гэрээ байгуулна,
11.4.Үнэт цаас гаргагч нь үнэт цаасаа нийтэд санал болгохдоо тухайн үнэт цаасны танилцуулгатай сонирхогч этгээд үнэ төлбөргүй танилцах боломжийг бүрдүүлнэ,
11.5.Үнэт цаасны бүртгэлд бүртгэгдсэн, нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны талаар тухайн үнэт цаас гаргагчаас нэмэлт мэдээлэл авах шаардлага үүссэн, эсхүл үнэт цаас гаргагч нь тухайн үнэт цаасыг бүртгүүлэх явцад дутуу, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн, уг мэдээлэлд үндэслэн үнэт цаасыг нийтэд танилцуулсан, худал амлалт өгсөн болох нь тогтоогдсон тохиолдолд зөрчлийн хэмжээнээс хамаарч Хороо тухайн үнэт цаасыг нийтэд санал болгох ажиллагааг түр зогсоох, эсхүл нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлийг хүчингүй болгож, энэ тухай үндэслэл бүхий мэдэгдлийг үнэт цаас гаргагч болон холбогдох үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад хүргүүлэх ба энэ талаар нийтэд мэдээлнэ дарааллыг баримтлахыг зохицуулжээ.
4.5.Харин дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10-т Нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлээгүй болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг нийтэд санал болгохыг хориглоно гэж заасан байна.
4.6.Гэтэл хавтас хэрэгт авагдсан A******* D******* гэх /Facebook/ нүүр номын цахим платформоос нийтэлсэн постын ...давуу эрхийн хувьцаа /Preffed stock/ гаргахаар шийдвэрлэлээ..., нийт хувьцааны 10%-аа санал болгож байна... IPO хийнэ... Тиймээс зөвхөн надад итгэдэг хүмүүст л санал болгоё...,За эхэлсэн. FB message үлдээгээрэй...гэх үгийн утга, агуулга болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлсэн тайлбараас үзвэл Б******* Т******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-с Компанийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасны дагуу компанийг өөрчлөх замаар хувьцаа буюу үнэт цаасаа үнэт цаасны анхдагч зах зээлд худалдах шийдвэр гаргаагүй, Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан зөвшөөрлийг олгоогүй байхад иргэн Д.А******* нь Б******* Т******* ХХК-ийн компанийн эцсийн өмчлөгч болохын хувьд энэхүү компанийн хувьцааг олон нийтийн сүлжээгээр нийтэд санал болгосон нь түүнийг дээр дурдсан Үнэт цаасны тухай хуулиар хориглосон хууль бус үйлдлийг гаргасан гэж үзэхээр байна.
4.7.Нөгөөтээгүүр хэрэгт авагдсан бүхий л бичгийн баримтаар түүний дээрх хувьцаа санал болгосон үйлдлийг өөрийн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эзэмшлийн хувьцааны тодорхой хувийг хөрөнгө оруулагчид санал болгосон гэх эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна Үнэт цаасны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь үнэт цаасны зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 1.2-т Энэ хуулийн зорилтыг хэрэгжүүлэхэд үнэт цаасны зах зээлийн тогтолцооны эрсдэлийг бууруулах, шударга, ил тод, үр ашигтай байдлыг хангах зарчмыг баримтална хуулийн зорилт нь өөрөө шууд утгаараа тус хэргийн эрх зүйн маргаантай харилцаа болон маргааны зүйлийг шийдвэрлэхээр байх тул гомдол гаргагч Д.А*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль хамаарахгүй... хэмээх тайлбар үндэслэлгүй.
4.8.Иймд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд Санхүүгийн зохицуулах хорооны хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилсан байх бөгөөд энэ зүйлийн 6.2.2-т үнэт цаасны зах зээлд оролцогчийн үйл ажиллагааны чиглэлээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан гэж байгаагаас үзэхэд хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д нь маргааны үйл баримтад дурдсан асуудлаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэлийн хуудас шийтгэл оногдуулах эрх бүхий албан тушаалтан мөн тул иргэн Д.А*******ын гаргасан үйлдлийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10-т нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлээгүй болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг нийтэд санал болгохыг хориглоно заасныг зөрчсөн гэж, Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлээгүй, эсхүл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг нийтэд санал болгосон заалтыг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0***** дугаар шийтгэлийн хуудсаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэл бүхий болохыг шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 11 дүгээр зүйлийн 11.10, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн 6.2.2, Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасныг баримтлан гомдол гаргагч Д.А*******аас Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Дийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр үйлдсэн 0***** дугаартай Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР