Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02325

 

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02325

 

Д.Отгоны нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/03021 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Отгоны нэхэмжлэлтэй

Хариуцагч Тайгам-Алтай ХХК-д холбогдох

 

Орон сууцны үнэд илүү төлсөн 3 672 000 төгрөг, хохирол 118 000 төгрөг нийт 3 790 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Отгон нь Тайгам-Алтай ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, орон сууцны 1 м.кв талбайн үнийг 850 000 төгрөгөөр тооцон 63.9 м.кв талбай бүхий орон сууцны үнэ болох 54 315 000 төгрөгийг төлөх, Тайгам Алтай ХХК нь тус орон сууцыг 2011 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч Д.Отгон орон сууцандаа орсны дараа 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Тоонто Гранд ХХК-иар хэмжилт хийлгэхэд 59.58 м.кв буюу 4.32 м.кв дутсан учир 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Тайгам Алтай ХХК-д хандан гомдол гаргасан. Тайгам алтай ХХК-ийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын ахлах байцаагчид холбогдуулан гаргасан захиргааны болон иргэний хэрэг зэргээс шалтгаалан нэхэмжлэлээ шүүхэд гаргаж чадалгүй өнөөг хүрсэн. Иймд хариуцагч Тайгам алтай ХХК-иас орон сууцны талбайн зөрүүний төлбөр 850 000 х 4.32 м.кв=3 672 000 төгрөг болон орон сууцны талбайн хэмжилт хийлгэсэн зардал буюу ажлын хөлс 118 000 төгрөг нийт 3 790 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Отгон болон Тайгам Алтай ХХК нарын хооронд орон сууц захилгаар бариулах буюу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдөр орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн. 1 м.кв-г 800 000 төгрөгөөр тооцон тохирсон талаар гэрээнд дурдагдаагүй. Багцын үнээр гэрээг байгуулсан. Орон сууцыг хүлцэх тэнхлэгээр хэмжвэл 63.90 м.кв, MNS 60582009 стандартаар хэмжвэл 60.96 м.кв байна гэж захиалгын шатанд талууд тохиролцон гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь 2013 оны 12 дугаар сард хэмжилт хийлгэсэн бөгөөд хэмжилтийн дүгнэлтэд гарсан зөрүү нь стандартын 1.1-т заасан заалтыг хэтрээгүй байна гэж гарсан. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Учир нь 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ажлын үр дүнг хүлээн авсан. Ажлаа хүлээж авах үедээ хэмжил хийлгэх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 352 дугаар зүйлийн 352.4-т заасныг баримтлан хариуцагч Тайгам Алтай ХХК-иас талбайн зөрүүний үнэ 3 672 000 төгрөг, зардал 118 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Отгоны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Отгоноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт "Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч барилга, байшингийн дутагдлын талаарх тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гаргана" гэж тусгайлан нарийвчлан заасан байтал шүүх ил доголдол тул зургаан сарын хугацаанд гомдлын шаардлага гаргана гэж үзсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл орон сууцны талбайн зөрүүг тухайн сууцны өмчлөгч хүлээн авах үедээ шалгаад, тооцож үзэх боломжгүй бөгөөд "Орон сууцны барилгын доторхи сууцны талбай тооцох аргачлал" MNS 6058:2009 стандартын дагуу тодорхой эрх бүхий, мэргэшсэн байгууллагын хэмжилтийн дагуу тодорхойлох боломжтой юм. Тийм ч учраас хууль тогтоогч барилга, байшингийн доголдлын талаар гэж тусгайлан оруулсан заалт гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Отгон нь хариуцагч Тайгам Алтай ХХК-д холбогдуулж орон сууцны талбайн зөрүү 3 672 000 төгрөг, орон сууцны талбайн хэмжилт хийлгэсэн зардал 118 000 төгрөг, нийт 3 790 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар барих гэрээгээр нэхэмжлэгч Д.Отгон нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельс гудамжны 14 дүгээр байрны 72 тоотын 60.96 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 54 315 000 төгрөгөөр захиалан бариулах, хариуцагч Тайгам Алтай ХХК нь барилгыг 2011 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон, талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар шүүх зөв дүгнэсэн байна.

Хэрэгт цугларсан баримтаар захиалагч буюу Д.Отгон нь гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж, орон сууцыг 2011 оны 08 дугаар сарын 01-нд хүлээн авч өмчлөгчөөр 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бүртгэгдсэн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 42, 6/

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дах хэсэгт зааснаар гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэх бөгөөд ажил гүйцэтгэгчийн хүлээлгэн өгсөн орон сууцны талбай 4.32 м.кв хэмжээгээр дутуу болох нь Тоонто гранд ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсон, ажлын үр дүнг биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэл бий болсон байх боловч орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд доголдол биш гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч орон сууцыг хүлээн авснаас хойш 2 жил, 4 сарын дараа талбайн зөрүүтэй холбоотой гомдлын шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан ...гомдлын шаардлагыг ...ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор гаргаж болно гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Анхан шатны шүүх дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байхаас гадна хуулийн нэрийг дутуу бичсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/03021 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн гэсний дараа 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1 гэж нэмж 352.4 гэснийг 352.2.3 гэж, 2 дах заалтын хураамжийн гэсний дараа тухай хуулийн гэж нэмж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 75 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Н.БАТЗОРИГ