| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00483/И |
| Дугаар | 137/ШШ2025/00433 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 137/ШШ2025/00433
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Б холбогдох зээлийн гэрээний үүрэгт 30,514,526.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 сарын 04-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У хот, С дүүрэг, Е гудамж, Х банкны төв байр, 00 тоотод оршин суух, Х банк ХК /ХХД: 000000, РД: 000000, утас: 0000000, 00000000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж овогтой Б нь 2024 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Х Банктай 1390088454 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 41,000,000 /Дөчин нэгэн сая/ төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч Ж овогтой Б Х Банк дахь 5000630048 дугаартай дансанд 2024 оны 06 дугаар сарын 04-ны өдөр 41,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2025 оны 05 дугаар сараас хойш хугацаа хэтрэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба зээл, хүүний төлбөрийг төлөлгүй 88 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, зээл төлөх боломжийг удаа дараа өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвх санаачилга гаргалгүй, санаатайгаар зайлсхийж өнөөдрийг хүрсэн. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1390088454 дугаартай зээлийн гэрээг үндэслэн 2025 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 29,257,341.53 төгрөг, зээлийн хүү 1,240,202.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,982.85 төгрөг, нийт 30,514,526.39 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлд заасны Ж овогтой Б банк дахь харилцах, хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зээлийн нийт төлбөрийн хэмжээгээр зогсоох захирамж гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймгийн З сум, 0 дүгээр баг 00 тоотод оршин суух Б овогт Ж Б /РД: 000000, утас: 000000/ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ж овогтой Б миний бие Х банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус банкнаас 41,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 30,514,526.39 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Х банк ХК нь Ж овогтой Б 30,514,526.39 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлд тухайн дүнгээр дансанд битүүмж хийх хүсэлт гаргасан. Ж.Б нь Х Банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан хүсэлтийг татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х банк” ХК нь хариуцагч Ж.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,514,526.39 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Б нь зээлийн гэрээний үүрэгт 30,514,526.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна
Мөн нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар хариуцагч Ж овогтой Б банк дахь харилцах, хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зээлийн нийт төлбөрийн хэмжээгээр зогсоох тухай хүсэлтээсээ татгалзсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Б холбогдох зээлийн гэрээний үүрэг 30,514,526.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,522.63 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 155,261.31 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 155,261.31 төгрөгийг хариуцагч Ж.Б гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Ж.Б нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА