| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2410016310968 |
| Дугаар | 2025/ДШМ/53 |
| Огноо | 2025-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Бат-Орших |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/53
2025 01 07 2025/ДШМ/53
Т.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Бат-Орших,
хохирогч Э.Н-ны өмгөөлөгч Ш.Оюумаа,
шүүгдэгч Т.Н-н өмгөөлөгч Э.Чулуунцэцэг,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/804 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Н-н өмгөөлөгч Э.Чулуунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Н-д холбогдох 2410 01631 0968 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
О-н М овогт Т-н Н, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр .................. төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, .......... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ...............хамт ....................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ......./;
Шүүгдэгч Т.Н нь 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, ...............гадна хохирогч Э.Н-ны биед тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас халдаж, умдаг, бэлгийн их уруул, баруун гуя, баруун эрхий цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Н-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 90 хоногийн хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Н-с 2.096.960 төгрөгийг гаргуулан, хохирогч Э.Н-д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх 799.800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Н-н өмгөөлөгч Э.Чулуунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэж, энэхүү гомдлыг гаргаж байгаа болно. Дараах үндэслэлүүд байна. Үүнд:
Нэг. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.
1. Шүүгдэгч Т.Н-г хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж үзэх үндэслэл болсон нэг нотлох баримт нь хэргийн газар болсон үйл явдлын дүрс бичлэг юм. Энэхүү бичлэгт үзлэг хийсэн баримт хавтаст хэргийн 13-15 дугаар хуудаст бий. Шүүх хуралдааны явцад өмгөөлөгч миний бие дүрс бичлэгийг олон удаа тоглуулсан. Тус бичлэгт миний үйлчлүүлэгч хохирогчийг 1 удаа өшиглөсөн байдаг. Хэрэг учрал болсон өдөр миний үйлчлүүлэгч зөөлөн ултай кейт өмссөн байсан нь бичлэгээс харагддаг. Бас үзлэг хийсэн тэмдэглэл болоод сиди бичлэгт хохирогч зүүн гараа хааж, хамгаалсан байдалтай, хойшоо үсэрсэн дүрс бичигдсэн. Хэргийн бодит нөхцөл байдал бол миний үйлчлүүлэгч хохирогчийг 1 удаа өшиглөсөн, хохирогч зүүн гараараа хааж, хойшоо ухарсан, хохирогчийн эмзэг хэсэгт шүүгдэгчийн хөл хүрээгүй, зүүн гарыг шүргээд өнгөрсөн нөхцөл байдал тогтоогддог. Камерын бичлэгт үзлэг хийсэн баримт ч үүнийг нотолдог, бичлэг дээр тодорхой харагдаж байгаа болно. Мөн хохирогч бол эхлээд мэдүүлэхдээ гараараа хаасан гэдэг. Шүүгдэгч хохирогч намайг өшиглөх үйлдэл хийхэд зүүн гараараа хаасан гэж мэдүүлсээр ирсэн. Зүүн, баруун гар гэсэн зөрүүтэй мэдүүлгүүд байхад камерын бичлэгт үзлэг хийсэн баримтад энэ асуудлыг мухарлаагүй, “гараараа хааж, хойшоо ухарсан байдалтай бичигдсэн” гэж тэмдэглэсэн байдаг. Энэ үйл баримт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх нэг үндэслэл болж байна. Тодруулбал, анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна.
2. Хавтас хэргийн 41 дүгээр хуудаст Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт бий. Тус дүгнэлтийн үндэслэл болсон 2024 оны 05 сарын 04-ний өдрийн Гранд мед эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгээр “...умдагны баруун дээд хэсэгт хавдаж, арьсны гадаргуугаас төвийсөн, арьс няцарсан, хэд хэдэн хэсэгт илт хөхөрсөн, баруун гуяны доод талд хэд хэдэн хэсэгт шалбарч, зулгарсан, хөхөрсөн” гэж тэмдэглэсэн байна. Миний үйлчлүүлэгч хохирогчийн эмзэг хэсэгт нэг удаа өшиглөсөн үйлдэл нь эдгээр олон гэмтэл, шалбарал, хөхрөл няцралыг үүсгэх боломжтой эсэх асуудал тодорхойгүй, эргэлзээтэй байна. Мөн дүгнэлтэд мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсэх гэмтэл гэж тодорхой бичжээ. Миний үйлчлүүлэгч хадаастай гутал өмсөөгүй гэдгийг шүүх анхаарч үзэж дүгнэлт гаргах хэрэгтэй байсан. Энэ талаар миний бие шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэлсэн. Хохирогчийн биед гэмтэл учирсан байж болох ч тэр гэмтлийг Н учруулсан эсэх асуудал эргэлзээтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолын 3.1-д хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт баримтуудыг үгүйсгэх үндэслэл бүхий нотолгоо хэрэгт аваагдаагүй байна гэж дүгнэсэнтэй огт санал нийлэхгүй байна.
3. Мөн тус дүгнэлтийн хэсэгт “...баруун эрхий хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо” гэжээ. Миний үйлчлүүлэгч өшиглөх үйлдэл хийхэд хохирогч зүүн гараараа хааж, хамгаалсан байхад, хохирогчийн баруун гарт учирсан гэмтлийг шүүгдэгч учруулсан байх боломжгүй юм. Иймээс өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, тодорхой бус байна гэж үзэж байгаа болно.
4. Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1. Хүний эрүүл мэндэд хохирлын хөнгөн зэргийг тогтоохдоо дараах байдлыг тогтооно:
3.1.1 гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэсэн заалт бий. Гэсэн атал хохирогчийн хохирол төлбөртэй холбоотой гаргаж өгсөн хавтаст хэргийн 73-78 хуудаст зургаадугаар сарын 22, 25, 26, долоодугаар сарын 8, наймдугаар сарын 8 гэсэн баримтууд авагджээ. Мөн хавтаст хэргийн 83-101 дүгээр хуудаст хохирогчийн үзлэг, шинжилгээний баримтууд байна. Тэдгээр нь 6 дугаар сарын 12-ны өдөр, 6 дугаар сарын 3-ны өдөр, 6 дугаар сарын 22-ний өдөр, 6 дугаар сарын 3-ны өдөр, 6 дугаар сарын 14-нөөс 25-ны өдөр, 6 дугаар сарын 4-нөөс 12-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 6, 19-ний өдрийн баримт хүртэл хавсаргасан байна. Харин хавтаст хэргийн 102 дугаар хуудаст хохирогч ямар эм, эмчилгээ, үйлчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй, төлбөрийн баримтуудыг жагсааж хүснэгтэлсэн байдаг. Харин эмнэлгийн үзлэг, шинжилгээний баримтууд бүгд энэ хэрэг болсон цаг хугацаанд хамаарахгүй байна. Хэрэг учрал болсноос хойш 4 долоо хоног буюу 28 хоногоос хойш хугацаанд хохирогч үзлэг шинжилгээ, эмчилгээ хийлгэжээ. Цаашилбал, 2023 онд үзүүлсэн 2 баримт байгааг шүүх үнэлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа болно. Хэргийн бодит байдал бол энэ хэрэг болсон 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө хохирогч бэртсэн байсан, энэ талаар баримтаа бас хэрэгт өгсөн байдаг. Хавтаст хэргийн 73 дугаар хуудаст 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн баримт бас бий. Мөн хэрэг болсноос хойш хохирогч дахин бэртэж, гэмтээд эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.
Хоёрт. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх дараах үндэслэл байна. Үүнд:
1. Хохирогчийн зүгээс хохирол, төлбөрийн баримтуудыг гадаад хэл дээр гаргаж өгсөн байдаг. Түүнийг нь шүүх үнэлж, хохирол төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. /хх 82-84/. Тус баримтуудыг орчуулж үзвэл шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлийн дагуу хийсэн эмчилгээ, үйлчилгээнд огт хамааралгүй болох нь тодорхой харагддаг. Энэ талаар өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн боловч шүүх тус баримтыг хэрэгт ач холбогдолтой эсэх асуудлыг шалган нягтлахгүйгээр үнэлж, миний үйлчлүүлэгчээс гаргуулах хохирол, төлбөрт оруулан тооцохын зэрэгцээ миний үйлчлүүлэгчийн гэм буруутайг нотолж үнэлсэнд гомдолтой байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт тусгаж хавсаргана” гэсэн заалтыг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно. Тодруулбал, миний үйлчлүүлэгч Т.Н 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан /хх 11/ хүсэлтэд “...спортын дугуйланд хичээллэдэг Н нь бэлтгэлийн үед гэмтэл авчаад өөрт нь хүрч амжаагүй байхад гэмтсэн гэж хуурч мэхэлж байна, шалгаж өгнө үү” гэсэн. Тус хүсэлтийн дагуу ямар ажиллагаа хийсэн нь тодорхойгүй, хүсэлтийг шийдвэрлээгүйгээс гадна хохирогч нь өмнө нь өөр газар, өөр цагт, өөр байдлаар гэмтэл авсан талаар “миний үйлчлүүлэгч мэдүүлэгтээ бас хэлж, баримтыг өгсөн боловч хүлээн авч шалгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн заалт зохицуулалтыг зөрчиж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогддог.
3. Иймээс өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалган тогтоолгохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй” гэсний дагуу мөрдөн байцаалтын шатанд аваагүй нотлох баримтыг гаргаж шүүхэд өгсөн боловч өнгөтөөр хэвлэж өгсөн, зурган нотлох баримтыг хэрэгт бас аваагүй. Шүүх үзлэг хийж, нотлох баримт бэхжүүлэх үүрэггүй байж болох ч өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлүүлэхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Мөн миний үйлчлүүлэгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн биед учирсан гэмтлийг учруулаагүй, өөр газар гэмтэж бэртсэнийг шалгаж өг гэсэн хүсэлт гаргасаар байтал хүсэлтийг шийдвэрлээгүй, ажиллагаа хийгээгүй, гаргаж өгсөн баримтыг хэрэгт авч шалгаагүй нөхцөл байдал буюу хэргийг прокурорт буцаах хуульд заасан хэд хэдэн үндэслэл тогтоогдсоор байхад зөвхөн хохирогчид ашигтай, хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Бас хохирогч хавтаст хэргийн 73 дугаар хуудаст эмийн жор гаргаж өгсөн. Тус баримт нь 4 сарын 17-ны өдрийн баримт байх бөгөөд хохирогч хэрэг, учрал болохоос өмнө эмнэлэгт үзүүлж, бэртэл гэмтэлд уух эмийн жор бичүүлж авч, хэрэглэж байсан нь тодорхой харагддаг.
4. Хэдийгээр бидний зүгээс давж заалдах шатны шүүхэд шинэ нотлох баримт гаргах эрхгүй боловч, мөрдөгч, прокурор, анхан шатны шүүхийн хэрэгт өгсөн ч аваагүй нотлох баримтыг гомдолд хавсаргав. Тус нотлох баримт нь хохирогч газрын теннисээр хичээллэж байхдаа 4 сард гэмтсэн болохыг тогтоох, хэрэгт маш чухал ач холбогдол бүхий баримт юм. Тодруулбал, хохирогчийн гэмтсэн гээд байгаа баруун гарын сарвуу нь 4 дүгээр сарын 26-ны өдөр гэмтэл авсан байсныг нотлох ач холбогдолтой. Мөн өвдөгний үеэ шаруулж байгаа зураг бий. Эдгээр баримтыг хохирогч Н өөрийн инстаграмм /Instagram/ хуудаснаа тогтмол стори /story/ хийж, зураг оруулж, эмчилгээ хийлгэж байгаа зургаа ч олон нийтэд нээлттэй, ил байдлаар мэдээлсэн байдаг. Он, сар, өдөртэйгөө тодорхой харагдах юм. Прокурор хүсэлттэй холбоотой тайлбараа, шүүх үзлэг хийхгүй байгаа бас нэг шалтгаанаа Хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль зөрчсөн нотлох баримт гэж тайлбарлаж, буцааж өгсөн. Шүүхийн шийдвэрт энэ асуудлыг тусгаагүй ч шүүх хуралдааны бичлэг, тэмдэглэлд тодорхой байгаа болно. Хохирогч спортоор хичээллэх явцдаа гэмтэл, бэртэл авсан талаараа өөрөө цахим орчинд нээлттэй мэдээлсэн байдаг. Тус мэдээллийг хохирогчийн хаягаар нэвтэрч үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй, нийтэд ил тавьсан мэдээллийг нь баримтжуулж, шүүгдэгч өөрийн утсандаа зураг дарж, хэвлэж гаргасан байдаг. Энэ мэдээлэлд үзлэг хийлгэх талаараа ч шүүхэд хүсэлт гаргахдаа тодорхой тайлбарласан. Энэ нь Хувь хүний мэдээллийг хамгаалах, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон холбогдох бусад хуулийн аль ч заалт, зохицуулалтыг зөрчих үндэслэлгүй юм.
Нэмж дурдахад миний үйлчлүүлэгч зөрчил гаргах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн буруутай, хууль зөрчсөн үйлдлээс болсон. Миний үйлчлүүлэгч хохирогчийг өшиглөсөн гэдгээ анхнаасаа хүлээн зөвшөөрч хэрэг шалгах, шийдвэрлэх явцад тогтвортойгоор мэдүүлж ирсэн байдаг. Гэсэн хэдий ч гэмтэл учруулаагүй, хохирогчийн бэлэг эрхтэнд хөл хүрээгүй, хохирогч зүүн гараараа хаагаад хойшоо үсэрч өөрийгөө хамгаалсан. Хохирогч өөр газар, өөр цагт, өөр байдлаар гэмтсэн талаар хэлсээр ирсэн, шалгуулах хүсэлтээ гаргасан. Миний үйлчлүүлэгч ямар ч шалтгаангүйгээр өөрийн буруугаас болж ийм үйлдэл хийгээгүй. Хохирогч жолооны эрхээ хасуулсан, хэрэг учрал болсон өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож миний үйлчлүүлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулснаас улбаатай ийм нөхцөл байдалд хүрсэн. Шүүгдэгч өөрөө цагдаа дуудаж, өөрөө камерын бичлэг шүүлгэх хүсэлтээ гаргасан байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/ болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ/ гээд нотолбол зохих байдал нотлогдоогүй байна.
Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэх заалт, зохицуулалтыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч Э.Н-ны өмгөөлөгч Ш.Оюумаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хангалттай нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч “хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлттэй маргахгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан. Шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хохирол, төлбөр төлөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Т.Н-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль зөрчөөгүй, хэргийн нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон. Хэрэгт хавсаргасан камерын бичлэгт Т.Н-н үйлдэл тодорхой харагддаг. Анхан шатны шүүх хуралдааны явцад уг камерын бичлэгийг хэргийн оролцогчид 2-3 удаа үзсэн. Хохирогч Э.Н нь 2.896.760 төгрөг нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хойш гарсан эмчилгээний зардлыг дүгнэж үзээд 2.096.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Шүүгдэгч Т.Н нь хохирогч Э.Н-д гэмтэл учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Т.Н нь 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, .................. гадна хохирогч Э.Н-ны биед тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас халдаж, умдаг, бэлгийн их уруул, баруун гуя, баруун эрхий цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Э.Н-ны “... Би машинаасаа буух гээд байж байтал уг хүн машинаасаа бууж миний машин дээр ирээд намайг элдэв янзаар доромжилж “машин барьж чаддаггүй юм уу, үхсэнээ хийж барьдаг юм” гээд байсан. Тэгээд би уг эмэгтэйг араас нь дагаад явж байтал эргэж хараад “пизда минь, холдооч” гэж хэлээд гарын шуу хэсэгт цохиод түлхсэн. Тэгэхээр нь би “хүний биед хүрэх хориотой шүү” гэж хэлээд намайг цохих гэж байна гэж бодоод биеэ гараараа хамгаалтал миний бэлэг эрхтэн хэсэг рүү өшиглөсөн. Тэр үед би гараараа хамгаалж таарсан ба гарыг минь хамтад нь өшиглөсөн. ...” /хх 20-21/ гэсэн мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Э.Н-ны биед умдаг, бэлгийн их уруул, баруун гуя, баруун эрхий цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 6150 дугаартай дүгнэлт /хх 41-42/,
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... тус бичлэгийн цагаар 05 дахь секундэд хар фудболктой эмэгтэй зүүн хөлөөрөө цагаан цамцтай эмэгтэйн цавь хэсэг рүү өшиглөсөн байдалтай, цагаан фудболктой эмэгтэй гараараа хааж хойшоо ухарсан байдалтай бичигдсэн байв. ...” /хх 13-15/,
хохирогч Э.Н-ны Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн хэт авиан оношлогоо, Гранд мед эмнэлгийн “... умдагны баруун дээд хэсэгт хавдаж арьсны гадаргуугаас төвийсөн, арьс няцарсан, хэд хэдэн хэсэгт илт хөхөрсөн, баруун гуяны дотор тал хэд хэдэн хэсэгт шалбарч зулгарсан, хөхөрсөн. ...” гэсэн эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгийн талаарх баримт /хх 46/, үений мэс заслын эмчийн үзлэг, гар сарвууны рентген зураг /хх 47-48/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Т.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Шүүгдэгч Т.Н-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 90 хоногийн хугацаанд биелүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгч Т.Н-н өмгөөлөгч Э.Чулуунцэцэгээс “... хохирогчийн мэдүүлэг үндэслэлгүй, тэрээр өмнө нь гэмтэл авсан байх боломжтой, нотлох баримтуудыг зөрүүг арилгаагүй, шүүх хохирлыг буруу тооцсон, Т.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлэг өгсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар сануулж мэдүүлэг авсан байх ба хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй байхаас гадна түүний мэдүүлгүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Мөн хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 6150 дугаартай /хх 41-42/ дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан умдаг, бэлгийн их уруул, баруун гуя, баруун эрхий цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шинэ гэмтэл болох талаар дүгнэсэн байх ба тухайн цаг хугацаанд хохирогч нь шүүгдэгч Т.Н-н үйлдлийн улмаас дээрх гэмтлийг авсан гэж үзэх боломжтой байна.
Шүүхээс хэрэгт авагдсан хохирлын баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хохирогч Э.Н-ны нэхэмжлэлээс 799.800 төгрөгийг хасаж, үлдэх 2.096.960 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Чулуунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/804 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Н-н өмгөөлөгч Э.Чулуунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ М.АЛДАР