| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0446/Э |
| Дугаар | 455 |
| Огноо | 2018-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 455
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,
улсын яллагч А.Ганзориг,
хохирогч Ц.С-,
шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овгийн Ж.Т холбогдох эрүүгийн 100000000000 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Ж.Т- Монгол Улсын иргэн, 000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр 00 суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, 00 мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, нөхөр, 0-15 насны 4 хүүхдүүдийн хамт 26 дугаар хороо, 000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /0000000).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Ж.Т нь 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 26 дугаар хороо, 000 тоотод оршин суух иргэн Ц.С-тай “...нохойгоо хорьсонгүй...” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгой, мөр, шуун тус газрууд нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Ж.Т мэдүүлэхдээ: 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр манай гэрт Т- гэх эмэгтэй манай нөхрийн ах нь нас бараад гэртээ байхгүй гээд, манай нөхөртэй архи уух гэж орж ирсэн. Т- архиа ихэнхийг нь уугаад надад нэг хундаг хийж өгөхөд нь би түүнийг уусан. Би Т- эгчийг “та хойд талын хашаагаар гараад явчих” гэж хэлтэл “би хөл дээрээ тогтож чадахгүй байна” гэхээр нь манай дүүгийн хашаа болох урд талын хашааны хаалгыг онгойлгоод гарах үед хохирогчийн нохой над руу дайрсан. Хохирогч гэрээсээ гарч ирээд “хохино, та нар яах гэж айлын хаалгаар гарч явдаг юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “настай хүн согтуу байна. Хөл дээрээ тогтож явж чадахгүй байна” гэж хэлэхэд хохирогч намайг хэл амаар доромжлоод байхаар нь би нохой руу нь тоосго аваад шидсэн. Нохой нь гаслаад цаашаа явах үед С чи гөлөглөөд удаагүй байгаа нохойг минь цохилоо гээд гэрийнхээ цаана байсан хүрзийг аваад намайг хоёр, гурван удаа цохихоор нь би хохирогчийн толгой руу хүрзээр нэг удаа цохисон. Хохирогчоос уучлалт гуйсан. 2018 оны 2 дугаар сарын 11-ний орой оёо тавиулах юм шиг байна гэхээр нь 20,000 төгрөг хохирогчийн том охиноор нь дамжуулан өгсөн гэв.
Хохирогч Ц.С- мэдүүлэхдээ: Шүүгдэгч болсон хэргийн талаар худал мэдүүлж байна. 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр өглөө манайд хүүхэд нь хашааны хаалгаар орж ирэх гээд байхаар нь “манай нохой төрсөн байгаа шүү” гэж хэлэхэд за гээд явсан. Түүнээс хойш 30 минутын дараа шүүгдэгч Ж.Т Т- гэх хүнтэй манай хашаанд орж ирэх үед манай нохой гөлгөө хамгаалаад Ж.Т рүү дайрсан. Би нохойг дайрах үед гарч нохойгоо хорьсон. Т нохойгоо хорьсонгүй гэж намайг хүрз болон нохойны идүүрээр миний дал, гарын шуу, толгой руу цохисон. Мөн намайг Т айлын хашаанд амьдардаг, янхан авгай гэж хэл амаар доромжилсон. Тэгээд би 102, 103 руу дуудлага өгсөн. Тэр үед Т- эгч Ж.Тт “чи болиоч ээ” гэж хэлээд хашаанаас аваад гарсан. Т намайг хэвтэрт ортол зодсон. Би Ж.Тийг нялх нойтон хүүхэдтэй хүнийг шүүх цагдаад өгөөд яахав гээд орж ирээд уучлалт гуйх болов уу гээд олон өдөр хүлээсэн. Миний амьдарч байгаа хашаа Ж.Тийн дүүгийн хашаа биш юм. Гэтэл Ж.Т миний нэр төрд халдаж, айлын хашаа түрээсэлж амьдардаг гэж бусдад ярьж, нэр төрийг минь гутаасан. Би сэтгэл санааны хувьд болоод эрүүл мэндээр маш их хохирсон. Би маш их гомдолтой байна. Хохиролд 20.000.000 төгрөг нэхэмжилсэн. Эмчилгээний зардлын баримтаа алга болгосон. Толгойгоо компьютер томографикт харуулж чадаагүй. Одоо толгой их өвдөж байна. Хохиролд 20.000 төгрөг авсан гэв.
Хоёр. Эрүүгийн 100000000000 дугаартай хэргээс:
1.Хохирогч Ц.С-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...0000 оны 0 сарын 00-ний 12 цагийн орчим 26 дугаар хороо, 00 тоот гэртээ 9 настай Мөнгөнсолонго охиныхоо хамт байж байтал нохой ямар нэг зүйл рүү дайраад байхаар нь гараад хартал хойд айлын Т, Т- гэдэг эгчтэй хамт согтуу явж байсан. Манай охин нохой төрөөд 15 орчим хонож байсан тул хүн урчихаж магадгүй гэж бодоод нохойгоо хүзүүн дээр нь дарсан. Гэтэл Т гэрийн гадна байсан модон иштэй том төмөр хүрз аваад хүрзээрээ нохойг болон миний зүүн талын мөрөн тус газарт 2 удаа, шуун тус газарт 2-3 удаа цохисон. Тэгээд толгой руу 2 удаа хүрзээр цохиход толгойноос цус гоожсон. Бид хоёр барилцаж авсан чинь миний үснээс зуураад баруун гарыг самардаж зулгаасан. Миний үс маш их унасан. Тэгээд Т намайг зодсон хүрзээ аваад явчихсан. Хамт явсан эгч нь “чи боль хүн аллаа” гээд салгах гээд чадаагүй. Хүрз бариад гэртээ орохоор явчихаад намайг гэртээ орсон байхад дахиад нохой хуцуулаад байсан. Гараад хартал Т “намайг айлын хашаанд амьдардаг балай янхан” гэж орилсоор хүрээд ирэхээр нь би “чиний хашаанд амьдраагүй” гэж хэлсэн чинь нохойны идүүр над руу шидээд зүүн талын далан тус газарт оносон. Намайг гэртээ ортол араас дагаж орж ирээд үснээс зулгаасан. Тэгээд гэртээ орохоор явчихлаар нь би утсаар цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд цус их гарсан байна та түргэн дууд гэхээр нь 103 дуудаад толгойдоо 2 оёдол, зүүн гарын шуундаа 1 оёдол гэртээ тавиулсан. Би айлын хашаа түрээслэн амьдардаг. 2017 оноос Тийг таних болсон. Өнгөрсөн жил нүүрс, мод зардаг байхад нь нүүрс авч байгаад л танилцсан. Өр авлага өс хонзонтой асуудал миний хувьд байхгүй. Ямар шалтгаанаар зодсныг мэдэхгүй байна. Шалтгаангүйгээр согтуу зодсон. Би эрүүл архи уугаагүй байсан. Намайг нохойгоо дайрууллаа гэж ойлгосон байж магадгүй. Өглөө 7-8 дугаар ангийн хүүхэд нь архи өвөртөлчихсөн явж байхад нь манай нохой төрсөн шүү, битгий хашаагаар дамжаад байгаарай уруулав гэж хэлж байсан. Хамт явсан Т- гэх хүүхэн нь харсан байх. Өөр харсан хүн байхгүй. Толгойдоо 2 оёдол, зүүн гарын шуундаа 1 оёдол тавигдсан, зүүн гарын мөр шуу хөхөрсөн байгаа. Одоо толгой өвдөөд дунд зэрэг байна. Маш их гомдолтой хуулийн дагуу шийдүүлнэ. Эмчилгээнд гарсан зардал мөнгөө нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг [1]
2. Хохирогч Ц.С-гийн мөрдөн байцаалтад 0000 оны 00 дугаар сарын 00 -ны өдөр дахин мэдүүлсэн “...Би уг хаяган дээр 2017 оны 09 дүгээр сараас эхлэн түрээсээр амьдарч байгаа. 0000 оны 00дүгээр сарын 00-ний өдрөөс гарсан. Уг хаягийг сайн мэдэхгүй хаягийг нь буруу хэлсэн байна. Сүүлд лавлахад хэрэг болсон газар нь 26 дугаар хороо 00и тоот гэдгийг мэдсэн. ...Би Т рүү нохойгоо дайруулсан зүйл байхгүй. Тухайн үед би нохойгоо туу гэж хэлээгүй. Тухайн үед би өөрөө мөнгөний бололцоо байхгүй хүүхдээ хараад гэрт сууж байсан болохоор гадуур явж эмчилгээ хийлгэж эм тариа авч чадаагүй. Эмнэлэг дээр 7 хоног боолт хийлгээд өөр эмчилгээ хийлгэж чадаагүй. Одоо болтол миний толгой өвдөж байгаа. Тухайн үед намайг томографикт толгойгоо харуулаарай гэж байсан. Гэвч мөнгөгүй учир одоо болтол компьютерт харуулж чадаагүй. Т-ээс сэтгэл санаа бие мах бодь эрүүл мэндээрээ хохирсон учраас 20.000.000 /хорин сая/ төгрөг нэхэмжлэх болно. Намайг маш ихээр доромжилж нэр хүндийг маань гутаасан. Надад нэхэмжлэлтэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй. Би маш их гомдолтой байгаа. ...” гэх мэдүүлэг [2],
3.Насанд хүрээгүй гэрч С.М хэрэг бүртгэлтэд 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 02 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо 29-6 тоотод өглөө 10 цагийн үед ээж Сгийн хамт байхад манай хойд талын айлын хоёр эгч согтуу манай хашаа руу орж ирсэн. ...Манай нохой тэр хоёр эгч рүү дайрахад нэг эгч нь хүрз аваад манай нохойг цохих гээд дайраад байсан. Тэгээд ээж гэрийн цас буулгаж байгаад очиж нохойгоо барьсан. Тэгсэн чинь нэг эгч нь манай ээжийн толгой руу болон гар луу хүрзээр цохисон. Тэгээд манай ээж гэр лүүгээ яваад орсон, араас нь хүрзээр ээжийг цохисон шар үстэй туранхай эгч ээжийн араас манай гэр лүү орж ирээд ээжийн үснээс зулгаагаад ээжийг өшиглөөд байсан. Ээжийн толгойноос их цус гарч байсан. Тэр эгч ээжийг зодож байгаад гараад явсан. Тэр эгчийг явсны дараагаар ээж цагдаа дуудсан. Туранхай өндөр шар үстэй эгч л манай ээжийг зодоод байсан. Нөгөө хамт орж ирсэн бүдүүн эгч бол манай ээжийг зодоогүй болиоч гэж хэлээд зогсоод байсан. Т гэх эмэгтэйг танихгүй манай хойд талын хашаанд байдаг. Манай хашаагаар байнга гарч орж байдаг. ...” гэх мэдүүлэг [3]
4.Гэрч Р.Т-гийн мөрдөн байцаалтад 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн “... 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Т над руу залгаад хүрээд ирээч гэхээр нь гэрт нь орсон. Ж.Т ... манайх байшиндаа засвар хийх гэсэн юм, надад эмульс, гүрүнт хоёр авч ирээд өгөөч гээд 40.000 төгрөг өгсөн. Би захисан юмыг нь авч ирсэн. ...Хүүхэд нь гаднаас архи аваад орж ирсэн. Тэр архинаас ууж дуусгалгүй талд нь оруулаад орхисон. Т би таныг гаргаж өгье гээд ... урд талын айлын хашааг дамжиж гарсан. Уг хашаанд түр буусан С хашаагаар юу гэж дамжаад байгаа юм гээд нохойгоо туу гээд бид хоёр руу дайруулсан. Нохой нь Т рүү дайрахад тэр газраас тоосго аваад шидсэн, нохойг нь оноогүй. Энэ үед С гэрийн хаяанд байсан хүрз аваад бид хоёр руу шидсэн. Т хүрзийг нь шүүрч аваад толгой руу нь нэг удаа цохиод авсан. С, Т хоёр хоёулаа хэл амтай хэрүүлч хоёр байгаа юм. ...” гэх мэдүүлэг [4] ,
Түүний 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр дахин мэдүүлсэн “...Т бид хоёр Сгийн хашаагаар нь явж байхад С хүрз аваад бид хоёр луу дайрахад Т хүрзийг нь булааж аваад Сг цохисон. Би хүрзийг нь булааж аваад газар хаясан. Намайг бол цохисон зүйл байхгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Тэр үед Т нь архи уугаагүй эрүүл байсан. Тухайн үед Сгийн толгойноос цус гарч байсан. Хүрзээр цохисны дараа Т, С хоёр хэрэлдээд зууралдаад байсан болохоор хаана нь хэдэн удаа цохисныг мэдээгүй. Т бид хоёр Сгийн хашаагаар явж байхад нохой нь дайрахад нь Т чулуу авч шидээд, тэгээд С яагаад хашаагаар яваад байгаа юм нохой руу чулуу шидлээ гэж хэрүүл болсон. Тэгээд хэрүүл дунд С нь нохойгоо туу гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг [5],
5. Гэрч Б.Нгийн мөрдөн байцаалтад 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн “...Тухайн өдөр би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, 4 дүгээр хороог хариуцан ахлагч Б.Мөнхнасангийн хамт өглөөний 08 цагаас 19 цаг хүртэл машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд Сэлбэ 10-аас Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан овоо 29-06 тоотод эмэгтэй хүн хойд айлын эмэгтэй хүнд зодуулсан гэсэн дуудлагын дагуу очиход С гэх эмэгтэй хүн гарч ирээд манай хойд айлын эмэгтэй хүн миний толгой хэсэг рүү хүрзээр цохиод гэр лүүгээ орчихлоо гэсэн. Тэгээд хойд айлын эмэгтэйг дуудаж болсон явдлын талаар тодруулахад Т гэх эмэгтэй гарч ирсэн. Тухайн үед С, Т нар нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Юунаас болж хэрэлдэж маргалдсан талаар тодруулахад хашааны банзыг аваад онгойлгож хашаагаар орж гарснаас болсон гэж байсан. Дуудлаганд очиход энэ хоёр эмэгтэй гарч ирээд хоорондоо хэрэлдээд бие бие лүүгээ дайраад зууралдаад байсан. ...Тухайн үед Сгийн толгойноос цус гарсан байдалтай байсан. Өөр ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй. ...” гэх мэдүүлэг [6],
6. Гэрч Ц.А-ын мөрдөн байцаалтад 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн “...Т, С хоёр зодолдож хэн нь хэнийгээ зодсныг хараагүй. Цагдаа ирсний дараа Т над дээр ирээд С гэдэг хүүхэнтэй зодолсон гэж хэлж байснаа яваад өгсөн. Тээс тухайн үед архи үнэртэж байсан. Тэр хэргээс хойш 3-4 хоногийн дараа С нь толгойгоо боочихсон боолтоо солиуллаа гээд явж байсан. Хаана нь яаж гэмтсэнийг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг [7],
7.Гэрч Б.Д-гийн мөрдөн байцаалтад 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Би 26 дугаар хороо, 00 тоотод 2007 оноос эхлэн төрсөн ах Нын хамт амьдарч байна. Ц.С- нь манай хашаанд гэр барин амьдарч байгаад саяхан нүүсэн. ...” гэх мэдүүлэг [8]
8.Ж.Т-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байхад гаднаас хуурай эгч ЭнхТ- нь манайд ирээд намайг архинд яваад өгөөч гээд хэлэхээр нь өөрийн төрсөн хүү Г-ийг 780 дугаар худагны урд талд байдаг хүнсний дэлгүүр лүү явуулан нэг хараа архи авч ирүүсэн. Манай гэрт өөрийн нөхөр Б-тай хамт хувааж уусан. ЭнхТ- эгч нөхөр Б-тай хамт надаас мөнгө гаргуулан авахуулсан архиа хоёулаа юм ярьж сууж ууж байгаад өдрийн 14 цагт намайг гэрээс гаргаад өгөөч гэхээр нь гэрээсээ дагуулж гаргаад манай урд талын хашааны хаалга нь байнга онгорхой байдаг юм. Тэр хашаанд Батбаяр овогтой Н гэдэг байдаг. Нын хашаанд С гэх олон хүүхэдтэй эмэгтэй ирж буусан юм. Тэр өдөр ЭнхТ- эгчийг дагуулаад хашаагаар нь гарч явтал араас Сгийн нохой бид хоёр луу хуцаад дайрсан. Энэ үед С нь гэрээс гарч ирээд над руу барь гээд шууд нохойгоо тавьсан. Нохой нь бид хоёр луу дайраад ирэхээр нь би газар байсан улаан өнгийн бүтэн тоосго аваад нохой руу нь шидсэн. Энэ үед С цаанаа гартаа хүрз бариад над руу дайраад ирэхээр нь хүрзийг нь булааж аваад толгой руу нэг удаа цохисон. Дахин түүийг цохиогүй. Т- эгч над руу хандан “чи хүн аллаа шүү дээ” гээд миний гарт байсан хүрзийг булааж аваад цааш нь шидээд намайг аваад хашааны хаалгаар гарсан. Түргэн, цагдаа хоёр ирэхэд хажууд байсан. Түүнээс уучлалт гуйхад галын дэгээ төмрөөр миний баруун талын хөлийн арын булчин луу төмрөө зоосон. Би тухайн үед ямар нэгэн юм бодоогүй, төмрийг булааж аваад гэртээ орсон хойно хөлнөөс цус гарч байгаагаа мэдсэн. Сгийн охин нь манайд орж ирээд “та тогны мөнгөнөөс болоод ээжийг зодсон юм уу” гэхэд үгүй хүн гаргаж өгөөд явж байгаад ийм асуудал болсон гэж хэлсэн. Тухайн хэрэг явдал гарсны дараа би ЭнхТ- эгчийг гэрт нь оруулж өгөөд гэрээс өнхрүүш, багс хоёр аваад гудамжаар дээш өгсөж байхад 29-6 тоот хашааны үүдэнд 2053 УНҮ гэсэн дугаартай алаг тэрэгтэй хоёр цагдаа ирчихсэн, хашааны хаалга цохиод Сгийн гэр лүү орж байсан. Би үүдэнд нь хүлээж байхад цагдаа ороод удалгүй гараад ирэхээр нь хашааны үүдэнд уулзаад би энэ Стай маргалдсан хүн байна намайг наадах чинь согтуу байна гээд орилоод байна гэж хэлээд зосгож байхад С цагдаагийн хажууд намайг хоёроос гурван удаа цохиод авсан юм. Энэ үед цагдаа та холд дээгүүр тойроод ор гэж хэлсэн. Би тэгнээ гээд дээш өгсөн худгийн баруун талаар нь тойрч гараад арын гудамжаар гэр лүүгээ орж айлаас авсан эд зүйлээ гэртээ тавиад Сгийнд ороход хаалга нь цоожтой байсан. Хаалгыг нь цохиход хаалгаа тайлж өгсөн. Би гэрт нь ороод уучлалт гуйхад чам шиг юм ингэж уучлалт гуйдаггүй юм гээд галын дэгээ төмөр аваад миний баруун хөлийн булчин хэсэг рүү нэг удаа цохиод намайг түлхсэн. Би гарахдаа дэгээ төмрийг булааж аваад гараад явсан юм. Би толгойн тус газар нь хүрз бариад дайраад байхаар нь хүрзийг нь булааж аваад толгойн дээр нэг удаа цохиж авсан. ...” гэх мэдүүлэг [9]
9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0000 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн чамархай хэсэг мэс заслын 1 оёдол бүхий шархтай. Дагз хэсэгт 1 см тав тогтсон шархтай. Зүүн шууны дунд гадна хэсэгт мэс заслын 2 оёдол бүхий шархтай. Баруун мөрөнд 4х3см, баруун бугалганы гадна доод хэсэгт 7х4см, зүүн мөрөнд 6х7 см зүүн бугалганы гадна доод хэсэгт 4х2см хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай.
ДҮГНЭЛТ:
1.Ц.С-гийн биед зүүн чамархай, дагз, зүүн шуунд шарх, баруун мөр, буглага, зүүн мөр булганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой /шинжээч Б.Д/ ...” гэсэн дүгнэлт [10],
10.Шинжээч Б.Д-гээс мөрдөн байцаалтад 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн “...Ц.С-гийн биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийсэн. Үзлэгээр Ц.С- нь толгой өвдөнө, зүүн далаар өвдөнө гэсэн зовиуртай байсан. Хэсэг газрын үзлэгт зүүн чамархай, дагз, зүүн шуу мэс заслын оёдол бүхий шарх, баруун мөр, буглага, зүүн мөр зүүн буглаганд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь Шүүх шинжилгээний гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж байна. Ц.С-гийн зүүн чамархай, дагз, зүүн шуунд үүссэн мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт баруун мөр бугалга, зүүн мөр бугалганд үүссэн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
Үзлэгийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хийсэн. Тухайн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйл гэдэгт чулуу, мод гэх хурц иртэй зүйлээс бусад биет хамаарна. Хүрзээр цохиход гэмтэл үүсгэгдэх боломжтой. ...” гэх мэдүүлэг [11],
11. Хохирогч Ц.С-гаас хэрэгт ирүүлсэн “Тт зодуулсаны дараа биед үүссэн гэмтлийн талаар гэх” 9 ширхэг гэрэл зураг [12]
12. Шүүгдэгч Ж.Тийн иргэний үнэмлэхний лавлагаа [13], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас[14], Цагдаагийн ерөнхий газрын гомдол мэдээлэл, зөрчлийн талаарх асап сан дахь Ж.Тийн талаарх лавлагаа[15], Оршин суугаа хаягийн тодорхойлолт [16], Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “...Ж.Тийн нэр дээр өмчлөлтэй хөрөнгө бүртгэлгүй тухай...” лавлагаа[17], Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа [18], Ж.Тийн Хаан банкинд эзэмшдэг дансны 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга, Ж.Тийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар [19] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Тийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Ж.Т нь хувийн таарамжгүй харьцаа, өөрийн зан харьцааны улмаас 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоогийн 29-06 тоотод оршин суух иргэн Ц.С-тай “...нохойгоо хорьсонгүй...” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хүрзээр түүний толгой, мөр, шуун тус газруудад нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
-Хохирогч Ц.С-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн орчим гэртээ 9 настай Мөнгөнсолонго охиныхоо хамт байж байтал нохой ямар нэг зүйл рүү дайраад байхаар нь гараад хартал хойд айлын Т, Т- гэдэг эгчтэй хамт согтуу явж байсан. ...Т гэрийн гадна байсан модон иштэй том төмөр хүрз аваад хүрзээрээ ...миний зүүн талын мөрөн тус газарт 2 удаа, шуун тус газарт 2-3 удаа цохисон. ...толгой руу 2 удаа хүрзээр цохиход толгойноос цус гоожсон. Бид 2 барилцаж авсан чинь миний үснээс зуураад баруун гарыг самардсан зулгаасан. Миний үс маш их унасан. ...дахиад нохой хуцуулаад байсан. Гараад хартал Т “намайг айлын хашаанд амьдардаг балай янхан” гэж орилсоор хүрээд ирэхээр нь би “чиний хашаанд амьдраагүй” гэж хэлсэн чинь нохойны идүүр над руу шидээд зүүн талын далан тус газарт оносон. Намайг гэртээ ортол араас дагаж орж ирээд үснээс зулгаасан. ...толгойдоо 2 оёдол, зүүн гарын шуундаа 1 оёдол гэртээ тавиулсан. ...зүүн гарын мөр шуу хөхөрсөн байгаа. ...” гэх мэдүүлэг [20], түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
-Насанд хүрээгүй гэрч С.М хэрэг бүртгэлтэд 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн “...өглөө 10 цагийн үед ээж Сгийн хамт байхад манай хойд талын айлын хоёр эгч согтуу манай хашаа руу орж ирсэн. ...Манай нохой тэр хоёр эгч рүү дайрахад нэг эгч нь хүрз аваад манай нохойг цохих гээд дайраад байсан. ...ээж ... очиж нохойгоо барьсан. Тэгсэн …нэг эгч нь манай ээжийн толгой руу, гар луу хүрзээр цохисон. Тэгээд манай ээж гэр лүүгээ яваад орсон, ээжийг цохисон шар үстэй туранхай эгч ээжийн араас манай гэр лүү орж ирээд ээжийн үснээс зулгаагаад ээжийг өшиглөөд байсан. Ээжийн толгойноос их цус гарч байсан. Тэр эгч ээжийг зодож байгаад гараад явсан. ...Туранхай өндөр шар үстэй эгч л манай ээжийг зодоод байсан ...” гэх мэдүүлэг [21],
-Гэрч Р.Т-гийн мөрдөн байцаалтад 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн “...2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр ...Т би таныг гаргаж өгье гээд ... урд талын айлын хашааг дамжиж гарсан. Уг хашаанд түр буусан С хашаагаар юу гэж дамжаад байгаа юм гээд нохойгоо туу гээд бид хоёр руу дайруулсан. ...С гэрийн хаяанд байсан хүрз аваад бид хоёр руу шидсэн. Т хүрзийг нь шүүрч аваад толгой руу нь нэг удаа цохиод авсан. ...” гэх мэдүүлэг [22],
-Гэрч Б.Нгийн мөрдөн байцаалтад 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн “...Тухайн өдөр ...дуудлагын дагуу очиход С гэх эмэгтэй хүн гарч ирээд манай хойд айлын эмэгтэй хүн миний толгой хэсэг рүү хүрзээр цохиод гэр лүүгээ орчихлоо гэсэн. ...Тухайн үед Сгийн толгойноос цус гарсан байдалтай байсан.. ...” гэх мэдүүлэг [23],
-Ж.Тийн мөрдөн байцаалтад 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ...ЭнхТ- эгчийг дагуулаад хашаагаар нь гарч явтал араас Сгийн нохой бид хоёр луу хуцаад дайрсан. Энэ үед С нь гэрээс гарч ирээд над руу барь гээд шууд нохойгоо тавьсан. ...би газар байсан улаан өнгийн бүтэн тоосго аваад нохой руу шидсэн. ...энэ үед С цаанаа гартаа хүрз бариад над руу дайраад ирэхээр нь хүрзийг нь булааж аваад толгой руу нэг удаа цохисон. ...Т- эгч над руу хандан “чи хүн аллаа шүү дээ” гээд миний гарт байсан хүрзийг булааж аваад цааш нь шидээд намайг аваад хашааны хаалгаар гарсан. ...” гэх мэдүүлэг [24]
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0000 тоот дүгнэлт [25], хохирогч Ц.С-гаас хэрэгт ирүүлсэн 9 ширхэг гэрэл зураг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Харин шүүхээс 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг” [26]-ийг нотлох баримтаас хасч шийдвэрлэв.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор яллагдагчийн зөвшөөрснөөр, эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно” гэж заасан байхад мөрдөгч нь тус хэрэгт хохирогч Ц.С-гийн зөвшөөрснөөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл яллагдагчийн зөвшөөрснөөр эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулахаар хуульчилсан байхад хохирогчийн зөвшөөрснөөр уг ажиллагааг явуулсан нь хууль зүйн үндэслэлгүй тул 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг зэргийг нотлох баримтаас хасч шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Т гэм буруугийн талаар маргаагүй.
Хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Ж.Т нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохдоо гэм буруугийн талаар маргахгүй гэсэн тайлбарыг гаргасан.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Ж.Т нь айлын хашаагаар дамжин гарч байгаад “нохойгоо хорьсонгүй, нохойгоо туу гэж хэллээ” гэж хохирогчтой үл ойлголцсон асуудлаас болж маргалдаж, улмаар шүүгдэгч Ж.Т нь шууд санаатай үйлдлээр хохирогч Ц.С-гийн биед хүрзээр цохиж зүүн чамархай, дагз, зүүн шуунд шарх, баруун мөр, буглага, зүүн мөр булганд цус хуралт хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон ба хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тиймээс шүүгдэгч Ж.Тийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ц.С-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, сэтгэл санаа бие махбодь эрүүл мэндээрээ хохирсон учраас 20,000,000 төгрөг нэхэмжилнэ [27] гэж мэдүүлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн зардлын баримтыг хэрэгт ирүүлээгүй байна. Хэрэг үйл явдал болсны дараа шүүгдэгч Ж.Т нь хохирогч Ц.С-д 20.000 төгрөг өгсөн талаар шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь харилцан мэдүүлсэн. Харин сэтгэл санааны хохирлыг тооцож гаргах хуулийн зохицуулалт байхгүй тул хохирогчийн дээрх нэхэмжилсэн 20.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Т нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч нь шинжээчийн 2528 тоот дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,
шүүгдэгч Ж.Т нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчаас оногдуулж байгаа ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж мэтгэлцсэн.
Шүүхээс шүүгдэгч Ж.Тт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Т нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хувийн байдал буюу урьд ял шийтгэлгүй зэргийг, мөн эрхэлсэн ажилгүй, цалин хөлс, бусад орлогогүй, мөн эд хөрөнгийн бүртгэлгүй талаарх улсын бүртгэлийн лавлагаа зэргийг харгалзан түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
3.Бусад асуудлаар.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийнхэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овгийн Ж.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тийг 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ц.С-д энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 20.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Хохирогч Ц.С- нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтлийн улмаас учирсан хохирол, хор уршигийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал.
[2] Хавтаст хэргийн 89-90 дугаар тал.
[3] Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.
[4] Хавтаст хэргийн 20-22 дугаар тал.
[5] Хавтаст хэргийн 93 дугаар тал.
[6] Хавтаст хэргийн 98 дугаар тал.
[7] Хавтаст хэргийн 96-97 дугаар тал.
[8] Хавтаст хэргийн 94-95 дугаар тал.
[9] Хавтаст хэргийн 37-38 дугаар тал.
[10] Хавтаст хэргийн 25 дугаар тал.
[11] Хавтаст хэргийн 99 дүгээр тал.
[12] Хавтаст хэргийн 8-11 дүгээр тал.
[13] Хавтаст хэргийн 44 дүгээр тал.
[14] Хавтаст хэргийн 48 дугаар тал.
[15] Хавтаст хэргийн 68-79 дүгээр тал.
[16] Хавтаст хэргийн 46 дугаар тал.
[17] Хавтаст хэргийн 42 дугаар тал.
[18] Хавтаст хэргийн 40 дугаар тал.
[19] Хавтаст хэргийн 65-67 дугаар тал.
[20] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал.
[21] Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.
[22] Хавтаст хэргийн 20-22 дугаар тал.
[23] Хавтаст хэргийн 98 дугаар тал.
[24] Хавтаст хэргийн 37-38 дугаар тал.
[25] Хавтаст хэргийн 25 дугаар тал.
[26] Хавтаст хэргийн 91-92 дугаар тал.
[27] Хавтаст хэргийн 89-90 дугаар тал.