Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/00549

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/00549

 

 

Д.Батдуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/07026 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Батдуламын нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Оюунчимэгт холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 11 220 000 төгрөг гаргуулах,

Хариуцагчийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Баталгаа гэсэн бичгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ням

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Батдулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Оюунчимэгт өөрийн хүсэлт захиалгаар нь 2014 оны 4 дүгээр сард жолооч Амирдын Базараар 3 ширхэг 4 ханатай гэрийн цоохор мод /ширхэг 700 000 төгрөг/, 3 ширхэг 5 ханатай гэрийн цоохор мод /ширхэг 1 000 000 төгрөг/ бүгд 5 100 000 төгрөг, мөн 2014 оны 6 дугаар сард М.Оюунчимэг өөрөө ирж 4 ханатай гэрийн цоохор мод 7 ширхэг /ширхэг 350 000- 650 000 төгрөг/ бүгд 2 150 000 төгрөг, мөн 2014 оны 9 дүгээр сард жолооч Чинзоригоор 3 ширхэг 5 ханатай гэрийн цоохор мод /ширхэг 1 000 000/ төгрөг, бүгд 3 000 000 төгрөг, 650 000 төгрөгийн үнэтэй 4 ханатай гэрийн цоохор мод 1 ширхэг, мөн 2015 оны 5 дугаар сард Амарсайхан жолоочтой М.Оюунчимэг өөрөө ирж 5 ханатай гэрийн цоохор мод 2 ширхэг / ширхэг 1 000 000 төгрөг/ бүгд 2 000 000 төгрөг, нийт 12 900 000 төгрөгийн найдвартай зараад мөнгийг чинь өгнө гэж авч яваад, 11 220 000 төгрөгийг одоо хүртэл өгөхгүй намайг хохироож байна. Энэ гэрийн моднуудыг өөрөө ирж захиалж авчихаад одоо болохоор нас барсан нөхрөө хагасыг нь авсан гэж нас барсан хүн рүү чихэж байна. Нөхөр нь 2 жил шахам өвчтэй хэвтэрт байсан болохоор наймаа арилжаа хийх чадваргүй байсан. Нөхөр нь нас барахаасаа өмнө эхнэртээ чи тэр ядарсан Д.Батдулам модны мөнгийг өгөөч ээ гэж гуйж байсан байдаг. Иймд М.Оюунчимэгээс гэрийн цоохор моднуудын үлдэгдэл төлбөр болох 11 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Оюунчимэг шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Оюунчимэгийн талийгаач нөхөр Х.Эрдэнэбаттай нэхэмжлэгч Д.Батдулам нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 8 жилийн сургуульд нэг ангид сурч байсан, ангийн найз нөхөд юм. М.Оюунчимэг нь Д.Батдуламтай бизнесийн ажил хийж, худалдаа арилжаа, гэрээ хэлцэл хийж байгаагүй юм. Нэхэмжлэгч Д.Батдулам нь нэхэмжлэлдээ 2014 оны 4 дүгээр сард 5 100 000 төгрөгийн, 2014 оны 6 дугаар сард 2 150 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сард 3 650 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сард 2 000 000 төгрөгийн гэрийн модыг М.Оюунчимэг, Д.Батдуламаас өөрөө хүлээн авч мөнгө төгрөгийг өгнө гэж хэлцэл хийж авч явсан гэж бичжээ. Х.Эрдэнэбат 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нас барсан бөгөөд, нас барах хүртлээ Д.Батдуламтай өөрөө уулзаж гэрийн мод авахаар бол өөрөө хэлцлээ ярьж тохиролцдог, гэрийн модыг зарах ажлыг өөрөө эрхэлдэг байсан. 2 ширхэг 5 ханатай гэрийн цоохор модыг Д.Батдуламаас авч Амарсайхан жолоочийн портер машинаар авч ирж байсныг мэддэг юм байна. Энэ гэрийн модыг талийгаач зарж 950000 төгрөгийг Эрдэнэбат Оюунчимэгээр 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Хаан банк ХХК-аар Д.Батдуламын 5542046963 дансанд тушаагаад 2015 оны 6 дугаар сард мөн 400000 төгрөгийг нөхрийнхөө эгч одоо Өвөрхангай аймгийн төвд байдаг Цэцэгээгээр Мягмарсүрэнгийн эзэмшдэг харилцан дансанд хийлгүүлсэн байна. Х.Эрдэнэбат 2015 оны 7 дугаар сарын 10-нд нас барсан ба үүнээс хойно 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр талийгаач Д.Батдуламын гэрийн модноос зарагдаагүй үлдсэн 1 ширхэг 4 ханатай гэрийн модыг зарж мөнгийг нь явуулаарай гэж хэлсэн байсан учир энэ модыг дүү Бадамцэцэг нь 500000 төгрөгөөр зарж, Д.Батдуламын охин Туваансүрэнгийн Даариймаагийн Хаан банк 5542109801 дугаартай дансанд М.Оюунчимэг тушааж шилжүүлсэн. Үндсэндээ талийгаач Х.Эрдэнэбат нь 2015 оны 5 дугаар сард Д.Батдуламаас авсан гэрийн модыг зарж, мөнгийг нь шилжүүлж дууссан гэж үзэж болно. Учир нь Х.Эрдэнэбат нь өнгөрөхдөө зарж мөнгийг нь өгөөрэй гэсэн 4 ханатай модноос өөр гэрийн мод үлдээгүй, өр төлбөрийг өөрөө амьд ахуйдаа төлж дууссан юм байна. 2015 оны 5 дугаар сард авсан модноос өмнөх гэрийн модны тооцоо өр авлага хэлцлийн талаар М.Оюунчимэг мэдэхгүй юм. Талийгаач Х.Эрдэнэбат охин Гандуламдаа Д.Батдуламд 2014 онд 1 500 000 төгрөг, 2014 оны 7 дугаар 2 100 000 төгрөг, 2015 оноос 6 дугаар сард 950 000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн гэж хэлж бичүүлсэн байдаг. Мөн хүүхдэд нь 10 000 төгрөг, Д.Батдуламд 20000 төгрөг, эрээн бүтээлэг зуух янданд 150 000 төгрөгөөр авч өгч явуулсан, алтан загастай будаг 2 сав 160 000 төгрөгөөр, агааржуулагч гэрлийн утас 200 000 төгрөгөөр авч өгч явуулсан. 4 сав будгийг 128 000 төгрөгөөр авч өгч явуулсан 20000 төгрөг, 1 200 000 төгрөгийг мөн өгч байснаа хэлж охин Гандуламд тэмдэглүүлсэн байна. Д.Батдулам М.Оюунчимэгтэй хэлцэл гэрээ хийж эд хөрөнгө шилжүүлж байгаагүй. Д.Батдуламын нэхэмжилсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагчаар татагдвал зохих этгээд нас барсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Оюунчимэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Г.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Оюунчимэг 12 900 000 төгрөгийг Д.Батдуламд төлөхөөр бичигдсэн "Баталгаа" гэж хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Батдулам сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Би М.Оюунчимэгээс мөнгө нэхсэн боловч мөнгөө өгөхгүй удаа дараа худлаа ярьж, 2 машинаа зараад өгнө гэж хэлсэн атлаа машинаа зарчихаад мөнгөө өгөөгүй учраас Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан. 2014 оны 6 дугаар сард 4 ширхэг 4 ханатай 4 ханат, 3 ширхэг ханагүй 4 ханат 2 150 000 төгрөг, 2014 оны 8 дугаар сард 3 ширхэг 4 ханатай гэрийн мод 3 ширхэг 5 ханатай гэрийн мод 5 100 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сард жолооч Чинзоригоор өгсөн 3 ширхэг 5 ханатай мод 1 ширхэг, 4 ханатай мод 3 650 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сард Амарсайхан жолоочоор ачиж явсан 2 ширхэг 5 ханатай гэрийн цорхор мод 2 000 000 төгрөг, нийт 12 900 000 төгрөг өгөөгүй байна. Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар М.Оюунчимэг бид хоёрыг дуудаж мэдүүлэг авсан. Тэгтэл М.Оюунчимэг намайг дуудаад "хоёулаа тохиролцъё" гэсэн. Би өмгөөлөгчтэйгээ очиход Тулга гэх залуу М.Оюунчимэгээс мөнгө авна гээд зогсож байсан. Би М.Оюунчимэгийг айлгаж сүрдүүлсэн зүйл байхгүй, өөрөө баталгаа бичиж өгсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Оюунчимэгээс 5 150 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Батдуламд олгож, нэхэмжлэлээс 6 070 000 төгрөгийн шаардлага болон хариуцагчийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Баталгааг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 194 500 төгрөг, хариуцагчаас төлсөн 221 350 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч М.Оюунчимэгээс 97350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Батдуламд олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдолдоо:

...М.Оюунчимэгийг Д.Батдуламаас гэрийн мод худалдан авч байсан Худалдан-худалдан авах гэрээ-ний харилцаа үүссэн гэж үзэж хариуцагчаар тооцож түүнээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэж буй нь хэргийн материалд цугларсан нотлох баримтыг үнэлэхгүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалсан нэг талд үйлчилсэн шийдвэр гарлаа гэж үзэж байна. 2014-2015 оны турш 12 900 000 төгрөгийн үнэ бүхий 19 ширхэг гэрийн мод авсан гэж шүүх үзэж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан, бодит үйл баримт, нотолгоонд үндэслээгүй дүгнэлт шийдвэр боллоо. М.Оюунчимэг өөрөө гэрийн мод Д.Батдуламаас хэзээ ч гуйж зээлж ярилцаж авч байгаагүй. Хэрэв М.Оюунчимэгтэй Худалдах-худалдан авах гэрээ хийдэг байсан юм бол түүнийг нотлох бичгийн нотлох баримт юу байна вэ? Шүүх үндэслэлдээ нэхэмжлэгчийн 2014 оны зун дөрвөн ханатай гэрийн мод 3 ширхэг, 5 ханатай гэрийн мод 3 ширхэг худалдсан болохыг гэрч нотолсон, хариуцагч баримтаараа няцаагаагүй гэжээ. Эрдэнэбат М.Оюунчимэг хоёр нэг гэр бүлийн эхнэр нөхөр хоёр нэг дор нэг гэрт амьдарч байгаа хүмүүсийн хэнд нь гэр өгч, худалдуулж байгааг тэр гэрч мэдэх нь эргэлзээгүй. Тэгээд ч Эрдэнэбат Д.Батдуламд төлбөр мөнгөө хэрхэн яаж өгч авсныг эхнэр нь болох бичиг үсэггүй М.Оюунчимэг мэдэхгүй, мэдэх шаардлага ч байгаагүй. Нэхэмжлэгч Д.Батдулам өмгөөлөгч Ням нар М.Оюунчимэгийн бичиг үсэг мэдэхгүйг далимдуулан талийгаач Эрдэнэбатад өгсөн нэхэж буй бүх өр авлагаа гэрийн модны мөнгийг ширхэглэн бичиж, мөнгийг төлүүлэх үүрэг авахуулсан Батламж гэрээ байгуулж М.Оюунчимэгээр гарын үсэг зуруулсан байх ба шүүх М.Оюунчимэгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, түүний гаргасан баталгааг үндэслэн төлбөр ноогдуулсан гэж үзэж байна. М.Оюунчимэгээс 5 150 000 төгрөг гаргуулах шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Д.Батдуламын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Батдулам нь хариуцагч М.Оюунчимэгт холбогдуулан гэрийн модны үнэ 11 220 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргаж, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Баталгаа гэсэн бичгийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Талууд маргааны зүйл болж буй гэрийн мод өгч, авсан асуудлаар маргаж, нэхэмжлэгч Д.Батдулам нь хариуцагчийг 12 900 000 төгрөгийн үнэ бүхий гэрийн модыг авсан гэсэн, хариуцагч М.Оюунчимэг нь талийгаач нөхрийнх нь нэхэмжлэгчээс авсан гэрийн модны үнийг төлж дууссан гэсэн зөрүүтэй тайлбаруудыг гаргасан байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалттай нийцсэн байна.

 

Талуудын хооронд гэрийн мод худалдах-худалдан авах талаар болон уг гэрээний зүйлийг шилжүүлсэн бичиг баримт байхгүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Батдулам нь би Д.Амирдаабазараар хариуцагч М.Оюунчимэг гэрийн мод хүргүүлж байсан гэсэн тайлбар, гэрч Д.Амирдаабазар нь 2014 оны 7 дугаар сарын 20-ны үеэр 5 ханатай гэрийн мод 3 ширхэг, 4 ханатай гэрийн мод 3 ширхэгийг М.Оюунчимэгт хүргэж ирсэн гэсэн мэдүүлэг, хариуцагч М.Оюунчимэгийн би Амарсайхан жолоочтой хамт очиж 2 ширхэг 5 ханатай гэрийн мод авсан гэсэн тайлбартай харьцуулан үзэхэд хариуцагч М.Оюунчимэг 2 ширхэг 5 ханатай гэрийн модыг өөрөө биечлэн 3 ширхэг 5 ханатай гэрийн модыг гэрч Д.Амирдаабазараар дамжуулан нэхэмжлэгчээс хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин анхан шатны шүүх гэрч Д.Амирдаабазарын мэдүүлэгт үндэслэн 3 ширхэг 5 ханатай гэрийн модноос гадна, хариуцагч М.Оюунчимэгийн 4 ханатай 3 ширхэг гэрийн модыг хүлээж авсан гэж дүгнэсэн нь дээрх нотлох баримтуудтай нийцэхгүй байна гэж үзлээ.

 

Шүүхэд гэрч Д.Амирдаабазар 3 ширхэг 4 ханатай гэрийн мод хүргэж ирсэн гэж, гэрч Х.Бадамцэцэг талийгаач 4 ханатай 1 ширхэг гэрийн модны үнийг өгөөгүй гэж хэлж байсан гэсэн илт зөрүүтэй мэдүүлгийг гаргаж, уг байдал нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байхад шүүх гэрч Х.Бадамцэцэгийн мэдүүлгийг дүгнээгүй орхигдуулсан атлаа гэрч Д.Амирдаабазарын мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, хариуцагчийг 3 ширхэг 4 ханатай гэрийн модны үнийг төлөөгүй гэж дүгнэж 1 500 000 /3 500 000/ төгрөгийг гаргуулахаар шийвэрлэсэн нь зөрчилтэй болсон байна.

 

Ирэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлийг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Д.Батдулам хариуцагч М.Оюунчимэгээс 4 ханатай 3 ширхэг модны үнэ гаргуулах шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

Хуульд зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хариуцагч М.Оюунчимэг нь худалдан авсан 5 ханатай гэрийн модны үнийг Иргэний хуулийн 234.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Батдулам нь төлүүлэх үүрэгтэй юм.

 

Анхан шатны шүүх талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн баримтыг үндэслэн 1 ширхэг 5 ханатай гэрийн мод 1 000 000 төгрөгийн үнэтэй байсан гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй тул худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан гэж үзнэ.

 

Хариуцагч М.Оюунчимэг нь гэрийн модны үнийг талийгаач нөхөр төлж барагдуулсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар нотлогдоогүй байна.

 

Харин хариуцагч М.Оюунчимэг нь нэхэмжлэгч Д.Батдуламын дансанд 950 000 төгрөг, нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр охин Т.Даариймаагийн дансанд 500 000 төгрөг шилжүүлснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй, уг байдал нь мөнгө шилжүүлсэн дансны хуулга, гэрч Т.Даариймаагийн мэдүүлгээр тогтоогдсон тус тус тогтоогдсон тул хариуцагчийн гэрээний дагуу төлбөл зохих 5 000 000 төгрөгөөс түүний төлсөн 1 450 000 төгрөгийг хасч үлдэх 3 550 000 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч тухайн маргаанд хамааралтай хуулийн зүйл заалтыг оновчтой баримтлаагүй байна.

 

Хариуцагч М.Оюунчимэг нь Баталгаа гэсэн талуудын хооронд хийгдсэн бичгийн хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч чи мөнгөний хэрэгт орох гээд байна гэхээр нь гарын үсэг зурсан. Би бичиг үсэг мэддэгүй тул тухайн баримт дээр юу бичсэнийг мэдэхгүй гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хууль зөрчиж үйлдсэн гэсэн агуулгаар гаргасан байхад шүүх Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний хувьд оновчтой биш болсон байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул уг үндэслэлээр сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.

 

Учир нь дээрх бичгийн баримтыг зохигчид цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа үйлдсэн, ноцтой төөрөгдсөн, хууран мэхлэгдсэн, хүч хэрэглэж хийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндсэлэлээ хууль зөрчсөн гэсэн агуулгаар тайлбарласан байна.

 

Талууд Баталгаа гэсэн бичгийн баримтад бичсэн зүйлийн талаар маргаж, уг баримтад 12 900 000 төгрөгийг төлөх тухай бичигдсэн нь хариуцагчийн хүсэл зориг биш байсан гэсэн тайлбарыг хариуцагч гаргаж, нэхэмжлэгч хариуцагчийг 12 900 000 төлөхийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул анхан шатны шүүх уг баримтыг Иргэний хэрэг шүүэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй, үнэн зөв баримт гэж үзээгүйг буруутгах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт орлуулж, энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 101/ШШ2016/07026 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг гэснийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 5 150 000 төгрөг гэснийг 3 550 000 төгрөг , 6 070 000 төгрөг гэснийг 7 670 000 төгрөг гэж,

 

Шийдвэрийн 2 дахь заалтын 97350 төгрөг гэснийг 71750 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч М.Оюунчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97350 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ц.ИЧИНХОРЛОО