| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0450/Э |
| Дугаар | 460 |
| Огноо | 2018-06-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 460
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттулга,
улсын яллагч Д.Ууганцэцэг,
шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн “Б-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О-д холбогдох эрүүгийн 000000000 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц.О Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр 000 суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, 00 боловсролтой, 0000 мэргэжилтэй, “000-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 12-18 насны 3 хүүхдүүдийн хамт 00 дугаар хороо,
000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, (0000000).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга
Ц.О нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хороо, 00000 тоотод иргэн Э.Ц-той маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О-аас: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 000000000 дугаартай хэргээс:
1.Хохирогч Э.Ц-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн “...Би 00минутын үед би өөрийн гэр болох 000 тоотод гэртээ байж байтал хүн хаалга нүдээд өшиглөөд байхаар нь би хаалгаа онгойлгож өгөхөд манай охин Б-ийн найз залуу болох Ц.О 43 настай эрэгтэй хүн согтуу байдалтай гэрт орж ирээд хэл амаар доромжлоод манай охины гэр дотор байсан өлгүүрт хатааж байсан хувцсыг нь авч ураад байхаар нь би уурлаад чи одоо боль гэр оронд орж ирээд гэж хэлэхэд намайг гарах уу гээд гаръя гэхэд дагуулж гараад миний зүүн нүд рүү гараараа цохиод авсан. Яагаад хэл амаар доромжилж цохих болсныг сайн мэдэхгүй байна. Гэрт орж ирээд л миний охиныг гичий, янхан, жингэрээр нь дуудаад хувцасыг нь ураад байхаар нь би боль гэхэд цохиод авсан. О-тай манай охин гэр бүлийн баталгаа байхгүй, албан ёсны нөхөр биш, зүгээр л найзлаад 1 жил арай хүрээгүй байгаа юм. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. ...” гэх мэдүүлэг [1]
-Хохирогч Э.Ц-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дахин мэдүүлсэн “..000 цагийн орчимд намайг гэртээ ачтайгаа цуг байж байтал гаднаас О согтуу орж ирээд хүүхдийн хувцас ураад байсан. Би тэгэхлээр нь “чи яаж байнаа” гэтэл “яадаг юм” гээд агсраад байхаар нь би хөөгөөд чирээд гаргатал миний нүд рүү цохисон. Тэгээд зугтаагаад явчихсан. Миний биед тухайн гэмтлийг О гараараа цохиж учруулсан. Тухайн өдөр Оаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. О гараараа нүүр лүү 1 удаа цохисон. Гэрт согтуу ирээд “хүүхдийн хувцас урлаа” гээд маргалдаад намайг цохисон. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг [2],
2.Ц.О хэрэг бүртгэлтэд яллагдагчаар 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн орчимд найз О-той 10 дугаар хороололд уулзаад гэрт нь орж 1 пиво, 0.75 хэмжээтэй архи хоёулаа уусан. Тэгээд цааш нь санахгүй байна. Нэг мэдсэн чинь Ц намайг гэрээсээ гаргаад куртик урчих шиг болсон, өөр юм санахгүй байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, юу ч санахгүй байна. Юугаар цохисноо санахгүй байна. Тэр өдрөөс хойш Ц-той уулзаагүй. ...” гэх мэдүүлэг [3]
3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 0000 тоот дүгнэлтийн
“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд зовхинд бүдэг хөх өнгийн цус хуралттай, зүүн хөмсгөнд 0,5x0,4см няцарсан шархтай, шархнаас цус гарсан хавдсан. Зүүн доод 5-р шүд хөдөлгөөн орсон.
ДҮГНЭЛТ:
1. Э.Ц-ийн биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, нэг шүдний хөдөлгөөн оролт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба зүүн хөмсөгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Нэг шүдний хөдөлгөөн оролт нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Ш.Ц/ ...” гэсэн дүгнэлт [4]
4.Ц.О-ын иргэний үнэмлэхний лавлагаа [5], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [6], Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт [7], Ц.О-ын “Хаан” банкинд эзэмшдэг дансны хуулга [8], Ц.О-ын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар [9], Ц.О-ын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар [10] зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.О-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 00 тоотод иргэн Э.Ц-той маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
-Хохирогч Э.Ц-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн “...000 минутын үед би өөрийн 000 тоотод гэртээ байж байтал хүн хаалга нүдээд өшиглөөд байхаар нь би хаалгаа онгойлгож өгөхөд манай охин Б-ийн найз залуу Ц.О ...согтуу байдалтай гэрт орж ирсэн. Хэл амаар доромжлоод манай охины гэр дотор байсан өлгүүрт хатааж байсан хувцсыг нь авч ураад байхаар нь чи одоо боль гэр оронд орж ирээд гэж хэлсэн. ...намайг гарах уу гээд гаръя гэхэд дагуулж гараад миний зүүн нүд рүү гараараа цохиод авсан. ...” гэх мэдүүлэг [11],
-Хохирогч Э.Ц-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр дахин мэдүүлсэн “...О согтуу орж ирээд хүүхдийн хувцас ураад байсан, ...би хөөгөөд чирээд гаргатал миний нүд рүү цохисон....” гэх мэдүүлэг [12],
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 0000 тоот дүгнэлт [13] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.О нь гэм буруугийн талаар маргаагүй.
Хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Ц.О нь гэм буруугийн талаар маргахгүй гэсэн тайлбарыг гаргасан.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Ц.О-ыг үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тиймээс шүүгдэгч Ц.О-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн зардлыг нэхэмжлээгүй, холбогдох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн шүүхээс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирогчоос гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй гэж мэдэгдсэн байх тул хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.О-ын цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,
шүүгдэгч Ц.О шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2 хүүхдийн сургуулийн төлбөр төлдөг, мөн замын компанид жолоочоор сарын 800,000 төгрөгийн цалинтай ажилд орсон тул торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцсэн.
Шүүхээс шүүгдэгч Ц.О-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.О нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуульд торгох ял оногдуулахдаа шүүгдэгчийн цалин хөлс, хөрөнгө, бусад орлого зэргийг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ц.О нь тогтмол ажил эрхэлдэг, цалин хөлсийг тодорхойлсон гэх нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгчийн саналыг хүлээн авах боломжгүй байна. Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан түүнд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
3.Бусад асуудлаар.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.О-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ыг 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шилжиж ирээгүйг, хохирогч Э.Ц нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Ц.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] Хавтсаст хэргийн 9-10 дугаар тал.
[2] Хавтаст хэргийн 6-8 дугаар тал.
[3] Хавтаст хэргийн 18-20 дугаар тал.
[4] Хавтаст хэргийн 14 дүгээр тал.
[5] Хавтаст хэргийн27, 39 дүгээр тал.
[6] Хавтаст хэргийн 38 дугаар тал.
[7] Хавтаст хэргийн 52 дугаар тал.
[8] Хавтаст хэргийн 29-32 дугаар тал.
[9] Хавтаст хэргийн 53 дугаар тал.
[10] Хавтаст хэргийн 53-54 дүгээр тал.
[11] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал.
[12] Хавтаст хэргийн 6-8 дугаар тал.
[13] Хавтаст хэргийн 14 дүгээр тал.