Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/1259

 

 

 

 

  2024             11             27                                          2024/ДШМ/1259

 

Н.Б д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

хохирогчийн өмгөөлөгч Н.Одонтуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/1067 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2303 00711 0059  дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.Б  нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18  цаг 40 минутын орчимд Замд урд замд Тоёота стима маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. 3/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах, 10.14. Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ухрахдаа скүтэртэй зорчиж явсан Г.С мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокуророос: Н.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г “Сонгинохайрхан” дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Б эс сэтгэцэд учирсан хор уршигт 7.150.000 төгрөгийг, эрүүл мэндийн зардалд 996.586 төгрөгийг, нийт 8.146.865 төгрөгийг гаргуулан хохирогч Г.С-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.С нь гэмт хэргийн улмаас гарсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 ширхэг компакт дискийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Миний бие 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Ч ” дугаар байрны өмнөх зогсоолоос ухрах араандаа хийгээд зогсож байхад иргэн Соёлмаа нь явган хүний замын хойд хэсгээр маш хурдтай ирж машины баруун талын гэрлийг скүүтерийн гараар мөргөсөн. Бие нь машинд огт хүрээгүй, газарт унаагүй байж унасан гэж худлаа мэдүүлээд байгаад гомдолтой байна.

Өмнө нь шөрмөс сунасан гэсэн оноштой мөн “Гэмтэл”-т 2023 оны 04 дүгээр сарын 26-нд үзүүлж байсан, 2024 оны 03 дугаар сард “Гэгээн манал” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан байдаг. Би хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа.

Миний бие хорт хавдартай, нөхөр маань хүний гарт нас барсан. Одоо хүртэл хэрэг нь шийдвэрлэгдээгүй бөгөөд би 5 хүүхэдтэй өрх толгойлсон хөгшин хүн. Сэтгэл санааны хувьд С-с илүү хохирч байна. Хүнд өвчтэй байж цагдаагийн байгууллагад бүтэн жил байцаагдсан, энэ хэргээс болж эд хөрөнгөөрөө ч маш их хохирч байна. Одоо эрүүл мэндийн хувьд хүнд байдалтай зүрхний судас нарийссан гэх оноштой болсон.

Би хохирогчид тийм их мөнгө төлж чадахгүй, одоогоор талийгаач нөхрийнхөө ажил явдлаар зээлсэн мөнгөө ч төлж чадахгүй байхад хүний өмнө авсан гэмтлийг үүрч төлбөр төлөх ёсгүй, тухайн өдөр хохирогчийг эмнэлэгт үзүүлсэн ба ямар ч гэмтэлгүй байсан.

Мөн камерын бичлэг байгаа ба эмч “хэдхэн сарын өмнөх гэмтэл болохоор шинэ гэмтэл” гэсэн байсан. С нь миний машиныг ирж мөргөөд ямар ч гэмтэл аваагүй ба гэмтээгүй гэдгийг би баттай хэлж чадна. С нь “би тэр өдөр анх удаа скүүтер унаж үзсэн” гэж өөрөө ярьж байсан. Скүүтерын байгууллагаас “тухайн скүүтерт гэмтэл учраагүй” гэх бичиг авагдсан байгаа. Мөн 2023 оны 3, 4 дүгээр сард гэмтсэн талаарх эмчийн тодорхойлолтыг нь гаргуулж авмаар байна. Иймд энэ бүгдийг үнэн зөвөөр хянан шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Н.Одонтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...Өмнө нь гэмтэл авч байгаагүй байдаг. ...” гэв.

 

Прокурор Б.Одонтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн 2 удаагийн дүгнэлт болон анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмчийн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэлтэй холбоотой гаргаж өгсөн баримтууд зэргээр осол болсон өдөр биед нь учирсан гэмтлийн зэрэг тогтоогдсон гэж үзээд гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.Б-н гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Н.Б  нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18  цаг 40 минутын орчимд Замд урд замд Тоёота стима маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. 3/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах, 10.14. Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ухрахдаа скүтэртэй зорчиж явсан Г.С мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 6,10 тал/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1хх 13/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 14-16/, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13575 дугаартай шинжээчийн “...Г.С-н биед бүсэлхийн 4, 5 дугаар нугалмын мөгөөрсөн цагаригийн урагдал, бүсэлхийн 5, ууцны 1 дүгээр нугалмын зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх 31-32/, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дахин шинжээчийн дүгнэлт гарсан ба 140 дугаартай шинжээчийн “...Г.С-н биед бүсэлхийн 4, 5 дугаар нугалмын мөгөөрсөн цагаригийн урагдал, бүсэлхийн 5, ууцны 1 дүгээр нугалмын зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна...” /1хх 37-39/, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Гэгээн манал” эмнэлэгт хэвтэн эмчлэх бичиг “...Мөр, нуруу өвдөнө. Зүүн гар өргөж чадахгүй, ...эмийн ба эмийн бус эмчилгээ...” оноштой эмчийн дүгнэлт /1хх 44/, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дүрслэл оношилгооны хариу /1хх 40/, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт Г.С-н үзүүлсэн гэх “Харьяа дүүргийн гэмтлийн эмнэлгийн эмчийн хяналтад үзүүлж байх, ...Хэвтрийн дэглэм барих, ...Биеийн ерөнхий байдлыг ажиглах, ...КТГ толгой буюу толгойн томограф авхуулах” эмчийн бичиг /1хх 44 ар/, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Эмчийн үзлэгийн хуудас-Үндсэн онош-“зоо нурууны өвдөлт”, “...хоёр толгойт булчингийн тендинит” /1хх 51-53/, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Мөнгөн гүүр” эмнэлэгт толгойн томографийн оношилгооны баримт /1хх 45/, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 72-77/, сэтгэцэд учирсан хохирлыг аргачлалаар маягтын загвараар танилцуулсан баримт     /1хх 90/, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Бриллиант” эмнэлэгт эмчлүүлж байгаагүй гэх бичиг /1хх 153/, 1 дүгээр хавтаст хэргийн ар талд авагдсан бичлэг бүхий 6 ширхэг сиди,

хохирогч Г.С-н “...би явган хүний замаар скүүтертэй явж байтал гэнэт тээврийн хэрэгсэл гарч ирээд мөргөсөн. ...жолооч нь нэг эгч байсан ба цагдаа, эмч дуудаагүй, намайг машиндаа суулгаад шууд гэмтлийн эмнэлэг явсан. ...Эмнэлэг явах замдаа цагдаад дуудлага өгөөд хэрэггүй гээд байсан. ...Эмнэлэгт очсон хойноо миний эмээ гэж худлаа хэлсэн. ...тэгээд би эгчдээ мэдэгдэж, эгч маань цагдаад мэдэгдсэн...” /1хх 19-20/,

шинжээч эмч Б.Сэргэлэнгийн “...“Бриллиант” эмнэлэгт эмнэлгийн онош дээр дүгнэлт гаргаагүй...” /1хх155/,

иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.С-н “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.С нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн сангаас 260.400 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байх тул Н.Б эс гаргуулах саналтай байна...” /1хх 23-24/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Шүүх, шүүгдэгч Н.Б-н авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Н.Б  нь “...Бие нь машинд огт хүрээгүй, газарт унаагүй байж унасан гэж худлаа мэдүүлээд байгаад гомдолтой байна. ...Би хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа. ...Миний бие хорт хавдартай, ...эрүүл мэндийн хувьд хүнд байдалтай зүрхний судас нарийссан гэх оноштой болсон. Би хохирогчид тийм их мөнгө төлж чадахгүй, ...тухайн өдөр хохирогчийг эмнэлэгт үзүүлсэн ба ямар ч гэмтэлгүй байсан. Мөн камерын бичлэг байгаа ба эмч “хэдхэн сарын өмнөх гэмтэл болохоор шинэ гэмтэл” гэсэн. ...Мөн 2023 оны 3, 4 дүгээр сард гэмтсэн талаарх эмчийн тодорхойлолтыг нь гаргуулж авмаар байна. Иймд энэ бүгдийг үнэн зөвөөр хянан шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Н.Б-н давж заалдах гомдолд дурдагдсан “хохирогч Г.С нь өмнө нь гэмтэл авч байсан” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин 1 дүгээр хавтаст хэргийн ар талд авагдсан сидиний бичлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх хуралдаанд гаргасан шинжээчийн мэдүүлэг /1хх15-16/, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 140 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх37-39/ зэрэг баримтуудаар шүүгдэгч нь тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно”, мөн заалтын 3-д “тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах”, 10.14-д “Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж аюулгүй байдлаа хангалгүйгээр тээврийн хэрэгслийг ухраах үйлдэл хийн зөвшөөрөлгүй зам талбайд нэвтэрсний улмаас хохирогч Г.С-д хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдож байна.

Түүнчлэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/152, А/366 дугаар хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалт”-д шүүгдэгчийн “...Миний бие хорт хавдартай, ...эрүүл мэндийн хувьд хүнд байдалтай зүрхний судас нарийссан гэх оноштой...” гэх эрүүл мэндийн шалтгаан бүхий давж заалдах гомдлын энэхүү хэсэг нь дээрх өвчний жагсаалтад хамаарахгүй байх тул анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчлөх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтаар шүүгдэгч Н.Б эс 7.150.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.С-н сэтгэцэд учирсан хор уршигт олгуулахаар шийдвэрлэснийг зөвтгөх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтан буюу мөрдөгчийн эрхийг мөн хуулийн 6.2 дугаар зүйлд заасан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх чиг үүргийг уг хуулийн холбогдох бүлгүүдэд (6-8, 11-16, 21-32 г.м) тодорхойлон зохицуулжээ.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадлагаа гаргаж болно” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадлагааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон хэдий ч дээрх хуулиар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоох талаар хуульчлаагүй байна.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Түүнчлэн, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан болно.

Дээрхи хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.

Түүнчлэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.”, 2.1.5.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэж зохицуулсан байна.

Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч... танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус зааж тодорхойлсон байна.

Гэвч тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогч Г.С-н сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад сэтгэцэд учирсан хор уршгийг хүлээн зөвшөөрсөн мөрдөгчийн танилцуулсан маягтаар /1хх90/ анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 7.150.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна.

Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг дээр дурдсан хууль болон журамд заасны дагуу гүйцэтгэсний эцэст хохирлыг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтын хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол гаргуулсан хэсэгт хохирогч Г.С нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой хохирол төлбөрийг Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шүүгдэгч Н.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/1067 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/1067 дугаартай шийтгэх тогтоолын:

5 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Б эс сэтгэцэд учирсан хор уршигт 7.150.000 төгрөгийг, эрүүл мэндийн зардалд 996.586 төгрөгийг, нийт 8.146.865 төгрөгийг гаргуулан хохирогч Г.С-д олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Б эс эрүүл мэндийн зардалд 996.586 төгрөгийг гаргуулан хохирогч Г.С-д олгож, хохирогч Г.С нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой асуудлаа Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/1067 дугаартай шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА 

 

                         ШҮҮГЧ                                   М.АЛДАР 

 

                                           ШҮҮГЧ                                  Б.АРИУНХИШИГ