Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2026/0609

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М******* ш******* ХК /РД:******/,

Хариуцагч: Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох Дулаан хангалтыг зогсоох тухай мэдэгдлийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохтой холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******, О.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч М******* ш******* ХК-аас Иргэний нисэхийн ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/1323 тоот Дулаан хангалтыг зогсоох тухай мэдэгдлийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох.

 

Хоёр. Маргааны үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.М******* ш******* ХК болон Н******* У и э ХХК-иудын хоронд 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах гэрээ, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дулааны эрчим хүчээр хангах гэрээг тус тус нэг жилийн хугацаатай байгуулсан.

2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Гэрээ дүгнэсэн акт-аар талууд гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлсэн гэж үзэн цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээний 6.3, Дулааны эрчим хүчээр хангах гэрээний 9.7 заалтуудыг үндэслэн талууд гэрээний хугацааг дахин нэг жилээр сунгахаар тохиролцсон.

2.2.М******* Улсын Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар хуралдаанаар Нисэх буудлын өргөтгөлийг Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх асуудлыг 2025 оны II дугаар улиралд багтаан судалж, танилцуулахыг Зам тээврийн сайд Б.Д, Сангийн сайд Б.Ж нарт даалгасан.

2.3.Зам тээврийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын VII.Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлыг яаралтай хуралдуулж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор танилцуулах.

Мөн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын VIII.Чингэс хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн ажлын хүрээнд карго тээврийн 2 байгууллагын газрыг чөлөөлөх ажлыг яаралтай зохион байгуулж, хэрэгжилтийг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор танилцуулах үүрэг даалгавар өгсөн.

2.4.М******* Улсын Зам тээврийн сайдын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 03/3346 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ...улс, эх орны эрх ашгийг хүндэтгэн үзэж, агаарын замын Чингэс хаан боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд төлөвлөгдөж буй тус нисэх буудлын цаашдын өргөтгөлийн барилга угсралтын ажлыг удаашруулахгүй байх үүднээс дээр дурдсан нэгж талбарт газар чөлөөлөх ажлыг хуулийн хугацаанд яаралтай зохион байгуулж ажиллахыг үүгээр мэдэгдэж байна.

Мөн М******* ш******* ХК болон Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга нарын хоронд 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээ-ний 7.1-т Газар ашиглагчийн газар ашиглах эрх дуусгавар болгоход хуульд өөрөөр заагаагүй бол уг этгээдийн газар дээрх барилга байгууламж бусад эд хөрөнгө өмчлөх этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно гэж заасны дагуу газар ашиглах эрх болон эд хөрөнгө ашиглах эрх дуусгавар болсныг мэдэгдэв.

Чингэс хаан олон улсын нисэх буудлын цаашдын өргөтгөлийн төлөвлөлттэй давхцахгүй байршилд дээр дурдсан нэгж талбарын зориулалтын дагуу хэмжээг дүйцүүлэн газар ашиглахыг тус яамнаас татгалзах зүйлгүй болно.

2.5.Иргэний нисэхийн ерөнхий газраас маргаан бүхий 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/1323 дугаар Дулааны хангалтыг зогсоох тухай албан бичгээр ...Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга болон М******* ш******* ХК нарын хоронд 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээ (хугацаа 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон)-ний 7.1-т Газар ашиглагчийн газар ашиглах эрх дуусгавар болгоход хуульд өөрөөр заагаагүй бол уг этгээдийн газар дээрх барилга байгууламж бусад эд хөрөнгө өмчлөх этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно гэж, мөн гэрээний 7.3-т хуулийн хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол тухай шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна гэж тус тус заажээ.

Иймд тус байгууллагуудын дулааны хангамжийг 2025 оны 08 дугаар сард багтаан зогсоох талаар холбогдох арга хэмжээг авч, эргэн мэдэгдэнэ үү гэж Н******* У и э ХХК-ийн гүйцэтгэх захиралд хүргүүлсэн.

2.6. Н******* У и э ХХК-аас 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн EG-DA/1076 дугаар Ус, дулаан хангалтыг зогсоох тухай албан бичгээр Иргэний нисэхийн ерөнхий газраас чиглэл өгсний дагуу танай байгууллагад үзүүлж буй ус, дулаан хангамжийн үйлчилгээг 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон зогсоохыг мэдэгдсэн.

2.7.Нэхэмжлэгчийн зүгээс 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 03/641 дугаар албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хороо, мөн өдөр 03/642 дугаар албан бичгээр Хот, суурин ус хангамж, ариутгал татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороонд тус тус гомдол гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй бөгөөд дээд шатны байгууллага болох Иргэний нисэхийг ерөнхий газраас 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/1323 тоот Дулаан хангалтыг зогсоох тухай мэдэгдлээ өөрчлөөгүй тохиолдолд ус, дулаанаар хангах боломгүй учраас мэдэгдлийг илт хууль бус захиргааны акт болохыг гэж маргадаг.

2.8.Хариуцагчийн зүгээс Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт "Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно." гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Иймд "Н******* У и э*******" ХХК нь хангагч байгууллагын хувьд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглах гэрээний хугацаа дууссан, эсхүл газар ашиглах эрхгүй этгээдэд газар дээрх барилга байгууламжийг ашиглах үйлчилгээгээр хангах нь хууль зөрчсөн үйлдэл болохоор байна.

Нэгэнт газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон тул газар дээрх барилга байгууламжаа ашиглах эрхийг хэрэгжүүлэх, түүнийг шаардах эрх зүйн үндэслэл М******* ш******* ХК-д байхгүй байна.

Иймд "Н******* У и э*******" ХХК-ийн М******* ш******* ХК-нд үзүүлж байсан зарим төрлийн үйлчилгээгээ зогсоосон явдал нь Иргэний нисэхийн ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/1323 дугаартай албан бичгийг хэрэгжүүлсэн үйл явдал биш бөгөөд Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангасан байна гэж тайлбарладаг.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: 1.Дээрх акт нь нэхэмжлэгч "М******* ш*******" ХК-д чиглэсэн шууд үр дагавар бий болгож буй тухай:

Иргэний нисэхийн ерөнхий газар нь "Н******* У и э*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/1323 тоот мэдэгдэлдээ манай байгууллагыг шууд нэрлэн зааж, манай байгууллагын Эрчим хүчний тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дагуу хууль ёсоор, гэрээний үндсэн дээр ус, дулааны хэрэглээгээр хангагдаж буй эрх зүйн байдлыг хөндсөн, ус, дулааны хэрэглээг зогсоосон үр дагаврыг шууд бий болгосон.

"Н******* У и э*******" ХХК нь манай байгууллагад 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн EG-OA/1076 тоот мэдэгдэл ирүүлсэн бөгөөд тус мэдэгдэлд Иргэний нисэхийн ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/1323 тоот "Дулаан хангалтыг зогсоох тухай" мэдэгдлийн дагуу манай байгууллагын ус, дулааны хэрэглээг 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон таслах болсныг мэдэгдсэн.

Манай компанийн зүгээс "Н******* У и э*******" ХХК-д 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 05/630, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 03/649 тоот албан бичгүүдээр хуулийн дагуу ус, дулаанаар хангаж өгөх хүсэлтийг хүргүүлсэн боловч шийдвэрлэж өгөөгүй бөгөөд дээд шатны байгууллага болох Иргэний нисэхийн ерөнхий газраас 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/1323 тоот шийдвэрээ өөрчлөөгүй тохиолдолд ус, дулаанаар хангах боломжгүй байгаа хариуцсан албан тушаалтнуудынх нь зүгээс албан бусаар манайд мэдэгдсэн.

Мөн гомдол шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудаас манай байгууллагыг хуулийн хүрээнд ус, дулаанаар хангахыг "Н******* У и э*******" ХХК-д даалгасан боловч шийдвэр тус байгууллагын дээд шатны байгууллага болох Иргэний нисэхийн ерөнхий газрын дээрх шийдвэрээс хамааран өнөөдрийг хүртэл биелэгдээгүй хэвээр байна.

"М******* ш*******" ХК-ийн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд байрлах Улс хоорондын ш******* ялган боловсруулах төв нь Иргэний нисэхийн ерөнхий газрын дээрх захиргааны актын улмаас дулаангүй болж өвлийн улиралд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон тул 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс үйл ажиллагаагаа зогсоон У хот Чингэлтэй дүүрэг, 1-р хороонд байрлах Төв ш*******гийн байранд түр хугацаанд нүүлгэн шилжүүлэлт хийгээд байна.

2.Тус захиргааны акт Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус байх ямар шинжийг агуулсан тухай:

Иргэний нисэхийн ерөнхий газар 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/1323 тоот "Дулаан хангалтыг зогсоох тухай" захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6 дахь хэсэгт заасан шинжээр илт хууль бус захиргааны актад хамаарч байна гэж үзэж байна.

Учир нь Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт "Эрчим хүчээр хангагч нь хууль тогтоомжид заасан, орон нутгийн удирдлага, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон хуулийн байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлахыг хориглоно", мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-32.2.6 дахь хэсэгт эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нөхцөлүүд"-ийг, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт "Хангагч хууль тогтоомж, гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлах, энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан техникийн нөхцөл олгохоос үндэслэлгүйгээр татгалзахыг хориглоно", 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсгүүдэд хэрэглэгчийн цэвэр усны хэрэглээ, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйл ажиллагааг хязгаарлах буюу зогсоох нөхцөлүүдийг тус тус заасан байдаг.

Иргэний нисэхийн ерөнхий газарт Эрчим хүчний тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар хэрэглэгчийн ус, дулааны хэрэглээг хязгаарлах чиг үүрэг, эрх хэмжээ олгогдоогүй болно.

Мөн тус мэдэгдэлд М******* Ш******* ХК нь газар чөлөөлөөгүй тул тус байгууллагын ус, дулааны хэрэглээг зогсоох тухай дурдсан байдаг. Газрын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах, газар чөлөөлөх тухай шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргах байтал Иргэний нисэхийн ерөнхий газар нь хууль зөрчиж манай байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газар чөлөөлөх шийдвэр гаргаж, түүнийгээ биелүүлээгүй гэх үндэслэлээр манай байгууллагын ус, дулааны хэрэглээг тасалж байгаа нь хууль бус үйлдэл бөгөөд манай байгууллагын зүгээс эрх ашгаа хамгаалах, гомдол гаргах эрхэд халдсан үйлдэл байхаас гадна Газрын тухай хуулийн дагуу нөхөн төлбөрийн асуудал шийдвэрлэгдээгүй байхад ямар ч нөхөн төлбөрийн баталгаагүйгээр манай байгууллагыг газар чөлөөлөхийг шаардсан, өөрийн хууль бус шийдвэрийг биелүүлэх зорилгоор манай байгууллагын ус, дулааны хэрэглээг хязгаарласан илт хууль бус захиргааны акт юм.

...ус, дулааны хэрэглээг хязгаарласан үйлдэл болон гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тодруулга гаргах нь:

Тус захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6 дахь хэсэгт заасан шинжээр илт хууль захиргааны актад хамаарч байна гэж үзэж байна.

Дээр дурдсан Эрчим хүчний тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дагуу "Н******* У и э*******" ХХК-д манай байгууллагын ус, дулааны хэрэглээг хязгаарлах эрх зүйн үндэслэл байгаагүй бөгөөд үүнийг нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01/592 тоот мэдэгдэл, Төв аймгийн Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаар мэдэгдлээр тус тус тогтоон хариуцагч байгууллагад хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг даалгасан байдаг.

Хариуцагч байгууллага нь гомдол шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байгаа бол хуулийн дагуу гомдлоо дээд шатны байгууллага, шүүхэд гарган асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой байхад шийдвэрийг хүлээн авснаас хойш өнөөдрийг хүртэл гомдол гаргаагүй хэр нь шийдвэрийг биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/1323 тоот мэдэгдэлд "М******* Улсын Засгийн газар болон Япон Улсын Засгийн газар хоорондын харилцан шийдвэрээр дээрх улсын тусгай хэрэгцээний газар дээр "Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн ажлыг 2026 оны II улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөөд байна. Тус өргөтгөл хийх улсын тусгай хэрэгцээний газартай М******* ш******* ХК-ийн барилгын газар давхцаж байгаа бөгөөд 2025 онд багтаан чөлөөлж, барилга байгууламжийг нүүлгэн шилжүүлэх шаардлага үүссэн, газар чөлөөлөх мэдэгдлийг тус компанид хүргүүлсэн боловч газар чөлөөлөх ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа" талаар дурдсан байдаг.

"М******* ш*******" ХК нь Газрын тухай хууль, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах тухай М******* улсын Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу хуулийн дагуу газар ашиглаж, тухайн газар дээр өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн тул Газрын тухай хуулийн дагуу нөхөн олговрын асуудал шийдвэрлэгдээгүй, эрх бүхий байгууллагын зүгээс манай байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгоогүй байхад газар чөлөөлөх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч байгууллагыг хууль бус үйлдэл хийхийг шаардсан хариуцагч байгууллагын манай байгууллагын ус, дулааны хэрэглээг хууль бусаар хязгаарлаж буй үйлдэл, эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу захиргааны илт хууль бус актад хамаарахаар байна.

3.Хариуцагч байгууллага болох "Н******* У и э*******" ХХК-ийг захиргааны байгууллага гэж үзэж буй эрх зүйн үндэслэлийн тухай:

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэгт үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа"-г захиргааны байгууллага гэж ойлгоно гэж заасан.

"Н******* У и э*******" ХХК нь Төв аймгийн Сэргэлэн сум Хөшигтийн хөндийд байрлах Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын нутаг дэвсгэрт эрчим хүчээр хангагч байгууллага бөгөөд Эрчим хүчний тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг эрчим хүчний байгууллага юм.

Чингис хаан олон улсын нисэх онгоцны талбайд үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллагууд тус компаниас эрчим хүчээр хангагддаг бөгөөд М******* ш******* ХК нь тухайн байршилд байрлах ялган боловсруулах төвийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхдээ тухай байгууллагаас техникийн нөхцөл авч, тус техникийн нөхцөлийн дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгсний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус байршилд өөр эрчим хүчээр хангагч байгууллага байхгүй тул үйлчилгээг нь заавал авч байж уйл ажиллагаагаа явуулах боломжгүй буюу эрчим хүчээр хангагч өөр байгууллагатай гэрээ байгуулах боломжгүй юм.

Иймд тус байгууллага нь хэдийгээр хувийн эрх зүйн хуулийн этгээд боловч, Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу ус, дулаанаар хэрэглэгчийг хангах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулдаг, тус үйл ажиллагааг хуулийн дагуу зохицуулдаг, тус байршилд үйлчилгээг нь хэрэглэгч заавал хэрэглэх үйл ажиллагааныхаа хүрээнд захиргааны байгууллагад хамаарч байгаа болно.

4."....Олон улсын ш*******гийн илгээмж ялган боловсруулах цогцолбор төвийг ус, дулаанаар хангахыг даалгах шаардлагын хүрээнд хариуцагч байгууллагаар ямар байгууллагыг тодорхойлж байгаа тухайд:

Тус төв нь Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хариуцагч "Н******* У и э*******" ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 14/24-30/14 тоот "Дулааны эрчим хүчээр хангах гэрээ", мөн өдрийн 05/24 тоот "Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах гэрээ"-г тус тус байгуулан талууд гэрээг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дүгнэн гэрээний зөрчилгүй гэж дүгнэн, тус гэрээнүүдийг дахин нэг жилийн хугацаагаар сунгахаар шийдвэрлэсэн байдаг.

Хариуцагч байгууллага болох "Н******* У и э*******" ХХК нь хууль бус үндэслэлээр гэрээний үүргээ биелүүлэлгүй ус, дулааны хэрэглээг хязгаарласан бөгөөд тухайн үйлдэл нь хууль бус болохыг хуулийн дагуу гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас тогтоож хариуцагч "Н******* У и э*******" ХХК-д холбогдох мэдэгдлийг хүргүүлсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт "холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол" Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргахаар заасны дагуу нэхэмжлэгч байгууллагын зүгээс ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа тул "М******* ш*******" ХК-ийн Төв аймгийн Сэргэлэн сум, Хөшигтийн хөндий, Чингис хаан нисэх онгоцны буудалд байрлах Олон улсын ш*******гийн илгээмж ялган боловсруулах цогцолбор төвийг ус, дулаанаар хангахыг "Н******* У и э*******" ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

3.2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлалын үндэслэлдээ: М******* ш******* ХК-иас гаргасан "Иргэний нисэхийн ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/1323 тоот дулаан хангалтыг зогсоох тухай" мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Захиргааны ерөнхий хуульд 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно" гэж заасан Иргэний нисэхийн ерөнхий газар нь дээрх хуульд заасанчлан нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан шийдвэр гаргаагүй бөгөөд Эрчим хүчний тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, түүнтэй холбоотой аливаа шийдвэр гаргагч байгууллага биш, үйл ажиллагаа нь Иргэний нисэхийн тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/1323 дугаартай "Дулаан хангалтыг зогсоох тухай" албан бичиг нь аливаа хуульд заасан эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан шийдвэр биш бөгөөд М******* Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх М******* Улсын Засгийн газар болон Япон Улсын Засгийн газар хоорондын харилцан шийдвэрээр "Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн ажлыг 2026 оны II дугаар улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөсөнтэй холбоотойгоор өргөтгөлийн ажлыг хийх барилга байгууламжийн төлөвлөлтөд байршлын хувьд давхцаж, хуульд заасан газар ашиглах гэрээний хугацаа дууссан М******* ш******* ХК-ийн газрыг чөлөөлөх талаар Зам, тээврийн яамнаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах зорилгоор хүргүүлсэн албан бичиг байна.

Тодруулбал: Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт "Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно." гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Иймд "Н******* У и э*******" ХХК нь хангагч байгууллагын хувьд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглах гэрээний хугацаа дууссан, эсхүл газар ашиглах эрхгүй этгээдэд газар дээрх барилга байгууламжийг ашиглах үйлчилгээгээр хангах нь хууль зөрчсөн үйлдэл болохоор байна.

Нэгэнт газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон тул газар дээрх барилга байгууламжаа ашиглах эрхийг хэрэгжүүлэх, түүнийг шаардах эрх зүйн үндэслэл М******* ш******* ХК-д байхгүй байна.

Иймд "Н******* У и э*******" ХХК-ийн М******* ш******* ХК-нд үзүүлж байсан зарим төрлийн үйлчилгээгээ зогсоосон явдал нь Иргэний нисэхийн ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/1323 дугаартай албан бичгийг хэрэгжүүлсэн үйл явдал биш бөгөөд Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангасан байна. гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭЛ:

 

Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл:

4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн хариу тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.2.Энэхүү маргаанд хэргийн оролцогч талуудын зүгээс маргаж буй гол асуудал нь М******* ш******* ХК-ийн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд байрлах Улс хоорондын ш******* ялган боловсруулах төвийн дулаан хангалтыг зогсоох чиглэл өгсөн Иргэний нисэхийн ерөнхий газрын үйлдэлтэй холбоотой асуудал байна.

4.3.Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Алсын хараа 2020" М******* Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд, 2024-өөс 2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 4 дүгээр зүйлийн 4.6.7-д "Олон улсын карго тээврийн логистикийн төв болгож, ачааны төвлөрөл бий болгоно" гэж заасны дагуу Төв аймгийн Сэргэлэн сумд болон "М******* ш*******" хувьцаат компанийн зүгээс Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн олон улсын ш*******гийн илгээмжийг боловсруулах, мөн гаалийн хяналтад оруулах цогцолбор төвийг байгуулсан байдаг. Тус төв нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаатай байсан бөгөөд У хотын Олон улсын шинэ нисэх буудлын газар ашиглалтын төлөвлөгөөний 25/Б дугаарт буюу анхны төлөвлөгөөнд батлагдсан байсан тул Зам тээврийн яамны 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 09/5143 тоот, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03/6497 тоот албан бичиг, мөн Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/537 тоот газар ашиглах захирамжийн дагуу нийт 5,276 м.кв талбай бүхий газрыг ш*******гийн илгээмжийн үйлчилгээний зориулалтаар хууль ёсны дагуу ашиглаж байсан. Хууль ёсны дагуу ашиглаж байсан газар дээр олон улсын ш*******гийн илгээмжийг ялган боловсруулах төвийг барьсан байдаг. Тухайн төвд үйл ажиллагаа явуулж байгаа байршлаас харгалзан үзэж, тухайн нутаг дэвсгэрт дулаан болон цахилгааны эрчим хүчээр хангагч байгууллага болох "Н******* У И Э*******" ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Дулааны эрчим хүчээр хангах гэрээ, мөн 05/24 тоот цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах гэрээг тус тус байгуулж, талууд хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллаж ирсэн. "Н******* У И Э*******" ХХК нь эрчим хүчээр хангагч байгууллага, "М******* ш*******" ХК нь тус гэрээний дагуу үйлчилгээ авагч байгууллага байсан. Ингээд тухайн гэрээг талууд 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дүгнэж, гэрээний зөрчилгүй буюу "М******* ш*******" ХК ямар нэгэн гэрээний зөрчил, хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гаргаагүй гэж үзэж, гэрээг дахин нэг жилийн хугацаагаар сунгахаар шийдвэрлэсэн байдаг. Гэвч Иргэний нисэхийн ерөнхий газраас 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/1323 тоот мэдэгдэл ирснээр "Н******* У И Э*******" ХХК-ийн зүгээс 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн НГОА-1076 тоот ус, дулааныг зогсоох мэдэгдэл ирсэн байдаг. Тус мэдэгдэл нь яг Иргэний нисэхийн ерөнхий газраас ирүүлсэн маргаан бүхий захиргааны актад дурдсан агуулгатай ижил байна. Иргэний нисэхийн ерөнхий газраас ирүүлсэн чиглэлийн дагуу танай байгууллагад үзүүлж байгаа ус, дулааны үйлчилгээг 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгох тухай мэдэгдэж байна гэсэн агуулга бүхий албан тоот ирүүлсэн байдаг. Бидний зүгээс "Н******* У И Э*******" ХХК-аас ирүүлсэн албан бичигт тус мэдэгдлийг хүлээн авах боломжгүй, хууль тогтоомж болон талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу ус, дулааны үйлчилгээгээр үргэлжлүүлэн хангаж өгөхийг хүсье гэж хариу мэдэгдсэн. "Н******* У И Э*******" ХХК нь дээд шатны байгууллага болох Иргэний нисэхийн ерөнхий газраас тодорхой чиглэл, ус, дулааны үйлчилгээгээр хангах тухай мэдэгдээгүй тохиолдолд танайхыг хангах боломжгүй гэдэг хариуг ирүүлж байсан. Ингээд тухайн байршилд үйл ажиллагаа явуулж байсан объектын ус, дулааны хангамжийг тухайн мэдэгдэлд заасан хугацаагаар буюу 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр зогсоосон нь манай байгууллагыг хууль ёсоор гэрээний үндсэн дээр ус, дулааны хэрэглээгээр хангагдаж байсан эрх зүйн байдлыг хөндөж, ус, дулааны хэрэглээг зогсоосон шууд эрх зүйн үр дагаврыг үүсгэсэн байдаг. Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-ээс 32.2.6 дахь заалтуудад эрчим хүчээр хангагч нь ямар тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг хязгаарлах, түдгэлзүүлэх нөхцөлүүдийг тус тус заасан байдаг. Мөн Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, мөн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэгт хэрэглэгчийн хэрэглээг ямар тохиолдолд хязгаарлах вэ гэдэг нөхцөлүүдийг дурдаж тус тус заасан байна. Эдгээр хуулиудад заасан үндэслэлүүдэд дурдсанчлан, хууль зөрчсөн үйлдэл, эсвэл гэрээний үүрэг зөрчсөн үйлдлийг нэхэмжлэгчийн зүгээс гаргаагүй байхад, зөвхөн Иргэний нисэхийн ерөнхий газраас ирүүлсэн чиглэлийн дагуу танай байгууллагын үйлчилгээг зогсоохоос өөр аргагүй байна гэдгээр нэхэмжлэгчийн эрх ашгийг шууд хөндсөн... гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Иргэний нисэхийн ерөнхий газар нь Иргэний нисэхийн тухай хуульд заасан иргэний нисэхийн хяналт зохицуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч, М******* Улсын Засгийн газрын тохируулагч агентлагийн статустай бөгөөд М******* Улсад иргэний нисэхийн чиглэлээр гэрчилгээжүүлэх, үнэмлэхжүүлэх, зөвшөөрөл олгох, ерөнхийдөө түүнтэй холбоотой зохицуулалт, хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм..., Зам тээврийн сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, газар чөлөөлүүлэхтэй холбоотой үүрэг даалгаврыг биелүүлэх хүрээнд явж байгаа...,газар чөлөөлөхтэй холбоотой сайдаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх зорилгоор хүргэгдсэн албан бичиг...гэв

4.4.Харин нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Иргэний нисэхийн ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/1323 тоот Дулаан хангалтыг зогсоох тухай албан бичгээр ...М******* Улсын Засгийн газар болон Япон Улсын Засгийн газар хоорондын харилцааны шийдвэрээр дээрх улсын тусгай хэрэгцээний газар дээр Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн ажлыг 2026 оны II дугаар улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөөд байна...,М******* ш******* ХК-ийн карго терминалын барилгын газрыг 2025 онд багтаан чөлөөлж, барилга байгууламжийг нүүлгэн шилжүүлэх шаардлага үүссэн тухай мэдэгдлийг тус компанид 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн боловч одоог хүртэл газар чөлөөлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна...,тус байгууллагуудын дулааны хангалтыг 2025 оны 08 дугаар сард багтаан зогсоох талаар холбогдох арга хэмжээг яаралтай авч, эргэн мэдэгдэнэ үү... гэх агуулгатай холбогдуулан шүүхээс цуглуулсан М******* Улсын Зам, тээврийн яамны яамны 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 03/3346 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт ...баригдсан объект нь тус нисэх буудлын цаашдын өргөтгөлийн төлөвлөлттэй давхцаад байна, ...газар чөлөөлөх ажлыг хуулийн хугацаанд яаралтай зохион байгуулж ажиллахыг үүгээр мэдэгдэж байна..., Чингис хаан олон улсын нисэх буудлын цаашдын өргөтгөлийн төлөвлөлттэй давхцахгүй байршилд дээр дурдсан нэгж талбарын зориулалтын дагуу хэмжээг дүйцүүлэн газар ашиглуулахад тус яамнаас татгалзах зүйлгүй болно... гэж М******* ш******* ХК-д мэдэгдсэн бол Зам тээврийн сайдын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар шуурхай хуралдаанаас ...Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн ажлын хүрээнд карго тээврийн 2 байгууллагын газрыг чөлөөлөх ажлыг яаралтай зохион байгуулж, хэрэгжилтийг танилцуулах (ИНБЗГ, ИНЕГ, ХХНОБ ТӨХХЗ 2025.08.15 дотор) үүрэг даалгавар өгсөн байна.

4.5.Харин дээрх албан бичгүүдээр хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт нэхэмжлэгч М******* ш******* ХК-ийн үйл ажиллагааг дулааны хангалтыг зогсоох байдлаар албадлагын арга хэмжээ хэрэглэх чиглэл, үүрэг даалгаврыг өгсөн зүйлгүй байхад тус байгууллагаас ...Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга болон нэхэмжлэгч компани хоорондын байгуулсан газар ашиглах гэрээг дуусгавар болсныг тодорхойлон, улмаар цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах болон Дулаан,эрчим хүчээр хангах үйлчилгээг зогсоох чиглэл өгч, хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан албан шаардлагыг Н******* У и э******* ХХК-ийн гүйцэтгэх захиралд хүргүүлэн, тус байгууллагаас уг албан шаардлагыг биелүүлэн хэрэгжүүлсэн байгаагаас үзвэл маргаан бүхий акт нь эрх зүйн ямар нэг зохицуулалтад огт тулгуурлаагүй, маргаан үйл баримтад хамаарах газар чөлөөлөх тухайн харилцаанд агуулгын хувьд илэрхий хамааралгүй үйлдлийг гүйцэтгэхийг шаардаж, зорилгыг ноцтой гажуудуулсан шинжтэй үйлдэл гаргасан гэж шүүх үзлээ.

4.6.Учир нь хариуцагч байгууллагын хувьд Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах; эрхийг хэтрүүлэн хэрэгжүүлсэн байна.

4.7.Дээрх хэтрүүлсэн үйлдэл нь М******* Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Эрчим хүчний тухай, Зөвшөөрлийн тухай, Хот, суурины ус, хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчин, нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь Төв аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаар М******* ш******* ХК-ийн гомдлыг шийдвэрлэн хуулийн дагуу ажиллах тухай, Улсын ахлах байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11-30-02/059-035 Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай, Хот, суурины ус, хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01/592 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай шаардлага болон М******* Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3/2951 Хариу хүргүүлэх тухай зэрэг албан бичгээр тогтоогдсон.

4.8.Өөрөөр хэлбэл маргаан бүхий актын улмаас хүний анхдагч хэрэгцээ болох цэвэр, бохир усны болон дулааны хэрэглээд авч чадахгүйд хүрсэн байна.

4.9.Иймээс шүүхээс дээр дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий актаар газар чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхдээ ...дулаан хангалтыг зогсоох арга хэмжээг хөшүүргэ болгон шаардсан үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5.хууль бус үйлдэл, ...гүйцэтгэхийг шаардсан; 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу захиргааны илт хууль бус актын шинжийг агуулсан гэж шүүх дүгнэж байх тул Иргэний нисэхийн ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/1323 тоот Дулаан хангалтыг зогсоох тухай мэдэгдлийн М******* ш******* ХК-ийн дулааны хангалтыг 2025 оны 08 дугаар сард багтаан зогсоох талаар холбогдох арга хэмжээг яаралтай авч, эргэн мэдэгдэнэ үү холбогдох хэсэг илт хууль бус акт байх бөгөөд хууль зүйн үндэслэлгүй болно.

4.10.Эцэст нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллага биш..., Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасны дагуу Зам, тээврийн яаманд хандах ёстой байсан, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй... хэмээн маргах боловч хэргийн үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/660 тоот бичгээр Зам тээврийн сайд Б.Дд хандаж байсан, шүүхээс маргаан бүхий актыг хууль зүйн үндэслэл, акт гарах болсон үндсэн зорилго бүхий үйл ажиллагааг хянуулахаар хандсан ч маргаан бүхий асуудлыг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны хүрээнд шийдвэрлэгдэнэ гэж үзээгүй тул хүсэлтийг хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 106.3 дэх хэсэг, 106.3.2, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М******* ш******* ХК-аас Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний нисэхийн ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/1323 тоот Дулаан хангалтыг зогсоох тухай мэдэгдлийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид нөхөн олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР