Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/01978

 

 

 

З.Номундарийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/01591 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: З.Номундарийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Жигүүр гранд групп ХХК-д холбогдох,

 

1 696 812 333 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 1 382 575 060 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Борхүү,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Батбаатар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Батхаан,

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Урангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Номундарь нь Жигүүр гранд групп ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 327,69 м.кв барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулсан, уг гэрээгээр 327,69 м.кв талбайн нийт үнэ нь 1 055 162 ам.доллар болсон. Жигүүр гранд ХХК нь барилга ашиглалтад оруулах хугацааг 3 жилээр хэтрүүлж 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зөвхөн түлхүүр хүлээлгэн өгсөн. Гэтэл хүлээлгэн өгсөн энэ талбайг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Голдан морган ХХК-иар орон сууцандаа хэмжилт хийлгэхэд 225,28 м.кв гэж гарсан. Уг дүгнэлтэд хариуцагч талаас маргаж шүүхээс хариуцагчийн хүсэлтийн дагуу Тоонто гранд ХХК-нийг томилсон болно. Тоонто гранд ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлтээр уг талбайг 226,06 м.кв гэж гарсан болно. Энэ нь гэрээнд заагдсан хэмжээнээс 101,63 м.кв-аар бага болно. Энэ дүнг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ханшаар тооцон үзвэл нийт 795 973 274 төгрөг болж байна. Мөн Тоонто гранд ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлтээр агааржуулалтын тоноглолын өрөөг 17,92 м.кв гэж гаргасан болно. Уг дүнг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ханшаар тооцон үзвэл нийт 140 350 694 төгрөг болж байна. Жигүүр гранд ХХК нь гэрээнд заагдсан м.кв-ийн хэмжээнээс дутуу орон сууцыг захиалгаар барьж хэрэглэгчдийг хохироосоор байгаа үйлдэл нь Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар биет байдлын доголдол тул зөрүү 795 973 274 төгрөгийг иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 мөн хуулийн 353.2, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар шаардлага гаргаж байна. Мөн гэрээнд заагдсан өрөөнөөс өөр зориулалтын бус өрөө буюу Гэгээнтэн барилгын техник хангамжийн хөргөлтийн өрөөг манай объектод оруулж тооцсон бөгөөд энэ тоноглолын өрөөний мөнгөн дүн болох 140 350 694 төгрөгийг 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний үлдэгдэл төлбөр болох 55 162 ам.долларт буюу 131 171 635 төгрөгт харилцан тооцуулж үлдэгдэл 6 179 059 төгрөг гаргуулах. Нийт талбайн зөрүү төлбөр 802 152 333 төгрөгийг шаардаж байна. З.Номундарь нь Жигүүр гранд ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 327,69 м.кв барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулсан, уг гэрээгээр 327,69 м.кв талбайн нийт үнэ нь 1 055 162 ам.доллар болсон. Жигүүр гранд ХХК нь барилга ашиглалтад оруулах хугацааг 3 жилээр хэтрүүлж 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зөвхөн түлхүүр хүлээлгэн өгсөн хэдий ч нэхэмжлэгчийн зүгээс улсын комисс барилга хүлээж авсан өдөр буюу 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон алданги тооцох нь хууль зүйн үндэслэлтэй шударга ёсны зарчимд нийцүүлсэн болно. Улсын комисс барилга хүлээн авахаас өмнө 800 000 мянган ам.долларыг нэхэмжлэгчийн зүгээс төлсөн. Уг төлбөрийн мөнгөнөөс алданги тооцсон болно. Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.3-д заасныг удирдлага болгон 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх 465 хоногоор хэтэрсэн хугацаагаар бодон нийт 894 660 000 төгрөгийн алданги тооцож нэхэмжилж байна. Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 болон 3 дугаар зүйлийн 3.3-д заасны дагуу нэг хоногийн алданги 1 924 000 төгрөг болно. Иймд талбайн зөрүү 802 152 330 төгрөг, алданги 894 660 000 төгрөг нийт 1 696 812 333 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Жигүүр гранд групп ХХК нь захиалагч З.Номундарьтай 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулан, Хан-Уул дүүргийн 15-р хорооны Зайсангийн гудамжинд орших Гэгээнтэн цогцолборын үйлчилгээний барилгын 3 дугаар давхарт 327,69 м.кв талбайг 1 055 162 ам.доллараар /1м.кв-3220 ам.доллар/ тооцон захиалгыг авсан байдаг. Гэрээг анхлан хийх үеэс эхлэн захиалагч З.Номундарь нь биечлэн ирэлгүй, түүний эгч Ч.Эрдэнэтуяа нь түүнийг төлөөлөн бүх үе шатанд оролцон явсаар байсан бөгөөд, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ч.Эрдэнэтуяагийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу манай байгууллагаас түүнийг удаан хугацаанд Жигүүр гранд групптэй хамтарч ажиллаж байгаа, олон удаагийн худалдан авалт хийсэн, байнгын захиалагч /үлдэгдэл төлбөрөө яаралтай төлнө/ зэргийг нь харгалзан давхрын өөрчлөлт хийх хүсэлтийг нь хүлээн авч, үнийн хөнгөлөлт эдлэх хүсэлтийг нь бүрэн шийдвэрлэж ямар нэгэн нэмэгдэл төлбөр авалгүй, 1м.кв-3220$-р тооцож 3 давхраас 2 давхар луу шилжүүлсэн байна. Тухайн үед 3 давхрын 1 м.кв-ын тариф 3250-3300 ам доллар, харин 2 давхрын тариф 3450-3500 ам.доллар байсан. Захиалагч З.Номундарь нь гэрээгээр тохиролцсон төлбөрийг графикт хугацаандаа төлөлгүй хоцроож байсан хэдий ч манай байгууллагын зүгээс ямар нэгэн алданги тооцолгүй, хүлээцтэй хандсаар байсан төдийгүй, түүний эгч Ч.Эрдэнэтуяа болон түүний гаргасан хүсэлтийн дагуу барилгын хана шилжүүлэлт, нураалт хийн, дотоод зохион байгуулалтыг олон удаа өөрчлөн, сантехникийн төлөвлөлтгүй газарт крант гарган, холболт хийж захиалагчийн хүсэлтүүдийг бүрэн гүйцэтгэж байсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ гүйцэтгэгч барилгыг 3 жилээр хоцроож өгсөн хэмээн бичсэн байна. Захиалагч төлбөрөө хугацаандаа төлөөгүй байснаас шалтгаалан 2014 оны 3 дугаар сард ашиглалтад орсон байр талбайгаа хүлээн авалгүй явсаар төлбөрийн үлдэгдэлтэй атал дур мэдэн СӨХ-с түлхүүр авсан хэмээн акт үйлдсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Манай байгууллагын хувьд захиалагчид байрыг хүлээлгэн өгөхдөө СӨХ-р огт дамжуулаагүй бөгөөд, гэрээг дүгнэн, акт үйлдэж, гэрээний сүүлийн хуудсанд тэмдэглэгээ хийж өгдөг билээ. /Гэгээнтэн барилгыг 2014 оны 3 дугаар сард улсын комиссын актаар хүлээн авсан/ Түүнчлэн барилгын ажлын явцад Монгол Улсын хэмжээнд түлш шатахуун, барилгын үндсэн материалын /арматур төмөр, цемент, тоосго/ үнэ 15 хувиас дээш хэмжээгээр нэмэгдсэнд гэрээний 5.4-р заалтыг үндэслэн гэрээний үнийг нэмэгдүүлэх боломж байсан хэдий ч захиалагчдаа дарамт учруулахгүйг хичээн нэмээгүй билээ. Захиалагч З.Номундарь нь 2014 онд өөрийн авсан талбайд өөрчлөлт хийхдээ барилгын үндсэн тулгуур хийц, даацын хананд гэмтэл учруулж, цууралт өгсний улмаас захиалагчаас манай байгууллагад гомдол гарган завсарласан. Манай компанийн барьсан Гэгээтэн цогцолбор хотхоны 1-р байрны 2-р давхрын банк, гоо сайхан, худалдаа үйлчилгээний гэсэн өөр өөр төрлийн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага худалдан авахаар нийт талбайгаас тооцоолж тогтоосон ногдох хэсгээрээ өмчлөхөөр захиалга өгч тус тусдаа гэрээний чөлөөт байдлыг эрхэмлэн өөр өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулж байсан нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагаас 2 дахь хэсэгт дурдсан техникийн өрөө-г хасч тооцуулах хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээний үүргийн гүйцэтгэлд 553 779 692 төгрөг түүнчлэн ашиглалтын зардалд 3 555 854 төгрөг /гурван сая таван зуун тавин таван мянга найман зуун тавин дөрвөн/ нийт 557 335 546 төгрөгийг гаргуулах. З.Номундарь нь манай компанийн барьж байсан Гэгээнтэн цогцолбороос үйлчилгээний талбай авья гэдэг санал гаргаж тухайн барилгын 3 давхарт нийт 327,69 м.кв талбай бүхий үйлчилгээний болон дундаа хэсгээр өмчлөх зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 м.кв-ыг нь 3220 ам.доллараар худалдаж авахаар тохиролцон нийт 1 055 162 ам.доллар буюу 1 404 420 622 төгрөгийг /нэг тэрбум дөрвөн зуун дөрвөн сая дөрвөн зуун хорин мянга зургаан зуун хорин хоёр/ төлөх үүрэг хүлээж 2012 оны 3 сарын 23-ны өдөр барилга хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсан. Захиалагч З.Номундарь нь 2012 оны 3 сарын 23-ны өдрийн барилга хөрөнгө оруулалт хийх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 421 326 719 төгрөгийг 2012 оны 5 дугаар сарын 30-н өдрийн дотор 561 768 515 төгрөгийг, 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор 280 883 592 төгрөгийг, 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 140 441 796 төгрөг буюу нийт 1 404 420 622 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн хэдий ч 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 199 650 000 төгрөг, 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 199 650 000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 266 200 000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 133 100 000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 133 100 000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 133 100 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 133 100 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 133 100 000 төгрөг буюу нийт 1 331 000 000 /нэг тэрбум гурван зуун гучин нэгэн сая/ төгрөгийг хугацаа хэтрүүлсэн хоногийн 0.1 хувийг алданги болон үндсэн төлбөрийн үлдэгдэлд тус тус төлсөн. З.Номундарь нь 3 давхрын талбайн байршлыг 2 давхар болгон өөрчилсөн хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргээ удаа, дараа зөрчиж, төлбөр төлөх хугацааг хэтрүүлж байсан тул гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн төлбөрийн үлдэгдэл 380 067 ам доллар, алданги 190 030 ам доллар нийт 570 090 ам доллар /МонголБанкны 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1 ам доллар 2418,95 төгрөг/ 1 379 019 206 төгрөгийг гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжилж байна. Түүнчлэн З.Номундарийг талуудын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байхдаа 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр улсын комисс хүлээж авсан. Гэгээнтэн цогцолборын 2 давхрын үйлчилгээний 215 тоот талбайд биднээс захиалагч талын хэн нь ямар нэгэн зөвшөөрөл авч тооцоо нийлээгүй үед Гэгээнтэн орд ТББ-ын СӨХ-оос 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дураараа түлхүүр авч нэвтрэн орж өнөөдрийг хүртэл нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2015-2017 оны хоорондох хугацааны ашиглалтын зардлаа бүрэн төлөөгүй байх тул 3 555 854 / гурван сая таван зуун тавин таван мянга найман зуун тавин дөрвөн/ төгрөгийг мөн нэхэмжилж байна. Иймд З.Номундариас 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.2, 2 дугаар зүйлийн 2.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нийт 1 382 575 060 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн барилга хөрөнгө оруулалт хийх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 379 019 206 /нэг тэрбум гурван зуун далан есөн сая арван есөн мянга хоёр зуун зургаан/ төгрөг, ашиглалтын зардал 3 555 854 / гурван сая таван зуун тавин таван мянга найман зуун тавин дөрвөн/ төгрөг нийт 1 382 575 060 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.4, 254 дүгээр зүйлийн 254.4, 254 дүгээр зүйлийн 254.6, 232 дугаар зүйлийн 232.3 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Жигүүр гранд групп ХХК-иас 556 656 533 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Номундарьд олгож, сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч З.Номундариас ашиглалтын зардалд 3 555 854 төгрөгийг гаргуулж хариуцагч Жигүүр гранд групп ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1 140 155 800 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 379 019 206 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Номундариас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 901 020 төгрөгийг, хариуцагч Жигүүр гранд групп ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 005 321 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Жигүүр гранд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 941 232 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Номундарьд олгож, нэхэмжлэгч З.Номундариас улсын тэмдэгтийн хураамжид 71 844 төгрөг гаргуулж хариуцагч Жигүүр гранд групп ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: З.Номундарийн нэхэмжлэлтэй "Жигүүр гранд групп" ХХК-д холбогдох 1 696 812 333 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 1 382 575 060 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2018/01591 дугаартай шийдвэрээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2-т заасныг тус тус баримтлан үнэлээгүй байх тул мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тухайд. Шүүх Хариуцагч ... З.Номундарийг төлбөр төлөх үүргээ хугацаа хожимдуулж гүйцэтгэсэн тул гэрээнд заасан алдангид 1 379 019 206 төгрөг, ашиглалтын зардалд 3 555 854 төгрөг нийт 379 019 206 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэдэг нь учир дутагдалтай байна. Учир нь шүүх манай сөрөг нэхэмжлэлийн шаардлага, болоод өнгөрсөн үйл баримтыг бүрэн сайн ойлгоогүй учраас ийм дүгнэлт хийсэн байна. Зохигчид Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.8, 189 дүгээр зүйлийн 189.1-д тус тус заасныг баримтлан 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №120323/А тоот "барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ"-г гэрээний чөлөөт байдлыг эрхэмлэн, сайн дураараа байгуулсан ба бид энэхүү бичгээр байгуулсан гэрээний 1.1, 2.1, 2.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасныг тус тус үндэслэлээ болгож сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжлэгчээс алдангид 459 673 069 төгрөг, мөн үйлчилгээний нийт 327,69 м.кв талбайн үндсэн төлбөрийн үлдэгдэлд 919 346 137 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа нь барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний үүрэг дуусгавар болоогүйг нотолж байна. Сөрөг нэхэмжлэл бүхэлдээ хангагдах хууль зүйн үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан алданги, үндсэн төлбөрийн үлдэгдэлтэйг харуулсан хүснэгт, мэдэгдэх хуудас, гэрчийн мэдүүлгүүд, гэрээний хавсралт дах төлбөрийн тооцоо, дансны хуулга зэргээр нотлогдож байгаа. Бид Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гэгээнтэн барилгын 3-р давхарт нийт 327,69 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайг барьж ашиглалтад оруулах үүргийг хүлээсэн. Уг барилгыг бид 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр барьж дуусгасан бөгөөд З.Номундарь нь нийт 327,69 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 3 давхрын байршлыг 2 давхарт болгон өөрчлөх өөрчлөлтийг шинээр байгуулах гэрээнд зохих журмын дагуу тусгуулан баталгаажуулаагүй, өөрөөр хэлбэл З.Номундарь нь 2 давхарт нийт хэдэн м.кв, аль аль хэсгийн талбайгаас авч байгаа тухай гэрээг бичгээр дахин байгуулаагүй байхдаа мөн гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлөөгүй байхдаа СӨХ хариуцсан ТББ-аас 215 тоот үйлчилгээний талбайн түлхүүрийг авснаар обьектод нэвтэрч, үйлчилгээний зориулалттай талбайг эзэмшиж үйл ажиллагаагаа явуулчхаад 2 давхрын талбайн хэмжээн дээр зориуд маргаан үүсгэсэн байна. Шүүx: ... Зохигчид 3 давхарт байрлах 327,69 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцыг бариулж, ашиглалтад оруулах гэрээг бичгээр байгуулсан ба гэрээний зүйлийг 2 давхарт шилжүүлж гэрээний бусад заалтыг хэвээр мөрдөхөөр амаар тохиролцож, гэрээг амаар байгуулсан үйл баримтад зохигчид маргаагүй гэдэг нь үндэслэлгүй юм. 2 давхрын гэрээг амаар байгуулсан үйл баримтад бид маргасан. Анхны гэрээгээр тохирсон 3 давхрын 315 тоотын байршлыг 2 давхрын 215 тоот болгон өөрчлөх тохиолдолд анхны гэрээг заавал дахин бичгээр байгуулж өөрчилдөг гэдгийг компанийн борлуулалтын ажилтан Д.Чимэдцэрэн, борлуулалт, маркетингийн албаны дарга Б.Батчимэг нар гэрчийн мэдүүлэгтээ мэдүүлсэн. Нэхэмжлэгч 3 давхарт 327,69 м.кв үйлчилгээний талбай худалдаж авахаар тохиролцон байгуулж байсан анхны бичгээр байгуулсан гэрээг өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн. Харин маргааны зүйл болсон 2 давхарт зохигчид ямар нэгэн гэрээг бичгээр болон амаар огт байгуулаагүй, нэхэмжлэгч 2 давхарт яг аль аль талбайг худалдаж авсан нь хэрэгт нотлох баримтаар тогтоогдоогүй. Харин З.Номундарь нь 2 давхарт аль аль хэсгийг худалдан авах талаараа бидэнд саналаа ирүүлж байсан ба өөрөөр хэлбэл манай компанийн зургийн албанд нэхэмжлэгч нь 2 давхрын талбайгаас дундаа хэсгээр өмчлөх орц, гарц, явган болон урсдаг шатны хонгил, ариун цэврийн өрөө, салхивчний өрөө зэргээс хувилж болон хувилахгүйгээр ашигтай талбайн хамт нийт 256,63 м.кв талбайг авах тухай хүсэл зоригоо илэрхийлсэн план зургийг өгч байсан юм. Нэхэмжлэгч 2 давхрын 215 тоот талбайн хэмжээ нь анх тэдэн м.кв байхаар бид тохирсон, үүнээс тэдэн м.кв нь дутуу байсан гэдгийг нотлох ямар нэгэн баримт хэрэгт өгөөгүй, зохигчид 2 давхарт яг ямар, ямар талбайн хэсгийг өгөх, авах талаараа харилцан тохиролцож баталгаажуулсан тухай баримт хэрэгт байхгүй байхад анхан шатны шүүх хариуцагчийг 2 давхарт 327,69 м.кв талбайг аман хэлцлээр худалдсан, үүнээс 101,63 м.кв талбайг дутуу хүлээлгэн өгсөн гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийж талбайн зөрүүд 556 656 533 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу юм. Нэхэмжлэгч 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн "барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ"-нээс өөр ямар нэгэн гэрээг амаар байгуулсан гэдэг тайлбарыг шүүхэд гаргаагүй, амаар байгуулсан гэх гэрээ байхгүй учраас зохигчид шүүхэд энэ талаар маргаагүй, зөвхөн бичгээр байгуулж байсан 3 давхрын гэрээг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байна гэж мэтгэлцсэн. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө захиалан бариулах гэрээ зэргийг талууд амаар байгуулах боломжгүй, эдгээрийг заавал бичгээр байгуулах ёстой гэж ойлгож байна. Учир нь нэхэмжлэгч манай хөрөнгөөр баригдаж байсан барилгад үйлчилгээний талбай буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах зорилгоор "барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ"-г байгуулж байсан. Уг гэрээг бичгээр байгуулсны үндсэн дээр тухайн бичгээр байгуулсан гэрээг Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар үндэслэн улсын бүртгэл хийж З.Номундарийн худалдан авч буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжтой учраас үл хөдлөх эд хөрөнгө өгч авахад амаар гэрээ байгуулагдсан байх боломжгүй юм. Шүүхээс: ... талуудын хооронд байгуулагдсан дээрх аман гэрээг нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж, хариуцагч тал Иргэний хуулийг 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж гэрээний хууль зүйн үндэслэлийн талаар маргасан гээд шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "... талуудын байгуулсан гэрээний зүйл нь ашиглалтад орсон, бэлэн болсон орон cууц бус, харин ирээдүйд бий болох эд хөрөнгө буюу ажлын үр дүн байх бөгөөд гэрээний агуулга болон гэрээ хэрэгжсэн үйл явц, талуудын тайлбар зэргээс дүгнэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заагдсан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна" гэж дүгнэсэн нь талуудын хоорондын тохиролцоо болон гэрээний хэрэгжилт зэргээс илт зөрүүтэй, талуудын байгуулсан гэрээний гол нөхцөлийг буруу тайлбарлаж "ажил гүйцэтгэх гэрээ" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй учраас гомдолтой байна. Шүүх талуудын хооронд 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан "Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ"-г ажил гүйцэтгэх гэрээ гэж үзээд Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг хэрэглэнэ" гэсэн буруу дүгнэлтийг хийж, Иргэний хуулийн тусгай ангийн зохицуулалтыг хоёрдмол агуулгаар тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхэд хүргэж байна. Нэхэмжлэгч үйлчилгээний талбайг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эзэмшиж ашиглаж эхэлсэн, талууд үйлчилгээний талбайг гэрээ байгуулахдаа хэрхэн барих, ажлыг ямар байдлаар гүйцэтгэх талаар огт тохиролиоогуй харин гэрээний зүйлийн зориулалт-үйлчилгээ, давхар-3, нийт талбай м.кв-327,69, нэгж-3220 ам.доллар, нийт үнэ-1 055 162 ам.доллар гэж үйлчилгээний нийт талбайн үнийг тохирсон байгаагаас үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ /ХХАГ/ байгуулагдсан, үйлчилгээний талбай худалдах, худалдан авах хүсэл зориг анхнаасаа талуудад байсан гэдэг нь тодорхой ойлгогдохоор байгаа юм. Тэгээд ч манай компани барилгын салбарт олон жил улс эх орны бүтээн байгуулалтад бага ч болов нэмэр болж барилга байгууламж барихдаа З.Номундарьд үйлчилгээний 327,69 м.кв талбайг барьж өгөхөөр түүнээс захиалга авч байгаагүй, хаа нэг газарт хэн нэгний захиалгаар ямар нэгэн барилгын ажил гүйцэтгэж огт үзээгүй, харин өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулж барьсан барилгынхаа үйлчилгээний талбай, орон сууцуудыг "Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ нэрийн дор иргэн, аж ахуй нэгжид харилцан тохиролцсон үнээр худалдан борлуулж ирсэн урт хугацааны түүхтэй билээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй, харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэдэг нь барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний агуулгаас тодорхой харагдана. Ажлын үр дүнгийн доголдол байхгүй, энэ байдал нотлогдохгүй тогтоогдохгүй байх тул маргааныг шийдвэрлэхэд Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 заалтыг хэрэглэх боломжгүй юм. Түүнчлэн ХХАГ-ний зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болох бөгөөд гагцхүү талуудын хооронд байгуулсан "Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний" гол нөхцөл нь "Жигүүр гранд групп" ХХК-иас зохиосон барилгын зураг төсөл, өөрсдийн хөрөнгөөр барьж эхэлсэн үйлчилгээний зориулалттай талбайгаас өөрийн сонгосон талбайг нэхэмжлэгч З.Номундарь нь худалдан авахаар тохиролцож Иргэний хуулийн 243.1-т заасны дагуу худалдах, худалдан авах гэрээг /ХХАГ/ байгуулсан нь баримтуудаар нотлогдон тогтоогдож байхад анхан шатны шүүхээс "... зохигчид нарын хооронд төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг бий болгох ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байгаа тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4-т зааснаар худалдах, худалдан авах гэрээг зохицуулсан журмыг хэрэглэх нь хуульд нийцнэ" гэж тус хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн юм. Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэл нь ажлын үр дүн байдаг онцлогтой бөгөөд ажлын үр дүнг хүлээн авсны дараа ажлын хөлс төлөх эсэх асуудал яригддаг. Хэрэв нэхэмжлэгч маргааныг ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтаар шийдвэрлэгдэх ёстой гэж үзэж байгаа тохиолдолд манайд З.Номундарь нь ажлын үр дүн ямар байхыг урьдчилан мэдээгүй байж төлбөрөө төлөх боломжгүй байсан юм. Иргэний хуулийн 343.4-т заасны дагуу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлэхээр талууд тохиролцсон тохиолдолд ХХАГ-г зохицуулсан журам үйлчлэх буюу анхнаасаа талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ бус харин Иргэний хуулийн 243.1-т заасан ХХАГ байгуулагдсан гэж үзэхээр байгаа. ХХАГ-ээс үүдэлтэй шаардах эрх үүссэн эсэхийг шүүх эхлээд зөв тодорхойлох шаардлагатай байсан, шүүхээс уг хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэн "...Нэхэмжлэгч, эд хөрөнгийн доголдлын талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар шаардлага гаргах эрхтэй мөн зүйлийн 254.6-д заасан эд хөрөнгийн доголдлын талаарх шаардлага гаргах хугацааг хэтрүүлээгүй байх тул талбайн зөрүү төлбөрт 556 656 533 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй" гэж дүгнэсэнд гомдолтой байна. Шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн боловч шаардах эрхийн үндэслэлийг ХХАГ-ний зохицуулалтын дагуу шүүж байгаа нь Иргэний хуулийн 343.4 дэх заалтыг буруу тайлбарлаж, шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний гол нөхцөл, гэрээг үндэслэн шаардах эрхийг тодорхойлж буй хуулийн зохицуулалт хоорондын уялдаа холбоо зэргээс үзвэл талуудын хооронд ХХАГ байгуулагдсан нь нотлогдох тул хариуцагчийн "Нэхэмжлэгч нь шаардлага гаргах эрхээ алдсаныг тайлбарласан тайлбар, түүнтэй холбоотой баримтууд"-ыг шүүх бүхий л талаас нь хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судалж нэхэмжлэгч нь доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах эрхтэй эсэх асуудалд дүгнэлт хийх байсан. Түүнчлэн нэхэмжлэгч З.Номундарь нь талбайн зөрүүний талаар гомдлын шаардлагыг гаргах 6 сарын хугацааг алдсан гэдэг нь тухайлбал: Барилга 2014 оны 5 сард баригдаж дууссан, 2014 оны 7 дугаар сард улсын комисс авсан, манай компанийн зүгээс 2014 оны 8 дугаар сарын 20-ноос эхлэн удаа, дараа 2015 оны 2 сарыг хүртэл З.Номундарьд ... төлбөрийн үлдэгдлээ төлж талбайгаа хүлээж ав гэдэг мэдэгдлийг албан ёсоор бичгээр мэдэгдэж байсан баримтуудаар З.Номундарийн хувьд эд зүйлийг хүлээн авах буюу гомдлын шаардлага гаргах хугацаа 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр үүссэн байхад 2015 оны 11 дүгээр сарын 19-нд түлхүүр авч мэдээд 2016 оны 3 дугаар сард шаардлага гаргасан нь нэхэмжлэл хангагдах үндэслэлгүйг нотолж байна. Мөн эд хөрөнгийн доголдол байгаа эсэхийг З.Номундарь нь мэдэгдэл хүлээн авсан өдөр буюу 2014 оны 8 дугаар сард, 2015 оны 2 дугаар сард мэдэх бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, шаардлага тодорхой бус, нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-д зааснаар нотолж чадаагүй байхад нэхэмжлэгч талбайн хэмжээ дутуу талаар гомдол гаргасан нь гүйцэтгэсэн ажлын чанарыг тодорхойлох доголдол болохгүй, харин захиалагчийн төлбөрийн хэмжээнд нөлөөлөх боломжтой тул нэхэмжлэлийн шаардлага нь орон сууцны талбайн бодит хэмжээнд нийцүүлэн төлбөрийн хэмжээг багасган тооцох, улмаар илүү төлсөн мөнгийг буцаан авах агуулгатай байна гэж хөндлөнгийн байр сууринаас хандах шүүх нь өөрийн санаачлагаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлон дүгнэж, хэтэрхий нэг талыг барьж, нэхэмжлэгчид ашигтай шийдвэр гаргасан нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. З.Номундарь нь объектын түлхүүрийг "Жигүүр гранд групп" ХХК-иас зохих журмын дагуу хүлээж аваагүй, "Гэгээнтэн орд" ТББ-ын СӨХ-ноос өөрийн дураар төлбөрийн тооцоо дуусаагүй байхдаа авч, худалдагч талын зөвшөөрөлгүй эд хөрөнгөд нэвтрэн орсон байх ба тэр өдрөө нэхэмжлэгч нь талбайн зөрүү байгаа гэдгийг мэдсэн гэх боловч талбайг нэгэнт хүлээн авч өнөөдрийг хүртэл нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ашиг олж байгаа. ..."талбайн хэмжээ дутуу" гэх эд хөрөнгийн дээрх доголдол нь тухайн эд зүйлийн тоо хэмжээнээс хамаарах бөгөөд сүүлд илэрч бий болоогүй, худалдан авагчийг эд хөрөнгийг хүлээн авах үед байсан байж болох доголдол гэж үзвэл худалдан авагч эд хөрөнгийг улсын комисс хүлээн авах үед энэхүү доголдлыг мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж үзэхээр байна. Худалдан авагч буюу нэхэмжлэгч уг эд хөрөнгийн доголдлыг 2014 оны 8 дугаар сард мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан нь Иргэний хуулийн 255.1.1-д зааснаар доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдангид тооцох тул доголдолтой холбоотой үнийн зөрүүг шаардах эрхгүй байсан гэж үзэж байна. З.Номундарь нь шаардлага гаргах эрхээ 2014 оны 7 дугаар сард алдсан байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... нэхэмжлэгч З.Номундарь нь үйлчилгээний зориулалттай орон сууцыг эзэмшилдээ авснаас хойш буюу хэмжилт хийлгэсэн гэх 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ба 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн тул доголдлоо арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэргийн нөхцөл байдлаас илт зөрүүтэй буюу нэхэмжлэгч нь гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан эсэхийг авч үзэлгүйгээр, шууд доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхтэй гэж дүгнэж, талбайн зөрүү төлбөрт 556 656 533 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй байгаа юм. Шүүх "Тоонто гранд" ХХК-ийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн ч шинжээчийн ... гэрээнд заасан 3 давхрын үйлчилгээний зориулалттай талбайн хэмжээ дундаа хэсгээр өмчлөх талбайн хэмжээтэй хамт нийлээд нийтдээ гэрээнд заасан 327,96 м.кв хэмжээнд хүрч байна гэж дүгнэсэнд ач холбогдол өгөөгүйд гомдолтой байгаа. Дундын өмчлөлийн талбай болох орц, гарц, явган болон урсдаг шатны зорчих хэсэг, ариун цэврийн өрөөнүүд, салхивчний өрөө нь нэхэмжлэгчийн худалдаж авахаар анх тохирсон нийт 327,69 м.кв талбайд хамаарч байсан, дундаа хэсгээр өмчлөх талбайн хэмжээг талууд барилгын эскиз зураг болон захиалагчаас ирүүлсэн зургийг үндэслэн ашигтай талбайд ногдох хувиар тооцож тохиролцсон байсан учраас энэхүү хэмжээг ашигтай талбай дээр нэмж оруулаад гэрээн дээр 2012 онд тусгасан бөгөөд дундаа хэсгээр өмчлөх талбайг үндсэн талбайн хамт худалдан борлуулах эрхийг манай компанид хуулиар хязгаарлаагүй, худалдан борлуулсан дундаа хэсгээр өмчлөх талбайг нэхэмжлэгч өөрийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгүүлэх бүрэн боломжтой юм. Нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл дундын өмчлөлийн талбайгаар дамжиж өөрийн зааланд орж, гарч үйл ажиллагаагаа явуулж салхивчний өрөө, явган шатны хэсгийг өөрт ашигтай байдлаар буюу агуулах, зар сурталчилгааны зориулалтаар ашиглаж байгаа юм. Хариуцагч "Жигүүр гранд групп" ХХК-иас гаргасан "нэхэмжлэгч З.Номундарь нь үйлчилгээний зориулалттай талбайг хүлээн авснаас хойш өнөөдрийг хүртэл нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа хэдий ч гэрээний дагуу үйлчилгээний зориулалттай талбайн төлбөрийг бүрэн төлөөгүй тул барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний дагуу үндсэн төлбөрийн үлдэгдэл, хугацаа хэтрүүлсэн алдангид нийт 1 379 019 206 төгрөгийг шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлага"-г дараах байдлаар үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр, мөн алданги нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо "...Зохигчид 2 давхарт байрлах 327,69 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцыг бариулж, ашиглалтад оруулах гэрээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д зааснаар анзын гэрээг бичгээр хийнэ гэж зааснаар бичгээр байгуулаагүй учраас анз шаардах эрхээ алдсан байх тул ... сөрөг нэхэмжлэлийн анз шаардсан 1 379 019 206 төгрөгийг ... хэрэгсэхгүй болгох нь зүйтэй" гэж барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ, түүнд оруулсан өөрчлөлт, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг буруу тайлбарласан ба хариуцагч зөвхөн анз нэхэмжлээгүй, З.Номундарь үндсэн төлбөрийн үлдэгдлээ бүрэн төлөөгүй учраас уг талбайн өмчлөгч болох үндэслэлгүй гэж маргасныг ойлгоогүй байна. Нэхэмжлэгч З.Номундарь нь "Жигүүр гранд групп" ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 120323A дугаартай барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг бичгээр байгуулсан ба уг гэрээгээр 3 давхрын 327,69 м.кв талбайг З.Номундарьд хүлээлгэн өгч, З.Номундарь нь 1 055 162 ам.долларыг "Жигүүр гранд групп" ХХК-д гэрээний 2.1-т заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээ байгуулснаас хойш 3 давхарт худалдан авахаар тохиролцсон талбайн байршил 2 давхар болж өөрчлөгдсөн боловч уг гэрээ дуусгавар болоогүй, байршил өөрчлөгдсөнөөс бусад гэрээний нөхцөлүүд, заалтууд хүчин төгөлдөр хэвээр үлдсэн. Гэтэл шүүхээс талууд амаар болон бичгээр 2 тусдаа гэрээ байгуулсан гэж үзэж, 2 давхарт холбогдох гэрээг талууд бичгээр байгуулаагүй, 3 давхрын гэрээг бичгээр байгуулсан учраас 2 давхрын байршилд алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хэлбэр нь заавал бичгээр байгуулсан байх учиртай гэдгийг анхан шатны шүүх буруу тайлбарлаж 2 давхрын гэрээг амаар байгуулсан гэж үзэх нь буруу юм. Нэхэмжлэгч З.Номундарь нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа, дараа зөрчиж төлбөр төлөх графикийн дагуу төлбөрөө цаг тухайд нь төлөхгүй хугацаа хожимдуулсан зөрчил гаргасан, мөн өнөөдрийг хүртэл төлбөр төлөх үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй байх тул талуудын хооронд бичгээр байгуулсан барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасан төлбөр төлөх хуваарийг хэтрүүлсэн тул тус гэрээнд заасны дагуу төлбөрийн үлдэгдэл болон хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувиар алданги тооцож нийт 1 379 019 206 төгрөгийг нэхэмжилснийг хуульд заасан тодорхой үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн та бүхэн хэргийг бүхэлд нь хянаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2018/01591 дугаартай шийдвэр, мөн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч З.Номундарь нь хариуцагч Жигүүр гранд групп ХХК-д холбогдуулан талбайн зөрүүд илүү төлсөн төлбөр, алданги нийт 1 696 812 333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 1 382 575 060 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхээс 2016 оны 6 сарын 20, 2016 оны 10 сарын 13-ны өдрүүдэд Уран асар ХХК, Тоонто гранд ХХК-нийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. /1-р хх-ийн 85-86, 149-150 дугаар тал/ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна гэж заасан.

 

Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тохиолдолд шинжээчээр томилогдсон этгээд нь талуудын маргааны зүйлийн талаар дүгнэлт гаргах тусгай мэдлэг, чадвартай эсэх болон шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг анхан шатны шүүх тодруулах шаардлагатай атал энэхүү шаардлагыг хангаагүй гаргасан Тоонто гранд ХХК-ийн дүгнэлтийг шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу болжээ.

Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт ...нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/01591 дугаа шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 836 329 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

Г.ДАВААДОРЖ