| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0466/Э |
| Дугаар | 479 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 479
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,
улсын яллагч Н.Анхбаяр,
шүүгдэгч Ө.Н, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1420) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Н-д холбогдох 0000000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ө.Н Монгол Улсын иргэн, 190000 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, 7-11 насны хүүхдүүдийн хамт ________________________оршин суух, урьд ял шийтгэлгүй, (РД:ВЗ85012101).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Ө.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19 цагийн үед 0000 хорооны нутаг дэвсгэр товчооны замд 0000 улсын дугаартай “Toyota mark-2” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”,
-8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” ... гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас жолооч Б.Бгийн жолоодож явсан “Nissan Navara” маркийн 0000 улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч О.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Nissan Navara” маркийн автомашинд шууд 6,697,000 төгрөг, нийт 7,467,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Н мэдүүлэхдээ: 000 цагийн үед 0000 улсын дугаартай, “Toyota mark-2” загварын өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй Эмээлт рүү хадам аав, нөхөр, 2 хүүхдийн хамт явж байсан. Тухайн орой цасан шуурагтай зам хальтиргаатай байсан. 2 дугаар эгнээнд явж байгаад 1 дүгээр эгнээ рүү орох гэтэл гулгаад эсрэг урсгал руу орж өөдөөс ирж байсан “Nissan Navara” маркийн 0000 улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн. Тэгээд машинаасаа буугаад түргэн болон цагдаад дуудлага өгсөн. Түргэн ирээд нөгөө машины нэг хүнийг аваад явсан. 2017 оны 12 дугаар сард жолооны курсэд бүртгүүлж, 2018 оны 3 дугаар сард төгсөж, жолооны үнэмлэх авсан. Туршлагагүй байдлаасаа болж зам тээврийн осол хэрэг гаргасандаа харамсаж байна. Гэм буруугийн талаар маргахгүй. Хохирлын хувьд О.М цалин хөлс, эмчилгээний зардал нэхэмжилсэн. О.М-т 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр эмчилгээний зардалд нь 800.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 200.000 төгрөг тус тус шилжүүлсэн, мөн бэлнээр 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөг өгсөн. Түүнчлэн эмчилгээнд нь эгэмний хамгаалалт, өвчин намдаах эм зэргийг 18.400 төгрөгөөр, барагшуун 34.700 төгрөгөөр, зөгийн бал 39.900 төгрөгөөр авч өгсөн. Компьютер томографийн 120.000 төгрөгийг төлсөн.
Б-д машины ачилт 60.000 төгрөг, оношилгооны 57.000 төгрөг, Моннисийн оношилгооны 30.000 төгрөгийг, бэлнээр 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 6-нд 500.000 төгрөг тус тус төлсөн. Мөн эмчилгээнд нь компьютер томографийн 120.000 төгрөг, шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөр 8.000 төгрөг зэргийг төлсөн гэв.
Хоёр. Эрүүгийн 000000000 дугаартай хэргээс:
1.Хохирогч О.М-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 04 дүгээр сарын 04-ний орой алтны уурхай руугаа гүйцэтгэх захирал Б, жолооч Б нарын хамтаар явж байтал цаг агаар муудаад, замын нөхцөл байдлаас болоод буцаад хот руу явж байсан. Тухайн үед 22-н товчооны замд захирал Б машин бариад, хажууд нь Б, би ард талын суудалд суугаад явж байтал эсрэг урсгалаас гэнэт машин орж ирээд л мөргөсөн. Тэгээд бид нар машинаас бууж ирэхэд жолооч нь эмэгтэй хүн байсан, машинд 2 хүүхэд, нэг настай хүн, бас нэг залуу байсан. Тэгээд ослын дараа байж байтал эмнэлгийн машин ирээд намайг гэмтлийн эмнэлэг аваад явсан, ослын үед урд сандал мөргөөд баруун мөр гэмтсэн байсан. Би ард сууж явсан урдах замыг хараагүй, замын нөхцөл байдал үнэхээр хүнд байсан, миний суугаад явсан автомашин их л удаан явж байсан. Урд талд сууж явсан 2 хүн хамгаалах бүстэй явж байсан, харин ард сууж явсан би хамгаалах бүсгүй явсан. Манай ажил улирлын чанартай байдаг, би амарч байгаад л осолд ордог өдөр ажилдаа гарч явсан, сард 2 сая төгрөгийн цалинтай, нийгмийн даатгал төлдөггүй. Гомдолтой байна хурдан биеэ л эрүүл саруул болгож ажилдаа гармаар байна. Гаргаж өгсөн хохирлын баримтын дагуу хохирлоо нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг [1],
2.Гэрч Б.Б-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлсэн "... Би 000 замд баруунаас зүүн тийш 1 дүгээр эгнээгээр 20-30 км цагийн хурдтай “Nissan Navara” маркийн автомашиныг жолоодоод явж байсан. Яагаад удаан явж байсан гэхээр тухайн өдөр нь цас ороод, зам мөстсөн гулгаа ихтэй байсан учир удаан явж байтал өөдөөс эсрэг урсгалд суудлын автомашин хурдтай ирж байсан. Тэгтэл тэр машин гэнэт эсрэг урсгалаас орж ирээд мөргөсөн. Бид нар бууж ирээд, Б ослын талаар дуудлага өгсөн. Удаагүй эмнэлэг, цагдаа ирсэн. Би ажлын газрын Б.Б нартай хамт явж байсан. Би бол хамгаалах бүстэйгээ явж байсан. 0000 улсын дугаартай автомашин миний өөрийн эзэмшилийнх юм. Уг автомашин нь гаднаа ямар нэгэн гэмтэлгүй, мөн явах эд хэвийн ажиллагаатай машин байсан. Замын хөдөлгөөн сийрэг маш бага байсан, зам маш их халтиргаатай, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. ...” гэх мэдүүлэг [2],
3.Иргэний нэхэмжлэгч Б.Б-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн “...0000 дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин юм. Би уг автомашиныг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр М гэж хүнээс 18.000.000 төгрөгөөр худалдаж авсан, нэрээ шилжүүлж амжаагүй байгаа, удахгүй шилжүүлж авна. Би үнэлгээгээр гарсан хохирлоо л авъя, өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Үнэлгээгээр гарсан хохирлыг Н-гийн жолоочийн хариуцлагын даатгалаас гаргуулж авмаар байна. Түүнээс дансаар 1 сая төгрөг авсан. Даатгалаас 5 сая орж ирэх байх, үлдсэн үнэлгээгээр тогтоогдсон 1.467.000 төгрөгийг түүнээс авна. Машины үнэлгээгээр гарсан хохирлыг авчихвал гомдол саналгүй, шүүх хуралд суухгүй. ...” гэх мэдүүлэг [3],
4.Гэрч Г.Б-аас хэрэг бүртгэлтэд 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн “...Би 0000 дахь ажил руугаа ажлын газрын хүмүүстэйгээ явж байсан. Бид нар трайлер дээр экскаватор ачаад явж байсан, тухайн үед цас ороод зам дээр халтиргаа үүссэн байсан тул хүнд механизм уул өөд өгссөн замаар гарахгүй хий эргээд байсан тул буцаад хот руу явсан. Буцаж байхдаа Б даргын “Nissan Navara” маркийн автомашинд суугаад явж байсан. Би тухайн үед жолоочийн хажуу талд, Б машин бариад, ард манай ажлын нэг залуу суугаад явж байсан. ...Тэгтэл замдаа уул нь их удаан явж байтал өөдөөс гэнэт эсрэг урсгалаас машин орж ирээд мөргөсөн. Бид нар машинаас бууж ирээд, би ослын талаар дуудлага өгсөн. Удаагүй эмнэлэг, цагдаа ирсэн. Би хамгаалах бүстэйгээ явж байсан. Миний биед гэмтэл учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр зүгээр гэж гарсан. ...” гэх мэдүүлэг [4],
5.Гэрч Ч-ы мөрдөн байцаалтад 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн “...Би өөрөө 6 хүүхэдтэй, Т.Э нь миний том хүү маань юм. Хүү маань 11 жилийн өмнө Ө.Нтай гэр бүлээд 2 хүүтэй, хүү маань хувиараа барилгын ажил хийдэг. 2 хүүхэд нь бага насны учир эхнэр Ө.Н нь хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Ослоос хойш хүү маань хүний хохирлын мөнгө олохоор хөдөө сүлжээгүй газарт
ажил хийж байгаа, ирэх бололцоогүй байна. Бэр Ө.Н зан төлөвийн хувьд эелдэг зөөлөн, түвшин харилцаатай, гэр бүлдээ халамжтай, сайн хүүхэд юм. Миний мэдэхийн хорт зуршилгүй, хэрэгт төвөгт холбогдож байгаагүй. ...” гэх мэдүүлэг [5]
6.Ө.Н-гийн мөрдөн байцаалтад 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2018 оны 04 дүгээр сарын 04-ний орой 19 цагийн үед гэрээсээ гараад, Эмээлт орох гээд нөхөр Э, 11 настай эрэгтэй Б 7 настай эрэгтэй Б нарын хамтаар явж байсан. Тухайн үед гадаа цас их орчихсон, зам халтиргаатай байсан, машиныг би бариад, миний хажууд манай нөхөр суугаад, ард талд манай 2 хүүхэд сууж явсан. Замдаа ойролцоогоор 30 орчим км/цагийн хурдтайгаар 2 дугаар эгнээгээр явж байгаад, хурдаа хасах гээд тоормосоо гишгэсэн, машин халтираад шарвахад нь сандраад дахиад тоормос гишгэх гэж байгаад андуурч хааз дээрээ гишгээд машин эсрэг урсгалд ороод өөдөөс ирж байсан автомашиныг мөргөсөн. Машинаасаа бууж ирээд мөргөлдсөн автомашины хүмүүсийн биеийн байдлыг асуусан. Мөн тэр хүмүүсээр цагдаа, эмнэлэг рүү залгуулсан. Удаагүй эхлээд 103, дараа нь 102 ирсэн. Би 2018 оны 04 дүгээр сард жолооч болсон. Хааяа л машин барьдаг, өвөл машин барьж байгаагүй. 0000 дугаартай автомашин нь миний өөрийн эзэмшлийнх юм. Уг автомашиныг 2017 оны 01 сард О гэж хүнээс 5 сая төгрөгөөр худалдаж авсан, нэр шилжүүлээгүй зөрчилтэй байсныг зөрчлөө арилгаж өөрийн нэр дээр машинаа авсан. Би хөдөө орон нутгийн үнэмлэхтэй байсан учир орон нутгийн дугаар машин дээрээ авсан. Би хохирогч О.М-ын эмчилгээний зардалд бэлнээр 2 сая төгрөг өгч гомдолгүй болгосон. Машины хохиролд 1 сая төгрөг өгсөн, даатгалаас гарах 5 сая төгрөгийг машины хохиролд өгнө. ...” гэх мэдүүлэг [6]
7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 0000 дугаартай дүгнэлтийн:
Хэсэг газрын үзлэгт: Цээжээр бэхэлгээтэй, цээжний баруун дээд хэсгээр тэмтрэхэд эмзэглэлтэй, хөдөлгөөн хязгаарлагмал.
2018 оны 4 дүгээр сарын 04-ний Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмчийн үзлэгт: онош: Баруун эгэмний хугарал, тархи доргилт гэжээ.
2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Толгой, цээжний рентген зургаар: Гавал ясанд гэмтлийн шинж тэмдэг илрээгүй. Хамрын яс хугарсан, таславч бага зэрэг мурий хуучин. Баруун эгэм яс хугарч зөрсөн. Хавирга, дал ясанд гэмтлийн шинж тэмдэггүй. Уушиг ба ЗСС хэвийн. Эмч: О.О 2018 оны 4 дүгээр сарын 10, гэжээ.
2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “Мэд травма” Эмнэлгийн Толгойн КТГ-н шинжилгээнд: Тархины эдэд голомтот болон эзлэхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй.
Дунд бүрдэл хазайлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн. Хажуугийн ховдол, 3, 4-р ховдлууд, суурийн цистернүүд, ховдлуудын байрлал, хэлбэр, хэмжээ насны хэвий тохирно. Өнчин суурийн цистернүүд, ховдлуудын байрлал, хэлбэр, хэмжээ насны хэвий тохирно. Өнчин тархи хэвийн. Экстрааксиаль зайнуудад хуримтлалгүй. Гавал болон суурь ясанд гэмлтийн болон бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Хуйхны бүтэц хэвийн. 2 нүдний ухархайд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Зүүн талын хоншоорын хөндийн суурийн салст бага зэрэг зузаарсан. Хамрын дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн. 2 талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн гэжээ.
ДҮГНЭЛТ:
1.О.М-ын биед баруун эгэм ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаа үүсгэгдсэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр гэмтлийн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй /шинжээч Ц.Н/. ...” гэсэн дүгнэлт [7]
8.Замын цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Э.Б /эрх зүйч, цагдаагийн байгууллагад 13 жил, замын цагдаагийн албанд 8 жил ажиллаж байгаа/-ийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн магадлагаа:
1. “Toyota mark-2” маркийн 0000 дугаартай автомашиныг жолоодож явсан Ө.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тоггоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”, 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. “Nissan Navara” маркийн 0000 дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтьг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. ...” гэсэн магадлагаа [8],
9.2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл [9], мөн өдөр зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол хэрэг гарсан гэх газрын ерөнхий байдлыг харуулсан гэрэл зураг [10], Замын цагдаагийн албаны мөрдөн шалгах жижүүрийн шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас [11], Ө.Нгийн согтуурлыг шалгасан тэмдэглэл [12], тээврийн хэрэгслийг түр саатуулсан мөрдөгчийн тэмдэглэл [13],
10.Хохирогч О.М, иргэний нэхэмжлэгч Б.Б нарын гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршигийн зардлыг нэхэмжилсэн баримтууд [14], Ө.Нгаас хохирол төлсөн баримтууд [15],
11.0000 улсын дугаартай “Toyota mark-2” маркийн автомашины эзэмшигч нь Р.О тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, автотээврийн үндэсний төвийн лавлагаа [16], мөн 0000 “Toyota mark-2” загварын автомашины тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ө.Н /2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр бүртгүүлсэн/ тухай гэрчилгээний хуулбар [17], мөн 0000 улсын дугаартай “Nissan Navara” загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Б.Б тухай гэрчилгээний хуулбар [18],
12.Б.Б-гийн 0000 улсын дугаартай “Nissan Navara” загварын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг тогтоосон “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний үнэлгээний тайлан [19],
13. Шүүгдэгч Ө.Н-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа [20], Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /В- хүчинтэй/ [21]урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [22], гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа[23] 000 хорооны тодорхойлолт [24], Ө.Н-гийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар [25], Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн талаарх лавлагаа 000 тоотод 553 мкв газар бүртгэлтэй байсныг 2008 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр худалдсан тухай/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ө.Нд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ө.Н-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Ө.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох туршлагагүй, хайхрамжгүй байдал зэргээсээ шалтгаалан 000 хорооны нутаг дэвсгэрт, товчооны замд 0000 улсын дугаартай “Toyota mark-2” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”,
-мөн дүрмийн 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” ... гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас жолооч Б.Б-гийн жолоодож явсан “Nissan Navara” маркийн 0000 улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, тус автошмашинд зорчин явсан зорчигч О.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Nissan Navara” маркийн автомшинд шууд 6,697,000 төгрөг, нийт 7,467,500 төгрөгийн эвдрэл хохирол учруулсан болох нь:
-Хохирогч О.М-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн 000 орой алтны уурхай руугаа гүйцэтгэх захирал Б, жолооч Б нарын хамтаар 000 замд захирал Б машин бариад, хажууд нь Б, би ард талын суудалд суугаад явж байтал эсрэг урсгалаас гэнэт машин орж ирээд л мөргөсөн. ...жолооч нь эмэгтэй хүн байсан. ...ослын дараа байж байтал эмнэлгийн машин ирээд намайг гэмтэлийн эмнэлэг аваад явсан. Ослын үед урд сандал мөргөөд баруун мөр гэмтсэн. ...миний сууж явсан автомашин их л удаан явж байсан. Урд талд сууж явсан 2 хүн хамгаалах бүстэй явж байсан, харин ард сууж явсан би хамгаалах бүсгүй явсан. ...” гэх мэдүүлэг [26]
-Гэрч Б.Б-гийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн "00 замд баруунаас зүүн тийш 1 дүгээр эгнээгээр 20-30 км цагийн хурдтай “Nissan Navara” маркийн автомашиныг жолоодоод явж байсан. ...тухайн өдөр нь цас ороод, зам мөстсөн гулгаа ихтэй байсан учир удаан явж байтал өөдөөс эсрэг урсгалд суудлын автомашин хурдтай ирж байсан, тэгтэл тэр машин гэнэт эсрэг урсгалаас орж ирээд мөргөсөн. ...0000 улсын дугаартай автомашинтай миний өөрийн эзэмшилийнх юм, уг автомашин нь гаднаа ямар нэгэн гэмтэлгүй, мөн явах эд хэвийн ажиллагаатай машин байсан. Замын хөдөлгөөн сийрэг маш бага байсан, зам маш их халтиргаатай, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. ...” гэх мэдүүлэг [27],
-Гэрч Г.Б-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “... цагийн үед ...Б даргын “Nissan Navara” маркийн автомашинд суугаад явж байсан. Би тухайн үед жолоочийн хажуу талд, Б машин бариад, ард манай ажлын нэг залуу суугаад явж байсан, ...гэнэт эсрэг урсгалаас машин орж ирээд мөргөсөн. ...” гэх мэдүүлэг [28],
-Ө.Н-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн 000 цагийн үед гэрээсээ гараад, Эмээлт орох гээд нөхөр Э, 11 настай эрэгтэй Н.Б, 7 настай эрэгтэй Н.Б нарын хамтаар явж байсан. Тухайн үед гадаа цас их орчихсон, зам халтиргаатай байсан, машиныг би бариад, миний хажууд манай нөхөр суугаад, ард талд манай 2 хүүхэд сууж явсан. Замдаа ойролцоогоор 30 орчим км/цагийн хурдтайгаар 2 дугаар эгнээгээр явж байгаад, хурдаа хасах гээд тоормосоо гишгэсэн, машин халтираад шарвахад нь сандраад дахиад тоормос гишгэх гэж байгаад андуурч хааз дээрээ гишгээд машин эсрэг урсгалд ороод өөдөөс ирж байсан автомашиныг мөргөсөн. ...” гэх мэдүүлэг [29]
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 0000 дугаартай дүгнэлт [30], Замын цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Э.Б-ийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн магадлагаа [31], 00 ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл [32], мөн өдөр зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол хэрэг гарсан гэх газрын ерөнхий байдлыг харуулсан гэрэл зураг [33], Замын цагдаагийн албаны мөрдөн шалгах жижүүрийн шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас [34] зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч гаргасан байх тул үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэн нотлох баримтаар үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно. ...”гэж заасан. Тус хэрэгт эрх зүйч, цагдаагийн байгууллагад 13 жил, замын цагдаагийн албанд 8 жил ажиллаж байгаа мөрдөгч Э.Батмөнх нь магадлагаа гаргасан байх бөгөөд тус магадлагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6-д заасан асуудлуудыг тусгасан байх тул хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримт гэж үзэж, мөрдөгчийн магадлагааг шүүх нотлох баримтаар үнэлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагч Н.А-аас шүүгдэгч Ө.Н-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,
Өмгөөлөгч Я.Энхжаргалаас шүүгдэгч Ө.Н нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргахгүй гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ө.Н нь гэм буруугийн талаар маргаагүй.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч Ө.Н нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр В ангилалын жолооны эрх авсан байх ба эрх авснаас хойш 7 хоногийн дараа тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байна. Хэрэг осол гарах болсон шалтгаан нь тухайн өдөр цаг агаарын байдлын хувьд цас орсон, замын байдал мөстсөн халтиргаатай зэрэг замын нөхцөл байдлыг Ө.Н нь харгалзан үзэлгүйгээр хурд хэтрүүлж, эсрэг урсгалд орсон туршлагагүй, хайхрамжгүй байдал нь зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд энэхүү зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч О.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Ө.Н-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан.
Тус зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч О.М-т хүндэвтэр хохирол учирч, иргэн Б.Б-гийн автомашинд хохирол учирсан байх ба хохирогч нь цалин хөлс, эмчилгээний зардлыг, иргэний нэхэмжлэгч Б.Б нь өөрийн эзэмшлийн автомашинд учирсан хохирлын мөнгөн төлбөрийг тус тус нэхэмжилжээ.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Ө.Н нь хохирогч О.М-ын толгойн компьютер томографийн шинжилгээнд 120.000 төгрөг төлсөн, барагшуун эм 34.700 төгрөгөөр, зөгийн бал 39.900 төгрөгөөр, эгэмний хамгаалалт 18.400 төгрөгөөр, эм 9.500 төгрөгөөр тус тус авч өгсөн [35] шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөрт 8000 төгрөг төлсөн, эдгээр нь 230.500 төгрөг болж байна. Мөн цалин хөлсний нөхөн төлбөрт 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 800.000 төгрөг, 18-ны өдөр бэлнээр 200,000 төгрөг [36] тус тус шилжүүлсэн, мөн О.Мын гаргасан өргөдөлд “нийт 2.0 сая төгрөг Ө.Нгаас авсан” гэсэн тухай баримтыг хэрэгт ирүүлсэн байх тул бүгд 2.230.500 төгрөг түүнд төлөгдсөн, тус хохирогч нь өргөдөлдөө гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор түүнд төлөх төлбөргүйг дурдаж, харин хохирогч О.М нь цаашид гарах гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Б.Б-д шүүгдэгч Ө.Н-гаас эрүүл мэндэд нь компьютер томографийн шинжилгээнд 120.000 төгрөг, шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөрт 8000 төгрөг [37] тус тус төлсөн, автомашины ачилтын 60.000 төгрөг, “Мастер сүлжээ” ХХК-ний оношилгооны төлбөр 57.000 төгрөг, мөн ачилтын 90.000 төгрөг, “Хөрөнгө Эстимэйт” ХХК-нд үнэлгээний ажлын хөлсөнд 250.000 төгрөг [38], “Моннис моторс” ХХК-нд засвар үйлчилгээний 30.000 төгрөг [39] тус тус төлсөн, нийт 615.000 төгрөг төлсөн байна.
Мөн Б.Б-гийн эзэмшлийн 0000 улсын дугаартай “Nissan Navara” загварын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг “Хөрөнгө эстимэйт” ХХК-ний үнэлгээний тайлангаар тогтоосон байх ба тус үнэлгээгээр шууд зардлын дүн нь 6.697.000 төгрөг, шууд бус зардал нь 770.500 төгрөг, нийт 7.467.500 төгрөгөөр хохирлын үнэлгээг тогтоожээ. Үүнээс шүүгдэгч Ө.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөг[40], 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 500.000 төгрөг /шүүх хуралдаанд шинээр гаргасан баримт/ тус тус шилжүүлж төлсөн байна. Иймд тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үлдэх төлбөрт шүүгдэгч Ө.Н-гаас 5.967.500 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Б-д олгох хууль зүйн үндэстэй байна.
Шүүгдэгч Ө.Н нь “Бодь даатгал” ХХК-иас 0000 улсын дугаартай “Nissan Navara” загварын автомашинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг олгохоор шийдвэрлэсэн тухай албан бичгийг шүүхэд ирүүлсэн боловч тогтоол гарах үед иргэний нэхэмжлэгч Б.Б-д уг төлбөр төлөгдөөгүй байгаа тул шүүх дээрх тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэн Б.Б болон түүний автомашинд зорчин явж байсан Г.Б-т гэмтэл учраагүй талаар шинжээчийн дүгнэлт гарсан боловч зам тээврийн ослын дараа шүүгдэгч Ө.Н нь Г.Б-ын томографийн шинжилгээнд 120.000 төгрөг [41], эмчилгээний төлбөрт 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 75.000 төгрөг шилжүүлж [42] төлсөн байгааг дурдах нь зүйтэй.
Мөн шүүгдэгч Ө.Н-гийн автомашинд зорчин явсан Н.Б, Н.Б нарын эрүүл мэндэд гэмтэл тогтоогдоогүй талаар шинжээчдийн дүгнэлт гарсан байгааг дурдах нь зүйтэй байна.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Ө.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.
Мөн өмгөөлөгч Я.Энхжаргалаас “...шүүгдэгч Ө.Н-д холбогдох хэргийн зүйлчлэл болоод гэм буруугийн тал дээр маргахгүй. Хувийн байдал болоод, ар гэрийн байдлыг харгалзан үзэж, осол гаргасны дараа өөрийн санаачлагаар цагдаад дуудлага өгсөн, хохирогч О.М, иргэний нэхэмжлэгч Б.Б нараас гомдолгүй гэж мэдүүлсэн, Б.Б-д төлөх үлдэгдэл хохирлыг шүүхээс тогтоосон хугацаанд төлж барагдуулах тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй, хүүхдүүдээ гэртээ хардаг мөн энэ гэмт хэргийн улмаас багагүй хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзнэ үү. Эдийн засгийн хувьд торгуулийг биелүүлэх боломжгүй байгааг харгалзан үзэж, улсын яллагчаас оногдуулж байгаа торгуулын ялыг өөрчилж миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хамгийн доод хэмжээгээр ялыг оногдуулж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг гаргаж, мэтгэлцсэн.
Шүүх шүүгдэгч Ө.Н-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Ө.Н нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зармыг сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.
Шүүгдэгч Ө.Н нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нэгэнт тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, өмгөөлөгчийн саналыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н-г 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
3.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт шүүгдэгч Ө.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 000000 дугаартай жолоочийн үнэмлэхийг түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Болио овгийн Ө.Н-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н-г 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н-гаас 3 /гурав/ сарын хугацаанд 5,967,500 /таван сая есөн зуун жаран долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Б-д олгож, хохирогч О.М-т энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч О.М нь тус тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Ө.Н-гийн “В” ангилалын 000 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ө.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ө.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал.
[2] Хавтаст хэргийн 26 дугаар тал.
[3] Хавтаст хэргийн 21 дүгээр тал.
[4] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.
[5] Хавтаст хэргийн 30 дугаар тал.
[6] Хавтаст хэргийн 64-65 дугаар тал.
[7] Хавтаст хэргийн 37 дугаар тал.
[8] Хавтаст хэргийн 57 дугаар тал.
[9] Хавтаст хэргийн 5 дугаар тал.
[10] хавтаст хэргийн 6-10 дугаар тал.
[11] хавтаст хэргийн 14 дүгээр тал.
[12] Хавтаст хэргийн 11 дүгээр тал.
[13] Хавтаст хэргийн 13 дугаар тал.
[14] Хавтаст хэргийн 88-89 дүгээр тал.
[15] Хавтаст хэргийн 90-93 дугаар тал.
[16] Хавтаст хэргийн 81, 83 дугаар тал.
[17] Хавтаст хэргийн 84 дүгээр тал.
[18] Хавтаст хэргийн 104 дүгээр тал.
[19] Хавтаст хэргийн 53 дугаар тал.
[20] Хавтаст хэргийн 77 дугаар тал.
[21] Хавтаст хэргийн 69 дүгээр тал.
[22] Хавтаст хэргийн 66 дугаар тал.
[23] Хавтаст хэргийн 79 дүгээр тал.
[24] Хавтаст хэргийн 72 дугаар тал.
[25] Хавтаст хэргийн 73-74 дүгээр тал.
[26] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал.
[27] Хавтаст хэргийн 26 дугаар тал.
[28] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.
[29] Хавтаст хэргийн 64-65 дугаар тал.
[30] Хавтаст хэргийн 37 дугаар тал.
[31] Хавтаст хэргийн 57 дугаар тал.
[32] Хавтаст хэргийн 5 дугаар тал.
[33] хавтаст хэргийн 6-10 дугаар тал.
[34] хавтаст хэргийн 14 дүгээр тал.
[35] Хавтаст хэргийн 87-89 дүгээр тал.
[36] Хавтаст хэргийн 90-91 дүгээр тал.
[38] Хавтаст хэргийн 49, 51, 52-53, 97 дугаар тал.
[39] Хавтаст хэргийн 98 дугаар тал.
[40] Хавтаст хэргийн 92 дугаар тал.
[41] Хавтаст хэргийн 89 дүгээр тал.
[42] Хавтаст хэргийн 93 дугаар тал.