| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/00403/И |
| Дугаар | 301/ШШ2025/00592 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 301/ШШ2025/00592
| 301/ШШ2025/00592 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймаг, Х сумын ..... дугаар баг, Г гэх газар оршин суух Х овгийн Бн С /РД:....../-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймаг, Т сумын Б баг, О тоотод оршин суух Б овгийн Эн Т /РД:/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 7,350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.
Хариуцагч Э.Тт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр хуульд зааж өгсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 , 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Э.Тийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.С хариуцагч Э.Таас 7,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Э овогтой Т нь 2024 оны 09 сарын 20-ны өдөр манай гэрт ирж үхэр зарах уу мөнгийг нь шууд бэлэн өгнө гэж хэлэхээр нь өөрийн болон дүү Б.Дгийн үхрээс нийт 24 тооны үхэр зарахаар болсон. Э.Тт 1 бух 1,450,000 төгрөгөөр, 7 хязаалан үхрийг 8,400,000 төгрөгөөр, 3 соёолон үхрийг 4,200,000 төгрөгөөр, 13 үнээг 14,300,000 төгрөгөөр нийт 28,350,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Э.Т нь тухайн өдрөө 24 тооны үхрийг авч явсан бөгөөд сүлжээтэй газар очоод эхнэртэй хэлээд данс руу чинь мөнгийг чинь шилжүүлнэ гэж хэлж яваад мөнгөө шилжүүлэхгүй алга болсон. Миний бие болон миний дүү Дгийн зүгээс удаа дараа утас руу нь залгаж, мөнгөө хийхийг шаардаж байж 21,000,000 төгрөгийг хэд хэдэн удаа хувааж өгсөн. Одоо 7,350,000 төгрөг үлдсэн боловч удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд Э.Таас үхэр худалдсаны үлдэгдэл төлбөр 7,350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсанчлан 2024 оны 09 сарын 20-ны өдөр хариуцагч Э.Т нь Б.Сгийн гэрт нь ирж санал тавьсны үндсэн дээр нийт 23 тооны үхрийг нийтдээ 28,350,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод тухайн үедээ хөдөө очсон байсан учраас сүлжээтэй газар очоод дансанд нь мөнгийг нь бүрэн шилжүүлнэ гэж хэлээд дансны дугаарыг нь аваад явсан боловч тухайн өдрөө нэг ч төгрөг шилжүүлээгүй. Мөн түүнээс хойш мөнгө шилжүүлэхгүй, сарын дараанаас араас нь нэлээн хэл ам хийснийг үндсэн дээр хэсэг хэсгээр хувааж, хэдэн сарын хугацаанд бол 21,000,000 төгрөгийг нь шилжүүлсэн байдаг. Одоо 7,350,000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байгаа. Э.Тийн тухай асуудал нь нэг талаараа хуурч мэхэлж хүний эд хөрөнгийг авч явсан гэмт хэргийн шинжтэй асуудал гэж үзээд нэхэмжлэгчийн зүгээс бол цагдаагийн байгууллагад өгч хандаж одоо шалгуулсан боловч цагдаагийн байгууллага, Архангай аймгийн прокурорын газраас энэ харилцаа нь иргэний эрх зүйн шинжтэй харилцаа байна гэж үзэж хэрэг бүртгэлт нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Э.Тийн хувьд бол энэ цагдаагийн байгууллагад гомдол шалгагдах хугацаанд нэхэмжлэлд дурдаад байгаа үйл баримтыг бол хүлээн зөвшөөрч үлдэгдэл төлбөртэй байгаа гэдгээ бол хүлээн зөвшөөрсөн. Энэ баримт бол хэрэгт авагдсан байгаа. Мөн хэрэг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр иргэний журмаар шүүхэд хандсан цагаас хойш мөн л бас удахгүй төлбөр мөнгөө өгнө, нэхэмжлэлээ татаад авчих гэдэг байдлаар хандсан байдаг. Гэвч өнөөдрийн байдлаар үлдэгдэл төлбөрөөс нэг ч төгрөг өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй байна. Тэгэхээр Э.Т болон Б.С нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа бол үүссэн гэж үзэх бол үндэслэлтэй байна. Тийм учраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар энэ гэрээний үүрэгт Б.С нь 7,350,000 төгрөгийг гаргуулахыг шаардаж байгаа учраас нэхэмжлэлийг бүрэн хангаж энэ үлдэгдэл төлбөр болох 7,350,000 төгрөгийг хариуцагч Э.Таас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс:
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
-Бүртгэлийн ..... дугаар итгэмжлэлийн хугацаа олгосон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хүчинтэй, төлөөлөх эрхийг бусдад шилжүүлэх эрхгүй гэх Итгэмжлэл,
-Архангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 46 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас хэрэгт нотлох баримт ирүүлээгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Сгийн хариуцагч Э.Таас 7,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2024 оны 09 сарын 20-ны өдөр хариуцагч Э.Т Б.Сгээс 23 тооны үхрийг нийтдээ 28,350,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, Э.Т болон Б.С нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, тийм учраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний үүрэгт Б.С нь 7,350,000 төгрөгийг гаргуулахыг шаардаж байгаа учраас нэхэмжлэлийг бүрэн хангаж энэ үлдэгдэл төлбөр болох 7,350,000 төгрөгийг хариуцагч Э.Таас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүх хариуцагч Э.Тт 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, түүнд нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор шүүхэд хариу тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа ирүүлэхийг мэдэгджээ. Хариуцагч Э.Т нь нэхэмжлэлийг хүлээн аваад нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа эсэх тайлбар, нотлох баримт ирүүлээгүй, шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч Э.Тийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагч Э.Т худалдан авсан 23 үхрийн 28,350,000 төгрөгнөөс 21,00,000 төгрөгийг өгч, үлдэлдэл 7,350,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй талаар маргахгүй байна гэж дүгнэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Э.Таас худалдан авсан үхрийн үлдэгдэл төлбөр болох 7,350,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Сд олгохоор шийдвэрлэв.
4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Таас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 132,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгох нь зүйтэй.
Хариуцагч Э.Тт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй, шүүх хуралдаанд оролцохгүй хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар шүүхэд мэдэгдээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.1-т “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ” гэж заасан тул шүүх хуралдааныг хойшлуулалгүй, хариуцагчийн эзгүйд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Э.Таас 7,350,000 /долоон сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Сд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Таас 132,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР