Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 487

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч У.Т О.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн:

У.Т

- О.Т нарт холбогдох эрүүгийн 0000000  дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

У.Т Монгол Улсын иргэн, 000 ний өдөр 000 хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, 000  ажилтай, ам бүл 1, 000 баг, сүмийн булаг гэх газар оршин суух бүртгэлтэй, 000 тоотод түр түрээсээр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /00000/.

 

2 О.Т Монгол Улсын иргэн, 000-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт 000 хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, 000 хороо, дугаар байрны 12 тоотыг түрээслэн оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /0000000/.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

У.Т О.Х нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж 000 -нд шилжих шөнө 000 тоотод иргэн Б.С-ыг зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйхны зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар, духанд зулгарал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг:

 

1. Шүүгдэгч У.Т-аас: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

  

2. Шүүгдэгч О.Х-аас: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 00000000 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Б.С хэрэг бүртгэлтэд 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн “...Би 000 ны өдөр Х манайд орж ирээд мөнгө байна уу ганц пиво ууя, би шартаад байна гэхээр нь надад 4000 төгрөг л байна гэхэд тэр аваад нэг том пиво авчираад хажуу айлын Ж эгч бид гурав хувааж уусан. Энэ үед манай нөхөр О ирээд орж унт гээд бид гэртээ ороод нөхөртэйгөө унтсан. 17 цагийн үед хаалга нүдээд Х орж ирээд Т ирчихлээ, ганц юм аваад ууя гэхээр нь би нөхрөө уурлуулан байн халааснаас нь 12000 төгрөг аваад 0,75 гр Хараа архи авч бид гурав уусан. Т, Х нар хоорондоо муудалцаад байсан ба архи ууж дуусаад 1 номерын эзэнгүй өрөөнд ороод Т надаас чи найздаа нэг юм аваад өгчих би Х-аас салмаар байна гээд уйлаад байсан. Би тэднийг эвлэрүүлэх гээд нэг шил архи авч өгөөд хуваагаад уусан. Х согтоод гэрлүүгээ орж унтахаар явсан. 10-аад минутын дараа дахин орж ирээд Т-ыг толгой тархи руу нь цохиод хоолыг нь өшиглөчихөөд гараад явсан. Би Т-ыг орхиод гэр лүүгээ орсон чинь удалгүй Т орж ирээд чи манай хаалгыг онгойлгуулаад өг, цаадах чинь хаалгаа тайлж өгөхгүй байна гэхээр нь туслах санаатай хаалгыг тогшоод онгойлгохгүй болохоор нь манай дүү Б 19 настай дүүгээ дагуулаад гараад цонхоор нь Т-г оруулья гээд гартал цонх нь цоожтой байхаар нь буцаж гэрлүүгээ ороод нарийн төмөр аваад хаалганы завсраар нь гөжиж онгойлгох гээд төмрөө хийх гэж байхад Х хаалгаа онгойлгоод үгийн зөрүүгүй намайг үсдээд доош унагаж дараад миний дээр суучихаад нүүр самардаж, үсдэж зодсон. Би аргагүй эрхэнд өөрийгөө хамгаалж түүнээс мултрах гээд түүний гэдэс орчим нь самардсан нь үнэн. Тэгтэл Т эхнэр Х-аа миний дээрээс татаж аваад ардаа хийчихээд намайг нүүр лүү нэг удаа гараа зангидаад цохиод авахад хамраас цус гарсан. Ингээд би цагдаа дуудсан. Би шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлтэд миний гэмтлийг зөв гаргасан. Энэ гэмтлүүдийг Х, Т нар учруулсан. Би аль гэмтлийг нь тэр учруулсан гэж хэлж чадахгүй байна. Энэ хоёр намайг бүлэглэн зодсон. ...Т, Х нар надад гэмтэл учруулсныхаа 7 хоногийн дараа 85000 төгрөг бэлнээр өгсөн. Би дээрх гэмтлүүдээ тухайн өдөр нь Гэмтлийн эмнэлэгт үзүүлж томографикийн зураг 80000 төгрөгөөр авахуулсан, эм 30000 төгрөгөнд авч уусан. Цаашид имрайд харуулах шаардлагатай. ...Бусдад зодуулснаас хойш толгой байнга өвддөг болсон. ...Би энэ хоёрт гомдолтой, эмчилгээний зардлаа тооцоод мөнгө нэхэмжилнэ. Би холбогдох баримтуудаа авчирч өгнө. ...” гэх мэдүүлэг [1]

 

2.Гэрч Б.О хэрэг бүртгэлтэд 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...00-нд эхнэр С бид хоёр найзуудынхаа хамт гэртээ жаахан ууцгаасан. Найзууд маань яваад бид хоёр гэртээ унтсан. Нэг мэдэхэд шөнө сэртэл бөөн хэрүүл маргаан болсон, манай эхнэр нүүр нь хавдсан, үс толгой нь сэгсийсэн байдалтай байсан. Эхнэр болон манай 14 настай дүүгээсээ сонссон. Юу болсон бэ гэвэл эхнэр бид хоёрыг унтаж байхад эхнэрийн найз Х нь нилээд согтуу манай хаалгыг нүдээд орж ирсэн. Эхнэрийг маань архи ууя гээд архи ууцгаасан гэсэн. Х тасраад гэртээ ороод хаалгаа түгжээд унтсан гэсэн. Тэгтэл Х-ын нөхөр Т гэртээ ирээд хаалгаа онгойлгож чадахгүй болохоороо манай эхнэрийг гуйгаад манай хаалгыг онгойлгоод өгөөч гэхээр нь эхнэр маань туслах гээд тэдний хаалгыг нилээд удаан нүдээд эцэст нь Х хаалгаа нээгээд юу болсон бүү мэд хамт зогсож байхаар нь нөхөртэйгөө хардсан юм уу бүү мэд гэнэт л эхнэрийг үгийн зөрүүгүй үсдэж аваад барьцалдан зодолдсон байсан. Манай эхнэр угийн бие муутай, 1990-ээд онд гэдэсний наалдангийн хагалгаанд 7 удаа орсон, бөөрний чулуу, олгой авахуулсан зэрэг суурь өвчнүүдтэй юмаа. Тэгээд эмнэлгээр яваад хэвтэж эмчлүүлсээр байгаад ирж чадаагүй юмаа. ...” гэх мэдүүлэг [2]

 

3. Гэрч М.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн “...Би 000 -ны өдөр Улаанбаатар хотод тогоочийн курсд суралцахаар очиж, суралцаж байх хугацаандаа  000 дэргэд байх нийтийн 1 давхар байранд хуурай эгч Б.С-ынд байдаг байсан юм. 2017 оны 07 дугаар сарын 22-ны орой намайг Б.С-ын эгчийн гэрт өөрийн төрсөн дүү болох А, Б.С-ын эгчийн 2 хүүхэдтэй унтаж амарч байтал шөнийн 02 цагийн үед манай эгч Б.С намайг сэрээж, хажуу айлын хаалгыг нээгээд өгчих, эхнэр нь дотроосоо түгжчихээд тайлахгүй байна гэхээр нь би босоод хаалгыг нь онгойлгож өгөхөөр хаалгыг удаа дараа тогшиход хаалгаа тайлахгүй байсан. Ингээд би дотор байгаа эгчийг хаалгаа тайл гэж аргадаж онгойлгуулах гээд нилээн олон удаа үзсэн боловч тайлж өгөөгүй юм. Ингээд намайг хаалга тогшиж байтал гэр дотор байгаа эгч хаалгаа тайлж өгөөд ямар ч үгийн зөрүүгүй Б.С эгчийг үсдээд авсан. Тэгсэн Б.С эгч мөн л өмнөөс үсдэлцсэн. Ингээд тэр 2 үсдэлцэж байгаад газар унасан. Би ч тухайн үед тэр хоёрыг салгах гээд дундуур нь ороод салгаж чадаагүй. Гэтэл нөгөө эгчийн нөхөр нь гэнэт хажууд зогсож байгаад Б.С эгчийг газар уначихсан байхад нь дээрээс нь гараа зангидаж байгаад нүүрэн тус газар нь олон удаа цохисон. Тэгэхээр нь би нөгөө ахыг салгах гэтэл дийлэхгүй, нөгөө ах ч намайг цаашаа бол чамд хамаагүй гээд түлхээд байсан. Тэгсэн Б.С эгч цагдаа дууд гэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Намайг цагдаад дуудлага өгч байхад нөгөө ах эгч 2 орцноос гараад гүйгээд явчихсан. Ингээд би эгчийг гэртээ оруулахад С эгчийн нүүр ам нь битүү цус болчихсон, уруул нь сэтэрчихсэн, нүүрийг нь маажчихсан, 2 нүд нь хавдаж, улайчихсан байсан. Би тэгэхээр нь цусыг нь угаалцаж өгөөд байж байтал цагдаа нар ирсэн. Ингээд цагдаа нарыг ирэх үед гаднаас нөгөө хажуу айлын ах буюу С эгчийг зодсон ах орж ирэхэд нь цагдаа барьж авах гэсэн боловч зугтаад явчихсан. Харин нөгөө хажуу айлын эгч буюу хаалгаа тайлахгүй, С эгчийг анх үсдэж зодсон эгчийг цагдаа нар бариад аваад явсан. Тэд нарыг явахад С эгч бид нар унтаж амарсан. Ингээд маргааш нь буюу 000-ны өглөө сэрэхэд С эгчийн нүүр нь битүү хөхөрч хавдсан байсан. С эгч тэр цагаас хойш хэд хоног гэрээс гаралгүй гэртээ хэвтэж эмчлүүлсэн. ...Тухайн үед С эгч болон С эгчийг зодсон ах эгч 2, тэгээд би хэдэн дүү нарын хамтаар байсан. ...Тухайн үед О ах гэртээ тасраад унтаж байсан. ...Тэр үед С эгчийг тэр ах эгч нар зодсноос өөр хүмүүс хоорондоо зодолдсон зүйл байхгүй. ...хаалга тогшиж байхад гэрт байсан эмэгтэй хаалга тайлж өгөөд гэнэт л үсдээд авсан. Тэгээд зодоон эхэлсэн. Тэд зодолдож байхдаа ямар овоо гичий вэ гэж хэн хэнийгээ хэлээд байх шиг байсан. ...Б.С эгчийг зодсон 2 хүн л гэмтэл учруулсан. Миний мэдэхээр эмэгтэй нь үсдэж, эрэгтэй нь Б.С эгчийг цохиод байсан. Б.С гэгч нь тухайн 2 хүний өмнөөс эсэргүүцэж биед нь халдаж гэмтэл учруулсан зүйл байхгүй. Б.С эгч тухайн үед эхнэртэй нь үсдэлцэж байгаад нөхрийг цохиж эхлэх үед өөрийнхөө биеийг хамгаалж ямар нэгэн эсэргүйцэл үзүүлж чадаагүй, нүүрээ дараад л газар хэвтэж байгаа харагдсан. ...” гэх мэдүүлэг [3]

 

4. Гэрч У.З-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн “...Т нь манай аав, ээж дээр өссөн. Миний аав У-аар овоглодог. Эмээ, өвөө нь нас бараад над дээр ирээд байгаа юм. Хүү маань хотод Х гэх эмэгтэйтэй 2017 оны 6 дугаар сараас эхлэн хамтран амьдраад нийтийн байр түрээслэж байсан. Хааяа тэр байраар нь очиход бөөн архидсан согтуу л хүмүүс байдаг байсан. Наадмаас хойш Т нь Х-ыгаа дагуулаад хувцас хунараа чемоданлаад ирсэн. Нийтийн байрандаа нэг хүүхэнтэй хэрүүл зодоон болсон, түүнд 100000 төгрөг өглөө гэх мэт юм ярьж байсан. Миний хүү Т нь уг нь их дөлгөөн хүүхэд, сүүлийн үед архи уух гээд байдаг болсон, нийлж найзалж байгаа хүмүүсийг нь харахад бүтэхгүй шинжтэй л харагдаж байна. Х гэх хүүхнийг нь ч би сайн мэдэхгүй байна. Хүү маань ял шийтгэл эдэлж байгаагүй. Хүү маань над дээр өсөөгүй учир зан байдлын талаар би өөр хэлэх үг алга. Нас биенд хүрсэн хүн өөрийгөө аваад явах байлгүй дээ. Одоо нэг компанид барилгын ажилд орсон байгаа, цалин мөнгөтэй болчихвол энэ хүнийхээ хохирлыг барагдуулах байлгүй дээ. ...” гэх мэдүүлэг [4],

 

5. Гэрч Ш.А-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн “... Х нь миний хоёр дахь охин, 8-р анги төгсөөд эзэмшсэн мэргэжил байхгүй, нөхөрт гарч хоёр хүүхэд төрүүлээд одоо нөхрөөсөө салсан, хоёр хүүхэд нь нөхөр дээр нь байдаг. 2017 оноос Т гэх залуутай танилцаад хамтран амьдраад яваад байгаа. Надтай хамт амьдардаггүй, энэ залуутайгаа байр түрээслээд амьдраад яваад байгаа. Манай охин их хөнгөн хийсвэр зантай, нөхрөөсөө салснаас хойш архи уугаад байдаг болсон. Салаад 3 жил гаран болсон, энэ хугацаанд ажлаасаа гарсан, уг нь нэг хувийн эмнэлэгт сувилагч хийдэг байсан. Одоо энэ Т гэх залуу нь ямархуу хүнийг би мэдэхгүй байна, хөдөөгүүр л ажил хийгээд байдаг юм шиг байна лээ. Түүний эцэг эхтэй нь уулзаж ярилцаж байгаагүй, надтай байнга холбоотой байдаггүй, холбоо тасарч байж байгаад саяхнаас л цагдаа дээр хэрэгт холбогдсон гэж яриад би уулзсан. Охин маань миний үгэнд ордог, архи дарс уучихаад надад агсан согтуу тавьж байгаагүй, уг хүн нь хүний үгэнд оромтгой, зөөлөн зантай, жаахан хөнгөн хийсвэр л зантай юмаа. ...” гэх мэдүүлэг [5],

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 0000 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд доод зовхинд хүрэн, хамрын нурууны баруун хэсгээр хөхөлбөр цус хуралттай, баруун дээд зовхи бага зэргийн хавдартай, духанд 5хЗсм хөхөлбөр цус хуралттай, хавдартай, хуйхны зулайн урд хэсэгт Зх2см үс унасан зулгаралттай, дээд уруул хавдартай, 2x1 см хөхөлбөр цус хуралттай. Баруун хацарт 1х0.8см, 0х5,0хЗсм, 0х2.0х2см, духны баруун хэсэгт 2x0.4см, 1.8х0.6см хүрэн бор зулгаралттай. 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн эмчийн үзлэгт: онош: тархи доргилт гэжээ.

ДҮГНЭЛТ:

1.Б.С-ын биед тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйхны зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын топгонги алдалтанд нөлөөлөхгүй /шинжээч М.Э/ гэх дүгнэлт [6]

 

7. У.Тын хэрэг бүртгэлтэд 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би Хтай 2017 оны 06 дугаар сард танилцаад хамтран амьдрагч эхэлж, 000 тоот нийтийн байранд өрөө хөлслөн суусан.

2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Х-тай унтаж байхад шөнийн 01 цагийн үед С нь манай хаалгыг нүдэж орж ирээд тал шил Хараа архи барьчихаад ууя гэсэн. Тэгэхээр нь би маргааш ажилтай, уухгүй гэхэд тэр “идээг нь голоод байна уу, эзнийг нь голоод байна уу” гэж уурлаад байхаар нь за за гээд босоод хувааж уугаад гараад явсан. Маргааш нь буюу 22-ны өглөө С-ын нөхөр О ажилдаа яваад бид гурав үлдээд нэг шил архи авч шараа тайлсан. Өдөр нь хогоо ачуулчихаад хэсэг унтаж амраад орой О ирэхээр нь тэднийд нэг шил архи уусан. О тасраад С гэртээ ороод унтчихсан. Би Х-ыг аваад Хар хорингийн хажууд байдаг “Мишээл” пабад орж хэсэг бүжиглэсэн. Х-ыг явъя гэхэд тэр явахгүй байхаар нь хаяад гэртээ ирсэн чинь 1 номерын өрөөнд С, Ж эгчтэй архи ууж байхаар нь орж хамт ууцгаагаад байж байтал Х араас орж ирээд хаяж явлаа гээд надад жаахан уурлаж байгаад Х явж унтлаа гээд гэрлүүгээ явсан. Би нилээд согтоод гэрлүүгээ орж унтах гэтэл Х хаалгаа тайлж өгөхгүй байсан тул С-ыг гуйж хаалгыг онгойлгуулахаар, тэр хаалга нүдээд өшиглөөд онгойлгохгүй бол цонхоор чинь орно шүү гээд төмрөөр хөших гэтэл Х хаалгаа онгойлгоход С Х-ыг үсдээд автал зөрүүлж Х үсдээд тэд зууралдан зодолдсон. С Хыг доороо хийгээд зодоод байхаар нь би Сыг дээрээс нь татаж аваад нэг удаа алгадсан.  Тэгтэл тэр цагдаа дуудна гээд гараад гүйсэн. Х, С хоёр хоорондоо бие биенээ үсдэлцээд зууралдаад харилцан бие биенээ цохилцсон. Х гэмтлээ үзүүлээгүй болохоор гэмтэл нь одоо гарахгүй байхаа. Би дүгнэлттэй танилцлаа. Би энэ гэмтлийг түүнд учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...энэ гэмтлүүд миний цохилтын улмаас үүссэн байна. ...Би С-ын нэхэмжилж байгаа 200.000 төгрөгийг төлж барагдуулна. Өмнө нь 100.000 төгрөг түүнд өгсөн. ...” гэх мэдүүлэг [7]

 

8. О.Х-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би нөхрөөсөө салаад Т гэх залуутай 2017 оны 6-р сараас танилцан найз С-ын амьдардаг нийтийн байранд нь хажуу өрөө олуулж 2017 оны 4-р сараас тэнд хамтран амьдарч эхэлсэн. 2017 оны 7 дугаар сарын 21-нд гэртээ нөхөртэйгөө унтаж байхад шөнийн 01 цагийн үед С манай хаалгыг нүдэж орж ирээд архи уух уу гээд нэг шил архи авч орж ирээд бид хувааж уусан. Маргааш нь дахин архи уусан. Бидэн дээр С-ийн нөхөр О нэмэгдэж ууж байгаа тасраад гэртээ ороод унтсан. Нөхөр Т намайг аваад бид хоёр Хархорингийн хажууд байдаг “Мишээл” пабад орж хэсэг бүжиглэсэн. Тэгтэл гэнэт алга болсон байсан, би нийтийн байрандаа 02 цаг өнгөрч байхад ирэхэд Т, С, хажуу айлын нэг эгчтэй гурвуулаа архи ууж байхаар нөхөртөө уурлаад гэртээ ороод хаалгаа түгжээд унтаад өгсөн. Тэгтэл нойрон дунд хаалга нүдээд С нь намайг “муу гичий минь наад хаалгаа нээ” гэж орилоход Т “боль” гэж хэлтэл тэр “чи муу янхан хүүхнээ өмөөрлөө” гээд тэр хоёр маргалдаад байхаар нь би аргаа ядаад хаалгаа онгойлгосон чинь С намайг үсдээд дараад авахаар би адилхан зөрүүлж үсдэлцээд бид хоёр барьцалдан ноцолдсон чинь Т намайг өмөөрөөд С-ыг нэг удаа хацар луу нь алгадсан. Би нүцгэн гарч гүйгээд цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирээд та нар бүгдээрээ архи уусан байна, гомдлоо гаргаж болно гээд явсан. Маргааш нь С-ын баруун хацар жаахан туяараад хөхөрсөн байсан. Гэрт орж ирээд та нарыг цагдаад өгнө гэсэн. Миний баруун гуя бас түүний цохилтоор хөхөрсөн байсныг түүнд үзүүлсэн. Тэгээд бид хоёр хэн хэн адилхан л бие биенээ хөхрүүлсэн байна гээд өнгөрсөн. Би Сын шүүх эмнэлэгт үзүүлсэн дүгнэлттэй танилцсан. Энд гарсан гэмтлийг түүнд учруулсанаа зөвшөөрөхгүй. Учир нь С нь эхлээд намайг үсдэж, доош дарж унагаад зодсон, би биеэ хамгаалах гэж түүнийг үсдэж хариу үйлдэл хийсэн. Надад санаатай энэ хүнд гэмтэл учруулсан зүйл байхгүй. Тухайн өдөр би ч гэсэн баруун гуяандаа хөхрөлтэй байсныг би үзүүлж харуулаагүй, зөнгөөр нь л эдгээсэн. Шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Одоо цаашид ч үзүүлэхгүй. Т С-ыг нэг алгадсан. Тэр дараа нь С гомдолтой гээд байхаар нь 100.000 төгрөг өгсөн чинь Сайханаа одоо гомдолгүй гээд инээж хөхрөөд л салсан шүү дээ. Тэгээд л энэ асуудал дууссан гомдлоо авсан гэж бодсон. Миний зүгээс С-ын нэхэмжилж байгаа 200.000 төгрөгийг төлж чадахгүй. ...” гэх мэдүүлэг [8],

 

9. Хохирогч Б.С-аас ирүүлсэн хохирол нэхэмжилсэн баримт, мөн хохирогчид хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт [9],

 

10. У.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа [10], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [11], “Бат Оюун Тэгш” ХХК-ний тодорхойлолт [12] , Цагдаагийн ерөнхий газрын өргөдөл, гомдол, зөрчлийн талаарх мэдээллийн асап сангаас У.Тын талаар гаргасан лавлагаа [13],  У.Т-ын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа[14] ,

 

11. О.Х-ын иргэний үнэмлэхийн лавлагаа [15], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [16], Цагдаагийн ерөнхий газрын өргөдөл, гомдол, зөрчлийн талаарх мэдээллийн асап сангаас О.Х-ын талаар гаргасан лавлагаа [17], О.Х-ын Хаан банк, Төрийн банкинд эзэмшдэг дансны хуулга [18], авто тээврийн газрын О.Х-ын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа [19] зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал.

 

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч У.Т О.Х нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.Т О.Х нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж, 000 нд шилжих шөнө 0000 тоотод иргэн Б.С-ыг зодож, эрүүл мэндэд  нь “тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйхны зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар, духанд зулгарал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:           

-Хохирогч Б.Сын хэрэг бүртгэлтэд  мэдүүлсэн: “...Би 000 цагийн үед хаалга нүдээд Х орж ирээд Т ирчихлээ, ганц юм аваад ууя гэхээр нь … 0,75 гр  Хараа архи авч бид гурав уусан. ...Х согтоод гэрлүүгээ орж унтахаар явсан. ...Би Т-ыг орхиод гэр лүүгээ орсон чинь удалгүй Т орж ирээд чи манай хаалгыг онгойлгуулаад өг, цаадах чинь хаалгаа тайлж өгөхгүй байна гэхээр нь туслах санаатай хаалгыг тогшоод онгойлгохгүй болохоор нь ...нарийн төмөр аваад хаалганы завсраар нь гөжиж онгойлгох гээд төмрөө хийх гэж байхад Х хаалгаа онгойлгоод үгийн зөрүүгүй намайг үсдээд доош унагаж дараад миний дээр суучихаад нүүр самардаж, үсдэж зодсон. ...Тэгтэл Т эхнэр Х-аа миний дээрээс татаж аваад ардаа хийчихээд миний нүүр лүү нэг удаа гараа зангидаад цохиод авахад хамраас цус гарсан. ...гэмтлүүдийг Х, Т нар учруулсан....” гэх мэдүүлэг [20]

-Гэрч Б.О-ийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2017 оны 07 дугаар сарын 22-нд ...манай эхнэр нүүр нь хавдсан, үс толгой нь сэгсийсэн байдалтай байсан. ...Эхнэр болон манай 14 настай дүүгээсээ сонссон. ... Х-ын нөхөр Т гэртээ ирээд хаалгаа онгойлгож чадахгүй болохоороо манай эхнэрийг гуйгаад манай хаалгыг онгойлгуулаад өгөөч гэхээр нь эхнэр маань туслах гээд тэдний хаалгыг нилээд удаан нүдээд эцэст нь Х хаалгаа нээгээд юу болсон бүү мэд хамт зогсож байхаар нь нөхөртэйгөө хардсан юм уу, гэнэт л эхнэрийг үгийн зөрүүгүй үсдэж аваад барьцалдан зодолдсон байсан. ...” гэх мэдүүлэг [21]

-Гэрч М.Б-ийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2017 оны 07 дугаар сарын 22-ны ...шөнийн 02 цагийн үед манай эгч Б.С намайг сэрээж хажуу айлын хаалгыг нээгээд өгчих, эхнэр нь дотроосоо түгжчихээд тайлахгүй байна гэхээр нь би босоод хаалгыг нь онгойлгож өгөхөөр хаалгыг нь удаа дараа тогшиход хаалгаа тайлахгүй байсан. ...намайг хаалга тогшиж байтал гэр дотор байгаа эгч хаалгаа тайлж өгөөд ямар ч үгийн зөрүүгүй Б.С эгчийг үсдээд авсан. Тэгсэн Б.С эгч мөн л өмнөөс үсдэлцсэн. Ингээд тэр 2 үсдэлцэж байгаад газар унасан. ...гэтэл нөгөө эгчийн нөхөр нь гэнэт хажууд зогсож байгаад Б.С эгчийг газар уначихсан байхад нь дээрээс нь гараа зангидаж байгаад нүүрэн тус газар нь олон удаа цохисон. ...С эгчийн нүүр ам нь битүү цус болчихсон, уруул нь сэтэрчихсэн, нүүрийг нь маажчихсан, 2 нүд нь хавдаж, улайчихсан байсан. ...Тэр үед С эгчийг тэр ах эгч нар зодсноос өөр хүмүүс хоорондоо зодолдсон зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг [22],

-У.Т-ын хэрэг бүртгэлтэд яллагдагчаар мэдүүлсэн “...Би нилээд согтоод гэрлүүгээ орж унтах гэтэл Х хаалгаа тайлж өгөхгүй байсан тул С-ыг гуйж хаалгыг онгойлгуулахаар, тэр хаалга нүдээд өшиглөөд онгойлгохгүй бол цонхоор чинь орно шүү гээд төмрөөр хөших гэтэл Х хаалгаа онгойлгоход С Х-ыг үсдээд автал зөрүүлж Х үсдээд тэд зууралдан зодолдсон. С Х-ыг доороо хийгээд зодоод байхаар нь би С-ыг дээрээс нь татаж аваад нэг удаа алгадсан.  ...” гэх мэдүүлэг [23]

-О.Х-ын хэрэг бүртгэлтэд яллагдагчаар мэдүүлсэн “...би нийтийн байрандаа 02 цаг өнгөрч байхад ирэхэд Т, С, хажуу айлын нэг эгчтэй гурвуулаа архи ууж байхаар нөхөртөө уурлаад гэртээ ороод хаалгаа түгжээд унтсан. тэгтэл нойрон дунд хаалга нүдээд С нь намайг муу гичий минь наад хаалгаа нээ гэж орилоход Т боль гэж хэлтэл тэр чи муу янхан хүүхнээ өмөөрлөө гээд тэр хоёр маргалдаад байсан. Би хаалгаа онгойлгосон чинь С намайг үсдээд дараад авахаар би адилхан зөрүүлж үсдэлцээд бид хоёр барьцалдан ноцолдсон чинь Т намайг өмөөрөөд С-ыг нэг удаа хацар луу нь алгадсан. ...Маргааш нь С-ын баруун хацар жаахан туяараад хөхөрсөн байсан. ...С нь эхлээд намайг үсдэж, доош дарж унагаад зодсон, би биеэ хамгаалах гэж түүнийг үсдэж хариу үйлдэл хийсэн. ...Т С-ыг нэг алгадсан. ...” гэх мэдүүлэг [24],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 0000 дүгнэлт [25] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч У.Т нь гэм буруугийн талаар маргаагүй ба, харин шүүгдэгч О.Х нь гэм буруугийн талаар маргаж, биеэ хамгаалж хохирогчийг цохисон гэж мэтгэлцжээ.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл шүүгдэгч О.Х нь эхэлж хохирогчийг цохиж зодсон талаар хохирогч, гэрч нараас мэдүүлсэн байх бөгөөд О.Х нь гарцаагүй байдалд, түүний амь бие эрүүл мэнд нь аюултай нөхцөл байдалд орсоны улмаас өөрийгөө хамгаалах зайлшгүй үйлдэл хийх шаардлага гарсан  гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүний үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ.

 

            Хууль зүйн дүгнэлт:

            Улсын яллагчаас шүүгдэгч У.Т, О.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь өөрөө өөрсдийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар дүгнэлт гаргаагүй, улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч, хохирогч нар нь урьдын найз нөхдийн харилцаатай байх бөгөөд хамтран архидан согтуурдаг байна. Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь 2 өдөр үргэлжлүүлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн,  улмаар согтуурсан үедээ шалтгаангүйгээр, үгийн зөрүүгүйгээр шүүгдэгч О.Х нь зодооныг эхлүүлж, хохирогч Б.Сыг унагаж, самардаж, үсдэж зодсон, улмаар О.Х-ын хамтран амьдрагч У.Т нь уг үйлдлийг харж зогсож байснаа О.Х-ыг өмөөрч, хохирогчийн нүүрэнд гараараа нэг удаа цохиж, тэд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтлийг бүлэглэж, шууд санаатай үйлдлээр учруулсан нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байна.

            Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг заасан ба, харин мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь дээрх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол тус зүйл, хэсгээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болно. Өөрөөр хэлбэл хүндрүүлэх нөхцөл байдалд “бүлэглэж” үйлдснийг хамааруулахаар хуульчилсан тул, шүүгдэгч нарын бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хэргийг хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болсон байна.

Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч У.Т, О.Х нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Харин Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын яллах дүгнэлтэд шүүгдэгч У.Т О.Х нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдснийг шүүх зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бүлэглэж үйлдсэн нь хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болохоор буюу өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол тус зүйл, хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульд тусгайлан зааж, хуульчилсан байхад прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн гүйцэтгэх” гэсэн заалтыг журамласныг буруу гэж үзэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснийг шүүх зөвтгөн шийдвэрлэсэн болно. 

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, хохирлын төлбөр нэхэмжилж 117.400 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байх ба  шүүдэгч У.Т нь хохирогчид хэрэг үйл явдал болсны дараа 85.000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр бэлнээр 235.000 төгрөгийг тус тус өгч, нийт 320.000 төгрөгийг шүүгдэгч У.Т хохирогч Б.С-т нөхөн төлсөн байна.

Иймд шүүгдэгч нарыг хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            2.Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч У.Т О.Х нарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт 600,000 төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, харин торгох ялыг 2 сарын хугацаанд биелүүлэх боломжтой гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгч У.Т О.Х нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол, хор уршигийг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан цалин хөлсний талаарх дансны хуулга, “Бат Оюун Тэгш” ХХК-ний ажлын газрын тодорхойлолт зэрэг баримтад үндэслэн бусад орлого олох боломж зэргийг харгалзан тус бүрийг 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

3.Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, У.Т О.Х нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.Т О.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Суваргачин овгийн У.Т Боржигин овгийн О.Т нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Тыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял;

Шүүгдэгч О.Х-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т О.Х нарт торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сар буюу 60 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгуулын ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч У.Т О.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.С-т энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч У.Т О.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд У.Т О.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.

[2] Хавтаст хэргийн 28 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 30-32 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 27 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[6] Хавтст хэргийн 40, 119 дүгээр тал.

[7] Хавтаст хэргийн 57-58 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 62-63 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 68, 112 дугаар тал.

[10]Хавтаст хэргийн 69 дүгээр тал.

[11]Хавтаст хэргийн 74 дүгээр тал.

[12] Хавтаст хэргийн 87 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 86 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 89 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 71, 73 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 145 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 77-78 дугаар тал.

[18]Хавтаст хэргийн 92-94, 97-99 дүгээр тал.

[19] Хавтаст хэргийн 89 дүгээр тал.

[20] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.

[21] Хавтаст хэргийн 28 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 30-32 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 57-58 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 62-63 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 40 дугаар тал.