Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 494

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Н.Ш, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1476/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Н.Ш холбогдох эрүүгийн 1808 0126 40522 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Н.Ш Монгол Улсын иргэн, 000-ны өдөр 000 суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, боловсролгүй, 000 мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл 4, эхнэр, 5-13 насны 2 хүүхдийн хамт 000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /000000/.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга

Н.Ш нь 000-ний өдөр 00 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 00 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.Ш “охин Х сайн харсангүй” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь зүүн бугалга, шилбэ, баруун гуянд гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ш Мөрдөн байцаалтад  өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 0000000 дугаартай хэргээс:

1.Хохирогч Б.Д-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...Тухайн өдөр 0000-нд гэртээ хоёр хүүхдийн хамт байж байтал гаднаас нөхөр Ш орж ирээд “хүүхдээ сайн харсангүй, хажуу айлын хүүхдийн толгойн үснээс хайчилсан байна” гэж хэлээд галын дэгээ төмрөөр хөл, гар луу цохиж зодсон. Өөрийн өмдний тэлээгээр нурууны хэсэгт ороолгосон. Тухайн өдөр охин Хийг сайн харсангүй гэх шатгаанаар загнаж байгаад зодсон. Урьд өмнө 2-3 удаа цохиж зодож байсан. Хамгийн сүүлд зодох үед хөрш айлын Б, Ж хоёр харсан. Гэмтлүүдийг нөхөр Ш галын дэгээ төмрөөр цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг [1]

 

2.Гэрч Я.Б хэрэг бүртгэлтэд 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн “..00-нд гэртээ байж байтал зээ охин Д  нөхөр Шд зодуулсан гээд хоёр хүүхдээ дагуулаад ирсэн. Маргааш нь цагдаад өргөдөл өгөөд, шүүх эмнэлэгт хамт очиж үзүүлсэн юм. Ш нь зээ охинтой хамтран амьдраад 15 жил болж байна. Эхнэрийгээ хардаж зодсон байдаг. Тэгэхдээ гэмтэл учиртал зодож байгаагүй, сүүлд галын дэгээ төмөрөөр зодсон байсан. Хэрцгий зантай архи их ууна. Агсам согтуу тавьдаг. Муу зуршил гээд байх юм байхгүй. Зэрлэг араншинтай. ...” гэх мэдүүлэг [2]

 

3.Гэрч Н.Л хэрэг бүртгэлтэд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн “..000 нд манай ах Ш нь хамтран амьдрагч Д-тэй охин Х-ээс болж маргалдаж байгаад ах хүүхдээ нэг алгадсан чинь хүүхэд зодлоо гэж эхнэр нь өмөөрч ахыг дэгээ төмрөөр цохиод авахаар нь ах дэгээ төмрийг нь булааж аваад Д-ийг цохисон байна лээ гэж надад ээж Х хэлсэн.  Эхнэр нь ердөөсөө болдоггүй хүн байгаа юм, архи их уудаг мөнгө төгрөгнөөс болж маргаан ихтэй амьдардаг юм. Урьд өмнө харилцан зодолдож л байсан. Манай ахтай ханилаад 10 гаруй жил болж байгаа юм. ...” гэх мэдүүлэг [3]

 

4.Гэрч Ч.Х-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэх 000-нд манай хүү Ш нь хамтран амьдрагч Д-тэй хүүхдээсээ болж маргалдаж байгаад хоёр цохисон чинь хүүхдүүдээ дагуулаад яваад өгсөн байна гэж надад хэлсэн. Би хамар хашаанд нь ганцаараа амьдардаг. Тухайн үед би гэртээ байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Хүүхдээсээ болж маргалдсан гэж сонссон. Хоорондоо маргалдаж байгаа л харагддаг, яг цохиж зодож байсан үгүйг мэдэхгүй байна. Манай хүүтэй ханилан суугаад 10 гаруй жил
болж байгаа юм. Д халамж муутай, архи их уудаг эмэгтэй байгаа юм. Н.Ш ажилд шударга ханддаг хөдөлмөрч зантай үгэнд сайн ордог. Муу зуршил
гэвэл жаахан түргэн уур гаргачих гээд байдаг өөр муу зуршил гээд байх юм байхгүй. Өөр
ямар нэгэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй. ...” гэх мэдүүлэг [4]

 

5.Н.Ш-ы хэрэг бүртгэлтэд яллагдагчаар 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн “...Би 000-ний өдөр ажил хийх гээд гэрээсээ гарсан. Намайг гарах үед эхнэр хоёр хүүхдийн хамт гэртээ үлдсэн. 16 цагийн үед гэртээ ирээд сууж байтал хөрш айлын Б орж ирээд “манай хүүхдийн үсийг танай охин Х хайчаар хайчилсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэрийг загнаад “хүүхдээ сайн харахгүй яасан юм” гэж хэлтэл өөдөөс “ямар хамаатай юм, тэгээд яадгийн” гээд өөдөөс хашгичихаар нь би галын дэгээ төмөр аваад гар гуя хэсэгт нь 2-3 удаа цохиж өмдний тэлээгээрээ нуруунд нь 1-2 удаа ороолгочихоод гараад явсан. Орой 19 цагийн үед гэртээ ирсэн эхнэр Д хоёр хүүхдээ аваад явчихсан байсан. Утсаар залгатал утсаа авахгүй байсан. Бид хоёр охин Х-ээс болж хоорондоо маргалдсан. Манай охин айлын хүүхдийн үс хайчлаад, би хүүхдээ сайн харахгүй яасан юм гээд хэлтэл өөдөөс ямар хамаатай юм гэж уурласан. Түүнээс болоод би эхнэр Д-ийг галын дэгээ төмрөөр гар, гуянд нь 2-3 удаа цохиод, өмдний тэлээгээр 1-2 удаа нуруунд нь ороолгосон. Өөр нэмж цохиж зодоогүй. Урьд өмнө ойр зуурын маргаанаас болж ганц нэг удаа алгадаж байсан удаатай. Тэрнээс гэмтэл учиртал зодож цохиж байгаагүй. ...” гэх мэдүүлэг [5],

 

6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0000 тоот дүгнэлтийн:

Болсон хэргийн товч: 00 ний өдөр нөхөртөө зодуулсан гэх

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн бугалганы гадна дээд хэсэгт 6,5х2,0см, зүүн шилбэний гадна дунд хэсэгт 4,5хЗ,5см, баруун гуяны гадна доод хэсэгт 5,5х2,0см, 6,5х2,5см захаараа шаргал туяа бүхий хөхөлбөр өнгийн цус хуралтуудтай.

ДҮГНЭЛТ:

1.Б.Дийн биед зүүн бугалга, шилбэ, баруун гуянд гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. /шинжээч М.Золжаргал/ гэсэн дүгнэлт [6]

 

7. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ [7], 52 см урттай галын дэгээ төмрийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол [8],  

 

8.Шүүгдэгч Н.Ш-ы иргэний үнэмлэхийн лавлагаа [9], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [10], Хаан банкинд түүний эзэмшдэг дансны хуулга [11], Н.Шы нэр дээр өмчлөлтэй хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа [12], Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа [13], Н.Ш-ы хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлүүлэх тухай хүсэлт [14] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Н.Ш нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 79 дугаар тогтоолоор шийдвэрлэж, яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа буюу 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Шы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Ш-Н 000 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Д-тэй “охин Х хөрш айлын хүүхдийн үсийг хайчаар хайчилсан байна, охиноо сайн харсангүй гэх” шалтгаанаар маргалдахад Б.Д нь “ямар хамаатай юм, тэгээд яадаг юм” гэх зэргээр хэрүүл маргаан хийж улмаар Н.Ш нь өөдөөс хашгирлаа гэж Б.Д-ийг галын дэгээ төмрөөр гар, хөлийн гуя хэсэгт нь 2-3 удаа цохиж, өмдний тэлээгээрээ нуруунд нь 1-2 удаа ороолгох зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Б.Д-ийн бие махбодид зүүн бугалга, шилбэ, баруун гуянд хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

-Хохирогч Б.Д-ийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2018 оны 02 дугаар сарын 01-нд гэртээ хоёр хүүхдийн хамт байж байтал гаднаас нөхөр Ш орж ирээд “хүүхдээ сайн харсангүй, хажуу айлын хүүхдийн толгойн үснээс хайчилсан байна” гэж хэлээд галын дэгээ төмрөөр хөл, гар луу цохиж зодсон. Өөрийн өмдний тэлээгээр нурууны хэсэгт ороолгосон. ...Гэмтлүүдийг нөхөр Ш галын дэгээ төрмөөр цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг [15],

-Гэрч Я.Б-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2018 оны 2 дугаар сарын 01-нд гэртээ байж байтал зээ охин Д нөхөр Ш-д зодуулсан гээд хоёр хүүхдээ дагуулаад ирсэн. ...галын дэгээ төмрөөр зодсон байсан. ...” гэх мэдүүлэг [16]

-Гэрч Ч.Х-гийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2018 оны 2 дугаар сарын 01-нд манай хүү Ш нь хамтран амьдрагч Д-тэй хүүхдээсээ болж маргалдаж байгаад хоёр цохисон чинь хүүхдүүдээ дагуулаад яваад өгсөн байна гэж надад хэлсэн.  ...” гэх мэдүүлэг [17]

-Гэрч Н.Л-гийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2018 оны 2 дугаар сарын 01-нд манай ах Ш нь хамтран амьдрагч Д-тэй охин Хээс болж маргалдаж байгаад, ах хүүхдээ нэг алгадсан чинь хүүхэд зодлоо гэж эхнэр нь өмөөрч ахыг дэгээ төмрөөр цохиод авахаар нь ах дэгээ төмрийг нь булааж аваад Д-ийг цохисон байна лээ гэж надад ээж Х хэлсэн.  ...” гэх мэдүүлэг [18]

-Н.Ш-ы хэрэг бүртгэлтэд яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ...16 цагийн үед гэртээ ирээд сууж байтад хөрш айлын Б орж ирээд “манай хүүхдийн үсийг танай охин Х хайчаар хайчилсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэрийг загнаад “хүүхдээ сайн харахгүй яасан юм” гэж хэлтэл “өөдөөс ямар хамаатай юм, тэгээд яадгийн гээд хашгичихаар нь галын дэгээ төмөр аваад гар гуя хэсэгт нь 2-3 удаа цохиж, өмдний тэлээгээрээ нуруунд нь 1-2 удаа ороолгочихоод гараад явсан. ...” гэх мэдүүлэг [19]

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2334 тоот дүгнэлт [20], Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ [21], 52 см урттай галын дэгээ төмрийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол [22] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Н.Ш нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хууль зүйн дүгнэлт.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзвэл тухайн хэрэг үйл явдал болсон өдөр шүүгдэгч Н.Шы охин Х нь хөрш айлын хүүхдийнхээ үсийг хайчаар хайчилсан байх бөгөөд үүний улмаас хүүхдээ сайн харсангүй гэх шалтгаанаар хамтран амьдрагч Б.Д-тэй маргалдаж, улмаар шууд санаатай үйлдлээр түүнийг галын дэгээ төмрөөр гар гуя хэсэгт нь 2-3 удаа цохиж, өмдний тэлээгээрээ нуруунд нь 1-2 удаа ороолгож цохиж, зодон хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал хангалттай тогтоогджээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Ш-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Н.Ш нь хохирогч Б.Д-ийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч, хохирогч нарын хоорондох гэр бүлийн таарамжгүй харилцаа, бие биенийгээ хүндлэхгүй байдал зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг тодорхойлсон байдаг ба, тус хуулийн 3 дугаар зүйлд гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагчийг хамааруулан ойлгохоор хуульчилсан.

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор хуульчилжээ.  

Хохирогч Б.Д, шүүгдэгч Н.Ш нар нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн 10 гаруй жил хамтран амьдарсан, хамтран амьдрагч нар болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.

Тиймээс улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Хохирогч Б.Д-ийн биед хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч нь  нэхэмжлэх мөнгөн хохирол байхгүй, мөн хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, шүүгдэгч Н.Ш-аас хохирогчид сайн дураараа төлсөн төлбөргүй байна. Иймд тогтоолд хохирогч Б.Д нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар.

Прокурорын шатанд Н.Ш-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг танилцуулахад, Н.Ш нь  зөвшөөрч гарын үсгээ зурсан байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах, мөн шүүгдэгчийн цалин хөлс, орлогын харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэнгээс торуулын ялын талаар маргахгүй, мөн 4 сарын хугацаагаар тогтоох саналыг зөвшөөрч байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Ш-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Ш нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар заасан ба уг зүйлийн 8 дахь хэсэгт  “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүгдэгч Н.Ш нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй зэргийг, бусад орлогыг харгалзан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзан шүүгдэгч Н.Ш-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар, тус ялыг биелүүлэх хугацааг 4 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Н.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3.Бусад асуудлаар.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 52 см урттай галын дэгээ төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Шы иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 9, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгтзаасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Ш-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавь мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шд торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сар буюу 120 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  Н.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Д нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 52 см урттай галын дэгээ төмөр 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах ажлын хэсэгт шилжүүлэхийг шүүгчийн туслах Э.Э-д даалгасугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 16-18 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 19-20  дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.

[4] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 33-36 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 41-45 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 55 дугаар тал.

[9]Хавтаст хэргийн 46 дугаар тал.

[10]Хавтаст хэргийн 54 дүгээр тал.

[11]хавтаст хэргийн 53 дугаар тал.

[12]хавтаст хэргийн 50 дугаар тал.

[13]хавтаст хэргийн 48 дугаар тал.

[14]Хавтаст хэргийн 62 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 16-18 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 19-20  дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.

[19] Хавтаст хэргийн 33-36 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 41-45 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 55 дугаар тал.