| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2309 02683 2847 |
| Дугаар | 2024/ДШМ/1329 |
| Огноо | 2024-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баярмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2024/ДШМ/1329
2024 12 10 2024/ДШМ/1329
Г.Б, Ө.Э, Т.Н нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Баярмаа /томилолтоор/,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Өлзийбаяр, Х.Наранзул,
шүүгдэгч Ө.Э, Т.Н нарын өмгөөлөгч А.Ариунболд,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Очбадрах даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/866 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Бын гаргасан давж заалдах гомдлоор Г.Б, Ө.Э, Т.Н нарт холбогдох 2309 02683 2847 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С”-ын шатны орчим 2023 оны 08 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 02 цагийн орчим үл ялих зүйлээр шалтаглан маргалдан улмаар хохирогч Ө.Эыг хавсарч унагаан цохиж, эрүүл мэндэд нь санаатай учруулсан,
шүүгдэгч Ө.Э, Т.Н нар нь бүлэглэн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С”-ын шатны орчим 2023 оны 08 сарын 30-аас 31-нд шилжих шөнө 02 цагийн орчим үл ялих зүйлээр шалтаглан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдан улмаар хохирогч Г.Бат- Оршихын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ө.Э, Т.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Э, Т.Н нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийг шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ө.Э, Т.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий сиди 3 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н болон Ө.Э нарын мэдүүлэг нь худал бөгөөд намайг илтэд гүтгэсэн нь хэрэгт авагдсан 2 дугаар давхрын камерын бичлэгээр нотлогдоно. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд миний бие хохирогч Ө.Эын цээж хэсэг рүү түлхэж байгаа дүрс бичлэг гарах бөгөөд үүний улмаас Ө.Э гарын алгаар газар унасан. Шүүх шинжилгээний дүгнэлтээр Ө.Эын зүүн хацарт цус хуралт зүүн баруун тохойд гэмтэл учирсан байсан бөгөөд намайг түлхсэний улмаас тухайн гэмтлүүд учрах боломжгүй гэж миний бие үзэж байна. Би хохирогч юм, надад учирсан гэмтлийг хэн учруулсан нь тогтоогдоогүй бөгөөд Н, С нар нь надтай маргалдаж миний биед халдаж байгаа камерын бичлэг хэрэгт авагдсан. Уг хэргийг шалгасан мөрдөгч нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт эс үйлдэхүйгээр устгасан гэж миний бие үзэж зохих байгууллагад гомдол гаргасан. Иймд хэргийг дахин хэлэлцэж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг бүрэн гүйцэд, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Хохирогчоор оролцсон Г.Бын биед учирсан гэмтлийн зэрэг, хариуцлагаас чөлөөлөгдсөн Ө.Э, Т.Н нарын үйлдэл холбогдлыг шүүх буруу ойлгож шийдвэрээ гаргасан. Шүүх хэргийн 232 дахь талд авагдсан камерын бичлэгт Г.Бын уруул орчимд шарх харагдаж байна гэж дүгнэсэн байтал хэргийн 45 дахь талд байх Г.Бын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр “Доод уруулын зүүн хэсэгт буюу дотор салстад учирсан язралтыг хөнгөн” гэж тогтоосон. Гэтэл шүүх дүгнэхдээ камерын бичлэг дээр Ө.Этай зууралдаж, Т.Нт цохиулсны дараа ил шархгүй байсан, гадаа үл таних залуутай цохиилцсоны дараа ил шарх харагдсан учраас Т.Нийн үйлдэл тогтоогдохгүй байна гээд хэрэгсэхгүй болгосон. Гэтэл учирсан гэмтэл нь уруулын дотор салстын гэмтэл, цохисон үйлдэл нь дотор шатан дээр Т.Нийн Г.Быг 3-4 удаа цохиж алгадаж байгаа үйлдэл камерын бичлэгээс харагдана. Үүнийг шүүх шинжлэн судалсан хэрнээ үйлдэл, учир холбогдол, гэмтлийн зэргээр гарсан гэмтлийг уруулын дотор байсан, гадна шарх хоёрыг хооронд нь ялгахгүйгээр шийдвэрлэсэн. Энэхүү ялгаа нь хэргийн 232, 45 дахь талуудаас харагдах тул давж заалдах шатны шүүх үүнийг анхаарч үзнэ үү. Г.Быг хөнгөн гэмтэл учруулсан гэж буруутгасан дүгнэлтэд 2 зүйл үндэслэлгүй дүгнэгдсэн гэж үзэж байна. Нэгдүгээрт, Ө.Эын биед учирсан хөнгөн гэмтлийг Г.Бын ямар үйлдлийн улмаас хэрхэн учирсныг тогтоогоогүй. Хэргийн 58 дахь талд Ө.Эын өгсөн мэдүүлгийг үнэлэх ач холбогдолтой мэдүүлэг гэж үзээгүй. Учир нь, хэргийн 9 дэх талд өгсөн Т.Нийн мэдүүлгийг тэр чигт нь хуулж тавьсан мэдүүлэг. Хоёр өөр хүний мэдүүлэг байхад мэдүүлсэн зүйл нь яг ижил буюу хуулбарласан тул үүнийг хуульд заасан журмын дагуу авсан мэдүүлэг гэж үзэх боломжгүй. 59 дэх талд Ө.Эын хоёр дахь удаа өгч байгаа мэдүүлгээр “Дотор гэмтэл аваагүй, шатан дээр миний толгой руу цохисон” гэдэг ба шинжээчийн дүгнэлтээр түүний толгойд гэмтэл тогтоогдоогүй. Мөн тухайн өдрийн мэдүүлэгтээ “Би пабаас гарч ирэхэд миний араас тэр залуу дагаж гарч ирээд намайг зодоод, өшиглөөд миний зүүн хацрыг гэмтээсэн” гэдэг. Пабаас гарсан үеийн бичлэг хэрэгт авагдаж, үлэг хийн, тэмдэглэл хөтлөгдсөн. Уг тэмдэглэлд гадна болсон бүх процессоос хоорондоо контакталсан бичлэгийг түүж авсан. Гэтэл Ө.Эын өшиглөсөн, Г.Б руу хоёр удаа очиж зууралдсан үйл баримт харагдаж тэмдэглэлд тусгагдсан болохоос Ө.Эыг гадаа өшиглөсөн болон буцаж биед нь халдаж байгаа нэг ч үйлдэл тэмдэглэгдээгүй. Тэгэхээр хохирогч “Намайг гадаа өшиглөж унагаагаад миний зүүн хацарт гэмтэл учруулсан” гэж мэдүүлээд байхад гадна камерын бичлэгт тийм үйлдэл бичигдээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, хохирогчийн мэдүүлгийг Г.Б зөвшөөрөөгүй, тийм ч учраас камерын бичлэгийг шалгуулахаар гомдол гаргаж, шалгуулахын цагт мэдүүлэг нь худал байсан болох нь камерын бичлэгээс харагддаг. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар зүүн, баруун тохойны зулгаралт, зүүн хацарт цус хуралт гэж тогтоогдсон бөгөөд зүүн, баруун тохойны зулгаралтыг унахда өөрөө бэртээсэн гэдгээ хэлсэн. Зүүн хацарт нь гэм буруутай үйлдлээр гэмтэл учруулсан уу гэхээр хаана, ямар үйлдлээр учруулсан гэдгийг шүүх дүгнээгүй. Хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг шалгахад гадаа өшиглөж, нүүр ам руу нь цохисон үйлдэл байдаггүй. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудаас харахад Г.Бын эсрэг бүлэглэж биед нь халдаж, Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан маш олон гэмтлүүдийг учруулсан. Зэрэг тогтооход нэг гэмтэл дээр тогтоогдсон болохоос биш 11, 12 шарх сорви, гэмтэл учирсан байдаг. Бүлэглэж хүний биед халдсан хэрнээ хэн нь ч хариуцлагаа хүлээгээгүй мултарсан. Хэргийн 97, 232 дахь талд авагдсан камерын бичлэгт хийсэн тэмдэглэлээс “Ногоон цамц, гадуураа хар цамцтай залуу Бтой зодолдож байсан” гэх нөхцөл байдал харагддаг. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхад яагаад тэр залууг энэ хэрэгт шалгаж, хэнийх нь үйлдлээс болж гэмтэл учирсныг тогтоох үүрэг хуулийн байгууллагад байсан. Өөрөөр хэлбэл, Т.Н учруулаагүй гэвэл өөр хэн учруулсан байх, С, Э, Н нарын хэн нэгний үйлдлээс гэмтэл учирсан байх боломжтой. Гэтэл үүнийг шийдвэрлэхгүй хамааралтай хүмүүсийг нь цагаатгаж, өөрсдийнх нь худал мэдүүлсэн мэдүүлгээр Г.Быг буруутайд тооцож шийдвэрлэсэн нь харамсалтай байна. Ял шийтгэлийн хувьд өөрөө хүлээж буруу зүйлд ороогүй, хэлмэгдээд байсан учраас маргаж оролцсон. Энэ байдлыг шүүх маш гярхай ажиглаж шийдвэрлээгүй, андуурсан, эсхүл хэргийн нэг талд үйлчилж байгаа юм уу, мэдэхгүй, тодорхой үйл баримтад буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Тийм учраас Г.Бын гэм буруутай үйлдэл нь тогтоогдоогүй учраас цагаатгах үндэслэлтэй. Хор уршиг, үйлдэл хоёрын хоорондох шалтгаант холбоог огт тогтоогоогүй, тогтоогдсон баримт энэ хэрэгт байхгүй. Өөрт нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан байхад түүний хохирлыг шийдвэрлээгүй, хамаарал бүхий этгээдүүдийг цагаатгасан нь ял завшуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Бод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулах саналтай байна. Мөн Г.Б-д учирсан хөнгөн зэргийн гэмтлийн эзэн холбогдогчийг олж тогтоох ажиллагаа хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байх тул энэ асуудалд дүгнэлт хийж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Наранзул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Өлзийбаяртай санал нэг байна. Шийтгэх тогтоолын 5, 6, 7, 8 дахь талд Г.Бын гэм буруугийн талаар дурдсан байх бөгөөд шийтгэх тогтоолын 5 дахь талд “Бын уруулын доод хэсэгт язарсан шарх харагдаж байх бөгөөд Б нь Э болон ногоон хар өнгийн гадуур хувцастай эрэгтэй рүү дайрч” гээд мөрдөгчийн камерын бичлэгээр бэхжүүлж хэрэгт зураг хэлбэрээр хавсаргаж сум заасан хэсэгтэй, Г.Быг буруутгаж байгаа дүгнэлтэд ач холбогдол өгч, зөвхөн мөрдөгчийн зургаар бэхжүүлсэн нотлох баримтын хэсэгт ач холбогдол өгсөн. Камерын бичлэгийг үзвэл Г.Бын уруулын дотор салстад учирсан гэмтэл огт харагддаггүй. Шийтгэх тогтоолын 6-д “Шүүгдэгч Г.Б нь үл ялих зүйлээр маргалдан Эыг цохиж, эрүүл мэндэд нь хохирол санаатай учруулсан” гэсэн. Гэтэл хаана, ямар үйлдлээр, хэдэн удаа, яаж цохиж гэмтэл учруулсан болохыг огт дүгнээгүй. Өөрөөр хэлбэл, хэргийн 230 дахь талд авагдсан мөрдөгчийн тэмдэглэлд хэрэгт анхнаасаа хохирогчоор тогтоогдсон Ө.Эын мэдүүлгийг дурдсан ч түүнд хууль сануулж авсан мэдүүлэг бүгд зөрүүтэй. Эхний мэдүүлэг нь Т.Нийн өгсөн мэдүүлгийг шууд хуулж тавьсан, дараагийн мэдүүлэгтээ “Би дотор талд байхдаа гэмтэл аваагүй. Пабаас гарахад тэр залуу миний хацар руу хөлөөрөө өшиглөж, намайг газарт унагаасан” гэж ярьдаг. Гэтэл хэргийн 230 дахь талд авагдсан мөрдөгчийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл дэх №4 гэсэн зурагт Э өөрөө Г.Б дээр хоёр удаа очиж зууралдаад газарт унаж буй бичлэг байдаг. Дотор талд гэмтэл аваагүй гэдэг ба гадна талд Г.Б түүнийг цохисон үйлдэл огт тогтоогддоггүй. “Бичлэгийг цааш тоглуулахад хар өнгийн сорочкан цамцтай, хар өнгийн пиджактай эрэгтэй түлхэж унагааж байгаа харагдана” гэдэг. Гэтэл огт түлхсэн зүйл байхгүй, өөрөөсөө зайлуулах зорилгоор гараараа холдуулж байхад түлхээд газар унагасан мэтээр тайлбарласан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Шүүхээс хэргийн 222-226 дахь талд Г.Боос гаргаж өгсөн сидид үзлэг хийсэн гэж ярьдаг боловч энэ нотлох баримтыг үндэслэлгүйгээр няцаасан дүгнэлтээ бичээгүй. Тийм учраас хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй, худал мэдүүлсэн, хохирогчийн мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагаанд нэг талдаа үйлчилж явсан. Нөгөөтээгүүр Г.Бод учирсан гэмтлийн зэргийг шүүх дүгнэхдээ Эын хацарт цус хуралт тогтоогдож уг гэмтэл нь хөнгөн гэж байхад Г.Бын цус хуралтад хөнгөн гэмтэл тогтоогдсон гэж үзээгүй талаар огт дүгнэлт хийгээгүй. Г.Б анхнаасаа хохирогчоор тогтоогдож, сэжигтэн, яллагдагчаар нийт 6 удаа мэдүүлэг өгөхдөө “Намайг буруутгаж байгаа үйлдэл оролцоог хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж ирсэн. Иймд түүний гаргасан гомдол хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Зөвхөн мөрдөн шалгах ажиллагаа болон улсын яллагчийн яллах дүгнэлтэд заасан нотлох баримтаар нэг талыг барьж дүгнэлт хийсэн. Нөгөөтээгүүр, Эрүүгийн хуулийн хариуцлагын зорилго, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтоор гэмт хэрэгтнийг шуурхай бүрэн тогтоож, хариуцлага хүлээлгэх, Г.Б тухайн маргааныг үүсгэснээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан ч түүний биед учирсан гэмтлийг хэн учруулсныг тогтоогоогүй. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт камерын бичлэгээс үзэхэд саарал биеийн тамирын хувцастай С гэх залуа 2-3 удаа бичлэгт орж ирээд цохилцож байгаа талаар тусгагдсан байхад прокурор хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой, эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох үүргээ биелүүлээгүй. Мөрдөн шалгах ажиллагаа энэ журмын дагуу явагдаагүй. Гэмтэл учруулсан Т.Нт хариуцлага оногдуулахгүй, ял завшуулж байна. Маш олон төрлийн гэмтлийг бүлэглэж үйлдсэн байхад энэ талаар шалгаагүй. Хэрэгт авагдсан 263 хуудас баримтаар Г.Быг бусдын биед гэмтэл учруулж, санаатайгаар зодсон гэх үйлдэл оролцоо огт тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ө.Э, Т.Н нарын өмгөөлөгч А.Ариунболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаан 7-8 удаа хойшилж, шүүгдэгч Г.Бын бүх хүсэлтүүдийг нь хангасан. Г.Б шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байгаа үйлдэлдээ сануулга авч, өмгөөлөгчөө хэд хэдэн удаа сольсон. Энэ бүх үед тэрээр мэдүүлгээ дандаа өөрчилж, төөрөгдүүлэх зорилгоор ярьж байсан. Мөн шүүгдэгч нь бичгээр гаргасан давж заалдах гомдлоосоо өөр зүйл ярьж байна. Анхан шатны шүүх хуралдаанд сиди дээрх бичлэгийг 2-3 удаа тоглуулж үзээд нотлох баримт шинжлэн судлахдаа маш нарийн судалсан. Г.Бын хувьд өөрийн буруугаа хүлээж, хэргээ хүлээсэн. Гэтэл одоо худал мэдүүлэг өгсөн гээд огт өөр, ойлгогдохгүй зүйл яриад байна. Шүүх бичлэг дээрх бүх үйл баримтыг нэг бүрчлэн маш нарийн тогтоосон. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүх нэг талд үйлчилсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн бөгөөд хэргийг бүхэлд нь хянахад бүх үйл баримт тодорхой байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэгдсэн бөгөөд шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид хууль сануулж мэдүүлэг авсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С”-ын шатны орчим 2023 оны 08 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 02 цагийн орчим үл ялих зүйлээр шалтаглан маргалдан улмаар хохирогч Ө.Эыг хавсарч унагаан цохиж, эрүүл мэндэд нь санаатай учруулсан, шүүгдэгч Ө.Э, Т.Н нар нь бүлэглэн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С”-ын шатны орчим 2023 оны 08 сарын 30-аас 31-нд шилжих шөнө 02 цагийн орчим үл ялих зүйлээр шалтаглан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдан улмаар хохирогч Г.Бат- Оршихын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 4/, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Т.Төмөрбатын бичсэн илтгэх хуудас /1хх6/, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 11050 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх19-20/, 2023 оны 10 дүгээр сарын 13-ны өдрийн №23-224 дугаартай Дамно хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /1хх24-27/, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11329 дугаартай дүгнэлт /1хх39-40/, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1042 дугаартай дүгнэлт /1хх50-52/, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11051 дугаартай дүгнэлт /1хх61-62/, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хяналтын камерын бичлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх227-231/, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Т.Нийн гарган өгсөн бичлэгт үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх233-238/, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх67-69/,
хохирогч Т.Нийн “...би салгах гээд очиход тухайн эрэгтэй намайг хэд хэдэн удаа цохисон. Хамгаалагч нар тухайн эрэгтэйг аваад баарнаас гарсан. ...Мөн баарны гадаа намайг заамдаад цохиж аваад өшиглөсөн. Миний бүх хувцсыг урсан ба намайг хэл амаар маш их доромжилсон. ...Миний бие махбодод үүссэн гэмтэл болон миний хувцсыг урсан хохирлыг нөхөн төлүүлнэ. ...Gentle monster брэндийн хар хөх өнгийн нүдний шилийг 430.000 төгрөгөөр авч байсан. Одоо нүдний шилээ авсан үнээрээ үнэлнэ. ...” /1хх9, 11/,
хохирогч Г.Бын “...миний биед үүссэн гэмтлүүдийг тухайн үед байсан нэг эрэгтэй, нэг эмэгтэй учруулсан бөгөөд эмэгтэй нь 5 удаа миний толгой, хөл хэсэгт цохисон, эрэгтэй нь 4 удаа толгой орчимд цохиж миний фодволкыг урсан. ...Г-н хамт 1 литрийн 2 пиво уусан ба Г харихаар явсан. ...би ганцаараа үлдээд 0,5 литрийн савлагаатай задгай пиво уусан. ...Тухайн үед 3 эрэгтэй хүнтэй танилцсан ба нэрийг нь санахгүй байна. ...гарч тамхи татаад орох гээд шатаар дээшээ өгсөж байхад 40 гаран настай эрэгтэй миний явж байсан замыг хааж зогссон, би холдуулах зорилгоор түлхсэн. ...нэг эмэгтэй дөхөж ирээд хамт явж байсан 40 гаран насны эрэгтэйг өмөөрөөд миний зүүн талын шанаа, дух хэсэгт 2-3 удаа цохиж миний баруун гуя хэсэгт гутал өмсөж байсан хөлөөрөө өшиглөсөн. Үргэлжлүүлэн миний цээж хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж хумсаараа маажсан. ...гадаа тамхи татаад зогсож байтал 40 гаран насны эрэгтэй дөхөж ирээд хэрүүл маргаан хийсэн. Тэр залуу миний уруул хэсэг рүү гараараа 2 удаа цохиж би газарт унасан. Тэр үед миний зүүн талын тохой зулгарч гэмтсэн. ...” /1хх33, 36/,
хохирогч Ө.Эын “...баарны гадаа намайг заамдаад цохиж аваад өшиглөсөн. ...миний бие махбодод үүссэн гэмтэл, үүссэн хохирлоо нөхөн төлүүлнэ. ...миний араас нэг үл таних эрэгтэй гараараа нэг удаа толгой хэсэг рүү цохисон. ...Би эргэж хараад тухайн залуугаас яагаад намайг цохиж байгаа юм бэ гэж асуухад “төлбөрөө төл” гэж надад хэлсэн. ...Би төлбөр тооцоогоо хийсэн гэдгээ хэлсэн, ...түүнээс болж хэрүүл маргаан үүссэн ба миний толгой хэсэгт цохисон залуу Нтэй үргэлжлүүлэн муудалцаж байсан. Нийн өмсөж байсан хувцас, фодволк татаж чангаагаар урсан. Би пабаас гарахад тухайн залуу гарч ирээд надтай маргалдсан ба миний нүүр хэсэгт зүүн хацар руу хөлөөрөө өшиглөж, миний биед гэмтэл учруулсан. Мөн намайг 2 гараараа хүчтэй түлхэж, намайг газарт унагасан. Би газарт унах үедээ баруун, зүүн тохой хэсэгтээ гэмтэл авсан. ...тухайн залуу согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан ба тэр хавийн хүн бүртэй маргалдаж байсан. ...газарт хэд хэдэн удаа унаж босоод байсан ба тэр үед биед нь гэмтэл учирсан гэж бодож байна. ...” /1хх57, 59/,
гэрч Д.Б “...үүдэнд үл таних ахимаг насны эмэгтэй “чамтай хамт явж байсан залуу хүн зодчихлоо” гэсэн тэгээд би даараад байна цамцаа өмсгөчих гэсэн тул би гадуур өмссөн байсан цамцаа өгсөн. ...” /1хх66/,
Г.Бын яллагдагчаар өгсөн “...Г ын хамт 1 литрийн 2 пиво уусан ба Г харихаар явсан. ...би ганцаараа үлдээд 0,5 литрийн савлагаатай задгай пиво уусан. ...Тухайн үед 3 эрэгтэй хүнтэй танилцсан ба нэрийг нь санахгүй байна. ...гарч тамхи татаад орох гээд шатаар дээшээ өгсөж байхад 40 гаран настай эрэгтэй миний явж байсан замыг хааж зогссон, би холдуулах зорилгоор түлхсэн. ...нэг эмэгтэй дөхөж өмөөрөөд намайг цохисон. Миний нүүр хэсэгт 4-5 удаа цохисон. Би доошоо буухад миний араас гарч ирээд нүүр хэсэгт дахин цохисон. ...” /1хх86-87/,
гэрч С.С “...Тэгээд сууж байгаад гарах гэж байтал хамт явж байсан нэг эмэгтэйн хувцсыг урчихсан бөөн юм болчихсон байсан. Тухайн эмэгтэйг үсэдчихсэн зодоон болж байсан. Тэгээд тухайн эмэгтэйг зодсон залууг хамгаалагчтай нийлж байгаад салгасан. ...тухайн залуу Эыг мөн зодож байсан. ...” /1хх246-247/,
гэрч Б.М “...Би Быг өмнө нь таньдаг байсан. Тухайн өдөр архи согтууруулах ундаа нэлээн хэрэглэсэн байсан учир гарч тамхи татчихаад буцаж орж ирж байгаад 1 давхраас 2 давхар руу гардаг шат нь дээр жижиг хөгшин, ногоон өнгийн фодволктой ахтай мөргөлдсөн. Б замаас холд гэж хэлэхэд тухайн залуу холдохгүй байсан учир Б түлхсэн чинь газарт унасан. Тухайн маргаан эхэлсэн бөгөөд ногоон фодволктой явж байсан залуутай хамт явж байсан эмэгтэй нь Быг зодоод толгой болон хүзүү хэсгийг нь хумсаараа урсан байсан. Тэгээд би Быг тайвшруулаад аваад гарсан ба тухайн эмэгтэй хэл амаар доромжлоод зүгээр байлгахгүй утсаараа бичлэг хийгээд байсан. ...” /2хх1-2/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.Б, Ө.Э, Т.Н нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд анхан шатны шүүхээс Ө.Э, Т.Н нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Г.Б нь “...Н болон Ө.Э нарын мэдүүлэг нь худал бөгөөд намайг илтэд гүтгэсэн нь хэрэгт авагдсан 2 дугаар давхрын камерын бичлэгээр нотлогдоно. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд миний бие хохирогч Ө.Эын цээж хэсэг рүү түлхэж байгаа дүрс бичлэг гарах бөгөөд үүний улмаас Ө.Э гарын алгаар газар унасан. Шүүх шинжилгээний дүгнэлтээр Ө.Эын зүүн хацарт цус хуралт зүүн баруун тохойд гэмтэл учирсан байсан бөгөөд намайг түлхсэний улмаас тухайн гэмтлүүд учрах боломжгүй гэж миний бие үзэж байна. Би хохирогч юм, надад учирсан гэмтлийг хэн учруулсан нь тогтоогдоогүй бөгөөд Н, С нар нь надтай маргалдаж миний биед халдаж байгаа камерын бичлэг хэрэгт авагдсан. Уг хэргийг шалгасан мөрдөгч нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт эс үйлдэхүйгээр устгасан гэж миний бие үзэж зохих байгууллагад гомдол гаргасан. Иймд хэргийг дахин хэлэлцэж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Шүүгдэгч Г.Б-д оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2309026832847 дугаартай прокурорын тогтоолоор Г.Б, Т.Н, Ө.Э нарыг тус эрүүгийн хэрэгт яллагдагчаар татжээ.
Улмаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/1253 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг 60 хоног прокурорт буцааж шийдвэрлэсэн ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.С-с гэрчийн мэдүүлэг авч, хэргийн нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа хийгдсэн байна.
Хэрэгт авагдсан сидинд хуулбарласан бичлэгээс үзвэл С.С нь дээгүүрээ ногоон оруулгатай, доогуураа бараан хар өнгийн оруулгатай ханцуйтай, цахилгаантай цамцтай байх ба Г.Б нь саарал өнгийн цамцтай байх бөгөөд энэ 2 хүн хоорондоо ноцолдон, зодолдож байгаа үйл баримт харагдаж байна.
Харин 2 давхрын шатны хэсэгт Т.Н нь Г.Бтой маргалдаж байх ба Т.Н нь Г.Быг алгадах, хүзүү хэсэг рүү нь гараа явуулах үйл баримт харагдах байх боловч 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11329 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Г.Бын биед “хүзүү, зүүн мөр, зүүн бугалга, зүүн тохойнд зулгаралт, хүзүү, цээж, зүүн мөр, цээж, зүүн эгэм, зүүн гуянд цус хуралт, духанд цус хуралт, доод уруулын салстад шарх, цээжинд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэхүү гэмтлийг Т.Н, Ө.Э нарын үйлдлээс үүссэн гэж үзэх боломжгүй байна. Тэрээр энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүхээс Ө.Э нь Г.Б-д гэмтэл учруулсан гол буруутан биш, С.С нь Г.Б-д гэмтэл учруулсан байх боломжтой гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн гэрч С.С-н хувьд энэ хэрэгт холбогдогчоор татаж шалгах хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул тус хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/866 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/866 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ