| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0502/Э |
| Дугаар | 515 |
| Огноо | 2018-06-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Цэвээнжав |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 515
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттулга,
улсын яллагч Х.Цэвээнжав,
шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-Д холбогдох эрүүгийн 00000000Ы дугаар хэргийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц.Б Монгол Улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужааны мэргэжилтэй, хувиараа түргэн үйлчилгээний цэг ажиллуулдаг гэх, ам бүл 6, эхнэр, 2-10 насны дөрвөн хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 9 дүгээр гудамжны 70 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй (РД:ПЖ83041316).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга
Ц.Б нь согтуугаар 0000 хажууд байрлалтай ТҮЦ-нд гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ц.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Ц.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
000 автобусны буудал дээр байдаг эхнэрийн ажиллуулдаг түргэн үйлчилгээний цэгт очиж эхнэртэйгээ барааны мөнгийн асуудлаас болж маргалдсан. Тэгээд эхнэрээ лангууны арын хашлага хийдэг нарийн төмрөөр гар, хөл рүү цохиж зодсон. Эхнэртэйгээ 2006 онд танилцаж, 2008 онд гэр бүл болж байсан. Дундаасаа дөрвөн хүүхэдтэй. 2015 оноос хойш түргэн үйлчилгээний цэг ажиллуулж байгаа гэв.
Хоёр. Эрүүгийн 000000000000000000 дугаартай хэргээс:
1.Хохирогч Д.Б-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн “...Би нөхөр Б амьдраад 12 жил болж байна, дундаасаа 4 хүүхэдтэй, албан ёсны гэр бүл юм. 000 хороонд өөрийн ажиллуулдаг түргэн үйлчилгээний цагт бараагаа зараад байж байхад нөхөр Б согтуу ирээд архины мөнгө нэхэхээр нь “надад мөнгө байхгүй, чи ингээд архи уугаад яваад байх юм, боль” гэхэд уурлаад нүүр лүү гараараа мангасдаж түлхээд арагшаа сандлаас унагаад багалзуур шахаж байснаа босоод суу гээд багалзуудсан чигтээ татаж сандал руу суулгаад, чи цагдаагаа дуудаад өгөхгүй юу, намайг шоронд хий гээд лангууны хамгаалалтын нарийн төмрөөр гар, хөл, мөр лүү энд тэнд цохиод байсан. ...нилээд олон цохиж байгаад болиод ээжтэйгээ утсаар яриад танай бэрийг чинь зодоод алах гэж байна, ирээд ав гэж ярьсан. Удалгүй хадам ээж ирээд хүүгээ аваад явсан. ...Би цагдаагийн байгууллагад өргөдлөөр анх удаа хандаж байна. 2 удаа агсан тавихад нь эрүүлжүүлэх дуудаж саатуулж байсан. Өмнө нь манай нөхөр хааяа нэг архи уудаг, жилдээ 2-3 удаа уудаг, уухаараа л ийм байдлаа давтаж надад гар хүрдэг. Бусад үедээ зүгээр надад туслаад, үгэнд ороод байдаг мөртлөө архи хааяа уучихаараа ааш зан гаргаад байдаг, жилдээ 2-3 удаа намайг зодох, мөн гэр орныхоо эд хогшлийг эвдэж агсан тавьдаг, их агсан зантай хүн байгаа юмаа. Цаашид энэ хүнд зодуулж амьдарч чадахгүй тул салах арга хэмжээ авмаар байна. Миний гэмтлийг зөв тодорхойлсон байна. Энэ гэмтлийг нөхөр Б нь учруулсан. ...” гэх мэдүүлэг [1]
2.Хохирогч Д.Б-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дахин мэдүүлсэн “...Б намайг цохиж зодож байсан талаар манай ар гэрийн хэн ч мэдэхгүй. Учир нь би гэрийнхээ асуудлыг гадагш нь хүнд яриад байдаггүй. Б 4-5 жилийн өмнө намайг нялх биетэй байхад гэртээ согтуу ирээд унтаж амрахгүй агсан согтуу тавиад байхад хажуу айлын хүн цагдаад дуудлага өгсөн. ...Б архи уучихлаараа унтаж амрахгүй гарч ороод хүний дургүй хүргээд байдаг юм. Надад гомдол санал байхгүй. Шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг [2],
3. Гэрч М.Э хэрэг бүртгэлтэд 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн “...Б нь манай төрсөн эгч Б-ийн том хүү нь байгаа
юм. Эднийх 6 хүүхэдтэй айлын хамгийн том нь. Зан чанарын хувьд даруу төлөв,
үг дуу цөөтэй, архи дарс хэрэглээд байдаггүй, эхнэр 4-н хүүхдийн хамт амьдардаг.
Б-ны эхнэр Б нь их ааштай, манай эгчийг янз бүрээр хэлээд үздэггүй
гэсэн. Би тусдаа амьдардаг тул тэдний амьдралыг нарийн мэдэхгүй, манай эгч
надад хэлснээр бол Б-ыг эхнэртэйгээ муудалцаад ээжийндээ ирсэн
гэдгийг би сонссон. Өөр зүйл мэдэхүй. ...” гэх мэдүүлэг [3],
4. Ц.Б-ы хэрэг бүртгэлтэд яллагдагчаар 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн эхнэр Б-тай ТҮЦ-ний бараа татахаас эхлээд маргалдсан. Би уурлаад гараад явсан. Тэр оройдоо гэртээ хариагүй, ганцаараа Б-ны эцэст байдаг нэрийг нь санахгүй нэг пабад сууж архи уучихаад согтуу байсан учир ээжийндээ очоод хоносон. Маргааш нь 29-ний өдөр 11 цаг хүртэл унтаад шараа тайлахаар дэлгүүр орж “Соёрхол” 0,75 грамын архи авч ганцаараа уусан. Тэгээд тасарчихсан эхнэрийн ажиллуулдаг 000 хажууд байрлалтай түргэн үйлчилгээний цэгт очсон. Тэгээд юу болсноо сайн санахгүй байна. Үйлдлээ санахгүй болтлоо архи уусан байна. Манай ээж тэр өдөр намайг авч гэр лүүгээ хариад маргааш нь чи эхнэрийгээ зодсон гэж хэлсэн учир би тийм үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Бид 12 жил амьдарч байгаа, албан ёсны баталгаатай гэр бүл юм. Дундаасаа 4 хүүхэдтэй. Амьдрах хугацаанд эхнэрээ байнга зодоод байдаггүй, 3 удаа л гар хүрч байсан. Гэхдээ гэмтэл бэртэл учруултал зодож байгаагүй. Би Бүжмаагийн шүүх эмнэлэгт үзүүлсэн дүгнэлттэй өмнө мэдүүлэг өгөхдөө танилцсан. Энэ гэмтлийг эхнэр Б-даа учруулсанаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг [4]
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0000 тоот дүгнэлтэд:
Болсон хэргийн товч: Үзүүлэгчийн өөрийн өгүүлснээр: 2018 оны 4 дүгээр сарын 29-нд ...нөхөр Ц.Б нь ирж архины мөнгө нэхэж зодсон гэх.
“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн бугалганы гадна дунд хэсэгт 8х7см, зүүн тохойн гадна хэсэгт 6х6см, зүүн шууны гадна хэсэгт 6x6,5см, дотор дээд хэсэгт 6x3,5см, дотор дунд хэсэгт Зх1,7см, дотор доод хэсэгт 6,0х7,5см, зүүн бугуйнд 7,0х5,0см, зүүн шилбэний урд доод хэсэгт 8x12см хөх ягаан өнгийн цус хуралттай, орчны эд бага зэргийн хавдартай, зарим цус хуралт төв хэсэгтээ жижиг хэмжээний зулгаралттай. Хүзүүний урд хэсэгт цөөн тооны жижиг хөх ягаан өнгийн цус хуралттай, 1,0х0,2см хүрэн өнгийн зулгаралттай. Баруун хацарт 3,0х1,5см хөхөлбөр өнгийн цус хуралттай.
Эмнэлгийн байгууллагад хандахаар явсан боловч ирээгүй тул дүгнэлтийг гаргав.
ДҮГНЭЛТ:
1.Д.Б-гийн биед зүүн бугалга, тохой, шуу, бугуй, шилбэ, хүзүү, баруун хацарт цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Г.Х/ гэсэн дүгнэлт [5],
6. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт [6], аюулын зэргийн үнэлгээний маягт [7], гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа [8],
7. Шүүгдэгч Ц.Б-ы иргэний үнэмлэхийн лавлагаа [9], оршин суугаа хаягийн тодорхойлолт[10] түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [11], Цагдаагийн ерөнхий газрын өргөдөл, гомдол мэдээлэл, зөрчлийн талаарх асап сангаас Ц.Б-ы талаарх лавлагаа[12] Ц.Б-ы “Хаан” банкинд эзэмшдэг дансны 2018 оны 4 дүгээр сарын 08-наас 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга [13], Ц.Б-ы нэр дээр өмчлөлтэй хөрөнгө бүртгэлгүй тухай улсын бүртгэлийн газрын лавлагаа [14], Авто тээврийн үндэсний төвийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Ц.Б-ы эзэмшилд 0000 улсын дугаартай “Mitsubishi Galant” маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа [15], Ц.Б-ы хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлүүлэх тухай хүсэлт [16], хохирогч Д.Б-гийн хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлүүлэх тухай хүсэлт[17] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Ц.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 92 дугаар тогтоолоор шийдвэрлэж, яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Бд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0000 хажууд байрлалтай түргэн үйлчилгээний цэгт гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Б-гаас архи авах мөнгө нэхэж, маргалдан, улмаар түүнийг лангууны хамгаалалтын төмрөөр гар, хөл, мөр лүү нь цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
-Хохирогч Д.Б-гийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...00 хороонд өөрийн ажиллуулдаг түргэн үйлчилгээний цэгт бараагаа зараад байж байхад нөхөр Б согтуу ирээд архины мөнгө нэхэхээр нь “надад мөнгө байхгүй, чи ингээд архи уугаад яваад байх юм, боль” гэхэд уурлахад нүүр лүү гараараа мангасдаж түлхээд арагшаа сандлаас унагаад багалзуур шахаж байснаа “босоод суу” гээд багалзуурдсан чигтээ татаж сандал руу суулгаад, “чи цагдаагаа дуудаад өгөхгүй юу, намайг шоронд хий” гээд лангууны хамгаалалтын нарийн төмрөөр гар, хөл, мөр лүү энд тэнд цохиод байсан. ...нилээд олон цохиж байгаад болиод ээжтэйгээ утсаар яриад танай бэрийг чинь зодоод алах гэж байна, ирээд ав гэж ярьсан. ....гэмтлийг нөхөр Б нь учруулсан. ...” гэх мэдүүлэг [18]
-Ц.Б-ы хэрэг бүртгэлтэд яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2018 оны 04 дүгээр сарын ...29-ний өдөр 11 цаг хүртэл унтаад шараа тайлахаар дэлгүүр орж архи аваад ганцаараа уусан. Тэгээд тасарчихсан 000 хажууд байрлалтай түргэн үйлчилгээний цэгт очсон. ...Манай ээж тэр өдөр намайг авч гэр лүүгээ хариад маргааш нь чи эхнэрийгээ зодсон гэж хэлсэн учир би тийм үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. ...би энэ гэмтлийг эхнэр Б-даа учруулсанаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг [19]
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 5666 тоот дүгнэлт [20], Гэр бүлийн хүчирхиллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт [21], аюулын зэргийн үнэлгээний маягт [22], гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа [23] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй,үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Ц.Б нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзвэл тухайн хэрэг үйл явдал болсон өдөр шүүгдэгч Ц.Б нь гэртээ 0.75 граммын архийг ганцаараа ууж, улмаар хохирогчийн ажиллуулдаг түргэн үйлчилгээний цэгт очиж архины мөнгө нэхэж, улмаар шууд санаатай үйлдлээр эхнэрээ төмрөөр цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал нь хангалттай тогтоогджээ. Мөн хэргийн нотлох баримтаас үзвэл шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Д.Б-гийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3 дах заалтад “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг ойлгоно гэж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “эхнэр, нөхөр нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-д хамаарахаар заажээ.
Хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар баримтаас үзвэл Ц.Б, Д.Б нар нь 2003 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж амьдарсан, гэрлэгчид байна.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан бөгөөд шүүгдэгч Ц.Б нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Б-гийн бие махбодид халдаж түүнийг зодсон үйл баримт тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг заасан ба, харин мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь дээрх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол тус зүйл, хэсгээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болно. Хүндрүүлэх нөхцөл байдалд “гэр бүлийн хүчирхийлэл”-ийг хамааруулахаар зохицуулсан байдаг ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хэргийг хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болно.
Иймд шүүгдэгч Ц.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эхнэр Д.Бг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Быг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Шүүгдэгч Ц.Болсайхан нь хохирогч Д.Бгийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Д.Б нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлэхдээ “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, эвлэрсэн” гэсэн хүсэлт гаргасан [24] тул хохирогч Д.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдав.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар нь Ц.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг Ц.Б-д танилцуулахад, зөвшөөрч гарын үсгээ зурсан байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах, мөн шүүгдэгчийн цалин хөлс, орлогыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ц.Б нь улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг зөвшөөрсөн бөгөөд маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар заасан ба уг зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Иймд шүүгдэгч Ц.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй зэргийг, мөн хувиараа хөдөлмөр эрхэлж татвар төлдөг бусад орлогыг харгалзан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзан шүүгдэгч Ц.Бодсайханд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар, тус ялыг биелүүлэх хугацааг 3 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3.Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ц.Б-ы иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 9, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгтзаасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Чөөгүү овгийн Ц.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Б нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] Хавтаст хэргийн 14 дүгээр тал.
[2] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал.
[3] Хавтаст хэргийн 19 дүгээр тал.
[4] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.
[5] Хавтаст хэргийн 21 дүгээр тал.
[6] Хавтаст хэргийн 5-9 дүгээр тал.
[7] Хавтаст хэргийн 70-72 дугаар тал.
[8] Хавтаст хэргийн 32 дугаар тал.
[9]Хавтаст хэргийн 37, 38 дугаар тал.
[10] Хавтаст хэргийн 39 дүгээр тал.
[11]Хавтаст хэргийн 33 дугаар тал.
[12] Хавтаст хэргийн 41-43 дугаар тал.
[13]хавтаст хэргийн 49-55 дугаар тал.
[14]хавтаст хэргийн 35 дугаар тал.
[15]хавтаст хэргийн 45-47 дугаар тал.
[16]Хавтаст хэргийн 76 дугаар тал.
[17] Хавтаст хэргийн 77 дугаар тал.
[18] Хавтаст хэргийн 14 дүгээр тал.
[19] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.
[20] Хавтаст хэргийн 21 дүгээр тал.
[21] Хавтаст хэргийн 5-9 дүгээр тал.
[22] Хавтаст хэргийн 70-72 дугаар тал.
[23] Хавтаст хэргийн 32 дугаар тал.
[24] хавтаст хэргийн 77 дугаар тал