| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2411 00573 0529 |
| Дугаар | 2024/ДШМ/1330 |
| Огноо | 2024-12-10 |
| Зүйл хэсэг | 11.7.1., |
| Улсын яллагч | С.Сүрэнхорол |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2024/ДШМ/1330
2024 12 10 2024/ДШМ/1330
А.Д д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Сүрэнхорол,
шүүгдэгч А.Д , түүний өмгөөлөгч Ю.Тогмид,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/735 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Д гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2411 00573 0529 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сараас 2024 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны 15 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Л.О ийг хэл амаар доромжлох, зодох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: А.Д гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар А.Д г 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан А.Д д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч А.Д гийн цагдан хоригдсон нийт 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би согтуугаар гэртээ орж эхнэртэйгээ үл ойлголцож жижиг хэмжээний маргаан үүсгэснээс биш бусдаар хэрцгий харьцаж, догшин авирлаагүй бөгөөд маргалдсан асуудлаараа гэм буруутайгаа хүлээж шүүх хуралдаанд оролцсон. Миний бие 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод төрсөн эгч Алтантуяагийн бие муудаж бөөрний архаг дутагдалтайн улмаас мөн өөрийн хүүхдүүдтэй түр хугацаанд хамт байх, ажил төрөлд нь тус дэм болох зорилгоор ирсэн малчин иргэн билээ. Би хувь хүний хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, эхнэртэйгээ гэр бүлийн маргаан үүсгэсэн нь үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ хэмжээний асуудалд намайг буруутгаж биеэр эдлэх 6 сарын хорих ялаар шийтгэнэ гэж төсөөлөөгүй.
Малчин хүний үндсэн ажил нь хадлан идэж, тэжээл өвөлдөө бэлтгэх, ноос ноолуур, мал төллөх олон төрлийн ажлаас шалтгаалдаг болохыг хүн бүр мэднэ. Энэ бүхэн өвөл, цас зуднаар улам хүндэрдэг. Иймд орон нутаг руугаа явах, өвөлжилтийн бэлтгэл хангах, нүүх хашаа хороогоо цэгцлэх зэрэг олон төрлийн ажил байгаа тул биеэр эдлэх хорих ялыг өөр төрлийн ялаар солиулах хүсэлтэй байсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж, хүлээн зөвшөөрч, цаашид энэ төрлийн үйлдэл гаргахгүй гэдгээ амлаж байна. Иймд надад өөр төрлийн ял буюу тэнсэн харгалзах шийтгэлээр сольж өгөхийг хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй. Хотод ирсэн шалтгаанаа тайлбарлахдаа өөрөө Архангай аймагт амьдардаг бөгөөд хүүхдүүдийнхээ хоол хүнсийг авчирч өгсөн гэдэг. Шүүхээс оногдуулсан 6 сарын хорих ялын үлдсэн хугацааг шүүгдэгчийн оршин суугаа газраар буюу харьяаллынх нь дагуу зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Сүрэнхорол давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа үйлдэл харагддаггүй. Давж заалдах гомдолдоо хүртэл “Эхнэртэйгээ жижиг маргаан үүсгэсэн байтал шүүхээс хорих ял шийтгэлээ” гэж бичсэн байна. Үнэхээр жижиг маргаан үүсгэсэн бол хохирогчийн зүгээс 5 удаа гомдол, мэдээлэл гаргахгүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байдлуудыг нь харвал маш аюултай, 08 дугаар сарын 17, 24, 25 гээд өдөр болгон шахуу зоддог. Өдөрт хүн нэг удаа хоол иддэг бол А.Д яг үүнтэй ижил орж ирээд эхнэрээ зоддог. Уг үйлдэл нь бүр хэвшил болсон. Тийм байж өөрийнхөө үйлдлийг хүчирхийлэл гэж ойлгодоггүй, гэмшиж байгаа зүйл ч байхгүй. Жижиг маргаан гаргаад догшин авирласан бол шүүгдэгчийн зүйл, анги хүндэрч орж ирэх байсан. Зодож цохисон, хохирогчийн биед хөхрөлт, улайлт үүсгэснээ ухамсарласан байдал харагддаггүй тул шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт А.Д гээс “Та хаана амьдардаг вэ, хөдөө орон нутагт амьдардаг гэж байна, мал ахуйтай гэсэн А данс байна уу” гэж асуухад хөдөө амьдардаг, малын А данстай гэсэн баримт хэрэгт авагдаагүй. Түүний хорих ялыг өөрчилж, суллавал гэмт хэрэг үйлдэгддэг Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны 15 тоот гэртээ гэр бүлийн хүмүүс дээрээ очно. Тийм учраас улсын яллагчаас 6 сарын хорих ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.Д гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
А.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сараас 2024 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны 15 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Л.О ийг хэл амаар доромжлох, зодох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:
2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Л.О ийн “...Нөхөр олон хоног гадуур архи ууж ирчхээд гэртээ ганцаараа архи уугаад, зурагтаа авч гарна гээд байсан. Мөн миний гар утсыг авч гарна гээд унтуулж амраахгүй, үглээд элдэв янзаар доромжлоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...хулгайч, хазгар, янхан, муу авгай гэх мэтээр хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. ...зодож цохиогүй. ...өмнө нь олон удаа дуудлага өгч байсан. ...байрны үүдэнд намайг гараа атгаж байгаад намайг толгой руу хоёр удаа цохисон, чулуу шидээд байсан. ...7 хоногт 2-3 удаа архи уудаг бөгөөд нэг уухаараа сар гаран арга болчихдог. Уусан үедээ байнга харгис хэрцгийгээр хэлж, доромжилдог. ...миний хаашаа ч хамаагүй цохиж зоддог. ...би цагдаагийн байгууллагад 5 удаа дуудлага өгч байсан. ...” /хх12-15, 50/,
2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр А.Д гийн “...би эхнэртэйгээ муудалцаад гарч нэг жижиг архи авч уусан. ...би агсам согтуу тавиагүй, зодож цохиогүй. ...намайг уугаад орохоор л цагдаад өгчихдөг. ...би эхнэртээ “танайхан хулгайч” л гэж хэлдэг. ...өөр цохиж зодсон зүйл байхгүй. ...гэртээ оруулахгүй байхаар нь зурагтаа авч яваад тусдаа байр түрээслээд амьдардаг юм билүү гэж бодсон. ...” /хх18, 52/,
2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр А.Д гийн яллагдагчаар өгсөн “...хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад архи зохидоггүй болохоор би архи уухаа больж байгаа. ...Одоо эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа. ...Би өмнөх мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйл байна. ...энэ хүмүүс бас надад ямар ааш гаргасныг та нар мэдэхгүй байна. Намайг архи уугаад ороод ирэхээр цагдаа дуудаад өгчихдөг. Намайг нийт 7 удаа цагдаа дуудаж өгч байсан байна. ...” /хх73, 75/,
гэрч Д.Д-н “...Манай аав Доржсүрэн нь 01 дүгээр сарын 20-оос хойш өдөр бүр архи, согтууруулах ундааны зүйл тогтмол хэрэглэж байгаа. Хэл амаар байнга гутаан доромжилдог. Бид нар аавын өөдөөс ямар нэгэн үйлдэл гаргадгүй тул зодож цохиод байдаггүй. Ээжийг ганц, нэг удаа цохиж байхыг харсан...” /хх19/ гэх мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээр дурдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.Д д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч А.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүх, шүүгдэгч А.Д гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн ба түүнд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийг үндэслэл бүхий зөв тайлбарласан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Д нь “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж, хүлээн зөвшөөрч байна. Малчин хүний хувьд өвөл цагийн бэлтгэл хангалттай холбоотой хийх ажил их байгаа тул надад оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ял буюу тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан ба тус гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, хавтаст хэргийн 24-26, 54-60 дугаар талд авагдсан Цагдаагийн асап сангийн лавлагаа мэдээлэл, хавтаст хэргийн 35-39, 76-78 дугаар талд авагдсан А.Д д Зөрчлийн шийтгэл оногдуулсан тухай шийтгэврүүд зэрэг баримтуудаар шүүгдэгч А.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавьж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг болох нь тогтоогдож байх ба түүний малчин хүний ажлын өвлийн бэлтгэл хангалттай холбоотойгоор хорих ял хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдах гомдол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх заалтад хамаарахгүй байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/735 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Д гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч А.Д нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/735 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 55 /тавин тав/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/735 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Д гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д гийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон нийт 55 /тавин тав/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ