| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0537/З |
| Дугаар | 128/ШШ2026/0685 |
| Огноо | 2026-07-22 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2026/0685
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Н******* л******* п******* ХХК /РД:******/.
Хариуцагч: Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын техникийн хяналтын Улсын байцаагч Ё.Дд холбогдох эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, хариуцагч Е.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын техникийн хяналтын Улсын байцаагч Ё.Дгийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ****** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.
Хоёр. Маргааны үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын техникийн хяналтын Улсын байцаагч Ё.Д нь Өргөдөл гомдлын https://erp.ulaanbaatar.mn системээр 2026 оны 03 дугаар сарын 16-ний өдөр ирүүлсэн G260316006 дугаартай гомдол, нийслэлийн Хяналт шалгалтын газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн баталсан Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 02-13-04/23/02 дугаартай удирдамжийн дагуу Баянгол дүүргийн 1 дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16062/ Л.Энэбишийн өргөн чөлөө ** тоотод хяналт шалгалтыг хийж,
2.2. Шалгалтын явцад Баянгол дүүргийн 1 дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16062/ Л.Энэбишийн өргөн чөлөө ** тоот дээвэрт хоолны газрын амрах өрөө, агуулахын зориулалтаар барилгын дээвэр дээр 7.8x6.8 м.кв хэмжээтэй өргөтгөлийн ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, батлагдсан зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн зөрчлийг илрүүлж,
2.3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад хуульд заасан магадлал хийлгэх барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгээгүй, гэж заасны дагуу батлагдсан зураг төсөлгүй, холбогдох зөвшөөрөлгүй өргөтгөлийн барилга барьсан тул Н******* л******* п******* ХХК-д холбогдуулан 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2602000230 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн,
2.4. Н******* л******* прорерти ХХК-аас өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16062/ Л.Энэбишийн өргөн чөлөө ** тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Y-2*************** дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалт бүхий барилгын 2 дугаар давхрын 150 м.кв талбайг Ж.М*******т түрээслүүлсэн.
Ж.М*******т түрээсийн гэрээний 6.3 дугаарт заасан дагуу 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 26/2/9 дугаар түрээсийн гэрээгээр Баянгол дүүргийн 1 дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16062/ Л.Энэбишийн өргөн чөлөө ** тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Y-2****** дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалт бүхий барилгын 2 дугаар давхрын 150 м.кв талбайг Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн K JU /паспортын дугаар М******/-д 5 жилийн хугацаатайгаар,
Мөн 2026 он 03 дугаар сарын 16-ны өдрийн 26/3 дугаар Баянгол дүүргийн 1 дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16062/ Л.Энэбишийн өргөн чөлөө ** тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Y-2****** дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалт бүхий барилгын 1 дүгээр давхрын 26 м.кв талбайг K JU-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л*******атай 5 жилийн хугацаатай тус тус түрээсийн гэрээ байгуулсан.
2.5. Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын техникийн хяналтын Улсын байцаагч Ё.Д нь 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр М.Л*******, 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Н******* л******* п******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Ж.М*******, 2026 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр М.Л******* нараас тус тус мэдүүлэг авсан.
2.6. Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын техникийн хяналтын Улсын байцаагч Ё.Д 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 1 дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16062/ Л.Энэбишийн өргөн чөлөө ** тоотод үзлэг хийсэн.
2.7. Холбогдогч Н******* л******* п******* ХХК-д 2026 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр 0***** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10,000 нэгжээр торгох шийтгэл оногдуулан, Прокурорын байгууллагад хянуулахаар хүргүүлжээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Н******* л******* п******* ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд Баянгол дүүргийн 1 дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16062/ Л.Энэбишийн өргөн чөлөө ** тоотод байрлах Y-2****** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг. Хувьцаа эзэмшигчийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 26/03 тоот шийдвэрээр иргэн Ж.М*******т түрээсийн гэрээгээр олгосон эрх хэмжээний хүрээнд давхар түрээслүүлэх эрхийг шилжүүлсэн. Дээрх шилжүүлсэнтэй холбоотойгоор Ж.М******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Бүгд Найрамдах Солонго Улсын иргэн иргэн K JU-тэй 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 26/2/9 тоот түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэн нотариатаар баталгаажуулсан
байна. Тус гэрээний 5.1.3-т түрээсийн байрыг өөрийн зардлаар засвар өөрчлөлт хийж болох ба нийлүүлж томсгох, хуваах зэргээр барилгын хийц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тохиолдолд түрээслэгчээс зөвшөөрөл авна гэж зохицуулсан.
Гэтэл түрээслэгч нь түрээсийн байрны 6х8 м.кв орчим дээврийг хэлэлгүйгээр цоолж давхарлан ажилчдын амралтын болон ариун цэврийн өрөөг гаргах барилгын ажлыг эхлүүлсэн б*******ан. Энэхүү ажлыг түрээслэгч талд ямарваа нэгэн байдлаар мэдэгдээгүй зөвшөөрөл аваагүй учир манай компани болон Ж.М******* мэдээгүй б*******ан тухай Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын техникийн хяналтын Улсын байцаагч Ё.Д албан тоотоор болон тайлбар мэдүүлэг өгч, нөгөө тал нь буруугаа хүлээсээр байтал дээрх үйл явдалтай холбоотойгоор 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын техникийн хяналтын Улсын байцаагч Ё.Дгийн Зөрчлийн хэрэг бүртгэлийн 50 тоот шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг үндэслэн манай компанийг торгосон байна.
Манай байгууллага уг шийдвэрийг хүлээг зөвшөөрөх боломжгүй бөгөөд тус шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь түрээслэгч K JU нь 5.1.3-т заасан барилгын хийцэд өөрчлөлт оруулахдаа түрээслэгчид мэдэгдэж бичгээр зөвшөөрөл авах үүргээ биелүүлэхгүйгээр барилгын өргөтгөлийн ажлыг эхлүүлсэн б*******ан нь Барилыг тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтыг зөрчсөн гэтэл Ё.Д нь 2026 оны Зөрчлийн хэрэг бүртгэлийн 50 тоот шийдвэрээр Н******* л******* п******* ХХК-ийг торгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх заалтад заасан үр нөлөөтэй байх, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан зөрчлийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах зарчмыг тус тус зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, түрээслэгч K JU болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л******* нар нь барилгын ажлын өргөтгөлийг эхлүүлэхдээ гэрээний болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй Н******* л******* п******* ХХК хариуцлага хүлээх үндэслэл болохгүй гэжээ.
3.2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н******* л******* п******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ё.Д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 5558 дугаартай албан бичигт дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техник хариуцсан улсын байцаагч Ё.Д би Өргөдөл гомдлын https://erp.ulaanbaatar.mn/ системээр 2026 оны 03 дугаар сарын 16-ний өдөр ирүүлсэн G260316006 дугаартай гомдол, нийслэлийн Хяналт шалгалтын газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн баталсан "Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай" 02-13-04/23/02 дугаартай удирдамжийн дагуу үзлэг шалгалт хийхэд Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 4 хороолол /16062/ Л.Энэбишийн өргөн чөлөө ** тоот түрээслэгч гэх иргэн М.Л******* нь зөвшөөрөлгүй өргөтгөл барьж б*******ан зөрчилд НХШ/26-71 дугаартай зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулж хэргийг Нийслэлийн Прокурорын газарт хянуулсан.
Үзлэгээр Н******* л******* п******* ХХК-ний 15 дугаар хороо, 4 хороолол /16062/ Л.Энэбишийн өргөн чөлөө ** тоот, өмчлөлийн талбайд дээврийг цоолж хоолны газрын амрах өрөө, агуулахын зориулалтаар, батлагдсан зураг төсөлгүй, зөвшөөрөлгүйгээр 7.8 х 6.8 метр хэмжээтэй өргөтгөлийн барилга болох нь үзлэг шалгалтын үед мэдүүлгээр бүрэн нотлогдсон болно.
Тухайлбал өмчлөгч болон түрээслэгч нарын хооронд байгуулсан гэрээ хэдий ч аман хэлбэрээр нотлох баримтын шаардлага хангуулахгүйгээр хөндлөнгийн иргэн М.Л******* нь өмчлөгч Н******* л******* п******* ХХК-ийн өмчлөлийн талбайд засвар хийх үйл ажиллагаа явуулахад шаардлагатай гэж үзэн ямар нэгэн батлагдсан зураг төсөлгүй, хөндлөнгийн байгууллагын тооцоогүйгээр өөрт ашигтай, байдлаар барилын гол үндсэн хийц, бүтээцийг дур мэдэн цоолж өргөтгөл хийсэн нь зэргэлдээх барилгын нарны (ээвэрлэлт) гэрлийг хаах, өмчлөлийн талбай бүхий барилгын газар хөдлөлтөд тэсвэртэй байдалд сөрөг нөлөө учруулсан, байх тул нотлох баримтыг 3 талаас гаргаж өгөөгүй тул Барилын тухай хуулийн 37 зүйлийн 37.3 дах (Барилгын үйл ажиллагаанд захиалагч тодорхой байна. Захиалагч тодорхой бус тохиолдолд тухайн барилга байгууламжийн эзэмшигч буюу өмчлөгчийг захиалагчид тооцно. Барилга байгууламжийн эзэмшигч, өмчлөгч тодорхой бус бол тухайн газрын эзэмшигч буюу өмчлөгчийг захиалагчид тооцно.) заалтыг баримтлах нь үндэслэлтэй гэж тогтоосон болно.
Зөрчлийн тухай хуулийн 12.1 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2 дахь заалт "Барилгын ажлын явцад төсөлд заасан тухайн барилга байгууламжийн барилгын ажлын талбайн хэмжээ, хил хязгаар, зураг төсөл, барилга архитектурын эх загвар /эскиз/ зураг, барилгын материалыг дур мэдэн өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно"-д заасан байдаг.
Н******* л******* п******* ХХК нь 15 дүгээр хороо, 4 хороолол /16062/ Л.Энэбишийн өргөн чөлөө ** тоотын 1******** нэгж талбарын дугаартай газар өмчлөгч, эзэмшигч гэрчилгээтэй, 275 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул Барилын тухай хуулийн 46 дугаар зүйлийн Барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигчийн үүрэг: 46.1.3 дах барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх; 46.4 дэх Өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. гэсэн заалтыг, Засгийн газрын 2017 оны 353 дугаар тогтоолын хавсралт Барилга байгууламжийн ашиглалтын дүрмийн Гурав. Барилга байгууламжийн ашиглагчийн чиг үүрэг: 3.2 дах. Ашиглагч нь барилга байгууламжийн эдэлгээний жишиг хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцна.; 3.7 дах Ашиглагч барилга байгууламжид хийсэн үзлэгээр илэрсэн эвдрэл гэмтлийг тухай бүр цаг алдахгүй арилгуулах арга хэмжээ авна.; 5.2 дэх Барилга байгууламжийн ашиглагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ гэсэн заавал мөрдөх барилын улаан норм стандарт мөрдөөгүй.
Дээвэр цоолж барилгын өргөтгөл барьснаар гарах цаашдын үр дагавар
1. Бүтээцийн (даац, бат бэх) эрсдэл
2. Дээврийн даацын систем (дам нуруу, хучилт, холбоос) таслагдсанаар барилгын нийт тогтвортой байдал алдагдах магадлалтай.
3. Төлөвлөөгүй нүх гаргавал ачааллын хуваарилалт өөрчлөгдөж, ханан дээр хэт ачаалал үүсэж хагарал, суулт өгч болно.
4. Газар хөдлөлтийн үед (Монголын нөхцөлд онцгой чухал) сейсмик тэсвэр буурна.
5. Дээврийг цоолсон хэсгээр ус нэвтрэлт (бороо, цас хайлалт) үүсэж, дотор талын хана,тааз гэмтэнэ.
6. Дээврийн бүтцэд хийсэн өөрчлөлт нь галын үед утаа, дөл тархах замыг өөрчилж аюул нэмэгдүүлнэ.
7. Дээврийн ус зайлуулах систем (суваг, хоолой) алдагдаж ус буруу чиглэлд урсах.
8. Цахилгаан, агааржуулалт, холбооны шугамтай давхцаж эвдрэл, осол гарах эрсдэлтэй.
Дээврийг цоолж өргөтгөл хийх нь энгийн засвар биш, харин бүтээцийн тооцоо шаардсан инженерийн өөрчлөлт юм. Тиймээс заавал инженерийн нарийвчилсан тооцоо хийх, зураг төслийг батлуулах, мэргэжлийн барилгын компаниар гүйцэтгүүлэх шаардлагатай б*******ан.
Н******* л******* п******* ХХК нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн Барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигчийн үүрэг: 46.1.3 дах барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх; заалтыг хэрэгжүүлж барилгын өргөтгөл хийх үед түрээслэгчээс дараах баримт бичгүүдийг шаардаж шалгах шаардлагатай б*******ан. Үүнд:
1.Барилгын тухай хууль:
(Одоо ашиглагдаж байгаа барилгад өргөтгөл хийхийн өмнө техникийн дүгнэлт гаргуулж, зураг төслийг магадлалаар баталгаажуулна.)
2. БНбД 22.01.01 - Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх
(Дээвэр дээр ачаалал нэмэгдэх тул суурь, багана, дам нуруу нэмэлт ачаалал даах эсэхийг тооцно.)
3. БНбД 31-03-03 Олон нийтийн иргэний барилга
( Давхар нэмэх, гарц шат, ашиглалтын шаардлагыг мөрдөнө.)
4.БНбД 31.02.03-Дээврийн хучлага
(Ус тусгаарлалт, дулаалга, дээврийн бүтээцийн шаардлагыг тогтоодог).
5. БНбД 31-07-05 Дээврийн ажил
(Дээврийн угсралт, засвар, өргөтгөлийн ажлын технологийн шаардлагыг мөрдөнө.)
6.Галын аюулгүй байдлын норм
(Нэмэлт давхар хийснээр нүүлгэн шилжүүлэх шат, гарц, галын ангилал өөрчлөгдөж болзошгүй.) гэх мэт.
Иймээс цаашдын гарах эрсдэл үр дагаврыг тооцон мөн хуульд заасны дагуу хууль ёсны өмчлөгч Н******* л******* п******* ХХК-д холбогдох хуулийн дагуу арга хэмжээг тооцож хяналтын прокуророор хянуулсан тул хэргийн материалд авагдсан баримтыг тус тус үндэслэсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн болно.
Иймд Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 4 хороолол /16062/ Л.Энэбишийн өргөн чөлөө ** тоот "Н******* Л******* П******* ХХК-ийн Ү-2********** дугаартай өмчлөлийн барилгын таазыг цоолж дээвэрт хоолны газрын амрах өрөө, агуулахын барилгын 7.8 х 6.8 метр хэмжээтэй 1 давхар зөвшөөрөлгүй өргөтгөл барьж б*******ан зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг зөрчсөн байх тул Н******* л******* п******* ХХК-ний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
`4.2.Учир нь хариуцагчийн хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ заасан зөрчил шалгах ажиллагааг хуулиар тогтоосон хугацаанд өөрөөр шалтгах бүхий л арга хэмжээг авч мөн хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ үүргээ хэрэгжүүлэн, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.7 заалтад заасан бүхий нөхцөл байдлыг тогтоосны эцэст Н******* л******* п******* ХХК-ийг зөрчил үйлдсэнийг бүрэн нотлон шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.
4.3.Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-т Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно, 6.8 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна, мөн зүйлийн 2-т Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж тус тус зааснаас үзвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нийт хугацаа нь хэрэг нээсэн өдрөөс хойш 58 хоног байна.
4.4.Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана, гээд 2.4-т зөрчлийн хэрэг нээх гэж заасан байхад хариуцагчаас Баянгол дүүргийн 1 дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16062/ Л.Энэбишийн өргөн чөлөө ** тоот дээвэрт хоолны газрын амрах өрөө, агуулахын зориулалтаар барилгын дээвэр дээр 7.8x6.8 м.кв хэмжээтэй өргөтгөлийн ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, батлагдсан зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн гэх зөрчлийн шинжтэй үйлдлийг 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр илрүүлсэн атлаа 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2602000230 дугаар зөрчлийн хэргийг нээж дээр дурдсан хуулийн хугацааг хэтрүүлсэн.
4.5.Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-т Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно, 6.8 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна, хэмээн хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлэн Зөрчлийн хэрэг нээх тогтоолыг үйлдсэнээс хойш 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 010741 дугаар шийтгэлийн хуудас үйлдсэн огноо тэмдэглэгдсэнээр тогтоогдсон.
4.6.Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1.Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ.2.Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, ...зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, ...бусад баримтаар тодорхойлогдоно, 3. ...албан тушаалтанд ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгах, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцно... гэжээ.
4.7.Хариуцагч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд зөрчлийн холбогдогчийн Түрээсийн гэрээний 2.5 дахь заалтад түрээслэгч талбайд хийцийн өөрчлөлт зэрэг их хэмжээний засвар хийх эрхгүй ба хийсэн тохиолдолд Түрээслүүлэгч ямар нэгэн зардал төлөхгүй бөгөөд зөвшөөрөлгүй хийгдсэн засвараас учирсан хохирлыг түрээслүүлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан болон хавтас хэргийн 34 дүгээр хуудаст түрээслэгч М.Л******* ...Түрээслүүлэгч М*******т мэдэгдэж дээшээ өргөтгөл барих тухай хэлсэн...гэх мэдүүлгээр тогтоож хариуцлага ногдуулсан хэмээн тайлбарласан.
4.8.Гэвч энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч М.Л******* ... Би тухайн үед байцаагчтай уулзсан. Тэгэхдээ даргатай нь муудалцсан б*******ан. Намайг Б.М******* гэдэг хүнтэй хуйвалдаж үүнийг барьсан байна гэсэн. Тэгэхэд нь би байцаагчтай муудалцсан. Би Ж.М******* гэдэг хүнд зөвшөөрөл үзүүлсэн талаар яриагүй. Энэ хүн өөрөө шивж бичээд гаргаад гарын үсгээ зур гэсэн. Тэгээд яваарай гэсэн. Дараа нь яриад та мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн. Тухайн үед нягталж уншаагүй. Тухайн үед зөрчилтэй б*******ан тул би гарын үсгээ зураад гараад явчихсан. Барилгын өргөтгөлийг барьсан. Би Ж.М******* гэдэг хүнд мэдэгдээгүй...гэх мэдүүлгээр дээрх үйл баримт үгүйсгэгдсэн.
4.9.Өөрөөр хэлбэл зөрчил үйлдсэн холбогдогчийг тогтоогоогүй байна.
4.10.Нөгөөтээгүүр шүүх хуралдааны туршид хариуцагчаас гомдол гаргагч Н******* л******* п******* ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан Барилгын тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн болон мөн зүйлийн 2.2 дахь хэсэгт хуульд заасан магадлал хийлгэх барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгээгүй; гэж буруутгагдсан хуулийн зүйл, хэсэг заалтыг нэрлэн заахыг шаардахад тэрээр ...Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх; гэж тайлбарлах боловч 22, 23, 26 дугаар зүйлийн аль хэсэг заалтыг зөрчсөн болохыг тодорхойлон нэрлэн зааж чадаагүй.
4.11.Дээрхээс үзвэл хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааны дотор зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй, өөрийн гаргасан зөрчлийн актыг үндэслэлийг хангалттай нотолж чадахгүй, өөрөөр хэлбэл зөрчлийг шалган тогтоож чадаагүй байх тул шүүх шударга ёсны зарчмыг баримтлан Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын техникийн хяналтын Улсын байцаагч Ё.Дгийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0102741 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай 4.1 дүгээр зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын техникийн хяналтын Улсын байцаагч Ё.Дгийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0102741 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид нөхөн олгосугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР