Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 499

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,

улсын яллагч Д.Нямбат,

хохирогч Х.Б

шүүгдэгч Б.Н түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0192/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0009 10478 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Б.Н Монгол Улсын иргэн, 000  -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт  000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:0000000/.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга.

Б.Н нь 000 тоотод оршин суугч, хамаатан болох Х.Б гэрт комьпютер тоглож байгаад 20,000 төгрөг, монетон гинж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 620,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

1.Шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хамаатны Э ахын гэрт нь ороод компьютер тоглосон. Тэгээд гараад явсан. Надаас өөр хүн тэднийд орж гараагүй учраас хохирлыг маргахгүй, төлнө гэв.

 

2.Хохирогч Х.Б мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр би ажил дээрээ ажиллаж байсан. Гэтэл манай хүүхэд Т над руу утсаар залгаад “ээжээ гацуур дээр байсан мөнгө алга болчихлоо, Улаанаа ах орж ирээд гарсан” гэж хэлсэн.  Орой ажлаасаа ирэхэд гацуур дээр байсан мөнгө байхгүй байсан. Тухайн өдөр Н гэрт нь очоод залгахад утас нь дуудаж байсан, тэгэхээр нь “гацуур дээр байсан мөнгө, бусад авсан зүйлээ авчирч өг гэсэн” мессеж бичсэн. Тэгсэн утас нь холбогдох боломжгүй болсон. Түүнээс хойш над руу нэг ч удаа залгаж яриагүй, уулзаагүй, Мөрдөн байцаалтын шатанд Н бид хоёрыг нүүрэлдүүлэн байцаана гэж 2 удаа дуудахад Н нэг ч удаа ирээгүй. Гэртээ тайван амьдарч болохгүй эд зүйлээ алдчих вий гэж нууж амьдарч байхаар хэцүү санагдаад 3 дугаар сард байр авч, нүүсэн. Н-гийн ээж нь ирээд намайг “зальтай хүүхэн, хүүхдээс мөнгө салгах гэлээ” гэж хэл амаар доромжилсон. Ээж нь манай хадам ээжид “манай хүүхдийг шоронд суулгах юм бол голомтоор чинь самарна” гэж дарамталж, сүрдүүлж заналхийлсэн. Намайг заналхийлж, дарамталж байгаад өргөдлийг буцаан авахуулах гээд байсан. Манай гэрт Б гэж 50  гаран настай хүн байдаг. Насаараа үр хүүхэд, хань ижил байхгүй болохоор би өрөвдөөд гэртээ байлгадаг юм. Б нь манай нөхрийн төрсөн дүү, нэг хашаанд байдаг. Эдгээр хүмүүс яагаад ч хулгай хийх хүмүүс биш юм. Н-г ирж уулз гэхэд нэг ч ирж уулзахгүй байсан. Манай гэрийн гацуур дээр 2 ширхэг 10000 төгрөг, 1000 төгрөг байсан. Тухайн өглөө хүний машинд дайгдаад явах гээд яарсандаа монетон гинж, манай нөхөр монетон очиртой бөгжөө зүүхээ мартаад гарсан байсан. Эдгээр зүйлс алдагдсан. Хохирлыг төлж барагдуулаагүй. Хохирлыг нэхэмжилнэ гэв.

 

Хоёр. Эрүүгийн 00000000  дугаартай хэргээс:

 

1.Хохирогч Х.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “..000 -ний өдөр би ажил дээрээ байж байхад 17 цагийн үед манай хүү Т над руу залгаад Улаанаа /Н/ ах орж ирээд манай гацуур модон дээр байсан 20000 төгрөгийг аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ ирээд байж байгаад, нөхөр Э-ын хамт Н-гийн гэрт очиход гэртээ байхгүй гэж хэлсэн. Тэгээд …дугаараа сольсон гээд 00000 гэж дугаарыг нь аваад утас руу нь залгахад утсаа ерөөсөө аваагүй. Тэгээд гэртээ буцаж ирээд байж байгаад манай нөхөр би “бөгжөө зүүхээ мартчихаж” гэж хэлсэн. Тэгээд бөгжөө тавьсан газар болох орны хажуу талын жижиг шүүгээнд дээр үзтэл байхгүй болсон байсан. Тэгэхээр нь би хүзүүнд зүүдэг гинжээ санаад зурагтны тавиурын доод талын шургуулгад хийсэн байснаа үзэхэд байхгүй болсон байсан. Тэгээд би Н-гийн утас руу нь хүүхдийн гацуур дээрээс авсан 20000 төгрөг, бас тэр хүзүүний гинж, бөгж зэргийг авчирч өг гэж хэлсэн чинь Н утсаа салгачихсан. Үүнээс хойш нэг ч удаа холбоо бариагүй. Дараа нь фэсбүкэд орчихсон байхаар нь “хулгайч минь тэр эд зүйл авчирч өг” гэж хэлсэн чинь намайг фэсбүкээсээ блоколчихсон байсан. Н нь манайхаас урд өмнө жижгээр эд зүйл хулгайлаад байдаг байсан. Бас манай нөхрийн барилгын багажыг хулгайлаад тэр чигтээ алга болж байгаад буудалд байхад нь олж аваад тухайн багажныхаа хохирлыг хагасыг нь барагдуулж байсан. Манай гэрээс удаа дараа эд зүйл хулгайлаад байгаа болохоор их хэцүү байна. Манай алдсан бөгж нь очиртой эрэгтэй монетон бөгж байсан. Граммыг нь сайн санахгүй байна. Харин хүзүүний гинж нь 3,8 гр талст хэлбэртэй эржгэр хэлбэртэй зүүлт байсан. Тус гинж, бөгжийг аваад удаж байгаа. Би гинжээ 320.000 төгрөгөөр, эрэгтэй бөгжөө 380.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Тухайн үед манай гэрт М /14 настай/, Т /8 настай/ хүүхдүүд байсан. Бас манай хамаатны ах Ц нар байсан. ...” гэх мэдүүлэг [1]

 

2. Насанд хүрээгүй гэрч Э.Тулгын хэрэг бүртгэлтэд 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...Би он сарыг нь сайн санахгүй байна. Улаанаа /Н/ ах манай гэрт орж ирээд компьютер дээр суугаад байсан. Би тухайн үед гэрээсээ гарч яваад хашаан дотор Ч гээд хажуу хашааны ахтай хөөцөлдөж тоглоод байж байгаад гэртээ ороод ирэхэд Улаанаа /Н/ гараад явчихсан байсан. Тэгээд гэртээ ороод байж байтал Ц ах гацуур дээр байсан мөнгө чинь байхгүй болчихсон байна, хэн авсан бэ гэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд манай эгч М ээж рүү утсаар залгаад Ц ахаар яриулсан. Тэгэхэд Ц ах гацуур дээр байсан 10000 төгрөгний хоёр дэвсгэрт байхгүй болчихсон байна гэж ээжтэй ярьсан. Би тухайн үед ээжтэй би ярихдаа хоёр давхарт болон хашаан дотор тоглож байсан болохоор Улаанаа /Н/ ахыг мөнгө авсныг хараагүй гэж хэлсэн. Улаанаа /Н/ ах дахиж манай гэрт ирээгүй. ...” гэх мэдүүлэг [2],

 

3. Насанд хүрээгүй гэрч Э.Т хэрэг бүртгэлтэд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дахин мэдүүлсэн:  “...Би өдрөө одоо сайн санахгүй байна. Би М эгчтэйгээ гэртээ байж байхад Улаанаа ах /Н/ орж ирсэн. Улаанаа ах манайд компьютер тоглоод байсан. Би хажууд нь хэсэг хараад сууж байсан. Тэгээд би хажуу хашааны Ч ахтай хэсэг тоглож байгаад орж ирэхэд Улаанаа ах явчихсан байсан. Гаднаас Ц /Б/ ах орж ирээд гацуур модон дээр байсан 2 ширхэг 10,000 төгрөг алга болчихсон байна гэж хэлсэн. Улаанаа ах л орж ирсэн. Ц ах бас орж гараад байж байсан. Мөнгө хэн авсныг хараагүй. Гэхдээ гадаа тоглож байгаад орж ирэхэд Улаанаа ах явчихсан байсан, бас мөнгө алга байсан. Би найзтайгаа гадаа хэдэн минут тоглож байгаад орж ирсэн. Би багцаагаар 15 минут тоглож байгаад гэртээ орж ирсэн юм. ...” гэх мэдүүлэг [3]

 

4. Насанд хүрээгүй гэрч Э.М-ын хэрэг бүртгэлтэд 05 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...000 -нд би гэртээ унтаж байсан. Би 12-13 цагийн үед сэрэхэд манайд Н ах ирсэн компьютер тоглоод сууж байсан. Манайд Б ах, дүү Т байсан. Тэр өдөр амралтын өдөр байсан болохоор би хичээлдээ яваагүй, нэлээд их унтсан юм. Би 14 цагийн үед гэрээсээ гарч яваад ээжийн ажил дээр очиж байж байгаад 16-17 цагийн үед гэртээ буцаж ирэхэд Н ах, Т хоёр компьютер тоглоод сууж л байсан. Би 2 давхар луу гараад хичээлээ хийгээд сууж байсан. Цагаа сайн санахгүй байна, 19 цагийн үед Б ах гаднаас ороод ирчихсэн “ёолк дээр байсан мөнгө байхгүй байна” гэж надаас асуусан. Энэ үед Н ах явчихсан байсан. Би Н ахын утас руу залгасан. Н ахын дугаарыг нь санахгүй байна утас руу нь залгахад тэр дугаар нь холбогдохгүй байсан санагдаж байна. Тэгээд ээж ирээд Н ах руу залгасан чинь утсаа авахгүй байсан. Аав, ээж хоёр гэр доторх юм аа үзэхэд ээжийн монетон гинж, аавын монетон бөгж нь алга болсон байсан. Тэгээд аав, ээж хоёр Н ахын гэр лүү нь очиж ирээд Н ахыг гэртээ байхгүй байна гэж байсан. Би өдөр байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Б ах хамаатны дүүг харах гээд хажуугийн айлд зурагт үзээд сууж байсан гэсэн. Дүү Т 2 давхарт зурагт үзээд, утсаараа тоглоод сууж байсан. Н ахыг доор нэг давхарт ганцаараа компьютер тоглоод сууж байсан гэж Т, Б ах хоёр тухайн үед ярьж байсан. Манай ёолк 1 давхарт том өрөөнд компьютерийн хажууд байдаг юм. Манай гэрийн 1 давхарт том өрөө, гал тогооны өрөө гээд 2 өрөө л байдаг. Н-г манайд байх үед гацуур модон дээр 20,000 төгрөг байсныг анзаараагүй, намайг ээжийн ажил руу 13-14 цагийн үед явахад ёолк дээр 20,000 төгрөг байсан. Орой 16-17 цагийн үед би гэртээ ирэхдээ ёолк дээр мөнгө байсан эсэхийг анзаараагүй. ...” гэх мэдүүлэг [4]

 

5. Гэрч Н.Б-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Би Б-ийн нөхөр Э-ын авга ах нь байгаа юм. Би Э-ын гэрт 2017 оноос хойш хамт амьдарч байгаа. Би эхнэр авч байгаагүй. Би 2017 оны 12 дугаар сарын 24-ний би гэртээ байж байхад манай хамаатны хүүхэд болох Н нь манай гэрт орой 18 цагийн үед ирсэн. Тэгэхэд манай гэрийн гацуур дээр 10 мянган төгрөгний дэвсгэрт 2 ширхэг байж байсан. Тэгээд би хоол унд хийж идчихээд хашаан дотор байх Э-ын ээжийнх рүү ороод 30 орчим минут болоод ороод ирэхэд Н байхгүй явчихсан гацуур дээр байсан 2 ширхэг 10.000 төгрөг нь байхгүй болсон байсан. Тэгэхээр нь би ээж рүүгээ ярь гээд Мд хэлээд М ээж рүүгээ утсаар гацуур дээр байсан мөнгө байхгүй болчихлоо, Н ах аваад явчихсан гэж хэлсэн. Тэгээд орой Б 20 цаг өнгөрөөгөөд Э-тай цуг орж ирээд гэртээ байж байгаад монетон бөгж, хүзүүний гинж зэрэг алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр Н-гийн гэрт нь очоод гэртээ Н-г байхгүй байна гэсээр гэртээ ирсэн. Тухайн үед Н-г эд зүйл авч байгааг хараагүй. Би гэрээсээ гараад явчихсан байсан. Н манайхаас урд нь эд зүйл авч байсныг мэдэхгүй. Б-ийн ярьж байгаагаар урд нь эд зүйл авч байсан гэж ярьж байсан. Тухайн үед манай гэрт М 12 настай Т 8 настай бид хэд байсан. Намайг гараад хажуу айл руу орсон хойгуур эд зүйлийг нь аваад явчихсан байна лээ. ...” гэх мэдүүлэг [5]

 

6. Гэрч Н.Б-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дахин мэдүүлсэн: “...Н-г гэрт орж ирэхэд Б-ийн гэрийн гацуур дээр мөнгөн дэвсгэртүүд байсан. Тэгээд би Н-г орж ирэхэд Б гэрт зурагт үзэх гээд орчихсон байсан. Б-гийн гэрийн зурагтыг асааж чадахгүй байсан болохоор нь би эргэж гэр рүү ороод Н-г зурагт асаагаад өг гэж хэлсэн. Тэгээд Н Б-гийн гэрийн зурагтыг асааж өгөөд, тэгээд би зурагт үзээд суусан. Харин Н Б-ийн гэр рүү орсон. Тэгээд би зурагт үзэж байгаад гэрт орж хоол хийх гээд гэр рүү ортол Н гэрт байхгүй байсан, гацуур дээр байсан мөнгийг хартал тухайн мөнгөн дэвсгэртүүд байхгүй байсан. Тэгэхээр нь Э-ын ээжийн гэр рүү нь ороод Н-гийн утасны дугаарыг аваад залгатал утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь би Б-ийн охин М-ыг ээж рүүгээ гацуур дээр байсан мөнгө байхгүй болчихлоо гэж хэл гэж яриулсан. Тэгээд М ээж рүүгээ утасдаад гацуур дээр байсан мөнгө байхгүй болчихлоо Н ах манай гэрээр орж ирээд гараад явсан гэж хэлсэн. Тэгээд Б Э нар Н-гийн гэрээр очиход гэртээ байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд Б-ийн хүзүүний гинж, Э-ын бөгж зэрэг эд зүйлс мөн байхгүй болчихсон байсан гэж хэлсэн. Би Хархорин зах дээгүүр юм зарах гэж яваагүй. Намайг харин Н Хархорин зах дээр юм зарах гээд авч явсныг харсан хүн байгаа гэж яриад байсан. Надад Хархорин захаар юм зарах гээд яваад байх шаардлага байхгүй. Би 00 хороонд галч манаачийн ажил хийдэг эрхэлсэн ажилтай хүн. Би байгаа айлынхаа эд зүйлийг авч зарах хүн биш. Тухайн эд зүйлс, мөнгийг Н-гаас өөр хүн авах боломж байхгүй. Өөр манайхаар гарсан хүн байхгүй. Надад Э, Б нар мөнгө өгөөд байдаггүй. Хааяа над тамхи тариа авч өгдөг. Би ноднин жилээс хойш Э-ын гэрт байж байгаа. ...” гэх мэдүүлэг [6]

 

7. Гэрч Б.П мөрдөн байцаалтад 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Би Б.Н-г 2012 оноос хойш танина, бид хоёр нэг гудамжинд амьдарч байсан, мөн нэг сургуульд сурч байсан. Багийн найзууд байгаа юм. Сургуульд орсноос хойш нэг гудамжинд байдгаа мэдээд найзалдаг болсон юм. Б.Н нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний орой манай найз П над руу утсаар яриад “Үүлэн сондор дэлгүүрийн гадна хүрээд ир” гэсэн. Би П-той уулзаад бид 2 нэг шил архи уугаад мухар гудамжинд орж байгаад машинд нь уусан. Тэгээд машинд нь архи ууж сууж байгаад архиа гаргаад үүрээр 05-06 цагийн үед П-ынд ирсэн зүйл болоогүй. Би 2017 оны 12 дугаар сард Дэнжийн мянга дээр ахынхаа хашаанд мах шулж байсан. Би 12 дугаар сард маш завгүй байдаг юм. Банкны төлөлт 12 дугаар сарын 20-нд төлдөг юм. Ер нь бол Н 2017 оны 12 дугаар сард манайхаар хонож өнжөөд нэлээд удаан явсан. Гэр орныхонтойгоо муудалцсан, аавтайгаа жоохон таарахгүй байна гэж ярьдаг байсан. Би бол 2017 оны 12 дугаар сард машиндаа архи уугаагүй. Тэр өвлийн хүйтэнд машинд архи уугаад хононо гэж байхгүй. Би “Карина” машинтай, 2017 оны 12 дугаар ердөөсөө машин тэргэндээ архи уугаагүй. Ажил төрөлд сайн. Гэхдээ би Н-тай тийм сайн дотно байгаагүй. Н 2017 оны 12 дугаар сард өдрийг нь санахгүй байна “гэр орныхонтойгоо муудалцлаа” гээд манайхаар ирээд хонож өнжөөд яваад байсан. Би одоо өвлийн хүйтэнд найзыгаа яалтай билээ дээ. 2017 оны 12 дугаар сарын 30-ны орой “би эхнэр хүүхэдтэйгээ ахындаа очоод ирье, чи байж байх уу” гэсэн чинь Н “за за би харьлаа” гээд явсан. Тэрнээс хойш гэртээ байна гэж ярьдаг болсон. Н манай гэрийн хойно байдаг “Скорпион” гээд ПС тоглоомын газар их тоглодог байсан. Н манайд байх хугацаандаа бол цалин мөнгөтэй ажил төрөл эрхлээгүй. Н хувь хүний хувьд зан харьцаа сайтай, ажил төрөлд сайн залуу байгаа юм. Н ч уг нь хулгай хийчихээр хүн биш гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг [7]

 

8. Гэрч М.Б /шүүгдэгчийн эцэг/ мөрдөн байцаалтад 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...Би Н-гийн хийсэн хэргийнх нь талаар бол мэдэхгүй байна. Н 8-р анги төгссөн бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй. Ажилсаг одоо аав, ээж, 1 дүүгийн хамт амьдардаг. Хувиараа барилгын ажил олж хийж гэр бүлдээ их тус нэмэр болдог, их ажилсаг хүү байгаа юм. Миний дэргэд л архи, тамхи хэрэглэж байгаа нь харгадаагүй. Хүнд тусархуу сайн хүү байгаа юм. ...” гэх мэдүүлэг [8]

 

9. Б.Н-гийн мөрдөн байцаалтад 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 000 -ний өдөр цагийг санахгүй байна, хамаатны Э ахынд очсон. Э бол манай аавын ээжийнх нь дүүгийн хүүхэд нь өөрөөр хэлбэл эгч дүүсийн хүүдүүд юм билээ. Э ахын эхнэрийг Б гэдэг юм. Би ороод Э ахынд Т-тай хамт компьютер тоглож байгаад гараад явсан. Би энэ үед гэрт нь ганцаараа үлдсэн юм. Үүнээс хойш 5-10 минутын дараа Б гаднаас орж ирээд “зурагт асаагаад өгөөч” гэж гуйхаар нь Э ахын хажуугийн гэрт орж зурагтыг нь асааж өгөөд 20-30 минут болсон. Тэгээд буцаж орж ирэхэд Т орж ирсэн компьютер тоглож байсан. Бид хоёр тоглож байгаад би гараад явсан. Манай найз П над руу утсаар яриад “Үүлэн сондор дэлгүүрийн гадаа хүрээд ир” гэсэн. Би П-той уулзаад бид хоёр 1 шил архи, 2 пиво авч мухар гудамжинд орж байгаад машинд нь уусан. Тэгээд машинд юм ярьж сууж юм ярьж суусаар архиа гаргаад үүрээр 05-06 цагийн үед П-ынд ирсэн. Би П-ынд тэр өдрөө өнжсөн. Би Э-ын гэрээс ямар ч юм аваагүй. Намайг 20,000 төгрөг, гинж, бөгж авсан байна гээд байгаа юм. Э ахын гэрт гаднаас надаас өөр хүн байгаагүй болохоор би хохирлыг нь төлөөд уучлалт гуйя гэж бодож байгаа. Гацуур модон дээр нь 10,000 төгрөг 2 ширхэг байсан. Аав ээж модон дээрээ мөнгө тавьсан юм байна даа гэж би тухайн үед бодож байсан. Б миний барихгүй байгаа 00000 гэсэн дугаар луу залгасан байсан. Би тухайн үед 000000  гэсэн дугаар барьж байсан бөгөөд энэ дугаарыг бариад 2-3 сар болж байна. ...” гэх мэдүүлэг [9]

 

10. “Арвижих эстимэйт” ХХК-ний гаргасан эд зүйлийн үнэлгээ [10]

 

11. Б.Н-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа [11], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [12], Хас банкинд Б.Н данс эзэмшдэггүй тухай лавлагаа [13],  мөн түүний “Хаан” банкинд эзэмшдэг дансны хуулга [14], авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлгүй тухай лавлагаа [15], Улсын бүртэглийн эд хөрөнгүй тухай лавлагаа [16] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Н-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 000  тоотод оршин суугч, садан төрөл болох Х.Б-ийн гэрт компьютер тоглож байгаад явахдаа тус айлын гацуур модон дээрээ тавьсан байсан бэлэн 20,000 төгрөг, монетон гинж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 620,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч Х.Б-ийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: ...2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажил дээрээ байж байхад 17 цагийн үед манай хүү Т над руу залгаад Улаанаа /Н/ ах орж ирээд манай гацуур модон дээр байсан 20000 төгрөгийг аваад явчихлаа гэж хэлсэн.  ...манай нөхөр би бөгжөө зүүхээ мартчихаж гэж хэлсэн, тэгээд бөгжөө тавьсан газар болох орны хажуу талын жижиг шүүгээн дээрээс үзтэл байхгүй болсон байсан. Тэгэхээр нь би хүзүүнд зүүдэг гинжээ санаад зурагтны тавиурын доод талын шургуулгад хийсэн байснаа үзэхэд байхгүй болсон байсан.  Тэгээд би Н-гийн утас руу нь хүүхдийн гацуур дээрээс авсан 20000 төгрөг, бас тэр хүзүүний гинж, бөгж зэргийг авчирч өг гэж хэлсэн чинь Н утсаа салгачихсан. ...Манай гэрээс удаа дараа эд зүйл хулгайлаад байгаа болохоор их хэцүү байна. Манай алдсан бөгж нь очиртой эрэгтэй монетон бөгж байсан. ...хүзүүний гинж нь 3,8 гр талст хэлбэртэй эржгэр хэлбэртэй зүүлт байсан. ...” гэх мэдүүлэг [17]

-Насанд хүрээгүй гэрч Э.Т-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: “...Би он сарыг нь сайн санахгүй байна. Улаанаа /Н/ ах манай гэрт орж ирээд компьютер дээр суугаад байсан. Би тухайн үед гэрээсээ гарч яваад хашаан дотор Ч гээд хажуу хашааны ахтай хөөцөлдөж тоглоод байж байгаад гэртээ ороод ирэхэд Улаанаа /Н/ явсан байсан. ...Ц ах гацуур дээр байсан мөнгө чинь байхгүй болчихсон байна хэн авсан бэ гээд ...гацуур дээр байсан 10000 төгрөгний хоёр дэвсгэрт байхгүй болчихсон байна гэж ээжтэй ярьсан. ...” гэх мэдүүлэг [18]

-Насанд хүрээгүй гэрч Э.М-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: “...2017 оны 12 дугаар сарын 24-нд ...12-13 цагийн үед намайг сэрэхэд манайд Н ах ирсэн компьютер тоглоод сууж байсан. ...14 цагийн үед гэрээсээ гарч яваад ээжийн ажил дээр очиж байж байгаад 16-17 цагийн үед гэртээ буцаж ирэхэд Н ах, Т хоёр компьютер тоглоод сууж л байсан. ...19 цагийн үед Б ах гаднаас ороод ирчихсэн “ёолк дээр байсан мөнгө байхгүй байна” гэж надаас асуусан. Энэ үед Н ах явчихсан байсан. ...ээж ирээд Н ах руу залгасан чинь утсаа авахгүй байсан. Аав, ээж хоёр гэр дотрох юм аа үзэхэд ээжийн монетон гинж, аавын монетон бөгж нь алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг [19]

-Гэрч Н.Б-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...Би 2017 оны 12 дугаар сарын 24-ний би гэртээ байж байхад манай хамаатны хүүхэд болох Н нь манай гэрт орой 18 цагийн үед ирсэн. Тэгэхэд манай гэрийн гацуур дээр 10 мянган төгрөгний дэвсгэрт 2 ширхэг байж байсан. ...Эын ээжийнх рүү ороод 30 орчим минут болоод ороод ирэхэд Н байхгүй явчихсан гацуур дээр байсан 2 ширхэг 10.000 төгрөг нь байхгүй болчихсон байсан. ...орой Б 20 цаг өнгөрөөгөөд Этай цуг орж ирээд гэртээ байж байгаад монетон бөгж, хүзүүний гинж зэрэг алга болсон байна гэж хэлсэн. ...Намайг гараад хажуу айл руу орсон хойгуур эд зүйлийг нь аваад явчихсан байна лээ. ...” гэх мэдүүлэг [20], мөн түүний дахин мэдүүлсэн  “...Тухайн эд зүйлс, мөнгийг Нгаас өөр хүн авах боломж байхгүй. Өөр манайхаар гарсан хүн байхгүй. ...” гэх мэдүүлэг [21],

-Б.Н-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...Э ахын гэрт гаднаас надаас өөр хүн байгаагүй болохоор би хохирлыг нь төлөөд уучлалт гуйя гэж бодож байгаа. Гацуур модон дээр нь 10,000 төгрөг 2 ширхэг байсан. Аав ээж модон дээрээ мөнгө тавьсан юм байна даа гэж би тухайн үед бодож байсан. ...” гэх мэдүүлэг [22],  “Арвижих эстимэйт ХХК-ний гаргасан эд зүйлийн үнэлгээ [23] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Хууль зүйн дүгнэлт:

Улсын яллагчаас хулгайлах гэмт хэргийн онцлог нь заавал камерын бичлэг, гар хурууны хээ, хэн нэгэн нүдээр харж, газар дээрээ баригдсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан бол хулгайлах гэмт хэрэг гэж хуульчилсан. Шүүгдэгч Б.Н нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэрэндулам гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийг хэзээ, хаана, ямар нөхцөлд, яаж үйлдсэн, хэн үйлдсэн, ямар зорилгоор үйлдснийг тогтоох, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоосны үндсэн дээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Гэтэл Н-г хохирогчийн ээмэг, гинж, мөнгийг авсан гэдгийг харсан шууд заасан гэрч байхгүй, үйлдэл дээрээ баригдсан зүйл байхгүй, хэргийн газрын үзлэг хийсэн, хуруу, гарын хээ авсан мөр тохирсон гэх зэрэг хуульд заасан нотлох баримтын хэмжээнд хийгдсэн зүйл байхгүй. Зөвхөн Х.Б-ийн хохирогчоор 4-5 удаа байцаасан. Насанд хүрээгүй гэрч Тулгыг байцаахдаа хохирогч Х.Б-ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож байцаасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч Х.Б алдагдсан бөгжөө 3, 4 янзаар үнэлж мэдүүлсэн. Эд зүйлийн үнэлгээ тухайн эд зүйлийг хаанаас авсан ямар хэмжээтэй, хэдэн граммыг нь харгалзан үзэлгүй хүний амаар эд зүйлийг үнэлсэн. Мөн хохирогчийн гэр нь 2 бага насны хүүхэдтэй, гэрээр нь  Б, Б нар нь орж гардаг. Н-г ороод шүүгээнээс нь ээмэг, бөгжийг нь авсан гэх камерын бичлэг байхгүй. Хэргийг бодитойгоор үнэлж тогтоож чадаагүй, Б нь Хархорин зах дээр юм зараад явж байгаа гэсэн байдаг, үүнийг тогтоогоогүй. Бөгж нь хаана байсан, компьютер гацуур хоёр хоорондоо хэр зайтай, бөгж байсан үгүйг, мөн бөгжийг хэдэн төгрөгөөр авсан баримт байхгүй тогтоогдохгүй байх тул хэргийг прокурорт буцааж дахин шалгах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно. Иймээс хулгайн гэмт хэрэг нь өөрөө далд аргаар, нууцаар явагддаг тул өмгөөлөгчийн дүгнэлтэд дурдсан камерын бичлэг, харсан гэрч гэх мэт зүйлүүд заавал цуглуулах нотлох баримт бус юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гаргаагүй бөгөөд тус гэм буруугийн шүүх хуралдаанд хэргийг прокурорт буцаах тухай санал нь хууль зүйн үндэслэлгүй. Нөгөө талаас тус хэрэгт шалгавал зохих ажиллагааг хийсэн байна.

Түүнчлэн “Арвижих эстимэйт” ХХК-ний гаргасан эд зүйлийн үнэлгээтэй шүүгдэгч Б.Н нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр танилцсан байх боловч тус үнэлгээтэй холбоотой санал, хүсэлтийг гаргаагүй [24],  Хохирогч Х.Б нь эд зүйлийнхээ талаар 3-4 үнэ хэлсэн гэх мэдүүлэг хэрэгт байхгүй бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “... гинжээ 320.000 төгрөгөөр, эрэгтэй бөгжийг 380.000 төгрөгөөр үнэлнэ гэж мэдүүлсэн, харин эд хөрөнгийн үнэлгээг гаргасан хуулийн этгээд нь үнэлгээг тогтоохдоо зах зээл дээрх үнэт эдлэлийн үнийг үндэслэн үнэлгээг тогтоосон тухай дурдсан байх бөгөөд хохирогчийн тогтоосон үнээр түүний хулгайд алдагдсан эд зүйлийн үнийг тогтоогоогүй байх тул өмгөөлөгчийн энэ талаарх саналыг хүлээн авах боломжгүй юм.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Б нь Хархорин зах дээр юм зараад явж байгаа гэсэн байдаг, үүнийг тогтоогоогүй....” гэж мэтгэлцэх боловч энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ажиллагааг хийж, Н.Бямцацогтоос тус асуудлыг тодруулж гэрчээр байцаахад тэрээр Н.Б нь мэдүүлэхдээ “...би эрхэлсэн ажилтай хүн. Би байгаа айлынхаа эд зүйлийг авч явж зарах хүн биш...” гэж мэдүүлсэн, нөгөө талаас өмгөөлөгчийн санал нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй болно. 

Хэдийгээр шүүгдэгч Б.Н нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ хохирогч Х.Б-ийн гэрээс эд зүйл хулгайлаагүй гэж гэм буруугийн талаар маргаж байгаа боловч тухайн өдөр Б.Н-гаас өөр гадны хүн хохирогчийн гэрт очоогүй, талаар хохирогч, гэрч нараас удаа дараа мэдүүлсэн, мөн Б.Н-г компьютер тоглож байхад гацуур модон дээр нь 2 ширхэг 10.000 төгрөг байсан талаар шүүгдэгч өөрөө мэдүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Б.Н-г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Н-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Н нь хохирогч Х.Б-ийн гэрээс буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрнаас эд зүйл хулгайлсан хэдий байгаа боловч шүүгдэгч Б.Н нь хохирогчийн нөхөртэй садан төрлийн холбоотой байх бөгөөд тухайн гэмт хэрэг гарсан өдөр хохирогчийн гэрт очиж компьютер тоглож байсан бөгөөд улмаар явахдаа эд зүйлийг нь хулгайлсан байх тул түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж үзэхгүй тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж дүгнэсэн болно.

 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар.

Шүүгдэгч Б.Н-гийн хулгайлсан эд хөрөнгийн үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний “Арвижих эстимейт” ХХК-иас монетон бөгжийн үнийг 350,000 төгрөг, монетон гинжийн үнийг 250,000 төгрөгөөр тогтоосон, мөн гацуур модноос бэлнээр авсан 20,000 төгрөг, нийт хохирогчид 620,000 төгрөгийн хохирол учирсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэрэндулам нь шүүхээс тогтоосон хохирлын төлбөрийг төлөх үндэслэлээр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж, шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааны завсарлуулсан боловч тус завсарласан хугацаанд шүүгдэгч Б.Н нь хохирогч Х.Б-т хохирол төлбөрийг төлөөгүй байна. Иймд шүүгдэгч Б.Н-гаас 620,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Б-т олгох үндэстэй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэрэндулам нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай тул нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Н нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж, түүнд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

            3.Бусад асуудлаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар Б.Н-гийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Н-гийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Б.Н-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н-г 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нгийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 2 (хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй,  гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н-гаас 620,000 (зургаан зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Х.Б-т олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 22 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 23 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 25 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 28 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 32 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 44-45 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 35 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 48 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 50 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 55 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 54 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 49 дүгээр тал.

[16] Хавтаст хэргийн 52 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 22 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 25 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 28 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 44-45 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 35 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 38 дугаар тал.