| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2405 00000 1411 |
| Дугаар | 2025/ДШМ/06 |
| Огноо | 2024-12-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/06
2024 12 24 2025/ДШМ/06
Ч.Ц т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Цогням /томилолтоор/,
шүүгдэгч Ч.Ц , түүний өмгөөлөгч Б.Баттулга,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/916 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулгын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Ц т холбогдох 2405 00000 1411 дүгээр эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч.Ц нь 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Гранд плаза” худалдааны төвийн урд хаалганы орчимд хохирогч Н.Т тэй “хадам ээжийг нь мөргөсөн” гэх таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний толгой хэсэг рүү утас барьж байсан гараараа цохих үйлдлээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн завжинд няцарч, язарсан шарх, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокуророос: Ч.Ц ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц ыг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч Ч.Ц шүүхээс оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч Ч.Ц цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж, хохирогч Н.Т гийн энэ гэмт хэргийн хохиролтой холбоотой эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалыг тус тус үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц оос 3.300.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Т д олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Ц нь хэргийн үйл баримт, гэм буруу зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй ба мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хүлээн зөвшөөрч ирсэн. Өмгөөлөх тал шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үйлчлүүлэгч Ч.Ц нь 2019 оноос хойш өнөөг хүртэл “Ө” ХХК-д ажилтын ахлах ажилтан албан тушаалд тогтвор суурьшилтай ажиллаж байна. Тэрээр Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлаж ажилладаг бөгөөд сарын дундаж цалин 5.000.000 төгрөг байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулах боломжтой тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ч.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би эхнэр, хүүхдүүдээ тэжээж, ам бүлээ авч явдаг тул ажил хөдөлмөр эрхлэхгүй бол хэцүү нөхцөлд байна. Иймд надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгож өгнө үү. ...Хохирогчоос нэхэмжилсэн нэхэмжлэх байгаагүй тул хохирол төлөөгүй. Харин сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг төлнө. ...” гэв.
Прокурор Н.Цогням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэхүү хэргийн тухайд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Уг шийтгэх тогтоол нь хуульд заасан хэлбэр, бүтцийн шаардлагыг хангасан тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулгын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Ч.Ц т холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ч.Ц нь 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Гранд плаза” худалдааны төвийн урд хаалганы орчимд хохирогч Н.Т г “хадам ээжийг мөргөсөн” гэх шалтгаанаар толгой хэсэг рүү утас барьж байсан гараараа цохин зодож, түүний эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн завжинд няцарч, язарсан шарх, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх2/,
хохирогч Н.Т гийн “...утас барьж байсан баруун гараараа миний зүүн эрүүнд утсаараа 2 удаа цохиж, миний баруун нүд рүү эрхий хуруугаараа хатгаж, намайг заамдаж, цамцны энгэр урсан. ...машинаас буу гэж шаардахад нь би буусан. Тэгтэл миний зүүн эрүүнд баруун гараараа нэг удаа цохиход би хойшоо болсон тэр үед миний хэвлий хэсэгт баруун гараараа нэг удаа хүчтэй цохиж миний амьсгал боогдож би 2 өвдөг дээрээ сөхөрч унасан. ...бос чи гээд миний нурууны зүүн талд бөөр нь тус газарт нэг удаа цохисон. ...би хариуцлагаа үүрч чадна гэх мэтээр хэл амаар доромжилж, сүрдүүлсэн. ...2024 оны 03 дугаар сард явган хүний гарц нь дээр 53 настай Эрдэнэчимэг гэх эмэгтэйг мөргөж, биед нь гэмтэл учруулсан. Өс хонзонгийн сэдэл агуулж намайг дарамталж, зодсон...” /хх7-9/,
гэрч С.Г-н “...Тэгээд манай нөхөр Ц нь өөрийнхөө гар утсаараа Т-н зүүн эрүү тус газарт нь 2 удаа цохисон. Тэгээд машинаас Т-г буу гээд буулгаад зүүн эрүү тус газарт нь 1 удаа цохисон чинь хойшоо болоод цээж нь тус газарт нь 1 удаа цохиод доошоо болохоор нь нуруу нь тус газарт 1 удаа цохисон...” /хх15/ гэх мэдүүлгүүд,
2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11723 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх18-21/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээр дурдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.
Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Ц т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ч.Ц ын хохирогч Н.Т тэй маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримтыг тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Шүүх, шүүгдэгч Ч.Ц ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргээр зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Ч.Ц ын өмгөөлөгч Б.Баттулга нь “...Ч.Ц ын сарын дундаж цалин 5.000.000 төгрөг тул торгох ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Ц т 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.
Хэдийгээр хохирогч Н.Т нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол төлбөрийг нотлох баримтаар нэхэмжлээгүй боловч энэ нь шүүгдэгч Ч.Ц т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 6 дахь заалтад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг баримтлан хохирогч Н.Т гийн сэтгэцэд учирсан хохирол төлбөрт 3.300.000 төгрөгийг тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул тус заалтыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Энэ хэсгийг хүчингүй болсонтой холбоотойгоор хохирогч Н.Т нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд болон эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа жич бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад оруулах нь зүйтэй байна.
Иймд Баянгол дүүргийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ч.Ц ын өмгөөлөгч Б.Баттулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/916 дугаартай шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож,
тогтоох 5 дахь заалтын “...хохирогч Н.Т гийн энэ гэмт хэргийн хохиролтой холбоотой эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй...” гэснийг “...хохирогч Н.Т гийн энэ гэмт хэргийн хохиролтой холбоотой эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа жич бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Ц ын өмгөөлөгч Б.Баттулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ