| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2017/0000/Э |
| Дугаар | 86 |
| Огноо | 2018-06-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч: Д.Ганчимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр,
Шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан гэр овгийн Төрсайханы Баттулгад холбогдох 1829000290021 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар агуулга:
Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд Д.Оюунбилэгтэй хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/
Хохирогч Д.Оюунбилэгийн өгсөн: “...Би 2018 оны 01 сарын 19-ний орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын Соёлын төвөөс ажлаа дуусгаж гараад найз Янжмаатай ажил төрлийн уулзалт хийж Ханбогд сумын төвд Хурмаст төвийн бааранд орж 2, 2 лаазтай 0,5 литрийн сэнгүр нэртэй пиво уугаад харьж амрахаар Янжмаатай цугтаа очоод би нилээн ядарсан байсан болохоор шууд ороо засаад орондоо орсон. Тэгээд унтаж байхад намайг гэнэт хүн зодоод эхэлсэн. Би хөнжлөөсөө гарах гэж оролдож байгаад толгойгоо гаргахад Баттулга зүүн мөрөн дээрээс хазаад авахаар нь зүүн гараараа цааш түлхэхэд миний зүүн гарын долоовор хурууны хоёр дахь үеэр нь хазаад авсан. Энэ үед найз Янжмаа салгах гэж оролдож байсан. Гаднаас Баттулгын ээж гэх хүн орж ирээд цуг салгасан. Баттулгыг цагдаа дуудаж өгч явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8, 13-14-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №33 дугаартай шинжээчийн
Т.Баттулгын яллагдагчаар өгсөн: “... би 2018 оны 01 дүгээр сарын 19-ний орой ажиллаа тарж хоёр найзын хамт 6 лааз пиво аваад хувааж уугаад салсан. Тэр өдөр цалин буусан байсан болохоор эхнэр 3 хүүхэддээ чихэр боов авч очьё гээд гэрээс 21 цагийн үед гарахад ээж Чимэгээ машинтай хөдлөх гэж байсан болохоор ээжээр хүргүүлж хадам ээж Янжмаагийнд очоод хаалгыг нь 1 цаг 40 минут орчим нүдэж байж хаалгыг нь онгойлгуулаад ороход хадам ээж Янжмаа гэрийн зүүн талд нилээн согтуу хэвтэж байсан. Гэрийн баруун хэсэгт байх орон дээр хадам ээжийн найз Оюунбилэг унтаж байсан, голын хоймор хэсгийн газраар манай 3 хүүхэд эхнэр ороо зассан, гэрийн зүүн хэсгийн газраар дэвсгэр дэвсээд хувцастайгаа хэвтэж байсан. Би та нар чинь согтуу байгаа юм уу? гэсэн чинь хадам ээж Янжмаа согтуу босч ирээд чамд ямар хамаатай юм гээд уурласан. Та нар хүүхэд ингэж хардаг юм уу муу архичингуудаа гэж уурлаад эхнэр Баднаагарав руу хараад зогсож байхад баруун талын орон дээр хэвтэж байсан Оюунбилэг гэж хүүхэн босч ирээд намайг “би яах гэж энүүгээр ирээд байгаан чи муу бол писда шүү чамайг дахиж энүүгээр ирүүлэхгүй чи энэ гэрээс зайл” гэхээр нь чамтай юугаа ярьдаг юм бэ? чи миний амьдралыг мэдэх биш гэж хэлсэн зүүн талын нүд рүү учиргүй 2-3 удаа цохиод авахаар нь би гэнэт уурлаад Оюунбилэгийг зөрүүлээд хэд хэдэн удаа цохиод авсан чинь эхнэр Баднаагарав, хадам ээж Янжмаа, миний ээж Чимэгээ нар намайг араас татаж аваад салгасан. .” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Т.Баттулгын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 47-р хуудас/
Шүүгдэгч Т.Баттулгын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-р хуудас/
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 44-р хуудас/
Шүүгдэгч Т.Баттулгын арилжааны банкуудад харилцах болон зээлийн данстай эсэх лавлагаа /хх-ийн 34-43-р хуудас/
Хохирогч Д.Оюунбилэгийн “...Оюунбилэг миний бие нь Т.Бд гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 49-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд Д.Оюунбилэгтэй хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Д.Оюунбилэгийн өгсөн: “...Тэгээд унтаж байхад намайг гэнэт хүн зодоод эхэлсэн. Би хөнжлөөсөө гарах гэж оролдож байгаад толгойгоо гаргахад Баттулга зүүн мөрөн дээрээс хазаад авахаар нь зүүн гараараа цааш түлхэхэд миний зүүн гарын долоовор хурууны хоёр дахь үеэр нь хазаад авсан. Энэ үед найз Янжмаа салгах гэж оролдож байсан. Гаднаас Баттулгын ээж гэх хүн орж ирээд цуг салгасан. Баттулгыг цагдаа дуудаж өгч явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8, 13-14-р хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №33 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/, Т.Баттулгын яллагдагчаар өгсөн: “... чамтай юугаа ярьдаг юм бэ? чи миний амьдралыг мэдэх биш гэж хэлсэн зүүн талын нүд рүү учиргүй 2-3 удаа цохиод авахаар нь би гэнэт уурлаад Оюунбилэгийг зөрүүлээд хэд хэдэн удаа цохиод авсан чинь эхнэр Баднаагарав, хадам ээж Янжмаа, миний ээж Чимэгээ нар намайг араас татаж аваад салгасан. .” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/зэргээр нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.
Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Т.Баттулгын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдлын хувьд урьд ял шийтгэгдсэн зэргийг харгалзан үзээд улсын яллагчаас санал болгосон торгуулийн ял түүнд тохирч байна гэж дүгнэлээ.
Хохирогч Д.Оюунбилэг нь “...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 49-р хуудас/ гэсэн тул шүүгдэгч Т.Баттулгыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Оюунбилэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Б урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Цагаан гэр овгийн Төрсайханы Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баттулгыг 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баттулгыг 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав /-н сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА