Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/07

 

 

 

 

 

  2024             12            24                                         2025/ДШМ/07

 

 

А.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар /цахимаар/,

шүүгдэгч А.Тгийн өмгөөлөгч С.Мөнхтулга,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/831 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдлоор А.Тд холбогдох 2403 00425 0562 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А.Т нь “Олон Улсын замын харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “Б”-ийн мэргэжлийн сургалтын байгууллагын 2021/132 дугаартай “И ” мэргэжил эзэмшсэн” гэх хуурамч мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... ....ажилд орсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокуророос: А.Тий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч бичиг баримт ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тг 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Т нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Олон Улсын зам харилцаа, аж үйлдвэрийн дэргэдэх “Б”-ийн мэргэжлийн сургалтын байгууллагын 2021/132 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Олон улсын замын харилцаа аж үйлдвэрийн дэргэдэх “Б” нь эрх бүхий төрийн байгууллагад бүртгэлгүй, сургалт явуулах тусгай зөвшөөрөлгүй, иргэдийг төөрөгдүүлж анхнаасаа хуурамч баримт бичиг гаргаж өгдөг байсан нь хангалттай нотлогддог. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Тгийн ашигласан гэж үзээд буй мэргэжлийн үнэмлэхийг “Б сургалтын төв”-ийн Ч.Д  нь сургалт болон үнэмлэхийн төлбөр гэж 750.000 төгрөг авч гаргасан байдаг. Сургалтын төв гэх нэрийн доор хуурамч үнэмлэх гаргаж өгсөн, түүнийг А.Т мэдээгүй, мэдэх боломжгүй, үнэмлэх дээрх гарын үсэг зурсан ажлын газрын н.Нацагдорж гэх хүнээр дамжуулж авсан байдаг. Тодруулбал шүүгдэгч А.Тг мэдэж байсан гэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй, эргэлзээтэй нөхцөл байдлууд хэргийн хүрээнд харагддаг. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Тд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Ч.Батбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Төмөр замын ажилтнуудтай холбоотойгоор шалгагдаж байгаа нэлээдгүй хэрэг байгаа ба үүнд Тээврийн прокурорын газраас хяналт тавьж байна. Хэрэгт холбогдсон хүмүүсийн ихэнх нь хуурамч гэдгийг нь мэдсээр байж ашигласан гэдэг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ял шийтгэлээ хүлээсэн. А.Тгийн хувьд И  мэргэжлээр суралцаагүй, энэ чиглэлээр сургалтад хамрагдаж байгаагүй, мөн энэ чиглэлээр шалгалт өгөөгүй гэдгээ өөрөө мэдэж байсан. Энэ талаар хэрэгт цугларсан  гэрч нарын мэдүүлэг бий. А.Тгийн хувьд тухайн ажлын байрны шаардлагыг хангаж, ажилд орох зорилгоор 750.000 төгрөгөөр худалдаж авч ажилд орсон үйл баримт хэрэг тогтоогддог. Энэ чиглэлээр ямар боловсрол эзэмшиж, ямар сургалтад хамрагдах ёстой гэдгийг А.Т мэдэж байсан ба энэ төрлийн хэрэгт холбогдсон бусад хүмүүс ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгчийн үйлдэл хангалттай нотлогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А.Т нь “”Олон Улсын замын харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “Б”-ийн мэргэжлийн сургалтын байгууллагын 2021/132 дугаартай “И ” мэргэжил эзэмшсэн гэх хуурамч мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг ....ажилд орсон болох нь:

Нэр бүхий иргэдийн /А.Тий/ мэргэжлийн үнэмлэх бүртгэлгүй байгаа талаарх лавлагаа /хх27-34/,

....  хүний нөөцийн албанаас гарган өгсөн “Бүтээгч” сургалтын төв төгссөн ажилтнуудын мэдээлэл /хх36-40/,

....  даргын “Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх журам”, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх55-86/,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн “...Б нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/97, А/231 дүгээр тушаалаар батлагдсан Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам”-ын дагуу мэргэжлийн сургалтын дагуу мэргэжлийн сургалтын байгууллагын “Бүртгэлийн гэрчилгээ авч байгаагүй болно” гэх 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/78 дугаартай албан бичиг /хх54/,

 гэрч А.Тгийн “...Фейсбүүк дээрээс “Б”-ийн утсыг олоод үл таних эрэгтэй хүнтэй утсаар холбогдоод бүртгүүлсэн. Уг сургалтын төв хаана байдаг талаар, ямар үйл ажиллагаа явуулдаг талаар сайн мэдэхгүй байна. Над руу хааяа ганц нэг судлах хичээл явуулдаг байсан. ...Би ....  Улаанбаатар татах хэсэгт ажилд орох зорилгоор 750.000 төгрөгөөр худалдан авсан. ...2021 оны 12 дугаар сарын дундуур Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах модны 2-н автобусны орчим үл таних эрэгтэй хүнтэй утсаар холбогдож авахад нэг намхан бор ах авч ирж өгсөн, тэр хүнд мөнгөө бэлэн өгсөн. ...Би тэр хүнийг танихгүй, утасны дугаарыг нь мэдэхгүй. ...Фейсбүүк дээр “Бүтээгч” гэх сургалтын төвийг хүмүүс маш түргэн шуурхай гэсэн байсан. Тэгээд тэр үл таних эрэгтэй хүнтэй утсаар холбогдоод авахаар болсон. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх18-19/,

гэрч  Ч.Д ын “...манай сургалтын төв төмөр замын чиглэлээр анхан шатны мэдлэг, мэргэжил олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. ...Ачаа вагон хүлээлцэгч кассер, өртөөний жижүүр холбогч найруулагч, И , туслах машинч, вагон үзэгч, вагон засварчин, замчин гэх мэт мэргэжлүүдээр сургалт явуулан мэргэжлийн үнэмлэх олгож байсан. ...манай сургалтын хугацаа 5 сарын хугацаанд тухайн хүний суралцагчийн чадамжид суурилан гэрчилгээ олгодог. ...Тухайн үед сургалтын төлбөр мэргэжлээсээ хамаараад ялгаатай байсан. Сүүлд 750.000 төгрөг болсон. ...гарын үсгийг дуурайлган хийсэн байх боломжтой ба одоо ингээд харахад зарим гарын үсэг өөр харагдаж байна. ...Миний мэдэж байгаагаар урьд өмнө нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд тушаал гаргаад бүртгэгдэж байсан. ...элссэн болон төгссөн суралцагчдын мэдээллийг хүргүүлдэг байсан. ...” /хх110-111/, “...Би “Б” сургалтын төвд 2018-2021 оны хооронд захирал, сургалтын төвийн захирал, хүний нөөцийн менежер, аж ахуйн дарга зэрэг албан тушаал дээр захирлын тушаалын шийдвэргүйгээр солигдоод ажиллаж байсан. Тухайн сургалтын төвийг анх нээгдсэн цагаас нь эхлэн ажиллаж байна. ...манай сургалтын төв анх тусгай зөвшөөрлөө 2018 оны 03 дугаар сараас эхлэн Хөдөлмөр, нийгмийн халамжийн газраас сургалт зохион байгуулах тусгай зөвшөөрлөө гаргуулан авч сургалт зохион байгуулан үйл ажиллагааг явуулж эхэлсэн. ...манай сургалтын төлбөр 750.000 төгрөг байсан. Манайх элсэгч, суралцагчдаас төлбөрийг бэлнээр авдаг байсан. Манай байгууллагад яг санхүүгийн ажилтан гэсэн дагнасан ажилтан байгаагүй. ...манай байгууллагын захирлын туслах бэлнээр авдаг байсан. ...2021/132 ...дугаартай мэргэжлийн үнэмлэх манай сургалтын төвөөс гаргаж байсан мэргэжлийн үнэмлэх мөн байна. ...манай сургалтын төв 2018 онд Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагад бүртгүүлж байсан. Түүнээс хойш сургалтыг төгссөн суралцагч, иргэдийн мэдээллийг хүргүүлэн бүртгэлд оруулж байгаагүй. Энэ нь миний алдаа юм. Бүртгэлд суралцагч, төгсөгчдийн мэдээлэл нь ороогүй мэргэжлийн үнэмлэхийг хуурамч гэж ойлгож болно. ...Манай гаргаж өгсөн мэргэжлийн үнэмлэх байна. Мэргэжлийн үнэмлэх нь үнэт цаас нь дээр гаргадаг байсан. Манай мэргэжлийн үнэмлэх дээр дүн тавиагүй байсныг Төмөр замын байгууллага дүнгүй байна гэхээр нь манай сургалтын төв дүнтэй хэсэг гаргаад хэвлэдэг болсон. ...Төмөр замын байгууллагын ажилтан нар л дандаа ажлын байр өөрчлөх эсхүл засварчин, туслах машинч болон ажлын байрны шалгуур, шаардлагыг хангахаар авдаг байсан. Тухайн иргэд мэддэг байсан. Танил талаар гуйлган авсан иргэдэд асуудалд орох талаар хэлдэг байсан. ...тухайн төмөр замын ажилчид асуудлаа өөрсдөө хариуцна гэдэг байсан. ...Би сургалтын төвийн тамга, тэмдгийг анх намайг цагдаагийн байгууллагаас энэ оны 04 дүгээр сард дуудан, мэдүүлэг авна гэхээр нь би устгасан. ...” /хх125-128/,

гэрч С.Х “...Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ олгох нь манай институт дээр 2021 оны 05 дугаар сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас шилжин ирсэн. Тухайн “Б” гэх нэртэй мэргэжлийн сургалтын байгууллага нь өнөөдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн бүртгэл хийгдэж, гэрчилгээгээ сунгуулсан мэдээлэл байхгүй. ...Манай институт нь өмнө нь мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, төгсөгч нарт чадамжийн гэрчилгээг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын хамтарсан А/97, А/231 дугаартай “Журам шинэчлэх тухай” тушаалын дагуу олгодог байсан. Одоо 2023 оны 07 дугаар сард Боловсролын багц хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зохих журмын дагуу чадамжийн гэрчилгээ олгож байна. Харин зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах үүднээс бүртгэлийн гэрчилгээ олголт 2023 оны 04 дүгээр сараас зогссон. ...“Mergejil.mn” буюу цахим бүртгэлийн нэгдсэн системд мэргэжлийн сургалтын төвүүд маань анх манай институтээс нэвтрэх нэр, нууц үгээ үүсгүүлэн авч сургалтын байгууллагынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулдаг. Үүнд сургалтад хамрагдсан суралцагчдын мэдээлэл, төгсөгчийн мэдээлэл бас ордог. Өөрөөр хэлбэл, төгсөлтийн үнэмлэхээ манайхаар хийлгээд төгсөлтийн гэрчилгээ буюу чадамжийн гэрчилгээг дээрх нэгдсэн бүртгэлийн системээр дамжин бүртгэл үүсгэгдэж авдаг. ...манай байгууллагын нэгдсэн бүртгэлд ороогүй тохиолдолд хуурамч, бүртгэлгүй гэж ойлгож болно. ...”  /хх115-116/,

гэрч С.Б-н “...миний ажлын байрны тодорхойлолтод Ерөнхий боловсролын болон Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын үнэлгээний баталгаажуулалтыг хариуцдаг учраас 2022 оноос эхлэн төгсөгчдийн захиалга авах, хэвлүүлэх, нөхөн хангалтын ажлыг арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна. ...төгсөлтийн баримт бичгийг баталгаажуулсны дараа тэтгэлэг олгодог учраас бүртгэл мэдээлэл маш нарийн байдаг. ...Аливаа хуурамч баримт бичиг олгох боломжгүй, “Үндэсний үнэт цаас” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу олон төрлийн нууцлал бүхий үнэт цаас олгох ажлууд өндөр хяналт нь доор явагддаг. ...” /хх120-122/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч А.Тг “Хуурамч бичиг баримт ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч А.Тгийн хуурамч бичиг баримт ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч А.Тгийн өмгөөлөгч С.Мөнхтулга нь “...Олон Улсын замын харилцаа аж үйлдвэрийн дэргэдэх “Б” сургалтын төв нь эрх бүхий төрийн байгууллагад бүртгэлгүй, сургалт явуулах тусгай зөвшөөрөлгүй, иргэдийг төөрөгдүүлж анхнаасаа хуурамч баримт бичиг гаргаж өгдөг байсан. ...А.Т нь түүнийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. ...Үнэмлэхийг ажлын газрын Нацагдорж гэх хүнээр дамжуулан авсан байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан ба тус гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь, хавтаст хэргийн 54 дүгээр талд авагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн 1/78 дугаартай албан бичиг, мөн хавтаст хэргийн 125-128 дугаар талд авагдсан гэрч Ч.Д ын “...Төмөр замын байгууллагын ажилтан нар л дандаа ажлын байр өөрчлөх эсхүл засварчин, туслах машинч болон ажлын байрны шалгуур, шаардлагыг хангахаар авдаг байсан. Тухайн иргэд мэддэг байсан. Танил талаар гуйлган авсан иргэдэд асуудалд орох талаар хэлдэг байсан. ...тухайн төмөр замын ажилчид асуудлаа өөрсдөө хариуцна гэдэг байсан. ...” мэдүүлэг зэргээр А.Т нь “Б” сургалтын төвд тухайн мэргэжлээр суралцаагүй, тухайн мэргэжлийн үнэмлэх авахтай холбоотой сургалт төгсөх шалгалт өгөөгүй, ажлын байрны шаардлагыг хангаж ажилд орох зорилгоор үнэмлэхийг худалдаж авсан, мэргэжлийн үнэмлэх хуурамч болохыг мэдэж байсан, “И ” мэргэжил эзэмшээгүй болох нь нотлогдон тогтоогдож байна.  

Түүнчлэн “Б” сургалтын төв нь мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам”-ын дагуу мэргэжлийн сургалтын байгууллагын Бүртгэлийн гэрчилгээ авч байгаагүй, цахим бүртгэлийн нэгдсэн системд бүртгэгдээгүй, мөн А.Тд олгосон “И ” гэх мэргэжлийн үнэмлэх нь үнэт цаасан дээр хэвлэгдээгүй болох нь гэрч М.Халиун /хх115-117/, гэрч С.Болормаа /хх120-122/ нарын мэдүүлгүүдээр нотлогджээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Тд оногдуулсан 750 нэгжээр торгох ял нь түүний хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/831 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Тгийн өмгөөлөгч С.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/831 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Тгийн өмгөөлөгч С.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ОЧМАНДАХ

 

                                            ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

 

                                             ШҮҮГЧ                                Б.АРИУНХИШИГ