Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ20176/00057

 

Ч.Сэлэнгэтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2016/00791 дүгээр шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 1871 дүгээр магадлалтай,

Ч.Сэлэнгэтуяагийн нэхэмжлэлтэй

“Монос хүнс” ХХК-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 883.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Сэлэнгэтуяа, өмгөөлөгч Ч.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, Э.Баясгалан, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Сэлэнгэтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс “Монос хүнс” ХХК-д түүхий эд материалын кассын няравын ажилд орсон бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж, кассын мөнгө илүүдсэн гэх шалтгаанаар ажлаас халсан. Мөн хашхирч дайрч, доромжлон сэтгэл зүйн дарамтанд оруулсан. Миний бие ерөнхий нягтлангийн буруутай үйлдлээс болж гарсан алдааг нь нотолсон. Мөн ажлаасаа халагдсан байтал 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр сэтгэл зүйн дарамтнаас гараагүй байхад төөрөгдүүлж, гүйцэтгэх захирлын 101 тоот тушаал гарсан. Ажлаас чөлөөлөх тухай хүсэлтэд ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж, байгаа ар гэрийн гачигдал ч юмуу хүндэтгэн үзэх шалтгаан дурдаагүй. Иймд 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн тушаал шийдвэрийг зөвтгүүлж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Монос хүнс” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Отгондарь, Э.Баясгалан нар шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Ч.Сэлэнгэтуяагийн өөрийн хүсэл зоригоор өөрийн гараар бичсэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу ажлаас чөлөөлсөн бөгөөд хийж буй үйлдлийнхээ учир холбогдлыг бүрэн хариуцах эрх зүйн бүрэн чадамжтай этгээд тул гүйцэтгэх захирлын 101 тоот тушаал нь ямар нэгэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Ч.Сэлэнгэтуяагийн гаргасан хүсэлтийн хариуд гаргасан тушаалыг өөрчлөх боломжгүй талаар манай хүний нөөцийн ажилтан мэдэгдсэн болно. Тиймээс “Монос хүнс” ХХК нь Ч.Сэлэнгэтуяаг хуучин ажилд нь эгүүлэн томилох боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2016/00791 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Сэлэнгэтуяагийн нэхэмжлэлтэй “Монос хүнс” ХХК-д холбогдох 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн тушаал шийдвэрийг зөвтгүүлж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 883.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул урьдчилан төлөөгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 1871 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2016/00791 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан Ч.Сэлэнгэтуяаг “Монос хүнс” ХХК-ийн касс, түүхий эд материалын няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 833.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг “Монос хүнс” ХХК-д үүрэг болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 1871 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 1871 тоот магадлалын хянавал хэсэгт “... Нэхэмжлэгчийн бичгээр гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн тухайд бодитоор үүссэн асуудлыг хууль журамд нийцүүлэн шийдвэрлэхийг ажилтан шаардах эрхтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд багтаан тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан төөрөгдөлд орсноо тайлбарлан, өмнөх хүсэлтээс татгалзаж тушаалаа зөвтгөхийг хүсэх боломжтой, ажил олгогчийг хүсэлтийг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзнэ.” гэжээ.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д “хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн” 58.2.2. хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн.” байх бөгөөд нэхэмжлэгч ноцтой төөрөгдөлд оруулсан, хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн эсэхийг шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар нотлох үүрэгтэй юм. Гэвч Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзжээ. Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 17 тоот тогтоолд Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 6.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Сэлэнгэтуяа хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаагүйг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас харж болно.

2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 1871 тоот магадлалын хянавал хэсэгт “...Хариуцагч ажил олгогч нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101 дүгээр тушаалаар Ч.Сэлэнгэтуяаг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч ажилтныг ийнхүү чөлөөлөх болсон нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тооллогоор кассын мөнгийг илүүдүүлсэн зөрчил илэрсэнтэй холбоотой гэж шүүх хуралдаанд тайлбарласан, мөн үүнтэй холбоотой баримт болох бэлэн мөнгөний тооллогын баталгааг шүүхэд гаргасан байна. Ч.Сэлэнгэтуяа-г тооллогын зөрчлийн гаргасантай холбоотой ажлаас чөлөөлөх өргөдөл бичүүлж авсан талаар хариуцагчийн тайлбар үгүй атал шүүх тайлбар өгсөн, нөгөө талаар зөрчил гаргасантай холбоотой ажлаас чөлөөлснийг хариуцагч үгүйсгээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2016/00791 тоот шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагчийн тайлбар тусгагдсан бөгөөд хариуцагчийн хариу тайлбарт зөрчил гаргасны улмаас ажлаас чөлөөлсөн талаар огт баримт байхгүй. Харин тооллогын баримт болон зөрчлийн баримт нь тухайн нэхэмжлэгчийн талаарх мэдээллийн шинж чанартай баримт бөгөөд маргааны зүйлд хамааралгүй нотлох баримт юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 1871 тоот магадлалын бүхэлд нь хүчингүйд болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Сэлэнгэтуяа нь хариуцагч “Монос хүнс” ХХК-д холбогдуулан “...тоот тушаалыг зөвтгүүлж, касс, түүхий эд материалын няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх” тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн” гэжээ.

Ажил олгогчийн тушаалыг зөвтгүүлэх нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл байх тул бие даасан шаардлага гэж үзэхгүй.

“Монос хүнс” ХХК-ийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101 дүгээр тушаалаар Ч.Сэлэнгэтуяаг “өөрийнх нь хүсэлтээр” ажлаас чөлөөлжээ /хавтаст хэргийн 6 дугаар тал/.

Анхан шатны шүүх ажил олгогчийн тушаалын үндэслэлийн талаар хэрэгт цугларсан баримтад нийцээгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах боломжтой ба мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцогдоно.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн тооллогоор Ч.Сэлэнгэтуяагийн касснаас мөнгө илүү гарсан зөрчил илэрсэн, үүний дараа нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан байх ба ажил олгогч мөн өдөр тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн нь тогтоогджээ.

Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргах болсон шалтгаанаа дээрх зөрчилтэй холбоотойгоор дарамтад орсон гэж тайлбарласнаас гадна тэрээр ажил олгогчид 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр бичсэн өргөдөлдөө энэ тухайгаа тодорхой дурджээ.

Үүнээс үзэхэд Ч.Сэлэнгэтуяа өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй харин бусдын шаардлага, нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоотойгоор бичсэн гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх давж заалдах шатны дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангахдаа хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 1871 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ