Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2017/0334/З |
Дугаар | 221/МА2018/0240 |
Огноо | 2018-04-19 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2018/0240
Т.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К, түүний өмгөөлөгч Э.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0078 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э-гийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Б-гийн нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0078 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б-аас гаргасан “Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар бүхий “Т.Б-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 тоот “А.Эр-ийг ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, тус албаны сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх ....128/ШШ2018/0078 дугаар шийдвэрийг гаргахдаа “...Т.Б-ийн эрхэлж байсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүрэг нь үгүй болж харин түүний хавсран хэрэгжүүлж байсан бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан чиг үүрэг нь бусдад шилжсэн хэдийн энэ нь Т.Б-ийн ажлын байрны чиг үүрэг бүхэлдээ хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэх боломжгүй юм” гэж дүгнээд Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг буруу тайлбарласан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байгаа тул Б.Э миний бие нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувиар энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа “Ахлах мэргэжилтэн”-ний чиг үүрэг “Худалдан авах ажиллагааны алба”-ны чиг үүргээс хасагдсан эсэхэд дүгнэлт хийгээгүйн зэрэгцээ ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хуульд байхгүй үндэслэлээр “үндсэн үүрэг” болон “хавсран хэрэгжүүлж байсан ... чиг үүрэг” гэсэн 2 томьёоллоор тодорхойлж өгснөөрөө ийм үндэслэл муутай шийдвэр гарах үндэс болсон гэж үзэж байна.
Эцэс нь хэлэхэд “...Багануур дүүргийн Засаг даргын 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн эрхэлж байсан ахлах мэргэжилтний албан тушаалын орон тоог хасахаар шийдвэрлэсэн байх ба уг захирамжийн талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй” нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэл мэтээр дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Учир нь уг захирамжаар албан тушаалын нэрээр цомхтгол хийсэн болохоос биш ажлын байрны “чиг үүрэг”-ээр цомхтгол хийгээгүй, ахлах мэргэжилтний чиг үүрэг худалдан авах ажиллагааны албаны чиг үүргээс хасагдчихаагүй гэдгийг анхаарч үзээгүй нь анхан шатны шүүхийн алдаа болсон гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0078 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Т.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “А.Э-ийг ажилд томилох тухай” Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт гомдол гаргаагүй тул энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй.
Харин давж заалдах гомдолдоо “...анхан шатны шүүх ахлах мэргэжилтний чиг үүрэг Худалдан авах ажиллагааны албаны чиг үүргээс хасагдсан эсэхэд дүгнэлт хийгээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хуульд байхгүй үндэслэлээр “Үндсэн чиг үүрэг” болон “хавсран хэрэгжүүлж байсан” чиг үүрэг гэсэн 2 томьёоллоор тодорхойлж үндэслэл муутай шийдвэр гаргасан, “Багануур дүүргийн Засаг даргын 2017 оны А/04 дүгээр захирамжийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэлээ болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан.
Маргаан бүхий захиргааны акт болох Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.Б-г “...тус албаны ахлах мэргэжилтний орон тоо хасагдаж, цаашид ажиллах боломжгүй болсон” гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг олгохоор шийдвэрлэсэн дээрх хуулийн зохицуулалтад нийцжээ.
Учир нь Багануур дүүргийн Засаг даргын 2015 оны А/434 дүгээр захирамжаар тус дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны бүтцийг шинэчлэн баталж, Дарга-1, Ахлах мэргэжилтэн-1, Инженерийн тооцоолол, зураг төсвийн хяналт, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн-1, Дотоод ажил, нягтлан бодох бүртгэл хариуцсан мэргэжилтэн-1, Архив, бичиг хэрэг, сургалт хариуцсан мэргэжилтэн-1, Тайлан мэдээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн-1, нийт 6 орон тоотой байхаар баталсан бөгөөд ахлах мэргэжилтний албан тушаалд Т.Б ажиллаж, бичиг хэрэг, дотоод ажлыг хавсарган гүйцэтгэж байжээ.
Гэтэл Багануур дүүргийн Засаг даргын 2017 оны А/04 дүгээр захирамжаар тус албаны чиг үүргийн давхардлыг арилгах, орон тоо, цалин хөлс, урсгал зардлыг бууруулах зорилгоор бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн дарга-1, Инженерийн тооцоолол, зураг төсвийн хяналт мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн-1, Нягтлан бодох бүртгэл, хуулийн этгээдтэй харилцах мэргэжилтэн-1, Сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтэн-1, нийт 4 орон тоотой болгосноор нэхэмжлэгчийн ажиллаж байсан ахлах мэргэжилтний орон тоо хасагдан чиг үүрэг нь байхгүй болж, хавсран хэрэгжүүлж байсан бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан чиг үүрэг нь бусдад шилжсэн байна
Тодруулбал:
| Багануур дүүргийн Засаг даргын 2015 оны А/434 дүгээр захирамж | Багануур дүүргийн Засаг даргын 2017 оны А/04 дүгээр захирамж | ||
| Дарга | 1 | Дарга | 1 |
| Ахлах мэргэжилтэн | 1 Т.Б | 0 | |
| Инженерийн тооцоолол, зураг төсвийн хяналт, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн | 1 О.М | Инженерийн тооцоолол, зураг төсвийн хяналт, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн | 1 О.М |
| Дотоод ажил, нягтлан бодох бүртгэл хариуцсан мэргэжилтэн | 1 Ж.М | Нягтлан бодох бүртгэл, хуулийн этгээдтэй харилцах мэргэжилтэн | 1 Ж.М |
| Архив, бичиг хэрэг, сургалт хариуцсан мэргэжилтэн | 1 А.Э | Сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтэн | А.Э |
| Тайлан мэдээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн | 1 Н.Ж | 0 | |
|
| Нийт 6 |
| Нийт 4 |
Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэг заасан “сонгон шалгаруулж авах” тухай зохицуулалт хамаарахгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Өөрөөр хэлбэл, Т.Б-ийн эрхэлж байсан ахлах мэргэжилтний албан тушаалын орон тоо өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хасагдсан байх тул түүнд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасантай нийцжээ.
Түүнчлэн ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны үндсэн зорилгыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах үйл ажиллагаанд хяналт тавьж гүйцэтгэлийг зохион байгуулах, даргын эзгүйд орлох” гэжээ. Нэгэнт албаны чиг үүргийн давхардлыг арилгах, орон тоо, цалин хөлс, урсгал зардлыг бууруулах үүднээс албаны даргыг орлох асуудал байхгүй болсон байна.
Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0078 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР