Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 407

 

“Тм” ХХК-ийн гомдлын шаардлагатай,

            Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын

     улсын байцаагч Э.Билгүүн, Б.Мягмарцэрэн

холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                    Б.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Гомдлын шаардлага: Татварын улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1102201884 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 120/ШШ2019/0017 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0511 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, өмгөөлөгч Р.Б,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 120/ШШ2019/0017 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Тм” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Билгүүн, Б.Мягмарцэрэн нарын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1102201884 дугаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 0511 дүгээр магадлалаар: Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 120/ШШ2019/0017 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1102201884 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Энэхүү татварын улсын байцаагчийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1102201884 дугаартай “Шийтгэлийн хуудас” нь үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр мөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүйгээр зөвхөн нэг талыг барьж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэмээн гомдож байна. Учир нь цагдаагийн байгууллага “Монгол гранд эйнжил инвест” ХХК-ийг шалгаж буруутгасан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр уг компанийг хуулийн хариуцлагаас чөлөөлж, харин уг компанийн бусдыг хууран мэхэлж хохироосон байхад хохирсон этгээдийг гэмтэн болгож хохирсон дээр нь дахин хохироож байгаад гомдолтой байна.

4. Бодит байдал ийм байхад давж заалдах шатны шүүх үүнийг анхааралгүй зөвхөн нэг талыг барьж худалдагч тал болох "Монгол гранд эйнжил инвест” ХХК буруутай байгаа тул худалдан авагч ч буруутай хэмээн агуулгын хувьд үндэслэлгүйгээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Манай байгууллагын хувьд хуульд заасан нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болох зарлагын болон НӨАТ-ын падаан болон бэлэн мөнгө гаргасан баримтуудыг хэрэгт хавсаргасан бөгөөд үүнээс өөр шүүх шаардаж байгаа нь боломжгүй юм.

5. Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т зааснаар захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 511 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Э.Билгүүн, Б.Мягмарцэрэн нар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1102201884 дүгээр шийтгэлийн хуудсаар “Тм” ХХК-ийг 2015 оны 10 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд 114,000,000 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтад тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан нь татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдсон гэж дүгнэж, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 болон 4 дэх заалтыг тус тус баримтлан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-т зааснаар хариуцлага ногдуулж, 11,400,000 төгрөгийн нөхөн татвар, 3,420,000 төгрөгийн торгууль, 4,862,100 төгрөгийг алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн, гомдол гаргагч “Тм” ХХК нь “... 2015 оны 8-10 дугаар сард 100 айлын барилгын материалын захаас 3 удаа худалдан авалт хийсэн, ...НӨАТ-ын падааныг “Монгол гранд энжил инвест” компанийн нэрээр өгсөн,... падааныг хуурамч, хий бичилттэй байсныг мэдээгүй, мэдэх боломжгүй, ...НӨАТ-ын зөрчил гаргаагүй” гэх үндэслэлээр уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг шүүхэд гаргажээ.

7. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

8. Анхан шатны шүүх, гомдлын шаардлагыг хангаж “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1102201884 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ, татварын улсын байцаагч нараас зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шинээр шийтгэлийн хуудсыг үйлдсэн байхад үүнд огт дүгнэлт өгөөгүй, Шүүгчийн захирамжаар хүчингүй болсон 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1102201845 дугаар шийтгэлийн хуудасны хэлбэрийг өөрчлөн дахин зөрчлийн захиргааны акт гаргасан байна гэж маргааны зүйлийг буруу дүгнэсэн, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд нь захиргааны байгууллагын албан хаагчид тул зөрчил шалган шийдвэрлэх захиргааны байгууллагын үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарна гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

9. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах,…”, 1.3 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь зөрчил хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана”, 1.4 дүгээр зүйлийн 1.1-д “...“зөрчил шалган шийдвэрлэх” гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг /ойлгохоор/ гэж тус тус зааснаас үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг хуулиар тусгайлан зохицуулсан тул зөрчил шалган шийдвэрлэх харилцаанд Захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

10. Үүний зэрэгцээ, татварын улсын байцаагч нарын үйлдсэн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1102201845 дугаар шийтгэлийн хуудсыг “... зөрчилд холбогдогчоос мэдүүлэг авахдаа өмгөөлөх эрхээр хангаагүй, эрх бүхий албан тушаалтны удирдах албан тушаалтанд гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичигдсэн, үүнийг улсын байцаагч нараас хүлээн зөвшөөрснийг үндэслэн Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 120/ШЗ2018/00014 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон ба шүүх маргаан бүхий зөрчлийг хянаагүй байна.

11. Үүний дараа улсын байцаагч нараас зөрчлийн хэрэг үүсгэж зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа зөрчилд холбогдогчийн эрхийг хангаж, зөрчлийг нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр зөрчлийг тогтоон, шинээр “Шийтгэлийн хуудас” үйлдсэн үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүйн зэрэгцээ “Тм” ХХК-ийн гомдлын шаардлагын үндэслэл болоогүй байхад уг үндэслэлээр гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй.

12. Татварын улсын байцаагч Э.Билгүүн, Б.Мягмарцэрэн нар нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 дугаар, Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 дугаар албан бичгүүд, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн даргаас олгосон татварын хяналт шалгалт хийх томилолтыг үндэслэн “Монгол гранд эйнжил инвест” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын шивэлт хийлгэсэн үйл баримтад холбогдуулан “Тм” ХХК-ийн 2015, 2016 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, “Монгол гранд эйнжил инвест” компанийн нэр, регистрийн дугаар, тамга, тэмдэг бүхий 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0018682267 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар тодорхойлсон 114,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авалт, үүнд ногдуулсан 11,400,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг тус компани нь 2015 оны 10 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тухайн сарын нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалтаар, мөн тухайн сард хасагдах, буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татвараар тусгаж тайлагнасан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

13. Гэвч, гомдол гаргагч “Тм” ХХК нь уг падаанаар тодорхойлогдох 114,000,000 төгрөгийн үнэ бүхий барааг “Монгол гранд эйнжил инвест” ХХК-иас худалдан авч, үүнд ногдуулсан 11,400,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлсөн гэдгээ нотлоогүй, энэ талаарх баримтгүй, татварын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн “Монгол гранд эйнжил инвест” ХХК-ийн захирал Р.Батсуурьт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан, үүгээр “нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд бараа худалдан борлуулаагүй атлаа бараа худалдан борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлт хийсэн”-ийг тогтоосны дотор “Тм” ХХК байгаа нь тогтоогджээ.

14. Түүнчлэн, гомдол гаргагч “Тм” ХХК нь 2015 оны 8-10 дугаар сарын хооронд 3 удаагийн үйлдлээр 100 айл дахь барилгын материалын дэлгүүрээс 114,000,000 төгрөгийн барааг худалдан авч тооцоог бэлнээр хийсэн, НӨАТ-ын падаан өгөхийг шаардсаны дагуу борлуулагчаас уг 0018682267 дугаар падааныг өгсөн гэж тайлбарлаж, “Монгол гранд эйнжил инвест” ХХК-ийн нэр дээр бичигдсэн 3 ширхэг, иргэн М.Энхбаярын /тус компанид бараа борлуулсан гэх/ нэр дээрх 2 ширхэг зарлагын баримт болон 3 ширхэг бэлэн мөнгөний зарлагын баримтыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар гаргасан ба эдгээр баримтууд нь уг маргаан бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд тусгасан 114,000,000 төгрөгийн “бараа”-ны худалдан авалт, үүнд ногдох 11,400,000 төгрөгийн “нэмэгдсэн өртгийн албан татвар”-ыг төлсөн гэдгийг нотлохгүйн зэрэгцээ нөхөж үйлдсэн болохоо гомдол гаргагч үгүйсгээгүй байна.

15. “Тм” ХХК-ийг 2015 онд барилгын ажил гүйцэтгэх тендерт шалгарч, барилгын ажил гүйцэтгэж, үүнд зориулан худалдан авалт хийсэн гэх үйл баримтыг үгүйсгэхгүй боловч тус компани нь маргаан бүхий нэмэгдсэн өртгийн падаанаар тодорхойлсон худалдан авалт, уг худалдан авалтад нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төсөвт төлөөгүй атлаа хасалт хийж, буцаан авалтаар тайлагнасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэсэнд нийцэхгүй, уг үйлдлээр Татварын ерөнхий /2006 оны/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4-т “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл,тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх” гэж заасныг зөрчсөн тул гомдол гаргагч “Тм” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жамъянхоролын хяналтын журмаар гаргасан “... давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлээгүй, хэт нэг талыг барьж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, хохирсон этгээдийг гэмтэн болгож дахин хохироож байна ” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

16. Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Тм” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн 0511 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Тм” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Ч.ТУНГАЛАГ