Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                          

             Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч ******* даргалж тус шүүхийн  “А” танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Говь-Угтаал сумын иргэн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  хариуцагдах

Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны 19, 20 тоот тогтоолуудыг хууль бусад тооцуулж хүчингүй болгуулах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Говь-Угтаал сумын 1-р баг, ******* тоотод оршин суугч ******* овогт гийн ******* 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оны 11 дүгээр сарын 21-нд зохион байгуулагдсан аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулийн сонгуулийн үр дүнгээр Говь-Угтаал суманд Монгол Ардын Нам олонхи болж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/3 тоот тогтоолоор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдож улмаар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж дүрэм, журмыг удирдлага болгон ажлын чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.4-д заасныг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдааныг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар товлож Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар дараах 5 асуудал хэлэлцэхээр тогтоол гаргасан. Үүнд:

  1. Сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, түүнд өгөх үнэлэлт, дүгнэлт
  2. Сумын 2015 оны нийгэм эдийн засгийн үндсэн чиглэл төлөвлөгөөний хэрэгжилт 2016 оны төлөвлөгөө
  3. 2016 оны төсвийн төсөл
  4. Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2016 онд хийж гүйцэтгэх ажлын жагсаалт төслийг хэлэлцэж батлах
  5. Сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тус тус хэлэлцэхээр тогтсон.

Гэтэл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 04 тоот “Хүсэлт гаргах тухай” хүсэлт гаргаж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан эхлэхэд оруулж ирсэн. Уг хүсэлтэд тус намаас намын жагсаалтаар сонгогдсон төлөөлөгч ******* нас барсантай холбогдуулан аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т заасны дагуу дараагийн жагсаалтын хүн болох *******г төлөөлөгчөөр оруулж байна. Иймд бүрэн эрхийг нь зөвшөөрч баталгаажуулах талаар албан бичиг ирүүлсэн байсан.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эхэлж, хуралдааны дэгийн дагуу сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаас баталсан 5 асуудлыг хэлэлцүүлж батлах явцад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан Намын төлөөлөгч нь: 1-рт Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад итгэл үзүүлэх эс үзүүлэх асуудал, 2-рт төлөөлөгч *******гийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх зэрэг асуудлыг удаа дараа тавьж хуралдаан удаа завсарлага авч эцэст нь талууд зөвшилцөлд хүрч Төсвийн тухай хуулийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 50 минут хүртлэх хугацаанд орон нутгийн төсөвтэй холбоотой асуудлаа хэлэлцэж дуусгаад Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс 3 хоногийн завсарлага авсанаар хуралдаан завсарласан юм.

Ингээд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдааныг үргэлжлүүлэн хэлэлцэж уг хуралдаанаар Ардчилсан Намын төлөөлөгч *******гийн бүрэн эрхийг зөвшөөрч баталгаажуулсан. Хэлэлцэх ёстой сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, түүнд өгөх үнэлэлт, дүгнэлт зэрэг бусад асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсний дараа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******д итгэл үзүүлэх асуудлаар санал хураалт явуулж хуралдаанаар хэлэлцэх асуудлаа дууссан тухай мэдэгдэж уг хуралдаанаар хэлэлцүүлэхээр Ардчилсан Намын бүлгээс оруулсан “Хурлын даргад итгэл үзүүлэх эс үзүүлэх тухай” асуудалд шийдвэр гаргах нь хууль тогтоомж дэгийн шаардлага хангаагүй хууль зүйн үндэслэлгүй тул хуралдаанаас ямар нэг шийдвэр гаргах боломжгүй уг асуудлыг хууль дэгийн дагуу холбогдох тооцоо судалгаа лавлагааг хавсаргаж гарах шийдвэрийн төслийг боловсруулж хуралдаанд оруулах талаар асуудал санаачлагчид зөвлөж баримт бичгийн бүрдүүлэлтэнд хяналт тавьж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлдэж танилцуулахыг нарийн бичгийн дарга д даалгаж, иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга ******* би 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 тоот захирамжийн төслийг хуралдаанд оролцсон төлөөлөгч нарт танилцуулж хуралдааныг хаасан бөгөөд дээрх захирамжийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргаснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга огноолсон байна. /Ажлын өдөр дууссан тул 25-ны өдөр гарсан байх/. Уг захирамж 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гарсан нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны бичлэгээр нотлогдоно.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдаан дууссаны дараа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан Намын бүлэг дангаараа хуралдаж хуралдааныг даргалж дараах хууль бус 2 тогтоолыг гаргажээ. Үүнд:

1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар хүлээсэн нийтлэг бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүй хуралдаан зохион байгуулах удирдах үйл ажиллагааг хангалтгүй гүйцэтгэж хурлын төлөөлөгчдийн 53.3 хувь нь Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга овогтой д итгэл эс үзүүлсэн тул хурлын даргаас огцруулсугай гэсэн тогтоол гаргасан боловч эдгээр заалтыг хэрхэн яаж зөрчсөн талаарх ямар нэг нотлох баримт бичиг байхгүй мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* би сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдааныг хаахдаа дээрх асуудлаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо судалгаа лавлагаа гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй... гэсэн заалтуудыг үндэслэж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн оруулж ирсэн санал хууль болон дэгийн шаардлага хангаагүй учир...”, “...Хууль дэгийн шаардлагаа хангуулах тухай” 10 тоот захирамж гаргасан болно. Гэтэл үүнийг үл ойшоож сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан Намын бүлэг хүч түрэн хуралдаж хуралдаан даргалагчаар ыг томилон Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь заалтыг зөрчин Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хууль бус 19 тоот тогтоол гаргуулсан болно.

2. Мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20 тоот тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 25.2 дахь заалтыг үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад *******ийг олонхийн саналаар сонгосугай гэсэн хууль бус тогтоол гаргажээ.

Иймд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны 19, 20 тоот тогтоолууд илт хууль бус болохыг тогтоож, намайг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

              2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Дундговь аймгийн Говь-Угтаал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдааныг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар товлож, үндсэн 5 асуудал хэлэлцэхээр шийдвэрлэсэн байдаг. Хурлын товын дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж эхлэхэд Ардчилсан намын бүлгээс 4 тоот хүсэлт ирүүлсэн. Тус хүсэлтэд Ардчилсан Намаас жагсаалтаар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон Жаргалсайхан 2015 оны 7 дугаар сард нас барсан тул жагсаалтын дагуу түүний оронд г иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр баталгаажуулах, мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаанаар хэлэлцэгдэж дуусаагүй асуудал болох тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******д итгэл үзүүлэх, эс үзүүлэх асуудлыг дуусгаж ээлжит 10 дугаар хуралдааныг эхлүүлэх тухай гэсэн бичиг байсан. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан Намын болон Монгол Ардын Нам тус бүр 7, 7 төлөөлөгчтэй байсан тул төлөөлөгчдийн тоо тэнцэж хурлаар шийдэх үндсэн 5 асуудлыг, мөн Ардчилсан Намын бүлгийн 4 тоот хүсэлтээр оруулж ирсэн 2 асуудлыг шийдэх боломжгүй болоод байсан. Эцэст нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан ******* нь нийтийн эрх ашгийг бодож Ардчилсан Намын бүлгийн 4 тоот хүсэлтээр оруулж ирсэн 2 асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж хэлэлцэхээр болж саналаа өгсөн байдаг.  

Ийнхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 50 минут хүртэл хуралдаж Орон нутгийн төсвийн тухай хэлэлцээд Монгол Ардын Намын бүлгийн зүгээс бусад асуудлыг 3 хоногийн дараа хэлэлцэхээр засварлага авсан.

2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж үлдсэн асуудлуудыг хэлэлцэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******д итгэл үзүүлэх, эс үзүүлэх талаар санал хураалт явуулсан. Тухайн үед ******* нь ийнхүү итгэл үзүүлэх, эс үзүүлэх асуудлаар санал хураалт явуулж байгаа нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь заалтуудад заасны дагуу боломжгүй талаар Ардчилсан Намын бүлэгт удаа дараа хэлж байсан боловч Ардчилсан Намын бүлэг заавал энэ асуудлыг шийдвэрлэнэ гэж зүтгэсэн. Мөн энэ асуудалтай холбогдуулж ******* нь хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хууль, дэгийн шаардлага хангуулах тухай 10 тоот захирамжийг гаргасан. Тус захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан шаардлага хангуулж дараагийн хуралд оруулж ирэх тухай заасан байдаг боловч энэ захирамжийг үл тоож Ардчилсан Намын бүлэг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хаасны дараа дангаар хуралдаж тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******г үүрэгт ажлаас нь огцруулах, чөлөөлөх гэсэн хоёр тогтоол гаргасан.

Дээрх ажлаас огцруулах, чөлөөлөх тогтоол гарсан нь нэхэмжлэгч *******гийн эрх, ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. *******г ажлаас огцруулах, чөлөөлөх асуудал нь хуйвалдааны шинжтэй үйл явдал болсон. Тухайлбал, хариуцагч ******* 2012 онд тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын Намаас нэр дэвшиж, төлөөлөгч болж, тэргүүлэгчээр томилогдон ажиллаж байсан. ******* нь өөрөө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болохын тулд Ардчилсан Намтай эвсэж *******г хууль бусаар огцруулсан. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр *******д итгэл үзүүлэх, эс үзүүлэх асуудлыг хэлэлцэж байх үед *******г албан тушаалаа урвуулан ашиглаж “” ХХК-д газар олгох гэж гараар бичилт хийж хуралд оруулж ирсэн гэж *******г иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас огцруулах тогтоолд бичсэн байдаг. *******г албан тушаалаа ийнхүү урвуулан ашиглаж байна гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт ойлгуулж түүнийг ажлаас нь огцруулсан байдаг. Гэвч түүнийг ажлаас огцруулах тогтоолын төсөлд сүүлд нь редакцийн засвараар гээд “” ХХК-д газар олгосон гэх зүйлийг хассан байсан. Энэ нь шүүхийн шийдвэрээр гэм буруутайг нь тогтоогоогүй луйврын шинжтэй үйлдэл болсон.

Ийнхүү хууль бусаар *******г ажлаас огцруулсан нь түүнийг шударгаар хөдөлмөрлөх, цалин хөлс авах, нэр төртэй амьдрах зэрэг эрхийг ноцтой зөрчсөн. ******* сумандаа “” ХХК-д газар олгох гэж байгаад, тэр нь илэрч албан тушаалаасаа огцорсон гэх яриа өрнөж, түүний нэр хүндэд ноцтойгоор халдсан явдал болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 19, 20 тоот тогтоолуудыг редакцийн байдлаар зассан гэж хэлсэн тайлбар нь тус шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 27, 28 дугаар хуудсанд байгаа. Хуралдаан даргалагч 19, 20 дугаар тогтоолуудыг хүлээн зөвшөөрч байсан тул эдгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Иймд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 18 тоот тогтоол бус 19, 20 тоот тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг тус тус гаргаж байна. 18 тоот тогтоол нь санал хураалтын дүнг батлгаажуулсан тогтоол гэж танилцуулсан ба үүнийг сая Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* шүүх хуралдаан дээр мөн батлаж өгсөн тул 18 тоот “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг ажлаас чөлөөлсөн тухай” тогтоол, тус сумын ээлжит 10 дугаар хуралдааны материалд байхгүй, редакцийн зүгээс 19 тоот тогтоол болгосон гэж ойлгосон тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

             3. Хариуцагч: Говь-Угтаал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлынхаа дарааллын дагуу төлөвлөсөн асуудлаа хэлэлцэж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* овогт гийн д итгэл үзүүлэх асуудлаар төлөөлөгчдийн 100 хувийн ирцтэйгээр санал хураалт явуулахад төлөөлөгчийн олонхи буюу 8 төлөөлөгч 53.3 хувь нь итгэл эс үзүүлэх гэж санал гарсан нь хурлын даргыг чөлөөлөх үндэслэл болсон. Хурлын дарга ******* санал хураалтын дүнг өөрийн биеэр танилцуулаад “хурал хаалаа” гэж хэлээд Монгол Ардын Намын бүлгийн хүмүүсийг дагуулан хурлыг хаяж гарсан нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар “хурал хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргах” тухай заалтыг зөрчиж хурал хаяж явсан.

            Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд хурлын даргын нийтлэг бүрэн эрхийг зааж өгсөн байх бөгөөд 22.1.2-т “тухайн хурлын хуралдааныг даргалах гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах хэрэгжилтийг зохион байгуулах” гэж заасан байна. Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* нь дээрх хуулийн заалтыг зөрчиж намын болон хувийнхаа явцуу албан тушаалд донтсон эрх ашгийг илүүд үзэн бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй нь зохисгүй үйлдэл болсноор 10 дугаар хуралдаанаа бүрэн хэмжээгээр дуусгах асуудал үүссэн болно. Бүрэн хэмжээгээр гэдэг нь санал хураалтын дүнг тогтоолоор баталгаажуулах улмаар орон гарсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох баталгаажуулах болон хуралдааныг албан ёсоор тогтоолуудыг хэлбэржүүлэх шаардлагаар хуулийн дагуу хуралдааныг үргэлжлүүлсэн.

 Хуралдааныг хурлын дарга удирдан явуулна. Хурлын даргын эзгүйд аль нэг Тэргүүлэгч удирдан явуулахаар хуулинд заасан. Харин чухам аль Тэргүүлэгч удирдахыг хурал өөрөө тогтоох учиртай. ”Өөрөө” гэсний учир нь хуулиар бус хурал өөрөө зохицуулна гэсэн үг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 10 дугаар хуралдаанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* нь оролцох боломжгүй гэдгээ илэрхийлж хурлаа хаяж явсан нь хуралдаанд оролцогсод төлөөлөгч тэргүүлэгч аар хурлаа удирдуулах шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй.

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 19 тоот “Говь-Угтаал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай”, 20 тоот  “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” тогтоолууд нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон хуралдааны дэгийнхээ дагуу явагдсан 10 дугаар хуралдааны үр дүнд гарсан хуульд нийцсэн тогтоол юм. Цалингийн хувьд би мэдэхгүй төсвийн ерөнхийлөн захирагчид хамаарах болов уу. Одоогоор тус сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь төсөв зардалгүй холбогдох цалингаа бүрэн гүйцэд тавж чадахгүй хэмжээнд байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

4. Говь-Угтаал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: /хх-26-27,156/ Говь-Угтаал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 18-нд эхлэж, хэлэлцэх асуудлын дараалалд манай намын бүлгээс 2 асуудлыг оруулахаар буюу “хурлын даргад итгэл үзүүлэх, эс үзүүлэх”, “*******гийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх” асуудлыг хэлэлцүүлнэ гэж 24 цагийн завсарлага авсан. Үндсэн 5 асуудал хэлэлцүүлэхээр Тэргүүлэгчдийн тогтоол гарсан байсан. Ингээд 15 төлөөлөгч бүрдээд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 23 цаг 45 минут орчим болж байхад төсвөө хэлэлцээд баталж дууссан. Тухайн үед 2 тал хэлэлцэж тохиролцоонд хүрэхийг маш их хичээж ажилласан. Төсвийг батлуулахгүй байх юм бол сумын хөгжилд сөргөөр нөлөөлнө. Хурлын даргын хувьд байж боломгүй зүйл байсан учраас 7 дугаар асуудал дээр ******* дарга буулт хийсэн байх гэж бодож байгаа. Ингээд Монгол Ардын Намын бүлэг 3 хоногийн завсарлага аваад эргээд 24-ний өдөр дахин хуралдсан. Үндсэн 6 асуудлаа хэлэлцэж явж байгаад хамгийн сүүлийн 7 дугаар асуудал болох хурлын даргад итгэл үзүүлэх, эс үзүүлэх асуудал дээр ирээд хэлэлцсэн. Ингээд 53.3 хувиар итгэл үзүүлэхгүй гэсэн шийдвэр гарсан. Тэгсэн чинь ******* дарга ямар ч шийдвэрийн төслийг гаргахгүйгээр би энэ хурлыг хааж байна гээд хурал хаяад гарсан. Тэгээд хурлын танхимд манай намын бүлгийн 8 төлөөлөгч үлдсэн. Дахиад хурлыг ингэж хаявал яах вэ гэдэг асуудал дээр бид нар маш удаан ярилцаж, судалж байгаад тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага бол тэргүүлэгчээсээ нэгээр нь хурлыг удирдуулж болно гэсний дагуу миний бие хурал даргалсан. Би хурал даргалаад тогтоол гаргасан. Тогтоол гаргахдаа санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрүүлэх, ******* даргыг огцруулах, хурлын даргаар *******ийг томилох тухай 3 тогтоол гаргасан. 18 тоот тогтоолын дугаар 2 давхардсан нь ажлын албаны алдаа байсан байх. ******* даргын хувьд олон асуудал байдаг. Бүхэл бүтэн 8 сар хурлаа хаясан нь ёс зүйгүй асуудал гэж үзэж байгаа. Тогтоолоо гаргаад хурлаа зарчмын дагуу хаагаад гарах байтал хурлаа хаяад гараад явсан учраас энэ хурлыг бид нар үргэлжлүүлсэн. Бид гаргасан шийдвэрээ буруу гэж үзэхгүй байгаа.  

          Дэгийн хувьд 24 цагийн өмнө хэлэлцэх асуудлыг завсарлага авч оруулсан. Тогтоолын төслийг оруулаагүй нь үнэн. Хурал даргалж байгаа даргалагчийн хувьд тогтоолын төслөө гаргасан бол асуудал гарахгүй байсан. Тэгээд тогтоолын төслөө гаргалгүй хурлаа хаяад гарсан. Тэргүүлэгчийнхээ нэгээр хурлаа даргалуулсан. Эхлээд бид нар хурлаа үргэлжлүүлэн явуулахад мэдэхгүй зүйл их гарсан. Ер нь хэлэлцэж байгаа асуудал болгон дээрээ тогтоол гаргаж явна гэж ойлгосон. 7 асуудал хэлэлцэнэ гээд баталсан байсан. Сонгуулийнхаа дүнгээр тогтоол гарах ёстой байсан гэж үзэж байгаа. Түүнийг ******* дарга гаргаагүй. Хурлыг хаагаагүй байхад өөрийн хүсэлтээрээ хурлыг хаасан нь хурлыг цааш нь үргэлжлүүлэх шалтгаан болсон гэж үзэж байгаа гэв.

Тэгээд хүнээс зөвлөгөө авсан чинь редакцийн бүлэг гэж байгуулдаг юм. Тогтоолын төслийг 3 хоногийн дотор редакцийн зөвлөл хянаад буруу байвал засах хуулийн заалт байдаг гэсэн зөвлөгөө авсан. Тэгээд өөрчилсөн. Санал хураалтын дүнг 18 тоот ”Санал хураалтын дүнгийн тухай”, 19 тоот “Говь-Угтаал сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай”, 20 тоот “иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” гэж редакцийн зүгээс өөрчилсөн. Түүнийг манай ажлын алба давхар дугаарласан байсан юм. Дараа нь алдааг нь залруулсан байгаа. Эхний 18 дугаар тогтоолыг яг тэр хурлын орой сууж байгаад гаргасан. Тэгээд дараа нь редакцийн зөвлөл байгуулаад хуулийн заалт буруу байх юм бол засварлах боломж байдаг учраас дараагийн 19 болгож өөрчилсөн. Эхний 18-ыг зөвтгөж 19 дүгээр тогтоол гаргасан. Манай ажлын албанд яг энэ дарааллаараа байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгчээс анх  2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цаг 07 минутад тус шүүхэд Говь-Угтаал сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч , иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга ******* нарын хариуцагчид холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны 18, 19 тоот тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, /1 дүгээр хавтаст хэргийн 1-4 тал/ зэрэг нэхэмжлэлүүдэд шүүхээс холбогдох ажиллагааг явуулж 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-31-40/

Говь-Угтаал сумын иргэн *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нараас :

-Говь-Угтаал сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн хуралдаанаас гаргасан 19 тоот “Говь-Угтаал сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай”, 20 тоот “Говь-Угтаал сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

-*******г урьд эрхэлж байсан  ажилд эгүүлэн тогтоолгох,

            -Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах,

-Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг захиргааны шүүхэд 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 16 цаг 20 минутад дахин гаргажээ./2-р хх-1-4/

Шүүхээс хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

       1.Говь-Угтаал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-24-ний өдрүүдэд хуралдсан хуралдааны тухайд:   

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “хурлын хуралдааныг товлон зарлах”, 22 дугаар зүйлийн 22.1.1-т ”тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх” зэрэг бүрэн эрхийн хүрээнд Говь-Угтаал сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 39 тоот “Сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдааны тов, хэлэлцэх асуудлын тухай” тогтоолоор /хх-66/ Тус сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээс сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар  хуралдааныг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт сумын төвд хуралдуулах тов болон хуралдаанаар хэлэлцэх үндсэн 5 асуудлын жагсаалтыг баталж  гаргасан байх ба Хуралдааныг эхлүүлж хэлэлцэх асуудлаа дахин хэлэлцэж  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “хурлын төлөөлөгч асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж заасны дагуу төлөөлөгчдөөс гаргасан  “*******гийн  бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх,  иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргад итгэл  үзүүлэх, эс үзүүлэх” тухай саналуудыг нэмж оруулан үндсэн 7 асуудлыг хэлэлцэхээр /, , , , , , , , Амгалан/ зөвшөөрч олонхи дэмжсэн болох нь хуралдааны тэмдэглэлээр /хх-68-73/ тогтоогдож байна.

Хэлэлцэх 7 асуудлаа эрэмбэлж:

           1-рт: сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр нөхөн сонгогдсон *******гийн төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх,

           2-рт: сумын 2016 оны  төсвийн  төслийн тухай,

           3-рт: сумын Засаг даргын  үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр,  хэрэгжилтийн талаар,

           4-рт: Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2016 онд хийж гүйцэтгэх ажлын  жагсаалт, төсөв,

           5-рт: Сумын эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл,  төлөвлөгөөний хэрэгжилт, 2016 оны төлөвлөгөө,

          6-рт:  Сумын  газар зохион байгуулалтын 2016 оны  төлөвлөгөө,

          7-рт: Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга *******д итгэл үзүүлэх, эс үзүүлэх тухай асуудал гэж шийдвэрлэсэн хэдий ч тухайн сумын 2016 оны төсөв хэлэлцэх асуудлыг хэлэлцэх  хуулиар тогтоосон хугацаа дуусч байсан тул төсвийг 1-рт хэлэлцэхээр дараалалд олонхоороо өөрчлөлт оруулж 2016 оны сумын төсөв хэлэлцсэнээр сумын Монгол Ардын Намын бүлгээс сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэгийн /хх-74/ 12 дугаар зүйлийн 12.3-т ”завсарлагын хугацаа 10-20 минут, ажлын 3 өдрөөс илүүгүй байна” гэж заасны дагуу 3 хоногийн буюу 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг хүртэлх хугацаагаар завсарлага авч хуралдааныг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 30 минутанд үргэлжүүлэн хуралдаж хуралдааны дотоод журмаа баталж үлдсэн асуудлаа шийдвэрлэхээр тогтжээ./хх-68-80/

Ийнхүү дараалал ёсоор асуудлаа хэлэлцэж хуралдааны эцэст хэлэлцэх асуудлын 7-д эрэмблэгдсэн “сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргад итгэл үзүүлэх эс үзүүлэх” тухай асуудлыг хэлэлцэж нийт 15 төлөөлөгчөөс 8 төлөөлөгч /, , , , , , , / буюу төлөөлөгчдийн 53,3 хувь итгэл үзүүлэхгүй гэж шийдвэрлэснийг хурлын дарга ******* өөрөө танилцуулж 10 дугаар хуралдааныг хаасан болох нь хуралдааны тэмдэглэл  /хх-78-р ард/  хуралдааны бичлэг зэргээр тус тус тогтоогдож байх тул Говь-Угтаал сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаа бүрэн хэлэлцэж  дууссан гэж үзнэ.

Иймд хурал даргалагч хэлэлцэх асуудлаа бүрэн хэлэлцэж дуусгаад хуралдаанаа хаасныг “хурал хаясан эсхүл хурлын дарга эзгүй байсан” гэж үзэх үндэслэлгүй болно.

2.Хуралдаанаас гаргасан 19 тоот “Говь-Угтаал сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай”, 20 тоот “иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” тогтоолуудын хууль зүйн үндэслэлийн тухайд:  

         Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Говь-Угтаал сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 19, 20 тоот тогтоолууд нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөнөөс гадна сум орон нутагт газар нутгаа зарах гэж ашиг хайснаас болж ажлаас халагдсан мэтээр  үзэж түүний нэр хүндийг унагаж байгаа тул 19, 20 тоот тогтоолуудыг хууль бусад тооцож хүчингүй болгож өгнө үү, хариуцагчаас иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь холбогдох хууль журмын дагуу хуралдсан, хамтын шийдвэр тул тогтоол шийдвэрүүд бүгд хууль ёсны дагуу гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус тайлбараа гаргадаг./хх-53-54/

Ээлжит 10 дугаар хуралдааны төгсгөлд хурлын даргыг чөлөөлөх, шинээр сонгох асуудлаар Говь-Угтаал сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 8 төлөөлөгч хуралдаж 19 тоот “Говь-Угтаал сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай”, 20 тоот “Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” тогтоолуудыг тус тус гаргажээ.

Хурлын дарга ******* хуралдаан дууссаныг мэдэгдэж хурлыг хаасан байтал /хх-68-80/ хэсэг төлөөлөгчдөөс тодруулбал төлөөлөгч “53,3 хувийн саналаар хурлын даргад итгэл үзүүлэхгүй гээд гарлаа, тогтоолын төсөл гарах ёстой, шууд хурал хаалаа гээд гараад явж болохгүй ш дээ, тогтоолоо оруулж ирнэ,  оруулахын завгүй гараад явчихлаа ш дээ” /хх-78-ын ард талд/, Л. “хурал хаяад явлаа гэж ойлгож байна. Төлөөлөгчдөөсөө хурал даргалагчаа сонгоно, Итгэл үзүүлэхгүй гэдэг чинь огцруулах гэдэгтэй нэг утгатай ш дээ, олонхи байгаа, тэргүүлэгчдээсээ хурал даргалагчаа сонгоод цааш явах  боломжтой, тэргүүлэгчдээс 4 нь байна. ыг хурал даргалагчаар сонгох саналтай байна” /хх-78-ын ард, 79/, төлөөлөгч “хурал даргалагч хэлэлцэх асуудлаа хэлэлцэж дууслаа хурал хаалаа гээд явлаа ш дээ та нар энэ асуудлыг хэлэлцүүлэхээр оруулж ирэхдээ тогтоолын төслийг хамт оруулж ирэх ёстой. Үүнийг дотоод журамд асуудлыг оруулахаар хэлэлцүүлсэн тал гарах шийдвэр тогтоолын төслөө хамт оруулж ирнэ гэж заасан” /хх-78 ар талд/ гэх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд ээлжит 10 дугаар хуралдааныг хааснаас хойш 8 төлөөлөгч хуралдаж хэлэлцэх асуудалд ороогүй асуудлыг /хх-78 ар тал-80/ хэлэлцэн 19, 20 тоот тогтоолуудыг гаргаж  хуралдсан нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-т “...Хурлын дарга, түүний эзгүйд хурлын даргын санал болгосноор тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана”, 24 дүгээр зүйлийн 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй”, сумын Хурлын дэгийн 4.5-т “Төлөөлөгчид хуралдааны үйл ажиллагаанд идэвхтэй зарчимч оролцохоос гадна хууль ёсны болон дэгээ баримтлаж хуралдаан даргалагчийн зөвлөгөө шаардлагыг биелүүлж харилцан бие биенээ хүндэтгэх зарчим баримтлана”, 6.5-т “Хуралд оруулж буй асуудлаар гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 3 хоногийн өмнө хурлын төлөөлөгчид тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” зэрэг заалтуудыг зөрчиж байх тул төлөөлөгч ын даргалж хуралдсан 8 төлөөлөгчийн хуралдаан хууль бус болох нь тогтоогдож байна. Хурлын дэгийн 11 дүгээр зүйлийн 11.1.7-д “хуралдааны шийдвэрийг хэлбэржүүлж ёсчлох” үүргийг хурлын дарга хэрэгжүүлэх үүрэгтэй ч асуудлыг оруулж ирсэн тал шийдвэрийн төслөө төлөөлөгчдөд 3 хоногийн өмнө тараагаагүй, төслөө гаргаагүй байсан зэрэг нь хурлын дарга *******г буруутгах үндэслэлийг үгүйсгэж байна.  

Түүнчлэн тухайн албан тушаалтныг ажлаас чөлөөлөхдөө 18 тоот “иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай” /хх-81/, 19 тоот “Говь-Угтаал сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай” зэрэг 2 өөр тушаалыг /хх-82/ гаргасан байх ба ажлаас чөлөөлөх огцруулах үндэслэлээ 2013 оны ээлжит хурлаар газар зохион байгуулалтын хэлэлцэх асуудлын жагсаалтанд “” ХХК-д 32 га газрыг олгуулахаар нэмэлт бичилт гараар хийж албан тушаалаа урвуулан ашигласан, хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүй, хуралдаан зохион байгуулах, удирдах үйл ажиллагааг хангалтгүй гүйцэтгэж, хурлын төлөөлөгчдийн 53.3 хувь нь итгэл эс үзүүлсэн тул хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй,  огцруулсугай гэсэн 2 өөр үндэслэлээр тогтоолуудаа гаргасан атлаа ямар нотлох баримтад үндэслэн ажлаас чөлөөлж огцруулж байгаа нь тодорхойгүй, хуралдаанаар хэлэлцэхдээ ч ямар үндэслэлээр чөлөөлж огцруулах талаар хэлэлцэлгүйгээр тогтоол гаргасан /79-79 арын нүүрэнд/, бусад төлөөлөгчид хурал хаяад явсан тул хурлаа үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн /хх-79-р талд , нарын хэлсэн үгээс/ боловч саналаа нийт 8 төлөөлөгчөөр тооцож 100 хувийн саналаар тогтоолын төслийг батлая гэсэн атлаа огцруулая гэдэг дээр санал хурааж 53,3 хувиар тооцсон нь /хх-79-ийн ард ын хэлсэн үг/ буруу, мөн *******ийг хурлын даргаар сонгохдоо хуралд оролцсон 8 төлөөлөгчөө 100 хувь гэж үзсэн атлаа үүнээс 53,3 хувийн санал авсан байдлаар тогтоол шийдвэр гаргасан /хх-80/ зэрэг нь хуулийг зөрчсөн байна. Иймд дээрх 8 төлөөлөгч хуралдсан хуралдаанаас гаргасан 19, 20 тоот тогтоолууд илт хууль бус байх тул хүчингүй болгох үндэслэлтэй.

Мөн төлөөлөгч нараас “итгэл үзүүлэхгүй гэж үзсэн нь огцруулна гэсэн үг” гэдгээр асуудлыг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд өөрөөр хэлбэл  итгэл үзүүлэх, эс үзүүлэх, иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргаас чөлөөлөх, дахин сонгох зэрэг нь хууль зүйн хувьд тус тусдаа үр дагаврыг бий болгож тус бүртээ хуулийн тодорхой шаардлагыг хангаж хийгдэх ажиллагаа байтал “олонх”-оороо шийдсэн хамтын шийдвэр нэрээр асуудлыг шийдвэрлэж байгаа нь буруу хийгээд  нэхэмжлэгчийн  эрх ашиг сонирхлыг хөндсөн, хууль зөрчсөн шийдвэрийг гаргажээ.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18 тоот “Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай”” тогтоолд/хх-81/ гомдол гаргаснаа өөрчилж 19 тоот “Говь-Угтаал сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай”, 20 тоот “иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” тогтоолуудад нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдсэн бөгөөд 18 дугаартай “Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай” тогтоол /хх-81/ нь тус сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдааны архивын эх материалд байхгүй, 19 дүгээр тогтоол болгон өөрчилснийг хариуцагч *******, төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарласан болно.

3.Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

Говь-Угтаал сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1/3 тоот тогтоолоор /хх-59/ байгуулагдсан иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас  нийт 15 төлөөлөгчөөс 60 хувийн саналаар хурлын даргаар ******* сонгогдсон байх ба түүний ажлыг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 19 тоот “Говь-Угтаал сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай”, 20 тоот “иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” тогтоолуудаар ажлаас чөлөөлж шинээр сонгогдсон *******өд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн “2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаан хаасны маргааш өдөр нь сумын цагдаатай ирж ажлаа авах талаар шаардлага тавьсан”, хариуцагч *******ийн “иргэдийн төлөлөгчдийн Хурлын даргын ажлыг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээлцсэн” гэх тайлбар зэргээр тус тус нотлогдож байх тул шаардлагыг хангах нь зүйтэй.

4.Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон  эрүүл мэндийн даатгалын бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулна гэж удаа дараа нэхэмжилдэг /хх-1-4/ боловч энэ талаар нэхэмжилсэн цалингийн дүнгээ өөрсдөө тогтоогоогүй, холбогдох нотлох баримтууд /хх-90/ хуулийн шаардлага бүрэн дүүрэн хангаагүй зэрэг нь  *******гийн ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэлийн шаардлагын үндсэн шаардлагатай хамтатган шийдвэрлэх боломжгүйд хүргэлээ. Иймээс нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн хуулийн шаардлага хангаж Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэхүү шаардлагын талаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тайлбарлах  нь зүйтэй.

Захиргааны хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.13, 114.1-т заасныг  удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.7 дахь хэсэгт заасныг баримтлан Дундговь аймгийн Говь-Угтаал сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 19 тоот “Говь-Угтаал сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай”, 20 тоот “Говь-Угтаал сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” тогтоолуудыг хүчингүй болгож, *******гийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 22 дугаар зйлийн 22.3-т заасныг баримтлан Говь-Угтаал сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга *******гийн бүрэн эрх сэргээгдсэн болохыг дурьдсугай.  

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь-Угтаал сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

          Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Б.СУГИРЖАВ