| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2403 00000 0220 |
| Дугаар | 2025/ДШМ/08 |
| Огноо | 2024-12-24 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/08
2024 12 24 2025/ДШМ/08
Х.А т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Батбаатар /цахимаар/,
шүүгдэгч Х.А , түүний өмгөөлөгч Г.Цолмон, Г.Мөнхзул,
хохирогч Л.Ц ийн өмгөөлөгч Э.Туул,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/710 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат, Г.Мөнхзул нарын гаргасан давж заалдах гомдлоор Х.А т холбогдох 2403 00000 0220 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х.А нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо Зайсангийн автобусны эцсийн буудлын ойролцоо Yutong маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.6-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: д/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох”, мөн дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.5-т заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохио гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээг авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчин огцом тоормосолсны улмаас хохирогч Л.Ц унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокуророос: Х.А ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.А т мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь хохирогчийн эмчилгээний зардалд 506.100 төгрөг төлсөн болохыг дурдаж, иргэний хариуцагч **** газраас хохирогчийн эмчилгээний зардалд 529.000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол хор уршигт 11.880.000 төгрөг, нийт 12.409.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Ц д олгож, хохирогч Л.Ц нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардал болон ажилгүй байсан хугацааны дутуу авсан цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний хариуцагч **** газраас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Х.А ийн 561538 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч Х.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдолдоо: “...Х.А ийг замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 12.6 дугаар зүйл, хэсэгт заасан заалтыг зөрчсөн байна гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Энэхүү заалтад “Жолооч гэнэт тоормослохыг хориглоно” гэж заасан байна. Гэтэл хэрэгт хавсаргасан тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг харуулсан бичлэгээс үзэхэд гэнэтийн тоормосолсон байдал харагдахгүй байдаг. Энэ талаар шүүхээс шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Энэхүү дүгнэлтээр тээврийн хэрэгсэл гэнэт тоормосолсон эсэх нь батлагдаагүй, эргэлзээтэй дүгнэлт гарсан. Хэрэв эргэлзээ гарвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг шүүх хэрэглэж шийдвэрлээгүй яллаж шийдвэрлэсэн.
Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 6.2 дугаар хэсэгт “чиглэлийн тээврийн хэрэгслээр зорчигч зориулалтын бариулаас барьж. Аюулгүй байдлыг хангаж үйлчилнэ” гэсэн заалтыг хохирогч Л.Ц зөрчсөнөөс болж гэмтсэн гэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, Х.А ийг ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхзул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх тогтоол гаргасан. Анхан шатны шүүхээс хохирогч Л.Ц ийн гэмтлийн улмаас хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон ба хохирогч Л.Ц д эмчилгээний зардалд 529.000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол хор уршигт 11.880.000 төгрөг, нийт 12.409.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болох Х.А т авсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цолмон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүгдэгчийн өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүхээс оролцож байна. Аливаа хэргийг шийдвэрлэхэд хэргийн үйл баримт, гэм бурууг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Гэтэл энэ хэрэгт гэм бурууг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар тогтоож чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт мөрдөгч магадлагаа гаргаж болохоор хуульчилсан. Гэхдээ магадлагаагаар эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн, талууд маргалдаж байгаа бол заавал тусгай мэдлэг эзэмшсэн шинжээч томилж, дүгнэлт гаргуулна. Х.А тухайн магадлагаатай танилцаад “Би огцом тоормос гишгээгүй” гэж маргасан байдаг. Хэргийн 51 дэх талд мөрдөгч Батбаярын сургалтад хамрагдаж, сертификат авсан нотлох баримт авагдсан байх бөгөөд үүнд цахилгааны тоноглол, зохион байгуулалт, машин хөдөлгүүрийн онол, хийцийн аюулгүй байдал, босоо шаталтын хөдөлгүүр зэрэг 6 төрлийн хөтөлбөрт сургалтыг төгссөн байдаг. Үүнд Замын хөдөлгөөний дүрэмтэй холбоотой нэг ч хөтөлбөр байхгүй. Тиймээс мөрдөгч Батбаярыг магадлагаа гаргах хэмжээний нарийн мэргэшсэн гэдэгт эргэлзэж байна. Мөн тухайн магадлагаанд яагаад огцом тоормосолсон, хохирогч Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэдгийг ямар үйл баримтаар тогтоож байгаа талаар огт дурдаагүй. Өмгөөлөгчийн зүгээс автомашины бүрэн бүтэн байдалтай холбоотой дүгнэлтийг Автотээврийн үндэсний төв, бусдын амь нас, эрүүл мэндтэй холбоотой дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний ерөнхий газар, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх асуудлыг Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Механик инженерийн сургуулийн тээврийн салбар, Цагаан шонхрын жигүүр гэх сүүлд эрхээ хоёр авсан байгууллага дүгнэлт гаргана. Үүнд Х.А ийн гомдол гаргаж дүгнэлт гаргуулах эрх зөрчигдсөн. Анхан шатны шүүхээс хэргийг 60 хоногоор хойшлуулахдаа зорчигч Л.Ц ийг Замын хөдөлгөөний дүрмийн зөрчсөн байж болзошгүй, энэ талаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуул гэж даалгавар бичсэн. Гэтэл прокурор Шүүхийн шинжилгээний ерөнхий газарт дүгнэлт гаргуулахаар томилоход “Бидний хүрээнээс хальсан асуудал байна, дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн хариу өгсөн. Энэ нь хохирогч Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэсэн үг биш. Тийм учраас энэ хэргийн эргэлзээтэй нөхцөл байдлыг зайлшгүй тодруулж, Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Механик инженерийн сургуулийн тээврийн салбар, Цагаан шонхрын жигүүрийн аль нэгээр шинжээчийн дүгнэлт гаргуулж, жолооч, хохирогчийн хэн аль нь ямар дүрэм зөрчсөнийг тогтоолгох ёстой тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч Л.Ц ийн өмгөөлөгч Э.Туул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхзулаас нэмэгдэл ялыг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргасан бөгөөд энэ нь үндэслэлгүй. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах тул зам тээврийн осол гаргасан жолоочийг гэм буруутай гэж үзсэн тохиолдолд түүний жолоодох эрхийг хасах нь хуулийн үндсэн зорилгыг хангана. Өмгөөлөгч Г.Цолмонгийн хувьд гаргаж байгаа тайлбар нь үндэслэлгүй. Хэрэгт ямар ч эргэлзээтэй зүйл байхгүй бөгөөд осол гаргасан автобус нь Монгол Улсад хамгийн сүүлд шинээр орж ирсэн саарал өнгийн “Yutong” маркийн автобус төдийгүй жолоочийн урд, заалны төв хэсэгт, жолоочийн хоёр талын гадна тал зэрэг нийт 6 камерын бичлэгтэй. Уг камерын бичлэгүүд хэрэгт авагдаж, бичлэгт үзлэг хийгдэж, анхан шатны шүүх хуралдаанд бүх бичлэгийг нэг бүрчлэн үзээд шүүгч шийдвэрээ гаргасан. Эцсийн буудал байсан тул хүн байхгүй, зорчигч урд хаалгаар орж ирээд голын хаалгаар буух учир голын хаалганы хажуу талын сандал дээр суухаар заалаар явах үед автобус хөдлөөд зогсдог. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүх хуралдаанаас оролцож байгаа, сиди бичлэгийг үзээгүй учраас итгэл үнэмшил төрөхгүй байх шиг байна. Бичлэг дээр маш тодорхой харагддаг бөгөөд бичлэг эхлээд хэдэн секундэд автобус зогсож хөдөлж байгаа, уг мөчид зорчигчийн унаж байгаа зэрэг нь аудио, видео хэлбэрээр харагдана. Автобус үл ялиг хөдлөөд зогсож байгааг жолооч огцом тоормослоогүй гэж байгаа боловч суудалдаа сууж байгаа жолооч, суудалд суухаар явж байгаа зорчигч хоёрын хооронд огцом тоормос өөр мэдрэгдэх бөгөөд огцом тоормосолсноос болж зорчигч унах нөхцөл байдал үүссэн нь бичлэгээс харагдана. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч бичлэгийг үзээд тэмдэглэл үйлдсэн. Шүүхэд очсоны дараа шүүгч захирамж гаргаад 60 хоногоор хойшлуулж, дахин шинжээч томилсон байсан. шүүгчийн асуусан Замын хөдөлгөөний дүрмийг жолооч, зорчигчийн аль нь зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хэдий ч шүүхээс томилсон шинжээч нар бичлэгийг үзээд дүгнэлтээ ирүүлсэн. Үүний дараа шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогчид бүгд бичлэгийг дахин үзэж шүүх шийдвэрээ гаргасан. Шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан бөгөөд ямар нэгэн эргэлзээтэй баримт байхгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдолдоо зам тээврийн осол гаргахаас бусад тохиолдолд огцом тоормослохыг хориглоно гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн 6.2.д-д заасан гол заалтыг бичээгүй байсан. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт болох бичлэгийг үзвэл автобусны урдуур хүн гүйх, өөр бусад саадаас жолооч хөдөлгөөнөө огцом зогсоосон гэсэн үйл баримт харагддаггүй. Түүнчлэн, анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн “Нийтийн үйлчилгээний стандарт” ёсоор жолооч нь зорчигч нар бүрэн сууж, бууж дууссаны дараа хөдөлгөөнөө эхлүүлэх ёстой байтал оруулаад л хөдөлсөн байдаг. Шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагчийн төлөөлөгч “Автобусны шал маш сайн технологиор хийгдсэн учир халтирах боломжгүй” гэж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдол үндэслэлгүй, гэм буруугийн талаарх хөдөлшгүй нотлох баримтууд хэрэгт байгаа учраас давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ч.Батбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан тул анхан шатны шүүхээс Х.А ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нь үндэслэлтэй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг эргэлзээтэй, жолооч огцом тоормос гишгээгүй гэдэг боловч гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд мөрдөгчийн магадлагаа эргэлзээтэй үндэслэлээр хэргийг 60 хоногоор хойшлуулж, техникийн шинжээч томилсон. Техникийн шинжээч нар хариулахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх талаар хэлэх боломжгүй гэж дүгнэлтдээ тусгасан ч жолооч Х.А огцом тоормос гишгэсний улмаас хохирогч унаж бэртсэн болохыг тогтоосон. Шүүх уг дүгнэлтийг үндэслэж Х.А ийг гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Түүнчлэн, хэрэгт авагдсан камерын бичлэгүүдээр жолооч ямар ч шалтгаангүйгээр огцом тоормос гишгэсний улмаас хохирогч унаж бэртсэн болох нь тодорхой харагддаг тул шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Х.А ийн өмгөөлөгч А.Ганбат, Г.Мөнхзул нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Х.А нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо Зайсангийн автобусны эцсийн буудлын ойролцоо Yutong маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.6-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: д/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох”, мөн дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.5-т заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохио гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээг авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчин огцом тоормосолсны улмаас хохирогч Л.Ц унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх4/, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч зураг /1хх2-3/, жолоочийн согтуурлыг шалгасан тэмдэглэл /1хх6/, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх7-8/, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх10-11/, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4326 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх35-36/, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээний дүгнэлт /1хх37/, хохирогчийн хохирлын баримтууд /хх20/, шүүгдэгч Х.А ийн хохирол төлсөн баримт /1хх120-121/, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 999058 дугаартай Автотээврийн үндэсний төв “ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв”-ийн дүгнэлт /1хх 45-46/, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 440 дугаартай мөрдөгчийн магадлагаа /1хх 50-51/, 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2398 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх142-143/,
шүүгдэгч Х.А ийг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ гэх мэт ажил мэргэжил, хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх168-183/,
хохирогч Л.Ц ийн “...Автобусанд ороод төлбөрийн картаа уншуулаад хойд талын суудал руу суухаар явсан ба автобусны гол хэсэгт хойд хаалганы орчимд явж байхад автобус урагш хөдлөх шиг болоод гэнэт огцом тоормослоод зогссон. Тэр үед нь би суудалд сууж амжаагүй байсан учраас хойш савж бөгсөн хэсгээрээ хүчтэй унасан. Тэгээд босож чадахгүй байсан. Тэгээд би жолоочид хандаж “зорчигч суудалд суугаагүй байхад яагаад хөдөлж байгаа юм бэ, би уначихлаа шүү дээ” гэж хашхирсан. ...” /1хх 17/,
иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б гийн “...Уг автобус 2024 оны 01 дүгээр сард шинээр манай байгууллагад ашиглагдаж байгаа автобус юм. ...Алтанхуяг шинэ жолооч биш. ...Даатгалын байгууллагаас бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна. ...” /1хх28/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Х.А ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.
Шүүх, шүүгдэгч Х.А ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат нь “...тээврийн хэрэгсэл гэнэт тоормосолсон эсэх нь батлагдаагүй. Замын хөдөлгөөний дүрмийн 6.2 дугаар хэсэгт “чиглэлийн тээврийн хэрэгслээр зорчигч зориулалтын бариулаас барьж” гэсэн заалтыг хохирогч Л.Ц зөрчсөнөөс болж гэмтсэн...”, өмгөөлөгч Г.Мөнхзул нь “...Х.А т авсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдлуудыг гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Учир нь, хохирогчийн “...хойд талын суудал руу суухаар явсан ба автобусны гол хэсэгт хойд хаалганы орчимд явж байхад автобус урагш хөдлөх шиг болоод гэнэт огцом тоормослоод зогссон. Тэр үед нь би суудалд сууж амжаагүй байсан учраас хойш савж бөгсөн хэсгээрээ хүчтэй унасан.” гэх мэдүүлэг /1 хх17/ нь хэрэгт авагдсан тухайн үйл явдлыг харуулж буй камерын бичлэг, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4326 дугаартай “...Л.Ц ийн биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх35-36/, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 440 дугаартай “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.6-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: д/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох”, мөн дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.5-т заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохио гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээг авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь үндэслэлтэй байна гэх мөрдөгчийн магадлагаа /хх50/ зэрэг баримтуудаар нотлогдож байх ба хохирогч Л.Ц ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.2-д заасан “...чиглэлийн тээврийн хэрэгслээр зорчигч зориулалтын бариулаас барьж. Аюулгүй байдлыг хангаж үйлчилнэ...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн ба шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Өөрөөр хэлбэл, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/1192 дугаартай шүүгчийн захирамжаар “бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах”-аар хэргийг 60 хүртэл хоногоор хойшлуулж шийдвэрлэсэн ба 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2398 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөн эсэхэд шинжээч хариулах боломжгүй. Тээврийн хэрэгслээр зорчигч Л.Ц нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөн эсэхэд шинжээч хариулах боломжгүй.” гэх дүгнэлтийг гаргажээ. Улмаар хэрэгт авагдсан 2 минут 21 секунтийн камерийн бичлэгээс үзэхэд, тээврийн хэрэгслийн тоормослосон үйлдлийн улмаас хохирогч Л.Ц нь унаж буй үйл явц бичигджээ. Автобус гэнэт тоормослоод зогссоноос, суудалд сууж амжаагүй буюу зориулалтын бариулаас ч барьж амжаагүй явж байсан зорчигч Л.Ц ийн унаж гэмтсэн үйл баримт тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн аваагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж заасан тул тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ гэмт хэргийг үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж” гэж заасан эрх хасах нэмэгдэл ялыг шүүх заавал оногдуулж хэрэглэх ёстой тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхзулын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Анхан шатны шүүхийн шүүгдэгч Х.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас сонгон оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/710 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.А ийн өмгөөлөгч А.Ганбат, Г.Мөнхзул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/710 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.А ийн өмгөөлөгч А.Ганбат, Г.Мөнхзул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ