| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 191/2025/07515/И |
| Дугаар | 191/ШШ2025/07587 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/07587
2025 09 15 191/ШШ2025/07587
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: ....... дүүрэг, ........ хороо, .........оршин байрлах М ХХК /РД:......../-ийн хүсэлттэй,
Ц.Э /РД:................/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцов.
(Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд шүүх хуралдааны хийх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Иргэн ................ регистрийн дугаартай Ц.Э нь өөрийн эзэмшиж байсан 95021129 дугаар дээр 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 140000605934 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба өмнө нь зээл авч, төлж байсан учир зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн Ц.Э нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 800,000 төгрөгийг сарын 2,1 хувийн хүүтэй зээлж авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.
М ХХК нь зээлийн эргэн төлөлтийг шаардаж түүний зээл авах үедээ тодорхойлсон Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 70 дугаар гудамж, 15б тоот хаягаар шүүхэд хандсан боловч Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШЗ2024/22319 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нь тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. М ХХК нь Ц.Э гийн зээл авах үедээ өгсөн мэдээллийн дагуу ойр дотны хүмүүстэй нь харилцаж зээлийг төлүүлэхээр хаяг тодорхойлох ажиллагааг явуулсан боловч үр дүнгүй болж, цаашид өөрсдийн боломжоор хаягийг тогтоож чадахгүй болсон.
Ц.Э гийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 800,000 төгрөг, зээлийн хүү 436,566 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,892 төгрөг, нийт 1,319,458 төгрөг байх ба зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүйгээс М ХХК нь шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн.
Иймд ................ регистрийн дугаартай Ц.Э г эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...эзгүйд шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Ц.Э тай байгуулсан 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 140000605934 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээний хуулбар, зээл, зээлийн эрх нээлгэх өргөдлийн маягт, М ХХК-д гаргасан хүсэлт, Ц.Э гийн иргэний үнэмлэх, зээлийн дансны хуулга, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 184/Ш32024/22319 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар /хх 2-10/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
5. Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
6. Нэхэмжлэгч М ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Э г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б ээс өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт ирүүлжээ.
7. Энэхүү хүсэлтийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.
8. Ц.Э нь М ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хуулбар хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.
9. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,319,459 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн байх ба тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 184/Ш32024/22319 дугаартай захирамжаар хариуцагч Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 70 дугаар гудамж, 15б тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
10. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлохгүй.
11. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Э г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
12. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаарБ овогт Ц.Э /РД:................/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ц.Э г эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Э гийн оршин суугаа хаягийг олж тогтоон М ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, О.Б утас: ........./-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН