| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2205 03071 0804 |
| Дугаар | 2025/ДШМ/40 |
| Огноо | 2025-01-02 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/40
2025 01 02 2025/ДШМ/40
Э.Б од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Нямбат /томилолтоор/
шүүгдэгч Э.Б /цахимаар/, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат, Т.Багахүү,
хохирогч А.Ө ийн өмгөөлөгч Д.Халзан,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/827 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлоор Э.Б од холбогдох 2205 03071 0804 дүгээр эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.Б нь хохирогч А.Ө ийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр итгэмжлэн хариуцуулж үлдээсэн 906 кг 400 грамм ноолуурыг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр түүний зөвшөөрөлгүйгээр “О” ХХК-д зарж борлуулсан, мөнгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирогчид “их хэмжээний буюу 83.842.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокуророос: Э.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-г “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулж хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Б од 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б оос 70.842.000 төгрөг гаргуулан хохирогч А.Ө д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Э.Б од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын үндсэн хууль энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина гэж заасан.
Мөн энэ хуулийн 39.8 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчлүүдийг нэрлэн заасан байдаг. Хуульд заасан журмыг зөрчиж цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож болохгүй талаар Улсын дээд шүүхийн бүх шүүгч нарын хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолд тодорхой заасан.
Гэтэл тус хэрэгт хэрэг бүртгэлтийн хугацаа сунгагдаагүй. Хэн гэдэг мөрдөгч хэрэг бүртгэлт явуулсан нь тодорхойгүй. Дээрх зөрчилтэй цаг үед ямар, ямар мөрдөн шалгах ажиллагаа явагдсан, энэ ажиллагаа нь хууль нийцэж байгаа талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Мөн 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хоног хойшлуулж ноолуурыг худалдан авсан “О” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах, яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулж гардуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэсэн.
Шүүх хуралдааныг 2024 оны 09 дүгээр сарын сарын 26-нд хэлэлцэх тов тогтоосон ба хэрэг шүүхэд буцаж ирсний дараа шүүх хуралдаан 2 удаа хойшилсон. Энэ шүүх хуралдаануудад яллах дүгнэлт гардуулагдаагүй байсан.
Шүүх хуралдаан удаа дараа хойшлогдсон бөгөөд 3 дахь шүүх хуралдаан дээр иргэний хариуцагчийн талаар бичигдсэн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 467/х дугаартай яллах дүгнэлтийг гардуулсан.
“О” ХХК-ийн төлөөлөгчийг иргэний хариуцагчаар татаж 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлэг авсан боловч мөрдөгчийн гарын үсэг байхгүй.
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт "...иргэний хариуцагч нь иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг хариуцах эсэхэд дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.” гэсэн дүгнэлт хийсэн. Мөрдөгч, прокурорын хууль зөрчсөн үйлдлийн хариуцлага нь шүүгдэгч төлбөр төлөхөөр, хорих ял эдлэхээр болж байна. 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ноолуурыг худалдан авахгүй, өгөхгүй гээд компанийн байранд хяналтын камерын дор үлдээсэн байдаг. Компани нь 2024 оны 06 дугаар сарын 09-нд, 16-нд мөнгийг нь Э.Б од араас нь дур мэдэж шилжүүлсэн...”,
Прокурор яллах дүгнэлтдээ “Өөрөөр хэлбэл эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд байхаар заасан байна” гэж эрх зүйн дүгнэлт хийсэн. Э.Б үүрэг хүлээсэн боловч А.Ө ямар үүрэг хүлээсэн нь тодорхойгүй байна.
Хадгалсан эд зүйлээ завшсан гэж эрүүгийн хууль ярихаасаа өмнө хадгалах, хадгалуулах эрх зүйн харилцаа яригдах ёстой. Иргэний хуулийн 422 дугаар зүйлд хадгалж байгаа хүн бүрэн бүтэн байдлыг хариуцах, хадгалуулж байгаа этгээд хадгалалтад зайлшгүй гарах зардлыг төлөх, хадгалуулсны хөлсийг төлөхөөр зохицуулсан байгаа.
Өөрөөр хэлбэл, итгэмжлэн хариуцуулсан, хадгалуулсан этгээд болох А.Ө нь үндэслэлгүй хөрөнгөжөөд байна. Хавтас хэргийн 34 дүгээр талд А.Ө ээс мөрдөгч “Э.Б таны 906,4 кг ноолуурыг хадгалж өгөөд ямар нэг шан харамж авна гэж байсан уу” гэсэн асуултад хариулахдаа “Тийм зүйл огт Э.Б яриагүй” гэж хариулж байжээ.
Мөн хуулийн 424 дүгээр зүйлд эд хөрөнгийг алдсан бол учирсан хохирлыг төлөхөөр гэрээний хариуцлагыг заажээ. Алдсан гэдэг нь “О” ХХК нь худалдаж авахгүй гэж явуулчхаад араас мөнгийг хэд хоногийн дараа шилжүүлж байгаа иргэний хариуцагчийн үйлдэл, үйл ажиллагаанд эрх зүйн дүгнэлт хийхгүй байж болохгүй.
2024 оны 06-р сарын 03-ны өдөр кг-ыг 100.000 төгрөгөөр авна гэж хэлж компанийн байрандаа авчруулаад, аваад очихоор кг-ыг 95.000 авна гэж хэлж наймаа тохирохгүй, зарахгүй гээд компаний байранд орхисон байдаг. Энэ талаар А.Ө мэдэж байсан, Э.Б ч мэдүүлэгтээ хэлж байгаа юм.
Прокурор яллах дүгнэлтдээ “Яллагдагч Э.Б нь хохирогч А.Ө ийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн итгэмжлэн, хариуцуулж үлдээсэн 906 кг 400 грамм ноолуурыг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр түүний зөвшөөрөлгүйгээр “О” ХХК-д зарж борлуулан...” гэж дүгнэсэн.
Хэргийн бодит байдал нь А.Ө ийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хамгийн эхний мэдүүлэгтээ “...ханш унаж нэг кг ноолуурын үнэ 90.000 төгрөг болсон байсан. Худалдан авах хүн ч байхгүй байсан. ....би нэг кг нь 100.000 төгрөг зарчих гэж хэлсэн. ...үйлдвэр дээр аваачаад буцаагаад савлаж чадаагүй, үйлдвэрийн хяналтын камерын дор тэр чигээрээ байгаа. ...үнэд орвол зарчих гээд үлдээсэн. ...” гэж мэдүүлдэг.
Харин 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хохирогчоор мэдүүлэг өгөхдөө "...1 кг 100.000 төгрөг болчихсон байна зарчих уу гэхэд би тэг тэг гэж хэлсэн. Дахин залгаад 95.000 авна гэнэ гэхэд нь би үгүй гэж хэлсэн. ...“ гэх мэдүүлэг зэргээс зөвшөөрөлгүй ноолуур зарсан гэж үзсэн нь буруу болсон.
Мөн Э.Б нь хэрэг бүртгэл мөрдөн байцаалт, шүүхийн бүх үе шатанд бүх үнэнээ мэдүүлж хохирол төлбөрийг барагдуулъя, өөрийн 13 дугаар хороололд байдаг орон байраа өгье гэдгээ ч хэлж байсан. Надад жаахан цаг, хугацаа олгож өгөөч гэж мэдүүлж байсан. Өөрөөр хэлбэл гэм буруу дээрээ маргаагүй, хохирол төлбөрөө барагдуулахаа илэрхийлж байсан.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү давж заалдах гомдолтой холбоотой тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Г.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдолтой санал нийлж байна. Э.Б од холбогдох гэмт хэргийн шинжтэй асуудалд мөрдөн шалгах ажиллагаа маш дутуу явагдсан бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэх асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явуулж чадаагүй. Өөрөөр хэлбэл, хохирогч болон Э.Б нарт хадгалуулсан гэгдэх ноолуурыг худалдан борлуулахыг зөвшөөрсөн асуудал байдаг. Гэвч төлбөр мөнгийг хэрхэн өгөх талаар тохирсон зүйл байдаггүй. Ноолуурыг зарсан тохиолдолд мөнгийг нь хэзээ, хэрхэн өгөх талаар тусгайлан тохиролцоогүй. Хэрэв тохиролцсон нөхцөлд мөнгийг нь өгөөгүй бол завших гэмт хэрэг үйлсэн гэж үзэж болно. Иргэний хариуцагчаас 2022 оны 08 дугаар сард мөнгийг шилжүүлсэн боловч Э.Б тухайн мөнгийг хохирогчид өгөөгүй. Улмаар хохирогч цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Энэ хугацаанд Э.Б хохирогчид “би мөнгийг чинь төлье, ноолуурыг чинь зарсан” гэж мөнгийг нь өгөхөө илэрхийлсэн боловч шүүгдэгч, хохирогч нар ноолуурын үнийн дүнг тохиролцож чадаагүй. Ийм асуудлаас болж Э.Б ын үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй болж хувирсан. Магадгүй хохирлыг иргэний хариуцагчаас олгосон мөнгөн дүнгээр тогтоосон бол тухайн мөнгийг байраараа, эсхүл эд хөрөнгөөрөө төлөөд уг асуудал тухайн үед дуусах байсан. Түүнчлэн уг хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.9 дүгээр зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг хамгаалахад хайнга хандах” гэмт хэргийн шинжтэй байж болох тул уг нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү. Хоёрдугаарт, өмгөөлөгч Г.Мөнхбат шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 25 хуудас баримтыг шүүх хуралдаанд гаргасан. Э.Б ын ноолуураа залилуулсан гэх хэрэгт миний бие 2022 оноос хойш хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Э.Б нь 47.000.000 төгрөгийн ноолуураа залилуулсан ба хэрэг нь хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж байгаа бөгөөд тэрээр уг хэргийн улмаас учирсан хохирлоо төлүүлээгүй байтал хүний мөнгө хадгалсан асуудлаар буруутгагдсан. Миний бие шүүгдэгчийн хувийн байдлыг сайн мэднэ. Тэрээр эцэг, эхийн хамт амьдардаг. Түүний эцэг, эх нар нь өндөр настай. Эцэг нь Архангай аймгийн Засаг даргаар олон жил ажилласан алдар хүндтэй хүн байдаг. Тэрээр цус харвасан бөгөөд байнгын асаргаа шаардлагатай байдаг. Шүүгдэгчийн эх нь саяхан цус харваж, эмнэлгийн хяналтад байгаа. Энэ гэр бүлийг дан ганц Э.Б асарч хамгаалдаг бөгөөд тэрээр дээр дурдсан өндөр настай хүмүүсийн эрүүл мэндэд санаа тавьдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай. Миний үйлчлүүлэгч хэргийн үйл баримт, өөрийн гэм буруугийн талаар маргадаггүй тул түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү. Торгох ялыг биелүүлэх боломжтой ба уг нөхцөл байдал нь хэрэгт авагдсан түүний үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар тогтоогдох тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдал хангагдаж байна гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдолтой холбоотой тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өмгөөлөгч нартайгаа санал нэг байна. Миний бие өөрийн үйлдэлдээ их гэмшиж байна. Надад оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Би бусдад их хэмжээний хохирол учруулсан, хохирлыг бүрэн барагдуулах хүсэлтэй байна. Миний хүсэлтийг хүлээн авч, надад оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, торгох ял оногдуулж өгнө үү. Миний эцэг, эх хоёулаа цус харвасан. Тэдгээрийг миний хоёр эмэгтэй дүү харж байгаа. Миний бие хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулах чадвартай. Үл ялиг буруу ойлголцлоос болж асуудал үүссэн, уучлаарай. ...” гэв.
Хохирогч А.Ө ийн өмгөөлөгч Д.Халзан давж заалдах гомдолтой холбоотой тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байгаа бөгөөд шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан 70.842.000 төгрөгийн хохирлыг төлөөгүй болохыг дурдаж байна. ...” гэв.
Прокурор Д.Нямбат давж заалдах гомдолтой холбоотой тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. Өөрөөр хэлбэл, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасны дагуу зүйлчилж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч, хохирогч нарын хоорондын харилцаа нь Иргэний эрх зүйн харилцаа биш, Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдэх асуудал. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбатын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.Б нь хохирогч А.Ө ийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр итгэмжлэн хариуцуулж үлдээсэн 906 кг 400 грамм ноолуурыг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр түүний зөвшөөрөлгүйгээр “О” ХХК-д зарж борлуулсан, мөнгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж “их хэмжээний буюу 83.842.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх24-26/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх41-45/, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Дамно” хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн “...ямааны ноолуурын үнэ 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 1кг нь 130.000 төгрөг, 906.4 кг ноолуур нийт 117.832.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх47-49/, 2024 оны 06 дугаар сарын 24-ний дахин гаргасан “Дамно” хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн “...ямааны ноолуурын үнэ 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 1кг нь 92.000 төгрөг, 906.4 кг ноолуур нийт 83.842.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх73-76/, “О” ХХК-ийн падаан /хх81/, Э.Б ын 5429581243 тоот дансны хуулга /хх83, 86/, Э.Б ын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх108-109/, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хохирогч А.Ө д 3.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх197/,
хохирогч А.Ө ийн “...2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн орчимд Баярцогт над руу залгаад ноолуур кг нь 100.000 төгрөг болсон байна зарах уу гэж асуухаар нь зарчих гэсэн. Тэгээд би Улаанбаатар хотод ирж амжихгүй байсан тул фейсбүүкээр дүрсээ харж ярьж байгаад ноолуураа жинлэсэн. Жин нь 906 кг 400 грамм болж байсан. Маргааш нь Баярцогт над руу дахин залгаад кг нь 95.000 төгрөг болсон байна зарчих уу гэж асуухаар нь би алдагдалгүй баймаар байна, зарах хэрэггүй гэдгээ хэлсэн. ...Тэгэхэд Баярцогт буцаагаад грашиндаа хийлээ гэж хэлсэн. ...Баярцогт утсаа авахаар больсон ба би ноолуураа үзмээр байна, авмаа байна гэхэд надад би хөдөө ажилтай явж байна, итгэхгүй байгаа бол би танд 10.000.000 төгрөг шилжүүлье гээд шилжүүлсэн. ...8 сард хотод орж ирсний дараа 10 гаран хоног худлаа ярьж байгаад уулзсан. Тэгэхэд би таны ноолуурыг нэг хужаад өгсөн, цоожлоод явчихсан байна. Би өөрөө бас хулхидуулчихлаа, таны мөнгийг бүтэн гаргаж өгнө гэж хэлсэн. ...би Баярцогтоос нийтдээ 100.000.000 төгрөг нэхэмжилж байна. ...” /хх28-30, 34-35/,
гэрч Ц.Т-н “...Б нь миний том хүү юм. 2022 оны 04 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдийн үеэр манай грашид шуудайтай ноолуур оруулж ирж тавьсан. Нэг эрэгтэй хүнтэй хамт явж байсан. Дараа нь өөрөө ирээд тухайн ноолууруудыг аваад явчихсан байсан. ...Б нь сүүлийн 25 жил ноос, ноолуурын ченж хийж байгаа болохоор би нэг их анхаарал хандуулаагүй. ...” /хх37-38/,
гэрч Э.Б ын “...2022 оны 08 дугаар сард 906 кг 400 грамм ноолуурыг эмээлтэд нэг Хятад Улсын иргэнд кг-ийг нь 95.000 төгрөгөөр зарсан. Нийт 86.070.000 төгрөг болсон ба тухайн мөнгөөр нь 2022 оны 08 дугаар сард ноос худалдаж аваад ноосоо Баттулга гэдэг хүнд бөөнд нь зарсан боловч Баттулга ноосны мөнгөө өгөхгүй байна. Хэрэв Б ноосны мөнгөө өгчихвөл би Ө-н мөнгийг өгнө. Би өөрөө 300.000.000 төгрөгийн авлагатай байгаа. Би Ө-д 10.000.000 төгрөг өгчихсөн байгаа. Би 150.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө байраа тавилгатай нь Өлзийдэмбэрэлд зөрүү мөнгийг нь өгөөд авч болно гэж хэлсэн ч зөвшилцөлд хүрэхгүй байгаа. ...Би Ө-н ноолуурыг зарсан боловч мөнгө нь надад 1 сарын дараа орж ирсэн. 86.070.000 төгрөг орж ирэх үед надад ноос авах гээд мөнгө хэрэгтэй байсан тул мөнгөөр нь ноос худалдан авсан нь үнэн, би ноосоо хурдан зараад мөнгийг нь өгнө гэж бодсон боловч болоогүй. ...Өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Ө гэх хүний ноолуурыг “О” ХХК-д зарж мөнгийг нь өөр зүйлд хэрэглэсэн нь миний буруу. Би тухайн хүний ноолуурын мөнгийг өгч барагдуулна. ...” /хх40, 70/,
иргэний хариуцагч Д.С “...Баярцогт гэдэг хүнээс 928.2 кг ноолуурыг хүлээн авсан байна. Манайх чанарын шаардлага хангаж байгаа ноолуурыг бүгдийг нь авдаг, гарал үүслийн бичиг шаардадгүй, гарал үүслийн бичгийг хотын постоос шалгачихдаг. ...Б-н тушаасан ноолуурын мөнгийг өөрийнх нь өгсөн дансанд шилжүүлсэн. Тийм учраас манайх хариуцахгүй. ...” /хх175/ гэсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Б ыг хохирогч А.Ө ийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр итгэмжлэн хариуцуулж үлдээсэн 906 кг 400 грамм ноолуурыг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр түүний зөвшөөрөлгүйгээр “О” ХХК-д зарж борлуулсан, мөнгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний буюу 83.842.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Б ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдэхдээ бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбат нь “...тус хэрэгт хэрэг бүртгэлтийн хугацаа сунгагдаагүй. ...”О” ХХК-ийн төлөөлөгчийг иргэний хариуцагчаар татаж 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлэг авсан боловч мөрдөгчийн гарын үсэг байхгүй. ...итгэмжлэн хариуцуулсан, хадгалуулсан этгээд болох А.Ө нь үндэслэлгүй хөрөнгөжөөд байна. ...гэм буруу дээрээ маргаагүй, хохирол төлбөрөө барагдуулахаа илэрхийлж байсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг, эсхүл бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.
Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул ял шийтгэл тохироогүй талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн 2205030710804 дугаартай эрүүгийн хэрэг бүртгэлийн хугацаа сунгагдаагүй гэх гомдлын тухайд, хавтас хэргийн 2-17 дугаар талд авагдсан мөрдөгчийн тогтоолын тогтоох хэсэгт хэргийн хугацааг нөхөн бичээгүй боловч мөрдөгчийн тогтоолын дээд хэсэгт хэргийн хугацааны сунгалтуудыг гар бичмэлээр нөхөн бичсэн байх ба энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “хэрэгт авагдсан хугацаа сунгасан баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.12, 31.13 дугаар зүйлд заасан хугацаа сунгах журмыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Иргэний хариуцагчийн тухайд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэснээс үзэхэд “О” ХХК нь Э.Б оос ноолуур худалдан авч, Э.Б ын данс руу 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 59.307.900 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 30.000.000 төгрөгийг “od wool cashmere, nooluur tulbur” гэх утгаар шилжүүлсэн болох нь Э.Б ын “...А.Ө гэх хүний ноолуурыг “О” ХХК-д зарж мөнгийг нь өөр зүйлд хэрэглэсэн нь миний буруу. Би тухайн хүний ноолуурын мөнгийг өгч барагдуулна. ...”, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-н өгсөн “...Баярцогт гэдэг хүнээс 928.2 кг ноолуурыг хүлээн авсан байна. ...Б-н тушаасан ноолуурын мөнгийг өөрийнх нь өгсөн дансанд шилжүүлсэн. Тийм учраас манайх хариуцахгүй. ...” гэсэн мэдүүлгүүд болон 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “О” ХХК-ийн санхүүгийн №53 дугаартай “ТЭМ бэлтгэх падаан” /хх81/, Э.Б ын Хаан банкны *** тоот дансны хуулга зэргээр нотлогдож байх тул тус “О” ХХК-ийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсны хариуцвал зохих этгээд гэж үзэх боломжгүй тул “О” ХХК-ийг Э.Б од холбогдох хэрэгт иргэний хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзнэ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Э.Б од холбогдох эрүүгийн хэрэгт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/827 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл нийт 73 /далан гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ