| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2026/0249/З |
| Дугаар | 128/ШШ2026/0726 |
| Огноо | 2026-08-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2026/0726
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ш******* т*******” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ц,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагч: Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Лу, Ж.Ж нарын хоорондын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонтой холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны нарийн бичиг дарга Т.Тэргэл,
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Анхан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны ... тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлж,
1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн байна.
Хоёр. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
2.1.Нийслэлийн Засаг даргын захирамжийн үндэслэх хэсэгт Прокурорын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг үндэслэл болгосон. Нийслэлийн Б******* дүүргийн Прокурорын газрын 2021 оны энэ албан бичиг нь газрын эрхийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна гэсэн агуулгатай албан бичиг байгаад байгаа юм. Нийслэлийн Засаг дарга өөрөө хүлээж аваад хэрхэн яаж шийдвэрлэсэн гэдэг нь ойлгомжгүй. Хэрэгт авагдсан баримтаар бол энэ прокурорын гомдлыг Нийслэлийн Засаг дарга хэрхэн яаж шийдвэрлэсэн юм бэ гэдэг эрх зүйн баримт бичиг, хэрэгт авагдсан зүйл байхгүй. Тэр гомдлыг нь тэр чигт нь үндэслэл болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх гэдэг шаардлагыг зарчмыг хангахгүй,
2.2.Маргаан бүхий захиргааны актын 2 дахь буюу сүүлийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 гэж байгаа юм. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэл болгож байгаа бол аль үндэслэл болох нь туйлын тодорхойгүй, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д захиргааны актыг хангах хууль зүйн үндэслэлийг заана гээд маш тодорхой бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлагыг тусгасан,
2.3.Анх 2010 онд газар эзэмших эрхийг шилжүүлж, Ш******* группт шилжүүлж аваад, 2013 онд зориулалтыг нь өөрчлөөд, 2019 онд хугацаагаа сунгасан, газрын эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актууд гарч байсан. 2013, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хамгийн сүүлийнх нь юуг хэлэх гээд байна вэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан энэ 5 жилийн дотор хүчингүй болгох гэдэг энэ хугацаа дууссан, өнгөрсөн байхад энэ хуулийн 48.3-т заасныг ноцтой зөрчөөд энэ маргаан бүхий акт болох 2024 оны 10 дугаар сард гарсан байдаг. 2019 оноос хойш 5 жил нь тоологдохоороо 2019 оны 05 дугаар сард 5 жилийн хугацаа дуусаж байгаа. Тэгээд энэ хуулийн 48.3-т заасныг зөрчөөд энэ маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна. Энэ нь Захиргааны хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нийцгүй байна гэдэг ийм агуулгаар шаардлага, үндэслэлээ тодорхойлж байна. Нэхэмжлэлийн шаардлагын Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбогдох хэсгийн хамгийн сүүлийн шаардлага, үндэслэл нь юу вэ гэхээр маргаан бүхий актын 1 дүгээр хэсэгт энэ маргаан бүхий цахилгаан шатахуун түгээх станцын галын аюулгүй норм дүрмийн 5 дугаар зүйлийн 5.8.1 дүгээр хүснэгтэд заасан хамгийн бага зай хэмжээг хангаагүй гэсэн агуулгаар захирамжийг гаргадаг. Энэ хэсэг дээр нэхэмжлэгчээс юу гэж үзэж байгаа вэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох энэ ажиллагаа зөрчигдсөн,
2.4.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д захиргааны байгууллага, захиргааны шийдвэр гаргах ажиллагаандаа хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийнэ, нотлох баримтыг цуглуулна, үнэлнэ. Энэ үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. Энэ хуулийн 24.4-т зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй гэсэн зохицуулалт байдаг. Захиргааны байгууллага буюу Нийслэлийн Засаг даргаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй,
2.5.Маргаан таслах зөвлөлийн дүгнэлтийн хууль ёсны байдлыг үндэслэл бүхий байдлыг алдагдуулсан. Учир нь бид маргаан таслах зөвлөлд хандахдаа үндэслэлгүйгээр хууль бусаар манай газар эзэмших эрхийг цуцалчихлаа, Нийслэлийн Засаг дарга даргын захирамжаар үүнийг хүчингүй болгоод өгнө үү, хянаад өгнө үү гэдэг гомдлыг гаргаж байгаа. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын захирамж нь хүчин төгөлдөр байна, хууль ёсны байна, яагаад гэхээр хууль тогтоомжид нийцсэн байна, Газрын тухай хуульд нийцсэн байна. Газрын тухай хуулийн энэ үндэслэлийг ашигласан нь зөв байна гэсэн агуулгаар маргааны гомдлыг хянан шийдвэрлэхдээ тэр хууль зүйн үндэслэлээ тодорхойлох ёстой. Гэтэл яагаад Засаг даргын захирамжаа хэвээр үлдээгээд байгаа юм бэ?, Газрын тухай хуулийн ямар заалтын дагуу хүчин төгөлдөр шийдвэр гэж үүнийг үзсэн бэ?, Захиргааны ерөнхий хуульд заасан Засаг даргын захирамж гаргах буюу энэ захиргааны акт гаргахтай холбоотой шаардлагуудыг яаж хангасан гэж үзээд, нөгөө талаас нь бид нар хангаагүй байна гэж үзээд байгаа гэжээ.
2.6.Нэхэмжлэгчээс “...батлагдсан норм дүрмийг нь харахаар 1 дүгээр хүснэгтэд нийт 13 төрлийн объект хоорондын 13 төрлийн хамгийн бага зай хэмжээний шаардлага үүсгэчихсэн байгаад байгаа юм. Тэгээд энэ стандарт буюу 1 дүгээр хүснэгтийнхээ яг аль объекттой холбоотой ямар зай хэмжээг зөрчсөн юм бэ гэдэг асуудал нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй, Улсын комисст хүлээн авах үеийн акт, магадлалын дүгнэлтүүдээр шатахуун түгээх станцтай холбоотой галын аюултай объекттой холбоотой ямар нэгэн санал дүгнэлт байхгүй, хууль тогтоомжид нийцсэн гэсэн байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нийслэлийн Засаг даргын захирамжийг хууль тогтоомжид нийцсэн байна, Газрын тухай хуулийн энэ үндэслэлийг ашигласан нь зөв байна гэсэн агуулгаар маргааны гомдлыг хянан шийдвэрлэхдээ тэр хууль зүйн үндэслэлээ тодорхойлоогүй...” гэх зэргээр маргаж,
2.7.Хариуцагчаас “...Маргаан бүхий актын гол үндэслэл болсон шалтгаан нь Нийслэлийн прокурорын газрын албан бичиг болно. Нийслэлийн хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 106 дугаартай дүгнэлт, улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0 дүгнэлтүүд тус тус гарсан. Маргаан таслах зөвлөлийн дүгнэлт нь урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа гэж хариуцагчаас үзэж байгаа. Маргаан таслах зөвлөлийн ажиллах журамд заасан дүгнэлтийг гаргасан байсан. Энэ дүгнэлт дээр нэхэмжлэлийн шаардлагыг зөв хэлэлцэхгүй болгож шийдвэрлэсэн байсан. Тэгэхээр энэ илт хууль бус дүгнэлт биш...” гэх зэргээр тайлбарлан маргаж байна.
Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар:
3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаж байгаа 2 акт байгаа. 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 70 дугаартай маргаан таслах зөвлөлийн дүгнэлт, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамж гэсэн 2 захиргааны акт дээр маргаж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн гол шаардлага нь эдгээр захиргааны актууд бол хууль бус байна. Тухайн актын улмаас нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, иймд хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулгаар маргаж байгаа. Эхлээд Нийслэлийн Засаг даргын захирамж буюу маргаан бүхий акт яагаад хууль бус юм бэ, хүчингүй болгох ямар үндэслэл байгаа вэ гэдэг талаар шаардлага, үндэслэлээ танилцуулъя. Нэгдүгээрт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмын хүрээнд шаардлага, үндэслэлээ танилцуулна. Маргаан бүхий захиргааны акт буюу Нийслэлийн Засаг даргын захирамжийн хууль зүйн үндэслэл, эрх зүйн үндэслэлийн талаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагааг хуульд үндэслэх гэдэг тусгай зарчмын дагуу явагдана гэдэг зарчмын хүрээнд хэд, хэдэн ноцтой зөрчлүүд алдаанууд байна.
Маргаан бүхий захиргааны актын 2 дахь буюу сүүлийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 гэж байгаа юм. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэл болгоод захирамжлах нь захирамжлах үндэслэл болгосон байгаад байгаа юм. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг харахаар 2 нөхцөл байдаг. Нэгдүгээрт нь төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйгээрээ Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн байх юм бол тэр шийдвэрийг хүчингүй болгодог. Хоёрдугаарт газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол мөн өөрийн өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгодог, таслан зогсоох ийм эрх зүйн үр дагавартай заалт байгаад байгаа юм. Гэтэл манай энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар аль нөхцөлийг удирдлага болгож энэ шийдвэрийг гаргасан юм бэ гэдэг нь туйлын тодорхойгүй. Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж байгаа юм уу? Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн бол Газрын тухай хуулийн хэдийн, хэдийг баримтлах ёстой байсан юм. Эсвэл газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байгаа юм уу?,тэгээд хэрэв тийм бол хэн гэдэг газар эзэмшигчийн ямар хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн юм бэ гэдэг асуудал нь тодорхойгүй, шууд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байна гэдэг ийм агуулгаар маргаж байгаа.
“Ш*******т*******” компанийн эрх ашиг нь зөрчигдөж байгаа буюу энэ газар эзэмших эрхийг нь цуцалчихсан, тэр газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамж гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэдэгт хамаарна. Энэ маргаан бүхий Захиргааны актын 3 дугаар зүйлийн захиргааны акт буюу энэ Засаг даргын захирамжийн 3 дахь хэсэгт хамгийн сүүлийн байдлаар буюу 2019 онд энэ газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгасан захирамжийн “Ш*******т*******” компанид холбогдох хэсгийг хүчингүй болгосугай гээд шийдчихсэн байгаа. Тэгвэл Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан хууль хэрэглээний асуудал гарч ирнэ. Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгоно гээд 5 жилийн лимит хугацаа заасан байгаад байгаа юм. Тэгээд хариуцагчийн хариу тайлбараас үзэхэд энэ хуулийн 48.2.2 буюу бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол эсвэл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж үзээд энэ газрын эрхийг цуцалсан Засаг даргын захирамж гарсан гэж тайлбарлаж байгаа юм. Анх 2010 онд газар эзэмших эрхийг шилжүүлж, Ш******* группт шилжүүлж аваад, 2013 онд зориулалтыг нь өөрчлөөд, 2019 онд хугацаагаа сунгасан, газрын эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актууд гарч байсан. 2013, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хамгийн сүүлийнх нь юуг хэлэх гээд байна вэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан энэ 5 жилийн дотор хүчингүй болгох гэдэг энэ хугацаа дууссан, өнгөрсөн байхад энэ хуулийн 48.3-т заасныг ноцтой зөрчөөд энэ маргаан бүхий акт болох 2024 оны 10 дугаар сард гарсан байдаг. 2019 оноос хойш 5 жил нь тоологдохоороо 2019 оны 05 дугаар сард 5 жилийн хугацаа дуусаж байгаа. Тэгээд энэ хуулийн 48.3-т заасныг зөрчөөд энэ маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна. Энэ нь Захиргааны хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нийцгүй байна гэдэг ийм агуулгаар шаардлага, үндэслэлээ тодорхойлж байна. Нэхэмжлэлийн шаардлагын Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбогдох хэсгийн хамгийн сүүлийн шаардлага, үндэслэл нь юу вэ гэхээр маргаан бүхий актын 1 дүгээр хэсэгт энэ маргаан бүхий цахилгаан шатахуун түгээх станцын галын аюулгүй норм дүрмийн 5 дугаар зүйлийн 5.8.1 дүгээр хүснэгтэд заасан хамгийн бага зай хэмжээг хангаагүй гэсэн агуулгаар захирамжийг гаргадаг. Энэ хэсэг дээр нэхэмжлэгчээс юу гэж үзэж байгаа вэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох энэ ажиллагаа зөрчигдсөн гэж үзэж байгаа байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д захиргааны байгууллага, захиргааны шийдвэр гаргах ажиллагаандаа хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийнэ, нотлох баримтыг цуглуулна, үнэлнэ. Энэ үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. Энэ хуулийн 24.4-т зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй гэсэн зохицуулалт байдаг. Захиргааны байгууллага буюу Нийслэлийн Засаг даргаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй.
“Ш*******т*******” компанийн шатахуун түгээх станц нь ямар барилгын норм дүрэм, стандартыг зөрчсөн юм бэ гэдэг гол дүгнэлт дээрээ 2004 оны Дэд бүтцийн хөгжлийн сайдын тушаалаар батлагдсан Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм гэдгийг зөрчсөн гээд байгаа юм. 2024 оны нэг норм байгаа. Ерөнхий норм, хот байгуулалттай холбоотой, Онцгой байдлын хэлтэс нь 2014 оны галын аюулгүйн шатахуун түгээх станцын галын аюулгүйн нормыг зөрчсөн байна гэдэг. Ингээд 1 дүгээрт үндэслэл болгоод байгаа нөхцөл байдлыг тогтоогоод байгаа 2 улсын байцаагчийн дүгнэлт мэргэжлийн этгээдийн гэх үү, дүгнэлт нь хоорондоо зөрүүтэй, яг аль стандартаа мөрд гээд байгаа гэдэг нь тодорхойгүй. Нэг нь 2024 оны нэг дүрэм яриад байдаг, нөгөө нь 2014 оны нэг стандарт яриад байдаг. Эрх зүйн хэм хэмжээг мөрдөх дараалал ёсоор тухайн харилцааг зохицуулж байгаа нарийвчилсан хэм хэмжээг нь мөрдөх ёстой. Тэгээд бид нарын ойлгож байгаагаар энэ хотын стандарт хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээ хийхдээ нарийвчилсан харилцааг зохицуулж байгаа шатахуун түгээх станцтай холбоотой галын аюулгүйн нормоо хэрэглэе гэхээр нөгөө барилга байгууламж хоорондын зай хэмжээ нь алдагдсан гэж дүгнэхэд асуудалтай байсан учраас 2004 оны ерөнхий төлөвлөлттэй холбоотой дүрмээ баримталчихсан юм уу гэдэгт эргэлзээ байгаад байгаа юм. Нөгөө маргаж байгаа захиргааны акт буюу Нийслэлийн Засаг даргын захирамжийг харахаар 2014 оныхоо энэ шатахуун түгээх станцын галын аюулгүйн норм гэдэг энэ нормоо баримтлаад, үүнийг зөрчсөн байна гэдэг агуулгаар маргаан бүхий захиргааны акт гарчихсан гэж ойлгож болохоор байна. Нийслэлийн Засаг даргын захирамж нь Галын аюулгүйн 2014 оны шатахуун түгээх станцын галын аюулгүйн норм гэдгийг баримтлаад энэ захирамжаа гаргасан гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ 2014 оны шатахуун түгээх станцын галын аюулгүйн норматив холбоотой дүгнэлт бичсэн. Энэ Б******* дүүргийн Онцгой байдлын хэлтсийн улсын байцаагчийн дүгнэлт байгаад байгаа юм. Энэ дүгнэлтийг аваад үзэхээр Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн сургууль болон “Ш*******т*******” компанийн шатахуун түгээх станцын хоорондын зай хэмжээний норм алдагдсан байна гэдэг агуулгатай. Сургуультай холбоотой зай хэмжээ алдагдсан байна гэдэг агуулгаар дүгнэлт гарсан. Ингээд энэ онцгой байдлын улсын байцаагчийн дүгнэлтийг цааш нь аваад үзэхээр бас эргэлзээтэй, олон асуудлууд гарч ирдэг. Хамгийн эргэлзээтэй асуудал нь юу вэ гэхээр энэ маргаан бүхий захиргааны актыг үндэслэл болгож байгаа.
Маргаан таслах зөвлөлтэй холбоотой яагаад хууль бус гэж үзэж байгаа талаар бас товчхон хэлье гэж бодож байна. 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Засгийн газрын тогтоолоор Нийслэлийн Газрын хэргийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам гэж батлагдсан байдаг. Тус журмын 7 дугаар зүйл дээр энэ маргаан таслах зөвлөл шийдвэр гаргахдаа буюу дүгнэлт хэлбэрээр шийдвэр гаргаад байгаа. Энэ дүгнэлт гаргахдаа ямар үндэслэлээр, ямар журмаар гаргах юм бэ гэдэг талаар зохицуулсан. Тус журмын 7.3.2, 3.2-т заасныг аваад үзэхээр маргаан таслах зөвлөл нь дүгнэлтээ буюу шийдвэр гаргахдаа шийдвэрийн үндэслэлээ тодорхойлохдоо энэ гомдол гаргасан этгээдийн гомдлыг хянан шийдвэрлэхэд баримталсан нотлох баримтын хууль зүйн үндэслэл нь юу вэ гэдгийг тодорхойлох ёстой. Тэдгээр үндэслэлээ маргаан таслах зөвлөлөөс баримтыг хэрхэн яаж үнэлж байгаа юм бэ гэдгийг тусгах ёстой байдаг юм байна. Мөн журмын 7.3.3-д зааснаар маргаан таслах зөвлөл нь шийдвэрийн дүгнэх хэсэг буюу дүгнэлт гаргах болсон, тэр дүгнэлт гаргах болсон хууль зүйн үндэслэл, хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх, гомдлыг хянан шийдвэрлэхэд баримталсан хууль зүйн үндэслэл буюу хуулийн нэр зүйл, заалтыг тодорхой заана гээд журамлаад өгчихсөн. Гэтэл бид нарын маргаж байгаа 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 70 дугаартай маргаан таслах зөвлөлийн дүгнэлт нь гарахдаа яасан бэ гэхээр саяын нөгөө Нийслэлийн Засаг даргын захирамжийг хууль бус гээд танилцуулдаг үндэслэлүүдийн талаар авч хэлэлцээгүй, дүгнэлт өгөөгүй, энэ нь журамтайгаа нийцэхгүй байна гэж үзэж байгаа. Энэ “Ш*******т*******” компанийн гомдлыг хянан шийдвэрлэхэд баримталсан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл нь юу байсан гэхээр түүнийг нь маргаан таслах зөвлөлөөс хэрхэн үнэлсэн юм бэ гэдэг дүгнэлт бол огт байгаагүй. Тэгээд дүгнэлтийн агуулгыг аваад үзэхээр Хяналт шалгалтын газар болон Онцгой байдлын хэлтсээс дүгнэлтүүд гарсан юм байна. Түүний дагуу прокурорын байгууллагаас прокуророос бичиг ирсэн гэдэг байдлаар танилцуулаад, орхичихсоныг үндэслэл болгоод байгаа прокурорын байгууллагын бичиг нь байна уу, эсвэл энэ Онцгой байдлын хэлтсийн Хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн дүгнэлт нь байна уу? эдгээр нотлох баримтуудыг хууль зүйн утгаараа бодит үйл баримтын хувьд хэрхэн дүгнэсэн эсэх нь тодорхойгүй, ямар байдлаар үндэслэл болгож ашигласан бэ гэдэг талаар дүгнэлт өгөөгүй. Ингээд шийдвэрлэсэн нь маргаан таслах зөвлөлийн дүгнэлтийн хууль ёсны байдлыг үндэслэл бүхий байдлыг алдагдуулж байна гэдэг ийм асуудал байна. Ер нь бид нар маргаан таслах зөвлөлд хандахдаа үндэслэлгүйгээр хууль бусаар манай газар эзэмших эрхийг цуцалчихлаа, Нийслэлийн Засаг дарга даргын захирамжаар үүнийг хүчингүй болгоод өгнө үү, хянаад өгнө үү гэдэг гомдлыг гаргаж байгаа. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын захирамж нь хүчин төгөлдөр байна, хууль ёсны байна, яагаад гэхээр хууль тогтоомжид нийцсэн байна, Газрын тухай хуульд нийцсэн байна. Газрын тухай хуулийн энэ үндэслэлийг ашигласан нь зөв байна гэсэн агуулгаар маргааны гомдлыг хянан шийдвэрлэхдээ тэр хууль зүйн үндэслэлээ тодорхойлох ёстой” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар газар төрийн хяналт хамгаалалтад байхад гэж заасан байгаа. Үүний хүрээнд Засаг дарга бол Газрын тухай хуульд заасан өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд буюу Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 хэсэгт заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ямар тохиолдолд Засаг дарга хэрэглэж, газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох ёстой юм бэ гэвэл Захиргааны ерөнхий хуулийн 47, 48 дугаар зүйлд заасан хууль зүйн үндэслэлүүдийг журамлах ёстой. Маргаан бүхий актын гол үндэслэл болсон шалтгаан нь Нийслэлийн прокурорын газрын албан бичиг болно. Нийслэлийн хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 106 дугаартай дүгнэлт, улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03/ дүгнэлтүүд тус, тус гарсан. Тус дүгнэлтүүд дээр юу гэж гарсан бэ гэхээр “Ш*******т*******” компанийн эзэмшиж буй газар нь нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй байна гэж үзэж тус дүгнэлтүүд гарсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т юу гэж заасан бэ гэвэл бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол хүчингүй болгохоор тусгасан байдаг. Мөн энэ хуулийн 48.2.2 дахь заалтын гол зүйл нь төрийн байгууллагаас ямар нэгэн байдлаар улсын байцаагч болон холбогдох байгууллагуудаас энэ газар нь нийтийн эрх ашгийг хөндөж байгаа юм уу гэсэн дүгнэлт гарснаар үр дагавар үүсдэг гэж Улсын дээд шүүхээс тайлбарласан. Үүний хүрээнд Газрын тухай хуулийн 61.1-д заасан үндэслэлээ хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна. Тэгэхээр энэ гаргаад байгаа Нийслэлийн Засаг даргад холбогдсон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн тайлбартай байна. Маргаан таслах зөвлөлийн тухай нэг товчхон дүгнэлт хийе. Маргаан таслах зөвлөлийн дүгнэлт нь урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа гэж хариуцагчаас үзэж байгаа. Маргаан таслах зөвлөлийн ажиллах журамд заасан дүгнэлтийг гаргасан байсан. Энэ дүгнэлт дээр нэхэмжлэлийн шаардлагыг зөв хэлэлцэхгүй болгож шийдвэрлэсэн байсан. Тэгэхээр энэ илт хууль бус дүгнэлт биш. Энэ журамд заасан үндэслэлээр дүгнэлтийг гаргасан гэж үзэхээр байна. Тэгээд мөн дээрээс нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэж үзэх боломжтой. Тэгэхээр заавал маргаан таслах зөвлөлийн дүгнэлтийг хүчингүй болгож өгөх эрх зүйн үндэслэл байхгүй. Энэ маргаан таслах зөвлөлийн дүгнэлт хүчинтэй байгаа ч гэсэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрхийг зөрчихгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар үзэж байгаа” гэв.
Хариуцагч Нийслэлийн газрын эрхийн маргаан таслал зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2010 оны "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" А/ дугаар захирамжаар Ш******* групп ХХК нь Б******* дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, контор үйлчилгээний зориулалт бүхий 1667 м.кв бүхий газрыг Винтрак ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2010 оны "Газар эзэмших эрхийн гэрчилгээний зориулалт, талбайн хэмжээ, байршил өөрчлөх тухай" А/******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний зориулалтыг шатахуун түгээх станцын зориулалттай болгон өөрчлүүлсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/ дугаар захирамжаар Ш******* т******* ХХК нь 432 м.кв бүхий газрыг хэсэгчлэн шилжүүлэн авсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2019 оны "Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" А/******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байна.
Б******* дүүргийн Прокурорын газраас 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1/755, 1/756 дугаартай "Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах тухай" албан бичгийг Хотын стандарт, хяналтын газарт, Б******* дүүргийн Онцгой байдлын хэлтэст хүргүүлсэн бөгөөд дээрх албан бичигт маргаан бүхий байршилд шатахуун худалдаалах үйл ажиллагаа явуулж байгаа нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журам, стандарт нормд нийцэж байгаа эсэх, ШТС-ын ойр орчимд байрлах сургуульд сурч, ажиллаж байгаа болон нийтийн орон сууцад амьдарч байгаа иргэдийн эрүүл мэнд, хүн амын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, хохирол учруулж болзошгүй эрсдэлт нөхцөл байгаа эсэх талаарх дүгнэлтийг гаргуулах тухай дурдсан байна.
Б******* дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0/дугаар дүгнэлтэд "Нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн эдэлбэр газрын хилээс Ш******* т******* ХХК-ийн шатахуун түгээх станц-21 хүртэлх зай нь Шатахуун түгээх станц галын аюулгүй норм БНбД 21-07-14-ийн 5 дугаар зүйлийн 5.8 дугаар заалтын 1 дүгээр хүснэгтэд заасан хамгийн бага зай хэмжээг хангахгүй байна.", Хотын стандарт, хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02-13-01/025/106 дугаар дүгнэлтэд Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн 6.39 дэх заалтад заасантай нийцэхгүй, орон сууцны 116, 118 дугаар барилгууд нь шатахуун түгээх станцаас хойно ашиглалтад орсон нь холбогдох зай хэмжээг авах шаардлагатай байсан гэх дүгнэлтийг гаргасан байна.
Дээрх мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтүүдийг үндэслэн Б******* дүүргийн Прокурорын газраас 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/4581 дугаар "Захиргааны актыг хүчингүй болгуулах тухай" албан бичгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлсэн.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 01-08/6322 дугаар албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг Ш******* т******* ХХК-д хүргүүлсэн байх бөгөөд Ш******* т******* ХХК нь хариу тайлбарыг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Т/3125 дугаар албан бичгээр хүргүүлсэн байна.
Нийслэлийн Б******* дүүргийн Прокурорын газрын 2024 оны 1/4581 дүгээр албан бичиг, Б******* дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Улсын ахлах байцаагчийн дүгнэлт, Хотын стандарт, хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн дүгнэлт зэргийг үндэслэн маргаан бүхий захиргааны акт болон Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" А/ дүгээр захирамжаар Ш******* т******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлтийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 70 дугаар дүгнэлт нь хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн дүгнэлт байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны ... тоот дүгнэлтийг, нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаартай захирамжийг тус тус 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч “Ш******* т*******” ХХК-аас нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/ дүгээр захирамж, нийслэлийн Газрын маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ... тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.
3.Дээрх маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг өөрчлөхүйц сөрөг үр дагавартай шийдвэр гаргахдаа тухайн шийдвэрийг гаргах болсон үндэслэл, нөхцөл байдлыг тогтоон, нотолсон байх учиртай.
3.2.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус хуульчлан заажээ.
3.3.Маргаан бүхий акт болох нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/ дүгээр захирамжаар хүчингүй болгосон нийслэлийн Засаг даргын 2013 оны А/ дугаар захирамж гарах үед буюу маргаан бүхий үйл баримт болсон хугацаанд хүчин төгөлдөр мөрдөж байсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 5 дугаар зүйлийн 5.1-д “Газар эзэмших, ашиглах хүсэлт дараах төрөлтэй байна. 5.1.3.4. Эзэмшил газрын талбайн хэмжээ өөрчлөх”, 6 дугаар зүйлийн 6.6.4-д “Бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдсон газартай давхцаж буй эсэхийг нягталж шалгах”, 7 дугаар зүйлийн 7.1-т “Эрх бүхий байгууллага энэхүү журмын 5.1.2.2, 5.1.3.1.-5.1.3.4-т заасан хүсэлтийг суурин судалгаагаар шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хээрийн судалгааг хийж гүйцэтгэнэ”, 7.2.3-т “Бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгосон газартай давхцаж буй эсэхийг нягталж үзэх” гэж тус тус заажээ.
3.4.Дээр дурдсан зохицуулалтаас үзэхэд, аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших болон эзэмшил газрын талбайн хэмжээ өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэхдээ бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдсон газартай давхцаж буй эсэхийг хээрийн судалгаа хийж нягталж шалгах шаардлагатай бүхий л ажиллагааг захиргааны байгууллагаас хийж гүйцэтгэхээр журамласан байна.
4.Тогтоогдсон үйл баримтын тухайд,
4.1.Анх Ш******* групп ХХК нь нийслэлийн Засаг даргын 2010 оны “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/ дугаар захирамжаар Б******* дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 1667 м.кв газрыг В ХХК-аас эрх шилжүүлэн авч нийслэлийн Засаг даргын 2010 оны А/******* дугаар захирамжаар газар эзэмших зориулалтыг шатахуун түгээх станцын зориулалтаар өөрчлөн, 2013 оны А/ дугаар захирамжаар “Ш*******т*******” ХХК 432 м.кв газрыг хэсэгчлэн шилжүүлэн авч, 2019 оны А/******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтогддог бөгөөд хэргийн оролцогчид дээрх үйл баримттай маргаагүй байна.
4.2.Нэхэмжлэгч дээрх шилжүүлэн авсан газартаа 2010 онд Улаанбаатар хотын Б******* дүүргийн .... дугаар хорооны нутагт баригдаж буй Шатахуун түгээх станц төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг эрх бүхий байгууллагаар батлуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 07-17******* дугаартай улсын байцаагчийн “...Шатахуун түгээх станц барилга байгууламж, тоног төхөөрөмжийн техникийн ерөнхий шаардлага MNS4628-98 стандартын 3.3.3 дахь галд тэсвэржилтийн 3 дугаар зэргийн орон сууц, олон нийтийн барилга байгууламжаас ШТС-ын үйлчилгээний байр түгээгүүр шатахуун нөөцлөх сав хүртэл 20-50 метрийн зайтай байна гэх заалтын дагуу барилга хоорондын аюулгүйн зай хэмжээг хангахаар төлөвлөгдсөн байна” гэх дүгнэлт гарч шатахуун түгээх станцыг барьж 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар ажиллаж зөвшөөрлөө авч, нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгуулан эрхийн улсын бүртгэлийн Э-2******* дугаарт бүртгүүлжээ.
4.3.Гэвч Б******* дүүргийн Прокурорын газрын газраас 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1/755, 1/756 дугаартай албан бичгийг Хотын стандарт, хяналтын газарт, болон тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст хүргүүлж, Хотын стандарт, хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02-13-01/025/106 дугаартай дүгнэлтээр “...Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн 6.39 дэх заалтад заасантай нийцэхгүй, орон сууцны 116, 118 дугаар барилгууд нь шатахуун түгээх станцаас хойно ашиглалтад орсон нь холбогдох зай хэмжээг авах шаардлагатай байсан” гэж, Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0 дугаар дүгнэлтэд “...нийслэлийн ерөнхий боловсролын .... дүгээр сургуулийн эдэлбэр газрын хилээс “Ш*******т*******” ХХК-ийн шатахуун түгээх станц-21 хүртэлх зай нь Шатахуун түгээх станц галын аюулгүй норм БНбД 21-07-14-ийн 5 дугаар зүйлийн 5.8 дугаар заалтын 1 дүгээр хүснэгтэд заасан хамгийн бага зай хэмжээг хангахгүй байна” гэснийг үндэслэн Б******* дүүргийн Прокурорын газраас 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/4581 дугаартай “Захиргааны актыг хүчингүй болгуулах тухай” албан бичгийг нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.
4.4.Өөрөөр хэлбэл Б******* дүүргийн прокурорын газраас “Ш*******т*******” ХХК-ийн ... дүгээр салбар шатахуун түгээх станцын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах гомдлыг Нийслэлийн засаг даргад гаргасны дагуу Нийслэлийн засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаартай захирамж гарч уг шатахуун түгээх станцын газар эзэмших эрхийг хүчингүй болгоод буй юм. Мөн прокуророос тус шатахуун түгээх станц нь сургууль, орон сууцны орчмын бүсэд байгаа нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журам, стандарт нормд нийцэж байгаа эсэхийг тогтоолгохоор, Хотын стандарт, хяналтын газар болон Онцгой байдлын газарт хандаж дүгнэлт гаргуулахад тухайн байршилд шатахуун худалдаалах үйл ажиллагаа явуулж байгаа нь галын аюулгүй байдлын болон хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын талаарх Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журам, стандарт нормд нийцэхгүй гэж үзжээ.
4.5.Ийнхүү дээрх Прокурорын газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэн нийслэлийн Засаг дарга 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” а/ дүгээр захирамжаар нэхэмжлэгч компанийн шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшиж байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.
4.6.Нийслэлийн Засаг дарга дээрх захирамжийг гаргахдаа Б******* дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр ... дүгээр сургуулийн баруун талд байрлах нэгж талбарын 13******* дугаар бүхий 432 м.кв газарт байрлах “Ш*******т*******” ХХК-ийн шатахуун түгээх станц Галын аюулгүй норм БНбД 21-07-14-ийн 5 дугаар зүйлийн 5.8 дугаар заалтын 1 дүгээр хүснэгтэд заасан хамгийн бага зай хэмжээг хангахгүй байна.
4.7.Нийслэлийн Засаг дарга Б******* дүүргийн Прокурорын газрын 2024 оны 1/4581 дүгээр албан бичгийн дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцлах 2024 оны А/ дүгээр захирамж гаргахдаа Галын аюулгүй норм БНбД 21-07-14-ийн 5 дугаар зүйлийн 5.8 дугаар заалтын 1 дүгээр хүснэгтэд заасан хамгийн бага зай хэмжээг хангахгүй гэж үзсэн үндэслэлээ тодруулаагүйгээс хэзээ хэдэн онд ямар барилга байгуулам ашиглалтад орсон талаарх бодит нөхцөл байдлыг судлаагүйгээс “Ш*******т*******” ХХК-ийг дээрх норм дүрмийг зөрчсөн гэж үзсэн нь учир дутагдалтай байна.
5.Захиргааны байгууллага маргаан бүхий актыг гаргахаас өмнө дээрх барилга байгууламж анх хэзээ, баригдсан талаар нөхцөл байдлыг тогтоож, мөн Галын аюулгүй норм БНбД 21-07-14-ийн 5 дугаар зүйлийн 5.8 дугаар заалтын 1 дүгээр хүснэгтэд заасан хамгийн бага зай хэмжээнээс алиныг нь ямар байгууламж зөрчсөн, талаар бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр прокурорын албан бичгээр нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг цуцалсныг шууд зөвтгөх боломжгүй байна.
6.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт, түүнд дурдагдсан үйл баримтын хэмжээнд маргааныг шийдвэрлэхэд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалтай байх тул хариуцагчаас нөхцөл байдлыг дахин судалж, нэхэмжлэгчийн газрын маргаантай асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
7.Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Хотын стандарт, хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02-13-01/025/106 дугаартай дүгнэлтээр “...Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн 6.39 дэх заалтад заасантай нийцэхгүй, орон сууцны 116, 118 дугаар барилгууд нь шатахуун түгээх станцаас хойно ашиглалтад орсон нь холбогдох зай хэмжээг авах шаардлагатай байсан” гэж, Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0 дугаар дүгнэлтэд “...нийслэлийн ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн эдэлбэр газрын хилээс “Ш*******т*******” ХХК-ийн шатахуун түгээх станц-21 хүртэлх зай нь Шатахуун түгээх станц галын аюулгүй норм БНбД 21-07-14-ийн 5 дугаар зүйлийн 5.8 дугаар заалтын 1 дүгээр хүснэгтэд заасан хамгийн бага зай хэмжээг хангахгүй байна” гэснийг нэхэмжлэгч “Ш*******т*******” ХХК нь ямар байдлаар зөрчсөн талаарх нөхцөл байдлыг судлан тогтоосны үндсэн дээр шийдвэрлэх зэргээр маргааны үйл баримтад хамааралтай нэмэлт ажиллагааг хийж, дахин шинэ акт гарган шийдвэрлэх хүртэл маргаан бүхий Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны 70 тоот дүгнэлтийг, нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаартай захирамжийг тус тус 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
8.Үүнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар захиргааны байгууллага шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны 70 тоот дүгнэлт болон нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаартай захирамж хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.2, 106.3.11 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны 70 тоот дүгнэлт болон нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаартай захирамжийг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны 70 тоот дүгнэлт болон нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаартай захирамжийг хүчингүй болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ