Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/01976

 

 

Х.Даваасамбуу, С.Баярцогт нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/01685 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.Даваасамбуу, С.Баярцогт нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Цогбаярт холбогдох,

 

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамж, 349Б тоот, 691 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.Баярцогт,

Нэхэмжлэгч Х.Даваасамбуугийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Цэндсүрэн,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Ш.Ганхуяг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Ёндонжамц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай эмээ Х.Даваасамбуу нь 1938 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд н.Хүрэлхүүгийн 3 дугаар охин болж төрсөн бөгөөд малчин гэр бүлд өссөн учир сургуульд сураагүй, бичиг үсэг мэдэхгүй, одоо 80 настай. 1957 онд Дөрвөлжин сумын харъяат С.Буянжаргалтай гэрлэж 1957 онд ганц охин Б.Оюунцэцэгийг төрүүлсэн. 1974 онд охин Б.Оюунцэцэг нь Улаанбаатар хотод Барилгын техникумд хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлээр суралцахаар болсон тул ганц охиноо дагаад Улаанбаатар хот луу шилжиж ирсэн. Охин Б.Оюунцэцэг нь анхны нөхрөөсөө 2 нялх хүүхэдтэй салсан ба одоогийн нөхөр Ц.Батмөнхтэй 1983 онд сууж одоог хүртэл амьдарч байна. Б.Оюунцэцэг нь 2 дагавар хүүхэдтэй, Ц.Батмөнх нь 7 дагавар хүүхэдтэй нийлж, дундаас нь хүү Б.Батсуурь 1985 онд төрсөн. Хүргэн Ц.Батмөнх нь охин Б.Оюунцэцэгээс 20 насаар ах бөгөөд тэтгэвэрт гарангуутаа охин Б.Оюунцэцэгийг ажлаас нь гаргаад 1994 онд хөдөө мал дээр дагуулж гарсан. Х.Даваасамбуу нь 1978 оны 9 дүгээр сараас Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн аж ахуйн хашааны сахиулаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1991 оны 11 дүгээр сард өндөр насны тэтгэврээ тогтоолгосон ч 1997 он хүртэл сахиулын ажлаа хийж байсан. 1991 онд МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга байсан н.Дэмбэрэлдаш ирээд манай байгууллага аж ахуйн хашаагаа цаашид байлгахгүй, та 58 490 төгрөг төлөөд амьдарч байгаа газраа авч болно гэсэн. Тал газрыг нь жолоочоор ажиллаж байсан эмээгийн эгчийн хүүхэд болох С.Баярцогтод өгнө гэсэн. Уг аж ахуйн газар нь нийт 1 га 400 м.кв хэмжээтэй бөгөөд 2004 онд 10х6 м.кв хэмжээтэй тоосгон агуулах бүхий 350 м.кв газартай хэсгийг нь н.Энхбат гэдэг хүнд, үлдэх газрын талыг нь Х.Даваасамбууд, талыг нь С.Баярцогтод МУЗН зарсан. Х.Даваасамбуу 1992 онд насаараа цуглуулсан мөнгө болох 58 490 төгрөгийг МУЗН-д тушааж хашаагаа авсан. Харин дүү С.Баярцогт нь 1998 оноос эхлэн хашаандаа байшин барьж эхэлсэн бөгөөд 1999 онд Солонгост ажил хийхээр явж түүний ажил хийж олсон мөнгөөр ээж болон дүү нар нь 2005 онд 5х10 хэмжээтэй модон палкан байшинг 10 орчим сая төгрөгөөр барьж дуусгасан юм. С.Баярцогт нь 2009 онд нутагтаа буцаж ирээд газраа асуухад нь бүх газар миний нэр дээр байгаа, дуртай үедээ байшинтай хэсгээ салгуулаад аваарай гэсэн юм. 2007 онд газрыг иргэдэд өмчлүүлж эхэлсэн үеэр хүргэн Ц.Батмөнх таны газрын бичиг шүү гээд өгсөн. Уг бичиг өнөөдрийг хүртэл эмээгийн авдранд хадгалагдаж байсан. Х.Даваасамбуу нь бичиг үсэг тайлагдаагүй болохоор энэ газрын гэрчилгээг уншиж ойлгохгүй болохоор хүргэндээ итгээд авдрандаа хийгээд хадгалсан. 2018 оны 01 дүгээр сарын 13-нд миний бие эмээ Х.Даваасамбуу руу ярьж газрыг Осмо үл хөдлөх дээр зарахаар зар тавигдсан болохыг хэлсэн. Эмээ Х.Даваасамбуу эхлээд итгээгүй, миний авдранд газрын бичиг байгаа шүү дээ гэж охиндоо хэлсэн, тэгээд хэрэг нэг биш боллоо гээд бүгд Осмо руу залгаж асуусан. Гэтэл хүргэн Ц.Батмөнхийн дагавар хүүхэд болох Б.Цогбаярын нэр дээр 691 м.кв газрыг нь өмчлүүлээд, 42 сая төгрөгөөр зарна гээд зар тавьсан байсан. Гайхаад Ц.Батмөнхөөс асуухад ... таны энэ газар чинь 1 айлын өмчлөх зөвшөөрсөн хэмжээнээс илүү байсан учраас би авчихсан гэж хэлсэн. Ц.Батмөнхийг хэн ч газрын гэрчилгээ аваад өг гэж хэлээгүй байхад С.Баярцогт, Х.Даваасамбуу нарын газрыг өөрийн хүүхдийн нэр дээр бидний зөвшөөрөлгүй, дур мэдэн залилан мэхэлж шилжүүлэн авсан байна. Одоо С.Баярцогтын барьсан байшин нь Б.Цогбаярын хууль бусаар өөрийн болгож авсан газар дээр нь байгаа. Энэ Б.Цогбаяр гэдэг хүн манай хашаанд хэзээ ч амьдарч байгаагүй. Эцэг, хүү хоёр нийлж хууль бусаар бидний эзэмшлийн газрыг өөрийн болгож авсан байна. Энэ талаар охин Б.Оюунцэцэгээс асуухад юу ч мэдээгүй байсан. Х.Даваасамбуугийн бичиг үсэггүйг далимдуулж, ийм хүн чанаргүй үйлдэл хийсэн Ц.Батмөнхөд үнэхээр гомдолтой байна. Охин Б.Оюунцэцэг нь 35 жил тэр хүнтэй ханилчихаад одоо сална гээд манайд ирээд сууж байна. Бид хүний ёсоор ярилцая гэж Ц.Батмөнхөд хэлэхэд та нар шүүхдээд аваарай, би нэг ч хууль бус үйлдэл хийгээгүй, тэр газрыг хэзээ ч та нарт өгөхгүй гэсэн. Иймд Х.Даваасамбуу, С.Баярцогт нарыг Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349 тоотын 691 м.кв газрын хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Цогбаяр нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349Б тоотын 691 м.кв газрыг 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 000041883 тоот өмчлөх эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг. Гэтэл шүүхэд Б.Цогбаярын хойд эмээ Х.Даваасамбуу, эмээгийн эгчийн хүүхэд С.Баярцогт нар нь түүний хууль ёсны дагуу эзэмшдэг газрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Х.Даваасамбуу бол Б.Цогбаярын хойд эмээ. Эмээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349а тоот газрыг өмчлөх эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг. Х.Даваасамбуу эмээ шүүхэд ийм нэхэмжлэл гаргаагүй, харин. С.Баярцогт энэ бүгдийг санаачлан шүүхэд ор үндэсгүй, худлаа нэхэмжлэл гаргаж байна гэж үзэж байна. Б.Цогбаяр энэ газрыг өмчилж аваад 9 жил болж байна. Уг газрыг 1993 оноос түүний аав Ц.Батмөнх эзэмшиж байгаад 2007 онд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Батбаярын газар өмчлүүлэх шийдвэрээр өмчлөн авсныг 2009 онд хүү Б.Цогбаярт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн. Х.Даваасамбуу гуай энэ бүгдийг мэдэж байсан учир нэхэмжлэл гаргах үндэслэлгүй. Ийм учир Х.Даваасамбуу, С.Баярцогт нар шаардах эрх байхгүй. 1993 оны МУЗН-ийн баримтаас үзэхэд газрыг худалдаагүй, зөвхөн аж ахуйн хашаа, складын барилга, модон сандал, бие засан зэргийг худалдсан байдаг. Газар худалдсан гэх нотлох баримт байдаггүй. МУЗН нь газар эзэмшүүлэх эрхтэй субъект биш. Газрыг улсаас иргэдэд өмчлүүлдэг. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Цогбаярт холбогдох Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349Б тоотын 691 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Х.Даваасамбуу, С.Баярцогт нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 800 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тус шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/01685 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд Х.Даваасамбуу болон С.Баярцогт нар нь МУЗН-д ажиллаж байх хугацаанд 1991 оны 12 дугаар сарын 31-нд МУЗН-ийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор гаргасан шийдвэр дээр үндэслэн хуримтлуулсан мөнгө болох 58 490 төгрөгөөр хашаа болон газрыг худалдан авсан. 1998 онд С.Баярцогт нь өөрийн хувиарт газарт байшингийн суурь тавьсан. 1999 онд Солонгос Улс руу явж хөдөлмөр эрхэлж цалингаа дүү нарлуугаа явуулж байшингаа гүйцээн барьж ашиглалтад оруулсан. 2009 онд ээжийн бие муудаж Солонгосоос ирсэн. Тэр болтол манай ээж зуслангийн зориулалтаар амьдарч байсан. Ц.Батмөнх болон түүний хүү Б.Цогбаяр нар нь намайг байшингаа барьж байгааг мэдсээр байж бидэнд мэдэгдэлгүйгээр өөрийн танил талаа ашиглан өөрийн нэр дээр өмчлөлийн гэрчилгээ гаргуулан авсныг бид бүхэн 2018 оны 01 дүгээр сарын 13-нд ОСМО үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар зарахаар зар тавьсныг мэдсэн. Х.Даваасамбуу нь миний ээжийн төрсөн дүү нь юм. Миний эгчийн бичиг үсэг мэдэхгүйг далимдуулан уг 691 м.кв газрыг өөрийн нэр дээр гаргасан байсан. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Х.Даваасамбуу, С.Баярцогт нар нь хариуцагч Б.Цогбаярт холбогдуулан Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамж, 349Б тоот, 691 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Х.Даваасамбуу, С.Баярцогт нарын гаргасан нэхэмжлэлтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгө нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 349Б тоотод байралдаг болох нь зохигчдын тайлбар, иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 32, 47 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ... нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана гэж заасан байхад анхан шатны шүүх нь шүүхийн онцгой харьяалал зөрчиж гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Нөгөө талаар хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг шүүхийн харьяалалын дагуу шилжүүлэх хүсэлт гаргасныг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэхдээ мөн шүүхийн онцгой харьяалалыг анхаараагүй байна. /хх-ийн 23, 44 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дах хэсэгт зааснаар шүүхийн онцгой харьяаллыг зохигч хэлэлцэн өөрчилж болохгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлээ гаргах эрхтэй тул шүүхийн онцгой харьяалалаар нэхэмжлэл гаргах Х.Даваасамбуу, С.Баярцогт нарын эрх зөрчигдсөн гэх үндэслэлтэй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заасныг тус тус удирдлага болгон

 

:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/01685 дугаа шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

Г.ДАВААДОРЖ