Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 127/ШШ2026/0022

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 127/2026/0009/3

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа би нэхэмжлэгч “НД” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “...Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 13 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт хэсгийн өөрт хамаарал бүхий хэсэгт өөрчлөлт оруулахыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “НД” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Манай компани 2016 оноос эхлэн ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн аж ахуйн нэгж бөгөөд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт MV-022571 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг билээ.

Мөн манай аж ахуйн нэгж Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг, Од нэртэй талбайд Замын шандын алтны шороон ордын нарийвчилсан хайгуулын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж хайгуулын тусгай зөвшөөрлөө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон шилжүүлсэн.

Гэтэл аймгийн иргэдийн Төлөвлөгчдийн Хурал 2016 оны 13 дугаар тогтоолоор Усны сан бүхий энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг тогтоож, 2024 оны 04 сард Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны кадастрын бүртгэлд бүртгэсэн зураглал дээр "НД" ХХК-ийн Од нэртэй 543.2 га талбайд замыг усны сан бүхий газраар зурж, онцгой хамгаалалтын бусад 227 га, энгийн хамгаалалтын бүстэй 166.6 га талбай хэсэгчлэн давхцалтай байна гэж тогтоол гаргасан байсан.

Бид дээрх тусгай зөвшөөрөлтэй талбайдаа олборлолтын үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлуудыг 2020 оноос эхэлж хангаж хайгуулын тусгай зөвшөөрлөөс ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож, ордын ТЭЗҮ хийж батлуулах, Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг 2024 онд хийлгэхэд тус тус давхцалгүй байсан.

Гэтэл Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 13 дугаар тогтоолоор давхцалтай байсан болохыг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдсэн.

Улмаар Хэрлэн голын сав газрын захиргаанд, аймгийн Байгаль орчны газарт тус тус хандахад манай тусгай зөвшөөрөл бүхий газарт усан сан бүхий газар байхгүй, ямар нэгэн давхцал бүхий онцгой хамгаалалтын бүс байхгүй гэдгийг албан тоотоор мэдэгдсэн.

Иймд Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 13 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт хэсгийн Голын энгийн хамгаалалтын бүсийн талбай, хэмжээ, хилийн цэс хэсгийн хоёрдугаарын Жаргалтхаан Уртын гол хэсэгт байгаа манай компанийн тусгай зөвшөөрлийн хэсэгчилсэн давхцал хэсэгт өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “НД” ХХК-аас Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “...Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 13 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт хэсгийн өөрт хамаарал бүхий хэсэгт өөрчлөлт оруулахыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2. Уг нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Арванхоёрдугаар хуралдаанаар “Хамгаалалтын бүс шинэчлэн тогтоох тухай” 11 дүгээр тогтоолыг баталсан байх бөгөөд уг тогтоолоор тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаартай тогтоол болох маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Улмаар шинэчлэн баталсан дээрх 2026 оны 11 дугаартай тогтоолыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 50 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 144 тоот албан бичгээр хүргүүлжээ.

4. Уг хэргийн хариуцагч болох Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Арванхоёрдугаар хуралдаанаар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдсан байна.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан заалтад хариуцагч Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шинээр гаргасан 2026 оны 11 дугаартай тогтоол нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

6. Иймд хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч “НД” ХХК-аас гаргасан “Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 13 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт хэсгийн өөрт хамаарал бүхий хэсэгт өөрчлөлт оруулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

7. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч “НД” ХХК-аас Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “...Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 13 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт хэсгийн өөрт хамаарал бүхий хэсэгт өөрчлөлт оруулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “НД” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.БАЯРМАА