Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 03 өдөр

Дугаар  127/ШШ2026/0023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 127/2026/0002/3

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ж.Э, Я.Д, Б.Д, Ж.Б,

Хариуцагч: Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нарын хоорондын

“Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай “Орон нутгийн хамгаалалттай газраас хэсэгчлэн чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э, Я.Д, Ж.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ж, хариуцагч Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

1.    Нэхэмжлэлийн шаардлага:

1.1 Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай “Орон нутгийн хамгаалалттай газраас хэсэгчлэн чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах,

2.    Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:

2.1. Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Арвантавдугаар хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж, “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 12 дугаартай тогтоол гаргажээ[1].

Уг тогтоолоор Хэнтий аймгийн Мөрөн сумын Зөөлөн багийн нутагт байрлах “Хавтгай уул” нэртэй 49.2 га газрыг орон нутгийн хамгаалалтад авахаар шийдвэрлэж, хилийн цэсийг нэгдүгээр хавсралтаар, талбайн зураглалыг хоёрдугаар хавсралтаар, хамгаалалтын горимыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсан байна.

2.2 Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргад болон Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бичил уул уурхай эрхлэх хүсэлтэй нөхөрлөлүүд болон иргэдээс удаа дараалан, “Мөрөн сумын Зөөлөн багт байрлах “Хавтгай уул” нэртэй газарт бичил уул уурхай эрхлэх нөхөрлөл байгуулж, ашигт малтмал олборлох тухай” хүсэлтүүдийг 2025 оны 3 дугаар сарын 24, 4 дүгээр сарын 17, 6 дугаар сарын 17, 8 дугаар сарын 06, 9 дүгээр сарын 07, 10 дугаар сарын 29, 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд удаа дараа гаргаж[2] байжээ.

2.3 Улмаар Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргаас 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 277, 12 дугаар сарын 10-ны өдрийн 286 тоот албан бичгүүдийг Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлж[3], орон нутгийн хамгаалалтаас гаргах, чөлөөлөх гэсэн асуудлуудыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх саналуудыг гаргасан байна.

2.4 Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, хурал нь үргэлжилсээр 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Орон нутгийн тусгай хамгаалалтай газраас хэсэгчлэн чөлөөлөх тухай” 12 дугаартай тогтоолыг гаргажээ[4]. Уг тогтоолын 1 дэх заалтад “Сумын орон  нутгийн тусгай хамгаалалттай газар болох “Хавтгай уул” нэртэй газрыг хэсэгчлэн чөлөөлж, чөлөөлөх газрын хэмжээг 1-р хавсралтаар, тойм зургийг 2-р хавсралтаар тус тус баталсан байна.

2.5 Тус шүүхэд, нэхэмжлэгч нараас нэхэмжлэлээ анх гаргасныг 2026 оны 01 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 127/ШЗ2026/0016 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон[5]. Улмаар нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн[6] тул тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 127/ШЗ2026/0022 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн[7].

2.6 Уг хэргийн ажиллагааны явцад “Хэрлэн сэрвэн хаалга байгаль соёлын өвийн хадгалалт хамгаалалт судалгаа мэдээллийн төв” НҮТББ-ийг нэхэмжлэгчээр нэмж оролцох хүсэлт болон нэхэмжлэлээ гаргасныг тус шүүх нь 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч[8], тус шүүхийн шүүгчийн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 127/ШЗ2026/0081 дугаартай захирамжаар хүсэлт болон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж[9] шийдвэрлэсэн.

3. Нэхэмжлэгч Ж.Э, Я.Д, Б.Д, Ж.Б нар шүүхэд бүрдүүлбэр хангаж ирүүлсэн нэхэмжлэлдээ[10]: “...Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тухайн сумын Зөөлөн багийн нутагт байрлах “Хавтгай уул” нэртэй 49.2 га газрыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 дугаар хуралдааны 12 тоот тогтоолоор “Орон нутгийн хамгаалалтад авах” шийдвэр гарснаар малчдын малын бэлчээрийг хамгаалах, нуур цөөрмийн эко системийг хөгжүүлэх, нөхцөл боломжийг сайжруулах, хужир шүү лагийн байгалийн тогтцыг хэвээр хадгалахад зориулагдсан малчид бидний өвөлжөө, хаваржаа, намаржааны зориулалтаар ашиглахад нэн таатай байгалийн тогтцыг хамгаалсан бөгөөд эрт дээр үеэс энэхүү хамгаалалтад авсан нутагт ямар ч төрлийн мал онцгой тарга хүч авдаг болохыг өвөг дээдсүүд тогтоосон байдаг юм.

Мөрөн суманд байгуулагдсан жоншны нөхөрлөлүүд тус газарт бичил уурхай ажиллуулах хүсэлтийг 2025 оны 3 дугаар сард сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Д болон Засаг дарга Н.Х нарт хүргүүлж байсан ба уг хүсэлтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хоёр удаа хэлэлцэж орон нутгийн хамгаалалтаас чөлөөлөх боломжгүй, тухайн багийн нутаг дэвсгэр дээр амьдарч буй ард иргэдийн олонх болон 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн багийн хурлаар хэлэлцэн дэмжихгүй гэсэн шийдвэрийг гаргаж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн байдаг.

Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр хуралдааны 52 дугаар тогтоолоор Хавтгай уул нэртэй 49.2 га газраас 14.4 га газрыг орон нутгийн хамгаалалтаас хэсэгчлэн чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28.1, 28.2-ыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд орон нутгийн хамгаалалтаас гаргах болсон үндэслэлийг тодруулаагүй, шалтгааныг тайлбарлаагүй, судалгаа шинжилгээ хийгээгүй, малчин иргэдээс санал аваагүй, Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагаа хийгээгүй хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж буй иргэдэд эрх боломжийг олгоогүй, мэдэгдээгүй баримт гаргуулах эрхийг хязгаарлаж тогтоол гаргасан болно.

Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг малчдын мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд онцгой нөхцөл байдлууд жилийн 4 улирал үргэлжилж байдаг. Тухайлбал нэхэмжлэл гаргаж буй малчин өрх бүрийн бог, бод мал нь өвөлжөө, хаваржаа, зуслангийн байрлалаас эргэн тойронд 5-10 км зайтай бэлчээрлэж газар нутгаа ашигладаг онцлогтой болно.

Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр хуралдааны 52 дугаар тогтоолоор “Хавтгай уул” нэртэй 49.2 га газраас 14.4 га газрыг чөлөөлснөөр малын бэлчээрлэх талбай багасаж экологийн тэнцвэрт байдал алдагдаж нэхэмжлэл гаргасан малчдын эрх ашиг хохирох боломжтой гэж үзэж байна.

... Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тусгай хамгаалалтад авсан “Хавтгай уул” нэртэй газарт 2020 онд аймгийн БОАЖГ-аас 7.000.000 сая төгрөгөөр нөхөн сэргээлт, 2023 онд сумын Засаг даргаас 3.000.000 сая төгрөгийн зардлаар нөхөн сэргээлт тус тус хийж орон нутагт актаар хүлээлгэн өгсөн баримт байдаг бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 1.6-д зааснаар “...бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд өмнө нь хөндөгдөөгүй болон нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгсөн газар ашиглуулахыг хориглоно...” гэсэн журмын заалтыг зөрчиж Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бичил уурхай ажиллуулах зорилгоор орон нутгийн хамгаалалтаас хэсэгчлэн чөлөөлсөн нь хууль бус тогтоол гаргасан үзэж байна.

Иймд Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн орон нутгийн хамгаалалттай газраас хэсэгчлэн чөлөөлөх тухай № 52 дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 48-р зүйлийн 48.2.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.1-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Манай багийн нийт иргэд уул уурхай явуулахыг эсэргүүцэж байгаа. Бид нар багийн хурлаа хийгээд багийн хурлаар 100 хувийн саналтайгаар иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр гарсныг бодолцож үзээрэй. Багийн бүх иргэд ирсэн бөгөөд 100 хувийн саналтайгаар ухуулахгүй гэж гарын үсэг зурсан. Иргэдийн хурал заавал ийм шийдвэр гаргуулах гэж байгаа юм шиг 7 удаа хурал зарласан. Бид ухуулахгүй гээд шийдвэр гаргаад байхад ахин дахин хурал зарлаад байдаг нь ямар учиртай юм. Хэнтий аймагт тусгай хамгаалалттай газар ганцхан Өндөрхаан уул байдаг. Гэтэл Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 28.2-т заасныг баримтлаад орон нутгийн хамгаалалттай газар оруулсныг буруу гэж үзэж байна.

... Шударга бус, тэгш бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлээ дэмжиж байгаа” гэв.

5. Нэхэмжлэгч Я.Д шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Уг тогтоолыг бид үндэслэлгүй гэж үзсэн. Яагаад гэхээр 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Орон нутгийн хамгаалалтад авсан байдаг. Гэтэл жил хүрэхгүй хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр энэ газрыг хэсэгчлэн чөлөөлөх тухай анхны хурал болсон. Үүнээс хойш 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 7 удаа хуралдсан. Бид чөлөөлсөн үндэслэлийг нь гайхаж байгаа. 28.1-д өөрийн нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалттай газар нутагт холбогдох хууль тогтоомж хэрэгжилтийн талаар Засаг даргын илтгэлийг хэлэлцэж зохих шийдвэр гаргаж түүний биелэлтийг хангуулах гэж байгаа. Харин 28.2-т нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авах ангиллыг өөрчлөх гэсэн ангиллаар орон нутгийн хамгаалалтаас чөлөөлсөн. Улсын гэдгийг орон нутгийн хамгаалалтад оруулж чөлөөлүүлсэн. Гэтэл бид үүнийг 2 өөр ойлголт гэж бодож байгаа. 2023 онд нөхөн сэргээлт хийгдсэн. Одоогийн хурлын дарга Д бид хоёр машинтай очсон. Нөхөн сэргээлтийг 60 гаруй хоног хийгээд дуусгаад техникийн нөхөн сэргээлтийг сайн дүнтэй хүлээлгэн өглөө гээд акт дээрээ бичсэн байгаа. Гэтэл нөхөн сэргээлт хийсэн газрыг яагаад хэсэгчлэн гаргаад, ухуулж байгаа юм. 2022 оны 296 дугаар тогтоолын 1.6-д нөхөн сэргээсэн газрыг дахин ухахгүй, шинэ газрыг дахин ухахгүй гэж заасан байдаг. Үүнийг яагаад зөрчиж байгаа юм. Би сумын хуралд удаа дараа оролцож энэ талаар тасралтгүй хэлж ярьж байсан. Энд сууж байгаа Х мэдэж байгаа байх. Улсын тусгай хамгаалалт, орон нутгийн хамгаалалт 2 адилхан байдаг эсэхийг нь мэдэхгүй байна. Би тусдаа байдаг байх гэж бодож байна.

Манайх 15 төлөөлөгчтэй, 9-10 нөхөрлөлтэй, 9 гишүүнтэй. Гишүүн бүр хэсэгчлэн чөлөөлүүлье, орон нутгийн удирдлагад хэлж бичил уурхай эрхэлье гэсэн саналтай байдаг. Гэтэл 15 төлөөлөгчийн хамаатан, садан, үеэл, хамсаатан улсууд байдаг.

Хурлын дарга Д ... сумын Засаг дарга Х-тай ерөнхий боловсролын сургуульд нэг ангид сурч байсан М.И гэх мэтчилэн улсууд нөхөрлөлд байдаг. Нэр дурдсан төлөөлөгч нар бүгд санал өгсөн байдаг. Тэр төлөөлөгч нар өөрсдөө ашиг сонирхлын зөрчилтэй байх юм байна, хурлыг орхиж санал өгөхгүй байх ёстой юм байна лээ. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Д-ын албан бичигт дурдсан байгаа. Байгаль орчны сайдын 7 тоот тушаал, Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай журмын 4.4-д заасны хүрээнд орон нутгийн хамгаалалтад авсан газар нутаг, ашигт малтмалын онцгой ач холбогдолтой хуримтлал байгаа нь судалгаагаар илэрч, түүнийг улс орон, нийгэм эдийн засгийн хөгжлийн эрх ашгийн үүднээс зайлшгүй ажиллуулах шаардлагатай нь мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтээр нотлогдоогүй байхад Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаар тогтоолоор 14,4 га газрыг орон нутгийн хамгаалалтаас хэсэгчлэн чөлөөлсөн гэж үзэж байгаа.

... Мөн сонсох ажиллагаа гэж явагдаагүй. Бид нарт нэг сургалт явагдсан. Сургалтад би ирсэн, малчид нээх их ирээгүй. Нөхөрлөлийн төлөөллүүд байсан. Бичил уурхайг яаж ашиглах, Засаг даргатай яаж хэлэлцээр хийх тухай ярьсан. Үүнээс өөр юм ойлгож аваагүй, хохирч байгаа малчид, иргэдэд мэдэгдэл өгөх ёстой байсан. Сонсох ажиллагаа явна шүү, танай тэнд бичил уурхай эрхлэх гэж байгаа шүү, та нар сонсголд ирж оролцооч гэдэг байдлаар ч юм уу. Гэтэл энэ талаар огт мэдэгдээгүй. Бид нар захиргаан дээр нэг удаа очсон ч сонсгол хийх гэж урьж авчраагүй.

Мал чинь бэлчих бэлчээргүй болох гэж байна, нутаг усыг чинь 9 нөхөрлөл дээрэмдэх гэж байна гээд би 20-иод хүнтэй очиж уулзсан.

Бичил уурхай эрхэлснээр ямар хохирол гарах вэ гэхээр байгалийн экологийн тэнцвэрт байдал алдагдана, малын бэлчээрийн шимт ургамал бүгд ургахаа болино, мал усалдаг ус ширгэнэ, хужир байхгүй болно. Тийм учраас тэр нутгийг хамгаалж, малчдаа бэлчээртэй байг, мал бэлчих талбайтай байг...

Зөөлөн багийн 160 гаруй иргэд эсэргүүцэж гарын үсэг зурсан. Бид нар өөрсдөө явж зуруулсан. Зөөлөн багт сонгуулийн насны 260 гаруй хүмүүс байдаг. Үүнээс 61.3 хувь нь гарын үсэг зурсан. Байгаль экологийн тэнцвэргүй байдал алдагдаж, 10-15 жил юу ч алхуулахгүй байж сэргэдэг. Энэ хүмүүс даацийн нуурыг хулгайгаар ухсан шүү дээ. Үүнээс болж ус ширгэж, мал ойчиж унаж үхдэг газар болсон. Энэ жилээс арай дээрдсэн байна лээ” гэв.

6. Нэхэмжлэгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

7. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Шүүх хуралдаанд оролцож байгаа Мөрөн сумын Зөөлөн багийн иргэд нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдүүд юм ... нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдүүд гэдгээ нотолж оролцож байгаа юм. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдаж бидний зүгээс энэ нэхэмжлэлийг гаргасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зарим хэсэг нь биечлэн оролцохдоо санал хүсэлтээ хэлж оролцогч хэлбэрээр оролцоогүй, эрхээ хамгаалж тэмцэж очоод газар нутгийг маань хууль бусаар чөлөөлөх гэж байна гэдгийг хуралд орж мэдсэн үү гэхээс албан ёсоор сонсох ажиллагаа хийгээгүй. Гэхдээ мэдсэнээс хойш шат дараалсан хуулийн байгууллагуудад хандаж энэ асуудлаа шийдвэрлүүлээд, өнөөдөр шүүх дээр ирж байгаа. 52 дугаартай захиргааны акт нь гаргасан хууль зүйн үндэслэлүүдийн хувьд ч, мөн гаргах болсон үйл явдал, шалтгаан нөхцөл, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хувьд ч гэсэн бүгд хууль ёсны дагуу явагдаагүй. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 1.6-д Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд өмнө нь хөндөгдөөгүй болон нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгсөн газар ашиглуулахыг хориглоно гээд тодорхой заачихсан.

Сая хариуцагч тал тайлбарлахдаа бид нар судалгаа, тооцоолол ч юм уу сөрөг нөлөөллийг шалгах үүрэг байхгүй. Иргэн Засаг дарга руу саналаа өгнө, Засаг дарга бид нар луу хурал хуралдуулаач гэж саналаа өгнө. Үүний дагуу бид нар тогтоолоо гаргах үүрэгтэй гэж тайлбарлаж байгаа юм. Гэтэл хуульд эсрэгээрээ өмнө нь хөндөгдөөгүй газарт ашиглалт явуулахыг хориглоно гэж байгаа. Мөн Газар нутгийг орон нутгийн хамгаалалт авах журмын 4.4-д орон нутгийн хамгаалалтад авсан газар нутагт ашигт малтмалын онцгой ач холбогдол байгаа нь судалгаагаар илэрч, нийгэм эдийн засагт ашиглах зайлшгүй шаардлагатай нь мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд ашигт малтмал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага руу саналаа явуулж зөвшилцсөний үндсэн дээр хурал буюу тогтоол гаргаж болохоор заасан.

Анх Хавтгай уул гэдэг нэртэй газрыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр орон нутгийн хамгаалалтад авсан. Орон нутгийн хамгаалалтад авахдаа хавсралт болгоод хамгаалалтад авсан газарт хэрэгжүүлэх үйл ажиллагааны горим гэж гаргасан. Уг горимын 2.3-д онцгой ач холбогдолтой нийгэм эдийн засагт хэрэгтэй байх юм бол төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, газар нутгийг хамгаалалтаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлж болно гэж байгаа. Зөвшилцсөний үндсэн дээр гэдгийг хуульд яаж зохицуулсан байна вэ гэхээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасан зүйл заалтыг барьж маргаан бүхий тогтоолыг гаргаад энэ нь хууль ёсны гэж үзээд байгаа юм.

Гэтэл 28.2-т нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг улсын хамгаалалтад авах, ангиллыг өөрчлөх, хилийн заагийг тогтоох саналыг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад буюу Засгийн газарт уламжлах гэж байгаа. Тэгэхээр ямар хууль зүйн үндэслэлээр энэ асуудал явагдах ёстой байсан бэ гэхээр иргэн бүр гомдол, хүсэлт гаргах эрхтэй учраас тусгай хамгаалалтаас чөлөөлж өгөөч ээ гэж хүсэлт гаргасан байгаад нь маргаан байхгүй. Гэхдээ үүнийг Засаг дарга хүлээж аваад ажлаас үндэслэлгүй халагдсан ч гэдэг юм уу өөр асуудал шийдвэрлэж байгаа шиг эсхүл тодорхой хэмжээний өөр асуудал шийдвэрлэж байгаа шиг шийдэхгүй.

Тусгайлсан хуулиар зохицуулсан харилцаа өөр дээр нь ирж байхад яг тэр хуульд заагдсан ажиллагаануудыг хийх ёстой байсан. 14.4 га газрыг чөлөөлснөөр нийгэм, эдийн засгийн хөгжилд хэрэгтэй байгаад байгаа юм уу, үүнийг чөлөөлөх зайлшгүй шаардлагатай байгаад байгаа юм уу, мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон юм уу, ашигт малтмалын асуудлуудыг зайлшгүй хийх ёстой ажил юм уу, нийтийн эрх ашгийг хөндөөгүй эсэх талаарх асуудлыг Засаг дарга өргөдөл ирснээс хойш шалгах ёстой байсан. Яаж шалгах вэ гэхээр өөрөө шалгана, эсхүл Засаг дарга нийтийн сонсгол хийх ёстой. Нийтийн сонсгол хийх талаар хуулийн заалтууд байгаа. Захиргааны ерөнхий хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хууль зэрэг хуулиудаар нийтийн сонсгол зарлаад, нийтийн сонсголоо 14-өөс дээш хоногийн өмнө багийн Иргэдийн Нийтийн Хуралд мэдээллийн хэрэгслээр юм уу эсхүл мэдэгдлээрээ явуулаад багийн Иргэдийн Нийтийн хурлаар асуудлыг хэлэлцүүлнэ.

Уг хуралдаанаар санал эсхүл дүгнэлт гарна. Ингээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал руу энэ асуудлыг хэлэлцүүлье гээд саналаа явуулах ёстой. Уг саналыг хүлээж аваад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар шууд тогтоол гаргахгүй харин асуудлаа хэлэлцээд төрийн захиргааны төв байгууллага буюу Засгийн газарт саналыг уламжилна. Төрийн захиргааны төв байгууллага саналыг судлаад, буцаад болох юм байна хууль зөрчөөгүй байна гэсэн мэдэгдэл, шийдвэр ирэх юм бол тогтоол гаргах нь зүйтэй байсан. Гэтэл энэ бүх хууль ёсны ажиллагаануудыг алгасаад шууд тогтоол гаргасан нь хууль тогтоомжоо зөрчсөн үйл ажиллагаа болж байгаа юм. Мөн  манай үйлчлүүлэгч нарын яриад байгаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, 26, 27 дугаар зүйлд зааснаар эрх хөндөгдөх, иргэдийн дунд сонсох ажиллагаа буюу нийтийн хэлэлцүүлэг заавал хийх үүрэгтэй гэж заасан энэ үүрэг нь биелэгдээгүй. Мөн энэ асуудлыг удаа дараа татгалзаад байхад дахин дахин оруулж ирээд 7 дахь удаагийн хурал дээр зөвшөөрүүлсэн. Сумын Засаг даргын зүгээс ч юм уу, жоншны нөхөрлөлүүдийн зүгээс төрийн байгууллагад шахалт үзүүлсэн процесс ажиллагаа харагдаж байгаа. Мөн ашиг сонирхлын зөрчил үүссэн талаар Авлигатай тэмцэх газрын бичиг дээр бүгд дурдчихсан байгаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С-ийн хамаарал бүхий этгээд Д, А, М нарын төрөл садангийн иргэд, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А, Э нар нь ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн иргэд байна. Энэ нь өөрөө Ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэхээ мэдэгдэл өгч шалгуулаагүй болох нь тогтоогдсон ... гэхдээ одоо энэ асуудал шалгагдаж байгаа.

2020, 2023 онд уг газарт хууль бус жоншны олборлолт явагдсанаас болж иргэд тэмцээд цагдаад хандаж, хууль бус нь тогтоогдоод нөхөн сэргээлт хийгдсэн. Нөхөн сэргээлт хийгдэж байхад хурлын дарга Д гэдэг хүн өөрөө байсан. Тодорхой хэмжээгээр нөхөн сэргээлт хийгдэхээр 10-15 жилийн хугацаанд тэр газрыг дахиж ашиглах эрх байхгүй. Судалгаа болон хуульд 10-15 жилийн дараа уг газар хуучин хэвэндээ орно гэж байдаг. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 1.6-д ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд өмнө нь хөндөгдөөгүй болон нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгсөн газар ашиглуулахыг хориглоно гэж заасан байдаг. Иймээс сэргээгдээгүй газрыг дахиад ухуулах тогтоол гарч байгаа нь хууль бус юм. Энэ асуудал нь нутгийн иргэдийн эрх ашиг, Зөөлөн багийн иргэдийн эрх ашгийг зөрчиж, энэ газрыг чөлөөлөх 7 удаагийн хурал болоход дандаа жоншны нөхөрлөлүүдийн саналыг хүлээж аваад хурал болоод байсан. 7 дахь хурал дээр чөлөөлөх шийдвэр гаргачихаар иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Иргэд хурлаа хийлгэе, дахиж хурал хийж өгөөч гэхээр хүлээж авдаггүй. Нөгөө талын 7 удаагийн хүсэлтийг хүлээж авчхаад иргэдийн ганц хүсэлтийг хүлээж авахгүйгээр тогтоол гаргачихсан.

... Мөн тогтоолыг баримталж гаргасан хуулийн заалтууд нь биелэгдээгүй, буруу хуулийн заалт баримталсан. Мөн иргэдийн дунд сонсох ажиллагаа хийгдээгүй. Иймд хууль бус гарсан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү  гэв.

8. Хариуцагч Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд гаргасан хариу тайлбартаа[11]: “...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал иргэд, нөхөрлөлүүдээс ирүүлсэн Мөрөн сумын Зөөлөн багийн нутагт хамаарах “Хавтгай уул” нэртэй газрыг Орон нутгийн хамгаалалтаас хэсэгчлэн чөлөөлүүлж, бичил уурхайн зориулалтаар ашиглах утга бүхий хүсэлтийг хүлээн авч хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд гурван удаа буюу 2025.04.04, 2025.05.07, 2025.07.02-ны өдөр хуралдсан, хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд “Хавтгай уул” нэртэй газрыг орон нутгийн хамгаалалтаас хэсэгчлэн чөлөөлөх асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонх нь дэмжээгүй.

Уг асуудлыг дахин хэлэлцүүлж шийдвэрлэж өгөхийг хүссэн иргэн Д.Н гурван удаагийн хүсэлтийг тухай бүрд нь хангаж 2025.08.13, 2025.10.02, 2025.10.29-ний өдрүүдэд хуралдсан хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулсан бөгөөд төлөөлөгчдөөс урд нь хэлэлцэж шийдвэр гарсан асуудлыг дахин хэлэлцэх шаардлагагүй гэдэг санал гаргасан тул тухайн асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах эсэх дээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонх нь хэлэлцэх асуудлаас хасахыг гурван удаа дэмжиж шийдвэрлэсэн тул хэлэлцэх асуудлаас хассан.

Иргэн Д.Н-ээс хэлэлцүүлж өгөхийг хүссэн хүсэлт дахин ирүүлсэн бөгөөд ИТХ-ын зүгээс энэ асуудалд гомдолтой байгаа бол Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байгаа тухай хариуг 2025.11.05-ны 95 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Гэвч иргэн Д.Н 2025 оны 11 дүгээр сарын 13-нд дээрх асуудлыг ИТХ-ын хуралдаанаар дахин хэлэлцүүлж өгөхийг хүссэн гомдол ирүүлсэн бөгөөд сумын Засаг даргаас ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж өгөх хүсэлт ирүүлсний дагуу 2025 оны 12 дугаар сарын 15-нд хуралдсан ИТХ-ын 11 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхэд “Хавтгай” уулыг орон нутгийн хамгаалалтаас хэсэгчлэн чөлөөлөхийг хуралдаанд оролцсон 15 төлөөлөгчийн олонх буюу 8 төлөөлөгч дэмжиж ИТХ-ын 52 дугаар тогтоол батлагдаж АМГТГ-т хүргүүлсэн.

АМГТГ-аас 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10/6546 тоот албан бичгээр 52 дугаар тогтоолыг уул уурхайн кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн тухай албан бичгийг Мөрөн сумын ЗДТГ-т ирүүлсэн байна.

Зөөлөн багийн нутагт хамаарах орон нутгийн хамгаалалтад авсан “Хавтгай” уулыг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн хамгаалалтаас хэсэгчлэн чөлөөлөх асуудлыг Зөөлөн багийн ИНХ-ын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдийн хуралдаанаар хэлэлцүүлж багийн иргэдийн санал авсан.

Санал хураалтад оролцсон иргэд “Хавтгай” уулыг орон нутгийн хамгаалалтаас чөлөөлж бичил уурхай эрхлэхийг 100%-ийн саналаар дэмжээгүй бөгөөд энэ тухай багийн ИНХ-ын тогтоол баталж сумын Засаг даргад уламжилсан байдаг.

Уг асуудлыг дахин хэлэлцүүлж шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг иргэдээс удаа дараа ирүүлсэн тул хуулийн хүрээнд шийдвэрлэх, арга зүйн зөвлөгөө, сургалт авах, төлөөлөгчид болон талуудыг мэдээллээр хангах зорилгоор сумын ИТХ-аас аймгийн ИТХ, Байгаль орчны газарт хүсэлт тавьж 2025 оны 6 дугаар сарын 27-нд аймгийн ИТХ-ын Нутгийн удирдлага, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга н.А, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.М, БОГ-ын хяналтын хэлтсийн дарга С.А, хүрээлэн буй орчны байгалийн нөөцийн хэлтсийн дарга Г.М, Геологи, уул уурхайн улсын байцаагч Ө.М, Байгаль орчны улсын хяналтын байцаагч Ц.Б нар хүрэлцэн ирж уулзалт сургалт хийж холбогдох мэдээлэл өгсөн.

Үүнд сум орон нутгийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид, малчид, иргэд, нөхөрлөлийн төлөөллүүдийг хамруулж тухайн асуудлын нөхцөл байдал, гарц гаргалгаа, хууль зүйн үндэслэл болон холбогдох мэдээллийг талуудад өгч санал солилцож, санал хүсэлтийг нь сонссон.

Мөн уг асуудлаар 2025 оны 10 сарын 20-нд “Хавтгай” уул орчим нутагладаг малчин өрхийн төлөөллүүд болон нөхөрлөлүүдийн төлөөллийг хүлээн авч уулзаж санал бодол, хүсэлт, гарц гаргалгааны талаар хэлэлцэж холбогдох мэдээллүүдийг өгч санал хүсэлтийг нь сонссон ба энэхүү нэхэмжлэл нэхэмжлэлийн шаардлага хангахгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

9. Хариуцагч Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд гаргасан нэмэлт хариу тайлбартаа[12]: “... Уг хугацаанд “Хавтгай” уул гэх газраас 14.4 га газрыг Орон нутгийн хамгаалалттай газраас хэсэгчлэн чөлөөлөх эсэх талаар хэд хэдэн удаа хэлэлцсэн

... Гэвч Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж тухай бүр хэлэлцэн нийт төлөөлөгчдийн олонхын шийдвэрээр шийдвэрлэж ажилласан. Санал хураалтыг илээр хураах, нууцаар хураах эсэхийг төлөөлөгчдийн гаргасан саналын дагуу санал хурааж олонхоор шийдвэрлэж байсан. 2025 оны 07 дугаар сарын 02-ний өдөр төлөөлөгчдөөс нууцаар санал хураах санал гарсныг олонх дэмжсэнээр дотоод журамд өөрчлөлт оруулан нууцаар санал хураасан. Уг санал хураалтад “Хавтгай” уул гэх 14.4 га газрыг чөлөөлөх саналыг 6 төлөөлөгч дэмжсэн, 8 төлөөлөгч дэмжихгүй санал өгсөн тул Орон нутгийн хамгаалалтаас чөлөөлөөгүй. Мөн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлөөлөгчдөөс санал гарсны дагуу нууцаар санал хураахыг төлөөлөгчдийн олонх дэмжсэн тул дотоод журамд өөрчлөлт оруулан олонхоор санал хураахад 15 төлөөлөгч оролцож “Хавтгай” уул гэх 14.4 га газрыг чөлөөлөхийг дэмжсэн 8, дэмжихгүй 7 санал гарснаар “Хавтгай” уул гэх 14.4 га газрыг Орон нутгийн хамгаалалтаас хэсэгчлэн чөлөөлсөн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Орон нутгийн хамгаалалттай газраас “Хавтгай” уул гэх 14.4 га газрыг хэсэгчлэн чөлөөлөхдөө Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь хэсгийг үндэслэл болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэх нь хэтэрхий гүжирдсэн хэлбэртэй байна. Хэнтий аймгийн хэмжээнд байгаа 18 сумын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага зарим газар нутгийг орон нутгийн хамгаалалттай газраас чөлөөлөхдөө уг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28.1, 28.2 дахь хэсгийг үндэслэл болгодог. Иргэдийн төлөөлөгчдийн хурал буюу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь олонхын саналаар шийдвэрээ гаргаж тогтоолын төслөө олонхын саналаар баталдаг. “Хавтгай” уул гэх 14.4 га газрыг орон нутгийн хамгаалалтаас чөлөөлсөн 52 дугаар тогтоол гарснаас хойш хэд хэдэн удаа хууль, хүчний байгууллагаас тайлбар мэдээлэл авсан. Тухай бүр нь өөрт байгаа баримт материалыг хүргүүлж шаардлагатай тайлбарыг өгч ажилласан. Хэн нэгэнд давуу байдал бий болгосон зүйл тогтоогдоогүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тухайн маргаан бүхий газрыг нөхөн сэргээлт хийсэн байхад орон нутгийн хамгаалалтаас чөлөөлсөн гэжээ. Гэтэл энэхүү нөхөн сэргээлт нь стандарт шаардлага хангаагүйн улмаас Байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийн яамны Эвдэрсэн газрын тооллого мэдээллийн сангийн нөхөн сэргээлт хийсэн талбайн бүртгэлд бүртгэгдээгүй.

Мөн нэхэмжлэгчийн дурдсан бэлчээрийн тухайд иргэн нь өвөлжөө, хаваржааны зориулалттай газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ авдаг. Уг гэрчилгээгээр олгогдсон 1 га буюу 10000 мкв газраас цааших газар нь Төрийн болон нийтийн өмч юм. Иймд малчдын эрх ашигт нөлөөлж өвөлжөө, хаваржааны газарт нь халдаж орон нутгийн хамгаалалттай газраас чөлөөлсөн зүйл байхгүй. Бэлчээрийн бүсийг хааж боогдуулсан эсхүл хашаалсан зүйл байхгүй малчид мал бэлчээх нь нээлттэй.

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан шийдвэрлэх эрх, бодит чадвартай бөгөөд иргэдийн санал хүсэлтийг харилцан хүлээн авч хамтын удирдлагын зарчмын дагуу олонхоор шийдвэр гаргаж баталдаг байгууллага гэдгийг тодорхойлон хэлэх нь зүйтэй байна” гэжээ.

10. Хариуцагч Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нэхэмжлэгч нар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасан зүйл заалтыг хэлж байна. Хэнтий аймгийн хэмжээнд чөлөөлөгдөж байгаа газрууд бүгд энэ хуулийг баримталж явагддаг. Орон нутгийн хамгаалалтаас чөлөөлөх тухай гэсэн тусдаа хууль болон заалт байхгүй. Хамаарал бүхий этгээдийн талаар ярихад энэ суманд үеэл, бүл байхаар хүмүүс зөндөө байгаа.

... Хамаарал бүхий этгээдийг Авлигын эсрэг тухай хуулийн 3.1.3-д тодорхой заачихсан байдаг. Мөн энэ талаар прокурорын газраас тодорхой мэдүүлэг аваад тайлбаруудыг нь татгалзсан тогтоол дээрээ тусгасан байна лээ. Байгаль орчны сайдын 2000 оны 07 дугаар тогтоол бичил уул, уурхайтай хамаагүй. Ашигт малтмалтай холбоотой асуудал юм. Бичил уул уурхай яагаад тусдаа журамтай яваад байгаа юм, Ашигт малтмал яагаад тусдаа хуультай яваад байгаа юм гэдэг нь тусдаа асуудал. 2000 оны 07 дугаар тогтоолын дагуу тусгай хамгаалалттай газраас газар нутгийг чөлөөлөхдөө ашигт малтмалаар алт ч юм уу, нүүрс ч юм уу олборлохдоо урьдчилсан геологийн судалгаа явуулаад үүнийгээ улс орон, нийгэм эдийн засгийн байдалд тустай гэж үзэх юм бол чөлөөлдөг. Бичил уурхайд ямар ч хууль зүйн зохицуулалт байхгүй. Бичил уул уурхай гэдэг чинь эхлээд орон нутгийн хамгаалалтаас чөлөөлөгдөөд дараа нь тусгай хэрэгцээнд авах дүгнэлт нь гарна, үүний дараагаар нөөцийг нь тогтоодог болохоос биш урьдчилан тухайн газар луу халдах  ямар ч боломжгүй юм.

Сонсох ажиллагааны тухайд нийт 7 удаа хуралдсан. Ингэхдээ 2 талын төлөөллийг хоёуланг нь байлгасан. 2 талын төлөөлөгчид нийтдээ 3, 3 хүн ч юм уу 5, 5 хүн ч юм уу өөрсдийнхөө санал бодлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр хэлээд түүнийгээ тэмдэглэлд тусгуулаад явж байсан. Үүнийг сонсох ажиллагаа хийсэн гэж үзэж болно. Орон нутгийн хамгаалалтаас чөлөөлөхөөс багийн иргэд нийтийн хурлаар татгалзсан гэж байна. Багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг хэрэгт хавсаргасан байгаа. Гэхдээ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуульд дурдсанаар багийн иргэдийн Нийтийн Хурал гэдэг бол зөвхөн санал гаргах эрхтэй оролцдог, саналын хэмжээнд оролцдог.

Мөн дахин дахин яагаад хуралдаад байгаа юм бэ гэхээр Нэгжийн тухай хуулийн 31, 32, 33 дугаар зүйлд зааснаар тухайн иргэн хүсэлт гаргасан л бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэх үүрэгтэй. Засаг дарга яагаад энэ асуудлыг байн байн оруулаад байгаа юм бэ гэхээр  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын журамд заасны дагуу Засаг дарга сар болгоны 26-нд иргэдээс ирсэн хүсэлтийг хүлээж авч нэгтгээд Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэлэлцүүлэх үү, үгүй юү гэдэг талаас нь судалж, санал гаргаж, энэ асуудлууд ирсэн гэж хуралд оруулдаг. 2 талаас зөндөө хүсэлт ирж, зөндөө хүсэлт авсан. Түүний дагуу тодорхой хариу албан тоотуудыг тухай бүрд нь өгч байсан. Иймд захиргааны актыг гаргахдаа ямар нэгэн эрх зүйн зөрчил гаргаагүй гэж үзэж байна.

... Нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээг харвал нэг нь 0,5 га, нөгөөдөх нь 3 га байгаа. Хэрэв Байгаль орчны газраас нөхөн сэргээлт хийсэн талбай байсан бол 0,5 га болон 3 га газрыг амьдралтай газраар бүртгэх боломж байхгүй. 14,4 га бол 2024 онд хамгаалалтад авсан 49,2 га газрын багахан хэсэг юм. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийнхөө шийдвэрийг хэрхэн өөрчлөх нь тухайн байгууллагын бүрэн эрх юм. 2024 онд нэг шийдвэр гаргаад 2025 онд өөр тогтоол гаргаж болохгүй гэсэн зүйл байхгүй. Усан сан бүхий газрын тусгай хамгаалалттай газрын зай нь 50 метр, энгийн хамгаалалтын бүсэд 200 метр байдаг. Чөлөөлсөн газар нь нэхэмжлэгчийн дурдаад байгаа газраас нэлээн зайтай учраас усны эх болон усан сан бүхий газарт халдсан зүйл байхгүй” гэв.

11. Хариуцагч Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Уг хуралдаан нь хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болсон. Учир нь Мөрөн сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйл, 67 дугаар зүйлийн 67.1.5-д заасан эрх, үүргээ хэрэгжүүлж, иргэд болон нөхөрлөлүүдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу зарим газруудыг орон нутгийн хамгаалалтаас чөлөөлөх, тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 277 дугаар албан бичгээр санал хүргүүлж, хуралдаанаар хэлэлцэхээр болсон. Хуралдааны явцад иргэдийн төлөөлөгчдөөс зарим газруудыг орон нутийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг хэлэлцэхдээ нууцаар хураах санал гаргаж, олонхын саналаар нууц санал хураалт явуулахаар болсон. Үүний дагуу санал хураалт явуулж олонхын саналаар хавтгай уул нэртэй газраас 14,4 га газрыг орон нутгийн хамгаалалттай газраас хэсэгчлэн чөлөөлөхөөр болсон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д иргэн сум, дүүргийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар нэг удаагийн эсхүл хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахыг санаачлах эрхтэй. Энэ санаачилгыг сумын сонгуулийн эрх бүхий иргэдийн 10-аас доошгүй, дүүргийн сонгуулийн эрх бүхий иргэдийн 5-аас доошгүй хувь нь дэмжиж гарын үсэг зурсан тохиолдолд сум, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэх үүрэгтэй. Үүний дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцээд байгаа юм.

Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн баг, хорооны хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална гэж тус тус заасан байдаг. Үүний дагуу иргэд, нөхөрлөлүүдээс бичил уурхайн асуудлаар санал оруулж, уг саналыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэж тогтоол гаргасан нь хууль зөрчөөгүй. Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлд аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд 28.3-д нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох гэж заасан байдаг. Мөн Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай журмын 4.3-д газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах асуудлыг Засаг даргын өргөн мэдүүлснээр Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д заасныг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх ба түүний хилийн заагийг тогтоож өөрчилж болно гэж заасан. Дээрх хууль, журамд зааснаас үзэхэд газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах болон түүний хилийн заагийг тогтоож өөрчлөх нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарч байгаа. Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах эрх бүхий байгууллага нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал юм чинь буцаагаад гаргах эрх бүхий байгууллага нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал юм. Мөн хууль болон журамд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагийг тогтоож өөрчилж болно гэж зааснаас үзэхэд хилийн зааг буюу газрын хэмжээг өөрчилж, хэсэгчлэн чөлөөлж болохоор байгаа. Иймд 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаар тогтоол нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр тогтоол юм.

            ...Маргаан бүхий газар дээр явуулах гээд байгаа үйл ажиллагаа нь өөрөө нийгэм эдийн засаг, улсын эдийн засгийн хөгжлийн эрх ашигт нөлөөлөхөөр биш шүү дээ. Бичил уурхайгаар л үйл ажиллагаа явуулах гээд байгаа юм. Сумынхаа иргэдийг дэмжих гээд байгаа болохоос биш улсын эрх ашигт нийцсэн нөөцтэй газар биш шүү дээ. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 1.3-д энэ журмын зорилго нь үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй нөөц ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмалыг бичил уурхайгаар олборлох, байгаль орчныг хамгаалах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой. Үүний дагуу нутаг орныхоо ард иргэдийн амьжиргааг дээшлүүлье, мал маллахаас өөр амьжиргааны эх үүсвэртэй болгоё гэдэг үүднээс ийм шийдвэр гаргаж байгаа. Түүнээс ашиг олох гээд, улс оронд нөлөөлөх гээд байгаа асуудал биш.

            Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь өөрөө төлөөллийн байгууллага. Сумын иргэдийг бүгдийг нь оролцуулаад хурал хийгдэх боломжгүй учраас төлөөллийн байгууллага гэдгийг бий болгоод, тэд нар нь ард иргэдээрээ төлөөлөөд, тэдний олонхын саналаар сум, орон нутгийн асуудлыг шийдэж байгаа шүү дээ. Түүнээс асуудал болгон дээр бүх иргэдэд мэдэгдэл өгөөд, тэр хүмүүсийг цуглуулж хуралд оролцуулаад байх боломж байхгүй.

Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй талаар тайлбарлая. Маргаан бүхий тогтоолоор хэсэгчлэн чөлөөлсөн газар нь иргэдийн өвөлжөө, хаваржааны газартай давхацсан, бэлчээрийн бүсийг хааж боосон зүйл огт байхгүй. Хавтгай уул гэх нэртэй газар нь өмнө орон нутгийн тусгай хэрэгцээний газар байж байгаад 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03 дугаар тогтоолоор чөлөөлсөн. Үүний дараа 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолоор орон нутгийн хамгаалалтад авсан. Өмнө болон одоо ч маргаан бүхий газарт иргэдэд өвөлжөө, хаваржааны газар олгож байгаагүй. Мөн мал бэлчээхийг зөвшөөрч байгаагүй. Иймд нэхэмжлэл гаргаж байгаа иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй учраас шийдвэр гаргах хуульд заасан сонсгох ажиллагааг хийх шаардлагагүй. Харин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн хамгаалалтаас хэсэгчлэн чөлөөлөх эсэх асуудлаар хүсэлт гаргасан нөхөрлөл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон эсэргүүцсэн иргэдийн төлөөлөлд үнэн бодит зөв мэдээлэл өгөхөөр холбогдох төрийн байгууллагуудын мэргэжилтнүүдийг урьж 2025 оны 06  дугаар сарын 30-ны өдөр сургалт явуулсан. Энэ нь иргэдийг маргаан бүхий асуудлаар мэдлэг, мэдээллээр хангаж байгаа нэг хэлбэр юм.

... Мөн орон нутгийн хамгаалалтад авах зорилго нь өөрөө байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах зорилгоор орон нутгийн хамгаалалтад авсан. Буцаагаад ард иргэдийнхээ амьжиргааг дэмжихийн тулд үүнийхээ багахан хэсгийг ашиглая гэдэг утгаар орон нутгийн хамгаалалтаас чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан нөхөн сэргээлтийн ажил нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А138 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал нь нөхөн сэргээсэн газарт тавих ерөнхий шаардлагыг хангаагүй тул мэргэжлийн байгууллага хүлээж аваагүй байдаг. Тиймээс Хавтгай уул нэртэй 14,4 га газар нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны нөхөн сэргээлтийн мэдээллийн санд бүртгэлгүй, эвдэрсэн мэдээллийн санд бүртгэлтэй байдаг. Энэ талаар аймгийн Засаг даргын зөвлөх бөгөөд ажлын хэсгийн ахлагч Г.Т, ажлын хэсгийн нарийн бичиг Б.Мнарын 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах тухай илтгэх хуудсанд тодорхой дурдсан. Ашигт малтмалын газрын 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10/1802 дугаартай албан бичгээр тус сумын Хавтгай уул нэртэй 3 нэгж талбар бүхий талбай дээр бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу дүгнэлт гарсан. Хэрэв маргаан бүхий газар дээр нөхөн сэргээлт хийж Байгаль орчин, уур амьсгал, өөрчлөлтийн яамны нөхөн сэргээлтийн мэдээллийн санд бүртгэлтэй байсан бол Ашигт малтмалын газраас бичил уурхайгаар ашиглахыг зөвшөөрсөн дүгнэлт гарахгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Э, Я.Д, Б.Д, Ж.Б нараас Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай “Орон нутгийн хамгаалалттай газраас хэсэгчлэн чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч нар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд, хэргийн нөхцөл байдлыг тодруулсны эцэст нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Арвантавдугаар хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж, “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 12 дугаартай тогтоол гаргажээ[13].

Уг тогтоолоор Хэнтий аймгийн Мөрөн сумын Зөөлөн багийн нутагт байрлах “Хавтгай уул” нэртэй 49.2 га газрыг орон нутгийн хамгаалалтад авахаар шийдвэрлэж, хилийн цэсийг нэгдүгээр хавсралтаар, талбайн зураглалыг хоёрдугаар хавсралтаар, хамгаалалтын горимыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсан байна.

2. Улмаар, бичил уул уурхай эрхлэх хүсэлтэй нөхөрлөлүүд болон иргэдээс удаа дараалан “Мөрөн сумын Зөөлөн багт байрлах “Хавтгай уул” нэртэй газарт бичил уул уурхай эрхлэх нөхөрлөл байгуулж, ашигт малтмал олборлох тухай” хүсэлтүүдийг үндэслэж, Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргаас 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 277, 12 дугаар сарын 10-ны өдрийн 286 тоот албан бичгүүдийг Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлж[14], орон нутгийн хамгаалалтаас гаргах, чөлөөлөх гэсэн асуудлуудыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх саналуудыг гаргажээ.

3. Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, хурал үргэлжилсээр 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Орон нутгийн тусгай хамгаалалтай газраас хэсэгчлэн чөлөөлөх тухай” 12 дугаартай тогтоолыг гаргажээ[15]. Уг тогтоолын 1 дэх заалтад “Сумын орон  нутгийн тусгай хамгаалалттай газар болох “Хавтгай уул” нэртэй газрыг хэсэгчлэн чөлөөлж, чөлөөлөх газрын хэмжээг 1-р хавсралтаар, тойм зургийг 2-р хавсралтаар тус тус баталсан байна.

4. Нэхэмжлэгч нараас “...Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тухайн сумын Зөөлөн багийн нутагт байрлах “Хавтгай уул” нэртэй 49.2 га газрыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 дугаар хуралдааны 12 тоот тогтоолоор “Орон нутгийн хамгаалалтад авах” шийдвэр гарснаар малчдын малын бэлчээрийг хамгаалах, нуур цөөрмийн эко системийг хөгжүүлэх, нөхцөл боломжийг сайжруулах, хужир шүү лагийн байгалийн тогтцыг хэвээр хадгалахад зориулагдсан малчид бидний өвөлжөө, хаваржаа, намаржааны зориулалтаар ашиглахад нэн таатай байгалийн тогтцыг хамгаалсан бөгөөд эрт дээр үеэс энэхүү хамгаалалтад авсан нутагт ямар ч төрлийн мал онцгой тарга хүч авдаг болохыг өвөг дээдэсүүд тогтоосон байдаг юм.

Мөрөн суманд байгуулагдсан жоншны нөхөрлөлүүд тус газарт бичил уурхай ажиллуулах хүсэлтийг 2025 оны 3 дугаар сард сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Д болон Засаг дарга Н.Х-т нарт хүргүүлж...

... Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр хуралдааны 52 дугаар тогтоолоор Хавтгай уул нэртэй 49.2 га газраас 14.4 га газрыг орон нутгийн хамгаалалтаас хэсэгчлэн чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28.1, 28.2-ыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд орон нутгийн хамгаалалтаас гаргах болсон үндэслэлийг тодруулаагүй, шалтгааныг тайлбарлаагүй, судалгаа шинжилгээ хийгээгүй, малчин иргэдээс санал аваагүй, Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагаа хийгээгүй хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж буй иргэдэд эрх боломжийг олгоогүй, мэдэгдээгүй баримт гаргуулах эрхийг хязгаарлаж тогтоол гаргасан.

Тухайлбал нэхэмжлэл гаргаж буй малчин өрх бүрийн бог, бод мал нь өвөлжөө, хаваржаа, зуслангийн байрлалаас эргэн тойронд 5-10 км зайтай бэлчээрлэж газар нутгаа ашигладаг онцлогтой болно.

Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр хуралдааны 52 дугаар тогтоолоор “Хавтгай уул” нэртэй 49.2 га газраас 14.4 га газрыг чөлөөлснөөр малын бэлчээрлэх талбай багасаж экологийн тэнцвэрт байдал алдагдаж нэхэмжлэл гаргасан малчдын эрх ашиг хохирсон.

... Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тусгай хамгаалалтад авсан “Хавтгай уул” нэртэй газарт 2020 онд аймгийн БОАЖГ-аас 7.000.000 сая төгрөгөөр нөхөн сэргээлт, 2023 онд сумын Засаг даргаас 3.000.000 сая төгрөгийн зардлаар нөхөн сэргээлт тус тус хийж орон нутагт актаар хүлээлгэн өгсөн.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 1.6-д зааснаар “...бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд өмнө нь хөндөгдөөгүй болон нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгсөн газар ашиглуулахыг хориглоно...” гэсэн журмын заалтыг зөрчиж Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бичил уурхай ажиллуулах зорилгоор орон нутгийн хамгаалалтаас хэсэгчлэн чөлөөлсөн нь хууль бус тогтоол” гэж,

5. Хариуцагч талаас “...Иргэд болон нөхөрлөлүүдээс ирүүлсэн Мөрөн сумын Зөөлөн багийн нутагт хамаарах “Хавтгай уул” нэртэй газрыг Орон нутгийн хамгаалалтаас хэсэгчлэн чөлөөлүүлж, бичил уурхайн зориулалтаар ашиглах утга бүхий хүсэлтийг хүлээн авч хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд гурван удаа ... хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд “Хавтгай уул” нэртэй газрыг орон нутгийн хамгаалалтаас хэсэгчлэн чөлөөлөх асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонх нь дэмжээгүй.

... Гэвч иргэн Д.Нэргүй 2025 оны 11 дүгээр сарын 13-нд дээрх асуудлыг ИТХ-ын хуралдаанаар дахин хэлэлцүүлж өгөхийг хүссэн гомдол ирүүлсэн бөгөөд сумын Засаг даргаас ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж өгөх хүсэлт ирүүлсний дагуу 2025 оны 12 дугаар сарын 15-нд хуралдсан ИТХ-ын 11 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхэд “Хавтгай” уулыг орон нутгийн хамгаалалтаас хэсэгчлэн чөлөөлөхийг хуралдаанд оролцсон 15 төлөөлөгчийн олонх буюу 8 төлөөлөгч дэмжиж ИТХ-ын 52 дугаар тогтоол батлагдсан.

... Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж тухай бүр хэлэлцэн нийт төлөөлөгчдийн олонхын шийдвэрээр шийдвэрлэж ажилласан. Санал хураалтыг илээр хураах, нууцаар хураах эсэхийг төлөөлөгчдийн гаргасан саналын дагуу санал хурааж олонхоор шийдвэрлэж байсан.

... 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлөөлөгчдөөс санал гарсны дагуу нууцаар санал хураахыг төлөөлөгчдийн олонх дэмжсэн тул дотоод журамд өөрчлөлт оруулан олонхоор санал хураахад 15 төлөөлөгч оролцож “Хавтгай” уул гэх 14.4 га газрыг чөлөөлөхийг дэмжсэн 8, дэмжихгүй 7 санал гарснаар “Хавтгай” уул гэх 14.4 га газрыг Орон нутгийн хамгаалалтаас хэсэгчлэн чөлөөлсөн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Орон нутгийн хамгаалалттай газраас “Хавтгай” уул гэх 14.4 га газрыг хэсэгчлэн чөлөөлөхдөө Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь хэсгийг үндэслэл болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэх нь хэтэрхий гүжирдсэн хэлбэртэй байна. Хэнтий аймгийн хэмжээнд байгаа 18 сумын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага зарим газар нутгийг орон нутгийн хамгаалалттай газраас чөлөөлөхдөө уг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28.1, 28.2 дахь хэсгийг үндэслэл болгодог. Иргэдийн төлөөлөгчдийн хурал буюу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь олонхын саналаар шийдвэрээ гаргаж тогтоолын төслөө олонхын саналаар баталдаг.

... Энэхүү нөхөн сэргээлт нь стандарт шаардлага хангаагүйн улмаас Байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийн яамны Эвдэрсэн газрын тооллого мэдээллийн сангийн нөхөн сэргээлт хийсэн талбайн бүртгэлд бүртгэгдээгүй.

Мөн нэхэмжлэгчийн дурдсан бэлчээрийн тухайд иргэн нь өвөлжөө, хаваржааны зориулалттай газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ авдаг. Уг гэрчилгээгээр олгогдсон 1 га буюу 10000 мкв газраас цааших газар нь Төрийн болон нийтийн өмч юм. Иймд малчдын эрх ашигт нөлөөлж өвөлжөө, хаваржааны газарт нь халдаж орон нутгийн хамгаалалттай газраас чөлөөлсөн зүйл байхгүй. Бэлчээрийн бүсийг хааж боогдуулсан эсхүл хашаалсан зүйл байхгүй малчид мал бэлчээх нь нээлттэй.

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан шийдвэрлэх эрх, бодит чадвартай бөгөөд иргэдийн санал хүсэлтийг харилцан хүлээн авч хамтын удирдлагын зарчмын дагуу олонхоор шийдвэр гаргаж баталдаг байгууллага” гэж тус тус маргалдаж байна.

6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д "Иргэн сум, дүүргийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар нэг удаагийн, эсхүл хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахыг санаачлах эрхтэй. Энэ санаачилгыг сумын сонгуулийн эрх бүхий иргэдийн 10-аас доошгүй, дүүргийн сонгуулийн эрх бүхий иргэдийн таваас доошгүй хувь нь дэмжиж, гарын үсэг зурсан тохиолдолд сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэх үүрэгтэй", мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д " Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална" гэж тус тус заажээ.

7. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлд Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд 28.3-д "нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох" гэж заасан байдаг. Мөн Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай журмын 4.3-д "Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах асуудлыг Засаг даргын өргөн мэдүүлснээр Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3-т заасныг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал шийдвэрлэх ба түүний хилийн заагийг тогтоож, өөрчилж болно" гэж заасан байна.

8. Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гуравдугаар хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, хуралдааны дэг баталсан тогтоолыг[16] анх гаргажээ.

Улмаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр хуралдааны үеэр дотоод журам баталсан[17] байна.

Уг журмын 26-д “... Н.Х-...Бичил уурхай эрхлэгчдийн хүсэлтийг хэлэлцэх болсон учраас саналыг нууцаар хураах саналтай байна. Төлөөлөгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс нууцаар авах нь зөв байна...” гэсэн саналыг гаргаж, уг журмын 22-т өөрчлөлтийг оруулах саналыг нийт төлөөлөгчдийн олонх дэмжсэн байна[18].

9. Дээрх хууль, хуралдааны дэг, журмаас үзэхэд иргэд, нөхөрлөлүүдээс бичил уурхай эрхлэх асуудлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сумын Засаг даргаас санал оруулж, уг саналыг Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Хэнтий аймгийн Мөрөн сумын Зөөлөн багийн нутагт байрлах "Хавтай уул" нэртэй 49.2 газрын 14.4 га газрыг хэсэгчлэн чөлөөлсөн нь сумын иргэдийн хуралдаан хууль ёсны дагуу явагдаж, уг хуралдаанаас гаргасан шийдвэр нь дээрх хууль болон хуралдааны дэг, журмаа зөрчөөгүй гэж шүүх үзлээ.

10. Тодруулбал: Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Хэнтий аймгийн Мөрөн сумын Зөөлөн багийн нутагт байрлах "Хавтгай уул" нэртэй 49.2 газрыг Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20 дугаар хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээний газраас бүхэлд нь чөлөөлжээ[19].

11. Харин Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн 15 дугаар хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Хэнтий аймгийн Мөрөн сумын Зөөлөн багийн нутагт байрлах "Хавтгай уул" нэртэй 49.2 газрыг байгалийн нөөц газраар авах зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг.

12. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагыг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Сум нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, иргэдэд хуульд заасан үйлчилгээг үзүүлэх, зохион байгуулах үндсэн нэгж мөн", 35.1.8-д "нутаг дэвсгэрийн хөгжлийн дунд хугацааны бодлого, жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах" гэсэн байх тул сумын иргэд болон нөхөрлөлүүдийн бичил уурхай эрхлэх саналыг хэлэлцэж, уг иргэд, нөхөрлөлүүдэд үйл ажиллагаа явуулах эрх зүйн боломжийг олгож байгаа нь сумын эдийн засгийн хөгжүүлэх, ажлын байр бий болгох зорилгоор гаргасан нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх юм.

13. Нэхэмжлэгч нар нь Мөрөн сумын Зөөлөн багийн нутагт өвөлжөө, хаваржааны газар эзэмшдэг болох нь иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдээр тогтоогддог[20].

Гэхдээ, Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Хэнтий аймгийн Мөрөн сумын Зөөлөн багийн нутагт байрлах "Хавтгай уул" нэртэй 49.2 газрын 14.4 га газрыг хэсэгчлэн чөлөөлсөн нь, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан "малчдын өвөлжөө, хаваржаа, зуслангийн байрлалаас эргэн тойронд 5-10 км зайтай бэлчээрлэх газар нутгаа ашигладаг" гэж тайлбарлаж, эрх ашиг зөрчигдсөн гэж маргадагтай, орон нутгийн хамгаалалтаас хэсэгчлэн гаргасан 14.4 га газар нь нэхэмжлэгч нарын өвөлжөө, хаваржаа, зуслангийн байрлал, малын бэлчээрийн газарт хамааралгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

14. Мөн нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...“Хавтгай уул” нэртэй газарт 2020 онд аймгийн БОАЖГ-аас 7.000.000 сая төгрөгөөр нөхөн сэргээлт, 2023 онд сумын Засаг даргаас 3.000.000 сая төгрөгийн зардлаар нөхөн сэргээлт тус тус хийж орон нутагт актаар хүлээлгэн өгсөн баримт байдаг бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 1.6-д зааснаар “...бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд өмнө нь хөндөгдөөгүй болон нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгсөн газар ашиглуулахыг хориглоно...” гэсэн журмын заалтыг зөрчиж Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бичил уурхай ажиллуулах зорилгоор орон нутгийн хамгаалалтаас хэсэгчлэн чөлөөлсөн нь хууль бус...” гэж маргадаг.

15. Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг дарга нар 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг Баагийн хоолой /Хавтгай уул/ гэх газар хууль бусаар жонш олборлож, эвдрэлд орсон 3 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ажлын гэрээ”-г[21], мөн Мөрөн сумын Засаг дарга 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/121 дугаартай “Комисс томилох тухай” захирамжийг гаргаж, Зөөлөн багийн “Хавтгай уул” нэртэй эвдрэлд орсон 0.5 га газрын техникийн нөхөн сэргээлтийг гэрээнд заасны дагуу хүлээн авах комисс байгуулж[22], 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/131 дугаартай захирамжаар Зөөлөн багийн Баагийн хоолой гэх газарт эвдрэлд орсон газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн “БХХБ” ХХК-нд нөхөн сэргээлтийн ажлын хөлс 3.000.000 төгрөг гаргасан[23] байна.

16. Дээрхээс үзэхэд Мөрөн сумын Зөөлөн багийн “Хавтгай уул” нэртэй газарт эвдрэлд орсон газрын техникийн нөхөн сэргээлтийг 2020, 2023 онуудад хийсэн байх боловч энэхүү нөхөн сэргээлт нь Хэнтий аймгийн Засаг даргын зөвлөх бөгөөд ажлын хэсгийн ахлагч Г.Т, Бүс нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн бөгөөд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.М нарын 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавьж ажилласан илтгэх хуудас”-нд дурдагдсанаар, “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/138 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлалын нөхөн сэргээсэн газарт тавих ерөнхий шаардлагыг хангаагүй тул мэргэжлийн байгууллага хүлээн авч бүртгээгүй байна” гэсэн илтгэх хуудас[24] болон хариуцагч талын тайлбараар няцаагдсан болно.

17. Мөн дээрх маргаан бүхий Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаар тогтоолыг уул уурхайн кадастрын нэгдсэн системд бүртгэсэн болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10/6546 тоот албан бичгээр тогтоогдсон[25].

18. Дээрх бүгдээс дүгнэхэд нутгийн өөрөө удирдах байгууллага болон Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчиж хуралдааныг явуулаагүй, гаргасан шийдвэр нь хүн, хуулийн этгээдийн субьектив эрхт чиглэж түүнийг зөрчсөн шийдвэр гаргаагүй гэж дүгнэхээр байх бөгөөд орон нутагт өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхийг хуулиар тогтоосон эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлж, нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

19. Иймд шүүхээс нутгийн өөрөө удирдах байгууллагын гаргасан шийдвэр үйл ажиллагааг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ж.Э, Я.Д, Б.Д, Ж.Б нараас гаргасан “...Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай “Орон нутгийн хамгаалалттай газраас хэсэгчлэн чөлөөлөх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Э, Я.Д, Б.Д, Ж.Б нараас Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “...Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай “Орон нутгийн хамгаалалттай газраас хэсэгчлэн чөлөөлөх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар, нэхэмжлэгч Ж.Э, Я.Д, Б.Д, Ж.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.БАЯСГАЛАН

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 20-24 дүгээр хуудас,

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 165-179 дүгээр хуудас,

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 149-150 дугаар хуудас,

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 162-164 дүгээр хуудас,

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 33-36 дугаар хуудас,

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудас,

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас,

[8] 2 дугаар хавтаст хэргийн 111-116 дугаар хуудас,

[9] 2 дугаар хавтаст хэргийн 117-119 дүгээр хуудас,

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудас,

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас,

[12] 2 дугаар хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас,

[13] 1 дүгээр хавтаст хэргийн 20-24 дүгээр хуудас,

[14] 1 дүгээр хавтаст хэргийн 149-150 дугаар хуудас,

[15] 1 дүгээр хавтаст хэргийн 162-164 дүгээр хуудас,

[16] 1 дүгээр хавтаст хэргийн 69-79 дугаар хуудас,

[17] 1 дүгээр хавтаст хэргийн 80-82 дүгээр хуудас,

[18] 1 дүгээр хавтаст хэргийн 82 дугаар хуудас,

[19] 1 дүгээр хавтаст хэргийн 209-211 дүгээр хуудас,

[20] 1 дүгээр хавтаст хэргийн 42-52 дугаар хуудас,

[21] 1 дүгээр хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас,

[22] 1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар хуудас,

[23] 1 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар хуудас,

[24] 2 дугаар хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас,

[25] 1 дүгээр хавтаст хэргийн 213 дугаар хуудас,