| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2405 00000 1459 |
| Дугаар | 2025/ДШМ/110 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Цогням |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/110
2025 01 21 2025/ДШМ/110
Э.Ц д
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор И.Цогням /томилолтоор/,
шүүгдэгч Э.Ц ,
хохирогч Ш.Б ,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/973 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Ц гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2405 00000 1459 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.Ц нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” караоке дотор хохирогч Ш.Б г тодорхой шалтгаангүйгээр хэл амаар доромжилж, түүний нүүрэн тус газар гараараа цохих, түлхэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокуророос: Э.Ц гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц г 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц нь шүүхээс оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц гоос хохирогчийн эмчилгээний зардалд 635.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3.3000.000 төгрөг, нийт 3.935.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Б д олгож, хохирогч Ш.Б нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн өдөр хохирогч Ш.Б бид хоёр хоёул согтсон байсан бөгөөд энэхүү үйлдлийг би санаатай үйлдээгүй, харилцан зодолдсон. Мөн миний нүүр халцарч, үс туг тугаараа унасан ч би гомдол гаргаагүйгээрээ хохирч байна. Би 3 хүүхэдтэй өрх толгойлсон эх хүн бөгөөд тухайн үед найз залуутай байсан ч одоо энэхүү асуудлаас болж маргалдан салцгаасан. Найз залуу маань манай хүүхдүүдийн эцэг нь биш юм. Энэ хэргээс болж би 9 сараас хойш цагдаа, прокурор гэж явж байгаа, одоо ажилгүй болж гэртээ хүүхдүүдээ харж байна. Би ч гэсэн хохирогчоос сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ, гомдолтой байна. ...хохирогчид гаргуулахаар шийдвэрлэсэн 3.935.000 төгрөгийг зөвшөөрөхгүй, өгч чадахгүй. ...” гэв.
Хохирогч Ш.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад хохирол учруулсан байж яагаад өдий хүртэл нэг ч удаа холбогдоогүй, хохирол төлбөр төлөөгүйг гайхаж шүүгдэгчээс асуумаар байна. Би тухайн үед анх удаа шүүхээр орж байгаа хүнд шүүх арай хатуу шийтгэл оногдуулчихлаа гэж бодож байсан. Гэвч 2 настай хүүхдээ хараад гэртээ сууж, хэрэгтэй зүйлээ зээлээр аваад ирэхээр надад мөнгө хэрэгтэй байна. Тухайн үед би шүүгдэгч рүү утасдаж “одоо би танд гомдолгүй, хохирол төлбөрөө өгчих” гэхэд намайг янз бүрээр хэлж, “дахиад тааралдвал ална шүү, хохирол төлбөр төлөхгүй, олоод аваарай” гэж хэлсэн. Тэгээд одоо хүртэл хохирол төлбөрөө төлөхгүй, уучлалт гуйхгүй яваад байгаа нь надад хүндрэлтэй байна гэв.
Прокурор И.Цогням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Цолмон өөрийгөө гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон гэж үзэж байгаа бол мөрдөх байгууллагад гомдол гарган шалгуулах эрх нь нээлттэй. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. Ингэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдэл, шударга ёсны зарчимд нийцсэн. Мөн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг хангасан, харин тодорхойлох хэсгийн 1.4-т “хохирогч Цэдэвсүрэн” гэж бичсэн нь бичиг техникийн алдаа, тогтоох хэсгийн 3 дахь заалтад “3.3000.000” гээд нэг 0 илүү бичсэн, 6 дахь заалтад “энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй” гэснээ дүгнэлт хэсэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалахаар заасан. Эдгээр бичиг техникийн алдаатай гаргасан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос залруулга бичсэн боловч залруулсан эсэх талаар холбогдох баримтыг прокурорын газарт ирүүлээгүй. Иймд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан асуудлуудаар өөрчлөлт оруулах саналыг гаргаж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Ц гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Ц нь нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” караоке дотор хохирогч Ш.Б г тодорхой шалтгаангүйгээр хэл амаар доромжилж, түүний нүүрэн тус газар гараараа цохих, түлхэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гомдол мэдээл хүлээн авсан тэмдэглэл /хх2/, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12135 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх15-16/, 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх53-55/,
хохирогч Ш.Б гийн “...Тухайн өдөр би 00 өрөө орж бие засах гэхэд нэг танихгүй эмэгтэй угаалтуурын дэргэд зогсож байсан. Тэгээд би цүнхээ тавиур дээр нь тавиад ардуур нь гараад 00-н хаалга түлхсэн чинь нөгөө эмэгтэй “манай найз бие засаж байна, гичий минь” гэсэн. Тэгэхээр нь би “чи юу гээд байгаа юм бэ?” гэж хэлэхэд намайг нэг түлхээд, нүүр хэсэгт цохисон. Би тэр эмэгтэйтэй ноцолдоод, цаашаа юу болсныг санахгүй байна. ...тэгээд миний цүнх алга болчихсон байсан тул караокены ресейпшнд хэлсэн. ...”/хх6-7/ гэх,
гэрч Э.Ц гийн “...04 цагийн үед ариун цэврийн өрөө рүү орсон. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Манай найз Хулан биднийг салгасан. ...Би тасарчихсан байсан тул юунаас болж маргасан талаар санахгүй байгаа. ...Өөрийнхөө цүнхтэй андуураад нэг цүнх аваад гарсан байсан. Тэгээд онгойлгоод үзэхэд миний цүнх биш байсан тул караокены тэр хавьд хаячихсан. Дотор нь нэг утас байхаар нь алга болчхож магадгүй гэж бодоод авчихсан. ...”/хх10-11/ гэх,
яллагдагч Э.Ц гийн “...Би тухайн хүний биед гэмтэл учруулсан. Юунаас болж маргасан талаар санахгүй байна. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна...” /хх28-29/ гэх мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ш.Б гийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Э.Ц гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, түүнд 300 /гурван зуу/ нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Ц нь “...Би 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, одоо гэртээ ажилгүй байгаа. ...сэтгэл санааны хохирлыг хохирогчийн адил нэхэмжилж байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан ба тус гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,
Шүүгдэгч Э.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн хохирогч Ш.Б гийн биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Тэрээр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, мөн шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нь шалтгаант холбоотой байна.
Түүнчлэн, шүүгдэгч Э.Ц нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Тухайн үед миний нүд хөхрөөд хавдчихсан, дух халцарчихсан байсан. Одоо ил харагдах шарх, сорив байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өөрийн эрүүл мэндэд хохирол учирсан гэж маргасан зүйлгүй, энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаж, ажиллагаа хийгдээгүй байна.
Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Э.Ц гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн, Иргэний хуулийн 505 дугаар зүйлд “Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах” талаар заасан ба 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж хуульчилснаас үзэхэд шүүгдэгч Э.Ц нь хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй бөгөөд тэрээр давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч нь хохирогчид төлбөл зохих хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх ба дээрх хуулийн заалтын дагуу хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгжүүлсэн заалтыг оруулах нь зүйтэй байна.
Иймд шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц гоос хохирогчийн эмчилгээний зардалд 635.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3.3000.000 төгрөг, нийт 3.935.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Б д олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц гоос хохирогчийн эмчилгээний зардалд 635.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3.300.000 төгрөг, нийт 3.935.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Б д олгосугай...” гэж, 6 дахь заалтад “...энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй...” гэснийг “...энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж...” гэж тус тус зохих өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээв.
Мөн шийтгэх тогтоолд шүүгдэгч Э.Ц гийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг “...2023 оны...” гэж техникийн шинжтэй алдаа гарган бичсэн ба мөн үндэслэх хэсэгт “...хохирогч С.Б тэй маргалдаж...” гэж хэрэгт хамааралгүй хүний нэр оруулсан нь тус хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхгүй хэдий ч дээрх алдааг дахин гаргахгүй байхад анхан шатны шүүх анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны 2024/ШЦТ/973 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
4 дэх заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц гоос хохирогчийн эмчилгээний зардалд 635.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3.3000.000 төгрөг, нийт 3.935.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Б д олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц гоос хохирогчийн эмчилгээний зардалд 635.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3.300.000 төгрөг, нийт 3.935.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Б д олгосугай...” гэж,
6 дахь заалтад “...энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй...” гэснийг “...энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Ц гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ