| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2026/0489/З |
| Дугаар | 128/ШШ2026/0736 |
| Огноо | 2026-08-17 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2026/0736
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П******* ХХК /РД:*******/
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нарын хоорондын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П******* ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан П******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, П******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах, 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дээрхи тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.
2.1. Ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлөөр Дорнод аймгийн Б******* сумын Ө нэртэй газар орших 1276.20 гектар хайгуулын талбайд хайгуул хийх зөвшөөрлийг К******* ХХК-нд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг дуусталх хугацаагаар олгож улмаар 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг П******* ХХК-д шилжүүлснийг бүртгэжээ.
2.3. П******* ХХК-иас 2026 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 26/02-01 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт ...2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээн авч хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хандсанаар тус газрын 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/1051 дугаар албан бичгээр Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар шүүлт хийхэд танай эзэмшилд байсан Дорнод аймгийн Б******* сумын нутагт Ө нэртэй 1276.2 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон бүртгэлтэй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж,... гэж заасан бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс өмнө төрийн захиргааны байгууллагад тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул танай гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй...-г мэдэгджээ.
3.1. Нэхэмжлэгч П******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...Дорнод аймгийн Б******* сумын нутагт Ө нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг хууль ёсоор эзэмшдэг...Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ:, 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн 3 дахь удаагийн /10-12 дэх жил/ хугацаа сунгуулахаар 2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр Кадастрын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн сунгалт хариуцсан мэргэжилтэнд сунгуулах өргөдлөө өгөх гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт-ыг шинэчлэн батлуулж ирэхийг шаардсан.
Дорнод аймгийн Б******* сумын засаг даргаар Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шинэчлэн батлуулж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст өгөх гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргаагүй гэх шалтгаанаар хүлээн аваагүй.
Бид өргөдөл хүлээн аваагүйтэй холбоотой асуудлаар олон нийтэд нээлттэй shuukh.mn сайтнаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахтай холбоотой хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлэдэг талаар судлан үзэхэд Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 21 дүгээр, 111 дүгээр, 2020 оны 208 дугаар, 2023 оны 09 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх нь уг тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа тохиолдолд хамгаалагдах тул тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд нь түүнийг сунгуулах тухай өргөдлөө гаргах эрхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар олгосон, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссанаар түүний эзэмшигчийн эрх дуусгавар болно гэж дүгнэж тайлбарласан байна.
Үүний дагуу ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болж байгаатай холбоотой тусгай зөвшөөрлийн хугацаа хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гаргасныг хүлээн аваагүй.
Бид 2026 оны 02 сарын 01-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт энэ асуудлаар гомдол хүсэлт гаргасан байх ба түүний хариуд Ашигт малтмал, газрын тосны газраас ...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж,... гаж заасан бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс өмнө төрийн захиргааны байгууллагад тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул танай гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдье гэсэн хариу илгээжээ.
Ийнхүү П******* ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээн авч ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах шийдвэр гаргахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож тус тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах шийдвэрийг гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П******* ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл 2025 оны 05 дугаар сарын 03-нд хугацаа нь дуусгавар болохоор байсан. Тэгэхээр П******* ХХК-ийн ажилтан Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын кадастрын хэлтэс дээр хугацаагаа сунгуулах гээд 2025 оны 04 дүгээр сарын 01-нд буюу сарын өмнө очоод баримт бичиг өгөх гэсэн боловч танайх менежментийн төлөвлөгөөгөө шинэчлэн батлуулаагүй байгаа учраас батлуулаад аваад ир гэсэн. Ингээд 04 дүгээр сарын 18-нд тухайн төлөвлөгөөгөө батлуулсан, батлуулаад 04 дүгээр сарын 22-нд буюу тусгай зөвшөөрлийн хүчинтэй байгаа хугацаандаа дахиад очсон. Тэгтэл танайх 1 сарын өмнө хүсэлтээ гаргаагүй учраас манайх хүлээж авахгүй гэсэн хариу өгсөн. Ингээд материалаа өгөх гэж хичээсэн боловч хүлээж авахгүй байсан учраас өгч чадалгүй буцсан байдаг. Үүнтэй холбоотойгоор шүүхийн нэхэмжлэл гаргаж байгаа шаардлага нь юу бэ гэхээр тухайн асуудлаар Улсын дээд шүүхийн хэд хэдэн шийдвэр, тогтоолууд гарсан байна.
Улсын дээд шүүхийн нэгэнт гарсан тогтоол жишиг болж тогтож байгаа цаг үе, хууль зүйн эрх зүйн зохицуулалтын үед бид нар байгаа. Улсын дээд шүүхийн 2016 оны 21 дүгээр тогтоол, 111 дүгээр тогтоол, 2020 оны 208 дугаар тогтоол, 2023 оны 9 дүгээр тогтоол гээд олон жишээ байгаа. Тухай тогтоолуудад тусгай зөвшөөрөл хуулийн хүчин төгөлдөр байгаа хугацаанд нь хүсэлт гаргах юм бол тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулахгүй байх үүднээс түүнийг авч хэлэлцэж шийдвэр гаргах үүрэг захиргааны байгууллагад байна. 1 сарын өмнө хүсэлтээ гаргаагүй гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх олгогдоогүй байна гэсэн тогтоолууд гарсан байна. Тэгэхээр Дээд шүүх жишиг тогтоогоод олон хэрэг дээр иймэрхүү агуулгатай шийдвэр гаргачихсан байхад яг энэ асуудлаар олон шүүхийн маргаанаар ордог байгууллага, энэ асуудлыг эрхэлж шийддэг байгууллага энэ жишгийг өөрийнхөө үйл ажиллагаанд жишиг болгохгүйгээр бусдын эрх ашгийг хөндөөд явж байгаа нь зохимжгүй байна гэж үзэж байгаа. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь шударга ёс, тэгш байдлыг хангах, хууль дээдлэх гэж заасан байгаа. Тэгэхээр зарим байгууллагад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд 1 сарын хугацааг харгалзахгүйгээр тухайн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд нь хүсэлт гаргаж байгаа тохиолдолд тухайн хүсэлтийг нь хүлээж авч шийдвэрлэж байгаа жишиг тогтчихсон эрх зүйн үйлчлэл байсаар байхад манай байгууллагын хувьд хугацаандаа хүсэлтээ гаргасаар байтал хүлээж авч шийдвэрлэхгүй байгаа нь тэгш байдлыг алдагдуулж байна.
Төрийн үйл ажиллагаа хууль дээдлэх ёсыг, шударга ёсыг хангахгүй байна гэж үзэж байгаа. Мөн хууль зүйн үндэслэлийн хувьд Захиргааны ерөнхий хууль дээр 4.2.8-т хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заалт байна. Нэгэнт манай тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оны 05 дугаар сарын 03-ний өдөр дуусгавар болж байгаа үед түүнээс өмнөх цаг хугацаанд манай хууль ёсны итгэлийг хамгаалах үүрэг захиргааны байгууллагад байгаа гэж үзэж байгаа. Манай хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэхгүй байгаагаар хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг алдагдуулж байна. Захиргааны байгууллагын шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх нь зарчмыг алдагдуулж байна гэж үзэж байна. Нэгэнт хүчин төгөлдөр байгаа хугацаандаа хүсэлтээ гаргасаар байтал түүнийг авч шийдвэрлэхгүй, манай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байгаа нь өөр бусад гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй нөхцөл байдлыг харгалзахгүй байна. Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа бол захиргааны байгууллагын шийдвэр үндэслэл бүхий байж болох.
Гэтэл манай хугацааг сунгаснаараа бусдын, гуравдагч этгээдийн ямар нэгэн эрх ашгийг хөндөөгүй. 1 сарын өмнө хүсэлт гаргаагүй нь хугацааг сунгахгүй байх үндэслэл болохгүй буюу энэ эрхийг хуульд зааж өгөөгүй. Захиргааны байгууллагад 1 сарын өмнө тусгай зөвшөөрөл сунгах хүсэлтээ гаргаагүй байх юм бол тусгай зөвшөөрлийг хугацааг дуусгавар болгоод хүчингүй болгоорой гэдэг эрхийг хуульд тусгайлан зааж олгоогүй. Тэгэхээр эрх нь олгогдоогүй байхад захиргааны байгууллага ийм шийдвэр гаргаж байгаа. Өнөөдөр би шүүхэд өгсөн нотлох баримтыг захиргааны байгууллагад өгсөн байсан. Хариуцагч байгууллага гаргаж өгөхгүй байна. Менежментийн төлөвлөгөө гаргаж өгч байгаа шалтгаан нь хуулийн хугацаандаа хүсэлт гаргасан гэдэг нь төлөвлөгөөгөө 04 дүгээр сарын 18-нд батлуулаад байгаа үйл баримтаар тогтоогдож байгаа. 04 дүгээр сарын 18-нд батлуулчхаад 04 дүгээр сарын 22-нд дахиад очсон боловч хүлээж аваагүй. Хариуцагч байгууллага хэлэхдээ н.Нямдорж гэдэг мэргэжилтэн байсан гэж ярьдаг. Огт хүлээж аваагүй талаар өөр бусад байдлаар нотлоход бэрхшээлтэй болчхоод байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
4.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Дорнод аймгийн Б******* сумын Ө нэртэй газарт орших 1276.20 гектар талбайг хамарсан ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 307 дугаар шийдвэрээр К******* ХХК-д олгож, мөн даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаар шийдвэрээр П******* ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна.
XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох үндэслэлийн талаар.
Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана. 22.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 22.1.2-д үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-д байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, 22.1.4-д хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас харахад төрийн захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан баримтын хүрээнд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах эсэхийг шийдвэрлэхээр байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажиллах үндсэн үүрэгтэй бөгөөд хуулийн шаардлагыг бүрэн биелүүлж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллахаа мэдэгдэж П******* ХХК нь гаргасан зөвшөөрлийн нотолгоо-нд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Гэтэл П******* ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө төрийн захиргааны байгууллагад гаргаагүй тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу дуусгавар болсныг уул уурхайн кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн нь үндэслэлтэй байна.
XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах шаардлагын тухайд:
Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасны дагуу П******* ХХК нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй тул хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах боломжгүй юм.
Гурав. Ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан талаар Ашигт малтмал, газрын тосны газрын https://mrpam.gov.mn/ сайтад 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нийтэд мэдээлсэн.
Гэтэл П******* ХХК тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах талаар 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26/02-01 дүгээр албан бичгээр төрийн захиргааны байгууллагад гомдол гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбараа дэмжиж байна. П******* ХХК 2025 онд 04 дүгээр сарын 22-нд сунгах өргөдлөө гаргаж өгсөн гээд байна. Тэгэхээр би Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд мэдээж тодорхой баримтуудыг хавсаргаж өгөхийг шаарддаг. Гэтэл ямар баримтууд Ашигт малтмал газрын тосны газар дээр аваачиж өгсөн нь тодорхой харагдахгүй байгаа юм. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг өгөхдөө 2026 оны сүүлд буюу гомдол гаргахдаа албан бичгээрээ эх хувийг хавсаргав гэж бичсэн байсан. Гэтэл эх хувийг хавсаргасан юм яагаад өөрсдөө эх хувийг авчирч өгсөн бэ? Эх хувийг хавсаргаж өгөөгүй гэдэг нь харагдаж байна.
Шүүхэд гаргаж өгсөн баримт материал дээр 2022, 2023, 2024 оны геологи хайгуулын төлөвлөгөө тайлан ирүүлээгүй байж ямар өргөдөл гаргачхаад байгаа юм. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл сунгах өргөдөл гаргахдаа 1 сая төгрөг төлдөг. Би тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримт л авчирч өгсөн, гэтэл үйлчилгээний хөлс 1 сая төгрөг төлдөг баримт өнөөдөр хавтаст хэрэгт байхгүй, нэхэмжлэгч тал өргөдөл гаргасан л гээд байдаг. Ямар өргөдөл гаргачхаад байгаа нь яригдахгүй байна.
Өнөөдөр хавтаст хэрэгт үйлчилгээ хөлс төлсөн 1 сая төгрөгийн баримт байхгүй. Тайлан төлөвлөгөө, өгсөн баримтыг хавсаргаж өгөөгүй. Тэгэхээр нь би өөрөө гаргаж өглөө. 04 дүгээр сарын 01-нд өгсөн гэж байгаа ч 04 дүгээр сарын 17-ний өдөр баталчихсан байсан. Гэтэл өргөдөлдөө ямар материал хавсаргаж ирүүлсэн нь харагдахгүй. Тэгэхээр өргөдөл өгсөн эсэх, ямар материал хавсаргаж өгсөн нь нотлогдохгүй байна. 2025 оны 05 дугаар сарын 03-нд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон. Дуусгавар болсноос хойш 2026 оны 02 дугаар сарын 11-нд ганц удаа хандсан. Тэгэхээр хариуцагчийн тайлбар дээрээ бичсэн хөөн хэлэлцэх хугацааны асуудал байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж үнэлээд, дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч П******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч П******* ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан П******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, П******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлт шийдвэрлэхийг даалгах, 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хугацаа дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж гаргасан, уг шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв
2. Хэрэг авагдсан баримтуудаар:
2.1. Ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлөөр Дорнод аймгийн Б******* сумын Ө нэртэй газар орших 1276.20 гектар хайгуулын талбайд хайгуул хийх зөвшөөрлийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр К******* ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг дуусталх хугацаагаар олгож, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг П******* ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн,
2.2. Нэхэмжлэгч компанийн Дорнод аймгийн Б******* сумын нутаг дахь Ө нэртэй 1276.2 гектар хайгуулын талбайд 2025 онд гүйцэтгэх эрэл үнэлгээний хайгуулын ажлын байгаль орчин хамгаалах төлөвлөгөө-г Б******* сумын байгаль орчны улсын байцаагч Г.Г******* хянаж, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гарын үсэг зурсан болон нэхэмжлэгчээс 2026 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 26/02-01 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт ...2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээн авч хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хандсанаар тус газрын 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/1051 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон бүртгэлтэй байна, 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс өмнө төрийн захиргааны байгууллагад тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүй,...захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн... гэх татгалзсан хариу хүргүүлсэн болох нь тус тус тогтоогдов.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оны 05 дугаар сарын 03-нд дуусгавар болохоор байсан, 2025 оны 04 дүгээр сарын 01-нд буюу сарын өмнө очоод баримт бичиг өгөх гэсэн боловч менежментийн төлөвлөгөөгөө шинэчлэн батлуулаад аваад ир гэсэн ба 04 дүгээр сарын 18-нд тухайн төлөвлөгөөгөө батлуулсан тул тусгай зөвшөөрлийн хүчинтэй байгаа хугацаандаа дахин хандсан боловч 1 сарын өмнө хүсэлтээ гаргаагүй гэж буцаасан гэж тодорхойлсныг хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баримтуудыг хавсаргаж хүсэлтээ өгсөн нь нотлогдохгүй байна, эс үйлдэхүй гаргаагүй гэж тайлбарлан маргасан.
4. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ, 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах, 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана, 22.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 22.1.2-д үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-д байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, 22.1.4-д хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт, 22.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ, 22.3-т Төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгамагц энэ тухай татварын албанд мэдэгдэж, өдөр тутмын сонинд нийтэлнэ, 22.4-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 17.1-д заасан цахим хэлбэрээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж тус тус заасан.
5. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг уг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргах үүрэгтэй боловч тухайн тогтоосон 1 сарын хугацаанаас өмнө өргөдөл гаргаагүй бол тухайн өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхийг захиргааны байгууллага, албан тушаалтанд олгоогүй буюу Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд сунгуулах өргөдөл гаргах нь тусгай зөвшөөрөл эзэмшиж буй этгээдийн эрх байна.
6. Иймд, хариуцагчаас Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө төрийн захиргааны байгууллагад гаргаагүй тул гаргаагүй тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу дуусгавар болсныг уул уурхайн кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн нь үндэслэлтэй гэх тайлбар үндэслэлгүй.
7. Учир нь нэхэмжлэгч нь Дорнод аймгийн Б******* сумын нутаг дахь Ө нэртэй 1276.2 гектар хайгуулын талбайд 2025 онд гүйцэтгэх эрэл үнэлгээний хайгуулын ажлын байгаль орчин хамгаалах төлөвлөгөө-г 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр батлуулсан, энэ нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дотор буюу тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд хамаарч байна.
8. Нөгөө талаар нэхэмжлэгч компани 2025 оны 4 дүгээр сарын 01 болон 4 дүгээр сарын 22-ны өдрүүдэд хариуцагч байгууллагад очиж хүсэлт гаргасан нь баримтаар тогтоогдоогүй хэдий ч тус компанийн 2026 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 26/02-01 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт ...2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээн авч хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хандсан ба хариуцагч нь 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/1051 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй гэж татгалзсанаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага хууль бус эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэлтэй.
9. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан ба хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь нэхэмжлэгч П******* ХХК-ийн гаргасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан, уг эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх дүгнэв.
10. Түүнчлэн, нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газарт 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гаргасан гомдолдоо хугацаа сунгуулахаар хуульд заасан баримт бичгүүдийг хавсаргаж өгсөн боловч хүлээн аваагүй талаар болон Дорнод аймгийн Б******* сумын нутаг дахь Ө нэртэй 1276.2 гектар хайгуулын талбайд 2025 онд гүйцэтгэх эрэл үнэлгээний хайгуулын ажлын байгаль орчин хамгаалах төлөвлөгөөний эх хувийг хавсаргаж хүргүүлсэн гэж тайлбарласныг хариуцагчаас үгүйсгэж маргасан хэдий ч энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
11. Иймд П******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсныг кадастрын мэдээллийн санд бүртгэснийг хүчингүй болгож, П******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухайн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч П******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, П******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болгож бүртгэсэн кадастрын мэдээллийн бүртгэлийг хүчингүй болгож, П******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдав.