2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/08689

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 28

192/ШШ2025/08689

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, **** хотхон 504 байр, **** тоот хаягт байрлах, **** овогт **** /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Roma town luxury apartment хотхон, **** тоот хаягт байрлах, **** /РД:****/-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авах, алданги 4,171,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...**** би ****-ийн хэрэгжүүлж буй Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах **** нэртэй орон сууцны хотхоноос орон сууц захиалан бариулахаар тохиролцож тус компанитай ****8 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 803/77 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан.

Орон сууц захиалгын гэрээгээр тус 803-р орон сууцны 9 давхрын **** тоот хаягт байрлах 54.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,750,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож нийт 92,500,000 төгрөгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд ****-ийн Голомт банкны **** тоот дансанд 55,500,000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 37,000,000 төгрөгийг ****-тай ЗГ-21/061 дугаартай зээлийн гэрээ байгуулан бэлэн бусаар шилжүүлж, би гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

Улмаар ****-тай байгуулсан ЗГ-21/061 дугаартай зээлийн гэрээ байгуулсан 37,000,000 төгрөгийн зээлийг 2023 оны 11 дүгээр сарын 29- ний өдөр бүрэн төлж, зээлийг хаасан.

 

Дээрх орон сууц захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.1-д "Гүйцэтгэгч нь орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу барьж, Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулан, холбогдох бичиг баримтыг Захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасан хэдий ч гүйцэтгэгч **** нь өнөөдрийг хүртэл орон сууцны холбогдох баримт бичиг болох Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг өгөхгүй, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр банкны барьцаанд тавьсан байна.

Орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т "Захиалагч өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардагдах баримт бичгийг Гүйцэтгэгч нь шилжүүлж өгөх үүрэгтэй бөгөөд холбогдон гарах зардлыг Захиалагч хариуцна" гэсэн заалтын дагуу гүйцэтгэгчийг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж орон сууцны холбогдох баримт бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авах, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж байна.

Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т "хэрэв гүйцэтгэгч гэрээний орон сууцыг тогтоосон хугацаанаас 3 сараас илүү хэтрүүлсэн тохиолдолд 3 сар хэтэрснээс хойшхи хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.01 хувийн алдангийг Захиалагчид төлнө гэж заасны дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй тул 2023 сны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс гүйцэтгэгч компаниас алдангид 1 хоногийн 9,250 төгрөг нийт хугацаа хэтрүүлсэн 451 хоногийн алданги 4,171,750 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг, орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө гэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талаас хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч****гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй манай удирдлагууд танилцсан бөгөөд нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна. Бид 12 дугаар сарын 31-ний өдөр буюу оноос өмнө алданги 4,000,000 төгрөгийг шилжүүлэх саналтай байгаа. Байрны өмчлөх эрхийг шилжүүлэхэд асуудалгүй. Хамгийн гол нь ХААН банк ХК-ийн барьцаанд манай 40 орчим орон сууц барьцаанд байгаа. Энэ орон сууц мөн барьцаанд байгаа. Орон сууц барьцаанд байгаатай холбоотойгоор өмчлөгчид барьцааны үүрэг шилждэг. Оноос өмнө зээлийн асуудлыг шийдвэрлээд орон сууцаа чөлөөлж авах гэж байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөд шүүгчийн захирамжаар шийдүүлэх боломжтой. Өмчлөгчөөр нь хүлээн зөвшөөрөхөд татгалзах зүйл байхгүй гэв.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас - Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дансны дэлгэрэнгүй хуулга, орлогын мэдүүлэг, харилцах дансны хуулга, орон сууц захиалгын гэрээ, **** ХХК-ийн тодорхойлолт, орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, гүйлгээний баримтууд, итгэмжлэл.

 

3.2. Хариуцагч талаас - Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч****гээс хариуцагч ****-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авах, өмчлөгч болохыг тогтоолгох, алданги 4,171,750 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.  

 

2. Нэхэмжлэгч тал нь ...Орон сууц захиалгын гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, төлбөрийг төлсөн, орон сууцны өмчлөгч мөн юм. **** нь өнөөдрийг хүртэл орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээг гаргаж өгөөгүй. Мөн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлнө гэж заасны дагуу алданги нэхэмжилж байна гэж шаардлага үндэслэлээ тодорхойлдог бөгөөд хариуцагч тал нь ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдааны үед гаргадаг. Талууд хэдийгээр маргахгүй байгаа ч тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь Хаан банк ХК-ийн зээлийн барьцаанд байгаа талаар талууд тайлбартаа дурьддаг.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон үйл баримтын талаар:

3.1. Шүүх хариуцагч ****-д холбогдуулан гаргасан****гийн нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 6 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Хариуцагч нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гардан авч хуульд заасан хэргийн оролцогчийн эрх үүрэгтэй танилцсан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрнө, эвлэрэн хэлэлцэх саналтай байна гэх хариу тайлбарыг ирүүлсэн байдаг.

 

3.2. Хариуцагч **** нь орон сууцны барилгыг өөрийн материалаар чанарын шаардлагад нийцүүлэн барьж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч**** нь төлбөр төлөхөөр харилцан тохиролцож орон сууц захиалгын гэрээ гэх гэрээг байгуулсан байна. Нэхэмжлэгч**** гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлсөн үйл баримт тогтоогддог, хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй.

 

4. Хууль хэрэглээ, шаардлага, татгалзал нотлогдож буй талаар:

4.1. Дээрх нотлогдож байгаа үйл баримт, талуудын тайлбараас үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна. Энэ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1-т заасантай нийцнэ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн байна.

 

4.2. Орон сууц захиалгын гэрээний 3.1.4-д Төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд гүйцэтгэгчийг гэрээгээр тогтоосон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөхийг шаардах, 3.1.5-д Орон сууцны хөрөнгө оруулалтыг гэрээгээр тогтоосон хугацаанд бүрэн төлж, орон сууц хүлээлцэх акт үйлдэн, түлхүүр хүлээн авснаар орон сууцны өмчлөх эрхээ баталгаажуулах, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гүйцэтгэгчээс шаардах, 3.4.1-д Орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу техникийн шаардлага хангасан материалаар чанартай барьж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах, холбогдох бичиг баримтын хамт захиалагчид өгөх, 5.3-д Гүйцэтгэгч орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөхөөр тогтоосон хугацааг 3 сараас илүү хэтрүүлсэн тохиолдолд 3 сар хэтэрснээс хойших хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.01 хувийн алдангийг захиалагчид төлнө гэж заасан.

 

4.3. Энэхүү хуулийн зохицуулалт, гэрээний дагуу хариуцагч тал үүргээ гүйцэтгээгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргуулах, өмчлөгч болохыг тогтоолгох, хугацаа хэтрүүлснээс үүсэх үүрэг болох алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

5. Дээрх шаардах эрхийн дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан, хариуцагч хүлээн зөвшөөрсөн агуулгаар тайлбар гаргаж байх тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахын зэрэгцээ маргааны зүйл болох орон сууц Хаан банк ХК, **** нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан асуудлын хувьд нэхэмжлэгч, хариуцагч нарын гэрээний харилцаа, тэдний хүсэл зориг нь барьцааны эрхэд нөлөөлөхгүй гэж үзэв.

Тодруулбал, барьцааны эрхийн талаарх маргаан үүсэхэд шүүхийн энэ шийдвэр саад болохгүй болохыг тэмдэглэж байна.

 

6. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч ****-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргахыг даалгаж, мөн алданги 4,171,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч****г орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч****г Баянгол дүүргийн 10 дугаар хороо, **** хотхон, 803 дугаар байрны 9 давхрын **** тоот хаягт байрлах 54.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож, хариуцагч ****-иас 4,171,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч****д олгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **** дугаар зүйлийн ****.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 151,871 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 151,871 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ