| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2018/0084/Э |
| Дугаар | 92 |
| Огноо | 2018-07-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Шүүгдэгч У.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаат овогт Уранчимэгийн Бд холбогдох 1829000970073 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 11-07 ӨМӨ улсын дугаартай Ниссан Теана маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн С.Мөнхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. “ гэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12 дугаар хуудас/,
У.Бгийн №1083698 дугаартай жолооны үнэмлэхийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15-19 дүгээр хуудас/
Хохирогч С.Мөнхбаярын /ФА93072019/-н: ”...морио унаад гудамж дундуур хойшоо чигтээ цогиод явж байтал баруун талаас зүүн тийш чиглэлтэй саарал өнгийн суудлын машин их хурдтай гарч ирээд юу юуны зуургүй тулаад ирсэн. Би морио хааш нь залахаа шийдэж чадалгүй тэр машины баруун тал руу морьтойгоо мөргөөд морин дээрээсээ шидэгдээд нөгөө машины дээгүүр даваад хойд тал руу нь гарч унасан. Би эмчилгээний зардлаа тэр жолооч эмэгтэйгээс нэхэмжилж байна. Би эмнэлэгт ор хоногийн мөнгө гэж 510,000 орчим төгрөг төлөх ёстой, одоогоор үүнийг өөрөө гаргасан. Ханбогдоос аймаг руу эмнэлгийн машинаар хүргүүлсэн. Үүнд бензин шатахуунд 210,000 төгрөг зарцуулсан. Эмнэлэгт хэвтэж байхдаа 180,000 төгрөгийн эм тариа авсан. Ханбогд сумын эмнэлэгт 56,000 төгрөгийн эм тариа хэрэглэсэн. Ирэх жил хадаасаа авахуулахад бас мөнгө шаардлагатай гэсэн. Одоогоор надад 1,700,000 төгрөгийн зардал гарсан. Би аймагт эмнэлэгт байхдаа хүн танихгүй тул дандаа гуанзнаас хоол унд авч идэж байсан. Мөн нааш цааш явахад надад зөндөө зардлууд гарсан. Би осолд буруутай талаас надаас гарсан болон цаашид гарах зардалдаа 3,500,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Одоогоор нэхэмжлэлийн баримтаа бүрдүүлж чадаагүй тул хэрэгт хавсаргах баримтыг гаргаж өгч чадахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Баттогтохын: “...Мөнхбаяр адуугаа услахаар сумын төвд миний зээрд халзан морийг унаж яваад машинтай хүнтэй мөргөлдсөний улмаас морь үхсэн ба Мөнхбаяр өөрөө гэмтсэн. Би адуугаа 1,500,000 төгрөгөөр үнэлж байгаа ” гэх мэдүүлэг /хх-н 26-27 дугаар хуудас/,
У.Бгийн гэрчээр өгсөн “Би өөрийн эзэмшлийн 11-07 ӨМҮ улсын дугаартай Ниссан Теана маркийн машинтай гэр хороолол дундуур явж байтал баруун гар талаас морьтой хүн гарч ирээд машины хойд талыг мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-н 28-29 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №206 дугаартай шинжээчийн “...С.Мөнхбаярын биед зүүн дунд чөмөгний далд хугарал, 2 гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас /,
Замын цагдаагийн шинжээчийн: “...жолооч У.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.13-т заасан “хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”.... заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх-н 40 дүгээр хуудас/,
“Вендо” хөрөнгийн үнэлгээний Ц18-21 дугаартай “5 настай бүдүүн эр адуу 700,000 төгрөгөөр үнэлэгдлээ” гэх тайлан /хх-н 44-51 дүгээр хуудас/,
Шүүгдэгч У.Бгийн яллагдагчаар өгсөн:”...Би тэр хүнийг машины араар гараад явах байх гэж бодсон учир зам тавьж өгөөгүй чигээрээ явж байгаад осол гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 дүгээр хуудас/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зүүн сайханы 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-н 62 дугаар хуудас/,
Шүүгдэгч У.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар хуудас/,
У.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 66 дугаар хуудас/,
Шүүгдэгч У.Бгийн гурван талаас нь харуулсан гэрэл зураг, гарын дардасны бланк /хх-ийн 71-72 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-н 73 дугаар хуудас/,
У.Бгийн арилжааны банкнуудад харилцах, зээл, хадгаламжтай эсэх талаарх лавлагаа /хх-ийн 81-99 дугаар хуудас/,
Хохирогч С.Мөнхбаяр, иргэний нэхэмжлэгч Ц.Баттогтох нарт шилжүүлсэн мөнгөний баримтууд /хх-н 74, 113, 118 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний болон жолоочийн лавлагааны хуулбар /хх-ийн 68, 73 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч У.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 11-07 ӨМӨ улсын дугаартай Ниссан Теана маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн С.Мөнхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12 дугаар хуудас/,
-Замын цагдаагийн шинжээчийн: “...жолооч У.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.13-т заасан “хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”.... заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх-н 40 дүгээр хуудас/, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч С.Мөнхбаярын биед учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч У.Бгийн Ниссан Теана маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хохирогчийг мөргөсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч У.Бг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч С.Мөнхбаярын биед хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №206 дугаартай шинжээчийн “...С.Мөнхбаярын биед зүүн дунд чөмөгний далд хугарал, 2 гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас /, иргэний нэхэмжлэгч Ц.Баттогтохын эд хөрөнгөнд хохирол учирсан болох нь “Вендо” хөрөнгийн үнэлгээний Ц18-21 дугаартай “5 настай бүдүүн эр адуу 700,000 төгрөгөөр үнэлэгдлээ” гэх тайлан /хх-н 44-51 дүгээр хуудас/-аар тус тус тогтоогдож байна.
“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт хохирогч С.Мөнхбаярт 1,340,000 төгрөг /хх-ийн 74 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Ц.Баттогтоход 700,000 төгрөг /хх-н 113, 118 дугаар хуудас/-ийг тус тус төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ. Харин хэргийн хохирогч С.Мөнхбаяр нь эмчилгээний болон бусад зардалд нийт 3,500,000 төгрөг нэхэмжилсэн талаар мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд илэрхийлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас төлөгдөөгүй үлдсэн 2,160,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хохирогч С.Мөнхбаяр нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан, хийсэн хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын саналыг хөнгөрүүлж, шүүгдэгчид 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор хурааж ирүүлсэн У.Бгийн В ангиллын 1083698 тоот жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц У.Бд шилжүүлж олгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд У.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ямаат овогт Уранчимэгийн Бг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Бг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч У.Б нь иргэний нэхэмжлэгч Б.Баттогтоход 700,000 төгрөг, хохирогч С.Мөнхбаяр нь 3,500,000 төгрөг нэхэмжилснээс 1,340,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогч С.Мөнхбаярын нэхэмжлэлийн шаардлагаас төлөгдөөгүй үлдэх 2,160,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.Мөнхбаяр нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор хурааж ирүүлсэн У.Бгийн В ангиллын 1083698 тоот жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц У.Бд шилжүүлсүгэй.
7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй У.Бгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд У.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд У.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН