| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2405022141132 |
| Дугаар | 2025/ДШМ/73 |
| Огноо | 2025-01-09 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2025/ДШМ/73
2025 01 09 2025/ДШМ/73
Б.Бт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Батзаяа,
хохирогч Э.Б,
шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Мандхай,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/897 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2405022141132 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Б
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр О.Агийн өмчлөлийн Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг худалдан борлуулж төлбөрийг гэрээнд заасан хохирогчийн дансанд шилжүүлэлгүй хохирогчид “Е” ББСБ-аас мөнгө шилжиж орж ирээгүй байна гэж бодит байдлыг нуун хуурч, өөрийн Хаан банкны ..... дугаартай дансаар 20,600,000 төгрөгийг шилжүүлэн авч,
мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Э.Бийн өмчлөлийн Lexus RX-450 загварын тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, төлбөрийг гэрээнд заасан хохирогчийн дансанд шилжүүлэлгүй хохирогчид “Т” ББСБ-аас мөнгө шилжиж орж ирээгүй байна гэж бодит байдлыг нуун хуурч өөрийн Хаан банкны ……… дугаартай дансаар шилжүүлэн авч 60,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 02 жил 06 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Баас 20,600,000 төгрөгийг гаргуулан хохирогч О.Ад, 60,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Бид тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “... миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэл дээр анхнаасаа маргаагүй. Би бусдад учруулсан 80,600,000 төгрөгийг боломжоороо яаралтай төлж барагдуулна. Би учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа бөгөөд миний хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Мандхай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие өөрийн үйлчлүүлэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохирогч Э.Б шүүх хуралдаанд “хохирол төлбөрийн зарим хэсгийг авсан. Мөн шүүгдэгчтэй үлдэгдэл хохирлоо төлж барагдуулна гэж тохиролцсон” хэмээн холбогдох баримтыг гаргаж байна. Хохирогч О.А нь өөрт учирсан хохирол болох 20,600,000 төгрөгийг бүхэлд нь авсан. Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлсэн болохоо мөрдөн байцаалтын шатнаас эхэлж хүлээн зөвшөөрсөн. Мөн тэрээр хохирогч нараас авсан мөнгөө өөрөө хэрэглээгүй, покер тоглож 80,600,000 төгрөгийг бусдад залилуулсан. Уг асуудал нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст шалгагдаж байгаа. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т , 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасны дагуу хохирогч О.Ад 20,600,000 төгрөг, хохирогч Э.Бид учирсан 60,000,000 төгрөгийн хохирлоос 20,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Түүнчлэн Б.Б нь гэмт хэргийн улмаас Э.Бид учирсан үлдэгдэл хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн бөгөөд хохирогч Э.Б уг хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна. Мөн Б.Б ажил хийж, хохирогчид учирсан хохирлоо төлөх хүсэлтэй байгааг анхаарч үзнэ үү. Иймд Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасны дагуу 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, түүнд хорихоос өөр төрлийг ял оногдуулж өгнө үү.” гэв.
Хохирогч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие уурхайд ажилладаг. Өчигдөр миний эхнэр миний өмнөөс 20,000,000 төгрөгийн мөнгөн дүнтэй тэнцэх машин авсан ба энэ талаараа шүүхэд хүсэлт гаргасан байсан. Миний бие шүүх хуралдаанд оролцох гээд ажлаасаа чөлөө аваад өчигдөр шөнө ирсэн. Залуу хүүхэд нэг удаа алдсан тул түүнд хорихоос өөр ял буюу торгох ял оногдуулж өгнө үү. Миний бие түүнээр ажил хийлгүүлж хохирлоо төлүүлэх саналтай байна.” гэв.
Прокурор Д.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэж шүүгдэгчийг гэм буруутай болохыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй. Б.Б гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч анхнаасаа өөрийн гэм буруугийн талаар маргаагүй. Хохирол төлбөр тодорхой хэмжээгээр төлөгдсөн талаар хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар илэрхийлж байна. Шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр О.Агийн өмчлөлийн Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг худалдан борлуулж төлбөрийг гэрээнд заасан хохирогчийн дансанд шилжүүлэлгүй хохирогчид “Е” ББСБ-аас мөнгө шилжиж орж ирээгүй байна гэж бодит байдлыг нуун хуурч, өөрийн Хаан банкны ........... дугаартай дансаар 20,600,000 төгрөгийг шилжүүлэн авч,
мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Э.Бийн өмчлөлийн Lexus RX-450 загварын тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, төлбөрийг гэрээнд заасан хохирогчийн дансанд шилжүүлэлгүй хохирогчид “Т” ББСБ-аас мөнгө шилжиж орж ирээгүй байна гэж бодит байдлыг нуун хуурч өөрийн Хаан банкны … дугаартай дансаар шилжүүлэн авч 60,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч О.Агийн “... улмаар 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8а байрны автомашины зогсоолоос миний нэр дээр байсан Тоёота Приус 30 загварын автомашиныг Бын нэр дээр нотариатаар итгэмжлэх хийж өгөөд тус машины урьдчилгаа болох 2,000,000 төгрөгийг миний хаан банкны .......... тоот данс руу шилжүүлж авсан бөгөөд тухайн үед “Е” ББСБ-аас 20,600,000 төгрөгийг миний данс руу шууд шилжүүлнэ гэж хэлсэн. Тэр үйл явдлаас хойш 1 сар орчим хугацаа өнгөрөхөд ерөөсөө үлдэгдэл мөнгө орохгүй байхаар нь Баас асуухад “банк бусаас санхүүжилт нь орж ирээгүй байна” гээд удаа дараа надад худал хэлсэн бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Е” ББСБ дээр очоод манай машины санхүүжилт орж ирэхгүй байна, яагаад орж ирэхгүй” байгаа талаар асуухад “санхүүжилт нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр олгогдсон байна” гэж хэлсэн. Тэгээд тухайн үед манай машиныг худалдаж авсан хүнтэй холбогдож ямар хүний дансаар шилжүүлсэн гэдгийг харахаар дансных нь хуулгыг хартал Б өөрийнхөө хаан банкны .... гэх дансаар 20,600,000 төгрөгийг шилжүүлээд авчихсан байсан. ...” /хх 115-119/,
гэрч Г.Бгийн “... тэгтэл 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр грашт байсан Тоёота Приус 30 загварын сувдан цагаан өнгийн автомашиныг 22,600,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд тухайн үед Быг тэр хүний хамт Шинэ-22 худалдааны төв рүү явуулсан. Тэр үед Б манай эхнэр залгаад машин чинь зарагдаж байна, итгэмжлэх хийх хэрэгтэй байна, ойрхон нотариат ороод онлайнаар итгэмжлэх хийгээд явуулчих гэхээр нь хийгээд явуулсан. ... тэр машины урьдчилгаа болох 2,000,000 төгрөг машин худалдаж авч байгаа хүнээс манай эхнэрийн хаан банкны .......... тоот данс руу шилжүүлж өгч байсан. Үлдэгдэл 20,600,000 төгрөгийг тухайн үед машин худалдан авч буй “Е” ББСБ-аас машин авсан хүний данс руу орсныг Б надад мөнгө орж ирээгүй байна. Банк бусаас асуусан чинь эхнэрийн хамт “Е” ББСБ дээр очоод 20,600,000 төгрөг орохгүй байна, яагаад удаад байгаа юм бол” гэж асуухад менежер нь “зээл авснаас хойш 2 хоногийн дараа шилжсэн байна, баримтыг нь гаргаад өгч болно” гэж хэлсэн. ...” /хх 122-124/,
гэрч Э.Сгийн “... А гэх эмэгтэй нь машины зээл авах гэж байгаа юм гээд зээлээ судлуулсан. Тухайн үед хамт явж байсан эрэгтэйгээс нь “та энэ хүнд машин зарах гэж байгаа ченж мөн үү” гэж асуухад нь тэр эрэгтэй “тиймээ, би ченж нь мөн байна” гэж хэлсэн бөгөөд тухайн залуу зээл судлуулахад асуудалгүй гэж хэлээд А гэх эмэгтэйн зээлийг судлахад зээл гарах боломжтой байна гээд тэр хоёрт манай байгууллагаас албан тоот аваад машиныхаа худалдах, худалдан авах гэрээг хийгээд ир гээд явуулсан. ... хоёр хүн ирээд зээлийн гэрээгээ байгуулж А гэх эмэгтэй тэр хүнээс Тоёота Приус 30 загварын сувдан цагаан өнгийн автомашиныг 25,800,000 төгрөгөөр авсан бөгөөд урьдчилгаа 5,200,000 төгрөгийг ченж гэх эрэгтэйн данс руу шилжүүлэхээр болсон .Үлдэгдэл 20,600,000 төгрөгийг тухайн үед баасан гараг бүх зүйл хаачихсан мөнгө гарах боломжгүй байсан учир 2 хоногийн дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр А гэх эмэгтэйн Голомт банкны ...тоот данс руу мөнгийг шилжүүлсэн байна. ...” /хх 126-127/,
хохирогч Э.Бийн “... Би 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Б.Б гэх хүнд Lexus RX 450 загварын авто машинаа заруулахаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “В” гэх газар луу өгч явуулсан. Би 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн “С” ХХК руу ажил руугаа явсан. 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр манай эхнэр П лүү Б залгаад “Lexus RX 450 машиныг чинь зарахаар боллоо, Шинэ 22 худалдааны төв дээр хүрээд ир” гэхээр нь манай эхнэр очсон. Тэнд очиход нотариатаар худалдах, худалдан авах гэрээ хийсэн бөгөөд машины урьдчилгаанд 15 сая төгрөгийг манай эхнэрийн Хаан банкны ...дугаартай данс руу шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 60 сая төгрөгийг 2024 оны оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ББСБ-аас мөнгө чинь орно гэж хэлээд манай эхнэрийг явуулсан байсан. Улмаар мөнгө орж ирэхгүй удаад байхаар нь Баас асуухад “энэ долоо хоногт орж ирнэ. дараагийн долоо хоногт орно” гэж худал хэлсээр байсан. 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр манай эхнэр машин барьцаалсан гэх “Т” ББСБ дээр очоод Б гэх менежертэй нь уулзаад “яагаад мөнгө орохгүй байгаа юм бол” гэж асуухад тухайн автомашиныг худалдаж авсан Бгэх хүнтэй холбогдож асуухад үлдэгдэл 60 сая төгрөгийг шилжүүлсэн гэж хэлсэн. Тэр хүн дансны хуулгаа зээлийн эдийн засагч руу явуулсан. Тэр хүний дансны хуулгаар 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 45 сая, 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 15 сая төгрөг тус тус Бын Хаан банкны .... дугаартай данс руу шилжүүлсэн байсан. Харин ББСБ-ын менежер манайх Монгол банкнаас баталсан журмын дагуу автомашин худалдан авч байгаа хүнийхээ данс руу зээлийг шилжүүлдэг гэж хэлсэн. …” /хх 9-14/
гэрч Б.Пгийн “… Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Японоос оруулж ирсэн Lexus RX 450 машиныг 75 сая төгрөгөөр зарахаар болж урьдчилгаа 15 сая төгрөгийг тухайн үед над руу шилжүүлж үлдэгдэл 60 сая төгрөгийг "Т” ББСБ-аас зээлж авахаар болоод манай машиныг авсан хүнтэй нь худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. ББСБ-аас өнөөдрийг хүртэл мөнгө орж ирэхгүй болохоор нь очиж уулзсан чинь 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр манай байгууллага гэрээ байгуулсан хүний дансанд 60 сая төгрөгийг шилжүүлж өгсөн гэж хэлсэн. Харин надтай гэрээ байгуулсан Бямба- очир Бын данс руу 60,0 сая төгрөгийг шилжүүлсэн байсан. Гэрээ хийснээс хойш Б надад хэлэхдээ ББСБ-аас мөнгө нь орж ирээгүй байна гэж худал хэлсээр өдийг хүрсэн. …” /хх 15-18/,
гэрч Н.Бийн “… 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр манай салбар дээр Б.Бтүүний хамтран зээлдэгчээр С.Саранцацрал гэх хүмүүс автомашины зээл авах гэж ирсэн. Тухайн зээл хүсэгчийн хүссэн 60 сая төгрөгийг “Т” ББСБ-ын автомашины зээлийн гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу түүний Хаан банкны .... тоот дансанд зээл олголтыг 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 60 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Харин Бнь Э.Б гэх хүнтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу дансандаа авсан 60 сая төгрөгийг Э.Бийн Хаан банкны ...тоот дансанд шилжүүлэх үүргийг хүлээсэн байсан. Манай байгууллага нь зөвхөн Э.Бтой байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл олголтыг журмын дагуу шилжүүлсэн. …” /хх 28-29/,
гэрч Э.Бын “… 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр фейсбүүк зараас “Lexus RX 450 машиныг.зарна” гэсэн зарын дагуу Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын В” гэх нэртэй газар очиж үзэхэд бор царайтай 20-25 орчим насны залуу тухайн машиныг танилцуулж 75 сая төгрөгөөр тохиролцож авахаар болсон бөгөөд маргааш нь буюу 04 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цагийн үед тэр залуутай уулзаад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Шинэ 22” авто худалдааны төв рүү автомашины зээл авахаар явсан. Тэнд “Т” ББСБ-д очиж зээлээ судлуулсан. Тэгтэл 2 цаг орчмын дараа 60 сая төгрөгийн автомашины зээл гарч тухайн үед итгэмжлэл дээр байсан П гэх эмэгтэй ирээд ойролцоо байсан нотариат орж худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Тухайн үед П гэх эмэгтэй надтай ямар нэгэн зүйл яриагүй нөгөө залуутай юм яриад яарсан ‘байдалтай яваад өгсөн. Буцаж ББСБ дээр очоод эхнэр Саранцацралын данснаас 15 сая төгрөгийг Хаан банкны .... тоот данс руу шилжүүлсэн. Удалгүй миний Хаан банкны .... тоот данс руу ББСБ-с зээл болох 60 сая төгрөг орж ирсэн. Тэгтэл Б гэх залуу “ахаа та миний Хаан банкны .... гэх данс руу хийчихээ” гэхээр нь би тухайн үед миний дансны өдрийн лимит хэтэрсэн тул 45 сая төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 15 сая төгрөгийг маргааш нь буюу 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Бын дансанд шилжүүлсэн. …” /хх 30-33/ гэсэн мэдүүлгүүд,
“Е” ББСБ-ын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн .... дугаартай зээлийн гэрээний хуулбар /У.Атай 20,600,000 төгрөгийг 48 сарын хугацаатай сарын 2,98 хувийн хүүтэйгээр хийсэн гэрээний хуулбар/ /хх 133-143/,
Хаан банкны .... дугаартай Б овогтой Бын харилцах дансны хуулга, хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл,
“Т" ББСБ-ын ….. дугаартай данснаас иргэн Б.Бын .... дугаартай данс руу 60,000,000 төгрөгийн зээлийг шилжүүлсэн гүйлгээний баримт, (Зээлийн гэрээний хуулбар) /хх 41/,
гэрч Б.Бын Хаан банкны харилцах данснаас 60,000,000 төгрөгийг Б.Бын Хаан банкны .... дугаартай дансанд шилжүүлсэн цахим гүйлгээний баримт /хх 63-64/,
Хаан банкны .... дугаартай дансны хуулга, хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх 65-77/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан байна.
Анхан шатны шүүхээс Б.Бын үйлдлийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүхээс Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Б нь “… хохирогч О.Ад учруулсан хохирол төлбөр болох 20,600,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Э.Бид учруулсан хохирол төлбөрөөс 20,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг хугацаа тогтоон төлөхөөр тохиролцсон тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Быг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг шүүгдэгч Б.Б нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэрэг давж заалдах шатны шүүхэд хянагдаж байх явцад бусдад учруулсан хохирлоос хохирогч О.Агийн хохирлыг бүрэн төлж, хохирогч Э.Бийн хохирлоос 20,000,000 төгрөгийг төлж, үлдсэн төлбөрийг хугацаа тогтоон төлөхөөр тохиролцсон зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” байдлаар хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэлээ.
Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Бын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл нийт 58 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/897 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтад “Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.“ гэснийг,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Быг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.“ гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 58 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Шүүгдэгч Б.Б нь хохирогч О.Ад 20,600,000 төгрөгийг, хохирогч Э.Бид 20,000,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
,
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ